Categories
мэдээ нийгэм

Г.Номуундарь: “Манай дүү хүчиндүүлсэн” гэж ярьсан худлаа байсан уу?

Image result for Г.Номуундарь

Улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлддэг гэх дуулианыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн талаар өчигдөр мэдээлсэн. Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм.

Харин эл хэрэгтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “Бичлэгт нэр дурдагдсан хүүхдүүд болон тэдний эцэг эх болох 50-иад хүнээс байцаалт мэдүүлэг авсан. Мөн шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан “Манай дүү хүчиндүүлсэн” хэмээн ярьсан нь худлаа байсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээн www.newspress.mnсайтад ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг хот төлөвлөлтийн нэгдсэн мэдээллээр хангана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх зорилготой онлайн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Дундын мэдээллийн сангийн https://ulaanbaatar.maps.arcgis.com цахим системийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад болон олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ ирэх баасан гаригт буюу энэ сарын 22-ны 09.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимын хурлын зааланд болох юм байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын халдвар ихэсч, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ

2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 20696 (44) сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1149 хүн лабораторийн шинжилгээгээр, 5967 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 68 хүн хандаж, 14 хүн шинээр хэвтэж, 64 хүн эмчлэгдэн гарч, 91 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 30 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

1367 лаб батлагдсан тохиолдол, 488 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Эбола вирүст халдвар:

2015 оны 07 дугаар сарын 12-ны байдлаар 27744 хүн өвчилж, 11322 (40.8%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 30 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын өвчлөлийн хүрээнд бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөлөө

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын ахалсан хоёр ажлын хэсэг нийслэлийн томуу томуу төст өвчний өвчлөл өндөртэй байгаа 6 дүүрэгт ажиллан /2017.12.18/ эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдалтай газар дээр нь танилцаж тулгамдаж байгаа асуудлыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон ажиллаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-уул, Чингэлтэй, Сүхбаатар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын ахалсан баг Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тус тус очиж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар, Шуурхай удирдлагын хэлтэс, Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөлтэй байсан.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын ахалсан баг дүүргийн нэгдсэн эмнэлгийн ТТӨ-ний үед үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд амбулаторын үзлэгийн цагийг уртасгах, зөвлөгөө өгөх утас ажиллуулах, нэмэлтээр эмч, сувилагч ажиллуулсан байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэж, хүүхдийн чиглэлээр мэргэшин суралцаж байгаа эмч болон сувилагчийг нэмэлтээр ажиллуулсан байна Баянгол дүүрэгт Ахмад настан хүүхдийн эмнэлэгтээ 60 ор нэмэлтээр ажиллуулж байна.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг орны тодорхой хэсэг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Я.Буянжаргал дээрх эмнэлгүүдэд ажиллах үеэрээ Амьсгалын замын халдвар ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар орж үзлээ. Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Эцэг, эхчүүд эмнэлэгт хүн эргэх, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ өвчлөөгүй хүүхдийг хамт дагуулж ирж байна. Энэ нь халдвар авах эрсдлийг үүсгэж байна. Цаашид өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, хүүхдүүдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг эцэг эх, асран хамгаалагч нар болон тусоамж, үйлчилгээ үзүүлэгч нарт зөвлөлөө.

Мөн амьсгалын замын өвчлөл гуравдугаар сар хүртэл үргэлжлэх тул бэлэн байдлыг хангаж, нөөцийг зөв хуваарилан ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Уулын замд хурд хэтрүүлж, урсгал сөрсний улмаас ноцтой осол гарчээ

Өчигдөр цас орсны улмаас ойрын өдрүүдэд зам, даваа халтиргаатай байгаа. Иймд албаныхны зүгээс жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсаар байгаа юм. Гэтэл өнөө өглөө Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд жийп машин, приус маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын шалтгаан хурд хэтрүүлж, урсгал сөрсний улмаас үүдэлтэй бололтой.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудад ариутгал,халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олголоо

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 325 дугаар тогтоолоор Улсын нөөцөөс зарим аймгуудад ариутгал,халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашиныг олгохоор болсон.

Эдгээр автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

Уг ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцож, аймгуудын төлөөлөлд автомашины түлхүүрийг гардууллаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 11 аймагт нийт 16 автомашиныг олгосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяртай холбоотой хүн дайрсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Image result for Н.НомтойбаярӨнгөрсөн есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг, Төлүүгийн давааны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар автын онц ноцтой осол гарсан. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз Жи класс” маркийн … улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан билээ. Осол гаргасан машинд Засгийн газрын нэр бүхий сайд, олны танил урлагийн хүнтэй согтуурсан байдалтай хамт явсан гэх мэдээлэл цахимаар тархаад байсан.Энэ мэдээлэл гарсан өдөр нэр бүхий сайд өөрийгөө илчилж, Төрийн ордонд мэдээлэл хийж байв. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг түр орлон гүйцэтгэгч Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногт яамны Тамгын газрын харьяа жолооч болон бусад хүмүүсийн хамт Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байсан. Өдрийн 15:00 цагийн үед Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай огтлолцсон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт нэвтэрч, машинд мөргүүлсэн осол гарсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн.Мотоциклын жолоочийн биеийн байдал сайжирч, улмаар эмч нараас “Шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан. Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайжирсан ч гэсэн тухайн эмнэлэгт компьютер оношилгоо, томографик байгаагүй учраас эмч нарын зөвлөл хуралдаж, өвчтөнийг хамгийн ойр байрлах тоног төхөөрөмжтэй эмнэлэгт хүргэх шийдвэр гаргасан. Үүний дагуу Эрдэнэт хотод байрлах Япон-Монголын хамтарсан эмнэлэгт хүргэж шинжилгээ өгөөд, дараа нь Эрдэнэтийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэхээр ор захиалсан.Эмч нарын зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу тухайн өвчтөнийг Эрдэнэт рүү тээвэрлэх явцад нөгөө өвчтөн маань ухаан алдсан тул буцааж эмнэлэгтээ оруулсан. Үүнийг холбогдох эмч нараас нь асууж тодруулахад ясных нь бэртэл Эрдэнэт рүү тээвэрлэх хөдөлгөөний явцад гол артерийн судсыг хагалж, цус алдсаны улмаас зүрх нь зогсож, тэр шөнөдөө өвчтөн нас барсан. Шаардлагатай тоног төхөөрөмж нь тус эмнэлэгт байхгүй учраас иргэн харамсалтайгаар нас барлаа” хэмээн ярьж байсан билээ.

Цагдаагийн байгууллагаас хоёр сар шахам хугацаанд шалгасны эцэст энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар Булган аймгийн прокурорт шилжүүлснийг прокурор нь “гүйцэлдүүлжээ”. Тодруулбал иргэн Ч-г өндөр согтолттойгоор, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, амь нас нь хохирсон хэмээн буруутгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Д.Дагвадорж “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцоно

ЗурагМэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа бөгөөд 12 дугаар сарын 31-нд Японы “ABEMA” интернэт телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор ийнхүү зэхэж байна.

Монголоос төрсөн Японы сумо бөхийн анхны Их аварга Аса аваргыг ялсан нь 10 сая иен авах болзолтой юм. Долгорсүрэнгийн Дагвадорж одоогоос бараг найман жилийн өмнө 2010 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлж, зодог тайлсан билээ.

Харин олон жилийн дараа Их аварга, олны анхаарлыг татсан том сорилтод орохоор өөрийгөө бэлтгэж байна. Тэрбээр шинэ жилийн баяраар “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээр өөрийн шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчтэй уулзана.

Дашрамд сонирхуулахад, Асашёорюү Д.Дагвадорж 2017 дөрөвдүгээр сард Монголын холимог тулааны “Зэв” холбооны “Капитан” буюу ахмад болсон юм. Японы холимог тулааны “Rizin” холбоо энэ сарын сүүлээр Сайтама мужид тулаан зохион байгуулна. Уг тулаанд Монгол Улсын тулаанч Б.Азжавхлан, Японы мастер тамирчин Такая Хироюүкитэй халз тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Огцом хүйтрэнэ гэдэг ташаа мэдээлэл болохыг мэдэгдэв

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд 12 дугаар сард огцом хүйтэрнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас залруулсан байна.

Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх гол, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, цаг агаар харьцангуй тогтвортой байх юм байна.

Мөн манай орны ихэнх нутгаар гол мөрөн, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

“Фэйсбүүк” компаниас Монголын Засгийн газар арван хоёр хэрэглэгчийн мэдээлэл хүсжээ

2017 оны жилийн эцсийн “Шилэн тайлан”-гаа “Фэйсбүүк” компани гаргажээ. Засгийн газруудын хүсэлттэй холбоотой болон зохиогчийн эрхийн зөрчлийн мэдээллийг энэхүү “Шилэн тайлан”-гаараа олон нийтэд ил мэдээлж, зарласан байна.

Тайланд дурдсанаар энэ оны эхний хагаст Монгол улсын Засгийн газраас нийт 12 хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх хүсэлт гаргасан байна. Харин 2013-2015 онуудад Монголын Засгийн газар таван хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хүсч байсан бол 2016 онд гурван хэрэглэгчийн мэдээллийг хадгалж байхыг хүсч байжээ. Түүнчлэн “Фэйсбүүк” компани 2017 оны эхний хагаст зохиогчийн эрх зөрчсөн дүрс бичлэг, нийтлэл, сурталчилгаа гээд нийт гурван сая контентыг устгасан гэдгээ мэдэгджээ.