Categories
гадаад мэдээ

ОХУ даяар кассын машины ажиллагаа саатав

ОХУ даяар мянга мянган дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын худалдан авалтыг бүртгэж, баримт хэвлэх зориулалттай кассын машины ажиллагаанд саатал учирлаа.

Өчигдөр буюу Лхагва гаригийн шөнө эхэлсэн энэхүү саатлын улмаас томоохон сүлжээ дэлгүүрүүд болон “Роснефть”, “Газпромнефть” зэрэг компанийн шатахуун түгээх станцууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн юм.

Кассын машины томоохон саатал “Штрих-М”, “РР Электро”, “Тринити”, “Измеритель” зэрэг компаний үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдэд үүссэн бөгөөд саатал ОХУ-ын жижиглэн борлуулах салбарын 9 хувийг хамарчээ. Зарим дэлгүүрүүд энэ өдөр үйл ажиллагаа бүрэн зогсоож хаалгаа барьсан бол зарим нь гар аргаар худалдан авалтаа тэмдэглэн үйлчилж байв. Орон даяар үүссэн саатлын улмаас бизнес эрхлэгчдийн амссан нийт хохирол 2.5 тэрбум рубль болоод байна.

ОХУ даяар хоёр мянга гаруй инженер техникийн ажилтан үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй бөгөөд пүрэв гаригийн өглөө гэхэд үүссэн саатлыг олохоор ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Солиот эх” кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

Х ТҮЦ продакшн Хятадын зохиолч Ванг хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээсэн билээ. Тус уран сайхны кино нь энэ сарын 29-нд театруудаар нээлтээ хийх юм. Солиот эх кино нь Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх, ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй гэгээн хайрын тухай өгүүлнэ. Кино багийн бүрэлдхүүнийг танилцуулбал Ерөнхий найруулагч И.Одончимэг, Найруулагч Ч.Ганзориг, Ерөнхий продюсер Н.Онон. Гол дүрд МУГЖ И.Одончимэг, СТА Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн нар тоглох юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын 500 сая төгрөгийн супер азтан маргааш хонжвороо гардаж авна

Image result for НӨАТ-ын 500 сая төгрөг

2017 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн иргэдээс 10 дугаар сарын 22-нд болсон НӨАТ-ын сугалаагаар 500 сая төгрөгийн супер азтан тодорсон билээ.

Тэгвэл татварын байгууллагаас өнгөрсөн хугацаанд азтаныг шалгаж, баталгаажуулснаар маргааш буюу 12 дугаар сарын 22-ны өдөр 500 сая төгрөгийн эрхийн бичгийг нь гардуулахаар болсон байна. Үүнээс гадна 20 болон 4 сая төгрөгийн азтанууд ч ирэх ажээ. Энэ үйл ажиллагаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ТЕГ-ын удирдлагууд оролцох юм.

НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол 12 дугаар сарын 24-нд буюу энэ Ням гарагт болно.

Categories
мэдээ нийгэм

“MNB хүүхдүүд” цэцэрлэгийн хүүхэд, багачуудад эрүүл мэндийн үзлэг хийлээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд хоёр байгууллага хамтран нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах, ард иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зэргээр хамтран ажиллана. Мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь тус байгууллагын албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллах юм.

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагуудын санаачлагаар энэ оны 10 дугаар сард “MNB хүүхдүүд” цэцэрлэгийг албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүмүүжүүлж, тэдний ажлыг хөнгөвчлөх зорилгоор нээсэн билээ. Одоо тус цэцэрлэг нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, хоол, хүнсний аюулгүй шаардлага хангасан, хүүхэд, багачууд хүмүүжихэд таатай, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлсэн үлгэр жишээ цэцэрлэг болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч, дэслэгч Ч.Ганчимэг, шүдний их эмч Б.Баярцэцэг нар энэ сарын 15-ны өдөр тус цэцэрлэгийн 40 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийн, амны хөндийн эрүүл мэнд, гарын эрүүл ахуйн талаар бичлэг үзүүлэн, зөвлөгөө өглөө. Цаашид амны хөндийн эрүүл ахуйн тал дээр шат дараалсан арга хэмжээ авч, эрүүлжүүлэх ажил нэн шаардлагатай байгааг эмч нар онцоллоо. Түүнчлэн багш, сурган хүмүүжүүлэгчдээс гадна эцэг, эхчүүд энэ асуудал дээр анхаарлаа хандуулан, хүүхэддээ аль болох чихэрлэг зүйлс авч өгөхгүй байх, шүдний эмчийн хяналтад тогтмол оруулах, шүдийг нь тогмол зөв угаалгаж занших хэрэгтэй байгааг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтуудын шинэ жилээр ажиллах хуваарь

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр болон шинэ жилийн баяраар хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Буянт-Ухаа агаарын замын боомт Олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллана.
  • Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт Олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Замын-Үүд авто замын боомт 2017 оны хоёрдугаар сарын 29, 2018 оны нэгдүгээр сарын нэгнийг хүртэл амарна.
  • Алтанбулаг замын боомт амралтгүйгээр 24 цагаар ажиллана
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлжээ. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан, эрчим хүчийг НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.


Categories
мэдээ улс-төр

Байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Мөн аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд барилга, хот байгуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүрээнд хийж буй ажил, аймгууд дахь сургууль, цэцэрлэг, музей, театр, соёлын төвийн барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын үр дүн, түүний дагуу авах арга хэмжээний саналтай танилцав.

Аймаг, орон нутгийн сургууль, цэцэрлэг, театр, соёлын төв, музейн барилгын чанар, аюулгүй байдлыг шалгасан үзлэг шалгалтын үр дүнгийн дагуу шинэчилж барих, хүчитгэх барилгыг эрэмбэлж, төлөвлөгөө гарган, улсын төсөв, олон улс, хандивлагчдын зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх, аймгийн Онцгой байдлын газрын байрны шинэчлэл, олон нийтэд гамшгаас хамгаалах сургалтын төв, танхим байгуулах, аймгийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв байгуулж Үндэсний сүлжээнд холбох, гамшгийн үед цугларах талбай, түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх талбайн нэгдсэн стандартыг бий болгох зэрэг асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад “Toyota Land Cruiser 200” маркийн автомашин явуулж эхэлжээ


Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг туулах чадвар сайтай “Toyota Land Cruiser 200” маркийн хоёр автомашиныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлжээ.

Мөн иргэд, байгууллагаас ирүүлж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд шуурхай ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж буй автомашинуудын шатахууныг 25 хувиар нэмэгдүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Батзанданд эрүүгийн хэрэг үүсгэжээ


Image result for УИХ-ын гишүүн Ж.Батзанданд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн цөөнгүй гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр Төрийн ордонд Б.Хурцтай холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж, сонсголоос гарсан дүгнэлтийг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ.

Тэрбээр нээлттэй сонсголын дүгнэлтийг гардуулах үеэрээ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон ярьсан байдаг.
Тэгвэл Ж.Батзанданд Б.Хурцын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал энэ талаар Ж.Батзандан, “Хүн ална гэж заналхийлсэн нөхөрт хэрэг үүсгэдэггүй хэрнээ Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэх юм. Манай шүүх, прокурор, цагдаагийн ажил иймэрхүү л байна даа. Бидний эцгийг хулгайлсан гээд хүүхдүүд нь гомдол гаргаад байхад, мөн Эрдэнэтийн хэрэгт оролцсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад намайг хүн гүтгэсэн гэлээ. Ямар ч ариун нэр төртэй юм бэ дээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 16 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга тайлбар өгөв

Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудалтай холбогдуулан тайлбар өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаараа Элчин сайдыг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн. Энэ асуудлыг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улсын Их Хурал хүлээж аваад таван 7 хоногийн дараа хэлэлцсэн.

Энэ хугацаанд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс нийтийн сонсгол зохион байгуулах талаар гаргасан саналын дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Харин Байнгын хорооны Ажлын хэсэг томилгооны сонсгол явуулах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж үзсэний үндсэн дээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байгаа.

Элчин сайдын томилгооны асуудлыг гишүүдийн саналын дагуу чуулганаар хэлэлцэхийг хоёр удаа хойшлуулсны дараа өнгөрсөн Баасан гарагт хэлэлцэх үед хоёр гишүүн асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Мөн энэ үед хоёр гишүүн санаачлан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь чуулганы хуралдаантай давхцаж таарсан байгаа.

Гишүүдээс зохион байгуулсан хэлэлцүүлэгтэй давхцуулж чуулганы хуралдааныг хийсэн зүйл байхгүй. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан хуваарийн дагуу хэлэлцэж шийдвэрлэдэг журамтай. Энэ дагуу асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн.

Чуулганы хаалттай хуралдаанд оролцсон гишүүдийн үнэмлэхүй олонхи нь Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн зөвшилцөх саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Элчин сайдын томилгооны асуудалд Улсын Их Хурлын буруу гэж байхгүй. Учир нь Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газар санаачилж Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг, Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөх саналаа уламжилдаг зохицуулалттай. Иймээс Улсын Их Хурал Элчин сайдыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн, харин томилох эрх нь Ерөнхийлөгчид бий гэдгийг хэллээ.

Түүнчлэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилгоог зөвшилцөх асуудлыг Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаасаа өмнө энэ асуудлыг нухацтай авч үзэх ёстой байсан. Засгийн газрын өргөн барьсан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцсэн. Засгийн газар өргөн барьсан асуудлаа хэзээ ч татаж аьах боломжтой. Гэтэл таван долоо хоногийн турш Засгийн газар энэ талаар асуудал хөндөж тавиагүй. Улсын Их Хурал томилгооны асуудлыг хэлэлцээд зөвшилцсөний дараа Засгийн газрын хоёр гишүүн нь Улсын Их Хурал шийдсэн мэт буруу ,ташаа мэдээлэл өгснийг Ерөнхий сайд анхааралдаа авахыг сануулав. Мөн Засгийн газар дээр шийдсэн асуудалд танхимын гишүүд нь нэг байр суурьтай байж, танхимын зарчмыг баримтлахад анхаарахыг Улсын Их Хурлын дарга санууллаа.

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт орууллаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээнзөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталсан.

Учир нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэснийг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй …” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байсан юм.

Улсын Их Хурал цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 32 дугаар зүйлийн 32.3.5-д “… хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна…”, мөн зүйлийн 32.3.7-д “… энэ хуулийн 32.3.5-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй…” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооноос боловсруулж, энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм. Уг хуулийн төсөлд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасахаар тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 34 нь буюу 63 хувь нь дэмжсэнээр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонголоо

Дараа нь Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очирыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Нэр дэвшигч Л.Элдэв-Очир нь 1981 онд нийслэлийн 41 дүгээр дунд сургууль, 1986 онд Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга, 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал, 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал, 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал, 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргын албыг тус тус хашиж байжээ. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, А.Сүхбат, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан үг хэлж уул уурхайн асуудалд цогц байдлаар хандаж байгаль орчны нөхөн сэргээлт, хууль бус алт олборлолт, бичил уурхайн асуудалд онцгой анхаарах, түүнчлэн ихэнх аймагт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаад анхаарлаа хандуулах шаардлагатайг шинээр сонгогдох даргад захилаа. Нэр дэвшигч Л.Элдэв-Очир хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэгдсэн хуралдаанд оролцож амжаагүй тул Байнгын хорооны өмнөх дарга Ц.Гарамжав гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Ингээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 33 нь буюу 61.1 хувь нь Лхагваагийн Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив. Мөн Байнгын хорооны даргыг сонгох, өмнөх даргыг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Дараа нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Самандын Жавхланг хүсэлтийн нь дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9 хувь нь дэмжлээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусган эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ. Ингэхдээ итгэмжлэлийн байгууллага нь тохирлын үнэлгээний итгэмжпэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд дүрмийг Засгийн газар батлах, аж ахуйн нэгж, байгууллагууд стандартчилал, төхникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, аргачлалын дагуу уг хуульд нийцүүлэн боловсруулсан байгууллагын стандартыг хэрэглэх, үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардпагад нийцээгүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох тухай болон төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэх, “стандарт”, “техникийн зохицуулалт”, “тохирлын үнэлгээ” зэрэг нэр томьёоны тодорхойлолтуудыг ойлгомжтой болгох, хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэрийг болон зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай гэж өөрчлөх саналуудыг төслүүдэд тусгажээ. Ингээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаархи анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусгаж, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засваруудыг хийсэн эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэж гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн асуултад Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар хариулт өгсөн юм. Ингээд Байнгын хорооны саналаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 44 нь буюу 81.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Мөн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, хэмжил зүйн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2-77.8 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж батлав

Чуулганы нэгдсэн хуралдааннар үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулсан юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын нэг төслийг боловсруулжээ. Мөн хуулийн төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, түүний бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллуулах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан байна. Үүнээс гадна одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу олгосон тохирлын үнэлгээний итгэмжлэл нь гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх тухай заалт буюу шилжилтийн хугацааны зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг, хууль батлагдсантай холбогдуулан үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг зохион байгуулж, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулж батлах, хуульд заасан дүрэм, журмыг 2018 оны дугаар улиралд багтаан шинээр болон шинэчлэн батлах зэрэг зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.6 дахь хэсгийг үндэслэн холбогдох Байнгын хороод тус тусын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулсны дараа хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 45 нь буюу 80.4 хувь нь дэмжив.

Ингээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 78.6 хувийн, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 80.4 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг баталлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Эрчим хүчний өөрийн өртөг болон борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2005 он (2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл), 2011 он (2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл)-д тус тус баталж хэрэгжүүлсэн. Харин Улсын Их Хурлаар 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, А.Ундраа, Н.Оюундарь, С.Бямбацогт, Г.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж нар Эрчим хүчний сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эрчим хүчний борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 25.8 тэрбум төгрөгийн татаас олгосон. Мөн 2015 онд 1.5, 2016 онд 1.7, 2017 онд 2.0 тэрбум төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Одоогоор аж ахуйн нэгжүүд 1 кВт цахилгааныг 130, иргэд 102.3 төгрөгөөр авч байна.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр төсөлд тусгаад байгааг хэллээ. Түүнчлэн цаашдаа зөвхөн баруун бүс гэхгүйгээр Өмнөговь, Дорноговийн эрчим хүчний шугам сүлжээнд түшиглэн Монгол Улс эрчим хүчний томоохон импортлогч орон болох ирээдүй бий гэж харж байгаа. Иймээс энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцоо хийж, алс хэтийн бодлого төлөвлөлттэй ажиллах шаардлагатай байгааг дурдав.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.