Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрлэлийн салбар 60 хувиар өссөн ч, өндөр цалинтай ажиллагсдын тоо буурчээ

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН34 ХУВИЙГ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ИРГЭД ЭЗЭЛЖ БАЙНА

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 11 сард ажилгүй 81 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Өмнө нь бүртгэлтэй байсан 23 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 29 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 23 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 4.7 мянган хүнээр өссөн байна. 2017 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44 хувийг бүрэн дунд, 34 хувийг дээд боловсролтой буюу дипломын болон бакалаврын зэрэгтэй иргэд эзэлж байна.

УУРХАЙЧИД ХАМГИЙН ӨНДӨР, УРЛАГИЙНХАН ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ БАЙНА

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны III улиралд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606 мянган ажиллагсад хамрагджээ. Эдгээр ажиллагсдын найман хувь нь 240 мянган төгрөг хүртэлх цалинтай, зургаан хувь нь 240300 мянган төгрөгийн, 17 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай. Харин ажиллагсдын хамгийн их эзлэх хувь буюу 36 хувь нь 500900 мянган төгрөгийн цалинтай. Ажиллагсдын сарын дундаж цалинг бүх салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, соёлын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна. Харин 700.0900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 0.2 мянгаар, 900.01100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 3.8 мянгаар, 1100.01300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 1.2 мянгаар буурсан байна.

МАЛ, АМЬТНЫ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ 190-Д ХҮРЧ, БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛИЙН УЛМААС 160 ИРГЭН АМИА АЛДАВ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2017 оны эхний 11 сард 4058 болж, өмнөх оны мөн үеэс 30-аар буурав. Объектын түймэр 3419 удаа гарч, мал, амьтны халдварт шүлхий өвчин 65 удаа, галзуу өвчин 62 удаа, хонины цэцэг өвчин 49 удаа, боом өвчин найман удаа, мялзан өвчин таван удаа, тарваган тахал, цусан халдварт, хорт салт хатуурал болон дуут хавдар өвчин тус бүр нэг удаа бүртгэгдлээ. Аюулт үзэгдэл ослын улмаас нийт 199 хүн амь насаа алдсаныг шалтгаанаар нь авч үзвэл, усны ослын улмаас 112 хүн, объектын түймрийн улмаас 40 хүн, бичил уурхайн нурангийн улмаас 19 хүн, уулын ослын улмаас 17 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас дөрвөн хүн, химийн бодис болон үерийн улмаас тус бүр гурван хүн, аянгын улмаас нэг хүн амь насаа алджээ.

Аюулт үзэгдэл ослын улмаас хорогдсон, устсан мал, тэжээвэр амьтад 2017 оны эхний 11 сард 537.6 мянган толгой болжээ.

НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧ ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ 1.3 ТЭРБУМДОЛЛАРААР НЭМЭГДҮҮЛЭВ

Монгол Улс 2017 оны эхний 11 сард дэлхийн 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.7 тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк долларт хүрлээ.

Өмнөх оноос экспорт 33, импорт 26.8 хувиар өсөв. Экспорт 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 825.1 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.1 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 166.3 сая америк доллар, автобензин 55.3 сая америк доллараар импортолсон нь нөлөөлжээ.

БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 6.5 ХУВИАР ӨСЛӨӨ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 5.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ арван хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод 2017 оны 11 дүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.7 хувийнх нь үнэ өсөж, 12.5 хувийнх нь үнэ буурч, 53.8 хувийнх нь үнэ өөрчлөлтгүй байв.

АЖ ҮЙЛДВЭР 60 ШАХАМ ХУВИАР ӨСӨВ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 58.1 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт нэг их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

ЦАГААН НООЛУУР ДОРНОД АЙМАГТ 40, ДОРНОГОВЬ АЙМАГТ 70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны арваннэгдүгээр сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Говь-Алтай, Увс, Ховд болон Баянхонгор аймагт хамгийн бага буюу 25 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 40 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ болон Дорнод аймагт хамгийн бага буюу 17 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 25 мянган төгрөг, бусад аймагт 19.5-23.0 мянган төгрөг байна. Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 40 мянган төгрөг, Дорноговь аймагт хамгийн өндөр буюу 70 мянган төгрөг байна.

ТӨМӨР ЗАМЫН АЧАА НЭМЭГДЭЖ, ЗОРЧИГЧИД БУУРЧЭЭ

Төмөр замын тээврээр 2017 оны эхний 11 сард 20.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2.4 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 сая тонноор өсөж, зорчигчид 5.8 мянгаар буурсан байна. Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 41.2 хувь, экспортын ачаа 35.0 хувь, импортын ачаа 10.4 хувь, дамжин өнгөрсөн ачаа 13.5 хувийг эзэлж, Төмөр замын тээврийн салбарын орлого оны мөн үеэс 75.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд нүүрс, барилгын материал, өргөн хэрэглээний хүнсний бараа болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ.

АГААРЫН ТЭЭВРИЙН АЧАА БУУРЧ, ЗОРЧИГЧИД НЭМЭГДЭВ

Агаарын тээврээр 2017 оны эхний 11 сард 2.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 761.7 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 60.9 тонноор буурч, зорчигчид 139.8 мянган хүнээр өсжээ. Харин өмнөх сараас тээсэн ачаа 38 тонн, зорчигчид 7.8 мянган хүнээр тус тус буурсан байна. Агаарын тээврээр дотоодод зорчигчид өмнөх оны мөн үеэс 73.7 мянга, олон улсад зорчигчид, 66.1 мянган хүнээр өслөө. Агаарын тээврийн салбарын орлого 299.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр өслөө.

Х.БАТТӨГС

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуульд нэмэлт (тодотгол) оруулах тухай

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


1. Юун түрүүн 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөлт оруулахын эсрэг бодолтой байгаагаа хэлье. Үндсэн хуулийн заалтуудын хэдэн хувь нь хөндөгдсөн ба хөндөгдөөгүй байгааг тооцсон судалгаа одоо болтол алга. 1958 онд батлагдсан дэ Голлийн гэгдэх Францын тавдугаар Бүгд найрамдах улсын Үндсэн хуулийн дөнгөж 30 хувь заалт нь өдгөө хөндөгдөөд байгаа гэсэн тооцоо байна. Цаашилбал Үндсэн хуульд дурдагдсан заалтуудыг тодотгосон олон дагавар хуулиуд болон журам хийгдээгүй байна. Үүний тод жишээ нь “Долоон сарын нэгний үймээн” гэдгээр ил харагдсан.

2. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуулийг илэрхий болоод санаандгүй зөрчсөн асар олон тохиолдол гарсны нэлээд хувь нь мэдсээр байж үйлдсэн явдал. Үүний ихэнх нь Улсын их хурал, Засгийн газарт шууд хамаарна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах голлох амин сүнс болсон инстүүцүүд өнгөрсөн хугацаанд хичнээн удаа Үндсэн хуулийг улайм цайм зөрчсөн талаарх Лундаажанцан нарын судалгааг та нар хараарай. Цэц асуудлыг зөвхөн гомдлын дагуу авч хэлэлцдэг учраас Үндсэн хууль хамгаалагч шүүх гэхээсээ иргэд байгууллагын өргөдөл гомдол барагдуулах газар шиг ажиллаж ирлээ. Цэцэд асуудлыг өөрөө санаачлан гаргаж ирэх эрх байдаггүй гэх. Үндсэн хуулийг өөрчилснөөр төрийн болон нийгмийн тогтолцоо засраад ном журамдаа орно гэсэн ойлголт бол үнэндээ төөрөгдөл. Хууль баталчихаад тэрийгээ алхам тутамдаа зөрчөөд явах аваас хуулийг Бурхан өөрөө зохиогоод ч нэмэр байхгүй. Хууль мөрдөгддөг механизм нь чухал болохоос асуудал хуулиндаа байгаа юм биш.

3. 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнийг “дордуулсан долоон заалт” гэх маягаар хочилдог. Үнэндээ “дордуулсан… долоон…” гэсэн үгс толгой холбогдож байгаа учир хэлэх дуртай хэлц болсноос биш ярьж байгаагаас нь сонсоход ямар өөрчлөлт орсныг мэдээгүй уншаагүй цэцэрхэл юм болов уу. Үнэндээ энэ нь нэмэлт, өөрчлөлт гэхээсээ тодотгол байсан юм. “Ерөнхийлөгчтэй зөвших” гэдгийг янз бүрийн өнцгөөс тайлбарлаж байсныг нэг мөр болгосон. Засгийн газар огцруулахдаа нууцаар санал хураадаг байсныг ил болгосноор хуйвалдаанаас сэргийлсэн. УИХ-ын хүчинтэй ирцийг бууруулснаар хуралдааныг санаатайгаар бойкотлох аюулаас зайлсхийсэн.

4. АНУ-ын буюу дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль 200 гаруй жилийн турш огт хөндөгдөлгүй тогтвортой үйлчилсээр буйн шалтгаан нь тэд эх хуулиндаа өөрчлөлт (засвар) оруулалгүйгээр дугааралсан нэмэлт тодотгол болон шинэ санааг дагалдуулан гаргадагт оршино. Бид ийм нэмэлт тодотгол болон санааг Үндсэн эх хуулийнхаа араас дагалдуулан гаргаж явбал зүгээр санагдана.

5. Үндсэн хуулийн тухай мэдлэг ойлголт нийгэмд маш сул байна. Түүний дотор хууль тогтоох байгууллагад Үндсэн хуулиа уншсан, мэдсэн, ойлгосон хүн тун цөөн байгаа нь ярьж илтгэж буйгаас нь тод харагдана. Энэ байдал 25 жил үргэлжиллээ. Төр хэмээх ерөнхий нэршлийг агуулж яваа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах байгууллагад хамаарч буй бүхэнд Үндсэн хуулийг зааж сургах ажлыг далайцтай явуулмаар байна. Үндсэн хууль зөрчөөд байгаагаа өөрснөө мэддэггүй болохоор энэ зөрчил нь хууль, зарлиг, тогтоол дүрэм журам болон гарч нийт иргэдийг дагаж мөрдөхийг албадсанаар улс даяараа Үндсэн хуулиа зөрчигчид болон хувирч байна. Манай нийгэмд гарч буй төрийн завхрал нь муу Үндсэн хуулиас биш, хуулиа төр өөрөө баримталдаггүй зөрчлөөс илүүтэй үүдэлтэй.

1990-1991 онд боловсруулж 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль нь өнөөгийн ертөнцийн үндсэн зарчим голдрилд нийцсэн, олон улсын жишиг баримталсан, нээлттэй иргэний нийгмийн санааг бүрэн агуулсан үнэлж үзүүштэй нийгмийн гэрээ юм. Гэрээ нь Монголын ард түмний хүсэл эрмэлзлийг шингээсэн, зөвхөн Монгол Улсын иргэдийн оролцоотойгоор хийгдсэн түүхэн бичиг баримт. Үүгээрээ урьд нь гарч байсан гурван хуулиас эрс ялгаатай. Гэхдээ Үндсэн хуулийг баталж байх үед нээлттэй нийгмийн тухай монголчуудын ойлголт туйлын хязгаарлагдмал байсан учир алдаа мадаг, ойлгомжгүй байдал, үл мэдэх явдал нийтийг хамарсан байснаар олон асуудалд тодотгох, нэмж засварлах, ойлгомжтой болгох шаардлага цагийн явцад буй болсоор буйг үгүйсгэмгүй.

ӨМЧИЙН ТАЛААР

Хуучин хуулиудаас эрс ялгагдах зарчим нь өмчийн тухай санаа юм. Урьдын хуулиудад хувийн болон хамт олны зэрэг олон төрлийн өмчийн хэлбэрийг хязгаарлах, дорд үзэх, хориглох, устгах санаа агуулж байсан бол шинэ Үндсэн хууль нь өмчийн бүх хэлбэрийг зөвшөөрсөн төдийгүй төр, нийгэм, шүүхийн өмнө төрийн гэгдэх өмчийг оролцуулаад өмчийн бүх хэвшил тэгш эрхтэйг нь тунхагласан хувьсгалт өөрчлөлт билээ. Өнгөрсөн туршлагаас харахад төрийн байгууллага, шүүх, хууль тогтоох болон гүйцэтгэх инстүүцээс Үндсэн хууль зөрчиж буй эрхийн актууд явж явж өмчийн асуудал дээр тулж ирж байна. Бүх зам Ром хүрдэг гэдэг шиг бүх маргаан зөрчил өмч дээр тулж байна.

Үндсэн хуульд нийгмийн хамгийн гол, эмзэг, маргаантай асуудлыг тун өнгөц, тодорхой бус тусгаж өгсөн нь дагалдах хууль болон шүүхийн шийдвэрт янз бүрээр тайлбарлагдаж байгаа юм. Ерөнхийдөө өмчийг хувийн ба нийтийн (төрийн) гэж хоёр ангилсан байгаа. Гэтэл алив нийгэмд хамгийн гол рольтой өмч бол олон нийтийн, хамтын, хувийн-олон нийтийн, Засгийн газрын, Засгийн газар-олон нийтийн гэх мэт. Өмч эзэмшигчийн хамгийн давуу тал нь захиран зарцуулах эрх юм.

Өмчийн олон хэлбэр тодорхойлогдоогүйгээс болоод хэн захиран зарцуулах эрхтэй нь олон янзаар тайлбарлагддаг. Иймээс хууль тогтоох инстүүц өөртөө захиран зарцуулах эрх булаан авсан тохиолдол маш их. Үндсэн хуулинд “төрд” гэх ерөнхий нэрийн дор харьяалагдах өмчийг “ард түмний мэдлийн төрийн өмч” гэж тодорхойлжээ. Энд “мэдлийн” гэдэг үг тодорхой бус учир “ард түмний” нэрийн дор аль ч бүлэглэл “мэдэж” захиран зарцуулах эрхийг булаацалдах ажгуу. Мөн төр гэдэг ерөнхий нэрийн дор буй чухам аль инстүүц захиран зарцуулах эрх эдлэхийг заагаагүй. Үндсэн хуулийн энэ доголдлыг түүнд нэмэлт оруулах хэлбэрээр арилгах бүрэн боломжтой.

ХУУЛЬ ТОГТООХ ИНСТҮҮЦИЙН ТАЛААР

Үндсэн хуулинд төрийн дээд эрх барих байгууллагыг УИХ гэж онцлон заасан. Үүнийг сэтгэлгээний энгийн түвшинд авч үзвэл, тодорхой бус заалт. Харин энэ заалтыг эрх зүйн онолын талаас нь, Үндсэн хуулийнхаа бусад зүйл, заалттай, тухайлбал, Нэгдүгээр зүйлийн 2-д “ … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалттай уялдуулан тайлбарлавал, УИХ нь гагцхүү тэрхүү дээдлэвэл зохих хуулийг тогтоох эрх мэдлийг хадгалдагийн хувьд төрийн дээд эрх барих байгууллага гэж тодорхойлогдож байгаа болохоос гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл рүү орж эрх хэмжээгээ хэтрүүлнэ гэсэн үг биш юм. Учир нь хуулийн нийт агуулга дотор Монголын төр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах бие даасан гурван өндөрлөгөөс бүрдэх санаа бүрнээ бий. Гэвч үүнийг санаатай болон санаандгүйгээр ашиглан хууль тогтоох байгууллагын зүгээс Засгийн газрын ажилд байнга оролцон, өмнөөс нь гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсээр явсан төдийгүй сүүлийн үед шүүн таслах ажиллагааг өөртөө наалдуулжээ. “Эрдэнэтийн 49 хувийн асуудал” гэгч дээр УИХ гомдлоо шүүхэд гаргахын оронд өөрснөө шүүн тасалсан шийдвэр гаргаж буй нь үүний тод илрэл билээ.

Хууль тогтоох байгууллага буюу ард түмнийг төлөөлж буй элч төлөөлөгчид хэзээ ч хаалттай хуралдаан хийж болохгүй. Энэ бол эрх зүйн аксиом. Улсын нууцтай холбоотой эмзэг асуудлыг Засгийн газрын хүрээнд, эсвэл тодорхой өөр төвшинд хийх ёстой. Нууц асуудал хэлэлцэх хаалттай хуралдааны явдал улам хүрээгээ тэлж хуйвалдааны хэлбэр рүү гулсаж байгааг бүгд анзаарч байгаа байх.

Үндсэн хуулинд төрийн дээд эрх барих инстүүцүүдийн хоорондын харилцааны дэг жаягийг тодотгож өгмөөр. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд нь Засгийн газартай зөвхөн сайдаар нь дамжуулж асуулга тавин харилцах ёстой. Элдэв шалгалт нэрээр Гүйцэтгэх засаглал руу шууд биеэр орон үүрэг даалгавар өгөх нь үгүйдээ л бие даасан инстүүцийн хэрэгт дураар орж буй хэрэг юм. УИХ-аас томилогдсон шалгалтын зэрэг элдэв комисс нь асуудал хариуцсан хүмүүсийг дуудан ирүүлж асуулга асуух, мэргэжлийн баг оруулан шалгуулаад дүнг сонсох ёстой. УИХ-аас томилогдсон иймэрхүү шалгалтын комисс мэргэжлийн бус хүмүүсээс бүрддэг ба тэд зориуд гуйвуулсан, учрыг олоогүй, хов жив цуглуулсан, хардаж сэрдсэн дүгнэлт гарган шуугиан үүсгэсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд олон давтагдлаа. Гэтэл Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д “УИХ … дараахь асуудлыг…. шийдвэрлэнэ” гээд түүний 8 дахь хэсэгт “хянан шалгах” гэж зааснаас үзвэл, ”хяналт шалгалт хийх асуудлыг шийдвэрлэх” гэсэн ойлголт байгаа болохоос, харин гишүүд өөрсдөө хянаж шалгана гэсэн өрөөсгөл ойлголт байхгүй болно.

СОНГУУЛЬ БА ХУУЛЬ САНААЧЛАХ ӨРГӨН БАРИХ ТАЛААР

Үндсэн хуульд бас нэг тодорхой бус асуудал буй нь сонгуулийн тухай заалт. Сонгууль бол ард түмэн өөрийн төлөөллийг сонгон хүсэл зорилгоо төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлэх, хуульчлах эрх юм. Чухам үүнд л ард түмний төрөө “мэдэх” утга бий. Үндсэн хуулинд “УИХ-ын гишүүнийг… шууд… сонгоно” гэсэн өгүүлбэрийг зөвхөн мажоритар хэлбэрээр сонгоно хэмээн санаатай болон санаандгүйгээр гуйвуулан ойлгох нь иргэд янз бүрийн хэлбэрээр төлөөлөгчөө сонгох олон хувилбарын бололцоог хааж байгаа юм. Сонгуулийн тухай хууль бол ардчилсан төрт тогтолцоонд Үндсэн хуулийн дараа орох амин чухал дүрэм мөн. Иймээс сонгуулийн үндсэн зарчмуудыг Үндсэн хуульд нэмэлт оруулах замаар тусгаж өгөх шаардлагатай байна. Бүх шатны сонгуульд сонгогдогч ард түмнийг төлөөлж байгаа юм бол сонгогчдын ядахнаа 50 хувийн санал авах ёстой. Одоо манай сонгуулийн хуулиар сонгогчдын буюу ард түмний 75 хувь нь түүний эсрэг байхад ард түмнээ төлөөлж шийдвэр гаргагчдын эгнээнд очиж байна. Ийм хүнийг ард түмний төлөөлөгч гэж үзэж болох уу?

УИХ-ыг тараах нөхцөлд Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр шийдвэрлэж болох заалт төрийн тогтворгүй байдал үүсгэх аюултай. Иймээс олон улсын жишгээр Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх бололцоогүй болж хүчний тэнцвэр хоёр талд адил болбол шинээр сонгууль явуулах нөхцөл үүсэхээр зааж өгмөөр.

1991 онд УБХ-аас оруулж ирсэн Үндсэн хуулинд УИХ-д суудал бүхий намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр байсан ч АИХ үүнийг бүх ард түмний сонгуулиар шийднэ гэж өөрчилсөн. Хэрэв Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдвол ийм хязгаарлалт байх ёсгүй ч тухайн үедээ дээрх заалтыг засч өөрчлөлгүй мартагдсан билээ. Бүх ард түмнээс сонгогдох Ерөнхийлөгчийн төлөө хуулинд заасан тодорхой болзол хангасан хэн ч нэр дэвших эрхтэй байх ёстой юм.

УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Гэвч өргөн барихдаа 15-аас доошгүй гишүүдийн дэмжлэг авсан, Хууль зүйн яам, Сангийн яамнаас санкци авсан байх ёстой. Өнгөрсөн туршлагаас харахад гишүүн бүр өөрийн нэрэмжит хуультай болохоор өрсөлдөн ач холбогдол муутай, эсвэл хуулийн болон санхүүгийн хувьд бололцоогүй олон хууль өргөн барьж хуульчилсан билээ.

ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах ба зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол түүнийг эгүүлэн татна гэж заажээ. Өдгөө УИХ нь гэмт хэрэгт холбогдсон олон хүний орогнох, шударга шүүхээс зугтаах газар болон хувирчээ. Гишүүн халдашгүй байдлаа хуулиар хамгаалуулах нь зөв ч эгүүлэн татах хуулийн механизмыг тодотгомоор байна. Үүнд гишүүн ямар нэг хэрэгт холбогдсон тухай хууль хяналтын байгууллагаас тодотговол гишүүн өөрөө УИХ-ын өмнө нээлттэйгээр тайлбар өгөх ба ингэснээр хяналтын байгууллагуудад түүний тайлбарыг шалгах эрх нээгдэнэ. Тайлбар үнэн нь батлагдахгүй бол түүнийг мөрдөн шалгах сэжигтэн, яллагдагчаар татах эрх нээгдэнэ. Дараа нь шүүхээр ороод гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол эгүүлэн татна. Ийм дэс дараалсан арга хэмжээ байхгүй бол цаашид ч төрийн эрх барих дээд байгууллагууд гэмт үйлдэлтнүүдийн хорогдон нуугдах газар байсаар байх болно.

ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТАЛААР

Шүүх эрх мэдлийн тухай асуудал байна. Шүүхийн онцгой эрх зөвхөн шүүхийн танхимд шүүх хуралдааны хэлбэрээр хэрэгжинэ гэдгийг тодотгомоор байна. Энэ нь шүүхийн зүгээс иргэд албан байгууллага хамт олныг айлгах, сүрдүүлэх явдлаас сэргийлэх юм. Шүүх хуралдааны үед шүүхийг эсэргүүцсэн, доромжилсон, үймүүлсэн тохиолдолд шүүх энэ үйлдэлд нь яллах эрхтэй. Шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн хүн ч биелүүлэх үүрэгтэй. Шийдвэрийг давж заалдана уу гэхээс үл тоомсорлож биелүүлэхгүй гэж заралбал шүүхээс ялыг нэмж өгөх ёстой.

Шүүхээс гадна УИХ, Засгийн газар, орон нутгийн сонгогдсон томилогдсон байгууллагуудын хуулиар зааж өгсөн байр саванд шийдвэр гарч байх ёстойг зааж өгснөөр төрийн эргэлтээс эхлээд элдэв хуйвалдаан, хууль бус шийдвэр гарахаас сэргийлэх ач холбогдолтой.

Улсын Дээд шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулснаар, бусад шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилох тухай Үндсэн хуульд заасныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч жинхэнэ Үндсэн хуулийн зарчим, утга санааг мөрдлөг болгон хэрэгжүүлж ирсэн бөгөөд харин дараа дараагийн Ерөнхийлөгч нар энэ заалтыг өөрсдийн субъектив санаа, үзэмжээр хэрэглэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон шүүгчдийн заримыг томилохоос татгалзах зэрэг үйлдэл нэг бус удаа гаргаж байв. Үндсэн хуульд зааснаар, шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг Ерөнхийлөгч өөрийн зарлигаар баталгаажуулах л учиртай болохоос нэр дэвшсэн аль нэг шүүгчийг үзэмжээрээ томилохоос татгалзах эрх түүнд Үндсэн хуулиар олгогдоогүй болно.

Ийм буруу үлгэр, жишиг тогтсоноор шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах Үндсэн хуулийн суурь зарчим алдагдан шүүгч, улмаар шүүх Ерөнхийлөгчөөс хараат болсоор удлаа. Энэ хууль бус жишиг цагийн аясаар хэвшил болон иргэд төдийгүй шүүгчид өөрсдөө хүлээн зөвшөөрсөн ойлголт, хэм хэмжээ болжээ. Энэ асуудлыг илүү тодотгомоор байна. Ер нь шүүгчийг иргэд сонгодог, эсвэл төрийн голлох инстүүцүүд хувааж аваад нэр дэвшүүлдэг зэрэг эрх мэдлийн хуваарилалт гаргаснаар Ерөнхийлөгч ганцаараа шүүх засаглал болчихдог байдлаас гармаар.

Дээд шүүх бол доод шатны шүүхийн шийдвэрийг авч үзэн засварладаг бас нэгэн шатны шүүх биш юм. Одоо манайд заргалдагч тал доод болон дунд шатны шүүхийг үл тоон хүлээж байгаад шууд Дээд шүүхийнхэнтэй тохирон нэг мөсөн өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг явдал бараг жирийн үзэгдэл болжээ. Дээд шүүх нь заргалдагч талуудын асуудлыг эргэж сөхөх биш, харин гарсан шийдвэр нь протоколтойгоо нийцэж буй эсэхийг хянах, тухайн асуудал одоо мөрдөж буй хуулийн тайлбараар аль нэг байдлаар шийдэхэд учир дутагдалтай бол шинэ тайлбар гаргах зэрэг үүрэгтэй. Үүнийг илүү тодотгомоор

БУСАД

Прокурор бол ерөнхий утгаараа Засгийн газрын өмнөөс ажиллах яллагч, гомдол гаргагч, нэхэмжлэгч байх учиртай учраас үүнийг Ерөнхий сайд томилдог олон улсын жишигт нийцүүлмээр.

Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн захиргааны шийдвэрт Засгийн газар хяналт тавих эрхтэй байх ёстой. Учир нь туршлагаас харахад сүүлийн жилүүдийн орон нутаг нь нийт улсын эрх ашгаас давсан, хууль зөрчсөн, хэт салан тусгааралсан шийдвэр гаргах явдал их үзэгдэх боллоо. Иймээс Засгийн газарт орон нутгийн хуулиас давсан шийдвэрт хориг тавих, цуцлах эрх олгох ёстой.

Үндсэн хуулийн Цэцэд өөрийн санаачилгаар асуудлыг сөхөн хэлэлцэх эрхтэй байхаар тодотгох шаардлагатай. Хуулинд буй “өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар” гэдгийг “иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу, мөн өөрийн санаачилгаар…” хэмээн завсар нь ганцхан “мөн” гэсэн үг оруулахад л болмоор мэт.

Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийг өөрчлөх болон нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл нэмэлт тодотгол хийх гэсэн бүхий л чармайлт энэ удаа бүтэлтэй болно гэдэгт огт итгэхгүй байгаагаа хэлье. Эргэн тойрноо хардаа… тээр!

2017.12.17

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 8 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хуульд нэмэлт (тодотгол) оруулах тухай” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Олон Улсын Валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нейл Сакертай хийсэн ярилцлагыг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг боловсронгуй болгох судалгаа хийгдэж байгаа” гэжээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбаттай хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс харах боломжтой. Тэрээр “Хэт их хөрөнгө, баялгийн араас явбал хүүхдүүдэд минь гай болно. Хүний нас, худгийн ус хоёр хэмжээтэй” хэмээжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабар “Үндсэн хуульд нэмэлт (тодотгол) оруулах тухай” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Өчигдөр Хууль зүй байнгын хороо хуралдаж дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Энэ талаар улс төрийн тавдугаар нүүрэн дэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оруулцуулсан бол торгоно гэсэн заалтыг хасахыг дэвжив” мэдээнээс уншаарай.

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирсан 27 уулчны арван долоон осолдож харамсалтайгаар амь насаа алдаж, арван уулчин ослоос эсэн мэнд үлдсэн билээ. Эдгээр эсэн мэнд үлдсэн арван уулчдын талаарх сурвалжилгыг баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс хүлээн авч үзээрэй.

Энэ жилийн 35 удаагийн “Болор цом” наадам Говь-Алтай аймагт болсон билээ. Өд, бэх XII нүүрнээс “Говь-Алтайн Болор цом наадмын сониноос” сурвалжилгыг сонирхон хараарай.

Монгол Улсын Орхон, Сэлэнгийн сав, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Тэсийн голын сав дагуу тархсан булгын талаар XIII нүүрт хэвлэгджээ. Булгын талаарх сонирхолтой, шинэ содон мэдээг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоол хүнсний бичил тэжээлийн дуталд орсон хүүхдийн оюуны чадамж 10-13 хувиар буурдаг гэв

Өнөөдөр Багш хөгжлийн ордонд “Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо. Тус арга хэмжээ нь “Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” болон сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөр гэх мэт өргөн хүрээнд болсон юм. Мөн тус хүрээн дэхь хуулийн заалтуудыг эргэн харж сайжруулах тал дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал солилцов. Энэхүү хэлэлцүүлэгт сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд болон бодлого боловсруулах, шийдвэр гаргах байгууллагын төлөөллүүд, хэрэгжүүлэгч байгууллагууд оролцсон юм. Тус шат шатны хүмүүст мэргэжилтнүүд хүүхдийн эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл өгөв. Мөн хэлэлцүүлэгт оролцож буй сургууль, цэцэрлэгийн байгууллагууд өөрсдийн санал санаачлагыг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд сургууль, цэцэрлэгт өнжих хугацаандаа эрүүл шим тэжээлтэй хооллох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Тус хугацаанд хүүхдүүд эрүүл хүнс хэрэглэж чадахгүй бол хоол хүнс бичил тэжээлийн дуталд ордог аж. Улмаар хүүхдүүдийн оюуны чадамжийг 10-13 хувиар бууруулдаг байна. Мөн хүүхдийн сурах чадварт нөлөөлж тогтоох чадвар, юм сурах эрмэлзлэлийг бууруулдаг аж. Бие Махбодийн хувьд давжаарах, таргалах болон аливаа өвчинд эрсдэлтэй болох цус багадалт, архит тусах гэх мэт маш олон эрсдэл байдаг гэлээ.

Энэ талаар НЭМҮТ өсвөр үеийн эрүүл мэнд хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Энхмягмараас тодруулллаа

Ихэнхи сургуулийн зоогийн газрууд хоолондоо чанаргүй хүнс хэрэглэх тохиолдол бий. Гэтэл зарим нь санаачлаад өөрсдөө эрүүл хүнс ашигладаг. Энэ талаар яриач?

Өөрсдийн санаачлагаар сурагчиддаа эрүүл хүнс өгдөг сургуулиудийг бид дэмжих хэрэгтэй. 2015-2025 он хүртэл хэрэгжих “Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” бий. Энэ хөтөлбөр дээр сургууль цэцэрлэгийн хоолны эрүүл орчин бүрдүүлэх асуудал бүлгээрээ бичигдсэн байгаа. Үүнд сургууль цэцэрлэгт хориглох хүнсний заалт ч гэж бий. Энэхүү заалтад хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй хоол хүнс, олон тосонд чанасан хорчийсон гэх мэт хоолууд орно. Мэдээж хүмүүс хүнийг хорлоё гэж бодохгүй. Гэхдээ энд ашгийн зөрчил гарч ирдэг байх. Үүнийг шийдвэрлэхэд хүн бүр эрүүл хоолны мэдлэгтэй болвол шаардлага тавьж эхэлнэ. Зоогын газрууд ашгаа бодоод муу хоол хийж өгөөд байх уу? Ирээдүй болсон хүүхэд залуус, хүн амынхаа эрүүл мэндийг авархын тулд зөв эко бүтээгдхүүнээр хийсэн хоол хүнсийг зарна. Энэ асуудал дээр бүгд хамтарч ажиллах хэрэгтэй.

Хүүхдийн эрүүл хооллолтын сэдвээр үр дүнд хүрсэн улс орнуудын жишээнээс харахад ихэнхи нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаардаг. Тэд үдийн цай, үдийн хоол тэр байтугай өглөөний хоол хөтөлбөртэй. Дээр нь сургууль амарсан үед амьдралын боломжгүй хүүхдүүдэд зориулсан зуны хоолны хөтөлбөрийг явуулдаг. Эмзэг бүлгийн хүүхдүүдрүү илүү анхаардаг юм. Мөн эрүүл хоол хийдаг аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлөх гэх мэт бодлогуудыг явуулдаг. Тэгэхээр энэ бас бодлоготой холбоотой асуудал юм.

Эрүүл хүнсний стандарт нь юу вэ?

Эрүүл хүнсийг заагдсан стандарттай байдаг. Өсвөр насны хүүхдүүд, насанд хүрэгчид, цэцэрлэгийн хүүхдүүд ахмад настан, хөхүүл болон жирэмсэн ээжүүд тус тусдаа стандарттай. Сургуулийн насны хүүхдүүд давс ихтэй бүтээгдэхүүн бага хэрэглэх хэрэгтэй. Стандарт нь тухайн бүтээгдэхүүнд Натрын хэмжээг 200 граммаас их байлгахгүй гэж зааснаар давсны хэмжээг багасгадаг. Сүүн бүтээгдэхүүнийг насанд хүрсэн хүн 3,2 хувийн тослогтой, хадгалах хугацаанд нь хэрэглэхэд эрүүл хүнс болно. Харин хүүхдийн хэрэглэх сүүн бүтээгдэхүүнд тослог 2,1 хувь гэж заагдсан байдаг. Хүүхдүүдэд илчлэг ихтэй бүтээгдхүүн хэрэглэвэл илүүдэл жин таргалалттай болдог. Тухайн бүтээгдхүүнээс авч буй нийт илчлэгийн хэмжээг тооцож үзээд тосноос авах илчлэг нь 30-35 хувь, сахарт 10 хувиас илүү гарах ёсгүй байдаг. Энэ заасан стандартаасаа илүү гараад явчхаараа эрүүл бус хүнс болж байгаа юм.

ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох: “Д амин дэмийн дутал бага насны хүүхдүүдийн 61 хүртэл хувьд нь байна”


2006 онд үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Журам нь 2007 онд гарсан. 10 жилийн дараа ямар нэг өөрчлөлт гараагүй гэж байна. Эрүүл мэндийн яамнаас ямар оролцоотой байна вэ?

Сургуулийн хүүхдүүдэд үдийн цай өгөх анхны санаачлага ЭМЯ-наас гарсан. Хүүхдийг эрүүл бөгөөд бие махбодийн хувьд өсөлт хөгжилтийн хувьд эрүүл оюун санааны хувьд чадамжтай болгоход хамгийн чухал нөлөөг үзүүлдэг нь хоол хүнс байдаг. Зүй зохистой, тэжээллэг чанартай аюулгүй хүнс хэрэглэхэд хүүхдийн өсөлт хөгжилт оюун санааны чадавхи сайн байна. Энэ үүднээс дэлхийн бусад орнуудын туршлага дээр үндэслээд эрүүл мэндийн салбар бол үдийн цай хөтөлбөрийг анх санаачлаад хамтрагч талууддаа бодит байдлыг тайлбарлаж танилцуулсны үндсэн дээр 2005 оноос эхлэн үдийн цай хөтөлбөр хэрэгжсэн байгаа. Гэхдээ гол зорилго нь өөрөө хүүхдийн өсөлт хөгжлийг зөв хангах байдаг. Гэтэл яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдалд хэр чанартай хоол өгч байна гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна. Зарим тохиолдолд хүүхдэд хэрэгтэй хоол хүнс өгч чадахгүй тохиолдол байдаг. Энэ нь сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд дээр гарч байдаг. Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон ЭМЯ яам хамтраад үдийн цай хөтөлбөрийг журмыг шинэчлэнэ. Энэ нь сургуулийн удирдлагын бизнес биш яг хүүхдийн төлөө чиглэгдсэн байх ёстой.

Хариуцлагын журам өмнөх журам дээр тодорхой байдаггүй байсан. Энэ журамд хариуцлагын асуудлыг гаргаж байгаа юу?

Одоо бол төсөл хэлбэрээр явж байгаа. Хариуцлагын асуудал буюу жишээлбэл бид нар гал тогоотой сургууль цэцэрлэгт шаардлага тавиад эхлэхээр тухайн газруудад мэргэжлийн хүн ажиллах хэрэгтэй болно. Сургуулийн орон тоонд байдаггүй болохоор ихэнхдээ түрээсийн байдлаар хэрэгждэг. Түрээсэлсэн газрууд гэрээний нөхцөл зөрчих юм бол ямар хариуцлага тооцох, цуцлах гэх мэт нарийн заалтууд бий.

Өнөөгийн Монгол хүүхдийн хоол тэжээлийн байдал хэр байна вэ?

Манай ЭМЯ-наас таваас зургаан жил тутамд нэг удаа үнэлгээ хийдэг. Тэр үнэлгээг хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаа явуулдаг. Тус судалгааг хамгийн сүүлд 2016 онд хийлээ. Энэ онд үр дүн нь гарсан. Бид энэхүү үр дүндээ түшиглээд эрх онд хоол тэжээлийн чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар хамтрагч талуудтай харилцан ярилцахаар эхний ажлууд нь явагдаж байна. Хоол хүнсний асуудал нь нэг байгууллагын хийдэг ажил биш. Жишээлбэл ЭМЯ бүх стандартыг нь гаргаж өгнө, Боловсролын салбар зохион байгуулалтын арга хэмжээ авна. Мөн хэрэглэх бүтээгдхүүнүүд нь олдоцтой, эрүүл байх тал дээр ХХАА-н яам оролцоно гэх мэт. Тэгж байж хүүхдүүдэд эрүүл чанартай хоол өгөх нөхцөл нь бүрдэнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт сургууль цэцэрлэгийн орчинд хүүхдэд хоол өгч байх явцад хоолны хордлогууд их гарч байгаа нь их анхаарал татаж байна. Жишээлбэл хоолны дэгдэлт гарсан байдлыг судалахад 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл байдлаар нийт гарсан хордлогуудын 40,7 хувь нь сургууль цэцэрлэгийн орчинд гарч байгаа юм. Эндээс сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдэд өгч буй хоол хүнсний чанар, аюулгүй байдлын асуудал бүрэн хангагдаагүй байна гэдэг нь харагдаж байна. Дээр нь туранхай, өсөлт хоцролттой амин дэм эрдсийн дутал төдийлөн буугаагүй.

Сургуулийн насны хүүхдүүдийн 12-13 хувь нь тарган байна. Энэ нь хоол тэжээлийн үзүүлэлт сайн байна гэсэн үг биш юм. Дэлхий дахинд хоол тэжээлийн дутлын нэг үзүүлэлт нь таргалалт гэж үздэг. Өсөлт хоцролт буюу намхан хүүхдүүд их байна.. Д амин дэмийн дутал бага насны хүүхдүүдийн 61, Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хүртэл хувьд нь байна. Бидний түгээмэл хэрэглэдэг гурил төмс мах гэх мэт хүнснээс өсөлт хөгжилтөд нөлөөлдөг нарийн эрдэс бодьсыг өдийлөн авч чаддаггүй. Энэ бичил бодьсыг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хүнсэнд оруулах гэх мэт олон ажлыг бид төлөвлөөд байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд эл өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн тунхагласны баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх болгосон билээ. Энэ өдөр Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 106 жилийн ой тохиох юм.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.19) хуралдаан 14 цаг 34 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, … -ийн өмнө эрх тэгш байна…”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, …” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 32 дугаар зүйлийн 32.3.5-д “… хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна…”, мөн зүйлийн 32.3.7-д “… энэ хуулийн 32.3.5-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй…” гэж заасны дагуу төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.

Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн нэрийн талаар ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан. Төсөлтэй холбоотой санал хэлэх гишүүн гараагүй тул төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэж буй эсэхээр ажлын хэсгээс тодруулга авсан. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооноос төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “…татан буулгахад хүргэхээргүй…” гэснийг “… татан буулгах нөхцөл бүрдээгүй…” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “… хяналт шалгалт, албадлагын арга хэмжээнд …” гэснийг “…хуульд заасан хяналт шалгалт, банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээнд …” гэж, тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзэж, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн найруулгыг өөрчлөхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Үүний дараа Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан “Монголбанк баталсан актаа ямар ч субьектээр хянуулахгүй боломж, нөхцөл рүү явж байна. Шүүх ч тэр, Хууль зүй, дотоод хэргийн яам ч мөн адил. Нийтээр дагаж мөрдөх болон тусгайлсан субьектийн эрхийг хөндсөн тохиолдолд эдний актыг хэн ч хүчингүй болгох нөхцөл бүрдэх гээд байна” хэмээгээд энэ зохицуулалтын үндэслэлийн талаар лавлав.

Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат хариулахдаа, Төв банкнаас захиргааны хэм хэмжээ тогтоосон эрхийг актыг гаргадаг. Өнөөдрийн нөхцөлд энэ төрлийн зарим акт Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлэхээр хянагдаж байна. Төв банкнаас гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоож буй нийтлэг акт гаргасныг салбарын яам буюу Засгийн газар нь хянаж байгаа нь Төв банкны бие даасан, хараат бус байдал алдагдаад байгаагийн нэг хэлбэр гэдэг зөвлөмжийг ОУВС-аас өгсөн. Энэ зөвлөмжид үндэслэн төслийг боловсруулсан хэмээн тайлбарлав. Хэлэлцэж буй төслийг дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар илэрхийллээ. Ингээд дээрх нэр бүхий гишүүдийн гаргасан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй тул төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 86.6 хувийн саналаар дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Иргэдийн түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.12.19/ Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ халаалтаа шийдвэрлэсэн байдлыг үзлээ.

Нийслэлийн гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч байна. Тэдгээрээс 20 мянга орчим нь цахилгаан халаагуур хэрэглэж, гэр бүлийнхээ халаалтын асуудлыг шийджээ.

Иргэн Т.Ганбаатарынх тэдгээр айлын нэг. Германд үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг 2 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Нүүрс худалдан авах, гал түлэх шаардлагагүй болсон. Агаарт хорт утаа дэгдээхээ больсноор ахуйн ариун цэвэр сайжирч мөн хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй болжээ.

Сүүлийн жилүүдэд айлууд халаалтаа цахилгаанаар шийдэх нь нэмэгдэж байгааг эрчим хүчний хэрэглээний хэлбэлзэл тод харуулж байна гэж ДЦС-ын удирдлага ярилаа.

Нийслэлд хамгийн багадаа 18 мянган айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэж үзвэл 50 мянга орчим тонн буюу 30 мянган портер нүүрсийг шатаахаа больсон байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдаас эхний ээлжинд гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, бага оврын уурын зуухнуудыг буулгах зорилтыг тавьж, чиглэл чиглэлээр ажил эхлүүлээд байгаа билээ. Нийт 3100 орчим бичил уурын зуух ажилладгаас 113 уурын зуухыг буулгана. Ингэснээр 59 мянган тонн буюу 40 гаруй мянган портер нүүрс шатахгүй, хорт утаа болохгүй гэсэн үг юм.

Сонгинохайрхан дүүрэгт 15 уурын зуух буулгаж, халаалт авдаг аж ахуй нэгж, байгууллага орон сууцнуудыг төвлөрсөн дулаанд холбоно. Тус дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох барилга угсралтын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Эдгээр уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбосноор нүүрсний хэрэглээ нь мөн л 10 мян/тн-оор буурч агаар мандалд хаягдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээг 13,7 мян/тн бууруулж чадна гэж мэргэжилтнүүд тооцож байгаа аж.

Ерөнхий сайдыг ОБЕГ-ын аврах тусгай ангид ажиллах үеэр аж ахуй нэгж, компаниуд 140,000-2,500,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуурын танилцуулга хийлээ. Утааг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд гэр хорооллын эрчим хүчний шөнийн тарифыг тэглэснээр иргэд цахилгаан халаагуурыг түгээмэл хэрэглэдэг болсон гэлээ.

Эдгээр ажлын явцтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх айл өрхүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гэр байшингаа сайтар дулаалж, дулаан алдагдлаа бууруулах, нүүрсний хэрэглээгээ багасгах, болж өгвөл цахилгаан халаагуур авч хэрэглэх гэх мэт арга хэмжээ авахыг ард иргэддээ уриаллаа. Улмаар хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж буй 220 мянган айл өрх, уурын зуухнуудын яндангийн тоог нь цөөлж, төвлөрсөн дулаанд холбосноор эхний ээлжинд 2019 он гэхэд хорт утааг 10 гаруй хувиар бууруулж чадна гэж тооцож байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд тавих шаардлагад өөрчлөлт оржээ

ЗурагБНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр тус улсад гэрээгээр ажиллажх иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орсон мэдээллийг хүргэжээ.

Тухайн нэмэлт өөрчлөлт ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд өмнөх заалт дээр нэмээд “Мэргэжлийн бус ажилчны буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил оршин суугаагүй байх” гэснийг нэмэлтээр оруулсан байна.

Энэ жилийн солонгос хэлний шалгалт өнгөрөгч долдугаар сард болсон бөгөөд нийт 8429 иргэн бүртгүүлснээс 5933 нь шалгалт өгч, 1635 иргэн тэнцсэн гэсэн үнэлгээг авчээ. Одоогоор эдгээр тэнцсэн иргэдээс өнгөрөгч аравдугаар сарын байдлаар 850 нь БНСУ-д үйлдвэрт гэрээгээр ажиллахаар яваад байна.

Categories
мэдээ нийгэм

Уул, овоо тахих ёсыг соёлын биет бус өвөөр бүртгэлээ

БНСУ-ын Чэжү арал дээр болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын 12 дугаар чуулганы үеэр “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг хэлэлцээд жагсаалтад бүртгэх шийдвэр гаргав.

Уул, овоо тахих зан үйлийг Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлээд байсан аж.

Ингэснээр манай улс Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад 14 дэх өвөө амжилттай бүртгүүлж байгаа юм.

Чуулганы үеэр “Тэнгэр аялгуу” хамтлаг чуулганд оролцогчдод зориулан Монгол үндэсний соёлын өвийн агуулгатай урлагийн тоглолт толилуулсан байна.