Categories
мэдээ нийгэм

Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон”-ыг нээлээ

Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон”-ыг нээлээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж өчигдөр “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ.

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талд/ уг хотхоныг бүтээн байгуулжээ.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлууд, төөрдөг байшингаас бүрдэх юм. Мөн хувцас солих байр, халуун цай кофе уух байр, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргээр тохижуулан иргэдийн тав тухыг бүрдүүлэхээс гадна нийслэлийн өнгө төрхийг чимсэн бүтээлийн нэг болсон.

Дэлхийн хүн амын 50 хувь нь цас үзэж байгаагүй бөгөөд үүнд Австрали, Африк, Төв болон Өмнөд Америк, Ази тивийн иргэд хамаардаг байна. Иймд олон сар үргэлжилдэг өвлийн улиралд тусгай сонирхлын аяллыг хөгжүүлж жуулчдыг татах асар их нөөц бололцоотой юм.

Нийслэл Улаанбаатар хот нь Өвлийн хотуудын холбоонд 1998 онд элссэн бөгөөд тус холбоо нь эрс тэс цаг ууртай, өвлийн улирал хүйтэн болдог хотууд нэгдэн өвлийн улирлын нөөц бололцоог ашиглан хамтын хүчээр тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулж хөгжлийн замыг эрэлхийлэх зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирээдүйн шилдэг сэхээтнүүдийг шалгаруулав

Зураг

Ирээдүйн залуу удирдагч, нийгмийн зүтгэлтэн, чадварлаг мэргэжилтэн төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор их дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад МЗХ-ны нэрэмжит шагнал “Тэргүүний оюутан” цол тэмдэг, өргөмжлөлийг олгох “Алма Матер” ёслолын ажиллагаа 17 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ оны Шилдэг судлаач оюутнаар Шихихутуг сургуулийн Эрх зүйч ангийн 4-р дамжааны оюутан Т.Нарандэлгэр, Нийгмийн салбарын шилдэг оюутнаар МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн 3-р дамжааны оюутан Л.Тэрбиш, Эрүүл мэндийн салбарын шилдэг оюутнаар нь Шинэ анагаах ухааны их сургуулийн 6-р дамжааны оюутан Э.Алтансувд, Боловсролын салбарын шилдэг оюутнаар Монголын оюун ухааны академийн тамирчин Олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр, Урлагийн салбарын шилдэг оюутнаар СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн ангийн 4-р дамжааны оюутан Л.Номин-Эрдэнэ, Шилдэг илтгэгч оюутнаар Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн 4-р дамжааны оюутан Л.Анар-Эрдэнэ, Шилдэг зохион бүтээгч оюутнаар МУБИС-ийн дүрслэх урлаг технологи сургуулийн, технологийн багшийн 4-р дамжааны оюутан Б.Ержанат, Нийгмийн салбарын шилдэг оюутнаар Мандах бүртгэл дээд сургуулийн 3-р дамжааны оюутан Э.Лувсангомбо, Шилдэг магистрант оюутнаар АШУҮИС-ийн дотрын тэнхимийн 1-р дамжааны оюутан С.Амаржаргал, Шилдэг докторант оюутнаар МУИС-ийн багш С.Нандинцэцэг, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшингийн сургуулийн нийтийн удирдлагын докторант Ч.Даариймаа, Спортын салбарын шилдэг оюутнаар дэлхийн аварга МУГТ П.Орхон нар шалгарсан байна.

Шагналыг тухайн салбарын нэр хүндтэй эрхмүүд гардуулж, шилдэг залууст цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт бичигдэж байна

Зураг

Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэнийг Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвсэл уламжлав.

ДЭМБ-ын 2015 онд явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Өмнөд Солонгос нэгдүгээрт, Вьетнам хоёрдугаарт, Таиланд гуравдугаарт орж байгаа бол Монгол дөрөвдүгээрт орж байна.

Жилд нэг хүнд ногдох архины хэмжээ

Өмнөд Солонгос-10.9 л

Вьетнам- 8.7 л

Таиланд -8.3 л

Монгол- 7.8 л

Хятад- 7.6 л

Харин Пакистан, Бангладеш болон Индонез улс архины хэрэглээгээрээ Азид доороосоо эхний гуравт бичигдэж байна. Тодруулбал, Пакистанд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 0.1 л, Бангладешт 0.2 л байгаа бол Индонезид 0.6 л байна.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт дахь машины дараалал өнгөрсөн шөнийн байдлаар 17 километр болсон гэв

Related image

Гашуунсухайт хилийн боомтын нүүрс тээвэрлэлтэд үүссэн нөхцөл байдлыг арилгах, нүүрсний ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зорилгоор ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн ажлын хэсэг газар дээр нь ажилласан байна. Үүний үр дүнд ЗТХЯ, Автотээврийн Үндэсний төв хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Үүний дагуу тодорхой хэмжээний ажлуудыг хийсэн. Нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг эрчимжүүлсэн байгаа юм.Ажлын хэсэг Гашуунсухайт боомтод очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоох хэрэгтэй байгаа талаар санал гаргасан. Ачилт арванхоёрдугаар сарын 12-ны шөнийн 01:00 цагт түр зогсоосон. Өнгөрсөн шөнийн байдлаар машины түгжрэл 118 км байснаас 17 км болсон байна.Өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлээд уурхайн ачилтыг Цагаанхад чиглэлд хийж эхэлсэн. Цагаан хаднаас ачилтыг өдөр 14:00 цагаас эхэлж хийнэ. Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм.Ингэснээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийгдэнэ. Үүнд УУХҮЯ онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн ЗТХЯ, АТҮТ машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна” гэлээ.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан “Нүүрсний экспорт сэргэсэнтэй холбогдуулж тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэмэгдсэн.ТХЯ, АТҮТ-ийн ажлын хэсэг нь “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, жижиг “Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж, тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөн ажилласан.Нүүрс олборлож буй компанитай хийсэн гэрээг үндэслэн АТҮТ-өөс тээвэрлэгч компаниудад зөвшөөрөл олгодог бөгөөд энэ асуудалд зохицуулалт хийж, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААН-ийн тээврийн хэрэгслийг улс хоорондын тээвэрлэлтээс хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа юм.Өнгөрсөн онд нийтдээ 5,700 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд үүнээс гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан 3,000 гаруй жолоочтой гэрээ байгуулан, аж ахуйн нэгж байгууллагад хамааруулж, дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нөхцөл боломжоор хангасан.

Өнгөрсөн оны эхний хагас жилд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмол өсөлттэй байх үед уурхайнуудаас ирсэн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн норм, дүрэм журам, стандартын хүрээнд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж 7,800 гаруй болгосон. Оргил үедээ 1,605, энгийн үедээ тогтмол 1,200-1,300 гарч байсан үед тээврийн хэрэгслийн илүүдэл болон ачаалал үүсгэхгүйгээр төлөвлөж байсан ч өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр Хятадын тал татан авалтаа 2 дахин бууруулснаас хамаарч хүндрэл үүсэж эхэлсэн.Энэ үед АТҮТ-өөс УУХҮЯ-д уурхайн ачилтыг квотонд оруулж багасгах, уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч өгөх хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр Засгийн газрын хуралдааны 320 дугаар тогтоол гарч, холбогдох яамд болон орон нутагт чиглэл өгч үйл ажиллагаагаа уялдуулахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.

Хилээр цөөн машин нэвтэрч байгаа энэ үед их хэмжээний нүүрс ачилт хийсэн худалдагч, худалдан авагч талууд замд ачаалал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнээс болж машины бөөгнөрөл бий болж, хэдэн мянган жолооч нар хохирч эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. АТҮТ-өөс зөвхөн машин цөөлж бүртгэлд оруулснаар асуудал шийдэгдэхгүй тул улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцож байгаа бүх байгууллагууд хамтран энэ асуудлыг шийдэх ёстой талаар албаныхан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх газрын хажууд автомашин шатжээ

Энэ сарын 18-ны оройн 19.40 цагийн үед “Петровис”-ийн шатахуун түгээх станцын хажуугаар явж машин шатжээ.

Энэ үед машины жолооч болон дотор нь зорчиж явсан хүүхэд машинаас бууж амжжээ. Энэ үед шатахуун түгээгч ажилтан түргэн шуурхай ажиллан, галыг унтрааж болзошгүй аюулаас сэргийлж чадсан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш ес эхэлнэ

Image result for хүйтэн өвөл

Маргааш ес эхлэх гэж байна. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны энэ жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор маргааш хүйтний эрч чангарах юм.

Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр -22-29 градусын хүйтэн байна. Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -9-15 градус, бусад нутгаар -16-21 градус байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээлэнт”-тэй хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээлэнт”-тэй хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийслэл хотод бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болгох” зорилт болон Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал бөгөөд нийслэлээс бизнес эрхлэгчдэд ээлтэй шийдвэрүүд гаргахад эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн санамж бичиг байгуулах үеэрээ хотын дарга онцолж байсан юм.

Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийн болон зах зээлийн орчныг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, ногоон эдийн засаг, бизнес, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудыг хамтран зохион байгуулна. Мөн “Зах зээл судлалын хүрээлэн” нь нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах, төслийн багуудыг чадавхижуулахад шаардагдах сургалтыг явуулж байхаар санамж бичигт тусгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа

Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрууд/-д хүүхдэд ээлттэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачлага, сургалт сурталчилгааг өрнүүлж ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ, хүрээлэн буй орчиноо хүүхэд, гэр бүл рүү хандуулж байгаа нь сайшаалтай.

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, орчинг бий болгож, ирээдүй хойч үеийнхээ төлөө санал санаачилга гарган ажилласан дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг урамшуулан, цаашид ажиллах урам зориг, эрч хүч өгөх зорилгоор хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах энэхүү ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.

“Аз жаргалтай Улаанбаатар” болох зорилт тавин Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлхийн төлөө ажиллаж байгаа Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна. Хүүхэд, багачууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Нийслэлийн 2017 оны “Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагад хүргүүлсэнээс 1 дүгээр шатанд 162 байгууллага шалгаруулалтад материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 162 байгууллагаас 9 дүүргийн ажлын хэсэг нийт 45 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна. 2 дугаар шатанд ирүүлсэн 45 байгууллагаас Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага”-аар:

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн 1-р хороо
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Налайх дүүргийн 109-р сургууль
  • Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага: “Гүүд нейборс” ТББ
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага: Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Н.Мөнхбаяр
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага: “Гэгээнтэн энтертайнмент” ХХК
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага: “Аз хур” ХХК
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуй нэгж байгууллага: “Хүннү молл” ХХК тус тус шалгарлаа.

Шалгарсан байгууллагуудад Нийслэлийн удирдлагууд талархал илэрхийлж батламж дурсгалын зүйл гардуулсан бөгөөд хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагуудад амжилт хүсэн хүүхдүүдийн төлөөлөл дурсгалын зүйл гардуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Шатарчид ДАШТ-ий логог голлоо

Ирэх жил Лондонд болох шатрын ДАШТ-ий логог шатарчид Кама Сутра гэж нэрлэсэн юм. Ийнхүү зохион байгуулагчид ширүүн шүүмжлэлтэй туллаа. Энэ логог ОХУ-ын “Щука” загварын товчооноос хийсэн бөгөөд тэд “Манай лого тэмцээн болох хот шигээ орчин үеийн, өвөрмөц” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхланг өөрийнх нь хүсэлтээр байнгын хорооны гишүүнээс чөлөөлөө

Image result for уих жавхлан

УИХ-ын гишүүн С.Жавхлан Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Жавхланг тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулаад, санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

Ингэснээр тэрбээр одоо Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяалалд үлдэж байна.