Categories
мэдээ улс-төр

Концессын гэрээг цуцалсан засгийн газрын тогтоолыг хүчингүй болгов

ЗурагУлсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн “Концессын гэрээ цуцлах тухай” Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүйд тооцов.

Цаашид “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” түншлэлтэй байгуулсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүд биелсэн эсэхийг дүгнэн, гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Дээрх чиглэлийн 630 км хурдны замын төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй хэрэгжүүлэхээр болж 2011 онд уралдаант шалгаруулалт зарласан байна. “Алтанбулаг-Улаанбаатар” чиглэлд “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” шалгарсан бол “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд оролцогч тодроогүй юм. Иймээс хоёр төслийг нэгтгэн дээрх компаниар гүйцэтгүүлэхээр 2013 онд тухайн үеийн Засгийн газар зөвшөөрчээ. Концесс эзэмшигч компани гэрээнд гарын үсэг зурснаас хойш есөн сарын хугацаанд болон гэрээ цуцлах шийдвэр гаргасан 2015 оны тавдугаар сар хүртэл нэг ч үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан байна. Үүнийг “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” хүлээн зөвшөөрөхөөс татгалзан шүүхэд хандаад байжээ.

Товч мэдээ

– БНХАУ-аас Монгол Улсад суугаа Ерөнхий консулын газарт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгуулав

ЗурагГадаад харилцааны яам, Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо хамтран хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд энэ сарын 9-нд “Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгуулав.

Олимпиадад дэлхийн 29 улсаас 132 монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж, 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд О.Мөнхөө (Франц), Б.Гийгүүлэн (Бельги), Л.Анударь (АНУ) нар шалгарлаа. Олимдиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгээр шагнахаас гадна тэргүүн байр эзэлсэн нэг хүүхдийг харгалзах хүний хамт Монгол Улсынхаа байгалийн үзэсгэлэнт газарт амрах эрхээр шагнах юм.

Тус олимпиадыг зохион байгуулахад МУИС, МУБИС, ШУТИС, МИАТ ХК, Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолбор, Адмон ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагуудад анхаарал тавьж оролцсон аж.

Categories
мэдээ нийгэм

Ирэх мягмар гарагаас хүйтний эрч суларна

Ус цаг уурын байгууллагаас ирэх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

Урьдчилсан мэдээнээс үзвэл энэ сарын 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах нь. Салхи 24,25-нд говь талын нутгаар, 26,27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-26-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 22-27, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 12-17, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 13-18, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Ирэх мягмар гараг буюу энэ сарын 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энтрепренер- 2017” шагналын эзэд тодров

ЗурагМҮХАҮТ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай. Тэгвэл дөнгөж сая “Энтрепренер- 2017” шагналын эзэд тодорлоо.

Шинэ зүйлийг санаачилж бизнесийг өргөжүүлснээр эдийн засгийг тэлэх боломж бүрдүүлдэг хэсгийг энтрепренер гэж нэрлэдэг. “Энтрепренер” шагналыг бизнесийн бурхан Меркури хөшөөгөөр төлөөлүүүлснээрээ онцлогтой . Энэхүү хүндтэй шагналыг 48 компани хүртлээ.

ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖҮҮД:

ГРАНПРИ: Мобиком Корпораци ХХК

  • Эрдэнэт Үйлдвэр ХХК
  • АПУ ХК
  • Сүү ХК
  • ХААН Банк
  • Энержи Ресурс ХХК
  • Номин Холдинг ХХК
  • Тэсо Корпораци ХХК
  • М Си Эс Кока Кола ХХК
  • Голомт банк
  • Гоёл кашмер ХХК

“ENTREPRENEUR – 2017” шалгарсан бизнес эрхлэгчид:

Үндэсний үйлдвэрлэгч – Оны онцлох Энтрепренер

  • Монос косметик ХХК

Оны онцлох Экспортлогч – Энтрепренер

  • Ханбогд Кашемир ХХК
  • Хөрөнгө оруулалтын – Оны онцлох Энтрепренер
  • Алтай Агро Трейдинг ХХК
  • Скай Хайпермаркет ХХК

Оны онцлох Импортлогч – Энтрепренер

  • Наран косметик ХХК

Инноваци нэвтрүүлэгч – Оны онцлох Энтрепренер

  • Эм судлалын хүрээлэн
  • Эко ноос ХХК

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч- Оны онцлох Энтрепренер

  • Монгол эм импекс ХХК
  • Наран фүүдс ХХК

Гарааны бизнес эрхлэгч Оны онцлох Энтрепренер

  • Талын эзэн ХХК
  • Залуу Зохион Бүтээгч Шинийг Санаачлагчдын Нийгэмлэг ТББ

Сайн засаглалыг хэрэгжүүлэгч – Оны онцлох Энтрепренер

  • НБИК ХХК
  • Монголиан Коппер Корпорейшн ХХК

Хүнсний салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Өгөөж Чихэр Боов ХХК

Худалдааны салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Номин Тав Трейд ХХК

Үйлчилгээний салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Нью тур Сафари ХХК

Барилгын салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Монкон констракшн ХХК

Эрчим хүчний салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станц

Даатгалын салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Тэнгэр даатгал ХХК

Аялал жуулчлалын салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Цолмон трэвел ХХК
  • Баянгол зочид буудал ХК

ББСБ-ын салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Инвесткор ББСБ ХХК

ЖДҮ-ийн – Оны онцлох Энтрепренер

  • Одь Тан ХХК
  • Бурханлаг гоо сайхан ХХК
  • Гет женероус ХХК

Тээвэр Ложистикийн салбарын – Оны онцлох Энтрепренер

  • УБТЗ-ын ОУТЗуучлалын төв
  • Туушин ХХК

Үл хөдлөх хөрөнгийн салбарын – Оны онцлох Энтрепренер

  • М Си Эс Эстэйтс ХХК

Эрүүл мэндийн салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Ази фарма ХХК

Хөнгөн Үйлдвэрлэлийн салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Мөнхийн үсэг ХХК

“GREENPRENEUR – 2017”

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч

  • Клин Энержи Азиа ХХК
  • Хэв хашмал ХХК

Байгалийг нөхөн сэргээгч

  • Эко минерал ХХК

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

  • Фалькэ Экологи ХХК

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч

  • Солар повер Интернэйшнл ХХК

Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер

  • Ган хийц ХК

Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны “Алтанцом” шагнал

  • Ай Ти Зон ХХК тус тус шалгарлаа.
Categories
мэдээ цаг-үе

Ж.Галбадрах: Гурван сая хүн дотор 10 мянган торгон цэрэг бэлдээд өгчих юмсан

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч, “Шинэ Монголын эрдмийн хүрээлэн”-гийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай ярилцлаа.



ХҮҮХДИЙГ ӨӨРИЙГ НЬ ӨӨРТЭЙ НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ САЙН БОЛГОДОГ

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би өглөө 09 цагт ажилдаа ирдэг. Сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 07.30-д ирчихсэн хүүхдүүд хичээлдээ ороход нь угтан авч мэндчилдэг байсан. Манайх чинь цэцэрлэг, бүрэн дунд сургууль, дээд сургууль, коллеж гээд хэд хэдэн салбартай болсон байна. Өглөө ирээд салбар сургуулийн шуурхай хурал байвал тэндээ сууна. Мэйлээ шалгах, гадаад харилцааны ажилтнуудаа дуудаж ажиллах нь элбэг. Уулзалт, шийдэх ёстой ажлууддаа үдээс өмнө төвлөрдөг. Үдээс хойш бол гадуурх ажил хөөцөлдөж таардаг. Ирэх жилийн есдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж буй “Шинэ Монгол Харумафүжи” дунд сургуулийн барилгын ажил эхэлсэн. Барилгын гүйцэтгэгч компанийг сонгох гэх мэт ажлуудад ойрын үед төвлөрч байна. Гадуур ажлаа хөөцөлдчихөөд буцан ирж бичих, төвлөрч суух ажилд цаг гарган ихэнхдээ 20 цаг өнгөрөөгөөд гэртээ харьдаг даа. Японы хоёр ч дээд сургуульд лекц унших гэж байгаа болохоор одоо лекцээ бэлдэж сууна. Амралтын өдрүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэйгээ уулзахаас эхлээд ихэнхдээ уулзалт төлөвлөдөг. Уг нь бүтэн сайн өдөр ууланд алхчихдаг байсан ч амжихгүй талдаа болчихоод л байна.

-Одоо танайх нийт хичнээн салбар сургуультай байна вэ?

-2000 онд анх бие даасан ахлах сургууль байгуулсан. Тухайн үед ахлах сургууль 9, 10 дугаар анги гэж байсан ч манайх 11 дүгээр ангийг анхлан нээж байсан. Ингэж манай сургууль Монголдоо анхны загвар ахлах сургууль болж байсан. 2004 онд дунд сургуулиа байгуулсан. 2008 онд бага сургууль байгуулсан. Ингээд 2012 онд бүрэн дунд сургууль болж, захирлын ажлаасаа би чөлөөлөгдөж П.Наранбаяр гэдэг шинэ захиралтай болсон. Би дараагийн захирлаа бэлдэхийн тулд анх П.Наранбаяр захиралтайгаа нэг өрөөнд цуг суудаг байлаа. Хөндлөнгөөс нь ажиглаад яваад байна гэсэн үг л дээ. Жилийн хугацаанд цуг суух болов уу гэж бодож байтал манай хүн маш хурдан сурч, гурван сар болов уу үгүй юу би ширээгээ аваад захирлын өрөөнөөс гарсан. Би захирлын ажлаа өгчихөөд гэртээ оффислож, дараагийн төсөл рүүгээ орсон. 2014 онд “Шинэ Монгол Технологийн дээд сургууль “New MIT” нэртэй сургуулиа байгуулсан. Дэлхийн номер нэг MIT буюу Массачусетсийн Технологийн их сургуулийг загвараа болгосон. Энэ сургуультайгаа хамт “Шинэ Монгол Технологийн коллеж” буюу Японы КООСЭН загвараар коллежээ байгуулсан. Бүрэн дунд сургууль, дээд сургууль, коллежээ нийлүүлээд “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” байгуулж би одоо ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Манай анхны төгсөгч хоёр охин Японд суралцаж ирээд цэцэрлэг байгуулах тухай саналыг гаргаснаар “Бяцхан Монгол” цэцэрлэгийг 2016 онд байгуулсан. 2000 оноос эхлэлтэй миний бүтээн байгуулалтын ажил 2016 оныг хүртэл үргэлжилжээ.

-Их аварга Харумафүжи Д.Бямбадорж боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол 2” сургуулийг барихаар боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Таны дараачийн бүтээн байгуулалтын ажил хэдийнээ эхэлчихжээ дээ?

-Харумафүжи маань сая асуудал болоод зодгоо тайлчихлаа, би гайхаад л сууж байна. Асуудал нь бүрэн шийдэгдээгүй байх шиг байна. Өнгөрсөн жил Харумафүжи Д.Бямбадорж “Багшаа би Япон орны ачийг хариулж, эх орондоо сайн зүйл хийе гэж бодохоор яг тан шиг сургууль байгуулах ёстой юм байна” гэж хэлж санал тавьж байсан. Д.Бямбадоржийн маань гэргий манай “Шинэ Монгол” сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Бид их ойр дотнын харилцаатай улсууд. 2011 онд хуримаа хийхэд Харумафүжигийн талаас дэвжээний эзэн нь үг хэлж байсан бол би охины талаас төлөөлж үг хэлж байсан түүхтэй.. Тэр хоёр маань намайг аавын дайтай гэж үздэг. Анх Харумафүжи боловсролд хөрөнгө оруулах тухай саналыг тавихад нь багш нь өмнөх ажлаа хийж барахгүй их байна, чамд сайхан зөвлөөд өгье хэмээн гурван ч удаа хүсэлтийг буцаасан л даа. Монгол хүнд ийм зүйл дутаад байгаа юм байна, хүний хүмүүжил төлөвшилд яг танай сургалтын арга барилаар явах нь зүйтэй юм байна гэсэн санаагаа удаа дараа ярьж ятгаснаар би яах аргагүй зөвшөөрөхөд хүрсэн. Хүн чинь байгуулж буй юмандаа итгэл үнэмшилтэй байж амжилтад хүрнэ. Д.Бямбадоржийнхоо идэвх, сэтгэлийг хараад ойлгосон л доо. Энэ жил сургуулийн барилгынхаа карказаа бариад эхэлчихсэн, ирэх жил ашиглалтад орно.

-Танай сургуульд оруулах гэсэн эцэг, эхчүүдийн хүсэлт маш их байдаг. Нэгэнт эрэлт их байхад танайх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх бололцоо хэр байдаг вэ?

-Би 2000 онд сургуулиа байгуулснаас хойш өр, зээлтэй 10 гаруй жил явсаар одоо л гайгүй болж байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, шантармаар олон зүйлтэй тулгарсан. Сургууль гэдэг амаргүй ажил. Багшаа бэлдэхээс эхлээд нэг ангийн хүүхдийн тоог стандартаар барих ёстой зэрэг анхаарах олон асуудал бий. Зарим хүмүүс нэгэнт эрэлт байхад салбараа хурдан байгуулаад явчих тухай ярьдаг л даа. Миний хувьд өөрийнхөө чадах хэмжээндээ юмаа хийнэ. Манайх бол яг өөрийнхөө үндсэн хүүхдийг гаргаж авахыг чухалчлан анхаардаг.

-Сургуулийн гол баримталдаг зарчмыг юу гэх вэ?

-Манай хөтөлбөрийн дагуу суралцахын зэрэгцээ спорт, урлаг соёлын арга хэмжээнд зайлшгүй хамруулдаг. Хүүхдийг өөрөө бие дааж суралцах арга барил, багаар ажиллах аргуудыг нэлээн хэрэглэдэг. Номын ах, эгч нараас нь номын дүү нартаа зориулан нэгийг бодогдуулахаар яриа лекц явуулдаг. Хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай сургах нь чухал юм. Ахлах ангид ороод ирэхээр нь байгалийн, нийгмийн анги гэж салгаж ямар мэргэжил эзэмших вэ гэдгийг таниулан мэдүүлэх ажлыг карьер төвөөрөө дамжуулан хийдэг. Хүүхэд өөрөө юунд сонирхолтой аль чиглэлд түлхүү сонирхолтой вэ гэдгийг нь таниулснаар төгсөхдөө яг мэргэжлээ сонгочихсон, орох сургуулиа бүр шийдчихсэн байдаг. Дунд ангид бол шинжлэх ухааны мэдлэгийг сайн олгохыг чармайдаг. Бага ангид нь хүн болох талаас нь анхаардаг. Даалгавар бараг өгдөггүй. Хичээл хийнэ гэдгийг дургүй хэцүү зүйл болгож болохгүй, анхлан суралцагсдад дуртай сонирхолтой талаас нь заахыг эрмэлздэг.

-Бусад сургуулиас ялгаатай тал нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд их анхаардаг гэгддэг. Та бүхэн ямар хүүхэд төлөвшүүлэхийг зорьдог вэ?

-Шинэ Монгол соёл гэж бий. Ахлах сургууль, сургуулийн соёл төлөвшүүлэх асуудлаар би өөрөө докторын зэрэг хамгаалсан. Сургуулийн соёлыг таниулж үйлийн судалгааг хийсэн. Хүн үйлдэл хийдэг, хийсэн үйлдлээ судлаад гаргаж ирсэн нь миний докторын гол сэдэв. Японд хүнд сайн тал, муу тал аль аль нь бий. Японд хүнд ажилсаг, нямбай хянуур чанарыг монгол хүний задгай сэтгэж байгаа байдал, шийдвэрийг хурдан гаргаж чаддаг зэрэг чадвартай хослуулан монгол хүнд таарах зохицох чадварыг тавьж өгдөг нь буруу биш гэж үздэг. Тухайлбал, хүнтэй бөхийгөөд мэндчилчихдэг, орж ирээд гутлаа солиод өмсчихдөг хэвшлийг бий болгохдоо ач холбогдол талаас нь сайн тайлбарлаж хэлж өгдөг. Манай шинэ монголын хүүхдэд өглөөний хоолоо заавал идсэн байх ёстой гэх мэт зарчмыг сургадаг. Хүүхдийг өөрийг нь өөртэй нь өрсөлдүүлж сайн болгодог. Хүүхдийн өөрийн хүлээн авах чадвар, эцэг эхээс заяасан ген зэргээс шалтгаалж хүүхэд бүр ялгаатай байх нь мэдээж. Хүүхэд бүрийг ижил 100 хувь сайн болгох тухай гэхээс илүүтэй байгаа хэмжээнээс нь ахиулах тухай юм. Тийм ч учраас манайх сурагчдынхаа дүнг нууцлалтай тавьдаг. Бага сургуульд бол дүн тавьдаггүй. Бүх хүүхдээ сургана шүү гэсэн зорилготойгоор ажилладаг.

-Эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ. Танай сургуульд оруулах хүсэлтэй хүмүүс олон бий?

-Манай сургуульд элсэн орохоор 900 гаруй хүүхэд ирдгээс 72 хүүхэд авдаг. Өрсөлдөөн ихтэй болохоор яалт ч үгүй шалгаж авдаг. Ингэхдээ хүүхдийн төрмөл буюу амьдралын ухааныг нь шалгадаг. Түүнээс тоо бодуулж, цээж бичиг бичүүлэх гэх мэтээр сурмал ухааныг нь чухалчилдаггүй. Бид өмнөө лидер бэлтгэх зорилго тавьсан байгаа болохоор шударга, зарчимтай явна гэдэг шаардлагыг эхнээсээ тавьдаг. Ирэх жилээс “Шинэ Монгол 2” сургууль нээгдэх болохоор харьцангуй эрэлт гайгүй болох байх аа.

10 МЯНГАН ТОРГОН ЦЭРЭГ БЭЛДЭЭД ӨГЧИХ ЮМСАН ГЭЖ МӨРӨӨДДӨГ

-Таны үндсэн мэргэжил багш. Та 2000 онд сургуулиа нээхээсээ өмнө хаана ажиллаж байв. Таны хувийн намтраас сонирхъё?

-Би Улаанхуарангийн гэр хорооллын сургуульд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Математикийн сайн багш болох н.Батдорж багшийгаа хараад ирээдүйд математикийн багш болно гэж шийдэж байсан. Их сургуулийг физикийн багшаар төгссөн. Ажлын гараагаа Төв аймагт багшлахаас эхэлсэн. Хөдөө Аж ахуйн дээд сургуульд багш, Боловсролын Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан дараа нь 84 дүгээр сургуульд дэд захирлаар гээд боловсролынхоо салбарын олон шатны байгууллагад ажилласан нь их завшаан юм. Тэгээд шалгалт өгч Япон руу мэргэжил дээшлүүлэхээр явж байсан.

-Японд хичнээн жил суралцав?

-Долоон жил сурсан. Эхлээд 1.5 жил Японы Засгийн газрын тэтгэлгээр сурчихаад үргэлжлүүлээд хоёр жил мастерт сурсан. Түүний дараа докторт сурч байсан ч тэнд зэргээ хамгаалж чадаагүй. Учир нь Монголдоо сургуулиа нээчихсэн учраас нэгийг нь сонгохоос аргагүйд хүрсэн..

-Сургууль анх байгуулсан түүхээсээ яриач. Хүнд бэрхийг даван туулж байж өнөөдрийн амжилтад хүрсэн гэдэг юм билээ?

-Би гэр бүлээ Японд аваачсан байсан учраас Японд суралцахынхаа хажуугаар гурван ажлыг давхар хийдэг байлаа. Ротари тэтгэлгээс надад тэтгэлэг олгож, сард 1500 ам.долларын тэтгэлгийг жилийн хугацаанд авсан. Нэгэнт амьдарч болж байгаа юм чинь гээд тэтгэлгээ хав дарж хадгалчихсан. 18 мянган ам.доллартай их л баян хүн болчихлоо. Ротари клубынхандаа маш их баярласан сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Та нарынхаа ачийг хариулна. Би мөрөөдлөө биелүүлж ачийг хариулна. Миний мөрөөдөл бол монгол орондоо сургууль байгуулах юм” гэж дотоод итгэл, үнэмшлээрээ хэлж байсан. Манай клубынхан нэг удаа дуудаж уулзахдаа чи докторт олон жил суралцах нь. Чиний яриад байсан нөгөө мөрөөдөл чинь яасан бэ гэж асуудаг юм байна. Би оюутан байхдаа ч байгуулж болно ш дээ гэж хариулахад чи монгол руу очоод судлаад ирээрэй гэсэн үг миний сэтгэлд гэрэл асаачихсан хэрэг. Тэр зуныхаа амралтаар Монголдоо ирж Нийслэлийн боловсролын газраар орсон чинь манай сургууль байгуулсан газрыг дуудлага худалдаагаар зарласан байхтай яг таарлаа. Буцах хугацаа дөхсөн учраас аавыгаа өмнөөсөө оруулж иргэн Жанчивын нэр дээр сургуулийнхаа газрыг авсан. Гурван давхар барилгын зураг гаргачихаад нөгөө хүмүүс дээр эргээд очив оо. Сургууль барих тооцоо 300 мянган ам.доллар гарчихсан. Тэр их мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй ч би нэг зүйлийг бодсон бол дотроо төсөөлж бүр дүр зургийг нь гаргачихсан их л итгэл үнэмшилтэй гүйж явсан юмдаг. Ингээд Багана нэгийн холбоо байгуулж сургууль байгуулахад туслах хөдөлгөөнийг ротарийнхан маань гаргаж гурван жилийн хугацаанд 100 мянган ам.доллар цуглуулж чадсан. Аав, ээж ар гэрийнхний дэмжлэг, энд тэндээс бага хүүтэй зээл авснаар сургуулиа босгосон доо. Анх хөрөнгө оруулагч олох тухай ч мэдэхгүй гүйж явлаа. 10 жилийн дараа буцааж өгөх хөрөнгө оруулалтыг ямар нэгэн хүүгүйгээр Японы сайхан сэтгэлтэй зарим нэг хүмүүс өгч байсан. Би сургуулиа Японы хөрөнгө оруулалттай сургууль гэж ярьдаг. Юунд хөрөнгө оруулдаг вэ гэвэл төгссөн хүүхдүүдэд маань тэтгэлэг олгож, хөрөнгө оруулдаг. Одоо Япон руу манайх 370 гаруй хүүхэд тэтгэлгээр сургуульд явуулсны 170 гаруй нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр явсан байна. 200 гаруй хүүхдийг намайг дэмжин ажилладаг, ивээн тэтгэгч, тэтгэлгийн сангууд сургалтын тэтгэлгийг өгчээ. Нэг хүүхдэд дөрвөн жил сурахад багцаагаар 50 мянган ам.доллар гэхээр есөн сая ам.долларын тэтгэлэг олгосон гэсэн тоо гарч байгаа юм. Би сая одон авч үг хэлэхдээ “Дунд сургуулийн жирийн багшийн гарын үсгээр есөн сая ам.долларыг Монголын боловсролд хөрөнгө оруулалт хийжээ” гэж хэлсэн нь бий. Хамгийн гол нь тэтгэлгээр сурч ирж буй хүүхдийн үнэ цэн хамгаас чухал юм даа.

-Танд баяр хүргэх нь зүйтэй байх. Японы Эзэн хааны мандах нарны одон хэмээх эрхэм хүндэт шагналыг хүртсэн нь хоёр орны дунд гүүр болж, боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлсэн шагнал болсон болов уу?

-Баярлалаа. Би Японд их хайртай. Их сайхан улсуудтай таарсан ч юм билээ. Япон орны эерэг бодол надад байдаг учраас би амжилтад хүрсэн. Тийм учраас миний хүүхдүүд очсон газраа талархаж, сайн талаас нь харж яваарай гэдгийг шавь нартаа захих дуртай. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн аливаа зүйлийг сайн талаас нь харж хүлээж авах нь зүйтэй гэж санагддаг. Би билэгшээж явдаг нэг зүйлийн тухайд ярихад би дөрвөн охинтой хүн. Японоос ирж сургуулиа байгуулах үеэр хэнз хүүтэй болсон юм. Хүү маань Японы Эзэн хааны төрсөн өдрөөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр төрсөн. Би энэ жил одон авлаа. Их билэгшээж байна.

-Японтой холбоотой дурсамж таны амьдралд төдийгүй Монголын боловсролын салбарт тодоор үлдэх нь гарцаагүй юм. Та өөрийгөө Японтой ямар сэжмээр холбож ойлгодог вэ?

-Би анх Япон явахад аав маань миний хүү Номхон далай, Фүжи ууланд өргөөрэй гэж надад сэржим /архи/ өгч явуулж далайн бурханд өргөдөг юм шүү гэж хэлж байсан. Би анх удаа нүд алдам далайг үзэж үнэхээр бахдасан. Цаг орчим бясалгал хийж залбирч суусан. Одоо бодоод байх нь ээ би зөв хөл дээрээ Японд буусан юм уу даа.

-Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс байв?

-Аав малын эмч, ээж дэлгүүрийн худалдагч. Аав, ээж маань их бурханлаг сайхан хүмүүс байсан. Аав маань хүний ачийг их бодож явах ёстой шүү гэж сургадаг. Манайх эцэг эхээс есүүлээ, олуулаа бужигнаж өссөн. Сайхан хайран дунд өснө гэдэг их сайхан юм шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний хань сувилагч мэргэжилтэй. Арван жил хамт сурч байсан. Анх 19 насандаа аав, ээж болж байлаа. Том охин Жайка, Ерөнхийлөгчийн Тамгын газарт реферэнт, Хууль зүйн яаманд ажиллаж байгаад энэ жил Японд мастераа хамгаалчихаад ирсэн. Одоо охин маань эрдмийн хүрээлэнд СЕО гүйцэтгэх захирлын ажлыг хийж байна. Дараагийн охин Японы Суруга компанид ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй. Дараагийн охин Японы их сургуульд суралцсан, Нагояагийн их сургуульд мастераар гэр бүлийн хүний хамт суралцаж байна. Бага охин маань боловсролын чиглэлээр мөн Японд их сургууль төгссөн, хувиараа бизнес эрхэлдэг. Бага хүү маань ахлах ангийн сурагч.

-Манай улсын боловсролын салбарт барьж байгаа бодлогыг та юу гэж хардаг вэ. Төрөөс юунд голлон анхаарах ёстой вэ?

-Би загвар болгож бүрэн дунд сургууль байгуулсан хүн. Боловсролын системд ажилладгийн хувьд хэлэхэд нэг сайд ирээд хичээлийн хөтөлбөр, бүтцийг судалгаагүйгээр нааш цааш нь их хөдөлгөдөгт нь сайнаар ханддаггүй. Миний хувьд боловсролыг тогтвортой байлгах ёстой гэж үздэг. Манайхан чинь шинэчлэнэ гэх л юм. Шинэчлэл хийхийн тулд багш нар маань хэр бэлтгэгдсэн байгаа зэрэг бааз сууриа харж тооцох хэрэгтэй. Ер нь стандарт барих гэдгийг тогтвортой байлгамаар л байна. Манай сургууль гэхэд 2000 оноос хойш тогтсон хөтөлбөрөө нэг ч өөрчлөөгүй, шинэчилж ирсэн. Би өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Ахлах сургуульд хөдөлмөрийн ур чадвар олгох нь” гэсэн нэртэй төсөл дээр зөвлөхөөр ажиллахаар болов оо. Үндэсний зөвлөх нь төслийнхөө дизайныг хийнэ гэж бодоод орсон чинь бэлэн хийсэн төсөл санал болгосон. Дараа нь миний хийсэн төсөл болох учраас эргээд би бантан хутгадаг юм байна гэсэн муу нэр зүүх болно биз дээ. Нэгэнт өөрийн зорьсноор ажиллаж чадахгүй юм чинь гээд өөрийн хүсэлтээр татгалзсан.

-Таны цаашдын зорилго, дараагийн мөрөөдөл юу байна вэ?

-Одоо би шинээр барилга барихгүй. Би Харумафүжитэйгээ сургуулиа байгуулчихаад “Шинэ Монгол” сургуулиасаа олсон туршлага дээрээ үндэслэн ерөнхий боловсролын орон нутгийн сургуульд ч юм уу менежмэнт хийж ажиллая гэсэн бодол бас бий. Одон авчихаад баяраа сая тэмдэглэх үеэр манай сургуулийн зөвлөх Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай “Монголын боловсролыг дэлхийд харуулах ёстой шүү. Дараагийн сургуулийг Японд байгуул” гэж хэлсэн нь надад бас нэгийг бодогдуулсан. Урьд нь Япон хүмүүс сургуулийнхаа менежмэнтэд орж ажиллаад өгөөч гэдэг санал удаа дараа тавьж байсан нь бий.

-Тантай ярилцахад их том мөрөөдөлтэй, түүндээ хүрч чаддаг тууштай хөдөлмөрч занг олж харж байна. Таны амжилтад хүрсэн гол нууцыг юу гэж хэлэх вэ?

-Сургуулиа байгуулаад анхны төгсөгч нараа гаргасны дараа эргээд харахаар энэ хүүхдүүд маань Монголын ирээдүйг нуруун дээрээ үүрч явах юм байна гэдэг итгэл үнэмшил надад бүрэн дүүрэн байдаг. Улсыг хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлье гэж бид нар их сайхан ярьдаг даа. Би бол өөрийн чадах хэмжээнд л хийж байна шүү дээ. Гурван сая хүн ам дотор 10 мянган торгон цэрэг бэлдээд өгчих юмсан гэж мөрөөддөг. Манай сургууль шиг төгсөгчдийн тоо 10 мянга хүрсэн үед нийгмийг хөдөлгөгч манлайлагчид болох юм гэж хардаг. Брэнд бий болгож, бүтээгдэхүүн гаргахад хувь нэмэр болохоор бас нэгэн ажил хийгээд эхэлсэн байгаа. “Монгол Мабучи” сангаас тэтгэлгийн сан байгуулж гурав дахь жилдээ тэтгэлэг олгож байна. Жил болгон 30 хүүхдэд тус бүр нь 1500 ам.долларын тэтгэлэг олгох ажлыг төгсөгчидтэйгээ хамт хийдэг. Дотоодын их дээд сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд нэг жилийн дараагаар цалингаасаа буцааж төлөх эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл юм. Энэ бол тухайн суралцаж буй хүүхдэд маш их урам өгч, зорилготой болгодог. Манай КООСЭН коллеж жилдээ 120 төгсөгч, дээд сургууль маань 120 төгсөгч, ахлах сургууль маань 140 хүүхэд төгсгөж байна. Энэ тоо улам өссөөр арав, хорин жилийн дараагаар нийгмийн манлайлагчдыг төрүүлнэ. Бид дэлхийн хэмжээнд эхний шилдэг зууд багтдаг дээд сургуулийг Монголоосоо гаргая гэсэн том зорилго тавьсан. Би төгсөгч нартаа итгэдэг. Хүүхдүүд урдаа тавьсан том зорилгынхоо араас явж байгааг би өнөөдөр өөрийн нүдээр хардаг, бахдадаг. Бид нийгэмдээ ирээдүйд сайн өөрчлөлт авчрах хүнийг өөрсдийн хүчин чадлын хэмжээнд бэлдэж байгаа. Хүүхдийг өөрийг нь өөртэй нь өрсөлдүүлж сайн болгодог. Надад туршлага байна. Цаашдаа өөрийн олсон туршлагыг улсынхаа бодлогын шинжтэй өөрчлөлтөд гар бие оролцож, юм хийх юмсан гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Үс

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа эхлэн үсэндээ анхаарал хандуулж арчилж эхэлсэн гэдэг. Эрт дээр үед үсэнд хүний хамаг эрч хүч агуулагддаг хэмээн ярьдаг байжээ. Америкийн Колорадо, Юта, Аризон, Нью-Мехико мужуудад амьдардаг индианчуудыг бидний өвөг дээдэс гэдэг бөгөөд Берингийн хоолойгоор дамжин тэнд очин суурьшсан гэдэг. Индианчуудын Навахо хэмээх омгийн эрчүүд нь өнөөдрийг хүртэл үсээ урт ургуулдаг. Ийнхүү өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалсаар иржээ. Навахо омгийнхон шинэ бодол төрөхөд шинэ үс ургаж харин хуучин бодол нь үсний үзүүрт үлддэг хэмээн ярьдаг гэнэ. Тэгвэл Библийн сударт бичсэнээр Самсон хэмээх баатарын эрч хүч нь үсэндээ байсан гэдэг. Ийнхүү үсний талаар янз бүрийн домог яриа бий. Шинжлэх ухаан техник хөгжих тусам үсийг нарийвчлан судалсаар ирсэн. Түүний бүтэц, аль зэрэг урт ургах боломжтой, юунаас болж унаж, хагтаж, гэмтдэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

ҮСНИЙ БҮТЭЦ

Хүний үсний 80 хувь нь цистин метион зэргээс бүрдсэн уураг, 10-15 хувь нь ус, 5-10 хувь нь нөсөө, эрдэс бодис, тосноос бүрддэг. Түүний гаднах бүрхүүлийг нь мэргэжлийн хэлээр кутикула гэдэг. Үсийг ерөнхийд нь нарийхан, дунд, бүдүүн гэж гурав ангилдаг. Хүний үсний урт нь арьсны өнгөнөөс хамааралтай гэдэг. Хар арьстнуудын үс нь хамгийн богино, шар арьстнуудынх хамгийн уртад тооцогддог. Үсний ширхэг ч мөн л арьсны өнгөтэй холбоотой болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг. Шар арьстнуудын үсний ширхэг нь хамгийн бүдүүнд тооцогддог. Эрдэмтэд хүн хичнээн ширхэг үстэй байдгийг судалсаар тооцоолон гаргасан байдаг. Нэг хүн нь 100-150 мянган ширхэг үстэй байдаг гэнэ. Түүнээс гадна үсийг ерөнхий байдлаар нь хэвийн, хуурай, тослог хэмээн гурав ангилна.

ҮС ЯАГААД БУУРАЛТДАГ ВЭ

Бүгд залуухан харагдахыг хүсэвч үс бууралтах нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Тиймээс ч будаж аргалдаг. Яагаад бууралтдаг шалтгааныг олсон хэдий ч бууралтуулахгүй байх аргыг хараахан нээгээгүй байна. Ер нь бол эрэгтэйчүүд 30-35 насандаа, эмэгтэйчүүдийнх 40-45 насандаа бууралтаж эхэлдэг. Гэхдээ 18, 20 насандаа үс нь цайх тохиолдол ч цөөнгүй. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүмүүсийн 40 хувь нь 30 нас хүрээгүй байхдаа бууралтдаг болохыг тогтоосон байна. Залуухан, эрүүл хүмүүсийн үс нь яагаад ингэж байгааг эрдэмтэд судалсаар. Ямар ч байсан меланин хэмээх бодис дутагдсанаас үс өнгөө алдаж цайдаг гэнэ. Арьсанд агуулагддаг меланин гэнэт үсний угт хүрэхээ больдог аж. Хүний дотоод эрхтэний үйл ажиллагаа хэвийн бус болох нь үс бууралтах бас нэг шалтгаан гэдгийг эрдэмтэд тогтоосон. Ялангуяа хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчин, цус багадалт, багадаа вирусын гаралтай өвчнөөр өвчлөх, бөөрний өвчин зэрэг нь эрт бууралтах бас нэг шалтгаан болдог. Сэтгэл санааны хямралаас үс бууралтахаас гадна аминдэм, уураг дутагдсанаас ч болно. Мөн үс нь эрт бууралтдаг удамтай хүмүүс ч бий.

ҮС ТОЙРСОН БИЗНЕС

Хүний үсийг худалдаж авдаг бизнес олон жилийн өмнөөс бий болсон. Үсийг хурдан ургуулах янз бүрийн шинэ аргуудыг мэргэжилтнүүд нээсэн. Харин будаж, хими хийлгэж байгаагүй үс хамгийн өндөр үнэ хүрдэг гэнэ. Түүнээс гадна үсний шампунь, ангижруулагч, будаг, лак зэргийг бүтээж хэрэглэж эхэлснээр энэ чиглэлийн үйлдвэрлэл нь маш том бизнес болсон. Өдөр ирэх тусам өргөжсөөр байгаа. Энэ салбараар дагнасан компаниуд жил бүр зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж түүнийгээ хамгийн гоё үгээр сурталчилна. Хагнаас салгадаг, үсийг өвчлүүлдэггүй, үсийг амархан хэвэнд оруулдаг, оливийн тостой, өндөгтэй гээд. Хуурай, тослог, шингэн, гэмтэлтэй, будагтай үсэнд зориулсан шампунь, ангижруулагч, маск зэргийг хэдэн янзаар нь үйлдвэрлэсээр байна. Түүнээс гадна техник технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн үсний сэнс, хайч, индүү гээд хэвэнд оруулж янзлахад зориулагдсан төхөөрөмжүүд жижиг, том гээд олон янзаараа худалдаалагдах болсон. Үүний сацуу үсний тайралт, хэв маяг бие даасан салбар болсон гэж болно. Та үсээ хэрхэн засуулснаас шалтгаалан өөр өөр харагдана. Хувцсандаа тохируулан үсээ янзлуулна, жил бүр өөр өөр тайралт моодонд орно. Үсээ сайхан янзлуулахын тулд сайн үсчинд очно.

ҮСИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАДАГ

Үс суулгах арга нь XX зуунаас эхэлсэн гэдэг. 1939 онд анх Японы эрдэмтэд энэ асуудлыг хөндсөн байна. Ингээд 1960-аад онд анх удаагаа үс суулгах мэс заслыг хийсэн түүхтэй. Анагаах ухааны салбарт гарсан энэ дэвшлийн ач тусаар хүмүүс үстэй болоод зогсохгүй шарх сорви зэргээ нуух боломж нээгдсэн юм. Өнөөдөр үс суулгах FUE, FUT, HFE зэрэг олон янз аргыг нээсэн. Харин 2000 оноос мэс засал хийхгүйгээр үс шилжүүлэн суулгадаг аргыг эрдэмтэд нээсэн юм. Олны танил болсон алдартнуудаас Италийн тэргүүн баячуудын нэг, Ерөнхий сайд асан С.Берлускони үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээр хамаагүй залуу харагдах болсон.

ҮСЭЭ ЗӨВ АРЧИЛЪЯ

Зах зээл дээр үсэнд зориулсан янз бүрийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа өнөө үед зөв сонголт хийх нь хамгийн чухал. Үсэндээ тохирсон шампунь зэргийг зөв хэрэглээгүйгээс гэмтэж, хугарах аюултай. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр шампуниа зөв сонгох нь хамгийн чухал гэнэ. Тиймээс та ямар үстэй болохоо мэргэжилтнүүдийн тусламжтайгаар тогтоох боломжтой. Ингэснээр зөв шампуниа сонгоно. Буруу шампунь сонгосны улмаас үсээ гэмтээх явдал хамгийн их түгээмэл болоод буйг мэргэжилтнүүд анхааруулсан байдаг. Зарим хүмүүс өдөр болгон үсээ угаадаг. Энэ нь үсийг гэмтээхэд хүргэдэг аюултай. Тослог үстэй бол нэгээс хоёр хоногийн дараа угаах нь хамгийн тохиромжтой. Үсээ хэрхэн угаах нь нэлээд чухал аж. Угаахаасаа өмнө сайтар самнаж аль зэрэг урт үстэйгээсээ шалтгаалан шампунь хэрэглэх хэмжээ ч өөр. Эхлээд гарынхаа алган дээр шампуниа хөөсрүүлсний дараа хурууныхаа өндгөөр иллэг хийж байгаа мэтээр түрхэнэ. Ер нь үсээ угааж байхдаа уганд нь массаж хийх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүний үс маш хурдан чийгшилээ алддаг онцлогтой. Тиймээс чийгшүүлэгч зэргийг тогтмол хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Ингэхдээ үсний хуйханд ширхэгийг нь дагуулан түрхэнэ. Долоо хоногтоо нэг удаа чийгшүүлэгч хэрэглэхэд таны үс эрүүл байна. Үсийг угаахдаа усны халуун бүлээнийг тохируулах нь чухал.

Хэт халуун усаар угаах нь хуурайшуулах аюултай. Тиймээс бүлээн ус хамгийн тохиромжтой бөгөөд цусны эргэлтийг сайжруулдаг. Үсээ угаасныхаа дараа ямар алчуураар, хэрхэн арчих бас нэгэн чухал зүйл. Хөвөн даавуун зөөлөн алчуураар үсний уртыг дагуулан усыг нь шингээж авах маягаар арчиж байгаарай. Хэрэглэхээ больсон хөвөн даавуун зөөлөн цамцаараа ч арчиж болно. Бид үсээ угааж арчсан даруйдаа самнадаг. Энэ нь буруу. Жаахан хатааж байгаад үзүүрээс нь эхлэн самнахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Өнөө үед янз бүрийн засалтууд моодонд орж, тод, зөөлөн зэрэг өнгөөр буддаг. Гэхдээ будаг, хими зэргийг хэрэглээгүй эрүүл үс нь хамгийн гоёд тооцогддог.


Categories
мэдээ цаг-үе

Д.Өлзийбаяр: Уцаарлах, бухимдах, хэт хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал

“Алт болд” эмнэлгийн мэдрэлийн эмч Д.Өлзийбаяртай ярилцлаа.


-Сэтгэцийн өвчин, мэдрэлийн өвчин хоёрын ялгааны тухай тайлбарлаж өгөөч?

-Бүх өвчнийг мэдрэлийн өвчин, эсвэл сэтгэцийн асуудал гэж хэлж болохгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхээр очоод буй олон хүн бий. Тэдний гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай. Түүнээс биш тэд бүгдээрээ сэтгэцийн өвчтэй гэсэн үг биш. Уцаарлах, бухимдах, хэт хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалд хамаарна. Үүнээс болоод хүмүүс нөхцөл боломжийг ашиглаж чаддаггүй. Бусадтай үг зөрөөд, ойлголцохгүй байх, хэт бухимдах, бусдыг дайрч доромжлох зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал. Бүх зүйлд сэтгэл ханамжгүй болох, идсэн хоол, үзсэн зүйлээсээ сэтгэл ханамж авахгүй байх зэрэг нь сэтгэцийн асуудалд хамаарна. Мэдрэлийн өвчин, сэтгэцийн асуудал хоёр хоёулаа тархины өвчин боловч тэс ондоо асуудал байхгүй юу. Харин толгой өвдөх, толгой эргэх, татах, саажих, нүүр сулрах зэрэг нь мэдрэлийн асуудал болно.

-Сүүлийн үед дээрх өвчлөлүүдийн тоо нэлээд нэмэгдэж байна уу?

-Угаасаа хүний нийгэм хөгжиж байгаа энэ үед мэдрэлийн, сэтгэцийн өвчин аль аль нь нэмэгдэж байна. Хүн амын наслалт уртсах, шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр мэдрэл болон сэтгэцийн өвчний тоо нэмэгддэг. Нэг талаасаа энэ нь оношлогоо сайжирсантай ч холбоотой. Сүүлийн үед тархины судасны хатуурлын улмаас танин мэдэхүйн хүрээний өөрчлөлт буюу тэнэгрэлийн асуудал нэмэгдэж байгаа.

-Мэдрэлийн өвчин ихэвчлэн юунаас болж үүсч байна вэ?

-Мэдрэлийн өвчний гол шалтгаан нь дотрын өвчний хүндрэл байдаг. Зүрх судас, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэгийн улмаас тархины хямрал үүсэх, нүүр ам мурийх гээд захын мэдрэлийн өвчин тусна. Мөн эмийн буруу хэрэглээнээс ч үүдэлтэй. Түүнээс гадна үе мөчний өвчин намдаах эм бэлдмэлүүд нь эмгэг үүсгэж, танин мэдэхүйн өөрчлөлтөд нөлөөлдөг. Мэдрэлийн өвчин дотроо бие даасан унадаг татдаг өвчин, халдвараас үүдсэн өвчлөл, удам дамжсан мэдрэлийн системийг хөнөөдөг эмгэг гэж ч бий.

-Харин тэнэгрэлийн өвчний гол шалтгаан?

-Маш олон шалтгаанаас болж үүсдэг өвчин. Энэ өвчний үед оюуны чадвар буурна, ой тогтоолтоо алдана. Нас ахих тусам тархины тэжээл цусан хангамж буурах нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ тухайн насанд байх хэмжээнээс их байх нь асуудал болно. Тэнэгрэлийн хамгийн эхний шинж тэмдэг нь мартах. Ойрын болон холын ой тогтоолтоо алдаж, дурсамжаа мартах, таньдаг хүнээ танихгүй болох, чаддаг зүйлээ чадахгүй болох зэргээр илэрнэ. Мөн орон зайн баримжаа алдагдана. Энэ өвчнийг дэлхий нийтээр эрт оношлох л шаардлагатай байгаа юм. Манай улсад судасны тэнэгрэл харьцангуй өндөр. Энэ нь харвалтын дараа үүсч болно. Хүний тархи тэжээлээ алдахаар цайнд дүрсэн ёотон шиг болчихож байгаа гэсэн үг. Ой тогтоолт муудах мартамхай болох зэрэг тэнэгрэлийн өвчинд хорт бодис нөлөөлж байна. Тухайлбал, архи тамхины хэт их хэрэглээ, хөнгөн цагаан сав суулга, химийн бодис, агаар орчны хортой утаа хүртэл тэнэгрэлд хүрэхэд нөлөөлж байна. Мөн ахуйн үйлдвэрийн хорт бодисууд аажимдаа тэнэг болоход нөлөөлдөг.

-Тэнэгрэлээс хэрхэн сэргийлэх вэ?

-Ажил хөдөлмөр эрхлэхгүй, гар хөлөө хөдөлгөхгүй байх тусам тэнэгрэлд хүрнэ. Гар хөл нь хөдөлж толгой тархи нь ажиллаж байх нь эрүүл байх үндэс. Өндөр настай хүмүүс өөрт тохирсон ажил хийж, хөдөлгөөнтэй байх тусам тэнэгрэлээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.

-Сүүлийн үед залуучууд тэнэгрэлд их өртөж байна уу?

-Залуу хүмүүсийн хувьд энэ өвчин харьцангуй гайгүй. Гэхдээ архи тамхины хэрэглээ, биеийн жингээ хянахгүй байх зэрэг нь эрт тэнэгрэлд өртөхөд нөлөөлнө. Үнэхээр шаардлагатай бол тэнэгрэл, сэтгэцийн өвчнүүдийн үед хэрэглэдэг эм бэлдмэл бий. Гэхдээ иймэрхүү өвчинд эм тийм ч тус болдоггүй талтай. Сэтгэл засах эмчилгээ л илүү үр дүнтэй.

Манайхан зүү төөнүүр, бариа заслыг нөхөн сэргээх эмчилгээ гээд байдаг. Нөхөн сэргээх эмчилгээний эхний шугам хүний бөндгөртэй /тархитай/ ажиллах. Хүний толгой доторх бодлыг өөрчилж байж, энэ төрлийн өвчнүүдийг эмчилнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Баяртсайхан: Монгол Улсын гадаад валютын нөөц хасах хувьтай байсан бол өнөөдөр 2.3 тэрбум ам.доллар байгаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.12.22) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 26 минутад эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас “Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээлэлдээ, Манай улсын хэрэглээний сагсны 40 хувь нь цэвэр импортын бараа, бүтээгдэхүүн байгаагийн дээр дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний орцыг импортоор авдаг. Нийт зээлийн 20 гаруй хувь нь гадаад валютын зээл байна. Манай улс жилд дунджаар гадаад өрийн хүүний төлбөрт 800 сая ам.доллар, үндсэн төлбөрт 1.7 тэрбум ам, доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлж байна. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт нь инфляцид нөлөөлөхийн зэрэгцээ чанаргүй зээл, дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад өрийн дарамтад нөлөөлдөг. Монголбанк макро эдийн засгийн болон тогтвортой байдлыг хангах чиг үүргийн хүрээнд валютын ханшийн тогтвортой байдалд анхаарч ирсэн гэдгийг дурдлаа.

Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2016 оны хоёрдугаар хагасаас огцом сулрахад үндсэн гурван зүйл нөлөөлсөн. Үүнд;

-2016 оны эхний хагаст Засгийн газраас хэрэгжүүлэх сайн хөтөлбөрүүдийг Төвбанкны оролцоотой санхүүжүүлсэн нь эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах суурь шалтгааныг бүрдүүлсэн.

-2016 оны 06 дугаар сарын сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг үндэсний компани худалдан авах үед дотоодын банкны салбараас их хэмжээний валют гадаад төлбөрт шилжсэн нь валютын зах зээлд том цочрол бий болгосон.

-Өмнөх жилүүдэд Засгийн газар, Хөгжлийн банкны хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдэж, үүнээс үүдэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт нэмэгдэх бүрийд валютын зах дээр интервенци хийж ирсэн.

Энэ үед төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, төгрөгөөс гадаад валютруу зугтах үзэгдлийг зогсоох, төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн, санхүүгийн салбарын, төлбөрийн тэнцлийн хямралаас сэргийлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Монголбанкны Захирлуулын зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрээр бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд төгрөгийн ханшийн эрчимтэй уналтыг зогсоож, санхүүгийн салбарт тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн. Гадаад валютын зах зээлд тогтворжилт ажиглагдаж эхлэхэд бодит эдийн засгийг дэмжих шаардлагыг харгалзан бодлогын хүүг шат дараатай хоёр удаа буулгаснаар одоо бодлогын хүү 11 хувьтай байна. Инфляци, эдийн засгийн идэвхжил, ханшийн цаашдын төлөв нь бодлогын хүүг үргэлжлүүлэн бууруулах эсэх шийдвэрт нөлөөлнө гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн эдийн засгийн хүнд нөхцөлд Засгийн газар, Монголбанк эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлгээг шуурхай хийж, бодлогын шийдвэрийг зоригтой гаргасан. Энэ нь эдийн засагт үүссэн нөхцөл байдал, хүлээгдэж буй том дүнтэй гадаад төлбөрүүдийг Монгол Улс дан ганц өөрийн санхүүгийн боломжоор даван туулж чадахгүй. Харин олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бусад улс орнуудын тусламжийг авах явдал юм. Энэ хүрээнд ОУВС-ийн дэмжлэгтэйгээр донор байгууллага, бусад улс орнуудаас санхүүгийн дэмжлэг авахаар 2016 оны 09 дүгээр сард ОУВС-гийн хөтөлбөр авч хэрэгжүүлэх хүсэлт хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу ОУВС-гийн хөтөлбөрийг ажлын хэсгийн түвшинд 2017 оны 02 дугаар сард тохирч, 05 дугаар сарын 24-нд албан ёсоор ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг батлуулсан. Хөтөлбөрийг ажлын хэсгийн түвшинд тохирсноор Чингис бондын 500 сая ам. долларын төлбөрийг Засгийн газрын бондоор амжилттай сольж, дотоод эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн бодлогын талаарх тодорхой бус байдал арилж, итгэл сэргэж эхэлсэн. Энэ нөхцөл байдал, нүүрсний экспортын өсөлттэй ижил цаг хугацаанд давхардсанаар эдийн засгийн идэвхжил ч сэргэж, 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн төгрөгийн ханшийн талаарх хүлээлт тогтворжиж, Монголбанк ч гадаад валютын нөөцөө амжилттай нэмэгдүүллээ. 2017 оны 12 дугаар сарын эхний байдлаар Монголбанкны гадаад валютын нөөц 2.3 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна гэдгийг Н.Баяртсайхан мэдээлэлдээ дурдлаа.

Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох, цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээний тодорхой саналыг судлан үзээд дор дурдсан тайлбарыг хүргэе. Гадаад валютын орлого олдгоос бусад аж ахуй эрхлэгч, иргэд, банк болон банк бус санхүүгийн байгууллагад гадаад валютын хадгаламжтай байхыг хориглох шаардлагатай гэсэн Т.Аюурсайхан гишүүнтэй Монголбанк санал нэгтэй байна. Валютын зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-д зааснаар байнга болон түр оршин суугч нь Монголбанкнаас гадаад төлбөр, тооцооны эрх олгосон арилжааны банк болон тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын банкны салбарт гадаад валютын данстай байж болно гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байна. Иймд Монголбанкны зүгээс валютын хадгаламжийг шууд хориглохоос өмнө зах зээлийн механизмаар дамжуулан хадгаламжийн долларжилтыг бууруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Мөн банк бус санхүүгийн байгууллага гадаад валютын зээл олгодог явдлыг таслан зогсоох талаар Монголбанкны байр суурийг тодруулжээ. Монголбанк ханшийн эрсдэлтэй зээлийн долларжилтийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Монголбанк шууд хэлбэрийн хяналт хэлбэрийн арга хэмжээ авахаас илүүтэй зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө өгөх, зах зээлийн арга хэрэгсэлд суурилсан своп, форвард, фъючерс хэлцлийн бүтээгдэхүүн бий болгох зэрэг арга хэмжээнд түлхүү анхаарч ажиллах болно.

Түүнчлэн төрийн алдаатай бодлогын хор хохирлыг иргэд, аж ахуй эрхлэгчдээр үүрүүлэх явдлыг таслан зогсоож, гадаад валютын зээлтэй байгаа нийт иргэд, аж ахуй эрхлэгчдийн зээлийг төгрөгрүү шилжүүлэхтэй зарчмын хувьд санал нэгтэй байна. Гадаад валютын ханшийн эрсдэлийг бага байлгахын тулд макро бодлогын алдаа гаргахгүй байх, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх, гадаад валютын зээлээр дамжин ханшийн эрсдэл хуримтлагдахгүй байхаас сэрийлэх, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх явдал болоод байна. Мөн урт хугацааны бодлого зорилгын хувьд эдийн засгийн төрөлжилтийг хийх, импортыг орлох, экспортын салбарыг яаралтай хөгжүүлэх шаардлагатай байна.

Монголбанк зээлдэгчийг гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийн тооцоололд ханшийн эрсдэлтэй буюу гадаад валютын орлогогүй иргэд, аж ахуйн нэгжид олгосон гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг 20 хувиар нэмэгдүүлж, 120 хувиар жигнэж байх зохицуулалтыг “Банкны үйл ажиллагааны зохицстой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д тусган хэрэгжүүлж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгж онцгойлон гадаад валютын зээл хүсээгүй бол арилжааны банкуудын зүгээс гадаад валютын зээлийг тулган олгодог явдлыг таслах зогсоохтой санал нэгтэй байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад валютын зээлийг тулган олгох нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Хэрэв ийм тохиолдол байгаа бол Монголбанк, холбогдох хуулийн байгууллагад асуудлыг тавьж шалгуулах бүрэн эрхтэй гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэлдээ дурдав.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Б.Ундармаа, Л.Энх-Амгалан, Л.Оюун-эрдэнэ, М.Билэгт, Б.Пүрэвдорж, Б.Жавхлан, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ, Монголбанкны алдагдлыг бууруулахад авах арга хэмжээ, Банк, санхүүгийн тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар илүүтэй тодруулж байлаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Монголбанк өнгөрсөн хугацаанд гурван тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан. Ийм бид алдагдлыг багасгах, улмаар ашигтай ажиллаж, ашгаараа алдагдлаа бууруулахаар төлөвлөн ажиллаж байна. Монголбанкны хувьд 2018 онд иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. Ирэх нэгдүгээр сард гэхэд санхүү хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдэд санхүүгийн байгууллагатай харилцах боловсролыг олгох, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд зориулсан сурах бичгийг шинэчлэн гаргах зэргээр олон хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана. Түүнчлэн Монголбанк холбогдох 11 хуулийг шинэчлэн боловсруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 1994 онд батлагдсан Валютын зохицуулалтын тухай хууль, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад байна гэж хариулав. Мөн тэрбээр, Монголбанкны хувьд орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ асуудалд нэмэлт эх үүсвэр хайж байгаа учир ахиц өөрчлөлт гарах байх. Монгол Улсын гадаад валютын нөөц хасах хувьтай байсан бол өнөөдөр 2.3 тэрбум ам.доллар буюу цэвэр нөөц 800 сая ам.доллар байгаа гэдгийг нэмж тайлбарлалаа.

Ингээд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Засгийн газраас хэрэгжүүлсэн сайн хөтөлбөрүүдийг Төвбанкны оролцоотой санхүүжүүлсэн нь эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах суурь шалтгааныг бүрдүүлсэнтэй санал нэг байна. Валютын ханшийн буруу бодлого нь эдийн засгийг огцом хумихад хүргэсэн. Монголбанкны хувьд цаашид гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд идэвхтэй ажиллахыг хүсч байна. Мөн иргэд өрийн дарамтад ороод байна. Өрхийн амьжиргаанд цалин, хөлс хүрэлцэхгүй байгаагаас зээл тавих, зээлийн дарамтаас гарч чадахгүй байгаад Монголбанк Засгийн газрын хийх ажил гэж орхихгүйгээр шийдэл гаргаж ажиллах шаардлагатай байна гэдгийг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татахаар Цэцэд ханджээ

Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан байдаг бөгөөд УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа учраас энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа нь эргэлзээтэй юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан. Иймд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа УИХ-ын гишүүн Б. Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч зарим асуудлыг тодорхой болтол Б.Хурцыг Элчин сайдаар томилох боломжгүй гэлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн байна.

Мөн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн уг албан бичигт :

“Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна.

Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй байна. Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэжээ.