Categories
мэдээ спорт

Дэмар Дэрозан 45 оноо авч багаа хожилд хөтлөв

Image result for demar derozan 45 points

-ӨНӨӨДӨР NBA-ГИЙН ТАЛБАЙД 5 ТОГЛОЛТ БОЛЛОО-

Торонто Рэпторс, Филадэлфа 76 багийн талбайд зочлон очиж 114-109-ийн харьцаатай хожлоо. Үлэг гүрвэлүүдзээс хамгаалагч Дэмар Дэрозан 45 оноо, 5 самбараас бөмбөг авалт авч багаа тэргүүлсэн бол түүнд Кайл Лаури 23 оноо, 9 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин Филагаас жижиг довтлогч Бэн Симмонс 20 оноо авч багаа тэргүүллээ.

Клэвланд Кавальерсчүүд Чикаго Буллзыг 115-112-ийн харьцаатай буулган авлаа. Клэвланд Кавальерсаас жижиг довтлогч Лэброн Жэймс 34 оноо, 9 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлсэн бол түүнд Кэвин Лов 27 оноо, 7 самбараас бөмбөг авалтаар тусаллаа. Харин бухнуудаас хүчний довтлогч Лаури Маканнэн 25 оноо авч багаа тэргүүлсэн бол түүний байрлал нэг тоглогч Дэнзэл Валинтин 18 оноо, 5 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин Никола Миротич сэлгээнээс 15 оноо, 5 самбараас бөмбөг авалт хийлээ.

Бусад тоглолтын үр дүн:

Нью Иорк Никс 102-93 Бостон Сэлтикс (Майкл Бийсли 32 оноо, 12 самбараас бөмбөг авалт)

Финикс Санс 97-95 Мемфис Гриззлис (ТЖ Варрэн 27 оноо, 5 самбараас бөмбөг авалт)

Юта Жазз 100-89 Сан Антониа Спүрс (Родни Хүүд 29 оноо, 3 самбараас бөмбөг авалт)

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

МУИС “Ардчиллын танхим”-тай боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Хан-Уул Хөгжил” сангийн Тэргүүн Пүрэвийн Батчимэгийн санхүүжилтээр Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Ардчиллын танхим”-ыг шинээр байгууллаа. Төлөөлөгч П.Батчимэг боловсролын байгууллагад 15 жил ажилласан бөгөөд салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж,“Хан-Уул Хөгжил сан”-гаараа дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн материаллаг баазыг сайжруулах, сурагч, оюутнуудад дэмжлэг үзүүлэх, сургалт, лекц, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна. Тэрээр НИТХ-д Ардчилсан намаасаа гурван ч удаа сонгогдож байжээ. МУИС-ийн дэргэдэх “Ардчиллын танхим”-ыг 20 сая төгрөгийн санхүүжилтээр босгосон байна.

Төлөөлөгч П.Батчимэг нээлтийн үеэр үг хэлэхдээ:“Ардчиллыг ард түмний засаглал, төрийн хэлбэр, улс төрийн тогтолцоо төдийхнөөр ойлгохоос илүүтэй байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж хөгждөг, ард түмний үнэт зүйл юм гэж үзэх хандлага давамгайлах болжээ. Ардчиллын өсөлтийн үе, өрнөлийн үе дуусаж, Ардчиллын шинэ үе ирж байна хэмээн дийлэнх судлаачид үзэж байна. Иймд энэхүү танхимд олон эрдэмтэд, судлаачид, оюутан залуус ардчиллын үндсэн шинж, үндсэн зарчмын тухай нээлттэй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулж ардчиллын шинэ үеийн хөгжилд шинжлэх ухаанч хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Хандын нэрэмжит олимпиадад шалгарсан хүүхдүүдийг олон улсад “сойдог”

физикийн бага олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслол МУИС-ийн номын санд боллоо. 1999 оноос манай улсын физикийн олимпиадын баг Олон улсын болон Азийн физикийн олимпиадад оролцох болсон. Үүнтэй уялдуулан сурагчдын физик сэтгэлгээг хөгжүүлэх, олимпиадад оролцох сурагчдыг эртнээс шалгаруулан бэлтгэх зорилгоор үе шаттай олимпиад зохиох болсон юм байна. Үүний нэг нь жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү “Физикийн бага олимпиад” юм. Физикийн анхдугаар бага олимпиадыг 2000 оноос эхлэн Улсын Физикийн олимпиадын хороо, МУИС-иас гавьяат багш Ц.Хандын нэрэмжит болгон зохиож буй.

Ц.Ханд багшийн охин Д.Алтанцэцэг ярихдаа “Энэ олимпиад 18 дахь удаагаа болж байна. Жил бүр 700-900 хүүхэд оролцдог. Сүүлийн үед хөдөө орон нутгаас хүүхдүүд амжилттай оролцож байна. Ноднин Хөвсгөл аймгийн Галт сумаас ирж оролцсон сурагч олон улсын олимпиадад амжилттай оролцсон мэдээ сонсоод баярласан. Энэ олимпиадын дараа дүүрэг, хотынх залгадаг. Физикийн олимпиадын салхийг хагалдаг юм. Энэ олимпиадад түрүүлж шалгарсан хүүхдүүдийг олон улсын олимпиадад бэлтгэдэг” гэсэн юм.

“Монголын физикийн боловсролыг дэмжих сан” ТББ, Улсын физикийн олимпиадын хороотой хамтран жил бүр энэ олимпиадыг зохиодог уламжлалтай.

Улсын физикийн олимпиадын хорооны дарга, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн багш М.Ганбат ярьж байна.

-Энэ жил улсын физикийн олимпиадын 30 жилийн ой болж байна. Ц.Ханд багшийн нэрэмжит болоод 18 жил болж байна. Ц.Ханд багш улсын тэргүүний 28 дугаар сургуулийн физикийн багш байсан. Олон жил олимпиадын хорооны гишүүнээр ажиллаж хүүхдүүд бэлтгэдэг.

Шавь нар нь олон улсын олимпиадад амжилттай оролцдог, арга зүй сайтай багш байлаа. Энэ тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн зургаагаас арванхоёрдугаар ангийн 600 гаруй хүүхэд оролцлоо. Бодлогын түвшин өндөр. Олон улсын зэрэглэлтэй бэлтгэл сургалтын анхдугаар олимпиад юм. Зургаан олимпиад дамжиж олон улсын багийг шалгаруулдаг. Түүний нэгдүгээр олимпиад юм. Олон янзын комиссын гараар орж, шударгаар шүүгддэг олимпиадын эхний алхам ийнхүү их сургууль дээр явагддаг. Энэ тэмцээнийг явуулахад Ц.Ханд багшийн шавь нар, үр хүүхдүүд, “Үй цай” сургууль, бусад сургуулиуд маш идэвхитэй оролцож ивээн тэтгэлээ. “Үй цай” сургуулийнхан нэг сурагчийг Хятадад физикийн чиглэлээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хятад хэл үнэ төлбөргүй сурах боломжийг жил бүр олгодог.

-Ц.Ханд багшийн нэрэмжит физикийн олимпиадын бодлогууд тухайн жилийнхээ шалгалтын бодлогын өнгийг тодорхойлдог гэх юм. Олимпиадын бодлогыг яаж зохиодог вэ?

-Доод шатны олимпиадуудад тодорхой ном, агуулга заадаг. Ийм түвшний бодлого ирнэ шүү гэсэн хөтөлбөр байдаг. Энэ дагуу бодлогууд авна. Сүүлийн шатанд бүх бодлогуудыг зохионо. Магадгүй дунд сургуулийн агуулгаас ахисан түвшний бодлого орж ирнэ. Өөрөөр хэлбэл ямар шаардлага тавьж байна гэхээр шинжлэх ухааны аргад суралцсан байна уу, цоо шинэ сэдвээр асуудлыг шийдэх чадвар эзэмшиж үү гэдгийг шалгадаг. Олон улсын хөтөлбөрийн дагуу шалгадаг гэсэн үг.

-Ямар хүүхдүүд физикт амжилт гаргадаг вэ, ер нь физикт сайн байх нь ямар ашигтай вэ?

-Физик байгалийн шинжлэх ухааны нэг салбар. Орчин үед шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, урлаг дизайн гэсэн агуулгатай STEAM хөтөлбөр моодонд орж, ганц хичээл бус олон мэргэжлүүдийн уялдаа холбоог эзэмшихгүйгээр орчин үеийн хүн байх боломжгүй гэх болсон. Олон чадваруудыг эзэмших чухал техникийн үндэс нь физик. Физик биологи, хими, техник технологийн ч үндэс нь болж явдаг. Физик сэтгэлгээтэй байхад бусад шинжлэх ухаанд хөрвөх чадвар өндөртэй гэсэн үг хэмээв.

Физикийн олимпиадад VI ангийн төрөлд алтан медаль “Сант” сургуулийн О.Энхсувд, VII анги алтан медаль нэгдүгээр сургуулийн П.Амарсайхан, VIII анги алтан медаль Б.Билгүүн “Сант” сургууль, IX анги алтан медаль “Сант” сургуулийн А.Нямдаваа, X анги алтан медаль нэгдүгээр сургуулийн Б.Цолмон, XI анги алтан медаль “Сант“ сургууль Э.Оргилбат, XII анги алтан медаль “Сант” сургуулийн С.Сумъяажав хүртсэн юм.

“Сант” сургуулийнхан багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Арванхоёрдугаар ангийн төрөлд алтан медаль хүртсэн “Сант” сургуулийн сурагч С.Сумъяажавтай ярилцлаа.

-Түрүүлсэнд баяр хүргэе. Олимпиадад оролцохын тулд хэр их бэлтгэл хийдэг вэ?

-Баярлалаа. Ер нь их бэлтгэл хийдэг.

-Физикийн хичээлдээ яагаад дуртай болсон бэ?

-Аав маань физикийн багш. Анх надад физик заасан. Тэгээд физик сонирхолтой санагдсан.

-Юу нь сайхан байдаг вэ?

-Амьдралтай их холбоотой байдаг.

-Төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ?

-Төгсөөд физикээрээ явах байх аа гэв.

Шагнал гардуулах ёслолд байлцсан ахмад багш нарын нэг МУИС-ийн зөвлөх багш, физик, математикийн ухааны доктор Г.Батсүх гуай “Байгалийн ухааны авьяас чадвартай хүүхдийг өөр тийш залах нь алдаа шүү” хэмээн эцэг эхчүүдэд хандан зөвлөв. Монголдоо сайн физикч, инженер техникч бэлтгэхээр хичээж байгаа түүнийг хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуулийнхан урьсан гэнэ. “Үй цай”-д зөвлөх багшаар ажиллаж, физикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Сонирхож байгаа хүүдүүд надад хандаарай гэж ахмад багш хэлсэн. Тус олимпиадыг ивээн тэтгэгчдийн нэг “Үй цай” сургуулийнхан Шанхайн “Jiao tong”-ийн их сургуультай хамтарч ажилладаг агаад физиктээ сайн, хятад хэлтэй хүүхдүүд тус сургуульд суралцах өргөн боломжтой учраас физикийн сургалтаа сайжруулахаар ажиллаж байгаа гэж “Үй цай”-гийн орлогч захирал Б.Пүрэврагчаа хуучилсан юм.

“Олимпиадын Ханд” гэж нэрлэгдсэн Ц.Ханд багш МУИС-ийн физикийн ангид суралцаж төгсчээ. Ц.Ханд багш 1973 онд Улаанбаатар хотод физикийн олимпиад анх зохиогдсон үеэс хойш 30 гаруй жил дүүрэг хот, улсын олимпиад,МУИС-ийн Физикийн бага олимпиад, Ази тивийн олимпиад, Олон улсын Физикийн олимпиадад сурагчдаа бэлтгэсэн байна. Түүний бэлтгэсэн хүүхдүүдээс Улсын физикийн олимпиадын аварга болон медальтай сурагчид 17, Ази тивийн Физикийн олимпиадад оролцсон сурагчид зургаа, олон улсын физикийн олимпиадад таван сурагч оролцож байснаас шагналт байранд нэг сурагч шалгарсан түүхтэй.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх буудлын гэрлийн системийг хүлээж авах нислэг үйлдлээ

Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасын 11/29 талд суурилуулагдсан YOU-YANG компанийн PAPI-600 загварын ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч болон аэродромын гэрлийн системүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Тус нислэгийг гүйцэтгэхэд “Геосан” ХХК-ний “Cessna 208” (JU-9993) агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн инженер, техникчид хамтран ажиллалаа.

Уг шалгалтын нислэг хийгдсэнээр Ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч систем болон аэродромын гэрлийн системүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Хавсралт /ANNEX/ 14-ын Боть 1, Бүлэг 5-ын 5.3 заалтын гэрлийн шаардлагуудыг бүрэн хангаж агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг илтгэлийн эзэд тодорлоо

Шилдэг илтгэлийн эзэд тодорлоо

“Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал Хөдөө аж ахуйн их сургуульд өчигдөр болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн, биологийн ухааны доктор интродукторч П.Цэрэннадмидын мэндэлсний 75 жилийн ойд зориулж, эрдэмтний ар гэр, шавь нар нь ХААИС болон Нийслэлийн Захирагчийн ажлын алба, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран зохион байгуулжээ. Бага хурлыг нээж АЭС-ийн захирал, доктор, дэд профессор О.Нямсүрэн болон ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд нар үг хэлсэн.

Эрдэм шинжилгээний бага хуралд бакалаврын 15, магистрантын 8 оюутан илтгэл тавьж өрсөлдсөн байна. Бакалаврын оюутны илтгэлийн тэргүүн байрт “Авто замын дагуух ландшафт архитектурын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьсан Б.Мөнхсүх шалгарсан бол удаах байрт Ш.Халиунцэцэг, Б.Батхүү нарын “Хот суурин газарт бичил цэцэрлэгийг төлөвлөх хэрэгцээ, шаардлага” илтгэл, гутгаар байрт Б.Энхмаа “Ландшафтын архитектурын бага хэлбэрийн элементийн төлөвлөлтийн асуудлууд” илтгэл шалгарлаа. Илтгэлийн уралдааны шилдэг оюутнаар “Зуслангийн газрын ландшафтын архитектурын тохижилтыг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьсан Л.Саранцэцэг тодорсон байна.

Магистрантын оюутнуудын илтгэлийн тэргүүн байрыг “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан ойн зурвасанд тарималжуулсан мод, сөөгний өсөлт, хөгжилтийн онцлог, амьдралтын судалгаа” сэдвээр илтгэл тавьсан Г.Ган-Эрдэнэ эзэлсэн байна. Удаах байруудад “Тарималжуулж буй мод, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээр Б.Лхагвадулам, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх бут, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээрээ Б.Энхсайхан нар шалгарчээ.

Categories
мэдээ спорт

“Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” нэвтрүүлгийн дараагийн өрсөлдөгч тодорлоо

Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Японы интернет “ABEMA TV” телевизийн “Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” нэвтрүүлэгт оролцох болсон билээ. Тус тэмцээнд оролцогчид Асашёорюүг дохёноос түлхэн гаргаж 10 сая иен авах юм. Эхлээд тамирчин биш жирийн 5 залуу түүнийг дохёноос түлхэн гаргах гэж оролдоно. Харин тэдний дараа 3 VIP өрсөлдөгч гарч ирэх юм.

“ABEMA TV”-гээс зарласан анхны VIP өрсөлдөгч нь Америкийн холимог тулаанч Боб Сапп гэдэг нь аль хэдийн ил болсон. Харин дараагийн VIP өрсөлдөгч нь 2004 оны Афиний олимпийн жүдо бөхийн 90 кг-ийн жингийн мөнгөн медальт, 2005 оны дэлхийн аварга, 2008 оны Азийн аварга Изүми Хироши сонгогдсон аж.

Categories
мэдээ спорт

Никола Миротичтой Чикаго буллзын хожлын цувал зогслоо

Чикаго буллз багийн довтлогч Никола Миротич улирлын эхэнд багийн анд Бооби Порисд цохиулснаас хойш тоглолтуудад оролцоогүй. Тэрээр энэ арванхоёрдугаар сард багтайгаа эргэн нэгдэж 7 тоглолт дарааллан хожигдоогүй байсан бөгөөд энэ улиралд хожигдоогүй цорын ганц тоглогч байсан юм. Тэгвэл өнөөдөр тэдний баг Клэвланд Кавальерс багийн эсрэг тоглож 115-112-ийн харьцаатай хожигдол хүлээв.

Клэвланд Кавальерсаас жижиг довтлогч Лэброн Жэймс 34 оноо, 9 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлсэн бол түүнд Кэвин Лов 27 оноо, 7 самбараас бөмбөг авалтаар тусаллаа. Харин бухнуудаас хүчний довтлогч Лаури Маканнэн 25 оноо авч багаа тэргүүлсэн бол түүний байрлал нэг тоглогч Дэнзэл Валинтин 18 оноо, 5 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин Никола Миротич сэлгээнээс 15 оноо, 5 самбараас бөмбөг авалт хийлээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

2018 онд болох жүдо бөхийн тэмцээнүүдийн хуваарь

-ОЛОН УЛСЫН ЖҮДО БӨХИЙН
ХОЛБОО ИРЭХ ЖИЛ БОЛОХ ТЭМЦЭЭНҮҮДИЙН ХУВААРИЙГ БАТАЛЛАА-

2018 он
1 сар

19-21 “Тунис Гран При” Тунис
2 сар
10-11 “Парис Их Дуулга” Франц
23-25 “Дюссельдорф Их Дуулга” Герман
3 сар
09-11 “Агадир Гран При” Марокко
17-18 “Екатеринбург Их Дуулга” ОХУ
4 сар
03.30-04.01 “Тбилиси Гран При” Гүрж
06-08 “Анталья Гран При” Турк
5 сар
25-27 “Хөххот Гран При” Хятад
6 сар
15-17 “Канкун Гран При” Мексик
7 сар
27-29 “Загреб Гран При” Хорват
8 сар
10-12 “Будапешт Гран При” Унгар
9 сар
20-27 ДАШТ Баку Азербайжан
10 сар
12-14 “Ташкент Гран При” Узбекистан
26-28 “Абу Даби Их Дуулга” АНЭУ
11 сар
16-18 “Гаага Гран При” Голланд
23-25 “Осака Их Дуулга” Япон
12 сар
15-16 “Санкт Петербург Мастерс” ОХУ

Categories
мэдээ нийгэм

500 саяын азтан Ж.Алтанзул: Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна

НӨАТ-ын азтанууд шагналаа гардаж авлаа. 500 сая төгрөг хожсон Ж.Алтанзул “Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй. Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна. Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлээд азтан болсон. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” гэсэн юм.


Categories
мэдээ нийгэм

Бохир орчинд малын дотор гэдэс арилгадаг газрыг шалгаж байна

Image result for малын гэдэс дотор

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны ХМК-ийн зургаан цагаан байрны гуравдугаар байрны нэг давхарт бог малын гэдэс дотор арилгадаг газар ажилладаг юм байна. Энэ талаар нэгэн иргэн фэйсбүүктээ бичсэн байх бөгөөд орой 21 цагаас хойш маш бохир орчинд цэвэрлэж орцонд муухай үнэр ханхлуулж малын бойны газар шиг л байна хэмээжээ.

Энэ байдал нь бохирын шугам бөглөх ч эрсдэл өндөртэй болчхоод байгаа тул тухайн байрны оршин суугчдын бухимдлыг төрүүлж буй юм байна. Улмаар СӨХ болон хорооны засаг даргадаа мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн байна. Улмаар аргаа барсандаа бодит нөхцөл байдлын зургийг фэйсбүүктээ байршуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Цахим сүлжээнд иргэний тавьсан зургийг харсан. Ингээд бид иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу тус газарт шалгалт хийхээр явж байна. Шалгаж дуусаад эргээд мэдээлнэ” гэв. Мэргэжлийн хяналтын байгууллага Зөрчлийн хуулийн дагуу иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу аливаа шалгалт хийж, зөрчил дутагдал байвал хариуцлага тооцдог гэдгийг хэллээ.