Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн ОБГ “Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллага”-аар шалгарлаа

Зураг

Монгол улсын хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн сайн үйлсийг зохиосон иргэд, аж ахуй нэгж байгууллага төрийн болон төрийн бус байгууллага аймаг орон нутаг, дүүргийг тодруулан алдаршуулах Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн-2017арга хэмжээ болж “Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллага”-аар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар шалгарлаа. Хүмүүнлэгийн үйлстэнүүдийг урамшуулах, алдаршуулах уг арга хэмжээг “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийг 11 дэх жилдээ бэлтгэн явуулж байгаа “Араг” продакшны зүгээс санаачлан анх удаа зохион байгуулж, аймаг, орон нутаг, нийслэлээс 80 гаруй байгууллага, хувь хүн оролцож, шилдгүүдээ тодруулсан байна. Төр түмнийхээ төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсд хамт олноороо манлайлан оролцдог Хэнтий аймгийн ОБГ-ынханд ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнээс баяр хүргэж байна гэж тус газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Adamas Grand prix 2017” тэмцээний шилдэг сэлэмчид тодорлоо

Зураг

Монголын туялзуур сэлэмний холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа 2017 оны хаалтын бөгөөд хамгийн оргил тэмцээн “Adamas Grand prix 2017” эрэгтэй 16, эмэгтэй 16 шилдэг тамирчдын халз тулаан ГХЯ-ны ёслол хүндэтгэлийн Номин танхимд болж шилдгүүдээ тодруулав.

Улаанбаатар, Эрдэнэт, Багануур хотоос эрхээ аван шалгарсан шилдэг тамирчдын өрсөлдөөн маш ширүүн өрнөсөн тулаанаар үзэгч, сонирхогчиддоо бэлэг барилаа. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин, Монголын туялзуур сэлэмний холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч З.Номундарьд МҮОХ-ны “Олимпийн Алдар” цол тэмдгийг гардуулав.

“Адамас 2017″ Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд: Багануур ХК, Уурхайчин клуб, Блью Мон группийн тамирчин, спортын мастер Б.Амарзаяа алт, Швейцарь улсын 2 удаагийн аварга, УБ Фенсинг клубын тамирчин Camille Barras мөнгө, Үндэсний чансааны №1, Хангарьд клубын тамирчин, спортын мастер Б.Гэрэлмаа,УБ Фенсинг клубын тамирчин спортын мастер Б.Цолмон нар хүрэл медалийн эзэд тус тус болов.
“Адамас 2017″ Гран при тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд: УБ Фенсинг клуб, Alliance Tech компанийн тамирчин, спортын мастер Э.Дөлгөөн алт, УБ Фенсинг клуб, үндэсний чансааны №1, спортын мастер Э.Нямлхагва мөнгө, Хангарьд клубын тамирчин А.Бат-Эрдэнэ, Уурхайчин клубын тамирчин Б.Хатанзориг нар хүрэл медаль тус тус хүртлээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр туялзуур сэлэмний спортын мастер цол, УБ Фенсинг клубын тамирчин 2017 оны Улсын аварга Э.Бат-Эрдэнэ, спортын дэд мастер цол хүртлээ. Мөн энэ өдөр Монголын туялзуур сэлэмний холбооны 2017 оны Шилдэг тамирчин, Шилдэг клубыг тодруулсан юм. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Adamas Mining LLC, ивээн тэтгэгчээр Bright Future BR, Залуу Дипломатчдын клуб, зохион байгуулагчаар Монголын туялзуур сэлэмний холбоо тус тус ажиллажээ.

Дашрамд дуулгахад, Э.Дөлгөөн, Б.Амарзаяа нарын хувьд Гран при тэмцээнд анх удаа түрүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ гэв

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа “Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, дэмжигчид хүн амын орлогын албан татвар, Нийгмийн Даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмсэн заалтуудыг эсэргүүцэж байна. Уг хуул хэрэгжсэнээр Ард түмний аж амьдрал хүнд, орлогын эх үүсвэргүй ажлын байр цөөхөн, дийлэнх олны авдаг цалин бага байгаа одоо үед цаашид өсөн дэвжих амьдрал ахуйгаа сайжруулах боломж хаагдах болно” гэж тодотголоо.

Мөн тэрээр “Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувь болж байгаа нь өнөөгийн зах зээлд өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрнэ. Цаашид аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж хумигдах болно. Өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгжүүд татварын болон нийгмийн даатгалын өртэй үлгэн салган хөл дээрээ тогтож байхад нийгмийн даатгалын хувь хэмжээ ихсэж ажил олгогч 13.5 хувь, ажилчин 12.5 хувь, бүгд 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон нь аж ахуйн нэгжүүдийн 60-аад хувь нь хаалгаа барих нөхцөл бүрдэж байна.

Энэ хууль хэрэгжсэний эцсийн хүндрэл нь аж ахуй нэгж, ажилтан, ажилчны нуруун дээр хүнд дарамт болох төдийгүй айл өрх, ард түмний амьдралд хүндээр тусч ядуурал, өрийн дарамтыг нэмэгдүүлэх тул энэхүү нэмэлт өөрчлөлтийг хууль санаачлагч нар эргэн харж өнөөгийн байдалтай уялдуулан өөрчлөлт оруулах буюу хэрэгжих хугацааг хойшлуулах зэрэг яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна” гэсэн юм.

Тэд энэхүү мэдэгдлээ Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хүргүүлнэ гэдгээ онцолж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дүүргүүдэд жигд хөгжүүлэх зорилт тусгагдсан. Тус зорилтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон хоршооны салбарт зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг бүхий шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгон, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/ хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг оновчтойгоор шийдэх гарцуудыг нээн илрүүлэх болон оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх зорилгоор “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд эхний шатанд 10 гаруй их, дээд сургуулийн 40 гаруй судалгааны өгүүлэл ирснээс 2-р шатанд шилдэг 8 илтгэлийг шалгаруулан оролцууллаа. Шалгарсан оюутнууд өнөөдөр тэмцээний нэгдсэн хурлын үеэр судалгааны ажлын илтгэлээ танилцууллаа. Нэгдсэн хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Д.Баярсайхан болон салбарын мэргэжилтэн, үйлдвэр эрхлэгчид хүрэлцэн ирж оюутнуудын илтгэлтэй танилцав.

Эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Оюутан залуус та бүхний оюуны бүтээл болох эдгээр илтгэлүүд нь нийслэлийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр судалгааны бааз суурьтай болохоос гадна энэ салбарыг цогц байдлаар хөгжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого болон үйл ажиллагаандаа тусгах үнэтэй санал болохыг онцлон тэмдэглэмээр байна” гэдгийг тодотгон хэллээ. Мөн “Улаанбаатар хот маань өөрийн гэсэн бренд бүтээгдэхүүнтэй болох нь зүйтэй юм. Манай хот улсынхаа болон олон улсын бусад хотуудтай юугаараа өрсөлдөж, ялгарч ажиллах вэ гэдэг дээр анхаарч “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар “Орон нутгийн түншлэл” гэдэг хөтөлбөрийг НИТХ-аар батлуулсан. Энэ хоёр маань цаашид уялдаа холбоотой явах учиртай. Түүнчлэн бид эхний ээлжинд үзэсгэлэн худалдааг маш ихээр зохион байгуулъя гэж зорьсон. Учир нь үүгээр дамжуулан та бүхний хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг нийт Улаанбаатар хотын иргэдэд сурталчлах юм. Өнгөрсөн онд энэ үйл ажиллагааг бодитойгоор зохион байгуулсан байгаа. Ирэх онд Улаанбаатар хот төдийгүй гадаадын хотуудад үзэсгэлэн худалдаа гаргаж, үйлдвэрлэл эрхлэгчдээ сурталчлан ажиллана. Бид ирэх онд барьж ажиллах бодлогын бичиг баримтанд өнөөдрийн оюутан та бүхний илтгэлийн санаануудыг авч хэрэгжүүлэх юм” хэмээлээ.

Хурлын үеэр оюутнууд жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн асуудлууд, кластерийг хөгжүүлэх болон GS1 системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг жижиг дунд үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн өөрсдийн санал санаачилгуудыг дэвшүүлсэн байна.

Тэмцээний тэргүүн байранд:

  • Мандах бүртгэл их сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Амгалан “Монгол улсдах жижиг дундын бизнесийн зээлдэгчийг статистик аргуудаар үнэлэх нь” сэдвээр

Дэд байранд:

  • Санхүү Эдийн засгийн их сургуулийн 4-р дамжааны оюутан Г.Амарбаясгалан, Б.Батмандах, Б.Жаргалмаа нар “Монгол улс дах сүлжээ дэлгүүрүүд болон ЖДҮ-ийн хэлцлийн асуудал” сэдвээр

Гутгаар байранд:

  • Санхүү Эдийн засгийн их сургуулийн 4-р дамжааны оюутан Э.Сугарбаяр, 3-р дамжааны оюутан Б. Номин нар “Үйлдвэрлэл эрхэлдэг жижиг дунд аж ахуй нэгжийг газар зүйн кластерт SPV засаглалын бүтцээр сэргээх нь” сэдвээр тус тус шагналт байруудад шалгарсан. Шагналт байр эзэлсэн оюутнуудад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан нар шагналыг гардуулан өгч нийт оролцогч оюутнуудад цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүссэн юм.

Энэхүү үйл ажиллагааг дараа дараагийн жилүүдэд ч мөн уламжлал болгон зохион байгуулахаа тус төвийнхөн илэрхийлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

18 иргэнд орон сууцны түлхүүр гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас энэ сарын эхэнд 15 иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 18 иргэн орон сууцныхаа түлхүүрээ гардан авлаа. Өнөөдрийн байдлаар сангаас 53 иргэн дэмжлэг авч орон сууцаар хангагдаад байгаа юм. Дэмжлэг авахыг хүссэн иргэдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг албаныхан онцолж байлаа.

Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэр НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, үүнээс үүдэн иргэдийн эрүүл мэндэд учирч буй хор нөлөөг багасгах чиглэлээр онцгой анхаарч, бодит үр дүнд хүрэх, шуурхай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа” гэдгийг дурдаад, “Энэ өвөл Улаанбаатар хотод байгаа 113 сургуулийн 3520 гаруй анги танхимд, 277 цэцэрлэгийн 1860 гаруй бүлэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагын 503 хүүхдийн тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмчилгээний тасаг нийтдээ 5600 гаруй анги танхим, бүлэг, эрүүл мэндийн байгууллагын тасгуудыг агаар шүүгчээр хангах болно” гэдгээ мэдэгдэж байсан юм.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн н.Болд “Анх санаандгүй явж байгаад энэ талаар мэдсэн. Мэдсэн даруйдаа эгчдээ хэлээд, өнгөрсөн долоодугаар сарын 28-нд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Ингээд НЗДТГ болон банкнаас тавьсан шаардлагыг хангаад, өнөөдөр байрныхаа түлхүүрээ гардан авч байна. Эхэндээ хэн нэгэн танил талгүйгээр бүтэхгүй гэсэн хар байсан. Гэхдээ энэ бол ямар ч асуудалгүйгээр болдог юм байна гэдгийг харж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бас нэгэн аз жаргалтай гэр бүл нэмэгдэж байна. Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна” хэмээлээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15 мянган орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх юм. Хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төсөл нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томьёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялгаж “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөх зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ. Түүнчлэн итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, түүний бие даасан, хараат бус байдлыг хангах үүднээс асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллуулах зарчмын зөрүүтэй санал анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “стандартчилал, хэмжил зүйн асуудал,” гэсний дараа “тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал,” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн мөн 72.7 хувь нь дэмжлээ. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулжээ.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэд хоногийн өмнө баталсан. Хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны эхнээс дагаж мөрдөхөөр хуульчлаад байгаа. Харин гишүүдийн өргөн барьсан Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр тусгагдсан учраас уг хуулийн төсөлтэй холбогдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсныг дурдав.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээл шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч хамаарахгүй гэж заасан байдаг. Харин хуулийн өөрчлөлтөөр энэ итгэлцүүрт хамаарах албан тушаалтны жагсаалтад “Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч” гэж нэмэхээр тусгажээ.

Зарчмын зөрүүтэй энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд цалингийн итгэлцүүрийн асуудлыг зарим албан тушаалтныг нэр зааж онцлохгүйгээр “төрийн өндөр албан тушаалтан” гэж нэгдсэн байдлаар авч үздэг байж болохгүй юу гэдгийг тодруулахад Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Энэ асуудлыг нэгдсэн зохицуулалтад оруулах талаар Байнгын хороо анхаарч, судалж үзнэ” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжив.

Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналынхаа үндэслэлийг тайлбарласан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20.8.4 дэх хэсэгт “төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа” гэж заасан атал хуулийн төсөлд “төрийн мөнгөний бодлгого, банк” гэснийг хасахаар тусгасан нь зарчмын хувьд байж боломгүй асуудал гэж үзэж байгаа учраас хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах санал гаргаж буйгаа тэрбээр хэллээ.

Ингээд гишүүний саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн юм. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийв

Image result for УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нээлттэй сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа тухайгаа мэдээлэл хийлээ.

Тэрээр Б.Хурцын бүлэглэлийн нэрийг он гаргаад зарлана гээд “Б.Хурц гэх этгээдийг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж прокурорт ажилладаг таван хүн байна. Түүний төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч байна. Хурцын гар хөл болж ажилладаг татварын байцаагч, аудитын хүмүүс байна. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүлэглэлд орж Монголын ард түмнийг дарамталдаг, төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигладаг хүмүүсийн нэрийг тун удахгүй зарлана” хэмээлээ.

Б.Хурцын талаарх нээлттэй сонсголоор хэлмэгдсэн 15 иргэний гомдлыг сонссон байна. Сонсголоос гарсан санал дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа. Санал дүгнэлтэд Б.Хурц нь Франц, Бельги, Герман улсын хил дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон. Хууль зөрчиж, хүний амь насанд хүрсэн Б.Хурц Д.Энхбат агсны гэр бүлээс албан ёсоор уучлал гуйх ёстой. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Элчин сайдаар томилж болохгүй гэж үзжээ. Үүнээс гадна дөрвөн үндэслэлийг санал дүгнэлтэд дурдаж, Ерөнхийлөгчид хүргүүлж буйгаа мэдээлэв. “Ерөнхийлөгч Монгол ялна гэж сонгуульд орж ялсан. Монгол ялна гэдэг бол Монголын ард түмэн, шударга ёс ялна гэсэн үг. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн найман жилийн дотор олон зуун хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын том ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.Хурц гэдэг энэ гэмт этгээдийн томилгоог зогсооно гэдэгт итгэж байна. М.Энхболдын бүлэглэлд Ерөнхийлөгч цохилт өгнө гэдэгт итгэж байна. Мафийн бүлэглэлийг Монгол төрөөс зайлуулах тэмцлийг маань Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ

Image result for Биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж ашиг олдог бүлэг этгээд байгаа бөгөөд мөн саун массажны газар нэрийн дор охид, эмэгтэйчүүд сайн дураар биеэ үнэлж байгаа аж. Зарим нь хүчинд автаж, эмзэг байдлаараа тухайн этгээдийн эрхшээлд орж, биеэ үнэлдэг гэнэ. Охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаа гэж боддог бол цаанаа хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон байдаг. Эдгээр хэргүүдэд 130 орчим охид эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон юм байна. Биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

З.Энхболд “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дэлхийн 46 орны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээнд Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академиас амжилттай оролцоод ирсэн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Тэмцээнд 10 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сурагчид оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс тэмцээнд амжилттай оролцсон сурагчид болон Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академийн багш нарт баяр хүргэлээ.

Тэрээр цааш хэлэхдээ:

“Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академи нь Улааанбаатарт 10 салбар, орон нутагт 20 салбартай. Монголын сурагчид Малайзын Куала-Лампур хотод болсон “Цээж тоолол – Соробан сампин”-гийн олон Улсын тэмцээнд оролцож багаараа хүрэл медаль хүртсэн байна. Та бүгдэд баяр хүргэе. Тоондоо сайн хүүхэд бусад хичээлдээ сайн байдаг. Улам их амжилт гаргаарай. Энэ тэмцээнээс Монголын сурагчид ГРАНД Чампион – 1, Чампион – 2, Алтан цом – 20, Мөнгөн цом – 33, нийт багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна. Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академийн захирал Зоригоо, тэргүүн Туяа нарт бас баяр хүргэе” гэлээ.

Үүний дараа сурагчдын төлөөлөл гурван сурагч компьютерийн дэлгэцээс 3 оронтой тоог 20 үйлдлээр хэдхэн секундын дотор цээжээр бодож хариуг гаргав. Ингэхдээ тэд сампин хэрэглэлгүй шууд гараараа дохин бодож байлаа.

Олон Улсын 22 дахь удаагийн “Цээж тоолол – Соробан сампин”-гийн тэмцээн Малайзын Куала-Лампур хотод 2017 оны 12 дугаар сарын 10-11-ний хооронд болж Монгол Улсаа төлөөлөн нийт 78 хүүхэд 7 ангилалд оролцож дэлхийн 46 орны 5000 орчим хүүхдүүдтэй өрсөлдөж үнэмлэхүй амжилтыг гаргасан юм. Үүнд:
ГРАНД Чампион – 1
Чампион – 2
Алтан цом – 20
Мөнгөн цом – 33
нийт багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна.

Энэ удаагийн ГРАНД Чампионы эзнээр Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 5в ангийн сурагч Г.Жамбалдорж тодорч, нийслэлийн сурагч Т.Тэнүүн, А.Мөнх-Эрдэнэ нар чампион болжээ.

Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академи нь 1998 оноос сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2009 оноос “Соробан сампин, баруун тархийг хөгжүүлэх сургалт”-ыг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, одоогоор Улаанбаатар хотын 10 салбар, орон нутгийн 20 гаруй салбаруудаараа дамжуулан өндөр чанартай сургалтын үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч туршлагатай хамт олон юм.

Тус академийн сурагчид 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Үндэсний аварга шалгаруулах” тэмцээнийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд шалгарсан суралцагчид Олон улсын уралдаан тэмцээнүүдэд жил бүр амжилтаа ахиулан, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах суралцагчдын тоо өссөөр байна.

Сурагчдын гаргасан амжилтууд:

2016 оны 11-р сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгууллагдсан Олон улсын 21 дэх удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн цэцэрлэг, дунд сургуулийн 5-14 насны 55 сурагчийн хамтаар оролцож, нийт 6 ангилалд манай суралцагчид Гранд Чемпион-1, Гранпри-1, Алтан цом-8 болон мөнгөн, хүрэл цомуудыг хүртэж, оюуны спортын түүхэнд урьд өмнө Монгол Улсаас гаргаж байгаагүй өндөр амжилтыг үзүүлж чадсан.

2015 оны 12 сарын 5-нд Энэтхэг улсын Дели хотод хотод зохион байгуулагдсан Олон улсын 20 дахь удаагийн дэлхийн 60 гаруй орны 11000 орчим хүүхэд оролцсон оролцсон “ ABACUS & MENTAL ARITHMETIK” /Олон улсын 20 дахь удаагийн “Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах“/ тэмцээнээс 4-13 насны 30 хүүхэд Алтан цом -1, Мөнгөн цом-5 , багаараа хүрэл медаль,

2013 оны 12 сарын 1-нд Малайзын Куала Лампурт зохиогдсон 58 орны 6000 гаруй хүүхэд оролцсон “ABACUS & MENTAL ARITHMETIK” Олон улсын 19 дэхь тэмцээнд ганцаарчилсан төрөлд 1 хүүхэд мөнгөн медаль, багаараа мөнгөн медаль,

2012 оны 12 сарын 9-нд Малайзын нийслэл Куала Лампурт зохиогдсон 57 орны 5000 гаруй хүүхэд оролцсон “ABACUS & MENTAL ARITHMETIK” Олон улсын 18 дахь тэмцээнд ганцаарчилсан төрөлд 2 хүүхэд хүрэл медаль, багаараа мөнгөн медаль тус тус хүртжээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов