Categories
мэдээ нийгэм

Өвс тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэхээр бодлогын зохицуулалт хийж байна

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар дээр очих өвс тэжээлийг нөхцөл байдал хүндрэхээс өмнө, хугацаа алдалгүй шуурхай нийлүүлэх ажлыг эрчимжүүлж үүднээс энэхүү уулзалтыг хийсэн юм.

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан бөгөөд хууль 2017.12.04-2018.06.30-ны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэхүү хууль батлагдсанаар малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхлээд байна.

Малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт нэг килограмм нь 520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн малчдад хамгийн ойр цэг болох сумын төвд арилжаалах үнэ 400-420 төгрөг болж буураад байгаа юм.

ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон аймгуудад тэжээлийн худалдаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж 3160 тонн хивэг, 1700 тонн хорголжин тэжээл, 210 тонн бусад тэжээл импортолсон байна. Үүнээс 1300 орчим малчин тэжээл авсан, 300 малчин ноосны урамшууллаараа өвс,тэжээлээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн хүүхдүүдийн 46.1 хувь нь “Цахим орчноор аялснаар маш их ядардаг” гэжээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ноос “Цахим орчинд хүүхдээ хамгаалья” нэг сарын аяныг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс зохион байгуулхаар болжээ.

Энэ талаар өнөөдөр АЭХ-ны тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 46.1 хувь нь цахим орчноор аялснаар маш их ядардаг гэсэн хариулт өгчээ. Мөн 47 хувь нь бусдад гадуурхагдах, доромжлуулах зэргээс байнгын айдастай байдаг гэсэн байна. Цахим орчин хүүхдийг гүтгэх, доромжлох, садар самуунд уруу татах, сөрөг сэтгэгдэл бичихэд уриалах зэрэг сөрөг нөлөөг бий болгож байгааг Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дурьдлаа.

Тэрбээр, Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхийг цахим халдлага эзэлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдийг гүтгэн доромжилсон, садар самуунд уруу татсан зэрэг 1200 гаруй хэрэг гарсан. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн болон ТББ, эцэг эхчүүдэд хүүхдүүдээ цахим орчноос хөндийрүүлэхийг уриалж, нөлөөллийн ажил зохион байгуулах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монгол Улсад цахим орчинд ямар үйлдлийг ёс бус гэж үзэх, хүүхдийг хэрхэн хамгаалах, хянах хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс энэхүү хуулийг боловсруулах батлах цаг болсон. УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг ч энэ чиглэлд идэвхтэй ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувь буурууллаа

Image result for монгол банк

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа. Тэд бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 11 хувь болж бууруулав.

Categories
мэдээ улс-төр

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг хэлэлцсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Тэрбээр, УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын 3 дахь заалтаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, түүний дүрэм, гишүүдэд тавигдах шаардлага, томилох журмыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг Төсвийн байнгын хороонд даалгасан билээ.

Төсвийн байнгын хороо “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэлээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах юм байна.

Зөвлөлийн хийх ажлын чиг үүрэг, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг дүрмийн төсөлд тусгасан бөгөөд Зөвлөл нь Зөвлөлийн дарга, орон тооны бус найман гишүүнтэй, мөн ажлын албатай байх, алба нь хоёроос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Баделхан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжин тогтоолыг баталлаа.

Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөхөөр тусгасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан асуулт асуусан. Тэрбээр, Баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч аваад их удаж байгаа. Гэтэл бидэнд дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулах боломж бий. Ховд гол дээр УЦС байгуулах хоёр ч төсөл боловсруулагдсан. Тодорхой шийдвэрүүд гарсан ч төслүүдийн аль нь ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Ховд голд хэд хэдэн УЦС барих боломжтой. Хүчтэй урсгалтай энэ голд 90 мгв хүчин чадалтай УЦС барих боломжтой бөгөөд ингэвэл дотоодоо эрчим хүчээр хангаад зогсохгүй гадагшаа экспортолно. Түүнчлэн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхдээ нийслэл, орон нутагт өөр хувь тогтоосон. Ингэж ялгаварлаж болох уу хэмээн тодруулсан.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Баруун бүсэд эрчим хүчний хэрэглээ цаашид өсөх тооцоо бий. Тиймээс хоёр УЦС-ыг барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. УЦС баригдсанаар эрчим хүчний бие даасан байлыг хангахад маш их үүрэг гүйцэтгэнэ. УЦС барихаар өмнө нь хийгдэж байсан ТЭЗҮ болоод бусад баримт бичгийг судлан үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хэлэхэд, Улаанбаатар хотын захын гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь, орон нутгийн хэрэглэгчдийнхийг 50 хувиар хөнгөлж байгаа. Нийслэлийн хувьд хэт төвлөрсөн, түүнээс үүдээд агаарын бохирол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Мөн эх үүсвэрээсээ шалтгаалан ийм зохицуулалт хийж байна. Аймаг орон нутгийн эрчим хүчний хөнгөлөлтийг 100 хувь болговол эх үүсвэр маань хүрэлцэхгүй болно. Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь хөнгөлснөөр утаа буурахад бодитой нөлөө үзүүлж байгаа гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжиж байгаа. Бид нүүрсний, нарны болон салхины энергийн асар их нөөцтэй улс. УЦС барих асуудлыг мөн дэмжих ёстой юм. Ийм их нөөцтэй байж гаднаас цахилгаан авах явдлыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай. Хаана нөөц их байна, түүнийгээ ашиглах чиглэлээр Засгийн газар, салбарын сайд онцгойлон анхаарч ажиллах байх. Өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох боломж байгааг анхаараарай гэж хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авч хуулиуд батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Технологид суурилсан хотын хөгжил

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасан мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын бодлогыг тодорхойлж, мэдээллийн технологийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулан ажиллаж байна. Тус газар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын програм хангамж болон техник хангамжийг стандартад нийцүүлэн, орчин үеийн ухаалаг технологийг нэвтрүүлж, цаашдын бодлогыг тодорхойлон ажилладаг юм.

НМТГ-аас 2017 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, холбооны дэд бүтцийг сайжруулан мэдээллийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж хадгалалт, хяналтыг сайжруулахад онцгой анхаарч, байгууллагуудын мэдээллийн хүртээмж, урсгал, мэдээллийн ой санамжийг сайжруулах, хот төлөвлөлт болон удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой, хурдан цаг алдалгүй гаргахад ухаалаг технологийн үр ашигтай шийдлийг нэвтрүүлэн нийслэлээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулан ажилласан байна.

Тухайлбал, Төрийн мэдээлэл солилцооны Хур системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бусад төрийн байгууллагаас гардаг лавлагаа, тодорхойлолтыг нэхэх, баримт бичгийн эх хувийг заавал нотариатаар баталгаажуулахыг шаарддаг асуудлыг шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн цахим системийг нэвтрүүлэн ажиллалаа.

Нийслэлийн харьяа байгууллагуудад байдаг төрөл бүрийн мэдээллүүдийг нэгтгэн харж дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байсан асуудлыг шийдвэрлэхэд орчин үеийн хотуудын ашиглаж байгаа газарзүйн мэдээллийн системд суурилсан “Хот байгуулалтын орон зайн дундын мэдээллийн сан” төслийг хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж эхлэв. Орон зайн буюу газарзүйн байршилтай холбоотой мэдээллийг бусад нийгэм, эдийн засгийн статистикийн тоон мэдээллүүдтэй хамтад нь харж дүн шинжилгээ судалгаанд суурилж шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, иргэдийг нээлттэй мэдээллээр хангах давуу талуудыг бий болгож байгаа юм.

Цахим төлбөр, тооцооны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 450 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, түүнтэй холбоотой олон төрлийн мэдээ, мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Смарткар” системийг ашиглалтад оруулав.

Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлж үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардлыг багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, шат дамжлага багасах, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломжтой болох юм.

Мөн хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 23 хороог нийслэлийн нэгдсэн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбов. Ингэснээр улсын бүртгэл, газрын алба, цагдаа, төрийн сан, эрүүл мэндийн зэрэг үйлчилгээг хороодоос шууд үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүллээ.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа гүйцэтгэлийн ажлын явц төсөв, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж болох орон зайн мэдээлийн системд суурилсан “Шилэн тендэр” системийг ирэх 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн нэвтрүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болсон гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Сургууль-Аюулгүй орчин” аянд 3800 сурагч оролцжээ

Related image

Нийслэлийн цагдаагийн газраас өдөр бүр гурван ээлжээр хичээллэдэг ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчныг аюулгүй бүс болгох ажлын хүрээнд “Сургууль-Аюулгүй орчин” арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ арга хэмжээний хүрээнд арван есөн сургуулийн 3800 сурагч, 475 багш, “School police”-оор ажилласан 102 эцэг эхчүүдэд сурагчийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдал, цахим тоглоомын зохистой хэрэглээ, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, сургуулийн орчны гэрэлтүүлэг, камерын судалгааг гаргаж, сургуулийн орчны 12 дулааны худаг, 22 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгаж анхааруулга сэрэмжлүүлэг өглөө. Сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, хороо хариуцсан хэсгийн байцаагч, замын цагдаа нар хамтран ажиллаж байна. Цаашид сургуулийн орчмыг цагдаагийн эргүүлийн чиглэлд тогтмол хамруулан, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, хяналтын камер зэрэг хүүхэд саадгүй зорчих нөхцөл боломжоор хангах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна гэв.

Categories
мэдээ спорт

“Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр” гэх нийтлэл хэвлэгджээ

Image result for Н.Түвшинбаяр

12 дугаар сарын 21-нд буюу өчигдөр Америкийн “Си-Эн-Эн” телевизийн цахим хуудаст “Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд

“Ердөө гуравхан сая хүн амтай Монгол Улс 2017 оны жүдогийн ДАШТ-ээс зургаан медаль хүртэж, багийн дүнгээрээ гуравдугаарт орсон юм. Өөрөөр хэлбэл, тус улс нь жүдо бөхөөр алдарт Теди Райнерын өлгий нутаг Франц, жүдогийн эх орон Японы араас орсон билээ.

Өвөлдөө -20 градусаас давж хүйтэрдэг талын Монголын тамирчид ийм амжилт гаргахад тийм ч амаргүй нь мэдээж. Сүүлийн жилүүдэд Чингис хааны өлгий нутагт жүдогийн спорт хөгжин цэцэглэсээр байна.

Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэнээр Монголын олимпийн анхны аварга болсон юм. Тус улсын Булган аймгийн малчны хүү Н.Түвшинбаяр хөдөө нутагтаа барилдаж, мал хариулж өссөн нэгэн. Тэрбээр телевизээр жүдогийн Азийн АШТ үзсэнийхээ дараа 18 настайдаа энэ спортод хөл тавьсан гэдэг. Үүнээс ердөө зургаан жилийн дараа тэрбээр Бээжингийн олимпийн аварга болж, алдар нэрээ цуурайтуулсан билээ.

“Олимпийн аварга болсныхоо дараа хамгийн түрүүнд аав ээжийгээ, дасгалжуулагчаа л бодсон доо. Монголчууд бүгд миний алтан медалийг угааж, баярлаж байсан” гэж Н.Түвшинбаяр ярьж байсан юм.

2008 оны олимпийн өмнө Монголд парламентын сонгууль болж, улс төрийн намууд талцаж, ард иргэд нь нийслэл Улаанбаатар хотынхоо төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, эмх замбараагүй байдал үүсээд байсан үед түүний ялалт монголчуудыг нэгтгэсэн юм.

“Лондон-2012”

Бээжингийн олимпоос дөрвөн жилийн дараа болсон “Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр Н.Түвшинбаяр маш хүнд бэртсэн хэдий ч мөнгөн медаль хүртэж, монгол түмнийхээ баяр дээр баяр нэмсэн. Энэ олимп нь Монголын үндэсний баяруудын нэг болох Наадамтай давхцаж байсан юм.

“Лондон-2012”-ын үеэр Н.Түвшинбаяр маш хүнд бэртсэн бөгөөд хоёр сарын турш тэргэнцэртэй байсан юм. Тэрбээр аавыгаа танихгүй болтлоо өвдөж зовж байсан гэж ойр дотныхон нь ярьж байсан удаатай.

Өдгөө 33 настай тэрбээр олимпоос хоёр медаль хүртсэн анхны монгол хүн юм. Түүний амжилт олон хүүхдийг жүдогийн спортод хөл тавихад нөлөөлж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай, “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай, Гааль болон нэмэгдсэн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Хуралдааны эхэнд Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гишүүн А.Сүхбат гаргаж, гишүүдийн 68.6 хувийн саналаар уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан юм. Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоол, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг тус тус батлав. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсоно.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг батлав

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Харин дээрх тогтоолыг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бичил уурхай эрхлэгч иргэд хөдөлмөр, аюулгүй байдлаар хохирч байна. Бичил уурхай гэдэг бол Ашигт малтмалын тухай хуулиар үйлдвэрлэлийн аргаар олборлоход ашиггүй, овоолго дээр ашиглаж байгаа ордыг хэлж байгаа. Энэ хүмүүсийг хүчээр, мэргэжлийн байгууллагууд хаах саналыг тавьж байсан. Тэнд байгаа хүмүүсийн олонх нь өрхийн амьдралаа залгуулах, хоногийн хоолоо авах хэмжээний иргэд байдаг. Бичил уурхайг шууд хаах нь олон иргэдийн орлогыг үгүй хийнэ гэсэн үг. Тиймээс бичил уурхай эрхлэгчдэд ажлын байр бий болгоход, гадны тусламж ашиглах шаардлагатай байгаа. Төрөөс бичил уурхай эрхлэгчдийн талаар хэрэгжүүлэх ямар нэг хөтөлбөр байхгүй байдаг. Энэ бол нийгмийн хамгааллын чиглэлээр авах арга хэмжээ юм. Тиймээс энэ арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэх шаардлага байна’ гэсэн юм. Эл асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Уул уурхайтай холбоотой асуудал улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Гэхдээ нөгөө талд үндэстэн дамнасан компаниудын ашиг болж бид алдаж байгаа. Мөн байгаль орчинд маш том хохирол учруулж байгаа. Бичил уурхайн асуудлыг цэгцлэх хүлээлт иргэдэд бий. УИХ-ын чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулж, нухацтай авч үзэх нь зүйтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

-Уул уурхайн салбарт мэргэжлийн бус байдал хавтгайрсан учраас ард иргэдийн дунд нэр хүнд муутай байгаа. Сүүлийн үед 3000 гаруй лицензтэй, сум болгоны дарга 50 га олгох эрхтэй байгаа. Түүнд ямар ч байгалийн баялаг олгож болохоор байна. Үүний дараа бичил уурхай, түгээмэл, үүсмэл ашигт малтмал хийж байгаа ч нөхөн сэргээлт хийдэггүй, ашигт малтмалыг олборлодог бүхэл бүтэн масс бий болсон. Эднийг яаж хэрхэн зохицуулах, энэ хүмүүсийг нийгмийн зөв зохистой харьцааг бий болгох вэ гэдэг санаачилга гаргаж байгаа нь зөв. Гэхдээ энэ салбарыг зөвхөн бичил уурхай гэж авч хэлэлцэхгүй, салбараар нь авч хэлэлцэх шаардлагатай байна. Том бодлогоор холбогдох яамдтай нь авч хэлэлцэх ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Бид хэлэлцэх асуудлаа ярилцах гээд өргөн хэлэлцүүлэг хийдэг болсон. Ер нь бол аливаа асуудлаар бэлдэж ирээд хэлэлцүүлэх боломжтой. Одоо УИХ-ын Дэгийн тухай хуулийг эргэж харах шаардлагатай. Өмнө нь УИХ-ын гишүүдийн ирц 51 хувиас дээш хувьтай байж, аливаа хууль, шийдвэрийг нухацтай гаргаж байсан. Он гараад УИХ-ын гишүүдээр УИХ-ын дэгтэй холбоотой ярилцлага хийх гэж байна.

Т.Аюурсайханы оруулж ирсэн энэ асуудал маш чухал. УИХ-ын байнгын хороо тогтоолын төсөл санаачилбал шууд баталдаг дэгтэй. Харин УИХ-ын гишүүн тогтоолын төсөл санаачилбал хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлдэг.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эзгүй байгаа учраас энэ асуудлыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат нар гаргасан юм. Үүний дараа УИХ-ын гишүүдийн горимын саналаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг батлав

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:

-УИХ-ын үйл ажиллагааг Дэгийн тухай, УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс тогтоолоор Төсвийн зөвлөл байгуулах нь хууль зөрчих вий. Одоогийн орж ирж байгаа бүтэц нь Сангийн сайд нараас бүрдсэн зөвлөл байгаа юм. Тиймээс Дэгийн болон УИХ-ын тухай хууль зөрчилдөх нөхцөл үүсэж байгаа шүү. УИХ-ын тухай хуульд Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний алба гэсэн бүтэц байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА:

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан тогтоол гаргасан. Энэ тогтоолд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж, дүрэм, журмыг нь батлах ёстой гэсэн. Гэвч Төсвийн байнгын хорооны гишүүд нь дүрмийг заавал УИХ-ын тогтоол батлах ёстой гэсэн санал гаргасан юм. Үүний дагуу УИХ-ын тогтоол гаргах шаардлагатай байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. 2018 оны төсөв, түүнийг дагалдах хуулиуд болон бусад хуульд дүн шинжилгээ хийх, зөвлөмж дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага байгуулах юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг олон жилийн өмнө баталсан ч хэрэгжүүлдэггүй байсан. Төсвийн хязгаар нормд тааруулж, төсөв батлах ёстой ч бид жил бүр хязгаар, нормыг нь өөрчилдөг. Төсвөө эрүүлжүүлэхийн тулд энэ зөвлөл байх нь маш чухал. Амьдрал дээр бүх яамдад судалгаа, шинжилгээ хийдэг, норм тогтоодог алба байхгүй байна. Тиймээс амьдралд нийцэхгүй шийдвэрүүд гарч байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөх шаардлага байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Ер нь цаашид жил жилийн төсөв төлөвлөх, УИХ-аар хэлэлцэх үеэр улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа. Энэ жил Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний албыг сайжруулах, орлого зарлагыг төлөвлөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажил маш олон бий. Нэгэнт хуулиар үүрэг өгсөн учраас Төсвийн тогтвортой зөвлөлийг байгуулж байгаа.

Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмт батлах тогтоолын төслөөр гишүүдээс санал хураахад 59,6 хувь нь дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Даланжаргалан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Image result for Даланжаргалан сум

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тиймээс отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна. Энэ жилийн хувьд тус аймагт намрын вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулжээ. Одоогоор тус сумын хувьд хорио цээрийн дэглэм хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа аж. Харин өвчилсөн малыг устгалд оруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн байна.