Categories
мэдээ нийгэм

“Хамтарсан баг”-ийн зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг эрт илрүүлэх, нөхөн сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн 1000 гаруй гишүүд оролцов.

Уулзалт, зөвлөгөөнөөр хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудаас Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, санал солилцсон.

Уулзалт, зөвлөгөөнд оролцогчдоос гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүчирхийлэл давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар “Уриалга” гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос улсын биткойны уурхайд гал гарчээ

БНСУ дахь биткойн олборлогч олон арван серверт гал гарсны улмаас биткойны “уурхай” ноцтой гэмтсэн тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.

Энэ явдал Канвондо муж дахь биткойны “уурхай”-д даваа гаригт орон нутгийн цагаар 12:30 цагт болжээ. Биткойн олборлогч тус бүр нь 50 мянган воны үнэтэй серверүүдэд гарсан галыг 10 минутын дараа унтраасан байна.

Гал гарсан биткойны “уурхай”-д 300 гаруй график карт бүхий серверүүд байсан гэнэ.

Канвондо мужийн цагдаагийн ажилтнууд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цахилгааны залгуур серверүүдийн өндөр ачааллыг дийлээгүйгээс болсон байж магадгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргажээ.

БНСУ-ын санхүүгийн зохицуулагчид сүүлийн үед ханш нь тэнгэрт хадаж байгаа, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтад тооцогдож буй цахим мөнгө биткойны тус улс дахь цахим арилжааг хориглох талаар хэлэлцэж байгаа юм.

Дэлхий даяар ханш нь асар хурдтай өсч буй биткойныг БНСУ санхүүгийн бүтээгдэхүүн гэж хүлээн зөвшөөрөөгүй ч биткойн худалдан авч буй хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байна. Тус улсын сангийн сайд хэлэхдээ “Бид хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ цахим мөнгөний арилжааг зохицуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг хүлээлгэж өгөв

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланг өнөөдөр (2017.12.13) Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв.

Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч П.Цэрэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав болон тус зөвлөлийн гишүүд, улс төрийн намын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор өгсөн үүргийн дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах нэн ярвигтай, нарийн чимхлүүр ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар амжилттай зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэж гаргасан байна.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ. Хувийн мэдээллээ бүрэн оруулж саналаа өгсөн 272895 иргэний 47,3 хувь нь эрэгтэй, 52,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуучууд, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насны иргэд байна.

Байнгын хороо, Ажлын хэсгийн зүгээс хэлэлцүүлэгтт оролцож саналаа өгсөн нэг ч иргэний санал орхигдох ёсгүй, бүх санал тусгалаа олсон байх ёстой гэсэн зарчим барьж ажилласан. Улсын Их Хурлын Тамгын газар энэ зарчмыг нарийн мөрдөж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн бөглөсөн саналын хуудас бүрийг төслийн заалтаар нь нарийвчлан тусгай программын дагуу бүртгэж, цахим архив үүсгэсэн байна гээд хэлэлцүүлгийг улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад оролцож ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн албан хаагчид, нийт хүмүүст талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын дэд хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг улс, орон нутгийн хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Аймаг, нийслэлийн хэмжээнд төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар орон нутагтаа хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах үүрэг бүхий 31 ажлын хэсгийг аймаг, нийслэлд Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Хурлын ажлын албаны дарга,Тамгын газрын болон Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулан байгуулж, нийтдээ 550 гаруй хүн оролцож ажилласан.

Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдож орон нутагт ажилласан 7 баг улсын хэмжээнд 68 удаа бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн өгсөн саналын 327375 хуудсыг хүлээн авч цахим мэдээллийн санд бүрэн оруулж, архивын 2607 нэгж үүсгээд байна. Энэ нь Улсын Их Хурлын нэг бүрэн эрхийн хугацаанд хийдэг ажилтай дүйцэхээр томоохон ажил боллоо. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг дууссаны дараа эдгээр архивын нэгжийг Улсын төв архивт шилжүүлж өгөх юм.

Хэлэлцүүлэгт оролцож саналаа өгсөн бүх иргэний санал нэг бүрийг бүртгэж цахим санд оруулсан учраас саналаа өгсөн иргэд өөрийн санал бүрэн тусгагдсан эсэхтэй танилцах боломжтой. Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн бараг дөрөвний нэг нь хамрагдаж оролцсон энэ томоохон хэлэлцүүлэг нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд анх удаа зохион байгуулагдсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Иймээс энэхүү хэлэлцүүлгийн материалууд нь цаашид Үндсэн хуулийн судалгааны бас нэг гол судлагдахуун болно гэдэгт итгэж байна гээд хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч нарт гардуулж өгөв.

Дараа нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээр төсөлд тусгагдсан үндсэн 6 бүлэг, 20 орчим асуудлын үр дүнгийн талаар товч танилцуулсан юм.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар иргэд саналаа өгсөн агаад төслийн I бүлэгт тусгагдсан 7 асуудлаас 1.1.“Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 274708 иргэд санал өгснөөс 206092 нь буюу 75,0 хувь нь, 1.2.“Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэсэн хэсэгт 280170 иргэд санал өгснөөс 201843 нь буюу 72,0 хувь нь, 1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэсэн хэсэгт 273890 иргэд саналаа өгснөөс 186767 нь буюу 68,1 хувь нь, 1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” гэсэн хэсэгт 261770 иргэд санал өгснөөс 181278 нь буюу 69,2 хувь нь, 1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэгт 263389 иргэд санал өгснөөс 180504 нь буюу 68,5 хувь нь, 1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэсэн хэсэгт 261625 иргэд санал өгснөөс 185666 нь буюу 70,9 хувь нь, 1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэсэн хэсэгт 266731 иргэд санал өгснөөс 176314 нь буюу 66,1 хувь нь тус тус дэмжжээ.

Мөн төслийн II бүлэгт тусгагдсан хоёр заалтаас 2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн хэсэгт 280890 иргэд санал өгснөөс 150237 нь буюу 53,4 хувь нь дэмжсэн бол 2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэсэн хэсэгт 288829 иргэд санал өгснөөс 146645 нь буюу 50,7 хувь нь дэмжээгүй байна.

Төслийн III бүлэгт тусгагдсан заалтуудаас 3.1.”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” гэсэн хэсэгт 270672 иргэд санал өгснөөс 163953 нь буюу 60,5 хувь нь, 3.2.”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/” гэсэн хэсэгт 278064 иргэд санал өгснөөс 180427 нь буюу 64,8 хувь нь, 3.3.”Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн хэсэгт 276417 иргэд санал өгснөөс 164241 нь буюу 59,4 хувь нь тус тус дэмжжээ.

Төслийн IV бүлэгт тусгагдсан дөрвөн заалтаас 4.1.”Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн хэсэгт 276416 иргэд санал өгснөөс 216218 нь буюу 78,2 хувь нь, 4.2.“Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 279929 иргэд санал өгснөөс 217492 нь буюу 77,6 хувь нь, 4.3.“Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” гэсэн хэсэгт 286212 иргэд санал өгснөөс 216196 нь буюу 75,5 хувь нь дэмжсэн байна.

Мөн төслийн V бүлэгт тусгагдсан заалтуудаас 5.1.“Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах” гэсэн хэсэгт 267096 иргэд санал өгснөөс 191262 нь буюу 71,6 хувь нь, 5.2.”Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах” гэсэн хэсэгт 276217 иргэд санал өгснөөс 197434 нь буюу 71,4 хувь нь, 5.3.”Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох” гэсэн хэсэгт 277301 иргэд санал өгснөөс 193031 нь буюу 69,9 хувь нь дэмжжээ.

Түүнчлэн төслийн VI бүлгийн хоёр заалтаас 6.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх” гэсэн хэсэгт 273388 иргэд санал өгснөөс 180333 нь буюу 65,9 хувь нь, 6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” гэсэн хэсэгт 290023 иргэд санал өгснөөс 154687 нь буюу 53,3 хувь нь дэмжжээ. Харин төслийн “Төсөлд дурдагдаагүй” гэсэн хэсэгт 81095 саналын хуудсаар хуулийн төсөлд дурдагдаагүйгээс өөр саналууд ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга товч танилцуулсан юм.

Мөн тэрбээр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг яам, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудын хүрээнд зохион байгуулагдаж, саналуудаа ирүүлсэн. Ирэх долоо хоногт энэ асуудлаар эрдэм шинжилгээний томоохон хурал хийхээр төлөвлөж байгаа. Эдгээрээс гарсан бүх саналыг нэгтгэж, судалж нягтлаад улс төрийн намуудын зөвшилцөл хийгдсэний үндсэн дээр хуулийн төслийг эцэслэн боловсруулж өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа.

Мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд орон даяар явагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын архивт шинээр бүрдүүлж хадгалсан цахим сан архивын нэгжтэй танилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

УУХҮ-ийн сайд дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр /2017.12.12/ Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Жэймс Андерсон тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсоноос хойш 26 жилийн хугацаанд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн талаараа товч танилцууллаа. Мөн уулзалтын үеэр “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн хүрээнд ОХУ-ын бүс нутагт олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн талаар дуулгав.

УУХҮ-ийн сайд Монгол Улс уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд, дэд бүтэц бий болгоход усны асуудал нэн тулгамдаж буйг уулзалтын үеэр онцлон хэллээ. Иймд уул уурхайн салбарын хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй усны асуудлыг шийдвэрлэхэд Дэлхийн банк цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-д айлчилж байна

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Профессор Жон Сеок Со-гийн урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр Профессор Жон Сеок Со Эрүүл мэндийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэн нь БНСУ-даа томоохонд тооцогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг нэр хүнд бүхий институци юм.

Уулзалтын үеэр Профессор Жон Сеок Со өөрийн хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцуулаад, тус хүрээлэнд Солонгосын төдийгүй олон улсын оюутнууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулдаг бөгөөд Монгол Улсаас ч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах боломжтой талаар онцлон дурдаад, хоёр улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан солилцох, сургах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцов. Дэд сайд Л.Бямбасүрэн Монгол Улс БНСУ-тай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа чиглэл, үйл ажиллагааны талаар товч танилцуулаад салбарын мэргэжилтнүүдийн, ялангуяа сувилахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, давтан сургах асуудал тулгамдаж байгаа талаар онцлон тэмдэглэв. Тухайлбал, яаралтай тусламжийн сувилагч нарын хүрэлцээ нэн дутмаг байдаг талаар дурдаж, энэ чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Уулзалтын үр дүнд Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэнгийн Сувилахуйн симуляцийн төвд Монгол Улсаас ойрын хугацаанд цөөн тооны сувилагчийг богино хугацаагаар тус хүрээлэнгийн зардлаар сургахаар талууд харилцан тохиролцов.

Энэ өдөр Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэн, тус хүрээлэнгийн Сувилахуйн симуляцийн төв, Настангуудын эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны коллеж, түүний зарим тэнхимүүд, Онцгой байдлын газар, Сон Анагаах ухааны төв, Эль дентал шүдний эмнэлэг зэрэг байгууллагуудад зочилж, удирдлагуудтай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцав.

Айлчлалын дараачийн өдрүүдэд хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайдтай уулзаж, Сөүл хотын Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төв зэрэг байгууллагуудад зочилно.

Categories
мэдээ улс-төр

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийнтөсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа удаа хуралдаж, хуулийн төслийн зүйл, заалт тус бүрийг хэлэлцснээр нийт 34 саналын томъёолол боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн гэлээ. Тухайлбал, техникийн зохицуулалтыг Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан нь хоёрдмол, тодорхойгүй байдал үүсгэж байсан тул техникийн зохицуулалтыг зөвхөн Засгийн газар баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг эрхэлсэн сайд батлахаар өөрчилжээ. Итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчлөн, түүний бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллах дүрмийг Засгийн газар баталж, даргыг нь эрхэлсэн сайд нь томилж, чөлөөлөхөөр зохицуулалтыг тусгасан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр уг стандарт хүчин төгөлдөр болохоор төсөлд тусгасан байсныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын стандарт нь үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуулиар тавьж, стандартын байгууллага зөвхөн бүртгэдэг байхаар төслийг өөрчилжээ. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагыг байгалийн болон техникийн ухааны мэдлэгтэй, төрийн албанд 10-аас доошгүй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор төсөлд тусгасан байсныг шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн байна. Түүнчлэн тохирлын үнэлгээ хийхмэргэшсэн шинжээчийн гүйцэтгэх үүрэг, түүнд тавих шаардлагыг төсөлд нэмж тусгажээ. Хуулийн төсөлд “итгэмжлэл” гэсэн нэр томъёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байсан тул “тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” хэмээн өөрчилсөн байна. Төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчилжээ. Мөн хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг оруулж, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурдах нь зохимжтой гэж үзэн төслийн бүтэц дарааллыг өөрчилжээ.Мөн нэр томъёог жигдэлжээ. Хуулийн төсөлд техникийн зохицуулалтыг Засгийн газар батлахаар тусгасан, гэхдээ Улсын Их Хурлаас нэг удаа техникийн зохицуулалтын жагсаалтыг баталж, гэрээ, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох шаардлагатай хэмээн үзэж Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн шилжилтийн хугацааны зохицуулалтыг агуулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх аж. Эдгээрээс гадна хуулийн төслийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, итгэмжлэлийн байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлага үүсээд байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үүний дараа ажлын хэсгээс боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналын 30, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх саналын 2 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчдийн “Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалт Ховд аймагт үргэлжилж байна.

“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил долоо дахь удаагаа Ховд аймагт болох юм. Тус сургалт, дадлага сургуульд баруун бүсийн таван аймаг хамрагдана.

Хамтарсан ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэр дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцан, аргазүйн зөвлөгөө өгч, сургалт, дадлага сургуулийн үеэр зохион байгуулагдах газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, уулнаас болон уснаас аврах ажиллагаа явуулах хээрийн дадлага сургуулийн талбайн байршлыг үзэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалтыг Төрийн ордны “В танхимд” зохион байгуулж байна.

Энэхүү дээд хэмжээний форумд УИХ-ийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Биати Транкманн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, НҮБ-ын ХБӨ-ий асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийн газрын дарга Др. Ник Банатвала, RTI байгууллагын эдийн засагч хатагтай Рачел Нугент, НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх ноён Дианил Графтон, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд болон төр , төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: НҮБ-ын төрөлжсөн байгууллага манайд халдварт бус өвчний талаар судалгаа хийж, өнөөдөр тус тайлангаа хэлэлцүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ халдварт өвчний талаар ярьсан. Халдварт бус өвчин хүн амын нас баралтын томоохон хүчин зүйл болж байна гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Нийт нас баралтын 70 гаруй хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй юм. Халдварт бус өвчнөөр өвдөх шалтгаанд буруу хооллолт, гаж зуршил, архи тамхины өргөн хэрэглээ, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнээс гадна монголын нөхцөлд нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой стресс бухимдал, агаарын бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тиймээс бид элэгний вирус, сүрьеэ зэрэг өвчнүүдэд нэлээд анхаарал хандуулж байсан бол үүний зэрэгцээ халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралт, хүн амын нас богиносох зэрэг чиглэлээр нэгдсэн судалгаатай боллоо. Монгол улс жилдээ халдварт бус өвчинд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг. Өнөөдрийн судалгаанаас харахад энэ төсвийг илүү нэмэгдүүлэх шаардлага гарч байна” гэсэн юм.

НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг нь халдварт бус өвчин, түүнээс шалтгаантай эндэгдэл, нас баралт. Монгол улсын нийт нас баралтын 77 хувийг Халдварт бус өвчнөөс шалтгаантай өвчлөлтүүд эзэлж байна. Тиймээс ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2015-2016 онд томоохон хэмжээний судалгаа үнэлгээ хийгдсэн. Өнөөдөр тус судалгааны үр дүн үнэлгээг танилцууллаа. Энэ үнэлгээгээр анхааруулах дөрвөн төрлийн өвчин байна гэж үзсэн. Нэгдүгээрт, зүрх судасны өвчин тэр дундаа артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчин. Хоёрдугаарт нь чихрийн шижин өвчин дангаараа нэлээд том асуудал гуравдугаарт амьсгалын замын өвчлөл, дөрөвдүгээрт хорт хавдар гэсэн өвчин гол хүчин зүйл болсныг сая хэллээ. Энэ асуудлуудад анхаарал хандуулахын тулд энэ чиглэлээр явуулж байгаа эрүүл мэндийн үйл ажиллагааны интервенцийн үр өгөөж эрүүл мэндийн хор шалтгаанаас болж гарах зардлыг дор хайж 3-20 дахин хэмнэх тооцоо гарсан. Иймд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг бодитой зүйлд зарцуулах боломж том дэмжлэг болж байна” гэв.

RTI байгууллагын эдийн засагч хатагтай Рачел Нугент хэлэхдээ “Өнөөдрийн зөвлөмжийн хувьд Монгол улсын иргэдийн цусны даралт ихсэх өвчинг бууруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл ирэх 10 жилд зүрхний шигдээс өвчнөөс нас баралт өндөр болох магадлалтай учраас энэ хүмүүсийг эрт эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Цусан дах хлостерин ихтэй хүмүүсийг эрт илрүүлснээр халдварт бус өвчлөлийг бууруулахад томоохон алхам болно. Мөн архи, тамхи, зөв зохистой хооллолт тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Жишээ нь давсны хэрэглээг бууруулж чадах юм бол хамгийн үр өгөөжтэй аргын нэг болно” гэлээ.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал хариуцсан НҮБ-ын хамтын ажиллагааны олон улсын ажлын багаас манай улсад 2015, 2016 онуудад ХБӨ-ий өнөөгийн байдалд үнэлгээ хийж, сэргийлэлт, хяналтыг сайжруулах зөвлөмжүүдийг өгсөн.

Түүнчлэн Монгол улсад ХБӨ-ийг бууруулахад хөрөнгө оруулалтын тооцооллыг хийх зөвлөмжийн дагуу RTI олон улсын эдийн засагчид энэхүү ажлыг гүйцэтгэн энэ жилийн аравдугаар сард тайланг хүлээж авсан аж. Манай улс тооцооллын үр дүнгээ танилцуулж буй хоёрдох улс болж байна.

Тооцооллоос үзэхэд, Монгол улс жилдээ 57,2 тэрбум төгрөгийн (24 сая ам доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулдаг. Хүн амын 32% нь зонхилон тохиолдож буй дөрвөн халдварт бус өвчний улмаас бусаар нас барж байна. Нийт насанд хүрсэн хүний 26% нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48 % нь тамхи татдаг байна. Нэг хүнд жилд 7,8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины хэрэглээ хамгийн өндөртэй улсуудын тоонд багтаж байна.

Тиймээс эдийн засагчдын баг ДЭМБ-аас боловсруулсан үр дүнтэй 14 интервенцийг дотоодын ажлын хэсгийн хамтаар сонгон, ирэх 15 жилд шаардлагатай хөрөнгө оруулалт, түүний өгөөжийг тооцоолон гаргасан байна.

Дээрх багц интервенцийг хэрэгжүүлснээр 15 жилийн хугацаанд 19454 хүний амь насыг аварч, давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралтыг 10403 тохиолдлоор бууруулах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

Ерөнхий сайдын 2017 оны 173 дугаар захирамжаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, паркийн бүтээн байгуулалтын эрх зүй болон бусад ажлыг эрчимжүүлэх, паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж, шийдвэрлэх арга замыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, СЯ, БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ, БОАЖЯ, зэрэг яамд, НЗДТГ, ҮХГ-аас төлөөлөл оролцсон. ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж, ажлын хэсгийн гишүүдэд удирдамжийн дагуу үүрэг, чиглэл өгсөн.

Харин өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хуралдаанаар эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ, бусад бичиг баримтууд, өгөгдөл, мэдээллүүд нь хөрөнгө оруулалтын шаардлага хангаж байгаа эсэх мөн эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд ямар арга хэмжээ авах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ -ны төсөвт тусгагдсан зүйл байгаа эсэх, гадаадын зээл тусламжийн ямар эх үүсвэрээр шийдвэрлэх, хөрөнгийг хэн хариуцах, үйлдвэрүүдийн нүүхэд гарах зардлыг нөхөх хугацаанд ямар хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх талаар санал, мэдээлэл солилцсон юм.

Дээрх асуудлын хүрээнд гишүүдийн саналыг ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталж, 12 дугаар сардаа багтаан Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар утааны асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар 2018 оны төсвийн хуулиудын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор авах арга хэмжээний тухай, Тусгай зориулалтаар 2018 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Агаарын бохирдолтой тэмцэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралдаанд оролцсон дүнгийн талаар, Монгол Улсын Шадар сайдын Дэлхийн интернэтийн бага хуралд оролцсон дүнгийн талаар, Уйгаржин монгол бичгийн компьютерийн кодчоллыг шинэчлэн Олон улсын стандартад нийцүүлэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас өгсөн чиглэлийн талаар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэх товтой байна.