Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Отгонтэнгэрийн ослоос амьд үлдсэн уулчид одоо хүртэл “шок”-ноосоо гараагүй байна

-17 УУЛЧИН АМИА АЛДСАН ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ДУУСЧ, ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирсан 17 уулчин осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ оны аравдугаар сарын 21-нд гарсан билээ. Тухайн үед нийт 27 уулчин Отгонтэнгэр уул руу авирсан байдаг. Үүнээс арван уулчин ослоос эсэн мэнд үлдсэн юм. Амьд үлдсэн арван уулчин одоог хүртэл ослын талаар ямар нэгэн зүйл яриагүй байгаа. Хэргийг улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 17 уулчин харамсалтайгаар амь насаа алдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон гэнэ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид “Мөсөн хавтангийн нуралт үүссэнээс болж 17 уулчин амь насаа алдсан. Уулчид Отгонтэнгэр уулын орой дээрээс буухдаа хадтай хавцалын ирмэг хэсгээр явсан нь осолдох гол шалтгаан болсон байна. Талийгаач нар хавцал руу шидэгдэж амь насаа алдсан. Ослоос хүн амьд гарах ямар ч боломж байхгүй” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ.

Амьд үлдсэн арван уулчныг Улаанбаатар хотод авчирсны дараа шууд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэл сэргээн засах эмчилгээ хийлгэсэн байдаг. Одоогоор тэд бүгд тус тусынхаа ажлыг хийж байгаа аж. СЭМҮТ-ийн эмч нарын хэлж байгаагаар “Манай эмнэлгээр эмчлүүлсэн уулчид сэтгэл санааны гүн хямралд орсон байсан. Бид сэтгэл санааны сэргээн засах эмчилгээ хийсэн. Гэхдээ эмчлүүлэгчид шөнө нойргүйдэх, хар дарж зүүдлэх, өдөр нь сэтгэл санаагаар унаж, ослын талаар байнга бодох гээд маш хүнд байсан.Эмнэлгийн зүгээс шаардлагатай эмчилгээг хийсэн. цаашид арван уулчны сэтгэл хямралын асуудал өөрсдөөс нь шалтгаална” хэмээн хэлж байна лээ. Бид Отгонтэнгэр ууланд гарсан ослын талаар амьд үлдсэн уулчидтай уулзаж, заримтай нь холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байв. Мөн “Сэтгэл санааны хувьд одоо ч хүнд байгаа. Энэ талаар ярьмааргүй байна”гэх хариулт өгч байв. Амьд үлдсэн уулчдаас ослын талаар асуух үед царай нь хувирч, гар хөл нь салгалж байсан юм. Мөн тайвшруулах эм бэлдмэл ч ууж байгаа гэдгээ бидэнд хэлж байлаа. Уулчдын ар гэрийнхэн “Бидэнд ослын талаар одоо хүртэл ярихгүй байгаа. Юунаас болж осол гарсан гэдгээ ярихыг хүсдэггүй. Эмч нар ч энэ талаар битгий асууж шалгаагаарай гэж хэлсэн. Отгонтэнгэрт явж байх үеийн зургийг хүртэл үзүүлэхгүй байгаа” хэмээн ярьсан юм. өөрөөр хэлбэл, уулчид шокноосоо одоо хүртэл гараагүй байна лээ. Амьд үлдсэн арван уулчныг Отгон сумаас Улаанбаатар хотод авчирч арав гаруй хоног эмчилгээ хийсэн гэдгийг дээр дурдсан. Тэд эмнэлгээс гараад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг уншаад мөн л “шок”-нд орсон гэх мэдээлэл байсан юм. Мөн талийгаачдын ар гэрийнхэн амьд гарсан уулчид руу утсаар ярих, мессэж бичиж “Чамаас болж миний хань амиа алдсан. Та нар яах гэж ууланд авирах гэж явсан юм бэ. болж би хайртай хань, хүүхдээ алдчихлаа. Та нар яагаад сэтгэл гаргахгүй байгаа юм бэ” гэх зүйлсийг бичсэн тохиолдол ч цөөнгүй гэнэ.

“БИД ОТГОНТЭНГЭР УУЛАН ДЭЭР ГАРЧИХААД МАШ ИХ БАЯРЛАЖ ХӨӨРСӨН”

Хэргийг шалгаж байгаа Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нарт ослоос амьд үлдсэн арван уулчид хэргийн талаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаар бид сурвалжилснаа эргэн сануулахад “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking” уулын клубынхан хоорондоо ярилцаж байгаад Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр болжээ. Тэд жил бүрийн намар Монгол орны өндөрлөг ууланд бөөнөөрөө авирч байхаар тохиролцсон гэнэ. Мөн тус тусдаа ууланд авирч байхаар олуулаа явж ууланд авирах нь илүү үр дүнтэй хэмээн үзжээ. Ингээд аравдугаар сарын 17-ны өглөө Сүхбаатарын талбайгаас хөдөлцгөөсөн байна. Тэд Баянхонгор аймагт хоноглоод Завхан аймгийн Отгон сумын нутаг байгаль хамгаалагчийн гэрт аравдугаар сарын 2-ны орой ирцгээжээ. Байгаль хамгаалагчийн гэрт зарим нь хоноглож, гэрийнх нь гадаа майхан, машиндаа үлдсэн нь унтаад өглөө 07:00 цагт Бадархундага нуурын эхэнд машин, жолооч нараа үлдээгээд уул руу авирсан байна. Тэд орой 16:00 цагийн орчимд уулын орой дээр гарч зураг хөргөө авахуулжээ. Энэ талаар уулчид “Бид уулын орой дээр гараад маш их баярлаж хөөрсөн. Үнэхээр сайхан хайрхан юм аа. Ёстой сайхан байна. Алив миний зургийг дараарай. Ажлынхаа туг далбаатай зургаа авахуулна шүү. Бөөнөөрөө зургаа авахуулъя” гээд л аз жаргалаар дүүрэн байсан. Зорьсон хэргээ бүтээгээд үнэхээр гайхамшигтай сайхан мэдрэмж төрж байлаа. Бүр зарим нь уулан дээр гараад уйлсан шүү. ингээд бид цаг гаруй болсны дараа гурван олсонд ороод буухаар болсон. Ахлагч Сүрэнжавын ахалсан багийнхан эхлээд буусан. Араас нь найман хүний бүрэлдэхүүнтэй баг уулын уруу цасан дээгүүр буусан. Бид ч араас нь буусан. Манай багийн ахлагч аппаратаа далд хийх гээд хэдхэн секунд зогссон. Гэнэт л тэнгэр нүргэлж байгаа юм шиг дуу чимээ гараад тас хийгээд л явчихсан. цагаан манан татаад л хүмүүсийн хашгирах дуу сонсогдсон. Хоёр олсны 17 хүн бүгд нүдний өмнө цас мөстэй хамт хашгиралдаад л уулын хавцал руу унасан. Хүмүүсийн хашгирч орилж байгаа дуу одоо хүртэл надад сонсогдох шиг болдог. Тэр дундаа талийгаач Б гэх эмэгтэйн ээжээ гээд маш чангаар хашгирсан дуу дандаа бодогдоод зүрх зүсэгдэх шиг болдог юм. Хэдхэн секунд “шок”-нд орсон. Яг үнэндээ бүгд хавцал руу нисэж хашгирч байгаад чив чимээгүй болсон. Хашгирах дуу дахиж ерөөсөө сонсогдоогүй. Бидний урд явсан хүн урагшаа аажуухан алхаад хавцал руу тонгойж харсан. Гэтэл дахиад мөс цөмөрч хавцал руу унасан. Хавцал руу хүчтэй татагдаж бүгдээрээ унах шахсан. “Хавцал руу унасан хүн хашгираад бид ч дагаж хашгираад хойшоо зүтгэсэн. Ёстой л өөрт байгаа бүх хүчээ шавхаад л зүтгэсэн. Хэн нэг нь л буруу хөдөлбөл бүгд хадан хавцал руу нисэх аюул байсан. Бага багаар арагшаа цахалж татсаар арай гэж унасан нэгнээ гаргаж ирсэн. Бид маш их айж сандарсан. Шөнөжин зогсоогоороо хоносон. “Амьд л гардаг юм шүү. Тэсээрэй” гэж бие биенийгээ зоригжуулж байсан. Гар, хөл эхнээсээ хөшиж, хайрагдсан. арай гэж л үүр цайлгасан. Амьд үлдсэн уулчид гар, нүүрнээсээ эхлээд маш олон газраа хайрагдаж, бэртэл гэмтэл авсан. Амьд гарахын төлөө, амьдрахын төлөө тэмцэлдэж үүр цайлгасан даа. Арай гэж уулнаас буусан. өгсөж ирсэн замаараа бууцгаасан. тусламж дуудаж, хоёр туршлагатай уулчин маань эргээд Отгонтэнгэр рүү явсан. цасан нурангинд нэг ч хүн амьд үлдээгүй гэдгийг бид анхнаасаа мэдэж байсан. Хайран сайхан хүмүүс харамсалтайгаар амь насаа алдсан. Тэд амь насаа алдахаас хэдхэн минутын өмнө бүгд инээлдээд л аз жаргалтай байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна лээ. Тэд мөн “Байгаль орчны байцаагч биднийг уул руу битгий гар гэж хориглосон. Дөрвөн эмэгтэйгээ машинд нуусан байсан” гэх зэргээр худлаа ярьсан байна лээ. Биднийг уул руу гарахад хэн ч хориглоогүй гэж цагдаа нарт мэдүүлсэн аж.

Отгонтэнгэр ууланд гарсан ослоос амьд гарсан арван уулчин хэзээ нэгэн цагт ослын талаар ярих биз ээ. Олон асуултын хариултыг тэд хэлж, тухайн үед болсон зүйлсийг нарийвчлан олон нийтэд ярих байх. Одоогоор сэтгэл санааны гүн хямрал нь гараагүй, өдөр хоногуудыг хар дарсан зүүд шиг л өнгөрүүлж байгаа гэсэн. цасан шуурганы дараа тэнгэр цэлмэдэг шиг удахгүй бүх зүйл сайхан болох биз ээ. Сэтгэлд үлдсэн гүн шархыг цаг хугацаа л анагаадаг билээ.

Categories
мэдээ спорт

П.Орхонд “Алтан соёмбо” шагналыг гардуулжээ

Гавьяат тамирчин П.Орхонд Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс “Алтан соёмбо” шагнал болон “Sunshine vilage” хотхонд байрлах 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүр гардуулав.

Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчин П.Орхон Францын Парис хотноо чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Түүний гаргасан өндөр амжилтыг Монголын төр засаг үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол тэмдгээр шагнасан бол “Батсол” компани шинэхэн дэлхийн аваргыг “Ланд круизер-200” автомашинаар урамшуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүл хотын Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов

Сөүл хотын Боловсролын газрын үйл ажиллагаатай  танилцаж, туршлага солилцов

БНСУ-ын Сөүл хот, Ёжү хотын Боловсролын газар, Улаанбаатар хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан баг Сөүл хотын Боловсролын газрын урилгаар тус хотод айлчилж, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Албн ёсны айлчлалд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлал боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгах, тус улсын туршлагаас суралцаж, илүү үры дүнтэй ажиллах шинэ боломжуудыг судалсан, үр ашигтай айлчлал боллоо.

БНСУ-ын Боловсролын газрын дарга Чу Хи Ёнь төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад санал бодлоо солилцон, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд багш нарын дунд сургалт зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг тэтгэлэгт хамруулах, компьютер бэлэглэх зэрэг олон ажил хийгдсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгахын тулд танай улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ шинэ боломжууд бий болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Төлөөлөгчид Сөүл хотын Боловсролын газрын номын сангаар айлчиллаа. Номын санд орон орны ном, сурах бичиг байсан ба нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тус хотод суралцдаг монгол хүүхдүүддээ зориулж ерөнхий боловсролын бага ангийн сурах бичгийн багцыг номын санд хандивлахаар болсон.

Түүнчлэн Сөүл хот дахь Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн захирал И Ган Э-д талархлаа илэрхийллээ. Тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын тулгамдсан асуудлын нэг нь хүүхдүүдийн боловсролын талаарх асуудал байдаг. Энэ тал дээр харамгүй сэтгэл гаргаж, тусалж байгаад талархаад хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүссэн юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас санаачлан Сөүл хотын Самюк эрүүл мэндийн их сургууль, Ёжү хотын их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 37 удирдах ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан удирдах ажилтнууд хөтөлбөрийн дагуу БНСУ-ын боловсролын тогтолцоо болон боловсролын салбарт гарч буй ололт амжилт, шилдэг туршлагатай танилцах танхимын сургалтад хамрагдахаас гадна БНСУ-ын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдээр зочилж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.

Мөн Монгол Солонгосын боловсролын байгууллагуудын хооронд шууд харилцаа хамтын ажиллагаа тогтоох бүтээлч ярилцлагууд өрнөж байлаа гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөрчил маргаангүй 1691 иргэний газар өмчлөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэжээ

Нийслэлийн иргэдэд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян гурван сарын турш зургаан дүүргийн 53 хороонд амжилттай хэрэгжиж дууслаа.

Аяны хүрээнд нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 1691 иргэний газар өмчлөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн бол 880 иргэний хүсэлт нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна.

Аянаар зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн газраа өмчилж авах боломжийг бүрдүүлсэн юм.

Он гарсаар эхний найман сарын хугацаанд 2402 иргэний газар өмчлөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн бол аян хэрэгжсэн гурван сарын хугацаанд 2571 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Энэ нь аян зохион байгуулснаар иргэдийн газраа өмчлөх идэвхийг сэргээсэн гэдгийг тоон үзүүлэлт харуулж байна.

Гурван сарын аян хэрэгжиж дууссан ч газар өмчлөлийн ажил хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайтууд шилдгүүдээ тодруулна

“Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 28-ны өдөр 14 цагаас Улсын драмын эрдмийн театрт болно.

Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна.

Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Веб авардс-2017” цахим салбарын оны тэргүүн наадмын үеэр

  1. Мэдээллийн шилдэг сайт
    2. Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
    3. Нийгмийн хариуцлагыг дэмжигч сайт
    4. Төсөл хэрэгжүүлэгч шилдэг сайт
    5. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
    6. Шилдэг Вэб хөгжүүлэгч
    7. Онлайн худалдааны шилдэг сайт
    8. Зар сурталчилгааны шилдэг сайт
    9. Шилдэг “Start up” төсөл
    10. Төрийн байгууллагын шилдэг сайт
    11. Орон нутгийн шилдэг сайт
    12. Шилдэг Дебют сайт
    13. Шилдэг жиргээч
    14. Шилдэг Facebook цахим хуудас зэрэг номинациар шилдгүүдээ тодруулж, цом, өргөмжлөл гардуулна.

Мөн үүний зэрэгцээ

1. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалт
2. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэр
3. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагч
4. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрч
5. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгч нарыг тодруулж, алдаршуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гагнуурчин хүү Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдээр тодорлоо

Гагнуурчин хүү Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдээр тодорлооТехник технологийн политехник коллежид Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдийг тодруулж, шагнал, батламжийг нь гардууллаа.

Шагналыг гардуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Өмнөх жилүүдэд Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт нэг дор гардуулдаг байсан. Энэ жилээс сургуулиудаар өртөөлчилж гардуулж байгаагийн нэг нь өнөөдөр Техник технологийн политехник коллеж дээр болж байна” гэлээ.

Бүтээлч байдлаараа тодорсон долоон хүүхдээс Техник технологи политехник коллежийн гуравдугаар курсийн оюутан Ж.Жанлав-Ойдов шалгарч, Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхэд боллоо. Ж.Жанлав-Ойдов нь тус сургуульд гагнуурчин мэргэжлээр суралцдаг бөгөөд сургуулийн аварга гагнуурчин, Монгол ур чадвар тэмцээний аваргаар тодорч, Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон Дэлхийн ур чадвар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Тусгай байр, Үндэсний ялагчийн хос медальтай ирсэн юм.

Тэрбээр тэмцээний бэлтгэлээ Оюутолгой компани дээр бэлдэж, дэлхийн тавцанд амжилт гаргасан учир тус компанид ажиллах урилгыг гардан аваад байгаа ажээ. Ж.Жанлав-Ойдов өөрийн хийсэн ажлуудыг үе тэнгийнхэндээ тайлбарлахын сацуу “Тусалж дэмжсэн багш нар, сургуулийн хамт олон, гэр бүлийнхэндээ болон Дэлхийн ур чадвар тэмцээний баг хамт олонд маш их баярлалаа” хэмээн талархлын үг хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх ба дасан зохицох” Ази, Номхон далайн бүсийн хотуудын 3 дугаар форумд оролцлоо

 “Уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх ба дасан зохицох” Ази, Номхон далайн бүсийн хотуудын 3 дугаар форумд оролцлоо

Вьетнам улсын Хошимин хотод “Уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх ба дасан зохицох” уриан доор зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн хотуудын 3 дугаар форум (Resilient Cities Asia Pacific/RCAP 2017)-д Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо.

GIZ, UNDP, USAID зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр ICLEI- (Хойд болон Зүүн Хойд Ази) – Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргаад- олон улсын хотуудын холбоо болон Вьетнам улсын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас зохион байгуулсан тус арга хэмжээнд оролцоход ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслөөс дэмжлэг үзүүлсэн. Форумын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Ц.Булган, Үндэсний хөгжлийн газрын зөвлөх С.Намжилмаа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг болон Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа нар оролцов.

Азийн 40 орчим хот, 10 гаруй олон улсын байгууллага оролцсон “Уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх ба дасан зохицох” Ази, Номхон Далайн бүсийн хотуудын 3 дугаар форумаар хотуудын дасан зохицох үйл ажиллагаанд НҮБ-ын Уур амьсгалын хэлэлцээрийн COP 23-ын үзүүлэх үр нөлөөг хэлэлцэх, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох, туршлагаа хуваалцах, тэр дундаа хотуудыг дасан зохицох үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зоригжуулж дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Форум нь үндэсний болон нутгийн түвшний төлөөллийг оролцуулан уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулахад тухайн улсын оруулах хувь нэмэр (Nationally Determined Contributions/NDCs) болон 2015 оны Сэндайн Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлэлцээр (Sendai Framework for Disaster Risk Reduction)-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх чухал үйл арга хэмжээ болсон.

Форумын үеэр зохион байгуулсан олон тооны салбар хуралдаанаар Парисын уур амьсгалын хэлэлцээр болон NDC-ийг хэрэгжүүлэхэд хотуудын оруулах хувь нэмэр, хотуудын уур амьсгалын сөрөг нөлөөллийг тэсвэрлэх чадвар (Urban Resilience)-ыг дээшлүүлэх, хотуудын дасан зохицох (adaptation) болон сөрөг нөлөөллийг сааруулах (mitigation) үйл ажиллагааны төлөвлөгөө, хотуудын хүчин чармайлтыг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотуудын төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх, банк санхүүгийн байгууллагуудтай холбох, нөөцийн цогц менежмент буюу Нэксус хандлагыг хэрэгжүүлэх замаар хотуудын нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хотуудын захын бүсийн эко системийн ач холбогдол, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх тал дээр хотуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг олон чухал асуудлыг авч хэлэлцсэн. Тухайлбал “Азийн хотуудын нөөцийн цогц менежментээр циркуляр/тойрог эдийн засгийг дэмжих нь” сэдэвт салбар хуралдаанаар нийслэлийн төлөөлөл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй зарим төсөл арга хэмжээг (барилгын дулаан техникийн шинэчлэл хөтөлбөр, цэвэр бохир усны менежментийг сайжруулах, саарал усыг эргүүлэн ашиглах төсөл зэрэг) танилцуулж өөрсдийн туршлага, сургамжаа бусад Азийн хотуудад танилцуулсан.

Мөн энэ салбар хуралдаанаар циркуляр эдийн засаг, хотуудын тогтвортой хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд ус, эрчим хүч, хатуу хог хаягдал болон хүнсний нөөцийн хоорондын нягт хамаарлыг харуулах, Нэксус хандлагыг олон төлөөллийн оролцоотойгоор нэвтрүүлэх боломжийг танилцуулсан юм.

Салбар хуралдааны төгсгөлд зохион байгуулсан ‘Панелист’ хэлэлцүүлгээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох байгалийн нөөцийн тогтвортой менежмент, салбарын яамд болон хотуудын хамтын ажиллагаа, ногоон хөгжлийн стратеги болон хотуудын хөгжлийн мастер төлөвлөгөөний хоорондын уялдаа холбоо, тогтвортой хөгжилд хүрэхэд нөөцийн цогц менежментийн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг улс орнуудын үндэсний түвшний болон хотуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж байж болох зарим гарц шийдлийг тодорхойллоо.

Энэ сарын 7-8-нд буюу хоёр өдөр үргэлжилсэн “RCAP 2017” форумын үр дүнгээр “Хошиминий тунхаглал” баримт бичгийн төслийг хэлэлцэж санал нэгтэйгээр баталсан. Энэ баримт бичгийг ирэх жил Индонезийн Куала Лумпур хотод зохион байгуулах World Urban Forum болон 2018 онд Канад улсын Монреал хотод зохион байгуулах ICLEI World Congress-ийн үеэр танилцуулахаар тогтсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хоггүй Хан-Уул” аяныг амжилттай хэрэгжүүллээ

Хог хаягдал нь хөрсийг бохирдуулж халдварт өвчин үүсэх гол хүчин зүйл болдог. Хүн амын дунд тархаж буй нийт халдварт өвчний 20-30 хувь нь орчны бохирдолтой шууд хамааралтай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг. Хог шороотой орчинд амьдардаг хүмүүсийн дийлэнх хувь нь бие бялдрын хөгжил дутуу, ямар нэгэн харшлын өвчтэй байх нь түгээмэл байдаг аж. Энэ ч утгаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага “Эко буюу Ногоон хөгжил”-ийг эрэлхийлэх болсон. Утаа, ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хог Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин бохирдох үндсэн шалтгаан юм. Тэгвэл Нийслэлийн 9 дүүргээс хог хаягдалтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй дүүрэг нь Хан-уулынхан. “Хоггүй хороо”, “Хороо сайхан бол Хот сайхан”, “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ”, “Хог хаягдлыг ангилан ялгах” аян гээд олон ажлыг 2017 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж 225 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр ажлын үр дүнд Хан-уул дүүрэг хур хогноосоо салж чадсан байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд дээрх ажлууд хийгдсэн. 1726 аж, ахуйн нэгж, 10 мянга 462 иргэн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эко дүүрэг” зорилтыг дэмжиж хог хаягдлаас салах олон нийтийн ажилд идэвхтэй оролцжээ.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн иргэдэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчилж, хогийг ангилан ялгахын ач холбогдлыг таниулах ажлыг хороо бүрт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Хог хаягдлыг түүгээд өнгөрөх бус иргэдийн ухамсарт нөлөөлөх алхмуудыг “Хоггүй хороо” аяны хүрээнд хийсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэр цэмцгэр байлгахад чухал нөлөө үзүүлсэн.

Тоос шороогүй, хог хаягдалгүй цэвэр цэмцгэр орчныг бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 36 мянга 300 мод тарьсан байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нэг жилийн хугацаанд чамлахааргүй олон ажлыг хийсэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж 75 хувиар нэмэгдсэн бол зүлэгжүүлэлт 20 хувиар нэмэгдсэн, цэцэрлэгжүүлэлт 6,1 хувиар нэмэгдсэн сайхан мэдээ мэдээлэл байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Байнга дэвсэлж, дарлаад, өөрийнхөө эрхшээлд байлгана гэж байхгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Гэтэл хоёр хаалганы цаана Ж.Батзандан гишүүн та хоёрын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байлаа шүү дээ. Нээлттэй хэлэлцүүлгийг дуустал ядаж Их хурал хүлээж болоогүй юм болов уу. Энэ хэр ёс зүйтэй үйлдэл болсон гэж харж байна вэ?

-УИХ маш том хорт хавдар туссанаа харууллаа. Яаж ард түмнээсээ хол байх, ард түмнээ сонсохгүй байх, дураараа дургиж болдгийг харууллаа. Уг нь хоёр ч байнгын хороогоор хэлэлцүүлэх байсан ч хэлэлцсэнгүй.

Цаашлаад Нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийх байсан ч хийлгэсэнгүй. Тусгай хяналтын дэд хороо ч хуралдсангүй. Ум хумгүй асуудлыг хүчээр шийдээд явчихлаа. Хаалттай нэрийн цаана ямар ч хэлэлцүүлэггүй Б.Хурцыг томилохыг дэмжсэн байна лээ. Ямар нэгэн хэлэлцүүлэг явуулахгүйн тулд зориуд ийм алхам хийсэн.

Энэ нь Их хурлын сул байгааг, ард түмнээсээ айж байгааг, шударга бусын талд байгаа гэдгээ нотолчихлоо. Одоо бид хөдлөх цаг болсон.

-Цаашид энэ тогтолцоог засахгүй бол улам даамжрах үүд хаалгыг нээж өглөө хэмээн ярьж байна…

-Бид сонгууль бүрийн дараа энэ бүхнийг засна гэж тайвширдаг. Одоо тэгж хүлээх цаг биш. Гэтэл Үндсэн хууль том дайрлагад өртчихлөө. Үндсэн хуулиа өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өөрчлөх гэж оролдож байна. Бид 1937 оны хэлмэгдүүлэлтийг л ярьдаг. Харамсалтай нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шинэ үеийн хэлмэгдүүлэлт бий болчихож. Хэлмэгдүүлдэг тогтолцоо, бүхэл бүтэн махны машин ажилладаг болчихсон юм байна. Үүнд хэн ч гэсэн өртөхгүй гэх баталгаа алга. Шударга бус нь шударга ёсныхоо дээр гарах нөхцөл бүрэн байгаа гэдгийг харууллаа. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр тэр бүх түүхүүдийг анх удаа сонслоо.

Өмнө нь ийм тийм янз бүрийн өргөдөл байна гэдэг сураг сонсогддог байсан бол жинхэнэ гэрчүүдийнх нь яриа сэтгэл сэртхийлгэж байсан. Түгшүүрийн дохио хангиналаа. Ард түмэн хөдлөхгүй бол болохгүй нь.

-Ард түмэн хөдөлнө гэхээр яг яах ёстой юм. Нээлттэй хэлэлцүүлэгт ирсэн хүмүүсийн ярьж буйг сонсоход хэцүү л байна лээ?

-Бид олны өмнө ил байдгаар нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тэгж гэнэ. Тэр сайд, энэ гишүүнийг тэгжээ гэхэд “Больж муу хог”-ийг гээд бахаа хангаад явдаг байж. Гэтэл жирийн албан хаагчид, бизнесмэн, дургүй хүмүүсээс өшөө авах систем дээшээ доошоо нэвт явчихсан. Өнөөдөр хэн ч энэ тогтолцооны эсрэг явлаа гэхэд амь нас, эрүүл мэнд нь баталгаагүй болчихсон юм байна. Энэ байгалийн гамшиг биш. Хүний гамшиг. Эдгээрийн цаана хүн л байдаг.

Нээлттэй хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс нэр бүрээр нь зааж, оноож хэлж байсан. Тэдний ярьсан баримт бүрийг нягтлаад арга хэмжээ авч болно. Хүний бий болгосон гамшгийг ярилцаж, хэлэлцэж байж өөрчлөх ёстой. Гаргалгаа гарцны төлөө сэтгэл нэгдэн ажиллах ёстой.

Таны асуусанчлан хөдөлнө гэхээр юуны духанд хүрэлгүй гудамжинд гарч жагсахын нэр биш. Эхлээд хуулийн хүрээнд ажлын хэсэг гарах ёстой. Нээлттэй хэлэлцүүлгээс дүгнэлт гарсан. Үүнийгээ холбогдох газруудад нь танилцуулна. Хуулийн байгууллагынхан бүгдээрээ шударга бус болчихсон юм биш. Шударга бус нөхдүүд нь цөөхөн шүү дээ. Тэр цөөнх гагцхүү бүгдийг захирч, бүгдийг өөрийнхөө эрхшээлд оруулж, дарамталж, барьцаалж байна. Үүнийг өөрчлөх алхмыг хийх ёстой. Тодорхой хууль дүрэмтэй болох цаг болсон. Энэ бүхэнд саад болох юм бол хүссэн хүсээгүй гудамж руугаа гарна. Ард түмэн үгээ хэлнэ. Хүн хэзээ ч зүгээр сууж байгаад өөрийгөө элдвээр хэлүүлж, дэвслүүлнэ гэж байхгүй. Ардчилсан шинэ Үндсэн хууль чинь энэ тогтолцоог нь нээгээд өгчихсөн юм. Түүнээс биш үүнийг хамгаалж өнгөрөөд, цаг зуурын бэрхшээл мэт байж байгаад ард нь гарна гэж байгаа бол эндүүрч байна.

-Чуулганы хуралдаан хаалттай хуралдаж, Б.Хурцыг Элчин сайдаар томилсноор зорилго нь биелсэн гэдэг утгаараа Б.Хурц ялсан юм шиг харагдаж байна. Нөгөө талдаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж тэр олон хүнийг дуудан авч ирж яриулснаараа Ж.Батзандан гишүүн та хоёр ялсан юм шиг дүр зураг харагдаж байна. Та өөрийн нэр хүндийг сэргээлгэнэ гэсэн тэр асуудал юу болж байна вэ?

-Энэ ялах, ялагдахын асуудал биш. Ямартай үнэн зөв ялах нь хамгийн чухал. Магадгүй энэ бүх буруу булхай зүйлийг хийж байгаа хүмүүс хүчинд автаад үүнээс салахыг хүсч байгаа. Тэдэнд үргэлж ингэж нойргүй хонож байх шаардлага байхгүй шүү дээ. Шударга ёсны дээр, хүний зовлон дээр жаргал эдэлнэ гэж байхгүй. Энэ бүхэн сайн сайханд хүргэхгүй. Тушаал нэртэй хууль зөрчин өөрсдийг нь гэмт хэрэгтэн болгодог энэ тогтолцооноос залхсан байгаа. Эцсийн эцэст ард түмнээ ялдаг Их хурал гэж байхгүй. Ард түмнээ ялдаг бүлэглэл гэж байхгүй. Ард түмнээ ялдаг ямар ч албан тушаалтан, хөрөнгөтөн байдаггүй юм. Ард түмэн ялж л таараа. Ард түмнээр дамжуулаад цаашид ардчилсан тогтолцоонд үнэн зөв нь гарч ирнэ.

Миний хувьд ч гэсэн улаан цайм гүтгүүлж, эрхээ зөрчүүлж, элдвээр хэлүүлсэн. Хоёр ч удаа шүүхэд өгөөд хүлээж авсангүй. Ганц миний өргөдлийг ч тэгээд байгаа юм биш байна лээ. Н.Алтанхуяг даргын өргөдлийг мөн хүлээж авахгүй байна гэсэн. Шүүх хурал дээр гүтгүүлсэн хүмүүсийн өргөдлийг авахгүй байгаа гэж байсан л даа. Тэглээ гээд хаашаа холдох юм. Бид байж л байна. Энэ улс нүүгээд явчихдаггүй л юм бол оршин тогтносоор байна. Хуулийн засаглал оршсоор байна. Үнэн мөн нь тогтоогдоно. Эцсээ хүртэл тэмцэж байгаад нэр хүндээ, эрхээ сэргээлгэх болно.

-Цаашид иймэрхүү зүйл тохиолдохгүй гэх газаргүй. Тэр үед нь яах юм. Тогтолцоогоо шинэчлэхгүй юм уу. Энийг чинь ярьчих уу, яах уу гээд бүгдийг нь мэддэг юм шиг. Нөгөө талд нь хүнд хэлж болохгүй олон асуудал байгаа ч юм шиг дүр зураг бий. Ж.Батзандан гишүүний хэлснээр “бөлдөгдүүлчихсэн” мэт байх юм. Үнэн мөнийг нь хэлчих вий гэхээс үхтэлээ айж байгаа ч юм шиг…

-Ийм буруу жишиг тогтож, энэ буруу бүхэн цаашид үргэлжлэхгүйн төлөө бидний тэмцэл үргэлжилнэ. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр анх удаа тэр хүмүүсээс нөхцөл байдлын талаар сонссон. Тэр дагуу бид энэ тогтолцоонд бугшсан булхайг ил болгож арга хэмжээ авахуулна. Үүнээс бид алхам ч ухрахгүй. Бидний чадах зүйл, чадахгүй зүйл гэж бий. Тэд магадгүй ялж болно. Тэглээ гээд ард түмнээ л дарамталж байна гэсэн үг. Ард түмэн мөнх, албан тушаал эрх мэдэл хязгаартай. Мөнгө хөрөнгөтэй, хэвлэл мэдээлэлтэй байлаа гээд бүх зүйл нь хязгаарт багтдаг. Хэсэг бүлэглэл байлаа ч тэднийг давах хүч ард түмэнд байгаа юм. Үүнийг хэн ч эвдэж чадахгүй.

-Их хурал л Б.Хурц гэдэг хүнийг дэмжээд Элчин сайдаар явуулчихсан мэт хандлага харагдаж байна. Анхнаасаа Засгийн газар нэр оруулж, Ерөнхийлөгч дэмжиж, Их хурлаар зөвшилцөхөөр нэр өргөн барьсан биз дээ. Гэтэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх ч юм уу, Ерөнхийлөгч Х.Баттулга түүний нэрийг заавал оруулахгүй байж болох байсан байх, тийм үү. Юу гэх гээд байна вэ гэхээр Их хурал л буруутай юм шиг сэтгэгдэл төрүүлж байна л даа…

-Энэ бүхэн үнэнээрээ гарч ирнэ. Элчин сайдаар явлаа гэхэд тэр хүн хаашаа зугтах юм. Хуулийнхан хэнийг, хаанаас ч олоод ирнэ. Шударга бус зүйл болно, шударга нь болохгүй гэдэг хууль байхгүй. Монголд хууль, шударга ёс, ард түмэн байна. Байнга дэвсэлж, дарлаад, өөрийнхөө эршээлд байлгана гэж байхгүй. Хэн ч ингэж чадаагүй. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гарсан хэлмэгдүүлэлтэд хэнийг ч шийтгэлгүй, тоолгүй өнгөрч хүний эрхийн асуудал дээр буруу гарыг таслах алхам руу явах ёстой.

-Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр олон асуудал хөндөгдсөн. Хуулийн байгууллагууд үүнийг шалгах ёстой гээд байгаа. Гэтэл өнөө хүн маань томилогдох болзлоо хангачихсан. Их хурал буруу шийдвэр гаргачихсан уу. Энэ томилгоо Үндсэн хуулийн Цэц дээр очих уу?

-Хуулийн дагуу ямар ч үр дүн гарч магадгүй. Процесс дөнгөж эхэлж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг хэвлэлийнхэнд өгнө. Түүндээ бид ямар алхмууд хийхээ маш тодорхой бичсэн байгаа. Тэр дагуу явна.


Categories
мэдээ цаг-үе

Дэмбэрэлийн Өлзийбаатар: Төрийн шагнал авсныг маань манайхан зурагт үзэж мэдсэн байна лээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч бямба гаригт Төрийн шагнал хүртсэн түүхч Д.Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө.


-Энэ жилийн Төрийн шагналыг монгол түүхийнхээ жимээр зорчсон эрхэм хоёр хүмүүнд олгосон нь нүдээ олсон шагнал боллоо гэж шуугицгааж байна. Дэмбэрэлтэй сайхан өдөр өлзийтэй алтан одонг зүүлгэнэ гэж баатар их түүхээ судалж байв уу?

-Энэ их гэнэтийн шагнал байлаа. Би төрийн шагнал авна гэж бодож ч явсангүй. Мэдсэн ч үгүй. Монгол Улсын төрийн шагналыг энэ жил миний “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” гэсэн хоёр бүтээлд өглөө. Төрийн шагналыг бүтээлд олгодог юм байна. Дээрх хоёр сонсдог бүтээлийг 2013 оноос хийж, монголчууддаа хүргэсэн. Төрийн шагнал авсандаа баяртай байна. Монголчууд түүхээ хүндэлж дээдэлж байгаагийн нэг илрэл энэ байх.

-Төрийн шагналт түүхчид харьцангуй цөөхөн байдаг байх аа?

-Манай түүхчдээс Ш.Нацагдорж, Хөдөөгийн Пэрлээ, Оохнойн Батсайхан нарын олон биш хүн төрийн шагнал авсан байдаг. Дараа нь би авч байх шиг байна. Түүх, урлаг соёл, уран зохиолын бүтээлүүдэд олгодог гэдэг утгаараа их хүндтэй шагнал л даа.

-Санчирын хувьд шагнал авахаа мэдэлгүй очсон гэсэн. Та энгэр цоолохоо мэдэж байв уу?

-Хорьдугаар зууны түүхийг харуулсан баримтат кино хийхээр “Hero” студийн Баатар бид хамтарч ажиллаж байгаа юм. Энэ талаар л хуралдана гэж дуудсан. Хуралд сууна гээд өглөө гэрээсээ гараад санамсаргүй очсон. Очсон чинь л шагнал болоод явчихсан. Ерөнхийлөгч бидний бүтээлийг тааллаараа ойлгож явдаг юм байх л даа.

-Таны сонсдог ном бестселлэрийг олон сар тэргүүлсэн. Гурван жилийн өмнө нээлтэнд нь УИХ-ын дарга асан З.Энхболд очихдоо “Түүх бол сайн нь ч бидний багш, муу нь ч бас багш” гэсэн гэдэг. Түүх нэлээд сонирхдог хүн л ингэж хэлнэ дээ?

-Энхболд дарга чинь түүх их сонирхдог хүн. “Монголчууд” номоо гаргах гээд санхүүжилт хайж явахад тодорхой хүмүүстэй холбон “Энэ хүнд туслаач” гэж захиж байлаа. Г.Бадамсамбуу бид хоёр 1996 онд “Шинэ цагийн товчоон” гэдэг дөрвөн цуврал анги түүхэн баримтат кино хийсэн юм. Тэр кинонд Энхболд дарга дэмжлэг үзүүлж байсан. Хорин жилийн өмнөх түүх хожим тэгж давтагдсан. Миний гол зорилго залууст эх түүхээ л мэдүүлэх юмсан гэсэн бодол. Түүхээ л мэдэж байж хүн эх орноороо бахархана. Манай түүхчид түүхийн номуудыг их сайн бичсэн. Саяхан гэхэд манай МУИС-ийн Түүхийн тэнхимийн захирал, Дэлгэржаргал доктороор ахлуулсан ажлын хэсгийн гаргасан Монголын эртний түүхийн таван боть байна. Би харин ямар хэлбэрээр түүхээ хүн ардад хүргэх вэ л гэж бодон сонсдог номын төрлийг сонгосон хэрэг.

-Хурал болно гэж очоод төрийн хишиг хүртчихэж. Ар гэрийнхэн чинь яаж мэдэв?

-Мэдсэн хүн байхгүй. Эхнэр ажилдаа явчихсан байсан. Гэнэтийн юм болсон болохоор бүгдээрээ сандралдсан. Манай гэр бүлийнхэн бүгд зурагтын мэдээ үзэж мэдсэн гэж байсан. Төрийн ордон руу ороход гар утас хураагаад авчихдаг болохоор шагнал авснаас бүүр хойно л гарч ирэхдээ л ярьсан.

-Ах дүү, хамаатан садан чинь сонсоод яаж байх юм?

-Аав, ээж маань эрт бурхны оронд явсан. Би эцэг эхээс гурвуулаа. Ах маань нэлээд эрт өвчнөөр өнгөрчихсөн юм. Дүү Өлзийсайхан маань хувийн бизнес хийдэг хүн. Аавын өлгий нутаг Хөвсгөлийн Арбулагаас, ээжийн нутаг Өвөрхангайн Хайрхандулаанаас хүмүүс баяр хүргэж ярьж байна аа. Уг нь манайх чинь аль дөчөөд онд хотод шилжиж ирснээс хойш би төрсөн юм шүү дээ.



Харцага Бальдир овогт Дэмбэрэлийн Өлзийбаатар

Д.Өлзийбаатар 1960 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1968-1978 онд нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, 1978-1982 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн ангийг түүхч-түүхийн багш мэргэжлээр, 1980-1982 онд МУИС-ийн англи хэлний оройн ангийг тус тус төгссөн. 1982-1983 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд түүхийн багш, 1983-1984 онд Улсын түүхийн төв архивт архивч, 1984-1988 онд НАХЯ-ны ЦДС-д түүх, нийгмийн ухааны багш, 1988-1990 онд НАХЯ-ны тусгай архивт судлаач, 1990-1991 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газарт төлөөлөгч, 1991-1993 онд Улсын түүхийн төв архивт мэргэжилтэн, дарга, 1993-1995 онд Цагаатгах ажил эрхлэх улсын комиссын дэргэдэх Хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995-2000 онд “М-Арбат” компанийн захирал, 2000-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга, 2013-2014 онд Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал, 2014-2017 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажилласан байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад хүчин зүйлсийн нөлөө” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ШУА-ийн дээд шагнал Хубилай хааны шагнал болон салбарын шагналуудаар шагнагдаж байсан. Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан, онц хилчин. “Монголчууд” сонсдог ном бүтээлээрээ олон түмний санал асуулгын дүнгээр шагнагддаг Жак Вотерфордын сангийн 2014 оны онцлох бүтээлийн шагнал хүртсэн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эцэг Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, МҮЭ-ийн байгууллагад алба хашиж байсан. Эх Ичинхорлоо Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, нэгдсэн III эмнэлэг зэрэг байгууллагад эмчээр ажиллаж байжээ.


-Төрийн шагналаа яаж мялаах гэж байна. Уран бүтээлч хүмүүс цол дагаж бяр гэдэг шиг даацтайхан бүтээлээ ард түмэндээ толилуулах гэдэг. Таны хувьд…

-Хүн чинь төрийн дээд шагнал авчихаар одоо юу хийх билээ гэж боддог юм байна. Хэдэн түүхчидтэйгээ, Гандангийн залуу гавьж Гантөмөр, Амгалан, Бямбажав нартай хамтарч “Монголын төр, шашны түүх” гэдэг томоохон бүтээлийг хийхээр судалгааны ажлаа эхлээд явж байгаа. Би XX зууны эхний хагасыг судалдаг шинэ түүхийн чиглэлийн хүн. Тиймээс өнгөрөгч зууны түүхийг багцалж бичих цаг нь ирчихсэн юм болов уу гэж бодож байгаа. Социализмын үеийн түүх яг хуучнаараа сурах бичигт явж байна. “БНМАУ-ын түүх” гурван ботийг таван боть болгож гаргах нь гаргасан юм. Яг хорьдугаар зууны түүхийг дангаар нь бичих түүхэн шаардлага бий. Энэ зуунд монголчууд босож ирсэн юм шүү дээ. Их Монгол Улсын үеийн түүхийг бид байтугай дэлхий мэдээд бичээд байгаа. Монголчууд Манжийн эрхшээлээс гараад социализмыг бүтээн байгуулах гэсэн түүхийг цаасан хэлбэрээр гаргах бодол байна шүү.

-Та одоо хаана ажиллаж байна?

-МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш хүн л дээ, би. Шагналаа тавдахь өдөр авсан болохоор шавь нартайгаа уулзаж амжаагүй л байна. Маргааш нөгөөдрөөс хичээлээ заах гээд очно. Түүхийн мэргэжлийн ангийнхан болон мэргэжлийн бус ангийнханд “Социализм ба БНМАУ” гэсэн сэдвээр хичээл заадаг. Бид хаанаас ирээд хаа хүрэх гэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Археологич Эрдэнэбаатартай хамтарч Монгол нутаг дахь эртний түүх дурсгал, археологийн олдвор бүхий газруудын талаар нэг сонсдог ном гаргахаар ярилцсан. Архангай, Баянхонгор, Булган гээд нэлээд аймгуудад судалгаа хийгээд явж байна.

-Та археологич Эрдэнэбаатарыг Хүннүгийн талаар агуу их нээлт хийсэн эрдэмтэн гэсэн байсан. Хүннүгийн булш, түүх дурсгалын гайхамшигт олдвортой газрууд урт гартнуудын довтолгоонд их өртөөд байдаг юм биш үү?

-Хөдөөгөөр явж байхад анзаарсан нэг зүйл бол Монгол Улсын төр засаг, хууль хүчний байгууллагууд анхааралдаа авмаар зүйл чинь наад хулгайн асуудал байна. Эртний түүхэн дурсгалт газруудыг үнэхээр их тонож байгаа. Мөнгө олохын тулд юуг ч хайрлахаа байсан. Хулгайн томоохон хэмжээний сүлжээ үүсчихсэн байдаг шиг байна. Гайхамшигт олдворууд монгол нутагтаа биш голдуу гадагшаа гарч байгаа нь маш аюултай үзэгдэл. Булш бунхныг тонох эртнээс улбаатай байсан. Гэхдээ бидний энэ үед бүүр газар авлаа.

-Металл хайгч барьж очоод сөрөг, нум сумны зэвээс өгсүүлээд үнэт эрдэнэсийн зүйлсийг хүртэл тоночихдог юм биш үү?

-Хулгайчид газрын гүнд 5-10 метрийн гүнд байгаа зүйлсийг илрүүлдэг багажтай явсан сураг байдаг. Үүнд орон нутгийнхны анхаарал хяналт сул, бараг тухайн нутгийнхан хамтарч хууль бус үйлдэл гаргаж байна ч гэж хардахаар байдалтай шүү. Археологийн шинжлэх ухаан чинь мөнгө их шаарддаг салбар. Эрдэнэбаатар доктор Архангайн Эрдэнэбулган сумын Гол модны булшнаас том сүйх тэрэг, морины тоног хэрэгсэл, алт мөнгөн эдлэлүүд олсон. Энэ бол түүхэн агуу нээлт. Үүний санхүүжилтийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өгсөн байдаг. Их эрсдэлтэй учраас хөрөнгөтэй улс археологид хөрөнгө оруулахаас цааргалдаг. Тэгэхэд Баттулга 150-иад сая төгрөгөөр тусалсан юм билээ.

-Монгол орон ч археологийн хувьд баян сантай байж магадгүй шүү?

-Манай археологичид, эртний судлалынхан “Яг монгол язгууртнууд олдохгүй байна” гэж ярьдаг юм. Дагалдах боол, албатуудынх нь хойлог болгоод явуулчихсан зүйл олддог.

-Хойлог болгоно гэдэг чинь юу гэсэн үг билээ?

-Томоохон язгууртнуудын хойд насанд үйлчлэх хүмүүсийг морь мал, идэх уух юмтай оршуулах ёслол шүү дээ. Ноён уулын булш бол тун чухал олдвор. Оросын эрдэмтэн Козлов том олдворуудыг аваачаад Санктпетербургийн Эрмитажид тавьчихсан. Ноён уулын бүс нутаг чинь археологийн олдворын өлгий. Тиймээс бид энэ Ноён уулыг маш их анхаарч хамгаалах ёстой. Тэнд байгаа түүх, археологийн олдвор хөрсөнд байгаа жаахан алтны судлын хэмжээгээр хэмжигдэхгүй. Тэр хавийг бүхэлд нь дархан цаазтай, төрийн тахилгатай болгох хэрэгтэй байгаа юм.

-Манай бичгийн мэргэд, утга зохиолын авьяас билэгтнүүдийн хамгийн их харамсдаг зүйл нь монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгаснаас болж хойч үе маань монгол бус хүмүүн болох нь гэсэн айдас. Түүхийн хичээлийн хувьд харин цаг нь овоо байгаа юу?

-Түүхийн хичээлийг өргөн цар хүрээтэй ормоор байгаа юм. Уран зохиолтой л адил манай түүх чинь бас хичээлийн хөтөлбөрөөс хасуулаад л явж байна. Түүхээ бид ойлгож, хүндэлж чадахгүй байгаагийн илэрхийлэл энэ. Монгол шиг цөөхөн хүн амтай, хоёр их гүрний дундаа ийм жижигхэн улсын хамгаалалт дархлаа бол түүхээ л мэдэх юм. Бид социализмын үед түүхээ их үзэл сурталжуулсан учраас ард нийтээрээ түүхийг үл ойшоох болсон. Одоо бол түүхийн талаархи ойлголт өөр боллоо. Бидний түүх асар баян, маш их сонирхолтой гэдгийг мэддэг болчлоо. Бидэнд монгол хэл, соёл, ёс заншил, түүх маань байна. Үүнийгээ л үр хойчдоо өвлүүлж үлдээхгүй бол харь орны соёлд уусахад амархан болсон.

Энэ цахим орчин хүмүүсийг өөрийн мэдэлгүй харь хүн болгож байна. Эл аюулыг бид олж харах ёстой. Их гүрнүүд “Зөөлөн хүчний бодлого” гэж их ярих болсон. Кино, урлаг соёл, хувцаслалт, телевизийн нэвтрүүлгүүдээр дамжуулан их гүрнүүд өөрийнхөө соёлыг аль нэг оронд шингээгээд байгаа.

Үүнээс болж өөрийн үндэсний бүхнээ голох, үгүйсгэх, өөрсдийгөө үл тоох, гадагш дүрвэх хандлага гарч байна. Өөрсдийн түүхээ үл тооно гэдэг эх орноосоо урвасантай адил ялт үйлдэл.

-Өнгөрөгч зун Өмнөд монголоороо явж байхад Шандуугийн Шар талд Хубилай хааны найман давхар асрыг бодитоор байгуулан, олон ангит киноны зураг авч байхтай таарлаа. Зураг авч дуусуут энэ орд аялал жуулчлалын төв болох юм билээ. Хилийн чинадад байдал ийм байхад монгол туургатны гал голомт манай улсад түүх, соёлоо огт тоохгүй л байх шиг байгаа юм даа?

-Одоо л манай улс үүх түүхэндээ анхаарах ёстой юм. Бидний хэдэн түүхч, уран бүтээлчид “Монголын эзэнт гүрний гайхуулгын ордон, цогцолбор” гэсэн нэг зүйл хийж бүтээх гээд ноднингоос хөөцөлдөөд яваад байна. Их Монгол Улсын үед Алтан ордны улс, Хүлэгүгийн улс, Цагадайн улс гэж ямар юм байсныг хараг гэж монгол нутагтаа ийм төсөл хийсэн. Монгол соёл чинь эндээс л тарсан шүү дээ. Хэдийгээр харь оронд суурьшиж олон жилийн хугацаанд тухайн улсад уусан ч гэсэн монголчуудын үлдээсэн өв их. Дэлхий нийт Монгол Улсыг яг л тэр үүднээс харж байна. Чингис хааны үлдээсэн их өвийг ганцхан өмнөд хөрш ч биш дорно дахин, Орос улс гээд бүгд л булаалдаж байна. Орос орон чинь монголчуудын байлдан эзлэлтэн доор нэгдэж босож ирсэн улс шүү дээ. Догшин Иван хүртэл монгол цусны хүн. “Оросыг сайн маажвал монгол гарна” гэдэг үг хүртэл байгаа биз дээ.

Бидэнд өвөг дээдсийн үлдээсэн их өв, түүх, хэл соёл, ёс заншил, байгалийн баялаг, олон сая мал байна. Энэ их баялгийг нийгмийн салбаруудад зөв хуваарилж чадвал хөгжих өргөн боломж байна. Хөгжлийн гол чиг нь түүх соёлоо л мандуулах. Их Монгол гүрний гол гол байгууламжуудыг эх нутагтаа сүндэрлүүлчихэд дэлхийн мэлмийг баясгаж, чихийг дэлдийлгэх аялал жуулчлалын их ирээдүй харагдаж л байгаа. Өмнөд хөршийн хувьд зөөлөн хүчний бодлогыг мөнгөөр хүчтэй явуулж байна л даа. Хубилай хаан гэдэг чинь өнөөгийн Хятадыг бий болгосон хүн шүү дээ.