УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь инстаграм хуудсаараа дамжуулж хийсэн шууд бичлэг нь нийгмийг шуугиулж байна. Гэтэл уг үйл явдалтай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал ярилцлага өгч “Шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан “Манай дүү хүчиндүүлсэн” гэх асуудал нь худлаа болох нь тогтоогдсон. Дүү гээд байгаа нь түүний хамаатны охин байх ба тэрээр өөрөө болон, түүний эцэг эх байцаалт өгсөн. Мөн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тийм асуудал болоогүй болох нь тогтоогдоод байна” гэж мэдээллээ. За тэр яахав.
Энгийн байдлаар болж буй үйл явдлыг харахад Г.Номуундарь охин ингэж цахим ертөнцөд эцэг эхийнхээ нэр хүнд, амь насаа золин байж манай нийгэмд буй бэртэгчин залуусын далд, хаалттай атлаа үнэн бодит байдлыг шууд хэлэн идээ бээр, бэтгийг шахан байж мэдэгдэл хийсэн нь иргэний маш том зориг гаргасны дээр эрэмгий, өөртөө итгэлтэй байгаагийн илрэл. Өнөө үед хэн ингэж ил гарч чадах юм, хэн ингэж сошиал хэмээх айхавтар хүчтэй зүйлээр нүүрээ нуухгүйгээр болсон бүх зүйлийг ичихгүйгээр ард түмэндээ өчих юм бэ.
Сошиалд өрнөж буй элдэв мэдээлэл, “Цэнхэр үст” гэх Цэрэн бүсгүйн өгч буй мэдээ сэлтээс гарахад баян, хөрөнгө чинээтэй айлын хөвгүүд бяцхан охидоор бахаа баахан хангадаг бололтой. Түүнийг дам сонссон бусад нь, анги хамт олон, сургуулийнхан нь ярьж дооглож шоолж газрын гаваар ортол нь оролддог бололтой. Охидын ууж идэх зүйлд элдэв юм холиод эр эмийн ажил хийчихээд тэрийгээ бусдад ярьж нэр төрийг нь гутаадаг гэх. Үүнийг Номуундарь охин баримт нотолгоотой нь ярьчихсан, тэр бичлэгт. Учир мэдэхгүй жаахан охидын ууж идсэн зургийг дараад мөнгө нэхдэг ч бололтой. Ийм зүй бус, хүн чанаргүй үйл явдал болдгийг тэр охин хэлчихлээ, баталчихлаа бас илчилчихлээ. Үнэхээр аймаар, бас гомдмоор. Өөрийгөө, ирээдүйгээ, амь амьдралаа, нэр хүндээ, гэр бүлээ, амь нас, эрүүл мэндээ золиослон байж тэр бүгдийг мэдэгдлээ. Энэ бол аргаа барсан хүний л үйлдэл. Амь тасрахын наана, багтарч үхэхийн өмнөхөн, өөртөө удаан тээж явамгүй болоод л зовохдоо, тарчлахдаа хийсэн үйлдэл шүү дээ. Хүнд итгэх нь бүү хэл өөртөө ч итгэж боломгүй энэ үед хүн өөрөөсөө өөр бусдад, найз нөхөд, тойрон хүрээлэгчдэдээ өчүүхэн ч атугай итгэсээр л байдаг. Энэ чинь л хүн хэмээх бодгалын чухал шинж. Хүн байсныхаа, хүнд итгэснийхээ төлөөсөнд юу ч эдэлж, хожим нь дийлж гаршгүй хохирол амсч мэдэх нь. Яана. Охины ярьсан болгон нийгэмд, охидод, хүнээрээ байгаа хүн бүрт өгсөн том сэрэмжлүүлэг. Маш том сануулга, сэрэмжлүүлсэн айдастай өчил юм шүү.
Энэ хэргийн шүүх үйл явц дөнгөж эхэлж байна, анхан шатандаа явж байна. Уг бичлэг цацагдаж эхэлснээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллага шалгалтаа эхлүүлж нэр дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг эх зэрэг нийт 50-иад хүнээс байцаалт авч, бусад шаардлагатай ажиллагааг хийж эхлээд байна гэдгийг албаныхан хэлсэн. Гэтэл яагаад энэ прокурор гэнэт ийм мэдэгдэл хийчихэв. Яаран ийн ярьж, одоогоор олон түмний ойлгож байгаагаараа хохирогч гэгдээд буй Номуундарь охины талаар ийм болчимгүй мэдээлэл хийсэн нь ард нийтийн дургүйцлийг төрүүлж хууль хяналт, прокурорын байгууллагад итгэх итгэлийг улам сулруулаад байна.
Үүнээс нь харахад энэ үүсээд байгаа хэргийг ямар ч хамаагүй аргаар няцааж гарч буй мэдээллүүдийг нь үгүйсгэх гэсэн, баримт бүрийг аядуу зөөлнөөр, нэг нэгээр нь байхгүй болгох өнгө аяс байна гэдэг нь мэдрэгдэж эхэллээ. Прокурорын мэдэгдэгдлээс харахад прокурорын байгууллага хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүдийн талд үйлчлээд байна гэдэг нь хэнд ч харагдаж байна.
Шүүхээр тогтоогдоогүй байхад, зохих ёсны байгууллага нь албан ёсоор тайлбар хийгээгүй байхад яагаад Ц.Өлзийжаргал прокурор ингэж мэдэгдэл хийдэг юм бол?!? Бичлэг нийтэд дэлгэгдээд, Номуундарь охины аав монголчуудад үйл явдлын талаар хоолойгоо зангируулан байж яриад ганцхан хонож байхад прокурорын байгууллага яагаад гэнэт эл хэргийг үгүйсгэсэн нотолгоо гаргаад ирдэг билээ. Яахаараа?!? Уг мэдэгдэл, прокурорын байгууллагыг төлөөлж ярьсан энэ хүний яриа нь бүхэлдээ эргэлзээ төрүүлж байна. Үүнээс нь харахад ийм яарсан, нэг талд үйлчилсэн, олон нийтийн санаанд хууль бусаар нөлөөлөх гэсэн энэ мэдэгдэл нь эргээд хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм шүү. Мэдэгдлийг алсаас, томруун байдлаар харахад үүсээд байгаа энэ асуудал, хэрэгт прокурорын байгууллага цагаа ололгүй яаран увайгүй мэдэгдэл хийчихэв шүү дээ. Юм дуусаагүй. Цэг тавих болоогүй байна. Дөнгөж эхэлж байна. Үүр цайж, дорноос наран мандаж улбар туяа нь баруунтаа тусч байна. Үүр хаяарч байхад юунд ингэж харанхуй бүрийн талаар ам нээв. Цэг тавих болоогүй байна, бүү яарцгаа прокурорынхоон!
Д.ГАНСАРУУЛ