Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат: “Монгол орны байгаль орчин” боть бодлогын түвшинд хэрэглэх суурь бүтээл болно гэдэгт итгэлтэй байна

“Монгол орны байгаль орчин” нэртэй 5 боть хэвлэгдсэнтэй холбоотойгоор ижил нэртэй эрдэм шинжилгээний бага хурал боллоо. БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ойг угтан БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын дэмжлэгтэйгээр уг 5 ботийг бүтээх ажлыг эхлүүлсэн. Ном туурвих ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үргэлжлүүлснээр энэхүү ном хэвлэлтээс гарч, эздийнхээ гарт очиход бэлэн болжээ. Уг ботийг бүтээх ажилд байгаль орчны салбарын 60 гаруй эрдэмтэн мэргэд оюун ухаанаа чилээж, гар сэтгэл нийлсэн бөгөөд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, ШУА-ны ерөнхийлөгч, акадмемич Д.Рэгдэл нар тэднийг тэргүүлэн ажилласан юм.

“Монгол орны байгаль орчин” нэртэй энэхүү 5 боть нь байгаль орчны салбарын албан хаагчид, их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын байгалийн шинжлэлийн багш нар болон эрдэмтэн судлаачдын ширээний ном, гарын авлага болно гэдэгт итгэж байгаагаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолж байсан. Тэрбээр эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Байгаль орчны салбарын бие даасан яам байгуулагдсны 30 жилийн ойд зориулж “Монгол орны байгаль орчин” гэсэн 5 боть бүтээлийг БОАЖЯ, ШУА-тай хамтран олон нийтийн хүртээл болгож байна. Монгол орны байгаль орчны салбарын ололт, амжилтыг бодитоор дүгнэсэн, байгаль орчин сүүлийн гучин жилд хэрхэн өөрчлөгдсөн талаар орчин үеийн судалгааны арга зүйг ашиглан бичсэн энэхүү ботийг бодлогын түвшинд хэрэглэх суурь бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Бүтээл туурвисан нийт эрдэмтэддээ баяр хүргэе” хэмээсэн юм. Ботийн нээлтэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг нараас гадна ном бүтээлцэхэд гар бие оролцсон эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн төлөөлөл оролцсон юм.

Уг бүтээлийг гардаж туурвисан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэлсэн үгэндээ “Энэхүү бүтээлийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны доктор, профессор, академич нар бичиж туурвисан. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалан, байгальд ээлтэй тогтвортой ашиглалт, хамгаалалтын бодлого, үйл ажиллагаа явуулахыг биднээс шаардаж байна. Түүнчлэн, дэлхийн дулаарлаас үүдэлтэй, цөлжилт, газрын доройтол идэвхжиж байгаа зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, оновчтой төлөвлөлт хийж хэрэгжүүлэхэд “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт”, “Монгол орны гадаргын болон газрын доорхи ус”, Монгол орны биологийн олон янз байдал”, “Монгол орны хөрс, бэлчээр, зүй зохистой ашиглалт”, “Хүн ба байгаль орчин” гэсэн 5 боть бүтээл үнэтэй хувь нэмэр оруулах юм” гэлээ.

Энэ үеэр ном бүтээхэд идэхвхи чармайлт гарган ажилласан ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл, Б.Аюур, Б.Пүрэвтогтох нарыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, яамны харьяа байгууллагууд болон ШУА-иуд, зарим их, дээд сургуулиудын төлөөлөлд “Монгол орны байгаль орчин” 5 боть номын дээжээс гардуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинэ барилгын нээлт боллоо

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Онцгой байдлын албаны хэмжээнд 8 аймагт 12 гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар болон эрэн хайх, аврах бүлэг хоёроор нэмж байгуулагдаад байгаа билээ. Гал унтраах, аврах ангиуд шинээр байгуулагдсанаар Онцгой байдлын албаны хүч хэрэгслийн чадавх 56 орчим хувьд хүрч дээшлэхийн зэрэгцээ тус албанд ажиллах алба хаагч, бие бүрэлдэхүүний орон тоо ч тодорхой хувиар нэмэгдээд байгаа юм. Мөн Гал түймэр унтраах, аврах ангиудын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих ажлууд хийгдэж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн барилга шинээр баригдан ашиглалтад орлоо.

Дархан сумын 15-р багийн 1,5 га талбай бүхий газарт баригдсан тус ангийн барилга нь 10 автомашины тавиулан, оффис, 8 айлын орон сууц бүхий иж бүрэн цогцолбор юм. Ангийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинэ барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Гал түймэр унтраах, аврах ангиудын барилгын нэг онцлог нь тодорхой тооны алба хаагчдын орон сууцны асуудлыг хамт шийдсэн байдаг. Тус ангийн барилгын хувьд ч найман айлын орон сууцны хамт баригдсан. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал шинэ ангийн барилга, үйл ажиллагаатай танилцсанаас гадна орон сууцанд орсон алба хаагчидтай уулзан ажил, амьдралд нь амжилт, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Тус ангийн барилга нь улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан юм гэж Дархан Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.







Categories
мэдээ улс-төр

Македонийн гадаад хэргийн сайд Н.Димитров элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав

Македонийн Гадаад хэргийн сайд Никола Димитров Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д.Батсайханыг 2017 оны 12 дугаар сарын 14-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал солилцож, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай Олон талт хэлэлцээрт Македони Улс нэгдэн орох асуудлыг македонийн тал судлан үзэж нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Хоёр талын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа Гадаад хэргийн сайд Н.Димитров илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн аж ахуйн нэгжид 110000 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр оногдуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн есөн дүүрэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтад худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулсан байна.

Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Тухайлбал, импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоом нь чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагч хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрчээ.

Зөрчил арилгуулахаар нийт 15 албан шаардлагыг хүргүүлж дөрвөн аж ахуйн нэгжид 110000 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр оногдуулжээ. Хяналт шалгалтад хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад “Шинэ жилийн баярын үер болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарчээ

Related image

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia’s got talent” шоунд мөн амжилттай оролцож дөрөвдүгээр байрт шалгарчээ. Өчигдөр тус шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг олон нийтийн санал хураалтаар тодруулсан байна.

Энэ талаар Б.Шижирбат өөрийн цахим хуудаснаа “Би дөрөвдүгээр байрт орсон. Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, энэ бүхэн надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал боллоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм.

Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #agtvOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээн бичжээ. Тус шоуны ялагчаар Флиппин улсын иргэн Риана гэх охин түрүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Хурцыг элчин сайдаар томилохыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж сайд “Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд тань оролцохгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Харин гишүүдийн зүгээс “УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд томилгоо хэлэлцэж байна. Б.Хурцыг элчин сайдаар томилох саналыг Засгийн газар өөрсдөө гаргаж, Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс томилгоог хэлэлцээд явах нь зүйтэй” гэжээ. Ингэснээр Б.Хурцын томилгоог хэлэлцэж, гишүүдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ш.Анхмаа: “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ын арга хэмжээ болно

-Жил бүр Д.Сүхбаатарын талбайд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ын арга хэмжээ болдог уламжлалтай. Энэ жил хэзээ хийхээр төлөвлөгдсөн бэ?

-Энэ жилийн хувьд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ыг өмнөх жилүүдээс илүүтэйгээр өргөн далайцтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Ёслолын арга хэмжээнд урлаг соёлын болон салбар салбарын олны танил нэр хүндтэй эрхмүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хамт оролцоно. Сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 15-ны өдрийн 18:00 цагаас асаана. Энэ үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилуулна.

-Он солигдохын өмнөхөн нийслэлчүүд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээнд оролцдог. Уг арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн иргэд маань шинэ жилийн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-ний орой зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн арга хэмжээ хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж байгаагаараа өмнөх жилүүдээсээ онцлог болох юм. Монгол Улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа. Олон нийтэд зориулсан ёслолын буудлага он солигдох мөчид болно. Бусад сонирхолтой содон үзүүлбэр, дуучдын тоглолтыг та бүхэн арванхоёрдугаар сарын 31-ний оройн 21:00-01:00 цагийн хооронд үзээрэй гэж иргэдээ уримаар байна.

-Шинэ жилийн баярыг угтан өөр ямар арга хэмжээ нийслэлд зохион байгуулагдах вэ?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа” энэ сарын 15-17-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд зохион байгуулахаар болоод байна. Олон нийтэд зул сар, шинэ жилийн баярын холбогдолтой тоглоом, гацуур мод, бэлэг дурсгал, гэрэл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт худалдаа үйлчилгээгээр үйлчилнэ.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-д суух Элчин сайд томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна.

Тус хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд уг томилгоог хэлэлцэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан.

Чуулганы хуралдаантай зэрэгцээд одоо Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус томилгоотой холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга зочиддоо үндэсний брэндийг бэлэглэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч 11 дүгээр сард нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөлөл НААД брэндийн Мимо-Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК, хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтын үеэр хотын дарга “Өнөөдөр гурван өөр үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. Гурвуулаа үндэсний үйлдвэрлэл. Хотын даргын хувьд та бүхний үйлдвэрлэлийг дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг дэмжинэ гэдэг тэнд ажиллаж буй иргэдийг дэмжиж буйгаас гадна ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж өгч байна гэж би ойлгож байгаа” хэмээн онцолж байсан юм. Мөн уулзалтын төгсгөлд Мимо-Монгол гэр болон Ламоур брэндийг жил бүр тодорхой хэмжээнд худалдан авч, гадаадын зочид, төлөөлөгчдөд бэлэглэж байхаас гадна өв уламжлалаа хадгалан үлдээх санаачлагын хүрээнд цэцэрлэг, дунд сургуулийн сурагчдын хэрэглээнд нийлүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудад саналаа уламжилж шийдвэрлүүлэхээ амлаж байсан юм.Тэгвэл энэхүү амлалт хэрэгжиж эхэлжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зочилж байгаа гадны зочид, төлөөлөгчдөд бэлэглэхэд зориулан МИМО-Монгол гэр болон гоо сайхны ЛАМУОР брэндүүдийг Нийслэлийн бэлгийн санд худалдан авч эхлээд байгаа аж. Нийслэлийн бэлгийн сангийн тодорхой хэсгийг Старт апуудын бараа бүтээгдэхүүнээр бүрдүүлж байгаа нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаас шууд худалдан авалт хийж дэмжиж байгаагаас гадна нөгөө талаас гадны төлөөлөгчдөд үндэсний үйлчдвэрлэгч нарын бүтээгдэхүүнүүдийг бэлэглэснээр уг брэндийг олон улсад сурталчилж байгаа алхам юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Инноваци хөгжлийн төвийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Энэ төв инноваци шингэсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсад старт апын эко системийг байгуулахад чухал үүргийг гүйцэтгэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэлэлцэж, дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлөнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай, Ю-Мони цэг байгуулах, түүнтэй холбоотой зарим асуудлын тухай, Автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх тухай, нүүрс хийжүүлэх төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд НОСК ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг танилцууллаа.

Шинэ суурьшлын бүсэд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл нь Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км зайд, ХУД-ийн 16-р хороо, Яармагийн спорт цогцолборын ард 2.2 га барилгажаагүй талбайд хэрэгжих юм байна.Тус төслийг хэрэгжүүлснээр бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болж, иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэн, хотын төвлөрөл багасах зэрэг давуу талтай юм. Төслийн хүрээнд 198 өрхийн 12 давхар 3 блок орон сууцны барилга, 6767.3 м2 талбайтай 210 хүний ажлын байр, 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгохоор төлөвлөж байгаа аж. Төслийн нийт талбайн 82 хувь нь барилгажих талбай ба үүний73 хувь нь орон сууцны бүс, 27 хувь нь худалдаа үйлчилгээний бүс байх юм байна. Төсөлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Зөвлөлийн гишүүд тус төслийг хэлэлцэж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.