Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ өдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 15, билгийн тооллын 28

-ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР-

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.40-17.01
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 28, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өрнийн зурхай

Хонь

Тогтворгүй өдөр тохиох төлөвтэй. Ялангуяа санхүүтэй холбоотой асуудал таны санааг ихээр зовоож байгаа бол, сэтгэл санаа илэрхий тавгүйтнэ. Гэвч нөхцөл байдлыг хэтэрхий дэвэргээд байгаа юм биш биз? Шаардлагатай бичиг баримт, мэдээлэлд төвлөрч бүхнийг тодорхой болгоход анхаараарай. Тооцоолсны эцэст хэрхэхээ шийдвэрлэх нь хамгийн зөв алхам байх болно. Үйл хэрэгтээ ч тэр, гэр бүлийнхэнтэйгээ ч тэр бодолтой, хянамгай хандах өдөр. Эрүүл мэнддээ анхаарч, ажил болон оюуны ачааллаа тохируулахыг хичээгээрэй.

Үхэр

Сорилттой өдөр. Тиймээс ямар ч нөхцөл байдалд тэвчээртэй, бодолтой хандахыг хичээгээрэй. Гэнэтийн, санаанд оромгүй байдлаар үүсэх нөхцөл байдал гэрийн цахилгаан хэрэгсэл, ажил хэрэг эсвэл таны төлөвлөгөөтэй холбоотой юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй тайван хандаарай. Харин өөрийн зөв гэж бодсон зүйлдээ өөртөө итгэлтэйгээр хандах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, таны санаанд шинэ, сонирхолтой бүтээлч санаа цөөнгүй төрнө. Гэвч хэрэгжүүлэх гэж яарах хэрэггүй. Эхлэхийнхээ өмнө сайтар төлөвлөхийг зөвлөмөөр байна.

Ихэр

Бусдад дэмжлэг үзүүлэх өдөр. Ойр дотныхондоо эсвэл танихгүй ч гэсэн хэн нэгэнд туслахыг хичээгээрэй. Хүний орчлонд хүн хүндээ дэмтэй амьдрах шиг сайхан зүйл хаана байх вэ? Магадгүй таны сэтгэл тавгүй байгаа бол, итгэдэг хүнтэйгээ ярилцах цаг гаргаарай. Тэгснээр өөртөө болон түүнд үгүйлэгдэж байсан сэтгэлийн дэмийг харилцан өгч ч болох юм. Спортын арга хэмжээнд оролцох эсвэл агаар салхинд гарах санал авбал татгалзах хэрэггүй. Эрүүл мэнддээ байнга хөрөнгө оруулж, амьдралын идэвхтэй байгаарай. Хэнтэй ч харьцсан төлөв даруу, ухаалаг байх нь амжилтын үндэс болно.

Мэлхий

Тэнцвэртэй байх өдөр. Өнөөдөр зарим зүйлс таны санаснаар болохгүй бол, яаран сөрөг дүгнэлтэд хүрэх хэрэггүй. Жишээлбэл, таны залгасан хүн дуудлагад чинь хариу өгөхгүй байвал, тодорхой шалтгаантай байна уу л гэж бодохоос муугаар бодох шалтгаан танд байхгүй. Тохиох гэнэтийн үйл явдал бүхэнд тэвчээртэй, ухаалаг хандахыг хичээгээрэй. Зарим хүмүүс ажил хэрэг болон хувийн амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад анхаараарай. Хэрвээ хайрлаж байгаа л бол явуул гэдэг үг байдаг. Ямар ч харьцаанд мэдрэмж, бодолтой хандах чухал байна.

Арслан

Ярилцах өдөр. Сонирхлыг чинь юу татаж байна, түүнийхээ талаар танин мэдэхүй, үзэл бодлын сонирхолтой яриа, магадгүй мэтгэлцээн өрнүүлбэл өгөөж өндөртэй байх төлөвтэй. Ярилцсанаар таны чадвар ч сайжирч, аливааг харах өнцөг ч тэлнэ. Зарим хүмүүс томилолтоор явах магадлалтай бол, харин зарим нь ашигтай санал тавих хүнтэй уулзаж мэднэ. Шинэ ажил эхлүүлэх, орлогын эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт төвлөрнө. Та өөртөө итгэж байвал, магадгүй түүнийхээ төлөө зоригтой, тууштай зүтгэвэл өмнө нь чадашгүй гэж бодож байсан бүхэн 100% боломжтой байна.

Охин

Урам зоригтой байх өдөр. Энэ өдөр ямар ч бэрхшээл сорилттой тулгарсан зориг мохож үл болно. Жишээлбэл, таны элсэн суралцахаар хүсэн хүлээж байсан сургалтын хөтөлбөр эхлэх магадлалтай. Хэрвээ онлайнаар бүртгүүлэх гэтэл вэбсайт нь ачааллахгүй байвал, эсвэл утсаар нь бүртгүүлэх гэтэл сүлжээний асуудалтай байвал урам хугаралгүй, хичээсээр л байгаарай. Тууштай байдал таны амжилтын үндэс юм. Ямартай ч эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Хэн нэгнээс дэмжлэг эрвэл, амжилттай байна. Харин хэн нэгэнд итгэх итгэлээ үйлээр нь шинжихийг зөвлөе.

Жинлүүр

Эрч хүчтэй байх өдөр. Таны сэтгэл санаа өөдрөг, өмнөх өдрийн урам зоригтой хандлага үргэлжилнэ. Танд хийх зүйл ч ихтэй, бүтээмж ч өндөртэй байна. Зарим хүмүүс томилолтоор эсвэл гадаадын орон руу явах магадлалтай. Хэрвээ тэгвэл галт тэрэг эсвэл нисэх онгоцны буудал дээр гүн ухаан, нийгмийн гээд бүхий л сэдвээр ярилцах сонирхолтой нэгэнтэй танилцаж мэднэ. Ярилцсанаар таны ертөнцийг харах өнцөг ч тэлнэ. Орой бясалгах эсвэл өөртэйгөө ярилцах цаг гарган, өнгөрснөө эргэн дүгнэж ирэх өдрүүдээ төлөвлөөрэй. Тэгээд таалагддаг номоо уншиж, тархиа жаахан ч гэсэн амраагаарай.

Хилэнц

Ухаалаг хандах өдөр. Хэн нэгнийг, ялангуяа дотныхоо хүнд чухам юу тохиолдсоныг нь мэдэлгүйгээр яаран сөргөөр дүгнэхгүй байхыг хичээгээрэй. Тэр хүн ямар ч үйлдэл гаргасан бай, цаанаа шалтгаантай л байж таарна. Өөрөө хүсч түүнийхээ талаар ярилцахаас нааш түүнийг ойлгохыг хичээгээрэй. Ажил хэрэг амжилттай. Аливааг шинээр эхлүүлэхэд тохиромжтой цаг. Зарим хүмүүс аяллаар явах магадлалтай бол, харин зарим нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болно. Тиймээс биеийн дархлаагаа сайжруулахад нөлөөлөх хүнс, хүнсний нэмэлтүүдийг судлаарай.

Нум

Хичээнгүй хандах өдөр. Өнөөдөр технологитой харьцахад түвэгтэй байх төлөвтэй. Магадгүй үүсэх асуудлыг нь өөрөө шийдвэрлэж чадахааргүй байвал, хамт олон эсвэл найз нараасаа тусламж авахыг хичээгээрэй. Байдал бишидвэл, мэргэжилтэнд хандсан дээр. Гэвч өөрийгөө зовоох хэрэггүй. Та өөртөө итгэлтэй байж, санаснаараа ихийг амжуулж чадна. Зарим хүмүүс орлого чинь зарлагаа давж байгаа эсэхийг хянах өдөр, харин зарим нь өөртэйгөө ярилцах цаг гарган бясалгах эсвэл буян хийвэл тохиромжтой. Зүүдээрээ дамжуулан нууцад нэвтэрч ч мэдэхээр байна.

Матар

Олонтой, ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ ойр байх өдөр. Таны тэдэнтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хамгийн нандин дурсамжийг бүтээдэг. Магадгүй тэднээсээ гэр бүлийнхээ сонирхолтой түүхийг сонсч ч болох юм. Эерэг сайхан бодлыг тээж, сайн сайхныг бүтээж амьдрахыг ямагт чармайх хэрэгтэй. Өнөөдөр шинэ содон, өвөрмөц зүйлийг бүтээх хандлага давамгай байна. Хөрөнгө оруулалт хийх, мөнгө, санхүүтэй холбоотой үйл хэрэг эхлүүлбэл амжилттай байна. Хэн нэгнийг, магадгүй хайртыгаа танд хангалттай анхаарал тавихгүй байна гэж хардах хэрэггүй. Тэдэнд ч гэсэн шийдвэрлэх асуудал бий.

Хумх

Хариуцлагатай байх өдөр. Та аливаад хэдий чинээ анхаарлаа төвлөрүүлж чадна, төдий чинээ хандах хандлага нямбай, төлөвлөсөн бүхэн ч бүтэмжтэй байна. Хэн нэгний зөвлөгөө, дэмжлэг үгүйлэгдэж байвал, санаа зоволтгүй асуугаарай. Магадгүй заримдаа шүүмжлэл нь эсрэгээрээ зөвлөмж болох нь бий. Зарим хүмүүс өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөнийхөө зарцуулалтад ухаалаг хандах шаардлагатай болох бол, харин зарим нь томилолтоор явах төлөвтэй. Өдрийн төлөв ямар байна, танд ямар дохиог өгч байгааг мэдэрч ойлгох нь чухал байна.

Загас

Хүлээцтэй, тайван хандах өдөр. Хэн нэгнээс хүлээн авах дуудлага эсвэл цахим шуудангийн нөлөөгөөр, таны хандлага нэг л тогтворгүй, түгшингүй болох төлөвтэй. Хүлээн авах мэдээлэл ямар ч байсан, яаран итгэл өгөлгүй, шаардлагатай бол өөрөө үнэн мөнийг нь хянаж үзэхийг хичээгээрэй. Тэгэх нь танд болон мэдээллээ түгээх хүмүүст ч баталгаа болно. Өнөөдөр зарим чухал асуудалд шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Харин ч сэтгэл санаагаа тайвширсан үед гаргах нь илүү дээр. Үйл явдал ямраар ч эргэсэн аливааг гэрэл гэгээтэйгээр хараарай. Өөртөө бясалгах цаг гарга, эсвэл спортоор хичээллэвэл үр дүнтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хандан асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хандан асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүллээ.

Тус албан бичигт

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн А/813 захирамжаар Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар 127230 м2 газар ашиглах эрхийг Улаанбаатар төмөр зам ХНН-т олгосон билээ.

Энэхүү шийдвэр нь нийслэлд тархан байршсан авто машин, дагалдах сэлбэг, хэрэгслийн ил задгай зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлж, авто машины худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, нийслэлийн авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд авсан арга хэмжээ болно.

Иймд хууль бусаар, ил задгай авто машины худалдаа эрхлэгчдээс дээр дурдсан газрыг чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж, тэдгээрийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Хэрэв уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдье гэсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Болор цом-35” наадам эхэлж байна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр утга уянгын яруу найргийн “Болор цом-35” наадмыг зохиодог. Энэхүү наадам нь өнөөдөр Говь-Алтай аймагт эхэлж байна. Энэ жил Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Харин Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон Болор цом наадмын цомын эзнээр яруу найрагч Б.Батсайханыг шүүгчид тодруулсан нь багагүй хэл ам дагуулсан билээ. “Болор цом”. Утга уянгын энэ их наадмыг 1983 онд Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүхтэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн найрагчид болж, тэр цагаас хойш ард түмний сэтгэлд хоногшсон олон арван найрагч төрөн гарчээ.

Categories
мэдээ улс-төр

НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.14) НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, А.Ундраа, Г.Мөнхцэцэг нар байлцлаа.

Манай улсад Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж байгаатай холбоотойгоор НҮБ болон Азийн хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг, шинжээчдийн баг манай улсад 2017 оны арваннэгдүгээр сард ирж ажилласан бөгөөд тус ажлын хэсгээс эхний ээлжийн зөвлөмжийг ирүүлсэн байна. Зөвлөмжид дурьдсан асуудлаар Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Суурин зохицуулагчтай санал солилцсон юм.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын нийгэм, байгаль орчны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, үүний тулд ямар стратеги, бодлого баримтлах талаар зөвлөмжидтусгасныг үзэж танилцсанаа Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Хатагтай Биата Транкман нийгмийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн хуваарилалтыг хэрхэн оновчтой хийх талаар саналаа хэлж, цаашид энэ чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар ярилаа.

Түүнчлэн, хөрөнгө оруулалтыг нийгмийн салбарт нэмэгдүүлж байгаа ч нэг хүнд ногдох төсвийн зардал бууралттай гарсан. Хүн ам өсөхийн хэрээр хэрэгцээ нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй бодит хэрэгцээг хөрөнгө оруулалт гүйцэхгүй байгаа талаар зөвлөмжид тусгасныг тэмдэглэв.

Ийнхүү санал солилцсоны дүнд 2019 оны төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө нийгмийн салбарт төсвийг оновчтой хуваарилахад хоёр талаасаа хамтарч ажиллахад санал нэгдлээ.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар ярилцав.

Уулзалтад байлцсан УИХ-ын гишүүд мөн зөвлөмжтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал солилцсон юм.

Төгсгөлд нь Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газар, парламентын үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, хатагтай Биата Транкманд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ цаг-үе

ШИЙДВЭР ГАРГАГЧИД АА, сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоох цаг болжээ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Утаа гамшгийн хэмжээнд хүрч, нийслэлчүүдэд аюулын харанга дэлдээд байна. Утаа жирэмсэн эхийн ураг, тархинд нөлөөлж, бүх төрлийн өвчний эх үүсвэр болоод байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Утааг бид яаж ч чадахгүй байна. Зөвхөн агаарын бохирдлоос болж олон төрлийн өвчин эмгэгээс үр хүүхдүүдээ хамгаалах шаардлага тулгараад буй. Тиймээс манай сонины сурвалжлах баг утааны голомт, эмнэлэг, сургуульд үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжилж, гарц шийдлийг албаны хүмүүсээс тодрууллаа.

БАЯНХОШУУНД УТААНААС ХАМГААЛАХ ГАНЦ ЗЭВСЭГ “ОРООЛТ” БАЙВ

Манай сурвалжлах баг 12:40 цагийн орчимд Баруун салааны автобусанд сууж Баянхошууг зорилоо. Нэгдүгээр ээлжийн хичээл тарах, хоёрдугаар ээлжийн хичээл эхлэх цаг тул автобусаар зорчигчдын ихэнх нь дунд сургуулийн сурагчид. Бөөрөнхий хэлбэртэй, цантсан нүдний шилтэй охин утааны эсрэг зориулалтын маск зүүсэн харагдана. Түүнийг эс тооцвол масктай хүүхэд өөр алга. Автобусны цонх цантсаны дээр, утаанаас болж хаана яваагаа баримжаалах боломжгүй байв. Харин автобусанд чанга яригчаар дараагийн буудлыг зарладаг нь ийм нөхцөлд тун зөв шийдэл болсон санагдлаа. “Баянхошуу завсрын буудал” гэж зарлахыг сонсоод автобуснаас буулаа. Эргэн тойрон уулсаар хүрээлүүлсэн гэр хороолол “хотхон”-д хаа сайгүй яндангийн утаа суунаглана. Айл өрх, аж ахуйн нэгжүүд, тэр ч битгий хэл эмнэлэг, сургууль гээд цөм нам даралтын зуухнаас халаалт авдаг байна. Өөрөөр хэлбэл, энд нүүрс түлэхгүйгээр дулаанаа шийдсэн нэг ч албан байгууллага байхгүй гэж байгаа. Ингээд буудлаас холгүй байх Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийг зорилоо. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж бүх л хэвлэл мэдээллээр зарласаар байтал энд утаанаас хамгаалах маск зүүсэн хүүхэд нэг ч алга. Хорт утаагаар амьсгалах нь хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, оюун санаанд хүртэл нөлөөлдгийг эмч нар ярьсаар байна. Наанадаж хамрын ханиад хүрсэн хүүхэд хорт утаагаар амьсгалсаар байвал улам л хүндэрнэ гэдгийг эцэг эхчүүд төдий л сайн ойлгохгүй байх шиг. Баянхошуунд бага насны хүүхдийг утаанаас хамгаалах ганц зэвсэг бол ороолт. Ороолтоо чангахан ороогоод л утаанаас ч, хүйтнээс ч хамгаалчихдаг бололтой. Хоёр настай охиноо өргөөд, дөрөвдүгээр ангийн охиноо сургуулиас нь аваад харьж яваа нэгэн ээжтэй уулзлаа. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэй бөгөөд дөрвөн хүүхэдтэй гэнэ. Иргэн Мөнхзул халуун усны газарт үйлчлэгч хийдэг. Тэрбээр “Ганц хүний цалингаар дөрвөн хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хэцүү л байна. Өвлийн цагт хүүхдийн мөнгөөрөө ханиадны эм авсаар байгаад л таарах юм. Манай охин ханиад хүрээд саяхан эдгэсэн ч ангийнхаа хүүхдээс ахиад ханиад авчихсан. Тэгээд энэ жаахан дүү нь дагаад өвдчихнө. Ер нь энэ утаа униартай хүйтний улиралд сургуулийг карентилчихаж болдоггүй юм байх даа л гэж бодогдох юм” гэв. Түүнээс охиндоо маск зүүлгэж, утаанаас болон ханиаднаас урьдчилан сэргийлж болно шүү дээ гэхэд “Маск худалдаж авна гэдэг бидэнд хэцүү байна шүү дээ. Ер нь л энэ хавьд маск зүүдэг хүн гэж байхгүй. Бүгд л ороолтоо зүүгээд явдаг даа” гэсэн юм.

СУРАГЧИД АНГИ ДОТРОО Ч УТААНД ХОРДДОГ

Номин охины анги 43 хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар таван хүүхэд ханиад хүрсэн тул хичээлдээ ирээгүй гэж байна. Охины сурдаг 76 дугаар сургуулийн сургалтын менежер Ц.Нямаатай уулзлаа. Тэрбээр “Манай сургууль 2610 суралцагчтай. Хоёр ээлжээр хичээллэдэг. Бага ангийн 1432 хүүхэдтэй. 76 бүлэгтэй. Баянхошууны хэсэгт 67, 76, 105, 124, 134, 184 дүгээр сургуулиуд багтдаг. Эдгээрээс 67, 76, 105 дугаар сургуулиуд хонхор газарт байрладаг болохоор энэ хэсэгт утаа тогтчихдог. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад утаа бүр их нэмэгдсэн. Сурагчид сургуулиас ирж очихдоо утаанд хорддог байсан бол одоо сургууль дээрээ хорддог болсон. Учир нь өглөө 06:00-10:00 цагт, оройн 18:00-22:00 цагт утаа дээд цэгтээ хүрч, анги танхимд цэнхэр утаа хөшиглөх болсон. Сургуулийн эмч болоод багш нар агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах талаар эцэг эхчүүдэд ярьж зөвлөдөг. Гэвч Баянхошууны айл өрхүүд ихэнх нь эмзэг бүлгийнхэн. Нэг айлаас дөрвөн хүүхэд сургуульд сурдаг айл маш олон. Хүүхдүүддээ аарц, чацаргана, сүү уулгах, 500 төгрөгийн даавуун маск худалдаж авах боломжгүй байдаг. Утаанаас хамгаалдаг, зурагтаар сурталчлаад буй зориулалтын маск нь маш үнэтэй. Энэ хавьд зарагддаг эсэхийг ч мэдэхгүй байна шүү дээ. Гэлээ гээд бид зүгээр суугаагүй. Ерөнхий сайдын ажлын хүрээнд өгөгдсөн найман ширхэг агаар шүүгчийг нэгдүгээр ангиуддаа байрлуулсан. “Өүлэн минж” компаниас 300 ширхэг даавуун маск өгснийг нэгдүгээр ангийн сурагчиддаа өгөөд байна. Манай сургуулиас уруудаад 67 дугаар сургуулийн орчимд бүр их утаа тогтсон байдаг. Гэтэл тэр сургууль гурван ээлжээр хичээллэдэг гэхээр үнэхээр хүнд нөхцөлд хүүхдүүд сурч хөдөлмөрлөж байна шүү дээ” гэв.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Г.БАЗАРРАГЧАА

НЭГ АНГИД АРВАН ХҮҮХЭД УТААНААС БОЛЖ ХАНИАД ХҮРЧ, ЧӨЛӨӨ АВДАГ

Утааны хорыг багасгах арга бол хүүхдэд сүү уулгах. Гэтэл бид сурагчдадаа хий дэмий л “сүү уу” гэдэг. Тэд ч “сүү ууж байгаа” л гэдэг. Худлаа л даа. Гэтэл хотын төвийн сургуульд сурдаг сурагчдад эцэг эхчүүд нь “Маамуу” сүү өгөөд явуулна. Хүүхдүүд нь ч үдийн цайгаа голдог юм билээ. Манай сургуулийн сурагчид бол үдийн цайнд юу өгөх бол гэж бодож л ирж байгаа шүү дээ” гэж Ц.Нямаа багш арга барагдсан бололтой үргэлжлүүлэн ярьсан юм. Мөн тэрбээр “Арванхоёрдугаар сарын 1-н гараад өвчлөл маш ихэсдэг. Бага ангид өдөрт 10 хүртэл хүүхэд ханиаднаас болж ирэхгүй байх тохиолдол бий. Ханиаднаас урьдчилан сэргийлэх эрүүл хүнс, хоололтын талаар эцэг эхчүүдэд ярьдаг ч Баянхошууны айлуудад энэ бол асуудал. Хүүхдүүдийн хувцаснаас нүүрсний эхүүн үнэр шингэчихсэн байдаг. Сурагчид сургууль дээрээ ч, гэрт ч, гадаа ч нүүрс үнэртэж, утаанд хордож байна шүү дээ. Сургуулийн зүгээс үдийн цайндаа аль болохоор илчлэг сайтай аарц, чацарганы шүүс өгдөг. Ер нь ганц Баянхошуу гэлтгүй урагшаа XXI хороолол, “Орчлон”, “Содон” хороолол, Зүүнсалаа, Зурагт, Зуун айл гээд утааны голомтод байдаг бүх л сургуульд ийм асуудал тулгарч байгаа шүү дээ. Тийм болохоор эдгээр бүсүүдэд байгаа сургуулиудыг карентилж сурагчдыг амраах хэрэгтэй. Карентин тогтоохын тулд утаа гамшгийн түвшинд хүрсэн эсэх, ханиад томуу хэдэн хувьд хүрсэн, анги дүүргэлт хэдэн хувьтай байгаа гээд олон зүйлийг харгалзан үздэг гэсэн. Бидний харж буйгаар өвчний дэгдэлт, агаарын бохирдол энэ стандартыг аль хэдийнэ давсан” гэлээ.

Мөн эндээс гараад Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийг зорьсон юм. Бэлтгэл ангийн багш Эрдэнэцэцэг ярихдаа “Манай анги тавь гаруй хүүхэдтэй. Гэтэл өнөөдрийн ирц 70 хувьтай л байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдээ утааны бүсэд өргөж явах ёстой байтал тэр бүр өргөж явдаггүй. Өвлийн комбинзон, зузаан куртиктэй хүүхдийг өргөж, халтиргаа, гулгаатай гэр хорооллын гудамжаар явна гэдэг амаргүй байдаг болов уу. Хөнгөн хэлбэрийн ханиад хүрсэн хүүхэд бол утаанд хордож ханиад нь улам хүндэрдэг” гэдгийг тэр бүр эцэг эхчүүд мэддэггүй нь харамсалтай” гэв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭМН-ИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН АЧААЛАЛ ХОЁР ДАХИН ИХЭСЧЭЭ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, эмнэлгүүдийн ачаалал ч дээд цэгтээ хүрчээ. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хувьд л гэхэд хүүхдийн амьсгалын замын томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан уртасгасан цагаар ажиллах НЭМГ-ын тушаалыг биелүүлж 21:30 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Гэсэн ч ачаалал улам ихэссээр байгааг тэд учирласан. Хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэгт хүч нэмэн гурван эмч ажиллаж байгаа ч эцэг, эхчүүдийн хөлд дарагдсан байв. Ханиадандаа зовиурлан уйлж унжих хүүхдүүдээ аргадах учраа олохгүй эцэг эхчүүд эмнэлгийн үүдээр хөвөрчээ. Эцэг, эхчүүдийн ярьж байгаагаар ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ханиад нь бүр хүндэрсэн, хатгаа туссан тохиолдолд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Харин хөнгөн зэргийн өвчлэлтэй хүүхдүүдийг гэрээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна.

Ингээд нөхцөл байдал ямар байгаа талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Сүрэнчимэгээс тодрууллаа. Тэрээр “Ачаалал маш их байна. Манай эмнэлэг чадлаараа л хүүхдийн хэвтэн эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж ажиллаж байгаа. Манай эмнэлэг нийт 80 ортой. Харин өнөөдрийн байдлаар нөхцөл боломжоороо 170 болгосон. Үүнээс ачаалал ямар байгааг харж болох байх. Хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн ч дийлдэхгүй л байна. Сургууль, цэцэрлэгийн насны маш их хүүхдүүд өвдөж байна. Нэг зүйлийг онцлоход манай монголчууд ханиад хүрлээ л бол антибиотик уугаад л дарчихна гэсэн ойлголттой байдаг. Вирус үүсгэгчтэй учир энэ ханиад антибиотикт дарагдахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн вирусын эсрэг бэлдмэлд л дарагдана. Вирус үүсгэгч нь хэд, хэдэн төрөл байгаа. Үүсгэгчээсээ хамаараад халуурах хугацаа, зовиур нь ч өөр. Тиймээс тухайн вирус үүсгэгчид л тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд ханиадны хурц үеийг дартал гэрийн нөхцөлд дор хаяж гурваас дөрвөн хоног байлгах ёстой. Гэтэл манайхан ойр зуурын эм өгөөд л сургууль, цэцэрлэг рүү нь явуулчихдаг. Тийм учраас хүүхдийн өвчлөл дарагдахгүй байгаа юм. Түүнчлэн амьсгалын замын өвчлөл тархахад нөлөөлж байгаа гол зүйл нь утаа байна. Хүүхэд багачуудын өвчлөх шалтгаан нь утаа зайлшгүй мөн. Гадаа гараад л утаагаараа амьсгалж байгаа юм чинь аргагүй шүү дээ” гэлээ.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ байгаа дүү нартаа ханиад тараах нь ч элбэг байдаг аж. Ийм байдлаар нэг гэрийн хүүхдүүд эмнэлэгт хэвтэх болсон тухай яриа ч чих дэлссэн юм. Харин Чингэлтэй дүүргийн иргэн Г.Оюунцэцэг “Охин бид хоёр өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Хэд хоногийн өмнөөс халуурч, ханиалгаж эхэлсэн юм. Энэ ханиадын вирус баргийн эм танд дийлддэггүй юм байна. Бодвол агаарын бохирдлоос үүдэлтэй л байх. Гэрийн нөхцөлд эмчилье гэсэн боловч чадахгүй, улам хүндэрсэн. Ямартай ч эмнэлэгт зургаан хоног хэвтлээ. Өмнөхөө бодоход арай дээрдлээ. Гэхдээ яг ч бүрэн эдгэсэнгүй. Хэвтэх хүүхэд маш их байгаа болохоор удаан хэвтэх боломж алга. Одоо цаашид хүндрүүлэхгүй байхын тулд дархлааг нь сайжруулахад анхааръя гэж бодож байгаа. Эмнэлэгт ор нь хүрэлцэхгүй нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчүүлж байна. Эсвэл шалан дээр гудас дэвсээд л эмчилгээгээ хийлгэж байх жишээтэй. Эмнэлгийнхэн чадах чинээгээрээ хичээж, шаардлагатай гэсэн эм тариаг хийж байгаа боловч нөхцөл байдал сайжрахгүй л байх шиг санагдлаа. Ханиад маш их байна. Энэ үед нь хүүхдүүдийг амраачихвал дээр юмсан гэж ярьж байгаа эцэг эхчүүд олон байна. Төр засгаас анхаараасай билээ. Нөхцөл байдал арай л дэндүү байна шүү дээ” гэв.

ТАЙВАНЖАРГАЛ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХӨЛ ХОРИО ТОГТООХОД ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ 20 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРСАН

Үүний дараа бид Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм. Яаралтай тусламжид хүүхдээ үзүүлэхээр эцэг, эхчүүд мөн л дугаарлажээ. Үзүүлэх цагаа хүлээж ядан уйлж, огиулж, ханиалгаж зарим нь дуу шуу ч үгүй ээждээ тэврүүлэх нь өрөвдөлтэй. Хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж буй тасгаар шагайвал хүүхдүүдийн уйлах чимээ тасрахгүй байх аж. Тус эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн их эмч С.Тайванжаргал “Жил бүрийн арваннэгээс гуравдугаар сар хүртэл хүүхдийн ханиад тусах тохиолдол ихэсдэг. Хүүхдүүдэд халуурах, цээж шуугих, суулгах зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрч байна. Вирус үүсгэгч төрлөөсөө хамаараад шинж тэмдэг нь янз бүр. Агаарын бохирдол зэргээс хамаараад вирус хоруу чанартай байна. Үүнээс болоод олон хоног халуурч, бүгшүүлж ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, урьдчилан сэргийлэх нь юу юунаас чухал. Замбараагүй эмний хэрэглээгээ ч багасгах шаардлагатай. Сайн гэсэн эм болгоныг өгөөд байвал хүүхдийн ханиад хүндрэх, антибиотикт дасалтай болгох сөрөг талуудтай. Түүнчлэн өмнөх жил яг энэ ханиад томууны дэгдэлт ихэссэн үед сургуулиуд амарсан. Тэр үед хүүхдүүдийн ханиад томуу тусах нь багасаж, эмнэлгийн ачаалал 20 хүртэлх хувиар буурсан. Тиймээс энэ үед сургууль, цэцэрлэгийн үеэр хүүхдүүдээ амраачих юм бол хүүхдүүдийн өвчлөл багасана. Эмнэлгийн ачаалал ч буурах боломжтой” гэж байлаа.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн хувьд хүүхдийн 135 ортой. Харин одоогоор 220 хүртэл нэмэгдүүлчихсэн, ачаалал нь дээд цэгтээ хүрчихсэн байгаа аж. Гэсэн ч тус төвийнхөн нөхцөл бололцоогоо ашиглан хүүхдүүдээ эмчилсээр байгаа талаараа хэлсэн. Ор хоногийн дундаж хугацаа нь таваас долоо хоног гэсэн. Тус хүүхдийн төвийн хүлээн авахын ачаалал мөн л өндөр байна. Ханиад томууны дэгдэлт ихтэй энэ үед өдөрт 140-220 хүүхэд ирдэг аж. Ачааллын хувьд оройн цагаар бүр ч ихэсдэг гэсэн. Эцэг эхчүүд Өрхийн эмнэлэгтээ хандалгүй шууд л дүүргийн эмнэлэгт ирдэг нь ачаалал үүсэхэд нөлөөлж байгааг ч тэд дурдсан.

БСШУЯ:СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ХАНИАД ТОМУУНЫ ДЭГДЭЛТ ИХ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ

Бид албаны эх сурвалжаас ханиад томууны дэгдэлт, түүнтэй холбоотой авах арга хэмжээний талаар тодруулсан юм. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс ханиад томууны дэгдэлт ямар байгаа талаар тодруулахад “Ханиад томуу гарах нь түрүү жилийн мөн үетэй харьцуулахад багассан. Учир нь энэ жил нийслэлийн 150 цэцэрлэгийн 40 мянга гаруй хүүхдийг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан. Мөн хүүхдийн байгууллагын 16700 гаруй багш ажилтанг, эрсдэл бүлгийн 3182 хүмүүсийг томуугийн вакцинд хамруулсан. Иймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд ханиад томуу бага байна” гэж байв.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албаны дарга Б.Баатарсүх ярихдаа “Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн амбулаторын үзлэгээр нийт үйлчлүүлэгчдийн 5.4 хувь нь томуу болон томуу төст өвчтэй хүмүүс байсан. Энэ үзүүлэлтийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 1.4 хувиар нэмэгдсэн. Уг үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан. Ер нь хүйтний эрч чангарах үеэр буюу арванхоёр, нэгдүгээр сард ханиад томуу ихсэх хандлагатай байдаг. 0-9 насны хүүхдүүдийн дунд томуугийг дэгдэлт 84- 85 хувьтай байна. Ингэхээр энэ насны хүүхдүүдийн дунд их байгаа юм. Хоёроос дөрвөн насныхны дунд 30 гаруй хувьтай байгаа. Бага насны хүүхдүүдийн томуугийн өвчлөл их байна. Томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өнгөрсөн аравдугаар сараас арванхоёрдугаар сарын эхэн хүртэл үргэлжлээд дууссан. Нийслэлийн хэмжээнд 108 мянга гаруй хүмүүст вакцинжуулалтыг хийсэн. Вакцинжуулалтад хүүхдүүд, иргэд хуваарийн дагуу 98 орчим хувьтай хамрагдлаа. Ингэхдээ 0-5 насныхан, ахмад настай, жирэмсэн, ханиад томуу хүрэх эрсдэлтэй хүмүүс оролцсон. Өнгөрсөн жилүүдийнхээс вакцинжуулалтын нийлүүлэлт нэмэгдсэн. Иймээс өнгөрсөн жилээс харьцангуй олон хүн хамрууллаа. Гэхдээ одоо яг ханиад томууны үе эхэлж байна. Тэгэхээр хүүхдийн эмнэлгийн орны ачаалал их болсон. Ингэхээр тодорхой хэмжээгээр боловсон хүчнээ аль болох нэмэгдүүлж ажиллах шаардлага тулгарсан. Тиймээс энэ чиглэлээр хурдан шуурхай зохицуулалтууд хийгдэж байгаа. Үндсэн хоёр байдлаар орны ачааллыг зохицуулж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийт 869 хүүхдийн ор байдаг. Өнөөдрийн байдлаар ачаалал ихэсч 1400 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлж байна. Томуугийн олон төрлийн вирусын гаралтай өвчлөл их бий. Орны зохицуулалт хийхдээ насанд хүрэгчдийн орыг хүүхдэд шилжүүллээ. Эмнэлгүүдийн боломжтой нөөц талбайг ашиглаж ор тэлэх ажлыг зохион байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар насанд хүрэгчдийн орны 14.1 хувь буюу 175-ыг хүүхдийг хэвтэн эмчлүүлэхэд шилжүүлчихлээ. Нөөц өрөөнд нийтдээ 342 орыг нэмэлтээр тавьсан. Хүүхдийг коридорт хэвтүүлсэн тохиолдол байхгүй” гэсэн юм. Мөн тэрээр амбулатороор томуу, томуу төст өвчлөгчдийн тоо арваас дээш буюу 15 хувьд хүрэх юм бол холбогдох байгууллагууд хэлэлцэж, хөл хорио цээрийн дэглэмийг сайдын тушаалын дагуу тогтоож болно. Одоо бол идэвхжил нь нэмэгдэж, дэгдэлт гарч эхэлж байгаа юм гэдгийг онцлов. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус тус эзэлж байгаа аж.

Томуу болон томуу төст өвчний дэгдэлт одооноос эхлэн нэмэгдэж эхэлнэ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Иймээс дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд ажлын өдөр 09.00-22.00 цаг хүртэл зөвлөгөө өгөх утас ажиллаж байгаа аж. Мөн тус төвүүдэд хүүхдийн кабинет гэж байдаг. Үүний ажлын цагийн хуваарийг уртасгаж 17.00-22.00 цаг хүртэл болгожээ. Иргэд хүүхдүүдээ ханиад хүргэхгүйн тулд Эрүүл мэндийн газруудаас сайтар зөвлөмж, зөвлөгөөг тогтмол авч байх хэрэгтэй юм байна. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд маск тогтмол зүүж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, амрах хэрэгтэй ажээ. Антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй байхыг санууллаа.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэл мэдээллийн албанаас ханиад томууны дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоох эсэх талаар тодруулахад “Сургуулийн сурагчдын дунд ханиад томууны дэгдэлт их хэмжээнд хүрээгүй. Ингэхээр Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудаас хичээл сургуулийг амраая, хөл хорио тогтооё гэсэн ямар нэг хүсэлт ирээгүй” гэж байлаа.

Холбогдох яамдууд нөхцөл байдал төдийлөн хүндрээгүй гэсэн хариу өглөө. Үнэн хэрэгтээ гэрээс гараад машинд, машинаас албан тасалгаанд залардаг шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүдийн ой тойнд борчуудын амьдрал буухгүй нь тодорхой. Тэдний хувьд сүүлийн үеийн технологи бүхий дээд зэрэглэлийн шүүлтүүрээр орчин тойрноо тоноглосон байдаг. Тиймдээ ч агаарын бохирдол, түүнээс улбаалж ханиад, томуунаас салж чадахгүй өвлийг бардаг бяцхан үрсийн зовлонг тэд бүр мэдэхгүй. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Эмнэлгүүдийн ачаалал хэд дахин нэмэгдсэн. Энэ бүхэн хөл хорио тогтооход хангалттай биш гэж үү, шийдвэр гаргагчид аа…

Б.НАРАНЧИМЭГ

О.АРИУНЦЭЦЭГ

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ улс-төр

Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа

Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.

“Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүн хүч, цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртал үгүй болж, иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн дарга Г.Занданшатар үзэж байна.

Тэрээр төрийн байгууллагуудад цахим засаг, мэдээллийн технологийн чиглэлээр улсын болон гадаадын зээл, тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, уялдаа холбоо хангалтгүй байгааг анхааруулав.

Иймээс төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэдээлж, тайлангаа ирүүлэх, цаашид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бол дээрх байгууллагаас санал авч байхыг яам, агентлагуудад зөвлөмж болголоо.

Цахим засгийн өнөөгийн байдлаас үзвэл Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон байна.

Цаашид цахим засгийн талаар гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн онлайн, цахим харилцааг хөгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний төлбөр тооцоо, шимтгэлийг шийдэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хаягжилтын нэгдсэн тогтолцоо бий болгож, шуудангийн хүртээмжийг нэмэхийг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Далай лам апплликейшнтэй болжээ

Зураг

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сургаал номлол болоод аяллын тэмдэглэлээ дагагчидтайгаа хуваалцах гар утасны аппликейшнтэй болсон тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Өдгөө 82 настай, Түвдийн бурхны шашны удирдагч Далай лам нь “Твиттер” нийгмийн сүлжээнд 16 сая гаруй дагагчтай юм.

Түүний сургаал номлол болоод аяллын талаарх мэдээ мэдээлэл, зураг, дүрс бичлэгүүдээ дагагчидтайгаа хуваалцах аппликейшныг одоогоор зөвхөн “iPhone” гар утсанд л суулгаж болох аж. Энэхүү аппликейшныг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой гэнэ.

2013 онд Ромын католик сүм үүнтэй төстэй “ Пап Апп” /Pope App/ хэмээх нэртэй аппликейшнтэй болж байсан юм.

Далай ламын аппликейшны нэр нь зүгээр л “Dalai Lama” аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ай түүлс” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамир: Орчин үед өгөгдөл, дата мөнгөнөөс ч үнэ цэнтэй болсон

А.Баттамир Компьютер техник менежментийн сургууль төгссөн. Үндсэн мэргэжил нь программ хангамж. “Айтүүлс” саяхан Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, урьд хийгдэж байсан IPO-нүүдийн амжилтыг шинэчлэн тогтоолоо” хэмээн мэдээлэгдсэн билээ. Мэдээллийн технологийн ирээдүй, энэ технологийг ашиглан хэрхэн амжилттай бизнес хийх, “Айтүүлс”-ийн шинэ үйлчилгээний нэг хэсэг болсон “Клоуд майнинг” үйлчилгээ, блокчэйн технологийн тухай яриач хэмээн түүнээс хүссэн юм.

А.Баттамир ийнхүү ярьж байна:

-Өнөөдөр мэдээллийн технологи чухал. Урьд нь мөнгөтэй хүнд хүч байсан бол одоо өгөгдөл, дататай хүн хүчтэй цаг үе ирж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд суурилсан шийдвэрүүд, мэдээлэлд суурилсан баялаг бий болчихсон. Дата нь үйл ажиллагааны автоматжуулалтаас үүсдэг. Бид автобусанд суугаад карт уншуулж байна. Банкинд карт уншуулах, дэлгүүрт бараа худалдаж авах болгонд өгөгдөл, датаг үйлдвэрлэдэг юм. Тэр байтугай гудамжаар явж байхад л камерын бичлэгээр өгөгдөл, дата үйлдвэрлэдэг. Дэлхий дээр одоо нийт дөрвөн зеттабайт буюу бидний мэдэх нэг терабайт хэмжээг дөрвөн тэрбумаар үржүүлсэнтэй тэнцүү хэмжээний дата үүссэн байна. Энэ нь өгөгдөлд суурилсан шинэ төрлийн бизнесүүдийг бий болгосон. Орчин үед энэ их өгөгдөлгүйгээр бизнес урагшлахад хэцүү боллоо. Зөв ашиглаж чадсан нь амжилт олдог тул өгөгдөл дата, асар үнэ цэнтэй болчихоод байгаа юм.

АЛТНААС ҮНЭ ЦЭНТЭЙ ДАТАГАА БИД УЛААНБААТАР ГЭДЭГ ГАНЦХАН САГСАНД ХИЙГЭЭД БАЙНА

Би нэг жишээ хэлье. Шинэ Зеландад 2011 онд хоёр удаа газар хөдөлсөн. Энэ үеэр хүмүүс үрэгдэж, байшин барилга нурж, 6000 бизнес дампуурсан. Тэд яагаад дампуурсан гэхээр өгөгдөл, датагүйгээс болсон. Өөрөөр хэлбэл, харилцагчийн мэдээлэл байхгүй, өнгөрсөн хугацааны борлуулалтын түүхгүй, ирээдүйн шинжилгээ хийх аргагүй болсон. Санхүү, бүртгэл бүгд датанд суурилдаг.

“Ай түүлс”-д Монголд байршиж буй вэб сайтын 50 хувь нь ажилладаг. Зөвхөн вэб сайтаар зогсохгүй олон компанийн лояалти картын систем, төлбөрийн систем бий. “Ай түүлс”-ийн дата центр 30 минут зогсоход маш их асуудал үүснэ. Дата гэдэг ийм үнэ цэнтэй. Энэ мэтчилэн Монголд маш их хэмжээний дата бий болчихсон. Нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт байна. Бүх том бизнесүүд төвлөрчихсөн. Үүнийг дагаад датагийн төвлөрөл Улаанбаатарт бий болчихоод байна. Хөрөнгө оруулалтын алтан зарчим бий. Нэг сагсанд бүх өндгөө хийж болохгүй гэдэг. Алтнаас үнэтэй датагаа бид Улаанбаатар гэдэг ганцхан сагсан дотор хийчихээд байна. Та төсөөлөөд үз. Төв шуудангаас Монгол банк орчмын хоорондох хэсэгхэн газарт Монгол Улсын маш их мэдээлэл төвлөрсөн. Төв шууданд цахилгаан холбоо, мэдээлэл холбооны сүлжээ, Монголын шилэн кабелийн сүлжээний төв бий. Хойд талд нь Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн мэдээлэл байна. Баруун талд нь Жи мобайль, Мобиком байна. Тэгээд Улсын бүртгэлийн дата төв байна. Баруун талд нь Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, зүүн тийшээ явахаар “Ай түүлс” бий.

Монголд далайн шуурга, цунами байхгүй. Гэсэн ч Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүст ордог. Гамшгийн эрсдлийн бүсэд бүгд цуглачихсан. Бид байхгүй боллоо ч өгөгдөл дата нь үр хүүхдэд маань үлдэх ёстой. Тийм учраас “Ай түүлс” Дарханд дата центр барина. Усанд чулуу шидэхэд долгион тархдаг шиг газар хөдлөлт адилхан зарчимтай. Газар хөдөлсөн бүсээс 180 км-ийн цаана эрсдэлгүй болдог. Монголын нөхцөлд эрсдлийн өөр бүс гэхээр Дархан тохиромжтой. Сайн дэд бүтэцтэй. Бас ойрхон. Өөрийн цахилгааны эх үүсвэртэй. Хятад, Оросыг холбосон шилэн кабель дайрч өнгөрдөг. Төмөр замтай. Ийм боломжууд байгаа учраас бид Улаанбаатарт байгаа датагаа Дарханд аваачиж нөөцлөх хэрэгтэй байна. Бид өгөгдөл, дата дээр бага ч гэсэн хамгаалалт хийлээ. Тэгвэл одоо үүнийгээ боловсруулж сурах хэрэгтэй. Манайд үйл ажиллагааны автоматжуулалт сайн явагдаж, дата үүсч байгаа ч өгөгдөл, датагаа үнэлж, ашиглаж чадахгүй байна.

БИД ӨДӨР БҮР ФЭЙСБҮҮК АШИГЛАХДАА ӨГӨГДӨЛ, ДАТАГАА АШИГЛУУЛДАГ

Хамгийн өндөр үнэлгээтэй дэлхийн арван компанийн найм нь мэдээлэл технологийнх байна. Тэд өгөгдөл, датан дээр суурилж энэ өндөр үнэлгээг бий болгодог. Энэхүү найман компанийн эхний тав нь бидний мэддэг Гүүгл, Майкрософт, Фэйсбүүк, Аппле, Амазон. Бидний өдөр тутам хэрэглэдэг фэйсбүүк датан дээрээ суурилж мөнгө хийдэг. Өөрөөр хэлбэл бид өдөр бүр фэйсбүүк ашигладаг. Гэтэл өөрсдөө бид өгөгдөл датагаа ашиглуулж байгаа гэсэн үг. Бидний найз нөхөд хэн бэ, юу сонирхдог вэ, юун дээр лайк дарж байна, хоорондоо ямар мессеж бичиж байна. Энэ болгон дээр чинь судалгаа хийнэ. Өмнө нь өгөгдөлтэй ажиллах хэцүү байсан. Одоо бол хиймэл оюун хүний зан үйлийг судлах хялбар болжээ. Бид юунд дуртайг тэд мэднэ. Таньдаг байж магадгүй гэсэн хүмүүсийг санал болгоод сүлжээг өргөтгөдөг. Өмнө нь телевизийн зар сурталчилгаа хамгийн үр дүнтэй байсан бол одоо яг хүндээ чиглэж, маш бага зардлаар оновчтой сурталчилгаа хийх боломжтой.

Интернетийн бус компани гэвэл Уолл Март дэлгүүр байна. Уолл Март интернэт худалдаагаа салбар дэлгүүр гэхээсээ мэдээлэл цуглуулах хэрэгсэл гэж үздэг. А.Баттамир Уолл Мартын сайт руу орлоо. Оронгуут Монголоос ийм компьютер ашиглаад, ийм хүн холбогдлоо гэдэг мэдээлэл шууд очно. Би утас авах гэж байлаа гэхэд эхлээд самсунгийн утас үзлээ, зураг, үзүүлэлтүүдийг нь харлаа. Дараа нь аппле үзлээ, сонголоо.Тэгээд ямар дагалдах хэрэгсэл сонгож, ямар төлбөрийн хэрэгслээр тооцоо хийсэн бүх мэдээллийг цуглуулж аваад, түүндээ анализ хийнэ. Олон хүний ийм мэдээллийг цуглуулсны дараа дэлгүүрийнхээ стратегийг тодорхойлохдоо ашигладаг. Тухайлбал, Монголоос орсон хүмүүс аппле сонирхдог юм чинь эхлээд аппле харуулчихъя гэх мэтээр шийддэг. Энэ өгөгдөл өөрөө үнэ цэнийг бий болгодог. Монголд энэ алга. Үүнийг бид дата, дата анализ гээд янз бүрээр нэрлэдэг. Дүгнэж хэлбэл өгөгдөл, датагаа ашиглаад, яаж хамгийн бага зардлаар зөв шийдвэр гаргаж, хамгийн их ашиг олох вэ гэдэг ганцхан зорилготой. Манай хүмүүс дата анализ чиглэлээр мэргэшиж байгаа.

Жишээлбэл лояалти картын системүүд манайд байршдаг. Үүнийг бид шууд авч хэрэглэж болохгүй. Энэ компаниудтай гэрээ байгуулаад бид өгөгдөл, дата дээр чинь боловсруулалт хийж өгье гэж болно. Монголд и-баримт татварын суурийг нэмсэн сайн алхам болсон. Далд эдийн засгийг ил гаргаж байна. Энэ мэдээллийг ашиглах ёстой. Жижиг, том бүх бизнест зах зээлийн судалгаа хэрэгтэй. Арвангуравдугаар хороололд дэлгүүр нээх гэж байгаа хүн тэр хавийн хүмүүс юу хэрэглэдгийг мэдэх хэрэгцээ бий. Энэ судалгааг сайн хийвэл тээвэр ложистик сайн хөгжинө. Монголд и-баримтыг нээлттэй болгох хэрэгтэй. Мэдээж А.Баттамир ийм юм худалдаж авдаг гэж зарлаж болохгүй шүү дээ. Гэхдээ гучаас дөчин насны эрчүүд ийм юм худалдаж авдаг гэдэг мэдээлэл том, жижиг бүх бизнест хэрэгтэй. Үүнийг дэлхийд нээлттэй дата гэдэг юм.

ДАТА ХАДГАЛАХ ШИНЭ БИЗНЕСИЙН ХУВЬД МОНГОЛ, ШВЕЙЦАРИАС Ч ДАВУУТАЛТАЙ

Дэлхийд нэг шинэ бизнес бий болоод байна. Өгөгдөл, датаны хувьд Монголд шинэ боломж бий. Швейцарид дэлхийн нийт мөнгөний багагүй хувь нь хадгалагддаг. Түүний 96 хувь нь дата төвд байдаг тоо болсон. Тиймээс Швейцарь дата төвийг хамгаалдаг Өгөгдөл хамгааллын хууль баталсан. Тэнд маш олон бизнесүүд датагаа хадгалуулдаг. Хятадын Чайна мобайль Швейцарид датагаа хадгалуулдаг. Өвөрмонголд хамгийн том дата төв барьсан газар шүү дээ. Хятад даяар олон дата төвтэй. Хятадын бизнесүүд улс дотроо датагаа олон хувилж хадгалахаас гадна бусад улсуудад хадгалуулах болсон. Гэтэл Монгол Швейцариас давуу талтай. Газарзүйн байршлын хувьд аюулгүй. Хоёр хөршийн дунд оршдог Монгол Улс дата төвийн хувьд хамгийн чухал бүс. Биднийг хоёр том хөрш 24 цагийн турш маш сайн хамгаалж байгаа гэсэн үг.

Бидний хэрэглэдэг гар утас, компьютерээс авахуулад серверүүд ч бүгд адилхан. Нийт хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ нэгээс бага хувийг тооцоололдоо ашиглаад, 99-өөс илүү хувь нь дулааны энерги болдог. Утсаа их хэрэглэхээр халдаг шүү дээ. Хөргөхгүй л бол утас, компьютер серверүүд бүгд л шатдаг. Нэг киловаттын цахилгаан хэрэглэж байгаа серверийг хөргөхийн тулд нэг киловаттын хөргүүр хэрэгтэй. Харин халуун оронд бол нэг сервер ажиллуулахын тулд хоёр дахин их цахилгааны мөнгө төлдөг. Монголд хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Үүнийгээ ашиглавал хөргөлтийн системийн цахилгааны хэрэглээг 80 хүртэл хувь бууруулах боломжтой. Монголын цахилгаан дэлхийн бусад орнуудаас хямд. Тэгсэн мөртлөө цахилгааны хэрэглээг бууруулах боломжтой учраас маш хямд дата төвийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн блокчейнд суурилсан крипто валют олборлогчдын хамгийн сайн байршил гэсэн үг. Бидэнд өгөгдөл хадгалдаг бүс болох ирээдүй байна. Энэ бол маш чухал экспорт.

Орчин үеийн клауд үйлчилгээнүүдийг оруулж ирье гэвэл Монголд датагаа байрлуулах шаардлага тавьдаг. Тэгэнгүүт зөрүүлээд “Тэгвэл танайд дата центр байна уу. Бид дата төв барихгүй, гуравхан сая хүнтэй улсад ашиггүй” гэдэг. Үндэсний дата төв байна гэхээр гадны ямар ч томоохон байгууллага төрийн мэдлийн дата төвд датагаа байршуулахыг хүсдэггүй. Хувийн компанийг ч бас сонирхохгүй. Хөрөнгө оруулагч нь хэн бэ гэдэг. Тэд олон нийтийн компанид ханддаг. Олон улсад дата төвийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд манайхтай хамтарч ажиллахаар ярилцаж эхэлсэн. Дэлхийн мэдээллийн технологийн компаниуд Евро Азийн бүс нутаг буюу дэлхийн хамгийн тогтвортой тектоникийн хавтан дээр дата төв барих хүсэл байдаг. Гэхдээ хэн ч Орос эсвэл Хятадад дата төв барихгүй.Тийм учраас Монголыг сонирхдог.

БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮХЭЛД НЬ ХӨДӨЛГӨЖ ЧАДАХ ТОМ БОЛОМЖ

Бид технологийн давалгаан дунд амьдарч байна. Микро компьютерууд хувийн хэрэглээнд орж эхэлсэн. Интернет, ухаалаг утас, клауд байна. Үүний дараагийн технологийн давалгаа блокчейн. Блокчейн технологийн түүх 1991 оноос эхтэй. Анх Стюарт хабер, Скотт Сторнетта нар криптографаар холбоо нь баталгаажсан блокуудын гинж гэдэг ойлголтыг тодорхойлсон. Харин 2008-2009 онд анх энэ технологийг ашиглан төлбөр тооцооны хэрэгсэл бүтээсэн нь биткойн. Хэн ч нүүр тулан уулзаж, ярилцаж үзээгүй, зөвхөн и-мэйлээр харилцдаг байсан гээд байгаа Сатоши Накамота гэж нэрлэгдсэн программист биткойны санааг гаргаж, загварыг нь боловсруулан программчлаад, эх кодыг бичиж, 2008 онд бий болгосон цахим мөнгө шүү дээ. 2009 оны нэгдүгээр сарын 3-нд анхны блок нь бий болсон. Энэ өөрөө блокчейний нэг хувилбар. Блокчейн гэдгийг товч тайлбарлавал хэн ч өөрчлөлт хийх боломжгүй бүртгэл. Одоо байгаа технологиор бүхнийг өөрчлөх боломжтой. Юм болгон дээр edit буюу засах гэсэн функц байдаг. Санаандгүйгээр, эсвэл хакердаад өөрчилж болно. Блокчейнд тийм боломж байхгүй. Бид дэвтэр дээр бүртгэл хийхдээ мөр мөрөөр нь бичдэг. Штрихдэж байгаад дундаас нь засч болдог. Харин блокчейний мөр болгон холбоотой. Нэг мөр бичихэд тэр мөрийг илэрхийлэх код үүсээд, тэр кодыг нь дараагийн мөрөндөө ашигладаг. Аль нэг мөрийг өөрчилбөл түүнээс хойшхи бүх мөрийг өөрчлөх шаардлагатай болдог. Тэгэхээр хэзээ ч өөрчлөлт хийх боломжгүй бүртгэл үүсдэг. Үүнд л технологийнх нь хүч бий. Биткойн бол блокчейнийг санхүүгийн салбарт мөнгөн дээр хийх оролдлого. Хамгийн анхны амьдралд нэвтэрсэн хувилбар гэсэн үг. Сүүлийн үед хүмүүс олборлогч буюу майнер гэж нэрлээд байгаа биткойн олборлодог машиныг сонирхоод байгаа. Энэ машин үнэн хэрэгтээ хэн ч өөрчилж болдоггүй тэр бүртгэлийг хийдэг компьютер юм. Бүртгэл хийснийхээ төлөө биткойн гэдэг юмыг авдаг. Ажил хийгээд, мөнгө аваад байгаа болохоор олборлогч гэж нэрлэчихсэн. Түүнээс биш технологийн гол ажлыг хийдэг машин. Нэг ийм цикл бий болчихсон. Биткойны хувьд бүртгэлийн дэвтэрт нь зөвхөн гүйлгээний мэдээлэл хадгалагддаг. Энэ мэдээлэл хэнд ч нээлттэй.

Систем нь 210 мянган блок олборлогдох болгонд олборлолтыг тал хувиар багасгаж байхаар загварчлагдсан учраас нийтдээ 21 сая ширхэг биткойн л олборлох боломжтой юм. 2140 онд сүүлийн биткойныг олборлож дуусна. Алтны нөөц ч хязгаартай шүү дээ. Гэхдээ нэг ширхэг биткойн 100 саяд хуваагддаг. Хүмүүс анх бартераар бараа солилцооны зарчмаар наймаа хийдэг байсан. Дараа нь зоос, цаасан мөнгө бий болсон. Энэ болгонд хүний сэтгэхүй хувьсан өөрчлөгдсөн. Алтанд итгэдэг хүн зоосонд итгэдэг болж, зоосонд итгэдэг хүн цаасанд итгэдэг болсон шүү дээ. Одоо бол цахим банкинд байгаа мөнгөн дүнг илэрхийлсэн тоондоо итгэнэ. Магадгүй ирээдүйд бид крипто мөнгөнд илүү итгэдэг болох байх. Үүнийг одоогоор хэн ч баттай хэлж чадахгүй учраас хүмүүс өөрсдөө энэ талаар илүү сайн судалж,мэдээлэлтэй болох шаардлагатай байна.

Дэлхий нэгэнт тэр чигээрээ биткойн болон бусад крипто валютад анхаарал хандуулсан учраас Монгол Улс майнингийн үйлчилгээг дэлхийд экспортлох боломж байгаа юм. Энэ нь эрчим хүчний тогтвортой хэрэглээг бий болгож, шинэ цахилгаан станцууд баригдах, хүрэн нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, сэргээгдэх эрчим хүчний томоохон шийдлүүдийг нэвтрүүлэх, улмаар гадаад валютын дотогшоо чиглэсэн асар их урсгалыг бий болгож, эдийн засгийг маш хурдтай хөдөлгөх учиртай. Өөрөөр хэлбэл, бид төмөр замын өргөн нарийн цариг ярих биш, хүн тоодоггүй хүрэн нүүрсийг шилэн кабелиар экспортлох боломжтой гэсэн үг. Бидний хувьд энэ бүхний технологийн суурийг бий болгохоор ажиллаж байна. Крипто валютын олборлолтыг өргөн хүрээнд хийхэд шаардлагатай нөүд, түрийвч, арилжааны систем, клауд майнинг зэргийн хөгжүүлэлтийг хийж ашиглалтанд оруулсан, пүүл үүсгэх ажил ид өрнөж байна.

Харин блокчейн технологи бол цоо шинэ бизнес. Блокчейн гэдэг энэ технологийг хэн хамгийн сайн эзэмшиж, ямар улс өөртөө ашигтайгаар хэрэглэж чадна тэр улс хүчийг авах магадлал өндөр. Монгол Улс бүх салбарт хоцрогдчихсон. Блокчейний хувьд харин дэлхийд хэн ч манлайлагч биш. Тийм учраас бид бусадтай нэг гараанаас өрсөлдөх боломжтой.

Зөвхөн хүнсэн дээр жишээ авъя. Дэлхий даяар хүнсний аюулгүй байдал асуудалтай. Хуурамч мах, өндөг, будаа хийж байна. Хиймэл хүнсийг шууд өгвөл та мэдчихнэ. Нийт хүнсний таван хувьд хийгээд явуулчихаар мэдэхгүй. Нэгэнт хүнс гэдэг асар том зах зээл тул ийм асуудал байх л болно. Үүнийг шийдэх ганц боломж нь блокчейн буюу бүртгэлийн систем. Нэг үхэр байлаа гэхэд хээлтэй байх хугацаандаа ямар өвс тэжээл, эм идэж уусан. Тугалыг яаж бордсон, хаана нядалсан, хаана савлаад, ямар дэлгүүрт аваачсан гэдэг бүх мэдээллийг блокчейнд хадгалчихвал хүн мах худалдаж авахдаа гар утсаараа махны савлагаан дээрх кодыг уншуулахад бүх орц нь түүхтэйгээ гарч ирнэ. Өөрөөр хэлбэл блокчейн гэдэг технологи өнгөрсөн хугацаанд технологийн салбарын шийдэж чадаагүй итгэлцлийг бий болгосон юм. Тэгвэл энэ мэт маш олон шийдлийг манай мэдээллийн технологийн компаниуд хөгжүүлж, дэлхийн зах зээл дээрх анхдагчид болох боломжтой. Блокчейн Монголын эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж чадах том боломж.

АЙ ТҮҮЛС

Ай түүлс Монголын хөрөнгийн бирж дээр гарсан технологийн анхны компани. Хөрөнгийн бирж сэргэсэн, өгөгдөл дата улам бүр үнэ цэнтэй болж байна, блокчейний технологи дээр ажиллаж байгаа компани гэдэг утгаараа тохироо нь бүрдээд хүмүүсийн анхаарлын төвд орсон байх. Манай хувьцаа оргил үедээ 260 хүрсэн. Одоо 200 дээр тогтворжиж байна. 1,3 тэрбум төгрөг босгосон. Энэ мөнгө Дарханд дата төв байгуулахад зарцуулагдах юм. Бид 2018 оны эхний улиралд дата төвөө бариад дуусгачихна. Модуляр дата төв сүүлийн үед дэлхийд трэнд болсон. Гурваас, дөрөвдүгээр зэрэглэлийн модуляр дата төвийг уламжлалт дата төвөөс 10-20 дахин хямдхан үнээр байгуулах боломжтой. Бидний хувьд ийм 30 модуляр дата төв байршуулах боломжтой маш сайн дэд бүтэцтэй нөөц эх үүсвэрүүдтэй дата төвийн паркын барилгыг байгуулж байгаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

УИХ-ын чуулганы өчигдөрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав.

Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар итгэмжлэлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор түүнийг шадар сайдын дэргэд ажиллуулах, байгууллагын стандартыг үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуульчилж, хэрэв ийнхүү нийцээгүй бол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглох, төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэх, хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, зарим нэр томьёоны тодорхойлолтыг ойлгомжтой болгох зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Түүнчлэн дээрх нэр бүхий гишүүдээс хуулийн төсөлд “Итгэмжлэл” гэсэн нэр томьёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байгаа тул “Тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон томьёолж, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай гэж өөрчлөх, хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаархи зохицуулалтыг, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурьдах нь зохимжтой гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зөвхөн хуулийн төслийн бүтэц, дараалал, үг хэллэг, найруулгыг засах санал гаргасан нь олонхийн дэмжлэг авсан байна.

Стандартыг сонгон хэрэглэх зарчимд шилжиж байгаа, техникийн зохицуулалтыг Засгийн газар батлах, шаардлагатай тохиолдолд салбарын асуудал эрхэлсэн сайд уг техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг батлах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслүүдийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг авсан дээрх саналууд дэмжигдсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулав.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Харин уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна. Учир нь 2009 онд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн гишүүд болох 18178 иргэнд улсаас 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байгаа аж.

Одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд болох 400 орчим иргэн байгаагийн доод тал нь 80-аас дээш настай юм. Тэд бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрээр багагүй хохирол амссан байна. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор уг хуулийн төсөлд тусгажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгасан байна.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд байхаар төсөлд тусгажээ. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжлэл гаргах, нөхөх олговор зэрэг асуудал шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудал болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, ОХУ-д байгаа материалыг бүрэн шийдвэрлэж дуусгах, түүнчлэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэцэхийг санал нэгтэйгээр дэмжсэн аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Оюундарь, Л.Болд, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар, С.Жавхлан, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Д.Гантулгыг яллагдагчаар татах бололтой

gantulgaУИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусах гэж байгаа аж. Улмаар прокуророос Д.Гантулгыг яллагдагчаар татах саналтай ирэх долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна. Харин үүнийг Д.Гантулгын өмгөөлөгч үгүйсгэлээ. Д.Гантулгад холбогдох хэрэгт үндэслэлгүй дүгнэлт гаргасан байж болзошгүй Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст байцааж буй бөгөөд удахгүй Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлэх юм байна.