Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Үүн дотор Л.Баяртулгыг удаан хугацаанд суралцахаар болсонтой нь холбогдуулан өөрийнх нь хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ингэснээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргад шинэ хүн томилон ажиллуулах юм.
Month: December 2017
Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлсон байдаг. Мөн тус хуульд “Орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна” хэмээн заасан. Одоогийн байдлаар манай улсад 11 аймаг, гурван дүүрэг, хоёр суманд “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” ажиллаж байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хуулийг дагаж гарах дүрэм, журам, хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн шинэчилсэн дүрэм, үйл ажиллагааны үндсэн чиглэл, залуучуудын нэгдсэн мэдээллийн сангийн талаар танилцуулах, “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны сайн туршлагыг солилцох, үлдсэн аймаг, дүүрэгт байгуулагдах төвүүдэд ажиллах болон одоо ажиллаж байгаа ажилтнуудад төрийн албанд ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох, чадавхжуулах шаардлага тулгараад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан ХНХЯ, ГБХЗХГ, ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ хамтран зохион байгуулж буй залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдэд зориулсан сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтыг НҮБ-ын Хүн амын хөгжлийн сан, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Лексенбургийн Засгийн газар дэмжин ажиллаж байна.
Тус сургалт нь залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдэд залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийн талаар нэгдсэн ойлголт өгч, арга зүйн чиглэл өгөх зорилготой юм.
Сургалтаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах, залуучуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгох, Залуучуудын хөгжлийн төвийн шинэчилсэн дүрэм, цаашдын үйл ажиллагаа стратегийн чиглэлийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийнэ.
Мөн шинээр 10 аймаг, 6 дүүрэгт байгуулах Залуучуудын хөгжлийн төвийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаархи арга зүй, бодлого чиглэлээ ярилцав.
Сургалт энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр орон нутаг дахь -Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны талаар залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цөөн хором ярилцлаа.
Э.Золжаргал: “Залуучуудын хөгжлийн төв”-өөс орон нутгийнхаа манлайлагч 50 залууг тодруулна
/Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтан/
-Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс арваннэгдүгээр сард “Шинэ үеийн илгээлт” гэсэн үйл ажиллагааг Халх гол сумандаа зохион байгууллаа. Тодруулбал, малчин залуучуудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн. Алслагдсан сумдад үсчин ховор байдаг. Тиймээс аймгийнхаа мэргэжлийн үсчдийг авч очин малчин залуучуудын үсийг үнэ төлбөргүйгээр засаж өгөх, төрийн албан хаагч залууст зориулж компьютерийн сургалт явуулах гэх мэтчилэн үйлчилгээг үзүүлсэн. Мөн энэ сардаа багтаад манлайлагч 50 залууг тодруулах “Бид Дорнодын залуус” үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Дорнод их сургууль, МСҮТ, Политехникийн коллежийн оюутнуудын төлөөллийг мэтгэлцээн, илтгэлийн сургалтад хамруулсан. Ер нь дорнод аймаг нийт 74 мянган хүн амтай. Үүний 21 мянга буюу 36.5 хувийг залуучууд эзэлдэг. Үүнтэй холбогдуулан хүн амын багагүй хувийг эзэлж буй залуучууд руу чиглэсэн ажлыг зохион байгуулдаг.
Г.Сүх-Очир:Хөвсгөл аймгийн Залуучуудын хөгжлийн төв 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллана
/Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн/
-Хөвсгөл аймаг нийт 129555 хүн амтай. 2016 оны судалгаанаас харахад, үүний 37825 нь 18-35 насны залуучууд гэсэн статистик баримт байдаг. Аймгийн төвд 15 мянга гаруй, хөдөө сумдад 22 мянган залуучууд амьдардаг. Хөвсгөл аймаг өнгөрсөн оны төсвийн хөрөнгөөр “Хүүхдийн ордон” барьсан. Энэ ордонг түшиглэж, Залуучуудын хөгжлийн төвийг байгуулна. Өөрөөр хэлбэл, Залуучуудын хөгжлийн төв байгуулахад шаардлагатай анги, танхим бэлэн байгаа гэсэн үг. Хөвсгөл аймаг иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагыг ашиглан нөлөөллийн ажлыг их хийдэг. Сүүлийн жилүүдэд олон улсын тэмдэглэлт өдрүүдийг залуучуудтай тэмдэглэдэг. Мөн Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас аймгийн Засаг даргаараа албан даалгавар гаргуулаад сар бүрийн 11-нд “Залуучууд, хүүхдүүдийг сонсох өдөр” болгосон. Бид сумын Засаг дарга нар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төрийн албан хаагч, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх мэтчилэн бүхий л залуучууд руу чиглэсэн нөлөөллийг ажлыг хийгээд байна. Манай аймгийн Залуучуудын хөгжлийн төв 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ.
Британийн Булуэллд зүрх нь цээжнийхээ гадна ил гарсан төрөлхийн гажигтай охин мэндэлсэн талаар “The Guardian” мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.
Эмч нар жирэмсний ес дэх долоо хоногт ураг төрөлхийн гажигтай болохыг тогтоожээ. Улмаар амьдрах магадлал багатайг гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүд үр хөндүүлэхийг зөвлөсөн боловч эцэг эх нь татгалзжээ.
Охин амьд мэндэлсэн бөгөөд амьдралынх нь эхний цагийн турш гурван хагалгаа хийгдэж, түүнд 50 гаруй эмч оролцсон байна. Мэс засалчид охины зүрхийг цээжний дунд тасалгаанд байрлуулжээ. Энэ төрлийн төрөлхийн гажигтай хүүхэд амьд үлдсэн нь Британид анхны тохиолдол аж.
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар С.Баярын Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Сү.Батболд нарыг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлсэн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэднийг оффшорын хэргээр шалгаж байгаа ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 15:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх юм байна. Тэрбээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх тул хуралдааныг хаалттай горимоор явуулах чигтэй байгаа аж.
УИХ-ын намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд дараахь хуулийн төслүүдийг хэлэлцэх хуваарьтай. Үүнд:
-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Саранчимэг нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцаар хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Дэлхийн Банкны ажлын ажлын хэсгийн ахлагч, Хөдөө аж ахуйн секторын агробизнесийн ахлах мэргэжилтэн М. Ситарамачандра болон хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Д. Жигжидмаа нартай уулзлаа.
Уулзалтаар Сайд Б.Батзориг Дэлхийн Банкны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр” (P4R) -ийн хүрээнд ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.
Энэ хүрээнд махны экспорт болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр Дэлхийн Банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Сайд Б.Батзориг илэрхийллээ. Дэлхийн банкны зүгээс ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгой анхаарч, салбарын сайдын хэлсэнчлэн үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Мөн өнөөдөр Дэлхийн банкны М.Ситарамачандра тэргүүтэй ажлын хэсэг ХХААХҮ-ийн яамны газрын дарга нарт Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийн талаар танилцуулж мэдээлэл хийн, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын сурагчдын холбоо, ЦЕГ, Соёл урлагийн газартай хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аянг хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг нийгэмд таниулах, сурталчлах, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус аяныг эхлүүлээд байна.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн язгуур эрх, эрх ашгийг хангах, хамгаалах, хуулийн этгээдүүдийн үүрэг, оролцоо, хариуцлагыг хуульчилсан бол Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг хориглосон байдаг.
Тодруулбал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд гэр бүл, нийгэм дэх хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбар, хэвлэл мэдээлэл ба цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах тухай заасан.
Аяны хүрээнд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн сурагчдад Хүмүүжлийн эерэг арга, “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг сурталчлан таниулах, Цахим орчны гадуурхал, хүчирхийллээс өөрийгөө болон найзыгаа хэрхэн хамгаалах, Хүрэхүйн тухай ойлголт зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Тухайлбал, “Хүүхдийн тусламжийн утас-108” үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид “Хүрэхүйн тухай ойлголт”-ын талаархи мэдээллийг сурагчдад өгсөн юм. Хүрэхүй нь аюултай болон аюулгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Хэн нэгэн хүн таны зөвшөөрөлгүйгээр биеийн аль нэг хэсэгт хүрч тааламжгүй мэдрэмж төрүүлэх, өвтгөх, биеийн чинь эмзэг хэсэгт хүрэх зэрэг үйлдэл хийвэл аюултай хүрэхүйд ордог байна. Энэ тохиолдолд өөрт хамгийн ойр байгаа хүнээс болон ойр дотны хүмүүсээс тусламж хүсэх, ээж, аавдаа энэ тухайгаа хэлэх, хүүхдийн тусламжийн утас 108 руу залгаж мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг сурагчдад зөвлөсөн юм.
Харин сурагчид олон хэрэгтэй мэдээллийг сургалтаас олж авсан хэмээгээд хүүхдийн эрхийг дээдлэн, тэднийг хамгаалахад хүн бүрийг оролцохыг уриаллаа.
Уг сургалтыг “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбооноос хамтран Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Гал голомт хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, дуучин Б.Маралжингоо, 2017 оны Дэлхийн миссийн Монгол оролцогч Ц.Энхжин болон 16 настнуудын төлөөлөл болсон 850 шилдэг сурагч оролцлоо.
Уг ёслолын үйл ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүсье. Манай улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой, тогтвортой байлгахын талаар анхаарч ажиллаж байна. Монгол Улс залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг боллоо. Улсын Их Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” 2018 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Ингэснээр 21 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаж, сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд болон хууль эрхзүйн үйлчилгээнд холбон зуучлах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулах боломжтой болно.Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжин ажиллана. Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээн, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч, ажиллан, улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна.Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй та бүхэн Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Энэ жил манай улсын хэмжээнд 64375 залуус 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байна. Уг үйл ажиллагаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг явагдаж, 16 настнууд иргэний үнэмлэхээ гардаж авсаныг энд дурьдая.
Дашрамд сонирхуулахад, тус ёслолын үйл ажиллагааг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Мобиком Корпораци, Гоо брэнд, Монголын Үндэсний түүхийн музей ивээн тэтгэж оролцсон байна.
Энэ үеэр иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцсон сурагчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.
Б.Эрдэнэ-Очир:Бид ирээдүйг хамтдаа бүтээнэ
/Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч/
-Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр би 16 нас хүрч, иргэний андгай өргөн, Монголынхоо эрхэм хүндтэй хүмүүсээс батламж гардан авлаа. Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд маш сайхан хүмүүс илтгэл тавьлаа. Илтгэлд цаашид амьдралдаа мөрдөж, зарчим болгох зүйлсийг дурьдсан. Үүнийг цаашид би үргэлж бодож, амьдралдаа хэрэгжүүлэх болно. Иргэний андгай өргөсний дараа Төрийн дуулал эгшиглэх үед нулимс өөрийн эрхгүй цийлэгнэж байлаа. Төрийнхөө сүлд рүү хараад зогсож байхдаа, ирээдүйд улс эх орноо дэлхийд өрсөлдөхүйц хүчирхэг болгоход миний оролцоо маш чухал гэдгийг бодсон. Тиймээс эрдэм номд шамдан суралцаж, улс эх орондоо ихийг хийх болно. Бид өнөөдрөөс эхлээд ирээдүйг хамтдаа бүтээнэ. Бүх 16 настнууддаа амжилт хүсье.
С.Номундарь:Иргэний үнэмлэх гардаж авна гэдэг хариуцлага нэмэгдэж буйн шинж гэдгийг ойлголоо
/Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 12б ангийн сурагч/
-Өнөөдөр Монгол Улсын түүхэнд маш чухал өдөр тохиож байгаа. Учир нь гэвэл Монгол Улс анх удаа Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр. Би 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй мянга мянган хүүхдүүдийг төлөөлөн индэр дээрээс үг хэлсэн нь маш их нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын иргэн байна гэдэг зүгээр нэг хэрэг биш. Бид иргэний үнэмлэхээ гардаж авч байна гэдэг цаашид улс эх орныхоо төлөө хичээнгүйлэн суралцаж, ихийг хийж бүтээх хариуцлага нэмэгдсэн.
Алтаншагай:Иргэний андгай өргөх ёслолд оролцсондоо маш их баяртай байна
/Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч/
-Түүхэн тэмдэглэлт өдөр үеийн олон нөхөдтэйгээ хамт Иргэний андгай өргөж, батламжаа гардаж авсандаа маш их баяртай байна. Би өөрийнхөө ирээдүйг их гоё өнгөтэйгөөр хардаг. Ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан хүн болохыг мөрөөддөг. Би эдийн засагч мэргэжилтэй болно. Үеийн найзууддаа хандаж хэлэхэд, улс эх орны ирээдүй биднээс шалтгаална. Тиймээс боловсрол сайн эзэмшиж, сайн хүн болон төлөвших нь чухал шүү гэж хэлье.
Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.12.13) Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдийн Улаанбаатар хот дахь Ажлын албадтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.
Ө.Энхтүвшин: “Алтанбулаг”-т ложистикийн төв яаралтай байгуулах нь чухал
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 2014 онд нээгдсэн бөгөөд тус бүсийг хөгжүүлэх зорилгоор 2004 онд баталж байсан 128 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 21 хувь нь өнөөдрийн байдлаар хийгдсэн байна. Түүнчлэн 14 аж ахуйн нэгж хөрөнгө оруулан үйл ажиллагаагаа эрхэлж байгаагийн 7 нь архи, тамхины худалдаа, үлдсэн нь хүнсний бүтээгдэхүүн, гутал, тавилга зэрэг чиглэлээр бизнес эрхэлж байна. 2014 оноос хойш эрчимжсэн зорчигч тээврийн урсгал энэ оны байдлаар хоёр дахин нэмэгджээ. Тус бүсийн захирагч Ж.Амаржаргал “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдээд өгвөл Зүүн Сибирь, Эрхүү орчмын эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, Монгол Улсын эдийн засагт нөлөөтэй чөлөөт бүс болж хөгжих бүрэн боломж бий” гэлээ. Гэвч одоогоор аялал жуулчлал, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ. Тухайлбал, Монголоос аялал жуулчлалаар гарсан манай иргэд буцахдаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь түгээмэл. 2017 онд тус бүсээр Монгол Улсад 2,5 сая ам.долларын бараа орж ирснээс 1,1 сая долларын бараа борлогдсон, улсын төсөвт 28 сая төгрөг тушаасан, бусад байгууллагаас 1 тэрбум төгрөгийн авлагатай байгаа тухайгаа захирагч Ж.Амаржаргал Шадар сайд Ө.Энхтүвшинд дуулгалаа. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 2008-2017 оны хугацаанд аж ахуйн нэгжүүдээс газрын төлбөрт 1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газар эзэмших гэрээтэй боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй 94 аж ахуйн нэгжийн гэрээг цуцалжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсад чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх үзэл баримтлал батлагдаад 22 жил, “Алтанбулаг” бүс үүдээ нээгээд 3 жил болж байхад яагаад худалдааны эргэлт сайжрахгүй байгааг лавлав. Үүний хариуд захирагч Ж.Амаржаргал “Чөлөөт бүсээр зорчигчийг манай гаалийнхан зорчигч гэж үзэхээ болиод худалдан авагч гэж хардаг болмоор байна. Хувь хүн, зорчигчийн биедээ авч явах эд зүйлсийн жагсаалтыг худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсэд мөрдвөл чөлөөт бүс хөгжихгүй. ОХУ-ын компаниуд яг энэ шалтгаанаар манай бүсэд орж ирэхээс татгалздаг. Түүнчлэн дэд бүтэц хөгжүүлэх санхүүжилт болон манай Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг нэмэх шаардлага тулгамдаж байна” гэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжууд, гаалийн дүрэм журмууд чөлөөт бүсэд хэрэгжих шатандаа зөрчил үүсгэдэг, гаалийн хүнд суртал чөдөр тушаа болдог байдлыг цэгцлэх шаардлагатай байгааг сонслоо. Гэхдээ та бүхэн тодорхой баримтуудыг гаргаж өгөөрэй. Миний байр суурь юу вэ гэвэл, “Алтанбулаг” чөлөөт бүсэд тэргүүн ээлжинд тээвэр, ложистикийн төв байгуулах нь хамгийн зохимжтой гэж үзэж байна” гэлээ.
Ө.Энхтүвшин: “Замын-Үүд” чөлөөт бүсээ нэн даруй нээх хэрэгтэй
“Замын-Үүд” чөлөөт бүс БНХАУ-аас 50 сая, Монголын Засгийн газрын 8,8 сая ам.долларын санхүүжилтийг хэрэгжүүлж байна. Одоогоор 900 га газартай бөгөөд 2015-2017 онд 4 удаагийн сонгон шалгаруулалтаар 24 аж ахуйн нэгжийн 27 төсөлд 58,57 га газар олгожээ. Захирагч И.Батнасан “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх эхний шатны дэд бүтцийн ажил дуусаж байна. Хоёрдугаар шатны ажилд 182,4 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Манай захиргаанд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, дэд бүтцийн ажлын удирдлага, зохион байгуулалтыг цогцоор нь төвлөрүүлэх саналтай байна. Ингэвэл 2020 он гэхэд Замын-Үүд хурдацтай хөгжсөн чөлөөт бүс болно” гэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд” чөлөөт бүсийн Ажлын алба асар том хөрөнгө оруулалт шингэсэн объектуудыг үйл ажиллагаатай нь өөртөө төвлөрүүлэн авч явна гэж байгаагаа эргэж харах хэрэгтэй байна. Монголчуудын их хүлээж байгаа “Замын-Үүд” худалдааны чөлөөт бүсийг даруй нээгээд ажлаа эхэлмээр байна. Хятадын хэрэглэгчид зах Монголын бараа бүтээгдэхүүнийг нэлээд их сонирхдог нь өнгөрсөн намар Хөх хотод зохион байгуулагдсан ЭКСПО дээр ажиглагдаж байсан. Ер нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээчихвэл Алтанбулагынхаас ч түргэн хөгжих бүрэн боломжтой” гэлээ.
Евразийн урсгалыг Цагааннуур алдаж болохгүй
“Цагаан нуур” чөлөөт бүсийн захирагч А.Аманкелд “Манай бүс Хятадыг Евразитай холбосон автозам дагуу оршдог, ОХУ, Казахстан, БХНАУ руу гарцтайгаараа зах зээлийн хувьд давуу байршилтай. Орос, Хятадын компаниуд Цагааннуурын чөлөөт бүсэд бизнес эрхлэхийг сонирхдог. Одоогийн байдлаар худалдааны талбай бэлдсэн боловч гаалийн хяналтын үйл ажиллагаа эхлээгүйгээс гацаж байна. 5 компани газар эзэмших төлбөр төлдгөөс 56 сая төгрөгийг улсад тушаасан” гэж ярилаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Евразийн автозамаар өнгөрч байгаа урсгалыг Цагааннуурт гаальчид ажиллахгүй байгаагаас болоод алдаж болохгүй. Энд Монголын эрх ашиг нэгдүгээрт тавигдах тул төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог зөрчилгүй болгох шаардлагатай” гэв.
Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Жил бүр Улаанбаатар хотод шилжин ирэгсэд гэр хорооллын бүс нутагт 300-400 яндан шинээр бий болгож нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлдөг байсан бол 2017 онд шилжин ирсэн иргэд дээр дурдсан шалтгаанаар яндангийн тоог нэмэгдээгүй болохыг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэхүү үзүүлэлт нь Нийслэлийн сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй эерэг үр дүн аж. Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.