Categories
мэдээ нийгэм

Аргентин улсад дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын бага хурал болж байна

Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болж байгаа Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азевидо хэлсэн үгэндээ Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ГАТТ) байгуулснаас хойших 70 жилийн хугацаанд дэлхийн худалдааны эргэлт 26 дахин нэмэгдсэн бөгөөд энэхүү тогтолцоо нь дэлхий нийтийн баялаг бүтээх болон ядуурлыг бууруулах үйлсэд дорвитой дэмжлэг болсон хэмээн онцлов. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Латин Америкийн Аргентин, Бразил, Парагуай, Уругуай зэрэг 4 улсын Ерөнхийлөгч нар оролцож ДХБ-ын хүрээнд явагдаж буй худалдааны олон талт хэлэлцээг дэмжихээ илэрхийлж, “Ерөнхийлөгч нарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, улмаар бусад гишүүн орнуудыг тус тунхаглалд нэгдэн орохыг уриалав.

Бага хурлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХО)-ын Сайд нарын хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс нь бусад далайд гарцгүй орнуудын нэгэн адил худалдааны зардал өндөр, түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгааг дурдаад ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь энэхүү сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ БНХАУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилга нь хил залгаа далайд гарцгүй орнуудын тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах, дамжин өнгөрөх чадавхыг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн түүнчлэн Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээрийг далайд гарцгүй арван хөгжиж буй орон батламжилснаар энэ оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, Латви улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эдгарс Ринкэвикс болон Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Аранча Гонзалез нартай уулзалт хийж хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Бага хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын соёл боловсрол, нийгмийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Америкийн Нэгдсэн Улсын иргэн, Америкийн Нэгдсэн Улс дахь Зориг сангийн Ерөнхийлөгч Уолтер Женкинс, Монгол Улсын автозамын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс нь Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр, оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдээр Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлж, энэхүү төсөл хөтөлбөрт 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монголын 300 гаруй залуу мэргэжилтэнг хамруулсан байна. Тэрээр мөн Соёл, урлагийн залуу манлайлал хөтөлбөрийг санаачлан кино урлаг, дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын өв, хэвлэл мэдээллийн салбарт олон улсад өрсөлдөх чадвартай залуу манлайлагчдыг бэлтгэхийн зэрэгцээ Балетын тэтгэлэгт хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж Монголын үндэсний Консерватори /хуучин нэрээр Хөгжим бүжгийн коллеж/-ийн балетын ангийн багш, сурагчдыг тэтгэлэгтэйгээр АНУ-д сурган мэргэжлийг нь дээшлүүлжээ.

Япон Улсын иргэн Маруока Кэнжи нь “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдэд инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн байна. Үүнд, Улаанбаатар хотын төвийн авто зам, уулзварын өргөтгөл, шинэчлэлт, сайжруулалтын барилгын ажилд хяналт техникийн зөвлөгөө өгч, Туул голын хурдны зам болон Сэлбэ голын хурдын замын олон түвшний огтлолцлын уулзвар хэсгийн газар ашиглалтын хөгжилд зөвлөх үйлчилгээ үззлжээ. Мөн “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, техникийн ажилтнуудад технологийн семинар зохион байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажилд зөвлөгөө үзүүлэх, аймгийн төвүүдэд хэрэгжүүлэх авто зам, уулзварын барилгын ажилд хяналт технологийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тэрээр “Нарны гүүр” төсөл, “Нарны зам” төслийн ажлын удирдагч, төслийн менежер, зам төлөвлөлтийн мэргэжилтэн, улсын чанартай Эрдэнэ сум-Өндөрхаан чиглэлийн 250 км авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын удирдагчаар тус тус ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Image result for Төсвийн байнгын хороо хуралдлаа 2017УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийхээр төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хүсэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газар, Засгийн газрын авто баазын үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийхээр төлөвлөсөн байна. Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүд “Ирэх онд хийх аудитыг эргэн нягталж, улсын, төрийн чанартай аудит болгон өөрчлөх шаардлагатай. Гол асуудлууд багтаагүй байна” гэж байлаа.

Ч.УЛААН: Аудитын байгууллага гишүүдийн захиалгаар аж ахуйн нэгжид шалгалт оруулбал хайран цаг хугацаа зарцуулсан болно. Эрдэнэс Тавантолгой компанитай ноцолдох ямар хэрэгтэй юм. “Эрдэнэс Монгол” гэж зээл авч өр тавьдаг газар байна. Хэд, хэдэн компанийн хувьцааг эзэмшдэг компани тэрийг шалгах хэрэгтэй.

Аудит хүчээ олон тийш нь тараах биш улс орны эрх ашгийн үүднээс тоймтой хэдэн газарт аудит оруулж үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Өнөөдөр оруулж ирсэн жагсаалтыг харахад учир дутагдалтай байна. Засгийн газрын автобааз, БХЯ-ны хөрөнгө оруулалт, ТОСК зэрэг байгууллагыг шалгах шаардлага байна уу.

Ц.Нямдорж:Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой. Иргэний нисэхийн ерөнхий газрыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо.

Онгоцны тасалбар яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг. Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай.

О.Батнасан:Үндэсний аудитын газар Төмөр зам төрийн өмчит компани, Хөгжлийн банк зэрэг томоохон газруудад шалгалт хийгээд олон тэрбумын зөрчил илрүүлсэн. Гэвч хэрэг нь юу болсон нь мэдэгддэггүй. Жишээлбэл, тэр төмөр замтай холбогдох асуудал юу болов. Аудит хийчхээд хаяад байх юм бол санхүүгийн шалгалт хийх шаардлагатай юм уу.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:Төмөр зам төрийн өмчит компаниас гадна Гудамж төсөл, барилгын хоёр ч компанитай холбогдох зөрчил шалгалтаар илэрсэн учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн. Ер нь бид одоогоор 10 гаруй зөрчил илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Тэднээс бидэнд мэдээллээ явуулах учиртай. Ямар арга хэмжээ авахаар болсон талаараа мэдэгддэг. Гэтэл одоогоор байгууллагаас арга хэмжээ авсан гэсэн мэдээлэл ирүүлээгүй байна.

Мөн Байнгын хорооны хурлын үеэр гишүүд “Оюутолгой” компанийн асуудлыг авч үзэхдээ Дубайн гэрээнд аудит хийх, аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн нөхцөлд гарсан шийдвэрийнх нь талаар эргэн хянадаг эсэхийг тодруулж байв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар энэ талаар “Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, Олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан горимоор аудит хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонх нь ирэх онд хийх аудитын шалгалтыг оновчтой болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ дунд цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит нь хийх саналыг дээрх жагсаалтад багтаахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлахаар болов. Ажлын хэсэг нь ирэх долоо хоног хүртэл ирэх онд хийгдэх төлөвлөгөөт аудитын жагсаалтыг нарийвчилсны дараа Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, энэ асуудлаар шийдвэрээ гаргана гэлээ.

Categories
мэдээ спорт

“Эрчим” клубын хагас хамгаалагч М.Төгөлдөр тодорч “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслол өчигдөр “Шангри Ла Улаанбаатар” зочид буудалд болж шилдгүүдээ тодрууллаа.

2017 оны шилдэг эрэгтэй тоглогчоор “Эрчим” клубын хагас хамгаалагч М.Төгөлдөр тодорч “Алтан бөмбөг”-ийн эзэн болов. Тэрбээр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны улиралд 17 тоглолтод 10 гоол оруулан, 5 гоолын дамжуулалт өгч, үндэсний лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн юм. М.Төгөлдөр “Эрчим” клубтэй “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан түрүүлснээс гадна шигшээ багийн гол тоглогч нь болж чадсан юм. Монголын 23 хүртэлх насны шигшээ Тайландын багтай 1:1-ээр тэнцэхэд нэг гоол, үндэсний шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийхэд нэг гоолын дамжуулалт, үндэсний шигшээ Индонез улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээнд хоёр гоол оруулсан амжилтууд нь үүнийг нотолно.

2017 оны шилдэг эмэгтэй тоглогчоор “Арвис” клубын хагас хамгаалагч Г.Цолмон шалгарч, “Алтан бөмбөг” хүртлээ. Тэрбээр, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахь удаагаа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм. Мөн Г.Цолмон өнгөрсөн тавдугаар сард Хонконг-дболсон Ази тивийн 15 хүртэлх насны АШТ-д Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1-ээр тэнцсэн нэг гоолыг оруулсан. Энэамжилт нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол, анхны оноо байсан юм.

Харин энэ жилийн “Ганган гоол”-ын эзнээр “Гоёо Эф Си” клубын довтлогч П.Энхбилэг тодорлоо. Тэрбээр, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хамгийн үзүүштэй, шилдэг, гоёмсог, “Ганган гоол”-оор “Гоёо Эф Си” клубын довтлогч П.Энхбилэгийн “Эф Си Улаанбаатар” клубын хаалганд оруулсан гоол шалгарлаа. П.Энхбилэг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан бөгөөд ийнхүү нэггоол нь 2017 оны “Ганган гоол” шагналын эзэн болгожээ. SPS HD телевизийн нэрэмжит “Ганган гоол” шагналыг хүртсэн П.Энхбилэг 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 7 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт хийсэн байна.

МХБХ-ны энэ жилийн эрэгтэй багийн “Шилдэг дасгалжуулагч”-аар “Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга тодорлоо. Тэрбээр, “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргаар “Эрчим” клубыг гурван удаа дараалан шалгаруулсан, үндэсний лигт гурван улиралд дараалан түрүүлсэн анхны баг болгосон юм.Мөн сүүлийн гурван жил З.Баттулга “Эрчим” клубын тоглолтын арга барилыг өөрчилж, илүү хүчирхэг баг болгож, 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т гурав дараалан түрүүлж чадлаа. МонголУлсын 19 хүртэлх насны шигшээ багийг удирдан Сингапур улсын шигшээ багийг 4:2-оор хожиж, энэ насны шигшээ багийн түүхэн дэх анхны оноо, хожлыг авсан юм.

Харин 2017 оны Эмэгтэй багийн “Шилдэг дасгалжуулагч”-аар “Туулын том тулнууд” клубын дасгалжуулагч Б.Болд шалгарлаа. “Туулын Том Тулнууд” клубын эрэгтэй, эмэгтэй багууд төдийгүй ХУД-ийн хөлбөмбөгчдийн дийлэнх нь Б.Болд дасгалжуулагчийн гараар дамжсан гэж болно. Дасгалжуулагч Б.Болд 2017 онд охидын УАШТ-д амжилттай оролцож, оны шилдэг “Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар ийнхүү тодорлоо.

МХБХ-ны 2017 оны “Алтан бөмбөг” ёслолд шинээр нэмэгдсэн “Шилдэг гадаад тоглогч” номинацийн ялагчаар “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” клубын хагас хамгаалагч, Япон улсын иргэн Шута Ишино шалгарлаа. Шута Ишино 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 12 гоол оруулан, 10 гоолын дамжуулалт өгсөн. Шута Ишино өнгөрсөн жил “Бэлгэдэлийн 11”-т багтсан анхны гадаад тоглогч болсон бол энэ жил “Шилдэг гадаад тоглогч” шагналыг авсан анхны гадаад тоглогчоор тодорлоо.

“Шилдэг шүүгч”-ээр ОУХБХ-ны /FIFA REFEREE/ зэрэглэлтэй шүүгч Д.Түмэнбаяр тодорсон юм. Тэрбээр МХБХ-ны шүүгчдээс хамгийн олон жилбуюу 14 жил шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд чин шударга шүүж, ажил мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн гавьяагаа ийнхүү үнэлүүлж байна.

МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Улаанбаатар сити” клубт гардууллаа. Монголын футзалын үндэсний шигшээ болон 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир 2017 онд Монголын Хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх амжилтыг бүтээсэн. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд шалгарч, манай улсын шигшээ багуудаас Азийн аваргын хэсгийн шатыг давсан анхны баг болсон билээ.

“Алтан бөмбөг” ёслолын бас нэгэн онцгой шалгаруулалтын нэг болох МХБХ-ны үндэсний шигшээгийн “Бэлэгдэлийн 11” -т багтах шилдэг хөл бөмбөгчдийг тодруулдаг.

Categories
мэдээ нийгэм

Суданд гэмтсэн монгол цэргийг эх оронд нь авчирчээ

Image result for ГССҮТӨмнөд Суданд энхийг сахиулахаар явсан манай царгийн багийн нэг албан хаагч гэмтжээ. Харин гэмтсэн цэргийг хэд хоногийн өмнө эх оронд нь хүргэж ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлээснээр Суданд байх хугацаанд хоёрдугаар шатны эмнэлэгт эмчлэх боломжгүй байсан учраас эх орон руу нь буцаасан аж.

Энэ талаар БХЯ, ЗХЖШ-ын албаныхнаас лавлахад “Цэргийн нэг албан хаагчийг эрүүл мэндийн шалтгаанаар эх оронд нь хүргэж ирсэн байгаа. Одоогийн байдлаар цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн цэргийн албан хаагч элдэв халдварт өвчин тусаагүй. Байраа тохижуулах ажил хийж байгаад гар хуруугаа гэмтээсэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломж байхгүй байна. ГССҮТ-ийн эмч нар гар хурууг нь тайрах шаардлагагүй гэсэн учраас цаашид эмчилгээ хийж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдлаа

-ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧДЫН ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛСИЙГ СУРГУУЛИЙН ТӨСӨВТ НЭМЖ ОЛГОХООР БОЛЛОО-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргалаа.

Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон юм. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газраас дараах ажлыг хийж эхлүүлээд байна.

ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулжээ.

Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Домогт “BoneyM” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

Image result for BoneyM 2017Шинэ оны өмнөхөн буюу энэ сарын 30-ны үдэш “Crocus Event Hall”-ын тайзнаа дэлхийн домог “Boney M” хамтлаг ганцхан удаа тоглох юм. Одоогоос 41 жилийн тэртээ (1976) Германы алдарт диско хамтлаг болох “BoneyМ”-ыг тус улсын нэрт хөгжмийн зохиолч, продюсер Фрэнк Фариан (Frank Farian) үүсгэн байгуулж байсан түүхтэй. “Boney M” хамтлаг дуучин Марша Баррет (14.10.1948 Ямайка), дуучин Бобби Фаррелл (06.10.1949 Вест Инди. 2010 онд зүрхний өвчний улмаас 61-тэйдээ нас барсан), дуучин Лиз Мичелл (12.07.1952 Ямайк), дуучин Мейзи Уильямс (25.03.1951 Вест Инди) гэсэн дөрвөн гишүүнтэй байв. 1970-аад оны эхээр Германы телевизээр Австралийн инээдмийн цуврал кино гарч, Фарианд тус киноны гол дүрийн “Boney” нэрээр хамтлагаа нэрлэх санаа төрсөн аж.

Ингээд 1976 оны дундуур Фрэнк Фариан “Baby, Do You Wanna Bump” дуугаа нутгийнхаа дөрвөлд өгч дуулуулсан нь хит парадад багтаж, Германд төдийгүй Бельги, Голланд даяар алдаршжээ.

“BoneyM” хамтлагийн эхний бүрэлдэхүүний нэг Майзи Уилльямс юм. Тухайн үед Майзи загвар өмсөгч, “Miss Black Skinned Beauty” нэртэй болсон байжээ. Мөн тус хамтлагт дуучин Шейла Бонник (Sheila Bonnick), Клаудия Бэрри (Claudja Barry), бүжигчин Майк (Mike) нар багтсан аж.

Ганцхан жилийн дотор тус хамтлагийн “Daddy Cool”, ”Sunny”, “Ma Baker”, “Belfast” зэрэг олон дуу нь Их Британийн хит-парадад багтжээ. 1978 онд “River Of Babylon”, “Brown Girl In The Ring” гэсэн хоёр сингл нь Английн хит-парадыг тэргүүлснээр “Boney M” Английн түүхэн дэх гадаадын хамгийн алдартай гурав дахь хамтлаг болж чадсан байна.

1979 он гэхэд тус хамтлаг зөвхөн Европт өөрийн шилдэг цомгоо 50 сая хувиар борлуулжээ. Энэ амжилтаас хойш тэдний “Hooray, Hooray It’s A Holi-Day”, “Gotta Go Home” сингл мөн “Топ 20”-д багтсан байна. Түүнчлэн 1980 онд гарсан “The Magic Of Boney’M“ гэсэн шилдэг дууны түүвэр хит-парадыг тэргүүлснээр диско квартет нь тарах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Гэхдээ 1993 онд “Boney’M” үндсэн бүрэлдэхүүнээрээ Английн бүх хотоор аялан тоглолтоо хийсэн нь шүтэн бишрэгчдэдээ барьсан том сюрприз болсон билээ.

Алдарт “Boney M” хамтлагийн олон олон сэтгэлд хоногшсон хит дуунууд байдаг. Тэдгээрийн нэг нь “Sunny” юм. Африк-Америк хөгжмийн зохиолч Bobby Hebb зохиож энэ дуугаараа дэлхий дахинаа алдаршиж чадсан гайхалтай уран бүтээлч билээ.

Тэртээ 1963 оны арван нэгдүгээр сарын 23-ны орой АНУ-ын ерөнхийлөгч байсан Жон Кеннедийн амийг хөнөөсөн хэрэг гарах тэр мөчид Бобби Хэб-ийн том ах Хэролд Хэб “Nashville” шөнийн клубийн гадаа явж таарсан нь энэ аймшигт аллагын золиос болсон байдаг.

Гэнэтийн золгүй явдлаас болж ахыгаа алдсан Бобби гунигаа даван туулж, орчлон хорвоог гэгээнээр харахыг хүсэн “Sunny” нэртэй гайхалтай дуугаа зохиожээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо дуугаа бичүүлж, продюсерээр нь Жерри Росс ажилласан байна.

Энэ дуу билл боардын R&B дууны жагсаалтад 3-р байранд бичигдсэн бол шилдэг дууны жагсаалтад 2-р байрт оржээ. Англи хэлээр яригч орнуудын UK чартад 12 дугаар байранд орж, нийтдээ нэг сая хувь борлогдсон амжилтаараа Америкийн хөгжмийн академиас алтан сертификат хүртжээ.

Хэб 1966 онд домогт “Битлз”-чүүдтэй хамтдаа томоохон хотуудаар аялан тоглолт хийсэн аж. “Sunny” дуу “Дэлхийн хамгийн шилдэг 100 дууны жагсаалт”-д бичигдсээр байна.

Categories
гадаад мэдээ

“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчдийг зарлалаа

Image result for Golden GlobeИрэх оны нэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Калифорни муж улсын Беверли-Хилс хотод болох 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлалаа. Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” кино энэ жил нийт долоон төрөлд нэр дэвшээд байгаа тухай ТАСС агентлаг мэдээллээ.

Хамгийн гол төрөл болох “Шилдэг кино” төрөлд Их Британийн кино найруулагч Кристофер Ноланы дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх “Дюнкерк” (Dunkirk), Италийн найруулагч Луки Гуаданьиногийн “Намайг өөрийнхөө нэрээр дууд” (Call Me by Your Name), Америкийн найруулагч Стивен Спилбергийн “Нууц баримт” (The Post) болон Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” зэрэг кино тус бүр нэр дэвшээд байна.

Харин “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Оросын кино найруулагч Андрей Звягинцевийн “Хайр үгүй”, Чилийн найруулагч Себастьян Лелиогийн “Гайхамшигтай бүсгүй”, Америкийн жүжигчин, кино найруулагч Анжелина Жолигийн найруулсан “Эхлээд тэд миний эцгийг хөнөөсөн”, Каннын кино наадмын гол шагналыг хүртсэн Шведийн найруулагч Рубен Эстлундын “Талбай” болон Германы кино найруулагч Фатиха Акинагийн “Зааг дээр” зэрэг кино нэр дэвшжээ.

“Шилдэг инээдмийн болон мюзикл кино” төрөлд Америкийн жүжигчин, кино найруулагч Жеймс Франкогийн “Гамшгийн уран бүтээлч”, Жордан Пилагийн “Тонил цаашаа”, Майкл Грэйсигийн “Аугаа Шоучин”, Грет Гервигийн “Хатагтай шувуу” болон Крэйга Гиллеспийн “Би, Тоня” зэрэг кино нэр дэвшээд байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана. Байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал: Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал: Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал: Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх товтой байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэд бүтэц сайжруулахад 320 сая ам.долларын хөрөнгө оруулна

Барилга, хот байгуулалтын яамнаас олон улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2017.12.11/ боллоо. Энэхүү уулзалтад Монгол Улсад суугаа 30 Элчин сайдын яамдын төлөөлөл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг донор орнуудын төлөөлөл оролцож байна.

Барилга, хот байгуулалтын салбарт гадны зээл, тусламжаар хэрэгжүүлэх хамгийн гол төсөл бол Төв цэвэрлэх байгууламж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх, нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах үүргийг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон. Үүний дагуу тус яамны хийх хамгийн эхний ажил бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил юм. Үүний дараагийн ажил бол агаарын бохирдлыг бууруулах янданг цөөлөх явдал.

Гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцжуулах хүрээнд Засгийн газар энэ сард багтаан тодорхой шийдвэрүүд гаргахаар судалгааны ажлуудаа дуусгажээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Тухайлбал, ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх, 30 хувийн урьдчилгаагаа төлж чадахгүй иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм.

Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн төсөл эхлүүлэхээр талууд ярилцаж байгаа юм байна. Дэлхийн банкнаас ямар төслүүдэд хөрөнгө оруулах талаарх эцсийн шийдвэр гаргаагүй гэлээ. Харин Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманны хэлснээр, нийслэлд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой, зарим төслүүд нь удахгүй эхлэхээр яригджээ.

Тэрбээр, “Нийслэлийн гэр хороолол суурь дэд бүтэц муутай учраас нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүргэхийн тулд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана. Дэд бүтцийн суурь болох усан хангамж, дэд бүтцийн асуудал бий. Үүнтэй холбогдуулан гэр хорооллуудад дэд төвүүдийг барьж байгуулахад 10 жилийн хугацаатай 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний 160 саяыг Азийн хөгжлийн банкнаас гаргах бол 60 саяыг Европын банк, үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон.

Түүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Эко гудамж” төслийг эхлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Энэ төсөл нь гэр хорооллын айлуудыг хэсэгчлэн бүлэг болгож, дэд бүтцийг нь шийдвэрлэх юм. Улаанбаатар агаарын бохирдол ихтэй учраас түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн дулаан техникийн буюу байшин, гэрийн дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл одоогоор боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд 550 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн “Хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж, асуудлаа ярьж байгаа нь өөрөө том дэвшил. Дэд бүтэц чиглэлд хөрөнгө оруулалт татах нь нэн чухал байгаа. Өнөөдрийн энэ уулзалтаар бид маш олон хөрөнгө оруулагчдын уур амьсгал наашлах алхам эхэлж байгаа гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөх юм бол барилга болон хот байгуулалтын салбарт хөрөнгө оруулах сонирхол маш их байна. Хөрөнгө оруулалт хийсний дараа мөнгөө яаж авах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байна гэдгийг онцолж байна. Үүнийг Засгийн газраас тодорхой журам гаргаж, эрсдэлгүй байлгах нь чухал байна” гэсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар хөрөнгө оруулагчдыг барилга, хот байгуулалтын салбарт татах, олон чухал үр дүн гарна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.