Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Г.Баттунгалаг Бүгд Найрамдах Хорват Улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Хорватын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Г.Баттунгалаг Хорватын нийслэл Загреб хотод ажиллах үеэрээ тус улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Соёлын сайд, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, Хорватын тэтгэлгээр оюутан сургах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно-2017”-ийн эзнээр Д.Сумьяа тодорлоо

“Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах “Бөртэ чоно-2017” ёслол Мираж ресторанд болж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа улиран одож буй 2017 оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорлоо.

15 дахь жилдээ болж буй “Бөртэ чоно-2017”-г Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулсан юм. Энэхүү хүндтэй ёслолыг Монголын үндэсний олимдийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн гавьяат зүтгэлтэн, доктор Д.Загдсүрэн нээсэн юм.

Тэрбээр: “Олимп-спортын одод чуулсан энэ үдэш та бүхэн олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, шилдгийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн, дурсамж дүүрэн мөчийг өнгөрөөх нь дамжиггүй. Манай авьяас билэг, зориг төгс тамирчид маань тив, дэлхийн тавцанаас медалийн арвин ургац хурааж, чөлөөтийн П.Орхон, жүдогийн Д.Сумъяа нар дэлхийн оргилыг эзэмшиж, эх орныхоо нэрийг мандуулсан, аз хиймориор дүүрэн жил байлаа. Мөн МҮОХ-ны VII чуулган амжилттай боллоо. Бид “Токио-2020” хүртэлх стратеги төлөвлөгөөгөө тодорхойлсон. Мөн 23 тамирчнаа дэмжин, олимпийн эв санааны нэгдлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрууллаа. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд нийслэлдээ зохион байгуулна. Бидний залгамж халаа өсөн дэвжиж байна. Ирэх жил олон спорт наадам болно. Манай тамирчид Пёнчан 2018 наадамд өрсөлдөхөөр зэхэж байна. Бээжингийн олимпийн их наадмаас анх удаа алтан медаль хүртсэний 10 жилийн ой ирэх онд тохионо. Биднийг дэмжин хамтран ажилладаг хувь хүмүүс, байгууллагуудад маш их баярлалаа. “Бөртэ чоно-2017″ ёслол албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье” гэлээ.

Олимпийн өвөө хэмээн монгол түмэндээ хүндлэгддэг, ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван индэрт гарч “Шилдэг олимпийн танхим”-аар шалгарсан Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн спортын танхимын хамт олонд шагналыг нь гардууллаа. Нийт 8 төрлийн дугуйлан ажиллуулдаг тус хамт олон энэ оны олимпийн шилдэг танхим болсноор 2017 оны спортын шилдгүүдийн шагналын эзэд тодорч эхэлсэн юм.

Улмаар “Бөртэ чоно” наадмыг санаачлагч Боролдойн гэгддэг Мягмар оны шилдэг олимпийн зөвлөлөөр Архангай аймгийн Мехико олимпийн зөвлөл шалгарсаныг зарлаж, шагналыг нь гардуулав. Энэхүү хүндтэй шагналын эзэд болсон Оны шилдгүүдийг та бүхэнд танилцуулж байна.

• 2017 оны шилдэг клуб-Мегастарс /тамирчид нь нийт 48 медаль хүртсэн/

• 2017 оны шилдгийн шилдэг шүүгч-хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл

• 2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар

• 2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхбаяр

• 2017 оны шилдэг спортын холбоод-Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт

• бөхийн холбоо,

• (МҮОХ-ны салбар хороодоос тус холбооны тамирчид энэ онд олон улсын тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилт үзүүлжээ)

• 2017 оны олимпийн бус төрлийн шилдэг холбоо-Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо

• 2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч- Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу

• 2017 оны спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга – Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ

• 2017 оны шилдэг баг- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг

• 2017 оны шилдэг залуу тамирчин-Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян (Түүний шагналыг багш нь гардан авлаа.)

• 2017 оны шилдэг дасгалжуулагч-Жүдо бөхийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням (түүний бэлтгэсэн тамирчид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)

• 2017 оны шилдэг дасгалжуулагч-Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр

• 2017 оны шилдэг дасгалжуулагч-Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр

• 2017 оны Шилдгийн шилдэг дасгалжуулагч Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од

• 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин -Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг

• 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин-Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон

• 2017 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин-Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа

• 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр

• 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр

• 2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин-Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай

“Бөртэ чоно-2017” шилжин явах цомын эзнээр жүдо бөхийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Мастерс тэмцээнд дөрвөнтөө түрүү хүртсэн цорын ганц тамирчнаар тодорсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хүртсэн нь энд хуран цугласан манай спортын одуудын талархалыг хүлээсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнөөдөр (2017.12.20)Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хуулийн төслийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, УИХ-д өргөн бариад хэлэлцэхийг дэмжсэн энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа саналыг нь авах ёстой гэж үзсэн төлөөллүүдийг оролцуулан удаа дараа уулзалт, ярилцлага хийсэн. УИХ, Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг хоёр долоо хоногийн өмнө хуралдаад дахин нэг зөвлөлдөж, санал сонсохоор шийдвэрлэсэн. Энэ хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд ирсэн байна” гэв.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталж, өнөөг хүртэл дагаж мөрдсөөр ирсэн тухай дурдаад нийслэл хоттой холбоотой эдийн засаг, нийгмийн статистик тоон мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.

Тэрбээр Улаанбаатар хотын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн учир хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар боловсруулсан гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг 120 гаруй хуулиар зохицуулдаг, 20 гаруй хуульд нарийвчилсан заалт бий.

Шинэчилсэн найруулгын төсөл 14 бүлэгтэй. Дагалдуулан 19 хуулийн төслийг өргөн өргөн мэдүүлсэн гэлээ.

Мөн 1994 онд хууль баталж байх үеийн болон өнөөдрийн Улаанбаатар хотын нөхцөл байдлыг харьцуулан мэдээлэл хийв.

1994 онд суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1,3 сая болсон. Тэр үед автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон.

Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 44 тэрбум байсан бол 2016 оны байдлаар 15 их наяд болжээ гээд шинэ эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсныг хэллээ.

Хуулийн төсөлд,

Нийслэлийн удирдлагын зүгээс баримтлах бодлогын асуудлыг хуульчлах,

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын хөгжлийн загварыг нутагшуулах,

Мэдлэгт суурилсан өндөр технолгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих,

Нийслэлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим,

Оршин суугчдын эрх, үүрэг, хариуцлага зэргийг нэмж тусгаснаараа онцлог гэж Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлав.

Хуулийн бүтцийн хувьд, нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар, нийслэлийн өмч, газрын бирж, хот тохижилт ногоон байгууламж, авто зам, нийтийн тээвэр, нийслэлийн иргэдийн оролцоог хангаж урамшуулах, нийслэлийн төсөв, нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай харилцах харилцаа, УИХ, Засгийн газрын бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт, нийслэлийн шагнал, бүртгэл мэдээлэл, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

Тухайлбал, хэт төвлөрлийг хуулиар нарийвчлан зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд захиргааны аргаас гадна дагуул хотын төвийг хөгжүүлэх зохицуулалт хийжээ. Дагуул хотод барьж, ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөхийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, дагуул хот, дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн албан татварыг хөнгөлөх, дагуул хотын оршин суугч, иргэдийн албан татварыг тодорхой хугацаанд тавин хувиар хөнгөлөх зэрэг эдийн засгийн хөшүүрэг ашиглахаар тусгасан байна.

Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах төсөл арга хэмжээг дэмжих, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах арга хэмжээний зохицуулалтыг нарийвчлах, нийслэлийниргэдийн эрүүл мэндэд тустай агаар шүүгч зэрэг төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.

Хуулийн төслийн танилцуулгын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлгийг эхлүүллээ. Танилцуулгатай холбогдуулан “Төсөлд зорилтот үйл ажиллагааг хуульчлахаар тусгасан нь тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй”, “Үндсэн хуулийн суурь зарчимтай уялдуулж, ойлгомжгүй асуудлын зангилааг тайлах зохицуулалт хийх шаардлагатай”, “Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс хотын даргыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайдын эрх хэмжээтэй болгох зохицуулалт байвал зүгээр байна” гэх зэрэг санал хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар оролцож, байр сууриа илэрхийлэн үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, 2012 онд хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхэд тухайн үед хотын дарга байсан Э.Бат-Үүлд хотын дүрмээрээ шийдэх асуудлыг төсөлд оруулж ирсэн нь буруу гэдгийг хэлсэн. Тулгамдсан асуудал бүрийг хуульчлах гэх шаардлагагүй юм. Энэ удаагийн төсөлд бас ингэж туссан байнахэмээв.

Мөн Хотын дахин төлөвлөлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний хууль гэхчлэн 2012 онд оруулж ирж байсан багц хуулийн төслийг хамтад нь дахин оруулж ирвэл үр дүнтэй гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Нийслэлийн орчин ийм болсон нь Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуульд хаана ч амьдарч болно гэж тусгасан гээд дураараа хот руу нүүдэллэсэн. Гэвч аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг Үндсэн хуулийн зарчим хэрэгжээгүй” гэсэн юм. Мөн олон нийтийн эрх ашгийн үүднээс шууд шийдвэрлэх асуудлыг шийдэж явах ёстой талаар саналаа хэлэв.

Оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. Асуултад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа нар хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Харүмафүжигийн багшийг сумогийн холбооны ТУЗ-аас гаргажээ

Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх дуулиан шуугианы улмаас өөрийн хүсэлтээр зодог тайлсан Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан талаар “The Japan Times” сонин мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр болсон удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргах шийдвэр гаргасан” гэжээ.

Зиндаа дээгүүр бөхчүүдэд хүндэтгэлтэй хандсангүй гэх шалтгаанаар Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед хамт байсан ч зодохыг нь болиулаагүй гэх шалтгаанаар Хакүхо болон Харүрю их аваргуудад сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг мөн уг хуралдааны үеэр гаргасныг Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тодруулбал, хоёр их аваргад нэгдүгээр сард огт цалин өгөхгүй бол хоёрдугаар сард Хакүхогийн цалинг 50 хувиар хасах аж. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү мөн өөрөө гурван сарын турш цалингүй ажиллах юм байна.

Японы сүмочид нэг нэгийгээ зодсон, архидан согтуурсан гэх мэт янз бүрийн хэрэг үе үе гардаг юм. Тухайлбал, 2007 онд 17 настай бөх Токитайзан /жинхэнэ нэр нь Такаши Сайто/ бэлтгэлийн үеэр зиндаа дээгүүр гурван бөхөд цохиулж зодуулсны улмаас амиа алдаж байжээ. Токитайзан руу “дайрахыг тушаасан” гэх үндэслэлээр дэвжээний багш Токицүказэ-д /жинхэнэ нэр нь Жүничи Ямамото/ гурван жилийн хорих ял оноож байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн хотхон нээлтээ хийв

Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны
гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц
хүртэл талбайд/ мөсөн хотхон сүндэрлэлээ.

Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал, үйлчилгээний байр, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл, 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбайтай мөсөн хотхон өчигдөр орой албан ёсоор нээлтээ хийлээ.

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор байгуулсан байна.





Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартын тэргүүлэх аудитортой боллоо

Ногоон байгууламжид ISO нэвтрүүлэх сургалт нь олон улсын ISO9001:2015 стандартыг ногоон байгууламжын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зөвлөх үйлчилгээний “SFCS консалтинг” ХХК-тай хамтран ажиллаж, дотоод аудиторт 6 хүн бэлтгэгдлээ. Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн доктор /Ph.D/ Д.Сүхбат, Хот тохижилтын газрын ногоон байгууламжийн албаны дарга Н.Билэгсайхан нар аудиторын сургалтыг амжилттай дүүргэж тэргүүлэх аудитор болж олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээгээ гардан авав. Энэхүү гэрчилгээ нь “SFCS консалтинг” ХХК-ний Ази номхон далайн бүс нутгийн баталгаажуулалтын хүрээнд хүчин төгөлдөр юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн, дархан аварга, “жижиг” хэмээх А.Сүхбат: Хэт их хөрөнгө, баялгийн араас явбал хүүхдүүдэд минь гай болно. Хүний нас, худгийн ус хоёр хэмжээтэй

УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга, “жижиг” хэмээх Агваансамдангийн Сүхбаттай ярилцлаа.


-ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог та юу гэж үзэж байна вэ. Өнгөрсөн баасан гаригт чуулганаар хаалттай хуралдаж Б.Хурцыг Элчин сайдаар томилчихлоо. Энэ томилгоотой зэрэгцээд Б.Хурцтай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцсэн. Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт оролцсон цөөн хэдэн гишүүдийн нэг нь та байсан?

-Би УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хаалттай хуралдаанаа болиоч. Нээлттэй хэлэлцүүлгийн дараагаар санал дүгнэлт гарсны дараа хэлэлцээч гэдгийг хэлсэн. Хохирсон байж болзошгүй иргэд өргөдөл, гомдол гаргасан байна. Иргэдийнхээ дуу хоолойг сонсооч. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална гэж сонгогдсон” гэж хэлсэн. БНСУ-ын Элчин сайдаар томилох асуудлыг нээлттэй яагаад хэлэлцэх ёстой вэ гэвэл тэнд олон монгол хүн ажиллаж, амьдарч байна. Солонгосын тал монголчуудыг ажиллах хүчин гэж үзэж байна уу үгүй юу. Хоёр улсын эдийн засаг, найрамдалт харилцаа, бүс нутгийн асуудалд ямар байр суурьтай хандаж байна вэ гэдгийг нь ил нээлттэй сонсох ёстой. Ер нь Элчин сайдуудын томилгоог нээлттэй хэлэлцэж санал бодлыг нь сонсч үддэг биз дээ. Яахаараа БНСУ-ын Элчин сайдаар Б.Хурцыг томилохдоо хаалттай хэлэлцдэг юм бэ. Өнөөдрийн энэ байдал нь цагдаа, тагнуул, хүчний байгууллагын үнэн төрх байдлын нүүр царайг харуулж байна. Б.Хурц гэдэг хүнийг шүүмжлэхээс илүүтэй өнөөгийн хуулийн байгууллагын ялзрал, улс төртэй холбогдсон, тэдний нохойд барьдаг мод болсныг харуулсан. Сонгууль болоход өрсөлдөгчийг нь унагах баримт бэлдэж өгдөг, төрийн албыг хувийн компани шигээ ашиглаж өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлдэг гэх мэт олон алдаа дутагдал байгаа болохоор би энэ асуудалд анхаарал хандуулаад байгаа юм. Нээлттэй сонсгол явуулах ёстой гэж үзсэн 21 гишүүдийн нэг нь би. Ерөнхийлөгчөөс орж ирсэн энэ томилгоог УИХ хэлэлцэх боломжгүй гэж үзэн буцаах бүрэн эрх нь бий. Гэтэл тэгж чадсангүй. Үүнд сэтгэл тун гонсгор байна.

-Та өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төслүүдэд анхаарлаа хандуулан ажиллав?

-Манай улс нийт газар нутгийнхаа дөнгөж 0.5 хувьд хүрэхгүй газарт хүн амынх нь 50 хувиас дээш буюу 1.5 сая орчим хүн амьдарч байна. Хүн амын дийлэнх нь амьдарч байгаа байршил дээрх ус гэдэг бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц анхаарал татсан сэдвийн нэг. Улаанбаатар хотод 2025, 2030 онд ирээдүйд цэвэр усны нөөцийн асуудал яах аргагүй яригдана. Газрын гүнээс олборлон гаргаж байгаа усаа хоногтоо гэхэд 190 мянган м.куб хэмжээний усыг дахин ашиглахгүйгээр хог болгон асгачихаж байна. Бохир, хог хоёроо манай улс шиг шийдэж чадаагүй улс орон байдаг юм уу. Хотын төвлөрлийг анхнаас нь бий болгохдоо хог, бохир хоёроо шийдэх ёстой байсан байна. Хүний биеийн 70 гаруй хувь нь ус байдаг бол ямар ус ууснаас болж хүн эрүүл байх тухай яригдана. Усгүй бол амьдрал зогсоно. Ирээдүйд нүүрлэх цэвэр усны хомсдлоос улс орнууд урьдчилаад шийдчихсэн байдаг юм байна. Тиймээс бид урьдчилан тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй. Энэ тал дээр сэтгэл их зовниж явдаг. Туул гол зөвхөн монгол гэлтгүй Сэлэнгэ мөрөн, Байгал далай, Ангар мөрөн, Хойд мөсөн далай руу цутгадаг. Дэлхийн цэвэр усны 20 хувь нь Байгаль далайд хадгалагддаг гэж үздэг учраас том зургаар харах юм бол цэвэр усны асуудал зөвхөн Монголынх биш дэлхийн хэмжээний асуудал. Хэрвээ манай улс олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол олон улсын шүүхэд ч очиж мэднэ. Туул голыг тусгай хамгаалтад авна бие даасан хуультай болгоё хэмээн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Манай улс байгаль дэлхийтэйгээ зүй бусаар их харьцдаг болсон. Гол, мөрний бохирдол маш их байна. Зөвхөн байгаль эх дэлхийдээ сэтгэлгүй хандаж байгаа ч биш өнөөдөр манай улсад ёс зүй, ёс суртахуун их дутагдаж байна.

-Улстөрчдийн ёс зүй өнөөдөр яригдахаар хэмжээнд оччихлоо. Та хуулийг гууль болгож буй хариуцлагагүй улстөрчдийн талаар юу гэж хэлэх вэ?

-Ард түмнээсээ сонгогдоод Төрийн ордонд сууна гэдэг бол миний хувьд маш том нэр төрийн хэрэг. Үүгээрээ бахархаж, ард түмнийхээ захиас үүргийг ухамсарлаж сайн ажиллах юмсан гэж хичээдэг. Миний амьдрал их сонин, дандаа тэмцэл дунд байдаг. Би 20 жилийн турш монгол бөхийн хатуу ширүүн тэмцэл дунд чанагдсан. Эргээд улс төрийн тогоонд чанагдаж эхэлж байна. Тэгэхээр миний амьдрал тэр чигээрээ тэмцэл юм болов уу гэж би ойлгодог. Ажил хөдөлмөр хийх гэдэг миний хувьд амралт шахуу болсон зүйл. Би 10 настайдаа саальчин болсон, 12 настайдаа уурын зууханд галч хийж байсан. 15 настайдаа бөхийн секц дугуйланд орсон. Өнөөдрийг хүртэл надад нэг өдөр бүтэн амарч үзсэн түүх байхгүй юм билээ. Хайнань руу гэр бүлийнхэнтэйгээ нэг явж үзэх юмсан гэж би найзууддаа саяхан хошигноод хэлж байлаа. Миний хувьд амраад явчих цаг хугацаа өнгөрсөн хугацаанд байсан байж болно оо доо, зав үнэндээ байгаагүй.

-Та УИХ-ын гишүүн болоод бүр их завгүй болов уу?

-УИХ-ын гишүүн гэдэг нь их том дэгтэй сургуульд ороод ирж байгаа юм л даа. Зүйрлэвэл, айл, өрх гэдэг бол жижигрүүлсэн улс. Төр улс гэдэг маань их айл юм. Хэн нь санхүүгээ барьж явах юм, хууль журмыг хэн нь сахиулж явах гээд бүгд өөрийн хүлээх үүрэг, дэгтэй. Хүн бүр дэгийг барьж хууль журмыг баримтлаад явчих юм бол Монгол Улс цэнгэлийн манлайд хүрнэ. Хэсэг бүлэглэл болж хулгайлж хуйвалдаад явах юм бол Монгол Улс Африкийн араас л орно. Ганцхан жишээ хэлье. Оюутолгой бол Монголын толгой баялаг. Гэтэл улстөрчид өрдчихсөн. Оюутолгой хоногтоо 4000 гаруй тонн алт, зэсийн баяжмал гаргадаг. Хоногт таван сая гаруй ам.долларын борлуулалт хийж байгаа. Хоногийн тоо хэмжээг 365 хоногоор үржүүлвэл ямар өндөр тоо гарах вэ. Энэ өндөр ашгаас Монгол Улс ногдол ашиг роялти авдаг уу. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрдөө буцааж авахаар махаа идэж байна. Ард түмнээ бодсон шийдвэр гарахгүй байна л даа. Монголын төр энэ бүх алдаагаа засахгүй бол цаашаа явахгүй. Ийм шударга бус нөхдүүдтэй хамт ажиллаж, нэг агаараар амьсгалах хэцүү юм байна. Би цаашид ч шударга бус байдалтай эвлэрэхгүй гэдгээ хатуухан хэлчихье. Би аль нэг нам, аль нэг эвслээс Монгол Улсын дархан аварга цолыг аваагүй. Монголын ард түмнээсээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ цолоо авсан. Ард түмний тэр их хүндэтгэл хайрыг амжилт, үр дүнгээр харуулах юмсан гэж боддог. Хууль бус үйлдэл хийчихээд энэ удаадаа болчихлоо гэж зарим нэг хүн эндүүрдэг байх. Дээд тэнгэр харж байгаа. Хүнд буян, нүглийн сав гэж бий гэдгийг бодоорой.

-Монгол бөхийн барилдаан хийгээд жудаг өнөөдөр ямар түвшинд байна вэ. Бөхийн найраа ил цагаан болсон. Үзэгчид бөх үзэхээс ч дургүй хүрэх юм гэлцдэг болжээ?

-Намайг залуу байхад энэ найраа гээч юм байсан. Үзэгч түмнээ хуурч цол наймаалцдаг байдал монгол бөхийн мөхөл юм. Монгол бөх үзэгчгүй болчихвол яах билээ. “Монголчууд үнэн байхад л дуртай” нэртэй миний тухай ном бий. Үнэн байгаад дуусах юмсан гэж би боддог. Би залуучууд шавь нартаа үнэнээрээ яваарай гэдгийг захидаг. Харамсалтай нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд хэсэг нөхдүүд монгол бөхийг хувийн компани шигээ явуулж ирсэн нь өнөөдөр шүүхийн шатандаа яваа. Нэр ус нь тодорхой шүү дээ. Зарим нэг хүмүүс монгол бөхийг амин зуулгаа болгочихоод яваад байгаа. Одоо сумын наадам таван сая, аймгийн наадам 50 сая, улсын наадам 500 сая төгрөг хүрчихээд байгаа. Олимпийн наадам, олон улсын наадам ямар сайхан шударга шүүлттэй явагдаж байна вэ. Цаашид бусармаг нөхдүүдийн толгойг нь илээд байх юм байхгүй, шударгаар явуулах ёстой. Бөхийн найраа хийдэг хэсэг нөхдөд арга хэмжээг нь тооцоод засч залруулаад явах боломжтой. Би найрааг эсэргүүцэж зодог тайлж байлаа. Монгол үндэсний спортын төрөл болох монгол бөхөө шударга өрсөлдөөний талбар болгоё гээд ид барилдаж явсан залуу насандаа хатуу шийдвэр гаргаж байсан.

-Монголын төрд зөв шударга үлгэрлэл, манлайлал хэрэгтэй байна уу даа?

-Энэ улс орныг сайн сайхан аваад явчихдаг, дарга нь дарга шиг байдаг цэрэг нь цэрэг шиг байдаг тогтолцоо үндсэндээ алдагдчихаад байна. Энэ цаг хугацаанаас хойш тэгж явж болохгүй. Жишээ авъя. Айлын аав нь гэмт хэрэгтэн, хулгайч байя. Үр хүүхэд нь өсч том болоод нэг өдөр хулгай хийгээд ороод ирэхэд аав нь хүүдээ үг хэлэх нүүр байх уу. Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг шиг манай улстөрчид өөрсдөө хөгийн амьтад байх юм бол тэр хүмүүсийн үгэнд хэн ч орохгүй. Захирах захирагдах ёс, эрэмбэ дараа, төрийн албаны хууль хэрэгжилт байхгүй болно. Миний амьдралын гол уриа бол үнэнээр явж байгаад үхэх юмсан гэж боддог. Худал хуурмаг бол үзэж чаддаггүй зүйлийн нэг. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн үгэндээ “Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө амь насаа ч золиход бэлэн” гэж хэлсэн. Энэ үгээр би голоо зогоож, итгэл тээж явна.

-Та хувийн ямар бизнестэй вэ?

-Би Монголынхоо ард түмний буянаар, дэмжлэгээр сайн сайхан барилдаж, өөрийнхөө овоохойг босгож довоо шарлуулчихсан хүн. Өөрөө ч би хичээсэн. Манайх газар тариалан, мал аж ахуйн бизнестэй. Одоо надад үүнээс илүү юу хэрэгтэй юм. Нэг хүн хэдэн амаар хоол идэж хэдэн машин унах ёстой гэж. Хүн хэд наслах билээ. Хүнд шуналын хязгаар гэж байх ёстой гэж боддог. Хэт их хөрөнгө, хэт их баялгийн араас явбал миний хүүхдүүдэд гай болно гэж би үздэг. Хүний нас, худгийн ус хоёр хэмжээтэй. Тиймээс хэмжээн дээрээ цэг тавьчихаж сурвал бид хол явах байх. Монголчуудын өвөг дээдсийн хэлж байсан үг, захиас сургаалыг ухаж ойлгох аваас тэр аяараа амьдралын философи байдаг. Сүүлийн үед би үхлийн тухай эргэцүүлэн бодох болсон. Хэрвээ хүн болгон үхлийн тухай бодож чадах юм бол тодорхой мэдлэг мэдээлэл эргэцүүллийг олж авах шиг байгаа юм. Хийж буй үйлдэл, ажил маань миний ирээдүйн үр хойчид гай болох уу тус болох уу би юу хийчихэв гэдгээ эргэцүүлж бодох ёстой байх.

-Таны хүү Хангайн талаар асууя. Сүүлийн үед сайн барилдаж байх шиг байна?

-Би хүүгээ ирээдүйд мундаг том бөх болгоно гэхээсээ илүү Монгол Улсад нэг сайн боловсон хүчин бэлдэж өгөх талаас нь хардаг. Хүүдээ “Чи сайн барилдах ёстой, өвөө чинь, аав чинь дархан аварга” гэж хэлж үзээгүй. Харин өөрийнхөө сонирхлоор яв. Гэхдээ эрдэм мэдлэгийг нэгт тавиарай гэдгийг хэлдэг. Хүүхдээ өнөөдрийг хүртэл сургаж явна, дахиад ч сургана. Миний хүү унаган англи хэлтэй. Гэхдээ хэт баруунжих биш монгол хэл соёлоо сайн мэдээд ав, дараа нь хүн бол гэж сургадаг. Монголдоо хэрэгтэй хүн болчихоосой гэж их бодох юм даа. Эцэг хүний хувьд мэдээж миний бөхийн удам судар, зодгийг маань хатаачихгүй аваад явбал сайн л байна гэж бас бодох юм.

-Та бөхийн ногоон дэвжээнээс улстөрч болсон хүн. Таны эзэмшсэн боловсролын талаар асууя?

-Би 1994 онд Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тамирчин, багш дасгалжуулагч хийсэн. Олон жил хувийн аж ахуй ажиллууллаа. Надад мэдэхгүй таван сэдэв байлаа гэхэд сертификат аваагүй ч амьдралаас олж авсан 10 мэргэжил байдаг юм. Саальчнаас эхлээд галч, газар тариаланч, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл гээд туулсан харсан болгон хүнд багш болдог юм байна. Би 2015 онд төрийн удирдлагын академид суралцаж төгссөн. Одоо төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Мэдлэг боловсролдоо байнга цаг зав гаргахыг боддог.

-Сумод болоод байгаа монгол бөхчүүдийг тойрсон асуудлыг юу гэж харж байна. Монголчууд нэгнээ зодсон гэх хэргээр Харумафүжи Бямбадорж зодгоо тайлсан?

-Мэргэжлийн сумод шударга ёс сахилга бат дэг журам тэнд байдаг. Ямар бөхөд ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь сумо бөхийн өөрийн дотоод асуудал байдаг. Монгол бөхчүүдээ хайрласан хамгаалсан сэтгэлээр ярих юм бол би бөхчүүддээ урам хайрлахын хажуугаар шүүмжлэлийг өөрсдөд нь урьд нь хэлдэг байсан. Та нар зугаа цэнгэлд ямар их цаг гаргаж архины төрлийн ундаа хэрэглэдэг юм бэ гэж шүүмжилж байсан тал бий. Японы сумод даваа үнэлдэг тухай асуудал мэр сэр яригддаг. Үүнийг би монголчуудтайгаа холбож үзэдэггүй. Монгол бөхчүүд японы мэргэжлийн сумод очихоос өмнө бөхийн найраа байсан нь анзаарагддаг. Тэгээд ер нь 130 сая хүн дотор барилдах, 3 сая хүн дотор барилдах өөр шүү.

-Танд бөхийн спортоос гадна сонирхдог өөр хобби бий юу?

-Би байгальд явах дуртай. Ажиглалт хийж амьтны амьдралыг сонирхдог. Хэрвээ барилдаагүй байсан бол амьтан судлаач болох байсан байх. Жишээ нь шувуу тайван байхдаа яаж жиргэж байна, сандраад ирэхээрээ яаж жиргэж байна, машин харахаараа яаж дуугарч байна тэр бүхнийг өөрийнхөөрөө анзаарч ажигладаг. Амьтан болгон хэлтэй. Ой модыг бас хэлтэй гэж үздэг. Тухайн байдлаас шалтгаалж өөр өөр эрчим хүч гаргадаг. Сав шим ертөнц гэдэг бие биентэйгээ зохицож амьдрахуй юм. Хүн хэрвээ байгальтайгаа зүй бус харьцаад байвал баялгийн хараал, гаслан, монголчуудын хэлдгээр лусын хорлол болдог юм байна гэж би ойлгодог. Өнөөдөр олон зуун гол горхи ширгэж, цөлжилт болж байна гэлцэж байна. Ирээдүйд манай улс бэлчээрийн мал ахуйтай байх эсэх ч хөндөгдөх хэмжээд хүрлээ.

-Манай улсын өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах гарцыг та юу гэж байна вэ?

-Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд эерэг сайн байх ёстой. Өнөөдөр манай улс хар тамхины хэрэглээг дамжуулдаг байсан бол хэрэглэгч улс болчихлоо. Ядуурал, ажилгүйдэл, баян хоосны тэгш бус ялгаа зэрэг энэ байдлаа засахгүй бол олон улсад Монгол Улсын нэр төр сайныг дуулахгүй. Нэр төр муутай хүнээс хэн ч цэрвэдэг биз дээ. Түүнтэй адил бусад улс орон манайхаас цэрвэнэ. Монголын төр өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж, гадны зарим нэг компанид хэт их найр тавьснаас болж маш их баялагтай хэрнээ эдийн засаг нь доройтсон. Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй болсон. Монгол түмнээ амны хишигтэй гэдэгт итгэдэг. Ард түмний нуруу тэнийх өдөр ирэх байлгүйдээ гэж бодож зүтгэж байна. Энэ удаагийн парламентад 41 гишүүн шинээр сонгогдсон. Төрийн бусармаг үйл ажиллагаанд оролцоогүй нэр цэвэр улсууд сонгогдсон гэж би хараад байгаа. Энэ хүмүүсээс шударга ёс, хариуцлага үнэртэх байх гэж бодож байна. Миний хүмүүжил урдаа байгаа ажлыг төгс сайн гүйцэтгэхийг хичээдэг. Эргээд миний нэр гарна даа гэж ойлгодог. Төв аймгийн Баян сумын Зараа бригадын нэг эгч сонгуульд нэр дэвшээд явж байхад “Сүхбатаа чи заавал УИХ-ын гишүүн болж яах гээд байгаа юм” гэж асуусан. Би “УИХ-ын гишүүн болоод үзчихье гэсэн сэтгэлээр хандаагүй юм шүү” гэж хариулсан. Тиймээс би ард түмнээсээ дэмжлэг авч сонгогдсоны хувьд хариуцсан ажлаа сайн хийчих юмсан гэж хичээдэг. Өөрийн харьяалагддаг байнгын хороодын ажил, өөрийн хариуцсан өмнөх ажлаа сайн хийхийг чухалчилж байна. Ядаж хуралдаа хоцролгүй, таслахгүй оролцохоос эхлээд мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага байна. Хэрэгтэй үедээ ирчихээд өөрт нь ач холбогдолгүй үедээ ирдэггүй өөрийн үүргээ ухамсарлахгүй явж бас болоод байх шиг байгаа юм. Ингэж хандаж болохгүй л дээ. Төрийн түшээд бол Монголын ард түмний элч төлөөлөгч. Тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулах ёстой гэж үзэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Амай Ж.Золбаяр: Донорын хууль гартал аппараттайгаа амьдарна

Амай зурган илэрцүүд

Амай нэрээрээ олны танил болсон, Монгол бадарчин Жамбалсүрэнгийн Золбаяртай ярилцлаа. Тэрээр 2005 оноос эхлэн 11 жил бадарчилж, дэлхийг тойрсон цор ганц монгол хүн билээ. Түүний “Монгол Бадарчин” хэмээх цуврал номууд өнөөг хүртэл уншигчдадаа хүрсээр байгаа. Гэвч тэрбээр бөөрний дутагдалд орсон тул эрчимт эмчилгээнд орсон байна.


-Таны бие тааруухан эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Харин өнөөдөр (өчигдөр) номоо хүргээд явж байх юм. Эмнэлгээс гарчихсан юм уу?

-Эмнэлэгт хэвтсэн. Одоогоор аппаратад холбогдчихсон байгаа юм. Долоо хоногт гурван удаа цусаа шүүлгээд, бусад үед нь гэрээрээ энгийн амьдралын хэв маягтай байна. Ингээд бүхнийг болгохоос өөр арга байхгүй ээ.

-Хаана эмчлүүлж байна вэ. Эмчилгээний үр дүн хэр байна. Аппаратаасаа хэзээ гарах боломжтой юм бол?

-Аппаратаасаа гарах үгүйг мэдэхгүй байна. Энэ нь манай УИХ-ынхантай их холбоотой болчихож байгаа юм. Донорын хууль гарахгүй байна. Донорын хууль гарахгүй бол аппараттай л амьдарна гэсэн үг л дээ.

-Гадаадад бүрэн эмчлүүлчих боломж, бололцоо хэр байгаа бол. Та судалж үзэв үү?

-Манайхан бушуухан л гадагшаа явж эмчлүүлэхийг урьтал болгодог. Харин би Монголынхоо эмч нарт итгэж байгаа. Уг нь Герман, Америк, Швед зэрэг оронд амьдарч байгаа монголчууд нийлж, нэгдээд намайг эмчлүүлье, бүх эмчилгээг нь даая хүрээд ир гээд байгаа. Намайг ингэж дэмжиж байна. Саяхныг хүртэл би өөрийгөө ийм их дэмжлэгтэй байсныг мэдээгүй байлаа шүү дээ. Ийм дэмжлэг байгаа ч би гадагш явчихмааргүй байна. Донорын хуулийг батлуулах хэрэгтэй. Зурагт үзэхээр их хурлын гишүүд, хэрүүл хийж, хов хутгаж харагдах юм. Тэгж суухаар Донорын хуулиа гаргачих хэрэгтэй байна шүү дээ. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл одоогийн байдлаар шууд тав, зургаан мянган хүнийхээ амийг аварчихаар байна шүү дээ.

-Бөөрний өвчнөөр шаналж буй тийм олон хүн байна уу?

-Би олны танил болохоор л, олны анхаарлын төвд орчиход байгаа болохоос биш, олон мянган залуус эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж, энэ өвчнөөр шаналж байна. Тэгэхээр би тэр хууль гартал аппаратаа зүүгээд, шаналж буй бусад хүмүүсийнхээ төлөө явна.

-Та хувиа хичээхгүй байгаа юм байна. Өөрийгөө амьд үлдээхийн төлөөх бодол биш юм шиг?

-Хувиа хичээх гэдэг зүйл байх ёсгүй. Энэ олон мянган хүний төлөө хууль дүрэм гаргаад хэрэгжүүлчих хэрэгтэй байна. Миний өөрийн үзэл угаасаа ийм. Эрүүл мэндийн салбарыг нам, хэсэг фракц бүлгийн хувийн өмч шиг болгочихож. Эм тангийн бизнесүүдийг нь болиулах шаардлагатай байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбарт орсноос болоод эрүүл мэндийн салбарын чухал хуулиуд нь гарч өгөхгүй юм. Маш олон хүний эрүүл мэнд амь нас асуудалтай байна. Ингэж өвдөөгүй байхдаа би аялал жуулчлал, соёл урлагийг илүү анхаараад, ийм хүнд байгааг нь мэдээгүй явсан байна. Аппарат цусандаа залгуулаад хэцүү байна, чанга л байна шүү дээ. Угаасаа ингээд болгохоос өөр арга байхгүй. Амьдрал баялаг шүү дээ.

-Донорын хуулиа батлаач гэж та төрийнхөнд албан ёсоор хандсан уу?

-Энэ олон жил яригдаад л, судалгаа хийгээд л байгаа шүү дээ. Гацчихаад байгаа энэ асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй, эрүүл ухаантай юм бол тэд ойлгож байх ёстой. Донорын хууль батлагдтал нь аппараттайгаа байна би. Ганцхан миний эрүүл мэнд биш, Монгол Улсад тулгамдсан асуудал тул, үүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Мөнгөтэй нь гадаадад эмчлүүлээд, мөнгөгүй нь амиа алддаг. Хэцүү хүнд тогтолцоог өөрийн биеэр мэдэрч, энэ байдлыг өөрчлөхийг хүссэн их зориг юм байна…

-Бөөрийг тусгай төхөөрөмжөөр цэвэрлэдэг энэхүү аппаратынх нь материалын үнэ л 200 мянган төгрөг. Нэг удаа хэрэглээд хаях аппарат гэсэн үг. Үүн дээр асаргаа сувилгаа, арчилгаа, эм тан гээд олон төлбөр нэмэгдэнэ. Би бөөрний дутагдалд орсноор долоо хоног амьдрахад 500 мянган төгрөгийн техникийн зардал гаргаж байна гэсэн үг. Эм тан зэрэг бусад зардлууд нийлээд 800 гаруй мянга болдог, зөвхөн долоо хоногт. Тэгтэл тавдугаар сараас өмнө энэ байдал бүр хүнд байж. Тодруулбал, өмнө нь энэ аппаратынхаа мөнгийг иргэд өөрсдөө төлдөг байсан юм билээ. Харин энэ оны тавдугаар сараас хойш энэ аппаратын мөнгийг улсаас даадаг болсон байна. Миний эмчилгээнд долоо хоногт улсын төсвөөс 800 мянга, сард гурван сая орчим төгрөг зарцуулж байна. Яг над шиг аппараттай хэдэн мянган хүн бий. Донорын хуулиа батлаад, энэ хүмүүсээ яаралтай аппаратаас гаргахгүй бол улсын төсвөөс маш их мөнгө гарч байна. Улсын төсөв гэдэг чинь ард түмний татварын мөнгө гэсэн үг шүү дээ. Ард түмний нуруун дээр ийм их ачаа үүрүүлээд байна.

АНУ шиг том гүрэн байгаа биш. Монголчууд цөөхөн, хоорондоо ярилцаад л гаргачих хууль шүү дээ.

-Манай эрх баригчид мэдэхгүйгээсээ болоод хийдэггүй. Донорын хуулийг боломжийн нөхцөлөөр яаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Донороо хаанаас олох вэ?

-Жишээлбэл, АНУ-д жолооны үнэмлэх олгохдоо “Та ямар нэгэн байдлаар амиа алдлаа гэхэд донор болох уу, таны эрхтэн авахыг зөвшөөрөх үү” гэж асуугаад анкет бөглүүлчихдэг юм байна. Иргэд нь “тийм ээ, болно” гэчихдэг. Монголчууд ийм байдал руу шилжиж яагаад болохгүй гэж. Миний тархи үхэжчихсэн, бусад эрхтэн нь эрүүл байлаа гэж бодоход эрүүл эрхтнүүдээ өгөөд, бусад монгол хүмүүсээ аварчихаж болно шүү дээ.

-Таныг өвдсөн гэж дуулаад, хүмүүс номуудыг нь худалдаж авч өөртөө хөрөнгө оруулж, өчүүхэн ч болов эмчилгээний зардалд нь тус болъё гэж байгаа юм билээ. Таны номууд хаагуур борлуулагдаж байна?

Номын бүх дэлгүүрүүдээр байгаа. Номыг хамгийн чанартай, хамгийн гоё байх ёстой гэж боддог. Сүүлийн гаргасан номоо урлагийн бүтээл болгочихсон. Ном тухайн айлд өвлөгдөн хэдэн үеэр үлдэх учраас гоё байх хэрэгтэй. Хүмүүс номондоо дурлаж байх ёстой. Миний номуудын хэвлэлийн бэлтгэл ажил, зардал нь 100 гаруй сая, аяллын зардал нь 400 гаруй сая болсон. Миний хийгээд байгаа ном бол айл болгонд байх ёстой тэмдэглэл, илгээмжүүд байгаа юм. Эмнэлэгт оргүй хэвтэж байгаа намайг хараад хүмүүс өрөвдсөн юм шиг байна. Их худалдан авсан байна лээ. Уншигчдадаа баярлаж байгаа. Орлого нэлээд орсон тул орлогоороо, номын хэвлэлтийн зардлын өрөө дарж дуусгалаа. Харин өнөөдөр (өчигдөр) гэр худалдаж авч байгаа юм. Би 11 жилийн турш бадарчин байсан учир өөрийн гэсэн өмч хөрөнгө ер байхгүй. Аппаратад уяатай болж байгаа учраас, өөрийн гэсэн гэртэй болох хэрэгтэй байна. Эхний ээлжид монгол гэртэй болъё, гэртэй болчихоод дараагийн зүйлсээ бий болгоно.

-Гэрээ хаана барих вэ, хотод их утаатай өвчтэй хүнд амьдрах аргагүй байна шүү дээ?

-Хотоос гарч гэрээ барина. Нэг хүн ч гэсэн энэ бөглөрөөнөөс холдож өгье. Гэхдээ гурав хоног тутамд нэг удаа хотод ирж аппаратанд орно. Намайг дагаад хотоос гарах хүмүүс байгаа байх гэж бодож байна. Хотын их бөглөрөө, агаарын бохирдол дунд бүгдээрээ хохироод байна шүү дээ.

-Юунаас болоод таны өвчин хүндэрчихэв. Бөөрний өвчлөл их залуужсан байна уу. Эрт оношлуулж, эмчлүүлж байх ёстой байх, залуучуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Миний ажлын онцлогтой холбоотой. Хүмүүс намайг аялагч гэж андуураад байдаг. Би олон улс судлаач, олон улсын харилцааны мэргэжилтэй хүн шүү дээ. Яавал Монгол Улсыг дэлхийд номер нэг улс болгох вэ гэж явсан. Түүнийгээ олсон. Ингэхдээ хүйтэн, хэцүү, хэт халуун, хоолтой хоолгүй, хүнд хоолтой, стресстэй зэрэг маш их бэрхшээлийн дунд явсаар ирсэн. Тиймээс өвчин тусах маш олон шалтгаан байсан. Намайг бага байхад монголчууд өвөлдөө бүсээ бүслээд, хамгийн дулаан хувцасладаг байсан. Гэтэл залуус өнөөдөр пүүз өмсөөд л өвөлжчихдөг болжээ. Доороосоо даараад байвал аз жаргалтай явах хугацаанаасаа хасаад байна гэсэн үг. Монголын өвөлд моод хамаагүй, хасах 30 хэм болдог. Даарвал нуруу, бөөр өвдөнө гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Хоол ундаа сайтар анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед монголчууд давс, амтлагч зэрэг янз бүрийн юм их хэрэглэдэг болсон байна. Бид өндөр уулан дээр амьдардаг, халуун хүйтний хамгийн том хязгаарыг давдаг хүмүүс учраас тохирсон хувцас, хоол ундтай байхгүй бол болохгүй юм байна шүү гэдгийг л хэлмээр байна.

-Та аялалд яваад бие, эрүүл мэндээ зольчихлоо. Одоо харамсаж байна уу. Залуу хүн аппаратад зүүлттэй болчихно гэдэг, харуусалтай зүйл шүү дээ?

-Би харин амьд ирчихсэндээ баяртай байгаа шүү дээ. Миний туулсан замыг мэдэхгүй хүн бол мэдэхгүй. Бээжин, Нью-Йорк ороод аялаад ирсэнтэйгээ адил санадаг байх. Жишээлбэл, дэлхийн 10 гаруй дайнтай газар, элдэв өвчин, эболо вирусийн бүс, Малеригийн нутагт хоёр удаа хатгуулсан байна. Энэ бүх замыг амьд туулаад ирчихсэндээ маш их баяртай байдаг. Эх орондоо ирээд олон хүний хайр халамжид байгаадаа баярлаж байна. Миний номуудыг уншдаг хүмүүс туулсан зам үзсэн бүхнийг маань бүгдийг мэднэ. Ийм их туршлага судалчихаад Монгол Улсдаа хэрэгжүүлж чадахгүй байгаадаа харин харамсч байна. Дэлхийн бүх аялал жуулчлалын газрыг би үзчихсэн. Амрагчид юу хүсдэг, яаж хөгжүүлдэг бүгдийг судлаад ирчихсэн ч БОАЖ-ын яам руу намайг оруулахгүй байна. Дэлхийн бүх соёл урлагийг ч судалсан, очиж үзсэн. Монголын гадаад харилцааны мэргэжилтнүүдээс дэлхийн бүх газар нь очоод үзээд, судалчихаад ирсэн залуу надаас өөр нэг ч байхгүй. Судалсан, харсан үзсэнээ хэлж өгөх гэж таван удаа хүсэлт гаргаад Гадаад харилцааны яам руу орж чадаагүй. Монголоос дэлхийн хамгийн олон оронд очиж үзсэн хүн бол би байхгүй юу. Бүхэл бүтэн хөтөлбөр боловсруулаад, зураг материалтай нь аваад ирсэн, хот хүлээж аваагүй. Үүнд их гомдолтой байдаг. Би гүн сэтгэлээсээ гомдож байна. Би өнөөг хүртэл аль нэг намын гишүүн биш болохоор болохгүй байгаа юм болов уу. Яг ийм байдлаар олон жил болбол манай улс маш хүнд шат руу орохоор байна. 1990 оноос хойш хэдхэн хүн улсыг өөрийн юм шиг эзлээд, эдлээд байх боллоо. Одоо дуусах цаг болсон, бүхэл бүтэн 27 жил ийм байлаа шүү дээ.

-Аппаратаас гараад хамгийн түрүүнд юу хийх вэ. Таны цаашдын хүсэл, мөрөөдөл?

-Миний мөрөөдөл төрдөө зүтгэх. 1990 оноос хойш хүмүүст амь, амиа бодоорой гэдэг зүйлийг түгээчихсэн байхгүй юу. Манайх олон үндэстний холбооны улс биш учраас, ийм бодлого болохгүй, зохихгүй. Эх орондоо зүтгээд соёлын гоё гоё хөтөлбөрүүд гаргаад, бусдынхаа амьдралыг сайхан болгочихмоор байна. Маш олон зүйлийг судалж, мэдэж ирчихээд, хувийн ашиг хийгээд, хэд гурван төгрөг хараад ажиллах сонирхол надад алга. Тэр миний амьдралын утга учир биш байхгүй юу.

-Таныг өвдсөн гэж сонсоод олон хүний сэтгэл өвдөж байна. Мөнгөтэй, мөнгөгүй хүмүүс ч олон. Тэд танд яаж туслах вэ. Ямар тусламж хэрэгтэй байна вэ?

-Миний илгээмжүүдийг л хүргэж өгөөсэй. Сошиалд гэхэд би 20 гаруй хуудастай. Амай Золбаяр, Амай гайхамшигт ертөнц, Амай аялал гэх мэт. Энэ бүх хуудаснуудыг шэйр хийж олонд хүргэж, юм ойлгохгүй байгаа төрийн хүмүүст ойлгуулаасай. Олон хүмүүс янз бүрийн салбарт өрсөлдөөд л, нэг хүн нь шалгараад тэр хүнээ шагнадаг, өмөөрдөг. Надад өрсөлдөх, харьцуулах хүн байхгүй шүү дээ. Боловсролын яам цорын ганц монгол хүнийхээ дэлхийг тойрч ирсэн тэмдэглэл номыг яагаад боловсролын программд оруулахгүй байгаа юм. Гэтэл гадаад хүний бичсэн зүйлийг болохоор оруулчихдаг. Монгол хүн, монгол хүүхдүүддээ танин мэдүүлэх, гадаад хүн үзэл бодлоо илэрхийлэх шал өөр шүү дээ. Боловсрол, соёлын салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бид гуравхан саяулаа шүү дээ. Тавхан жилийн дотор манай улс сайхан болох боломж бий.

-Боловсролтой, соёлтой залуучууд бараг эх орноосоо дүрвээд, гадагш яваад байдаг болчихож. Үүнд та юу хэлэх вэ?

-20-30 насанд залуус юм үзэж, нүд тайлах хэрэгтэй. Монголын хамгийн шилдэг залуус Монголд амьдрах чадваргүй болчихоод байна. Тийм байдлыг төрийнхөн бий болгочихож. Жишээлбэл, би юу ч хийж чадахгүй байна. Энэ бол хамгийн том жишээ. Сонгууль гэдэг тогтолцоог өөрчилж, Их хуралдай зарлах цаг нь болжээ. Нэг жагсаал хийгээд л, долоон сарын нэгэн шиг байж болохгүй. Бид өөрсдөө юмаа шатаачихаад, өөрсдийнхөө татварын мөнгөөр буцааж барина. Сонгууль гэдэг тогтолцоо, санал тоолдог гаднын машинд итгэхгүй байна, итгэх боломжгүй зүйл.


Categories
мэдээ цаг-үе

Н.Жаргалбаяр: Нутгийн аваргынхаа буян заяаг хүртэж улсын заан болсондоо баярладаг

Холбоотой Зураг

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд долоо давж улсын заан цолны болзол хангасан удамт бөх Н.Жаргалбаяртай ярилцлаа


-Таны бөхийн замд орсон үеэс ярилцлагаа эхэлье?

-За энэ сайхан өдөр “Өдрийн сонин”-оор дамжуулж Монголын ард түмэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд 20 нас хүрч байж бөхийн спортоор тууштай хичээллэж эхэлсэн. 2010 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийсэн. Тэр үед харцага багш бөх болох хүсэл сонирхолтой Сэлэнгэ аймгийн 40 гаруй залуусыг цуглуулж “Алдар” спорт хороон дээр бэлтгэл хийлгэж байсан нь “Таван хан” дэвжээний суурийг тавьж байсан юм байна лээ. Тэр үед л ачаалалтай хийж байсан бэлтгэл маань миний үзүүлсэн амжилтуудтай салшгүй холбоотой байдаг. Хамт хөдөлмөрлөж байсан залуус маань өнөөдөр дийлэнх нь цолоо ахиулаад сайн барилдаж байна.

-Анх ямар цол хүртэж байв?

-Эхлээд 2010 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байсан байна. Харин дараа жил нь Ерөө сумынхаа баяр наадамд түрүүлж сумын заан цол авсан. Энэ үеэс л үндэсний бөхөөр барилдаад амжилт гаргаж болох талаар толгойд бодогдож эхэлсэн дээ. Бэлтгэлээ улам эрчимжүүлж хийсэн минь үр шимээ өгч дараа дараагийн цолууддаа хурдан хүрсэн. 2012 онд аймгийн начин болоод 2013, 2014 онуудад түрүүлж аймгийн хурц арслан болсон.

-Таны аав Д.Нэгдэл улсын начин цолтой сайн барилдаж байсан бөх. Аавынхаа барилдааныг үзэж байв уу?

-Миний аав 1979 оны улсын наадамд улсын арслан Ө.Эрдэнэ-Очироор тав давж начин цол хүртэж байсан. Ид сайн байх үеийнх нь барилдаануудыг сүүлд бөхөд дур сонирхолтой болсон хойноо бичлэг дээрээс л харж байсан даа. Аав үндсээс гадна чөлөөт бөхөөр хичээллэж байсан учраас хурдтай хараатай барилддаг байсан юм билээ.

Н.Жаргалбаяр зурган илэрцүүд-Аавынхаа барилдаанаас сурах зүйл их байв уу. Д.Нэгдэл начин олон хувилбар мэх хийж, өвөрмөц барилддаг байсан шүү дээ?

-Мэдээж суралцах зүйл их байсан. Гэхдээ бид хоёрын барилдааны арга барил өөр л дөө. Аав 175 см орчим өндөртэй, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин хүн. Тиймээс биеийн онцлогтоо тааруулж баруун, зүүн хөл авах, мушгиж тонгорох гээд олон төрлийн барилдаантай байсан. Харамсалтай нь зарим нэг шалтгааны улмаас олон жил барилдаж чадаагүй. Миний хувьд өндөр чацтай учраас шийдвэрлэх барилдаануудаа золгосон, шуудагдсан барьцнаас хийдэг. Ийм барилдаан маань сэтгэлд нь нийцдэггүй юм шиг санагддаг. Зүгээр зогсоод байх юм, урагшаа явж барилд гэж их зэмлэдэг.

-Та бөхийн өргөөнд барилдаж эхлэн “Таван хан” дэвжээгээр зарлуулж гарч байгаад “Увс нуур” галын бөх гэж барилдах болсон. Харьяаллаа яагаад сольсон юм бэ?

-Улсын аварга, арслан цолтой бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг нь хангаж, тэднээс юм суралцахыг хүсч сольсон. Олон шилдэг бөхчүүдтэй бэлтгэл сургуулилт хийж, гар зөрүүлснээр өөрийгөө илүү дайчилж тэр хэрээр амжилт өссөн.

-Та 2010 онд нэгэн томоохон барилдаан дээр нэгийн даваанд гурван удаа гарч барилдаж байсан санагдаж байна. Энэ талаар дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би тэр үед сумын начин цолтой залуу Дөрвөн уулын хишиг барилдааны аманд гардаг байсан. Сумын цолтнууд бөхийн тоо гүйцээгээд нэгийн даваанд хоёр, гурав гарах тохиолдол гардаг байсан. Тэр барилдаанд би эхлээд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр начинтай барилдаад уначихаад ирээд сууж байтал гарын даа дахиад гарчих гэж байна. Дараа нь Ч.Булганхүү арслантай барилдах гэсэн арслан “чи унасан” гээд барилдаагүй. Харин гурав дахь удаагаа гарахдаа Завханы Ж.Сүхбат арслантай барилдаад шуудагны барьцнаас мордоод давж байсан. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаярын аманд очиж өвдөг шороодсон. Дараа нь МҮБХ-ны нарийн бичгийн дарга, тайлбарлагч Б.Цогтбаатар ах “Чи чинь хэдэн удаа гарч барилддаг юм бэ” гэж уурлаж байсан. Одоо бодоход бөх болох гэж хөглөж байсан минь инээдтэй санагддаг юм.

-2015 онд улсын наадамд анх удаагаа барилдахдаа Дорнодын Д.Анарт өвдөг шороодсон. Гурвын давааны төгсгөлд тунасан хоёр аймгийн цолтны барилдаан бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-Аймгийн хурц арслан болоод анх удаагаа улсын наадмын дэвжээ үзсэн маань тэр. Гараад өөрийнхөө барилдааныг ерөөсөө гаргаж чадалгүй хөмрүүлж нэлээд чанга унаж байсан шүү. Уначихаад шарлахаад намар нь бэлтгэлдээ их эрт орсон. Илүү хөдөлмөрлөх ёстойгоо ойлгож урьд өмнөхөөсөө илүү их хичээж, хувийн сахилга батаа нэмэгдүүлсэн дээ.

-Сургамжтай барилдаан болжээ. Та дараа жилийн наадамд нь зургаа давж улсын харцага цол хүртсэн?

-Тийм ээ. 2016 онд тэгш ой тохиож 1024 бөх зодоглосон болохоор аймгийн цолтнуудад улсын цол хүртэх боломж нээгдсэн. Би анхны багш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж начин, харцагын даваанд Хөвсгөлийн Ч.Хөхчирэнгэртэй тунаж барилдаад харцага цолны болзол хангасан даа. Зааны даваанд нэг дэвжээний аварга С.Мөнхбат амлахад нь гуядах гээд хутгуулж унасан.

-Хоёулаа өнгөрсөн жилийн наадмын талаар ярилцъя. Наадмын бэлтгэл дээр сурвалжлагч ярилцлага авах гэхэд нь “ Ахаа хоёулаа наадмаар 12-ны орой цэнгэлдэхэд ярилцья” гэж хариулсан гэсэн. Үүнээс үзэхэд цолоо ахиулна гэдэгтээ их л итгэлтэй байж дээ?

-Монгол хүн амны билгээр гэдэг. Сайхан юм ярьж явбал бүтэж байдаг гэж би боддог. Бэртэл гэмтэлгүй дээрээс нь галынхаа наадамд түрүүлчихсэн байсан болохоор 12-ны орой цол нэмээд баяртайгаар уулзъя гэж бодсоны үүднээс л тэгж хэлсэн.

-Наадмын даваануудын талаар ярихгүй юу. Ялангуяа гурвын даваанд Говь-Алтайн хурц арслан Д.Тангадтай хүнд барилдаан хийсэн байх?

-Гурвын давааны барилдаан хүнд болсон шүү. Барилдааны үндсэн цаг дуусаад шодоход барьц сонгуулсан. Барьцыг нь тавиулаад өөрөө сонгоод л даваа авсан даа. Барилдааны явцад зүүн хөлөө бага зэрэг бэртээсэн ч цаашдаа өөрийнхөөрөө сайн барилдаад Сүхбаатарын улсын начин Бо.Батжаргал, Өвөрхангайн онжав харцага Х.Гантулга, Булганы улсын начин Д.Тамир нарыг даваад заан цолны даваанд нутгийн аварга Г.Эрхэмбаяр ахынхаа буян заяаг хүртсэн дээ.

-Ц.Содномдорж арслантай хийсэн барилдааны талаар?

-Энэ цагт олон бөх сонирхогчдын түрүү бөхөөр нэрлэж байсан хүчит харцагатай наймын даваанд амлуулсан. Өөрийнхөөрөө барилдсан ч туршлага дутаад өвдөг шороодсон. Харамсаад байх зүйл байхгүй ээ. Содном арслан маань сайн барилдаж төрийн наадмын түрүү хүртсэн.

-Барилдааны явцыг дэргэрүүлж яривал. Ц.Содномдорж арслан эхлээд тохоход нь сандарсан уу?

-Арслан давхар шуудагны барьцнаас тохоход нь мэдрээд араар нь хашиж мордсон ч дутуудаад, мөргүүлээд унасан. Тухайн үеийн барилдааны агшин эгзэг нь тэгж таарсан.

-Таны багш, аав зэрэг хүмүүс гарьд цолны хариуцлагатай даваанд гарахад юу зөвлөж байв.

-Т.Өсөх-Ирээдүй багш болон нутгийн аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй нутгийн бөхчүүд “Өөрийнхөөрөө барилдаарай, яарч болохгүй шүү” гэж зөвлөж, зоригжуулж байсан. Зөвлөгөөг нь дагаж өөрийнхөөрөө барилдаад түрүү бөхөд шороодсон. Бөхчүүд хэлдэг дээ “Түрүү бөхтэй л таарчихгүй юмсан” гэж. Түрүүлэх бөхийн хийморь өөр байдаг юм байна лээ. Гэхдээ миний хувьд нас залуу, наадам олон байгаа. Суралцах зүйл ч маш их бий.

-Таныг бөхийн хүрээнийхэн “Каран Жагаа” гэж дуудаад байсан. Энэ нэрнийхээ талаар тайлбарлавал?

-Би өөрийнхөө биеийн онцлогт тааруулж ихэнх барилдаанаа шуудагны барьцнаас хийдэг. Голлож хийдэг мэх маань шахаж татах. Үүнтэй л холбоотой байх даа.

-Та 2013 онд дархан аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагналыг хүртэж байсан?

-Нэгэн цаг зүлэг ногоон дэвжээг чимж явсан аваргаас “Ирээдүйн аварга” шагналыг нь гардсандаа баярлаж явдаг шүү. Энэ шагналыг авсан хүмүүс цаашдаа бүгд сайн барилдаж цолоо ахиулдаг сайхан уламжлалтай. Энэ шагналыг бэлгэдэж ирээдүйд аварга болохын төлөө илүү хөдөлмөрлөнө дөө.

-Танд амжилт хүсье?

Энэ завшааныг ашиглаад бөхөд хайртай Сэлэнгэ нутгийн зон олон болон “Таван хан” дэвжээ, “Увс нуур” дэвжээ, “Blue Dragon” компанийн хамт олондоо талархал илэрхийлье.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ соёл-урлаг

Од эрхсийн дуун…

Холхи газраас гялалзан харагдагч өнгөт Од.

Д.Н

Би сэрж байнам…Амин сүнсний минь нэрээр дуудахыг сонсдог байна шүү, намайг.Тэр нэрийг авиагаар үл дуудах, харин гэрэл, туяагаар л дуудаж болох. Түмэн жил хэн ч дуудаагүй, миний ч санаанд ороогүй бөлгөө. Нэрийг минь санан дуудсан мөнөөх одны амраг туяа нь намайг сэрээхийн учир юусан.

Танихгүй атлаа танил дуун

Таараагүй байтлаа мэддэг дуун

Тааруулж оноох эзэнгүй дуун

Тааж тайлах утгагүй дуун

Онхид дуулдаагүй тэр нэрээр

Огтоос байгаагүй тийм нэрээр

Оноож хэнд ч өгөөгүй нэрээр

Одоо дуудаж, яах гэж сэрээв!

Сэрээд үзэхнээ гариг оддын буудал мөн байнам. Тэнгэр тэлсээр газартай нийлэх энэ л зайд од гариг бууж чуулдаг. Энэ бол хээр тал…Энд мөрөөдөл өөрөө ододтой хамт бууж ирдэг юм. Хэрвээ чи мөрөөдөж чадвал тал нутгийн нэг хэсэг, од эрхсийн үргэлжлэл нь болно.

Гариг эрхэс шивэгнэн хэлэх нь: “Мөрөөдөгтүн…Мөрөөдлөө гансрал, санаашрал болгож болохгүй. Харин түүнийг бясалгал болго. Бясалгал болгосон мөрөөдөл диваажинд хүргэж, гансрал болгосон мөрөөдөл зовлонд унагадаг…мөрөөдөгтүн” хэмээнэ.

Оддыг туучин хээр талаараа алхнам…Хувь тавилан энд л ододтой хамт бууж ирдэг юм. Хувь тавилангаа өөрчлөх гэж, шинээр зохиох гэж битгий зүдэр. Хувь тавилантайгаа нийл. Учир нь чи хувь тавилан руу ирсэн юм биш, хувь тавилан чамайг эрж, олж ирсэн юм…

Хөлд одод хөглөрөхийн цагт

Хөх тэнгэр… хаана вэ, юу вэ!

Хөх оддын хөнжлөөс харахад

Хөөрхөн гэж…хэн бэ, хаана вэ!

Сар, эрхэс асгарахын цагт

Сансар тэнгэр…хаана вэ, юу вэ!

Сансрын хөнжлийг сэвэн харахад

Сайхан гэж…юу вэ, хаана вэ!

Одод харвах нь санаа алдах мэт ээ. Одод асгарах нь тэнгэрийн алдас гэж үү? Үгүй ээ, одод харван алдарч байгаа юм биш, нисэн одож байгаа юм. Одод асгарч байгаа юм биш, орон зайгаа хээр талаар тэлж байгаа юм. Яах гэж тэр вэ? Чиний үнэлэмжийг өөрчлөхийн тулд хэмээнэ. Алдаа гэж байдаггүй, харин цагаа олоогүй оноо гэж буй. Харин алдаатайгаа битгий зууралд. Алдаагаа битгий давт, бас битгий зас, тэнд нь л орхиж бай.

Харуй бүрийн заагаар

Хар нар мандаж

Харанхуй гэрэл нэлмийж

Хамаг амьтан гялбана

(Харахгүй, үзэхгүй болно)

Харахгүй, үзэхгүй гэтэл

Харийн одод тодорно

Хар нар л тэднийг

Харуулж,гийгүүлдэг байх нь.

Одод хоромхон зуур гялбалзаад, анивчих нь аз жаргал ирэх мэт, ирснээ алдрах мэт… “Аз жаргалтай битгий зууралд, тэр зууралдсан хүнээс зугтаадаг. Тэврэх, боомилох хоёр ялгаагүй түүнийг давчдуулж, улмаар зугтан тэлүүлэхэд хүргэнэ. Аз жаргал орхиж чаддаг хүнд л эргэж ирдэг юм. Үүдээ нээлттэй орхи, аз жаргал гарч л байж эргэж ирдэг” гэнэм.

Орон дэлхийн зай завсраар

Огторгуйн заадас хөглөрч байлаа

Оддыг тэгж тэнгэрээс харахад

-Одоо боллоо, нислээ гэхийн

Оготно хулганын оромж нүх рүү

Огторгуйн заадас хөвөрч одлоо

Одоо тэгээд дээшээ харахад

Олж үзэх юм юусан билээ.

Одод унтрах нь үхэл мэт ээ. Үгүй ээ, унтарч байгаа бүхэн үхдэггүй. Одод унтарч байгаа бол шинэ од мэндэлж байгаа юм. Үхэл л зөвшөөрсөн учраас чи амьд байгаа шиг. Зүгээр л, үхэлтэй мөр зэрэгцэн од мэт гялбалзагтун. Харин түүнээс битгий ай, битгий зугтаа. Үхэл өөрөө араатны зөнтэй. Айж байгаа, зугтааж байгаа бүхнийг анзаарамтгай. Амьдрал бол үхлийн өгсөн чөлөө…өглөгийн эзэнд чимээгүй талархагтун.

Үзсэн бүхэн минь зүүдсэн бол

Үзүүр нь үлдсэн амьсгал юу вэ!

Үнэхээр ертөнц хумхи юм бол

Үнэр нь үлдсэн цэцэгс юу вэ!

Анзаарсан бүхэн зэрэглээ юм бол

Амт нь үлдсэн уруул юу вэ!

Атгасан бүхэн минь хоосон юм бол

Алганд үлдсэн мөр нь юу вэ!

Алганд буувч алганд эс үлдэх, алслан одовч орхин үл арилах од эрхэс, чи мөрөөдөл үү, бодит үнэн үү? Үнэн гэдэг бол царцсан мөрөөдөл юм. Царцсан мөрөөдлөө гэсгээ, амьдруулан асааж, дэрвүүлэн хийсгэ. Одод дэвссэн хээр талд мөрөөдөл биелдэг болохоос биш төлөвлөгөө биелдэггүй. Эргэн тойрноо хар. Ямар лут, лут төлөвлөгөө, өө сэвгүй төлөвлөгөө элсэн байшин мэт нурж байгааг үз!

Харин ямархан, ямархан биелшгүй мөрөөдөл, ер бусын санаа амилан босч байгааг үз… Одод буудаг энэ орон зай ирээдүйгээ төлөвлөж буй хүнийг өөртэйгээ тэрсэж байна гэж хардаг юм. Харин мөрөөдлийг нөхөрлөл, хайр хэмээн хүлээж авдаг.Энэ хээр тал од эрхэст хамаатай болохоос газар дэлхийд хүртээлгүй хэмээнэ.

Хүлэг морь минь уяан дээрээс

-Хүрээд ирээч гэж үүрсэн дуудлаа

Хүргэж ирсэн унаа хүлэг минь

Хүнийрхэж юундаа тэлүүлж янцгаав!

-Уяа, буудлыг орхиод нисч бай

-Уягдаж, өөрийгээ битгий хүлж бай

Улаан наран эхэлж мялаадаг

Уулсын оргил дуудлаа гэнэм.

Алсын одод дэргэд буухын цагт алс гэж юу сан. Алсад буй одод л алсыг бидэнд “энд” хэмээн төсөөлүүлсэн бус уу? Алс өөрөө буугаад ирэхээр алс гэж юусан билээ. Одод эрхсийн сургууль “Алсыг харах гэж битгий яар. Алс өөрөө буугаад ирэхийг хүлээ. Хүлээлт бол мөрөөдлийн буудал. Юуг ч хүлээдэггүй хүнд юу ч ирэхгүй” хэмээн үүдэн дээрээ бичжээ.

Сүмийн хонх бурхдыг дуудахад

Сүсэгтний цуваа хийд рүү хөвөрнө.

Сүүдэр бараадсан бяцхан хулгана л

Сүмээс чанадад хэнийг эрнэм!

…Би сэрж байна. Сэрсэн хойноо бяцхан зүрх гэрэлтэхийг харав шүү. Бяцхан зүрхний бяцхаан гэрлийг нэгэн бяцхан эрвээхэй ирээд бяцхан зуур хааваас од эрхэс бүүдийн харанхуйлах чинь юү вэ…

Од эрхэс чамайг бус, од эрхсийг чи гэрэлтүүлнэм буюу. Ингэхэд, тэнгэр, хээр тал хоёрын аль нь дээрээ байж, одод, зүрх хоёрын аль нь алийгаа гялбуулан гэрэлтүүлнэм бэ?

Од эрхсийг нэрлэн дууднам, би. Амраг туяа нь намайг гиигүүлсээр бууж л байг уy.