Categories
мэдээ нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулна

Related image

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ-2018” үндэсний чуулган, “Хүрээ авардс-2017” худалдааны салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа арван хоёрдугаар сарын 25-ны өдөр болох юм байна. Чуулганыг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, “GS1 Mongolia” ТББ-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Гадаад харилцааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулах ажээ.

Тусгаар тогтнолын ордонд болох “Их хүрээ-2018” чуулганд хот, хөдөөгийн жижиглэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 800 гаруй хүн оролцох бөгөөд худалдааны салбарт дэлхийн орчин үеийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологи инновацийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ямар боломжууд байгааг жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн стандартыг дэлхийд нэвтрүүлсэн Японы улсын туршлагыг тус улсын “Глобаль финанс” компанийн захирал Hidatako Ito танилцуулах гэнэ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил болсон ч худалдааны бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцааг зохицуулах бие даасан хуульгүйгээр өнөөг хүрчээ. Гэтэл энэ салбарт маш олон стандарт шалгуур тавьж, хяналт шалгалтын тогтолцоо газар авснаар торгуулийн систем эрчимтэй ажилладаг нь дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд дарамт болдгийг тэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Иймд худалдааны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлчилгээний стандарт тогтоох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, торгууль, урамшууллын системийг ижил түвшинд ажиллуулахыг бизнес эрхлэгчид салбарын яамдаараа дамжуулан дуу хоолойгоо төр засагт хүргэх гэж байгаа юм.

Мөн хурлаар худалдааны салбарын стандарт, норм норматив болон инноваци техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх өргөн боломжуудын талаар ажил хэрэгч ярилцлагуудыг өрнүүлнэ. Бизнесээ өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, яаж хөнгөлөлттэй зээл авах талаар Японы хөрөнгө оруулагчид үнэтэй зөвлөмжүүдийг өгч, ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулна хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцлов. Мөн өдрийн 18.00 цагт “Мишээл экспо” төвд эхлэх “Хүрээ авардс-2017” худалдааны бизнес эрхлэгчдийн нэгдсэн шинэ жилийн баярын арга хэмжээний үед салбарынхаа шилдэг бизнес эрхлэгчдийг “ГРАН ПРИ”, “Худалдааны ирээдүйн санаачилга”,”Цахим шийдэл”, “Тохижилттой дэлгүүр”, “Залуу худалдаачин”,”Интерпренер” зэрэг 11 номинациар шалгаруулна. Мөн үеэр 15 азтаныг шалгаруулж, гурван супер азтаныг Япон улсаддолоо хоногийн бизнес аялал хийх эрхийн бичгээр шагнах юм. Иймд салбарынхантайгаа танилцаж харилцан туршлагаа хуваалцах боломж, тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэх чухал уулзалт, баяр ёслолын арга хэмжээ гэж чуулганыг зохион байгуулагчид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа

ММХЕГ Лондоны Амьтан Судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй зэрлэг амьтан, ургамлын зүйлүүд тэдгээрийг таньж тодорхойлох арга сэдэвт цахим сургалтыг 21 аймаг, нийслэлийн байгаль орчны 70 –аад байцаагчдад зохион байгуулав. Сургалтаар Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй зэрлэг амьтан, ургамлын зүйлүүд тэдгээрийг таньж тодорхойлох аргыг гар утасны аппликэйшн болгон бүтээснийг танилцуулж гар утсандаа хэрхэн суулгах, өдөр тутамдаа хэрхэн ашиглах талаар зааж сургалаа.

Categories
мэдээ нийгэм

Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн хамт олон 2017 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Аврах тусгай ангийн 2017 оны “Тэргүүний хамт олон”-оор тус онд дэвшүүлэн тавьсан зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо хошуучилж ажилласан Агаарын ажиллагааны салбар шалгарсан байна.

Харин “Оны тэргүүний бүлэг”-ээр Холбооны тусгай бүлэг, “Оны шилдэг удирдах ажилтан”-аар Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга-шүхрийн зааварлагч, ахлах дэслэгч Т.Батсайхан, “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр ахлан нягтлан бодогч, дэд хурандаа Г.Батбаатар, Сургалт, соёл хүмүүжлийн албаны соёл хүмүүжил, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Д.Батболд, Цацраг, химийн ажиллагааны мэргэжилтэн, ахмад Б.Алтан-Очир, “Оны шилдэг аврагч”-аар Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, ахлах ахлагч Б.Насанжаргал, Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Бямбасүрэн, Хөгжмийн тусгай бүлгийн аврагч-хөгжимчин, ахлагч Н.Амарбаяр, Тээврийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, Тусгай чиг үүргийн салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Баярсайхан, “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар гэрээт харуул П.Бадарч нар шалгарч, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Мөн Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлагч З.Ууганбаяр, Агаарын ажиллагааны салбарын десантчин-аврагч, ахлагч Б.Батсайхан нарт ахлах ахлагч цол, Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч М.Сүхтөр, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, дэд ахлагч З.Цэнд-Аюуш нарт тус тус ахлагч цол олголоо гэж Аврах тусгай ангиас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.12.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Дараа нь өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ё.Баатарбилэг, Л.Болд, Д.Тэрбишдагва нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэв. Гишүүдийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайлбарлахдаа “Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурал хэлэлцэж эхлэх үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн. Мөн Тусгай хяналтын дэд хороо ч хэлэлцэх шаардлагатай гэсэн тул хойшлуулсан. Үүнээс гурван долоо хоног өнгөрсний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай, харин зөвшилцдөг албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах боломжгүй. Харин Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой тул тус Байнгын хороонд холбогдох материалыг шилжүүллээ гэдэг тайлбар ирүүлсэн юм. Энэ үеэр Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэхээр нөхцөл үүсээгүй байна гэдэг тайлбарыг мөн ирүүлсэн.

Өргөдлийн байнгын хороо дээрх асуудалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлах шаардлагатай гэсэн учир өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсныг хойшлуулсан. Тус Байнгын хорооны дарга сая хэлэхдээ, нэг асуудлаар 900-аас доошгүй иргэн өргөдөл, гомдол ирүүлсэн тохиолдолд тухайн асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсгол явуулах дэгтэй тул Элчин сайд эгүүлэн татах, томилохтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжгүй гэлээ. Иймд маргаашийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ. Мөн маргаашийн (2017.12.15 Баасан гараг) 15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганы нэгдсэн хуралдааны хаалттай горимоор мэдээлэл хийх тул холбогдох газрууд бэлтгэл ханган ажиллаж байгааг гишүүдэд дуулгасан.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эхэлж, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа. Малыг үнэлэх, даатгалд хамруулах, худалдах болон малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авах болон малын бүртгэлийг үндэслэх, малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ баталгааны тэмдэг олгох, малчинд мэргэжлийн үнэмлэх олгох зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Түүнчлэн малчин өрх мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахад хэрэглэх баталгааны тэмдгийн талаарх зохицуулалт, үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлэх, аймаг, нийслэлийн мал үржлийн албаны удирдлагад болон сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал зүйч ажиллахтай холбоотой саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар хуулийн төслийн нэр томъёо, зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн болон ажлын хэсгээс хариулт авсан.

Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг “Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, Аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана”, мөн зүйлийн 16.6 дахь заалтыг “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технолги, малын генетик, нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч ажиллана” хэмээн тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Мөн “Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа” гэсэн 19 дүгээр зүйлийг төсөлд нэмж тусгахыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Дараа нь төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувийн саналаар Малын генетик нөөцийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа.

УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР БАТАЛЛАА

Дараа нь Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос боловсруулсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилготой тус төсөлд малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 онд багтаан явуулах, дүнг Улсын Их Хуралд танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг заасан хугацаанд баталж, хууль таниулах ажлыг зохион байгуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар зарим зүйлийг тодруулж, хариулт авлаа. Дараа нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжсэнээр “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Арван настай охиныг мөргөсөн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Image result for Арван настай охиныг мөргөсөн иргэн2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг, Авто вокзалын хойд замд “Toyota Spacio” маркийн автомашин тухайн үед гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн анхаарлыг татаад байна.

Энэ хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл гараад байсан юм. Тухайн хүүхдийн бие хөнгөн гэмтсэн, эцэг эх нь гомдол, саналгүй байх тул хуулийнх нь дагуу энэ хуулиар арга хэмжээ тооцсон байна.

Уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтад оролцов

УИХ-ын гишүүн, УИХ дахь Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг нар Брюссель хотноо 12 дугаар сарын 7-ны өдөр болсон Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтад оролцов.

Төлөөлөгчдийг Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Ивета Григуле хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын 10 дугаар уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцов.

Монгол Улсад болсон УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль манай улсын ардчилсан тогтолцоо иргэний идэвхтэй нийгэмтэйгээ нягтран бэхжсэнийг харуулсан болохыг Европын Парламентын зүгээс тэмдэглэв. Мөн Европын Холбоо манай эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн үйл явцад санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан. Мөн энэ жил хоёр талын харилцаанд томоохон үйл явдлууд тохиож Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр (ТХАХ) 11 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсныг хоёр тал сайшаан тэмдэглэж энэхүү хэлэлцээр одоогийн харилцааг цаашид бэхжүүлж, сайн засаглал, хүний эрх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хотод Европын Холбооны Төлөөлөгчийн газар нээгдсэн нь дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил нь харилцааны тэргүүлэх чиглэл болсныг хоёр тал тэмдэглэв. Мөн Европын холбооноос гаргасан татварын тааламжгүй орчин бүхий улсуудын жагсаалтад Монгол улсын нэрийг оруулсанд харамсч байгаагаа УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэмдэглээд дараагын жагсаалтаас Монгол улсын нэрийг хасуулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов.

Монгол Улсын Их Хурал дахь Европын Парламенттай харилцах бүлэг болон Европын Парламентын Монгол Улс, Төв Азитай харилцах бүлэг хамтын ажиллагааны нэгэнт тогтсон хэлбэрүүдийг бэхжүүлж, цаашид хоёр ард түмний тусын тулд харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргасан болно.

Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан ТХАХ хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан талууд Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын хооронд Парламентын хамтын ажиллагааны Хороо байгуулахаар тохиролцов. Уулзалтын үеэр УИХ-ын төлөөлөгчид Европын Парламентын байранд залах Алтан гэрэгэ гардуулсан байна. Алтан гэрэгэ Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр болон Вена дахь төвийн гол танхимд залагдсан байдаг гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчид шинэ жилийн баяр мэндчилгээ ирүүлсэн байна. Тус мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын албанд бие сэтгэл, оюун ухаанаа зориулан зүтгэж буй генерал, офицер, ахлагч ажилтан алба хаагчид, чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэе. Агуу түүхтэй Онцгой байдлын албаны алтан аргамжаа бөх оршиг” гэжээ.

Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвчтний мэдээллээ хоорондоо хуваалцаж солилцох боломжтой болно

Эрүүл мэндийн яам, Дэлхийн банкны “Цахим эрүүл мэнд” төсөл болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.Уулзалтыг нээж ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Жеймс Андерсон, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн дарга Р.Оюунханд нар болон бусад холбогдох яам, агентлаг, олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд нийт 110 гаруй хүмүүс оролцож байна.

Уулзалтын үеэр “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар баримтлах бодлого” –ын талаар Б.Билэгдэмбэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, “Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдвээр Р.Оюунханд, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн талаар С.Энхболд, Төслийн зохицуулагч, Эстони улсын “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлсэн туршлагын талар Пеетер Росс, Дэлхийн банкны зөвлөх, “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр Т.Алтанхуяг, Төрийн холбооны газрын мэргэжилтэн нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.

Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн чиглэлээр, халдварт болон халдварт бус өвчний мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч тэдгээрийн уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон улсын хандивлагч байгууллагуудын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг зохицуулах, засгийн газрын үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн уулзалтын үеэр Цахим эрүүл мэндийн үйл ажиллагааны 2018-2021 онд хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг үндэсний түвшинд хэлэлцүүлэн, оролцогчдын санал, зөвлөмж тусгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг жилд дунджаар 120-140 тохиолдол бүртгэгддэг

Монгол орны ойн санг хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор БОАЖЯ-наас “Ойн доройтол, хомсдолыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна.

Энэхүү хөтөлбөрт мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжийг тусгах зорилгоор өнөөдөр дээрх хөтөлбөрийн боловсруулах шаардлагыг олон нийтэд танилцуулах уулзалт зохион байгуулав. Монгол Улс 2014-2016 онд нийт нутаг дэвсгэр дэх ойн тооллогыг хийсэн бөгөөд улсын хэмжээнд 5 тэрбум мод ургаж байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь нийт 12 сая га талбайг эзлэн оршиж буй юм. Гэвч ой ихээхэн хөгшрөлттэй байгаа юм. Түүнчлэн төсөв, санхүүгийн хүндрэлээс үүдэн сүүлийн жилүүдэд ойн цэвэрлэгээ зохион байгуулаагүйгээс үүдэн түймэр гарах, хортон шавжид идэгдэх зэргээр нөөц нь буурсаар байгаа юм. Тиймээс ойг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага тулгарсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уулзалтын эхэнд дурдлаа.

Тэрбээр, “Бид хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ойн нөхөрлөл, ТББ-уудын төлөөлөлтэй уулзаж хөтөлбөрт тусгах санал, зөвлөмжийг нь авч байгаа. Хөтөлбөрийн хүрээд ойг хамгаалах гол ажлуудыг хийхээс гадна иргэдэд мэдээлэл хүргэх нь туйлын чухал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг жилд дунджаар 120-140 бүртгэгдэж байна. Тиймээс ой мод болон ойн дагалдах баялаг ашиглахад ямар хууль тогтоомж, дүрэм журам дагаж мөрдөх талаар иргэдэд мэдээлэл хүргэх болно. Сүүлийн жилүүдэд ой хамгаалах ажлыг ихэвчлэн Ойн нөхөрлөлүүд хариуцаж байгаа. Төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн бид бүх нөхөрлөл, байгаль хамгаалагчдыг дэмжиж чадахгүй байна. Тиймээс санхүүгийн дэмжлэгийг хавтгайруулах бус үлгэр жишээ үйл ажиллагаа явуулж буй газруудад түлхүү хүргэх болно” гэлээ.

Монгол Улс ойн хамгааллын чиглэлээр гадны хөрөнгө оруулагч байгууллагуудтай нягт хамран ажиллаж байна. Тухайлбал, 2014-2016 онд явуулсан ойн тооллогыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран явуулсан юм. Мөн 2011 оноос НҮБ-ын “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+) хөтөлбөр”-ийн түнш орон болсон. Ингэснээр ой хамгааллын чиглэлээр хэд хэдэн ажлыг өрнүүлсэн гэдгийг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг танилцуулав.

Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сард Монгол орны ойн шингээж буй хүлэмжийн хийн хэмжээг тогтоож НҮБ-д хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд одоо судалгаа, тооцооллын ажил өрнөж байгаа аж. Энэ хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангаас 300 мянган ам.доллар, НҮБ-аас дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна. Ингэснээр Үндэсний хэмжээнд ой хамгаалах, доройтлоос сэргийлэх нэгдсэн бодлоготой болоход ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх Smartcar.mn цахим системийг нэвтрүүллээ

Улаанбаатар хотод замын түгжрэлд орж, банкинд дугаарлан олон нийтийг хамарсан урт дараалал үүсгэж, хүндрэл учруулж бухимдал төрүүлдэг төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шат дараатай хэрэгжүүлж байна.

Үүний нэг тод жишээ бол бид бүхний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг нэвтрүүллээ.

Энэхүү Smartcar.mn нь автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цамхим систем юм. Систем хэрэглээнд нэвтэрснээр ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн, иргэдийн цаг завыг хэмнэсэн, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчилсөн зэрэг давуу талуудыг бий болголоо.

SmartCar.mn цахим системийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ болон Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн юм.

Жил бүрийн 1-6 дугаар сард автотээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хувьд банкинд дугаарлан цаг зав зарцуулан дээрх 3 төрлийн үйлчилгээг авдаг байсан цаг саяхан. Тэгвэл SmartCar.mn системд өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төр, хувийн хэвшлийн үзүүлж буй үйлчилгээнүүдээс хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн ачилтын мэдээлэл, оношилгооны цаг захиалга, автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээлэл зэрэг бусад үйлчилгээнүүдийг цаашид шат дараалан хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.