Categories
мэдээ нийгэм

Хакүхо, Какүрюү нарыг шийтгэнэ

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Ёкозүнагийн зөвлөлтэй хамтран тэргүүлэгчдийн хурал зохион байгуулжээ. Хурлаар Харүмафүжи, Таканоива нарын хэрэгтэй холбоотой хүмүүст шийтгэл оноох болсон байна. Таканоивагийн багш Таканохана, Харүмафүжигийн багш Исэгахамагаас гадна ёкозүна Хакүхо, Какүрюү, сэкиваке Тэрүнофүжи, Ишира нарт шийтгэл оноох аж. Тэднийг хэрэг гарахад хамт байсан ч таслан зогсоогоогүй хэмээн хариуцлага тооцох болов.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: Замын-Үүд чөлөөт бүсийг даруй нээе

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2017.12.18) Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж мэднэ. Усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулаан болон цахилгаан хангамжийн 4 багц ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Одоо чөлөөт бүсээ нээ, ажлаа эхэлье” гэв. “Алтанбулаг чөлөөт бүсийн туршлагаас харахад, чөлөөт бүсэд Гаалийн тухай, Чөлөөт бүсийн тухай хуулиуд зөрчилддөг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаа нь ажиглагдсан. Тиймээс Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, БХБЯ, ГХЯ зэрэг чөлөөт бүсийн ажил хэрэгт оролцоотой бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хууль журмын зохицуулалтыг нэг мөр болгоно. Чөлөөт бүс Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон олон улсын тээврийн Н2 автозамыг ашиглах ёстой” гэж Шадар сайд хэллээ.

Чөлөөт бүсэд баригдаад байгаа барилга байгууламжуудыг Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын алба өөртөө төвлөрүүлэх, удирдлага, үйл ажиллагааны менежмент, гүйцэтгэлийг хариуцан ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн бол Шадар сайд тэдэнд хандан энэхүү томоохон хөрөнгийг ямар тооцоо, судалгаагаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үр дүнтэй ашиглах ул суурьтай төлөвлөгөө байгаа, эсэхэд нь эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхэд 2 обьектыг ашиглалтад бүрэн өгөхөд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан, мөн станцуудын үйл ажиллагааны зардалд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох тооцоог тус бүсийн ажлын албаны захирагч И.Батнасан өгүүлсэн.

Хорт бодисыг устгах Ажлын хэсэг байгуулахаар болов

Шадар сайд Ө.Энхтүвшин Дорногвь аймгийн Замын-Үүд суман дахь Онцгой байдлын хэлтсийн ажилтай (2017.12.18) танилцлаа. Түүний хамт ОБЕГ-ын дарга, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд уулзалтад оролцов.

39 албан хаагч, 3 гэрээт ажилтан бүхий тус хэлтэс сүүлийн 5 жилд 135 түймэр унтрааж, 89 хүний амь насыг аварчээ. Жилд 376.8-567.3 сая төгрөгтэй тэнцэх эд хөрөнгийг галын аюулаас хамгаалсан байна. Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг “Бид улирч буй 2017 онд 500 орчим хүнийг гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай туулах сургалтад хамруулсан. Манай хэлтэс иргэдэд сургалт явуулах тусгай танхим тохижуулахаар төлөвлөсөн. Яг одоо бид өвөлжилтөд түлхүү анхааран ажиллаж байна” гэв. ОБЕГ-ын дарга, генерал Л.Бадрал энэ үеэр 2019 онд олон улсын “Говийн чоно” сургуулилалтыг Замын-Үүдэд хийх болсныг Шадар сайдад дуулгалаа.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Алдарбаяр дараах хоёр асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшинд тавьлаа. “2015 онд гарсан малын цэцэг, шүлхий өвчний улмаас малаа алдсан малчид нөхөн төлбөрөө нэхэж байна. Өнгөрсөн жил хохирлын 30 хувийг барагдуулсан. Үлдэгдлийг хэрхэх бол”, “Химийн хортой бодисууд хилийн мэргэжлийн хяналтын агуулахад олноороо хадгалагдаж байна. Хэрхэн устгах талаар бидэнд ямар ч шийдэл байдаггүй” гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин нөхөн төлбөрийн тухайд “Та бүхэн 3.3 тэрбум төгрөгийн санал өгснөөс 1.5 тэрбумыг нь шийдсэн гэж надад мэдээлсэн. Учир нь нөхөн төлбөр авах материалын бүрдүүлэлт дутуу байсан юм билээ” гэв. Харин агуулахад хураагдсан хорт бодисуудыг устгах талаар БОАЖС-ын сайдтай ярилцаж Ажлын хэсэг гарган шийдэхээ илэрхийлэв. Ийм хорт бодисууд зөвхөн Замын-Үүдийн бус, Монгол орны томоохон асууудал болж байгааг Шадар сайд хэлсэн.

“2018 оны долдугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эсрэг Азийн сайд нарын хурал болох юм. Энэ нь бидэнд бусдын сайн туршлагаас суралцах, тэдэнтэй харилцаа тогтооход чухал ач холбогдолтой. Аюул ослыг ирсний дараа биш, урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн иргэдээ сургахад онцгой анхаараарай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин онцгойгийн албан хаагчдад даалгалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин хил дээр алба хаагчидтай ярилцлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай (2017.12.18) уулзаж ярилцав.

2017 онд Замын-Үүд боомтоор 3134 галт тэрэг, 277013 автомашин, 1 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Хилийн постоор нэвтрэгчдийн хөдөлгөөн ихэссэн ч тэдэнд үйлчлэх цогцолборын багтаамж хэтэрхий бага байгааг албан хаагчид ярьж байна. Уг цогцолборт хилийн мэргэжлийн хяналтынхнаас гадна гааль, иргэн харьяатын албаныхан гээд хяналтын бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг тул оффисын өрөө тасалгаа гэж үгүй. Албан хаагчид цалингаа нэмүүлэх, хуучирч муудсан компьютераа сайжруулах, гадаа ажилладгаас нормоос түрүүлээд элэгдчихдэг гутал, хувцасны хангалтыг сайжруулах шаардлагатайг Шадар сайд болон МХЕГ-ын дарга нарт дуулгасан.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү 2018 онд шинээр 5 компьютер албан хаагчдад өгөх, 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ амлаад “Миний хувьд Замын-Үүдийн байцаагч нарын ажиллах нөхцлийг сайн мэддэг учраас үргэлж анхаарлын төвд байдаг. Тиймээс МХЕГ-ын удирдлагын зүгээс бүх боломжоороо дэмжинэ” гэв. 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухайд Засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож эхэлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин албан хаагчдад хэллээгэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тавин ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад оржээ

НЗДТГ-аас зохион байгуулдаг “Нээлттэй Нийслэл” хэвлэлийн хуралд өнөөдөр Налайх дүүргийн удирдлагууд оролцож, дүүргийнхээ хэмжээнд зохион байгуулж буй бүтээн байгуулалтын ажлаа танилцуулав.

Тус дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ 27 зорилт бүхий 169 ажил тусган хэрэгжүүлсэн бөгөөд иргэд болон иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “хангалттай” гэсэн үнэлгээ авсан байна. Тухайлбал, энэ онд дүүргийн төв зам болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замыг бүрэн шинэчилжээ. Дээрх автозамууд хоёр эгнээ байсныг 12 метр өргөн, дөрвөн эгнээ, 1.5 метр өргөн явган хүний зам, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн хамт иж бүрэн тохижуулсныг тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр, “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулсан. Одоо Энхтайван найрамдлын сангаас 500 мянган юанийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж авч өгөх юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн барилгын их завсрын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зогсонги байдалд ороод байсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон”-ы шинэ байрыг ашиглалтад орууллаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор 292.9 сая төгрөгөөр ногоон байгууламжийг сайжруулах ажил хийсэн” гэлээ.

Харин дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бүлгийн 140 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, Гачуурт, Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар нар, салхины 400 кВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах аж. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барих, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийг барих юм.

Categories
гадаад мэдээ

Хурдны галт тэрэг замаасаа гарч, гүүрнээс унажээ

АНУ-ын Вашингтон муж улсад хоёр хурдны галт тэрэг замаасаа гарч, гүүрнээс унасны улмаас зургаан хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар “Ассошиэйтед пресс” “агентлаг мэдээлэв.

Галт тэрэг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний зургаан цагт Вашингтон муж улсын Сиэтл хотоос хөдөлсөн бөгөөд Орегон муж улсын Портленд хотод 09:20 цагт хүрэх ёстой байжээ. Өглөөний 07:30 цагт осолдсон галт тэргэнд 78 хүн байсан бөгөөд хүмүүсийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Алтанбагана: Бичил уурхайчид хуультай болсон, нөхөн сэргээлт ч хийгээд эхэлчихлээ. Одоо харин алтаа албажуулах цаг нь ирчихээд байна

Хувиараа алт олборлож байгаа хүмүүсийг бид “нинжа” хэмээн нэрлээд заншчихсан. “Нинжа” гэхээрээ л хууль бус үйлдэл хийдэг, байгаль орчин сүйтгэдэг, эргээд хариуцлага хүлээдэггүй алга болдог гэсэн ойлголтыг бид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд авсан байдаг. Өөрөөр хэлбэл, монголчууд “Нинжа” гэх дайсантай болчихсон. “дайснаа” хэрхэн дарахаа мэдэхгүй байгаа мэт ойлголтыг олон нийтэд өгч, ярьж хэлж байлаа. “дайсан” хэмээн адлагдаад байгаа “нинжа” нар нь амьдралаа авч явах гэсэн эгэл жирийн ажилгүй иргэд. Тэд үнэхээр эрх дураараа аашилж, дуртай газраа алт олборлож, ухсан нүхээ булалгүй хаячихаад явдаг байсан нь үнэн. Гэхдээ хувиараа алт олборлож байгаа тэдэнд төрийн зөв бодлого хэрэгтэй байсан. Энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн зохицуулагч Б.Алтанбаганатай ярилцлаа.

-Хувиараа алт олборлогчдын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа 2000-аад оноос эхлэлтэй. Жил дараалсан зуд, ган, орон нутаг дахь ажилгүйдэл, зудад малаа алдсан малчид гээд тухайн үеийн нийгмийн байдал иргэдийг бичил уул уурхай руу эрхгүй оруулсан л даа. 2005-2006 он буюу манай төсөл эхлэхээс өмнө бол хувиараа ашигт малтмал олборлогчид нэг дор хэт олноороо төвлөрсөн, замбараагүй байдалтай байсан.

Энэ төвлөрлөөс үүдэлтэйгээр гэмт хэрэг, зөрчил, дээрэм, иргэдийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангасан зүйл огт байхгүй гэх мэт олон асуудал тулгамдаж байсан. Тэр үеийн нөхцөл байдлыг 2017 онтой харьцуулбал огт өөр, маш дэвшилттэй болсон гэж хэлнэ. Тухайн үед 100 орчим мянган хүн бичил уул уурхайд ажиллаж, алт олборлож байна гэсэн албан бус судалгаа, мэдээлэл байсан. Харин одоогийн байдлаар дээрх тоо илт цөөрсөн. Хувиараа ашигт малтмал олборлогчдын тоог нарийвчлан гаргах боломж хомс. Учир нь ихэвчлэн нүүдлийн шинж чанартай байдаг. Манай төслийн баг Үндэсний статистикийн хороотой хамтран 2012 онд судалгаа явуулахад энэ салбарт 14 мянга орчим хүн ажиллаж байна гэсэн дүн мэдээ гарсан. Үүнээс хойш буюу 2016-2017 онд дахин судалгаа хийж, одоо дүн нэгтгэгдэж байна.

-Швейцарийн хөгжлийн агентлагийн төсөл хэрэгжсэнээр бичил болоод хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхцөл байдалд ямар өөрчлөлт, шинэчлэл гарсан гэж та хэлэх вэ?

-Манай төсөл хэрэгжсэнээр бичил уурхай эрхлэгчдийн ажиллах нөхцөл хийгээд хууль, эрх зүйн орчин эрс сайжирсан. Тодруулбал, 2010 онд Бичил уул уурхай эрхлэгчдэд зориулсан хууль, эрхзүйн орчныг бий болгож, тэдний үйл ажиллагааг Бичил уул уурхайн журмаар зохицуулдаг болсон. Мөн тэд одоо уул уурхайн үйл ажиллагаа явуулах өөрсдийн гэсэн газартай болсон. Дээр нь Ашигт малтмалын тухай хуульд бичил уурхайчин гэсэн нэр томьёоллыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, ажиллах эрх зүйн орчин, газар, хуулийн орчныг нь бүрдүүлчихээр бичил уурхай эрхлэгчид зохион байгуулалтад орж, нөхөрлөл, холбоо, хоршоолол байгуулаад хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Хамгийн чухал нь төрийн бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

Төслийн зүгээс бичил уурхай эрхлэгчдэд маш олон удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Үр дүнд нь албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн уурхайнуудад осол эндэгдэл буурч, олонх нь байхгүй болсон. Осол аваар ихэвчлэн хувиараа алт олборлогчдын хүрээнд гарч, тоо нь буурахгүй байгаа.

-Нөхөн сэргээлтийн тал дээр танай төслөөс багагүй зүйл санаачилж хийсэн байдаг?

-Хамгийн чухал зүйл бол байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал. 2005-2006 онд маш их хэмжээгээр эвдэгдэж, сүйтгэгдэж орхигдсон газар олон байсан. Одоо ч цөөнгүй нь тэр хэвээрээ үлдсэн. Гэхдээ манай Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Төсөл маань өнгөрсөн онд дууссан ч, Монгол Улсын 17 суманд буюу говь, хангай, тал хээрийн гэх мэт янз янзын бүсэд нөхөн сэргээлтийн аргачлалыг туршиж, хэрэгжүүлж үзээд аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлалаа Засгийн газрын 151 дүгээр тогтоол батлагдсантай холбоотойгоор шинэчлэн сайжруулаад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхийдөө бичил уурхайчид нөхөн сэргээлтийн энэ аргачлалыг ашиглаад нөхөн сэргээх үүрэг хариуцлага ногдож байгаа. Бид энэ аргачлалаа боловсруулахаар ажиллаж байхдаа нийтдээ 200 орчим га газрыг нөхөн сэргээсэн. Мөн бичил уурхайчид хамтраад 100 га газрыг нөхөн сэргээсэн. Энэ жилийн мөн 40 гаруй га газрыг нөхөн сэргээж байгаа. Тэгэхээр зөвхөн аргачлал боловсруулах явцдаа бид эвдэгдэж, орхигдсон 350 орчим га газрыг нөхөн сэргээсэн гэсэн үг. Хамгийн чухал нэг зүйл нь энэ аргачлалыг турших, боловсруулах явцдаа бичил уурхай эрхлэгчдэд нөхөн сэргээлт яагаад хэрэгтэй, чухал болох талаар байнга сургалт, сурталчилгаа, ухуулга хийж, ойлгуулж байсан. Үүний үр дүнд бичил уурхайчдын байгаль орчны хариуцлага маш сайжирсан.

-Бичил уурхай эрхлэгчдийн эрх зүйн орчин ямархуу түвшинд явж байна вэ?

-Өдгөө дэлхий дээр 40 сая хүн бичил уурхай эрхэлж байгаа гэх тоо байдаг. Үүний 100-аад сая нь бичил уурхайгаас шууд хамааралтай ажиллаж, амьдарч байгаа. Тэгэхээр зөвхөн Монгол Улс бичил уурхайн асуудалтай байгаа юм биш. Ялангуяа Африк, Америкийн орнууд, Азийн өмнөд хэсгийн орнуудад бичил уул уурхай илүүтэй хөгжиж байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн хууль, эрхзүйн орчин нь харьцангуй хөгжил сайтай орнуудын тоонд ордог. Учир нь Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэх мэт төслийн хамтрагч талуудын нэлээд хүчин чармайлтын үр дүнд 2010 онд бичил уул уурхайн эрх зүйн орчин албан ёсоор бий болсон. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан талаар дээр дурдсан. Үүнээс гадна 2014 онд Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогод мөн бичил уурхайн асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бичил уурхайн асуудлуудыг зохицуулах, зохион байгуулалтад оруулна, алтны нийлүүлэлтийг ил тод болгоно гэх мэтээр заалтуудыг тусгасан байгаа. Өөр нэг чухал зүйл нь энэ онд Алт-2 хөтөлбөрийг Засгийн газраас баталсан. Тэгэхээр алтны чиглэлээр тодорхой ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд, хийгдээд явж байна. Мөн Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхай эрхлэгчдийн 308 дугаар тогтоолыг шинэчлэн баталсан. Энэ нь зохион байгуулалтад оруулах, албажуулалт чиглэлд маш их дэвшилт авчирна. Мөн орон нутгийн удирдлагуудын оролцоо хяналтыг сайжруулна. Тухайлбал, бичил уурхайтай холбоотой асуудлыг тухайн аймгийн удирдлагууд нэлээд алсын хараатайгаар, зөв зохион байгуулж шийдэх боломжтой болж байгаа юм. Аюулгүй ажиллагааны дүрмийг сайд нарын хамтарсан тушаалаар баталж, албан ёсных болгосон. Энэ мэтээр хууль эрхзүйн талаасаа яг албажуулалтын тал дээр нэлээд чамбай, сайн болсон гэж үзэж байгаа.

-Бичил уул уурхай сайн хөгжиж байна гэж байгаа ч олборлосон алт хаашаа ороод байна вэ, хаана тушаагаад байна вэ гэдэг нэг асуудал болоод байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч, хууль эрхзүйн хүрээнд хэрхэн зохицуулалт хийж байна вэ?

-Монгол Улсын хувьд алт бол нэлээд дээгүүрт тооцогддог эрдэс баялгийн бүтээгдэхүүн. Гэтэл 2016 онд 18 тонн алтыг Монголбанкинд тушаасны 53 хувийг хувь иргэн тушаасан байдаг. Энэ 53 хувь дотор л бичил уурхайнхан, хувиараа олборлогчид, ченжүүд багтаж байгаа юм. Монгол банкны зүгээс алтны нийлүүлэлтээ нэмэх зорилгоор алт худалдан авах хамгийн ая тухтай нөхцөлийг бий болгосон ч хаанаас хэн ямар алт тушаагаад байгааг мэдэх ямар ч боломжгүй байна. Харамсалтай нь өөр нэг асуудал нь хууль эрхзүйн орчин нь Монголбанк алтыг авахдаа заавал тусгай сорьцын байгууллагаар үнэлүүлсэн байх ёстой гээд заагаад өгчихсөн. Гэтэл сорьцын хяналтын ганцхан алба нь Улаанбаатарт байдаг. Өөрөөр хэлбэл, алт худалдан авч болох хамгийн гол цуг нь Улаанбаатарт ганцхан байдаг гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр бичил уурхай, хувиараа алт олборлогчид гээд бүгд хөдөө орон нутагт ажилладаг. Энэ нь л ченж, алт хувиараа худалдан авдаг гэх мэт худалдаачдыг бий болгоод байгаа юм. Жишээ нь, Улаанбаатараас 1000 километрийн зайтай орон нутгийн бичил уурхайчин олсон жаахан алтаа сорьцлуулж, Монголбанкинд тушаах гээд хэзээ ч ирэхгүй л байхгүй юу. Харин ч сум, орон нутагтаа байгаа ченжид бушуухан өгнө биз дээ. Ажлын шаардлагаар орон нутагт явж байхад грамм алт 80 орчим мянган төгрөгийн ханштай байгаа юм. Гэтэл Монголбанк 100 мянган төгрөгөөр худалдаж авдаг.

-Үүнээс гарах арга зам юу байна вэ?

-Нөгөө л албажуулалт. Эхлэхээс төгсгөл хүртлээ албан ёсны үйл ажиллагаа явуулах. Өөрөөр хэлбэл, сорьцлох, худалдан авах албан ёсны үйл ажиллагааг орон нутагт бий болгох хэрэгтэй юм. Тэгж чадвал ил тод байдалд 100 хувь хүрдэггүй юм аа гэхэд маш том ахиц авчирна. Үүнээс гадна өөр нэг арга нь валютын ченжүүдийг албан ёсны банк бус санхүүгийн байгууллага болгосон шиг алтны ченжүүдийг албажуулж, тодорхой зөвшөөрлөөр албан ёсоор ажилладаг болгож болно. Энэ тохиолдолд алтыг хаанаас, хэнээс, ямар хэмжээгээр авч байгаагаа бүртгээд явна. Ээн бүртгэлээ Монголбанкинд нэгтгэдэг болчихвол хаанаас, хэчнээн хэмжээтэй алт аваад байгаагаа мэддэг болно. Үүнийг мэддэг болчихвол хаанаас хууль бусаар алт хааш нь зөөвөрлөөд байгааг түвэггүй тогтоож болно. Энэ бол Улаанбаатар гэж ганцхан саванд л бүх юмаа багтаачихаад, багтаах гэж үзээд байгаагийн нэг алдаатай тал нь юм уу даа.

-Албажуулалтын тал дээр гаднын ямар жишиг байна вэ?

-Албажуулалтын хамгийн чухал зүйл бол газрын асуудал. Өнөөдрийн байдлаар хууль, эрх зүйн орчин сайн байгаа ч гэсэн яг хөрсөн дээрээ бичил уурхайчдын газрын асуудал сайн шийдэгдэж өгөхгүй байна. Тусгай зөвшөөрөл давхцах, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг байх ч юм уу, орон нутгийн хэрэгцээний газар гэх мэтээр газрын асуудал хүнд байдаг. Энэ мөн л ганцхан Монголын бус дэлхий дахины л асуудал. Гэхдээ л бичил уурхайг хөгжүүлье гэвэл газрын маргааныг шийдвэрлэх ёстой. Нэг жишээ ярья л даа. Филлиппин улсын төв банк алт худалдаж авдаг цэгтэй. Ингэхдээ заавал сорьцын лаборатори бус рентген төхөөрөмжөөр алтаа шалгаад худалдаж авдаг. Гэтэл Колумбад төв банк нь алт худалдаж авдаггүй. Энэ худалдаа хувийн секторынх болчихсон. Алт тушааж байгаа хүмүүсээсээ татвар хуримтлуулах байдлаар төр асуудлаа шийдчихдэг. Энэ мэтээр шийдэх боломж байна.

-Хариуцлагатай уул уурхай Монголд хэрхэн хөгжиж байна вэ?

-Манай төслийн зүгээс бичил уурхайг хариуцлагатай болгох, байлгах чиглэлд маш олон ажил хийж байна. Тухайлбал, төрийн байгууллагууд руу чиглэсэн, уурхайчинд чиглэсэн гэх мэтээр ажиллаж байна. Хууль эрхзүйн аргаар шийдэж байгаа нь Засгийн газрын 151 дүгээр тогтоол. Мөн бичил уурхайчдыг өөрсдөө сайн дурын хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад нь чиглэсэн ажил өрнүүлж байгаа. Тодруулбал, Шударга олборлолт гэдэг олон улсын стандарт байдаг. Энэ нь Латин Америкт төвтэй олон улсын байгууллагууд анх нэвтрүүлсэн байдаг. Энэ стандарт нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн байдлаар хүний эрх зөрчөөгүй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй, засаглалын хувьд зөв, тогтвортой, тухайн орон нутагтаа ээлтэй байгууллагыг л бий болгохын төлөөх хэмжүүрүүдийг тавьж өгдөг, 208 шалгуураас бүрддэг. Бичил уурхайн хувьд 208 шалгуур гэдэг бол маш том шалгуур. Гэхдээ үүнийг биелүүлчихсэн уурхайнууд дэлхий дээр байна. Мөн манайд Баянхонгор аймагт нэг бичил уурхайн төрийн бус байгууллага энэ стандартыг нэвтрүүлчихсэн, гурав дахь жилдээ олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажаад явж байгаа. Төслийн зүгээс дахиад хоёр байгууллагад энэ стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Энэ стандартыг нэвтрүүлсний давуу тал нь юу юм бэ?

-Бичил уурхай хариуцлагатай стандарттай болж, гэрчилгээгээ авсан тохиолдолд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход килограмм тутамдаа 4000-6000 ам.долларын урамшуулал авдаг. Хариуцлагатай болсон аж ахуйн нэгж, байгууллага урамшууллаараа эргээд өөрсдийгөө улам чадавхжуулах боломжтой болох юм. Дэлхий нийтийн худалдаа, бизнесийн хандлага одоо хариуцлага руу орчихсон. Жишээ нь, Apple компанийн түүхий эдийг нь нийлүүлдэг Хятадын компани ажилчдаа илүү цагаар ажиллуулдгаас болж хүн амиа хорлосон асуудал гарсан. Үүнээс болж Apple-ийн борлуулалт дэлхийн зах зээлд навс унасан. Үүний цаана дэлхийн хүмүүсийн “Миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүн, амьтанд сөрөг нөлөөтэй, эрхийг нь зөрчсөн, хохирол учруулдаг бол үүнээс татгалзъя” гэсэн байр суурь илэрч байгаа юм. Үүнтэй уялдаад компаниудын нийгмийн хариуцлага маш өөр түвшин рүү тэмүүлж эхэлсэн. Ийм хандлага дэлхийн алтны худалдаанд ч бий болчихлоо. Ялангуяа баруун европууд, америкууд хүүхдийн хөдөлмөр, хүний эрхийг зөрчсөн ямар нэг үйл ажиллагаа тухайн бүс нутагт нь болж байгаа, байгаль орчинд сөрөг нөлөө учруулж авсан алтыг худалдаж авахгүй, эргээд тэдгээр хууль бус ажиллагааг санхүүжүүлэхгүй байх тал дээр хатуу зогсдог болсон. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, цэвэр, эрүүл худалдаа үйлчилгээг эрхэмлэсэн энэ бизнесийн зах зээл харьцангуй жижиг ч өдөр, сараар томорч, хүрээгээ тэлж байгаа. Тухайлбал, Шударга олборлолтын стандартын хүрээнд олборлосон алтыг Нобел, Каннын кино наадмын баримлууддаа ашигладаг болсон. Токиогийн олимп гэхэд зөвхөн электрон тоног төхөөрөмжид орсон алтыг л алтан медальдаа хийж байна. Үүнээс гадна тухайн алт хаанаас ирсэн нь тодорхой, ил тод байх ёстой гэсэн шаардлага тавигддаг болсон. Гэтэл Монголбанк, Монгол Улс тухайн алтыг хэн хаанаас авчирч, тушааж байгааг мэдэхгүй л сууж байна шүү дээ. Үүний цаана олон улсад алтаа борлуулахдаа Монгол Улс өөрийнхөө нэрийг л дэнчин тавьж байгаа хэрэг. Энэ нь эргээд маш том асуудал үүсгэхийг хэн байг гэх вэ. Тиймээс бид эрсдлээс сэргийлэх ёстой. Үүний нэг чухал зүйл нь Ил тод байдлын тухай хуулийг батлах. 2022 он гэхэд батлагдчих болов уу гэж бодож байна. Одоо бол манайх аль нэг биржийн стандартаар л явж байгаа шүү дээ. Гэтэл Европын холбоо алтны нийлүүлэлтийг ил тод болгох хууль батлах гэж байна. Энэ хууль батлагдчихвал манай алт тэндхийн биржүүдэд зарагдахгүй болох гээд байгаа юм. Тиймээс бид энэ хуулийн төсөл дээр маш сайн ажиллах ёстой, шударга олборлолтын хариуцлагыг бат бөх суулгах ёстой. Алт борлуулсан өнгөрсөн хугацаанд ямар нэг хууль бус зүйл хийгээгүй гэдгээ батлах ёстой. Үүний дараа олон боломж, олон давуу тал ирнэ.

-Гэхдээ одоо ч уул уурхайд хандах иргэдийн хандлага сайн биш. Орон нутгаа ухуулж, сэндийчүүлэхгүй л гэж үзнэ.

-Орон нутгийн уул уурхайн сөрөг нөлөөг тухайн орон нутгийн иргэд хамгийн түрүүнд хүртдэг. Улаанбаатарт байгаа хүмүүс хүртэхгүй. Харин Улаанбаатарт байгаа хүмүүст сөрөг нь биш татвар гэх мэт сайн зүйлс нь ирдэг. Зүй нь бол албажуулсны дүнд тухайн ашигт малтмал, алтыг аль сум, багаас ирснийг бүртгэлжүүлснээр орон нутагт нийт татварын 30 хувь нь шилжих ёстой. Орон нутаг тэр 30 хувиа өөрсдөө захиран зарцуулах ёстой юм. Гэвч манайд албажуулалт, бүртгэлжүүлэлт огт байхгүй. Уг нь бол шийдэж болох хамгийн амархан арга зам. Гэвч манайд өнөөг хүртэл бий болоогүй байна. Гэхдээ Швейцарийн хөгжлийн агентлаг энэ бүхнийг бий болгохыг зорьж ажиллаж байна.

Э.баатар

Categories
мэдээ нийгэм

Цагаан будааны 80 хувь нь цардуул учир шатамхай чанартай байдаг гэв

Энэ сарын 15-ны өдөр нэгэн фэйсбүүк хэрэглэгч будаа шатааж буй бичлэг хийн, “Хуванцар будаа шатааж үзэж байгаа бичлэг хараад гэрийнхээ будааг шатааж үзлээ. Үнэхээр аюултай юм байна. Та бүхэн будаагаа шалгаж үзээрэй. Монголд зарагдаж буй бүх будаа хуурамч юм биш үү. Халахаараа хөөж бэлцийгээд томордог юм байна. Олон түмэн минь харж байгаарай, гялгар уут мөн л бол асах ёстой” хэмээн ярьж, өөрсдийн туршилтаа олон нийтийн сүлжээнд байршуулсан. Хэдхэн сарын өмнө “БНХАУ-аас орж ирдэг углааш ДОХ, тэмбүүтэй гэнэ” хэмээн шуугьцгаасан. Гэтэл өнөөдөр цагаан будаагаар давалгаалж байна. Элэг нэгтнүүдийнхээ туйлшралыг зогсоохын тулд АНУ, Япон, БНСУ-д амьдардаг монголчууд маань өөрсдийн хэрэглэдэг цагаан будаагаа шатааж үзүүлэв. Яг адилхан шатаж байсан юм. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа уг асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлэл хийж байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн ярихдаа “Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилж үзсэн. Хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Анх 2011 онд БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл гарсан юм билээ. Энэ нь тухайн үедээ худал мэдээлэл гэдэг нь нотлогдож байсан. Фэйсбүүкээр явж буй мэдээллээр резин, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үр тариа 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автууллаа.Сүүлийн үед фэйсбүүк, твиттерээр явж буй мэдээлэл эх захаа алдаж байна.НМХГ-аас цагаан будааг импортоор орж ирэхэд нь хяналт тавьж, худалдаан дээр байхад нь ч хяналт шалгалт хийдэг. Фэйсбүүктэй холбоотой мэдээлэлтэй холбоотой нэг ч гомдол НМХГ-т ирээгүй.Бид фэйсбүүкээр мэдээлэл цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй” гэв.

Улсын ахлах байцаагч Ц.Булган хэлэхдээ: “Цагаан будаа өөрөө үр тарианы гаралтай. Химийн найрлагаараа уураг, цардуул, ус агуулагдсан байдаг.Цардуул нь хүнсний зориулалттай, нэг ёсондоо нүүрс ус юм. Хуурай хэлбэрт байхдаа шатаж барьцалдана. Цавуулаг чанартай. Үүнийг сошиалаар хүмүүс айдас түгшүүртэй хүлээн авч байна. Улаанбуудай ч гэсэн чийг бага үед тэгж шатдаг” хэмээв.

МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ 1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна.

Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын найман терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг найман улсаас цагаан будаа импортолсон байна.Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийж байгаа аж. 2017 онд цагаан будаа импортолж, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж 38 иргэний худалдаалж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий гурван аж ахуй нэгжид /Хүрэл тайж, МК сторe, Бишрэлт веллмарт/, 3,350,000 төгрөг, нэг албан тушаалтанд 720 мянган төгрөг, гурван иргэнд 1,440,000 мянган төгрөг нийт долоон аж ахуйн нэгжид 5 сая 510 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдлыг арилгуулан, нэг иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоожээ.

2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, долоон иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс есөн дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, хоёр дээж хугацаа дууссан, зургаан дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан байна.

Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй гарсан цагаан будааг савласан, худалдаалж байсан иргэн, аж ахуйн нэгжид Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн олговортой нислэгийн үйлчилгээг эхлүүллээ

Image result for нислэгийн үйлчилгээг эхлүүллээ

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд 7 хоногт 1 удаа, Баянхонгор аймгийн Баянхонгор чиглэлд 7 хоногт 1 удаа, Говь-Алтай аймгийн Алтай чиглэлд 7 хоногт 2 удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэж эхэллээ.Дээрх бодлогын баримт бичигт, дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.Нислэгийг “Аэромонголиа” авиа компани үйлдэж байна.

Ингэхдээ тус авиа компанид нөхөн олговор олгох замаар:

Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 119,000 төгрөг, 2 талдаа 238,000 төгрөг,

Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 125,000 төгрөг, 2 талдаа 250,000 төгрөг,

Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 166,000 төгрөг, 2 талдаа 332,000 төгрөгийн тарифаар ард иргэдэд тийзээ борлуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвараа энэ сарын 25-ны дотор төлөхгүй бол торгуульна

2017 онд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Татварын ерөнхий газраас “2017.12.25-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх тухай” санамж мессежийг харилцах утасны дугаарын дагуу хүргүүлсэн.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг www.smartcar.mn буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар болон доорхи цэгүүдэд төлөх боломжтой.

Тус тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгоно.

7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2017 оны шилдэг авьяаслаг хүүхэд шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтанд 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.
Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг онцлог байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж тэдний гаргасан амжилт бүхнийг өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулав.

2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД-ээр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль 12 дугаар ангийн сурагч Мижидсүрэнгийн Дашсүрэн шалгарсан юм.
Түүний амжилтуудаас дурдвал:
Олон улсын хэмжээнд гаргасан амжилт:
– “Алтан гадас” 2016 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр дэд байр, гоцлол бүжгийн төрлөөр дэд байр
– “Алтан гадас” 2017 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр
Улс, үндэсний хэмжээнд гаргасан амжилт:
– 2016,2017 оны Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаан хамтлаг биелэгээний төрлөөр хошой хүрэл, хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр
Нийслэл, бүсийн хэмжээнд гаргасан амжилт:
– 2015,2016,2017 “Бидний бахархал” Чингэлтэй дүүргийн хүүхдийн урлагийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр 3 удаагийн алтан медальт, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр.
Бусад гаргасан амжилт:
– БНХАУ-ын Манжуур хотын тоглолт
– Нийслэлийн хүүхдийн баярын үйл ажиллагаа
– “Бид сайн сайхныг дагуулна”
– БНТУ-ын хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолт
– “Хавсаган” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
– “Нийслэлийн шилдэг хүүхэд-2016” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа
Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвлөмж өгөв

Авлигатай тэмцэх газрын Зөвлөмжийг тус газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт өнөөдөр гардуулан өгөв.

Уг Зөвлөмжид, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр дайлж, цайлах, бэлэг өгөх, аливаа хөнгөлөлттэй болон төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг байдлыг таслан зогсоох, зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, салбарын хэмжээнд хуулиар зөвшөөрсөн давхар ажил эрхэлж болох ажлын жагсаалт гаргах, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхдээ тэдгээрийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтын механизм бий болгох, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлуулах асуудлыг судлан үзэх, санал, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Зөвлөмжид дурдсан асуудлуудыг анхааралдаа авч цаашид салбарын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бүх шатны байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үеэр илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Засгийн газрын гишүүн-сайдад хүргүүлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байна.