Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орон нутаг болон нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын утасны жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас та бүхэнд хүргэж байна.

Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУВААРЬ

Байгууллага

Зөвлөгөө өгөх утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

1

Багануур дүүргийн ЭМТ

70210290

Ажил, амралтын өдөр 24.00 цаг

2

Багахангай дүүргийн ЭМТ

7049103 0222103

Ажил, амралтын өдөр 09.00-20.00 цаг

3

Налайх дүүргийн ЭМТ

70233464

Ажил, амралтын өдөр 24.00 цаг

4

Сүхбаатар дүүргийн ЭМТ

350793

Ажлын өдөр

09.00-22.00

Бямба гарагт

10.00-17.00

5

Хан-Уул дүүргийн ЭМТ

345903

6

Чингэлтэй дүүргийн ЭМТ

70110278

7

Сонгинохайрхан дүүргийн ЭМТ

98254999

8

Баянзүрх дүүргийн ЭМТ

70150063

70150049

9

Баянгол дүүргийн ЭМТ

362539

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх нэгдүгээр сард бүтэн амарна

Монгол Улсын Засгийн газар томуу,томуу төст өвчний хүн амын дундах өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх шийдвэр гаргасны дагуу сурагчдын амралтыг 2018 оны 1-р сарын 8-нд эхлэх байсныг 1-р сарын 1 -нээс эхлүүлж 2-р сарын 1-нийг дуустал нэг сар болгож сунгалаа.Энэ нь бүх ангийн сурагчдад хамаарна.Хаврын амралтын 14 хоногийг 7 болгож,зуны амралтыг 7 хоногоор хойшлуулж хичээлийг нөхнө.Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт томуу,томуу төст өвчин 6,2 хувийг эзэлж байна.Олон улсын стандартаар амбулаторийн үзлэгт энэ өвчлөл 10 -аас дээш хувьд хүрвэл дэгдэлт гэж үздэг.Сургуулийн ирц 75%,цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна.Томуугийн 6 вирус эргэлтэнд байгаа бөгөөд эдгээр нь хавсарсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй байна.Иймд дэгдэлт эхлэхийг хүлээлгүй сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах шийдвэр гарч байна.Эцэг,эхчүүддээ анхааруулахад аль болох олон хүнтэй газраар хүүхдүүдээ авч явахгүй байх,өвчин хүндрээгүй бол өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч,аль болох гэрийн нөхцөлд эмчилж хавсарсан вирусээс сэргийлэх нь зүйтэй болохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.Амин дэм бүхий хоол ундаар хүүхдээ асарч дархлааг нь дэмжих нь вирусээр халдварлахгүй байх ач холбогдолтой юм

Categories
мэдээ спорт

Олон улсын жүдо бөхийн холбоо ирэх онд болох өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн товийг гаргажээ

Холбоотой Зураг

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2018 онд зохион байгуулах олон улсын тэмцээний хуваарийг батлан гаргасан байна. Энэхүү календарчилсан хуваарийн дагуу ирж буй 2018 онд нийтдээ өндөр зэрэглэлийн 17 олон улсын тэмцээн зохион байгуулахаар товложээ.

Нэгдүгээр сарын 19-21 “Тунис Гран При” Тунис

Хоёрдугаар сарын 10-11 “Парис Их Дуулга” Франц

хоёрдугаар сарын 23-25 “Дюссельдорф Их Дуулга” Герман

Гуравдугаар сарын 09-11 “Агадир Гран При” Марокко

гуравдугаар сарын 17-18 “Екатеринбург Их Дуулга” ОХУ

Дөрөвдүгээр сарын 03.30-04.01 “Тбилиси Гран При” Гүрж

дөрөвдүгээр сарын 06-08 “Анталья Гран При” Турк

Тавдугаар сарын 25-27 “Хөххот Гран При” Хятад

Зургадугаар сарын 15-17 “Канкун Гран При” Мексик

Долдугаар сарын 27-29 “Загреб Гран При” Хорватын

Наймдугаар сарын 10-12 “Будапешт Гран При” Унгар

Есдүгээр сарын 20-27 ДАШТ Баку Азербайжан

Аравдугаар сарын 12-14 “Ташкент Гран При” Узбекистан

10 дугаар сарын 26-28 “Абу Даби Их Дуулга” АНЭУ

11 дүгээр сарын 16-18 “Гаага Гран При” Голланд

11 дүгээр сарын 23-25 “Осака Их Дуулга” Япон

12 дугаар сарын 15-16 “Санкт Петербург Мастерс” ОХУ

Categories
мэдээ нийгэм

“Мөрөөдлийн шинэ жил” дөрөв дэх жилдээ боллоо

Нийслэлийн хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээ болох “Мөрөөдлийн шинэ жил” арга хэмжээ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Энэхүү арга хэмжээг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал төв хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Дахин тийм балай хууль л битгий гаргаасай

Өндөр настан Ш.Батсүх

1937 оны Х.Чойбалсангийн их баривчилгаа, аймшигт хядлага явагдаж эхэлсний их уй гашуудлын 80 жил тохиож байна.

1937-39 онд зөвхөн Х.Чойбалсангийн Онцгой бүрэн эрхт комисс л жил хагасын хугацаанд л бүрэн бус тоогоор 25824 гэмгүй монгол хүнээ баривчлан яллаж, 20474-ийг нь буудан устгасан байдаг. Х.Чойбалсан тэгээд ч зогссонгүй, ар гэрийнхнийх нь бүх мал, эд хөрөнгө, гэр орныг нь хүртэл цөлмөн хураалгаж, насан туршдаа бэлэвсрэн үлдсэн эхнэр, өнчрөн хоцорсон хүүхдийг нь элдвээр хавчиж, тэдний ихэнхийг ажил, боловсролгүй болгон хаяж, бүх амьдралаар нь хохироосон. Ингээд тэдний ихэнх нь орон байргүй, төгрөг мөнгөгүй, хамгийн бага тэтгэвэр, халамжаар хүндхэн амьдарч байна. Одоо тэд үхэж үрэгдээд дуусч байна даа. Амьд байгаа цөөн хэд нь 80, 90 гаруй настай болжээ. Тэд 25-60 жилийн өмнө цагаатгагдсан хэдий ч, тэднийг тэгж хохироосон манай төр, засаг дэлхий дээр ганцаархнаа хохирлыг нь одоо хүртэл төлж өгсөнгүй. Харин, энэ удаагийн УИХ, түүний эрхэм дарга М.Энхболд, дэд дарга Я.Санжмятав нар хэлмэгдэгчдийн удаа дараагийн эрэлт, хүсэлт, тэдний амьдралын байдалд анхаарч, 1930-40-өөд оны улстөрийн хэлмэгдэгчдийн ар гэрийнхний хохирол барагдуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байгаад, хэлмэгдэж хохирсон өвөө, эмээ нар ихэд баярлацгааж байна. Гагцхүү, хэлмэгдэгчдийн саналыг огт авалгүйгээр гаргасан 1998 оны Цагаатгалын хууль бүх хэлмэгдэгчдийн нөхөн олговрыг адилтгасан шиг, энэ удаагийн хууль нь дахиад тийм дэлхийд байхгүй муу хууль битгий байгаасай. Энэ удаа хэлмэгдэгчид саналаа нэгтгэж Цагаатгалын комисст удаа дараа өгсөн боловч, хууль санаачлагчид түүнийг нь хуулийнхаа төсөлд хэрхэн тусгаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Хэлмэгдэгчид бол “эцгээ хилсээр цаазлуулж, өмөг түшиггүй болон өнчирч, бүх хөрөнгөө хураалгаж, одоо хэр орон байргүй ядарч байгаа хохирогчийн бүх хохиролд нь ядахдаа хоёр өрөө байр, амь өршөөгдөж 10 жилээр шийтгэгдэгчийн ар гэрт бол үүнээс хоёр дахин бага нөхөх олговор буюу нэг өрөө байр л өгчихөөч, хөнгөн шийтгэлтэйд шийтгэлд нь тохирсон нөхөх олговор л өг. Ийнхүү нөхөн олговрын хэмжээ маш шударга, хэлмэгдлийнх нь хэмжээтэй нягт уялдаатай байгаасай” гэж хүсэж байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Н.Ганчимэг,

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Ц.Хосбаяр: 13 жилийн турш ялагдаагүй байсан К.Ичог хожсон нь П.Орхоныг их хурцалж өгсөн

Улирч буй 2017 оныг “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн багийн хамт олон амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Чөлөөт бөхийн насанд хүрэгчид болон залуучуудын УАШТ-нүүдэд багаараа түрүүлж цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртжээ. “Алдар” спорт хорооны багш гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлсанаа хүргэе.


-“Алдар” спорт хороо гэх их айлын босгоор хэрхэн алхаж байсан бэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Би 1984 оны зургадугаар сард Зүүнбаянгийн цэргийн ангийн танкийн хороонд татагдсан. Дараахан нь алдар спорт хороон дээр тамирчин цэргээр ирсэн дээ. Энэ цагаас хойш “Алдар” гэх их газартай миний амьдрал холбогдсон. Дундуур нь “Монген” сургуульд багшилж байгаад 2001 оноос хойш дасгалжуулагчаар ажилласаар өнөөдөртэй золгож байна даа.

-Чөлөөт бөхийн спортоор яагаад хичээллэх болов?

-Хүүхэд байхдаа хичээлээ тарж ирэнгүүтээ том өрөөндөө дүү нартайгаа барилдана. Умгардуу өрөөнд ноцолддог байсан болохоор ширээ мөргөх, эвгүй унаснаас болоод гар, хөлөө гэмтээх энүүхэнд. Орой аав, ээж хоёрыг ажлаас тарж ирэхэд нь дайнаас ирсэн юм шиг л хэдэн амьтан сууж байдаг сан. Үүнийхээ буянд бөхөд дөртэй болж наймдугаар ангидаа сургуулийн аваргаар шалгарч дараа жил нь дүүргийн аварга болж чөлөөт бөхийн спортод орсон доо. Харин 1983 онд залуучуудын улсын аваргын 45 кг-д тухайн үеийн гол өрсөлдөгчид болох “Цагаан” Баяраа, талийгаач Батбадрал нарыг хожиж түрүүлээд эргэлт буцалтгүй бөхийн спортын замд орсон.

-1992 оны Барселонагийн олимпийн наадамд та хоёр дүүгээ дагуулж очсон доо. Нэг гэрийн төрсөн гурван ах дүү эх орноо төлөөлж олимпийн наадамд зодоглосон тохиолдол өөр бараг үгүй байх шүү?

-Тийм ээ. 1992 онд багш нар Монгол говь, бүх ард түмний спартикад, Иван Ярыгины тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт гаргасныг нь олимпийн наадамд явуулахаа мэдэгдээд байсан. Би Ярыгины нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль, спартикадаар мөнгөн медаль, Монгол говь тэмцээнээс алтан медаль зүүж олимпийг зорих болзлоо хангаж байсан даа.

-Та олимпод оролцсон формоо амжилттай барьж дараа жил нь Азийн аваргад финалдаж байсан. Тэр тэмцээний талаар дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Тэр жил би улсын аварга шалгаруулах тэмцээндээ жингийн өрсөлдөгч Гантулгадаа ялагдчихаад байсан л даа. Харин тухайн үеийн шигшээ багийг ахалж байсан дархан аварга Х.Баянмөнх гадагшаа барилдвал туршлагатай гэж үзэж намайг сонгосон. Очоод Солонгосын Жон Су Ог онооны давуугаар ялаад, Иран, Казахстаны тамирчдыг ялаад шигшээд олимпийн аварга Ким Илд ялагдсан. Надтай эхний даваанд барилдсан Солонгосын Жон Су О сүүлд олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртсэн байх.

-2017 он “Алдар” спорт хорооны хамт олны хувьд амжилт бүтээлийн жил болж улирч байна. Та хоёр дахь дэлхийн аваргаа өлгийдөж авлаа. Оны төгсгөлд гаргасан амжилтуудаа эргээд харвал?

-Сайхан жил байлаа. Унаган шавь нараа дасгалжуулаад насанд хүрэгчид болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүллээ. Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дутуу хүнтэй явсан ч багаараа дэд байрт шалгарлаа. П.Орхон маань гэхэд л энэ онд олон улсын чанартай найман тэмцээнээс шар медаль хүртсэн байна. Харамсалтай нь манай хамт олныг чөлөөт бөхийн холбооны ЕНБД Б.Батбаяр, ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар “Атена” систем гэж хачин юм яриад хамгийн чухал тэмцээн ААШТ-нд явуулаагүйд нь сэтгэл дундуур байдаг.

-Та шигшээ багийн дасгалжуулагч нарт сэтгэл дундуур явдаг юм уу даа?

-Дасгалжуулагч маань хэтэрхий туршлагагүй байна аа. Энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр Ө.Батзулын буланд суусан багш хожиж байсан шавиа “Яваад өг, яваад өг” гэж шахсаар байгаад хөлд нь оруулаад хожигдуулсан. Сая 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр ОУХМ Г.Отгонжаргалын буланд суусан Б.Баттулга чимээгүй суусаар байгаад хожигдуулсан. Буланд суудаг багш нар тамирчиндаа хамгийн нөлөөтэй хүмүүс байдаг л даа. Хэрэгцээтэй үед нь оновчтой зөвлөгөө өгдөг торгон мэдрэмжтэй байх ёстой. Тийм ур чадвар манайханд дутагдаж байна. Өнөөдөр удирдаж байгаа Б.Баттулга 2008 оны олимпийн наадамд бас л дасгалжуулаад нэг л ялалт авч байсан. Ийм хүмүүст яагаад эрх дарх олгоод байгааг ойлгохгүй байгаа. Эд нар хүний бэлдсэн хүүхдээр гангарах л гэж цаг нөхцөөж байгаа хүмүүс. Энд бол тамирчид ямар ч буруугүй.

-Шинэ дэлхийн аварга П.Орхон маань 2016 онд Иван Ярыгины гранп ри тэмцээн дээр 13 жилйн турш ялагдаагүй байсан домогт бөх Каори Ичог оноогоор цэвэр ялж дэлхийн бөхийн ертөнцийн анхааралд өртсөн. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-П.Орхон маань багаасаа л танигдсан л даа. Гэхдээ олон хүнд бэрхшээлийг давж гарч энэ өндөрлөгт хүрснийг нь хэлэх нь зүйтэй байх. Ичогийн барилдааныг бичлэг үзээд дүгнэлт хийж тактик боловсруулж байхад манай хүнд ойрхон үзэх боломж байна гэж тооцож байснаас биш тэр босоо хүнийг оноогоор цэвэр ялна гэж ёстой санаагүй шүү. П.Орхоны толгой илүү сийрэг ажиллаж, олдсон боломжуудаа алдалгүй ашигласнаар ялалтыг өөрийн талд шийдсэн.

-2016 оны олимпийн наадамд дэлхийн чөлөөт бөхийн хүрээнийхэн зөвхөн П.Орхон Каори Ичо гэсэн финалыг л хүлээж байсан. Харамсалтай нь байдал өөрөөр эргэсэн?

-П.Орхон олимпийн наадамд очихдоо том тэмцээний дэвжээ үзээгүй болохоор бага зэрэг биеэ барьсан тал байгаа. Уул нь 2015 оны дэлхийн аваргад оролцуулаад том тэмцээний бараа харчихсан бол байдал яаж ч эргэж болох байсан. Гэхдээ тухайн үеийн шигшээгийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр “бие муутай хүүхдийг авч явахгүй, дэвжээн дээр амь насаа алдвал би хариуцахгүй” гэх шалтгаан хэлээд үлдээсэн. Гэтэл өнөөдөр тэр бие муутай хүүхэд нь Дэлхийн аварга болчихлоо шүү дээ.

-П.Орхон олимпийн наадмын дараанаас 63кг-руу жин өгссөн. Дээд жинд нь Дэлхийн хошой аварга, олимпийн наадмын хүрэл медальтай хөдөлмөрийн баатар Б.Батцэцэг хүлээж байсан. Аваргыг хожиж байж л олон улсын тэмцээнд оролцох хүнд даалгавартай тулсан шүү дээ?

-Манай хүн ялаад дэлхийн аваргад оролцоно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан учраас жин өгсөх шийдвэрийг өөрөө гаргасан. Ер нь Ичог хожсон барилдаан л П.Орхоныг их хурцалж өгсөн. “Намайг ялах хүн байхгүй” гэсэн сэтгэл зүйтэй дэвжээнд гардаг болсон доо. Оны эхэнд улсын аваргаар Б.Батцэцэгтэй барилдахад нь би бас жийрхэж л байлаа. Эхний оноог алдсан ч сэтгэл зүй сайтайгаа харуулж аваргыг цэвэр дарж алтан медаль хүртэж багш нараа баярлуулсан.

-Өнгөрсөн жил Г.Мандахнаран гавьяат олимпийн наадмаа харамсалтай өндөрлүүлсэн шүү. Медалийн үзүүрээс атгаад л алдсан?

-Би Мандахыгаа олимпийн медаль хүртчихсэн бөх л гэж үнэлдэг. Том улсуудын зохион байгуулалттай луйврын золиос болчихсон доо. Мөн манай олимпийн шүүгч Б.Төмөрбаатар үүргээ маш муу биелүүлсэн. Энэ нөхөр Ц.Сэрээтэрийн хамтаар Оросын аварга шалгаруулах тэмцээнд очиж луйвар хийсэн нь олон улсад Монголын чөлөөт бөхийг дэндүү муухай харагдуулсан. Энэ увайгүй үйлдэл Оросын Ерөнхийлөгч В.Путины хэмжээнд яригдаж байсан шүү дээ.

-Гавьяат Г.Мандахнаран цахим орчинд энэ асуудлаар Арбитрын шүүхэд хандаж буйгаа мэдээлж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Г.Мандахнаран маань хувиасаа болон ивээн тэтгэгчид нь асар их хэмжээний төлбөр төлсөн ч өнөөдрийг хүртэл нааштай хариу сонсоогүй л байна. Гэхдээ манай хүн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж том гавьяа байгуулсан даа.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Мэргэжилдээ үнэнч яваа “мэргэжлийн” ангийнхан

Өнгөрсөн зууны хамгийн сонин содон үзэгдлүүдийн нэг болсон зурагт, радио хэмээх их айлын өнөр өтгөн гэр бүлд багтана гэдэг босго өндөртэй, хариуцлага чангатай байсан. Сайн мэдэхгүй хүн гаднаас нь харахад том том хальс тэвэрч, биенээ дайрах шахам яарсан хүмүүс харагдана. Нөгөө олны танил нэвтрүүлэгч, сэтгүүлч нар зөрөхөд дархан цаазтай амьтан харсан мэт ангайна. 1998 онд Радио телевизийн дээд сургуулийн хоёр дахь элсэлтийн шалгалтанд бүртгүүлчихсэн залуучууд Монгол телевизийн үүдээр эргэлдэхэд харж болох эхний дүр зураг энэ л дээ. Энэ бол хот, хөдөөнөөс сэтгүүлч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшихээр зориг шулуудсан залуусын нүдний хор ингэж тайлагдаж эхэлсэн гэхэд болно. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Радио телевизийн дээд сургуулийг 2000 онд төгссөн сэтгүүлчийн ангийнхныг урьсан юм.

Телевиз, радиогийн сэтгүүлч, найруулагч, зураглаач гэсэн цөөхөн ангид 60 орчим залуучууд хоёр жил сурч төгсөөд бакалаврын диплом гардахаар элсэн оров. Янз бүрийн мэргэжлээр өөр өөр их дээд сургууль төгссөн хүмүүс телевиз, радиогийн гал тогоонд орно гэдэг мэргэжлийн багш нарт бол хэцүү л байсан байж таараа. Гэхдээ зорилго, зүтгэл нэгтэй тэднийг зогсоох хүч байгаагүй тухай ангийнхан нь ярих дуртай. Өмнө дурдсанчлан янз бүрийн мэргэжлийн нөхдүүд сэтгүүл зүйн их далайд дарвуулаа босгон хөлөг онгоц мэт орж ирсэн болохоор нэрт найруулагч агсан Бадраагийн Бадрууган захирал нь “Би та нарыг бүгдээрээ радио, телевизийн хүн болно гэж хэлж чадахгүй. Харин та нарыг телевиз радиогийн ажлыг ойлгодог хүмүүс болж чадвал баярлана” хэмээн анхны уулзалтаараа хэлж байсан нь тэдний сэтгэлд өнөө ч хадгалагдан үлджээ. Захирлынхаа энэ үгнээс ч болсон уу ямартай ч сэтгүүл зүйн ангийнхнаас мэргэжлээсээ урваж, шарвасан нь тун цөөн.

1998 оны намар оюутны ширээнд тохой нийлүүлэн сууж эхэлсэн тэр цагаас хойш Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн захирлууд морилж буй байшингийн дөрвөн давхар тэдний эзэмшлийн газар болсон гэдэг. Хэд хэдэн сургууль төгссөн, амьдралд хөл тавьсан хашир оюутнууд цугласан ч хүүхэд шиг үймүүлж, зарим нэг нь хайр дурлал эхлүүлж гэр бүл болоод амжжээ.

Сэтгүүл зүйн ангийнханд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа, киноны нэрт найруулагч Х.Дамдин, Б.Бадрууган, нэрт сэтгүүлч Г.Золжаргал, Б.Хишгээ, Б.Цэенханд, Ц.Дагий, Монголын анхны эмэгтэй зураглаач Д.Тунгалаг, Сэрэлт кионы Пүрэвжавын дүрээр олны танил болсон Банзрагч, алдарт найруулагч Г.Энхжаргал, Б.Баатар нараас номын дуу сонссон нэг үгээр хэлбэл азтай залуус юм. Түүнчлэн “Гоо зүйн ухаан”-ы нэр эрдэмтэн, профессор Содовын Баясгалан, Рэнчинсамбуу, Д.Жаргал, Бадамханд тэргүүтэй мундагууд тэдэнд мэргэжлийн хичээл орж эхэлсэн байх юм.

Радио телевизийн дээд сургуулийн радио, телевизийн сэтгүүлчийн ангийг 30 гаруй бүсгүйчүүд, нэг эрэгтэй төгссөн байна. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн мэргэжлийн ангийнхан Б.Бадрууган захирлынхаа анх хэлсэнчлэн Радио телевизийн гал тогоогоор дамжиж, бүгд л радио телевизийн цаг наргүй, хариуцлага өндөр ажил, амьдралыг ойлгож, уран бүтээл төрөх хүртэлх нөр ажлыг ойлгодог болсон гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг гэж байлаа. Тэр хэрээр сайн баг хамт олны чармайлтаар ганцхан нэвтрүүлэг бүтдэг гэдгийг мэддэг болсон юм. Айл бүрийн хойморт айлчлан ирж буй 2018 он бол тэдний сэтгүүлч мэргэжил эзэмшихээр эхэлсний 20 жил, сургуулиа төгсөж гараад мэргэжлээрээ ажиллаж эхэлсний 18 дахь жил тохиож байгаа юм.

Радио телевизийн хоёр дахь төгсөлтийнхөн бараг бүгдээрээ “од” болсон гэхэд болно. Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн “Хос багана” нэвтрүүлгийг олон жил хийж брэнд болгосон С.Тунгалаг, эрэн сурвалжлах, асуудал хөндсөн нэвтрүүлгүүдээрээ эрхгүй ялгарч яваа сэтгүүлч Д.Бямбацэцэг, “Өглөө” хөтөлбөрийн анхдагч сэтгүүлчид болох Ц.Одонтуяа, Ш.Одонтуяа, Нийгэм эдийн засгийн редакц, цэнгээнт нэвтрүүлгийн “Титэм” студи, Соёл урлагийн редакцийн даргаар олон жил ажиллаж байгаа Д.Наранцэцэг, Ш.Мөнхцэцэг, Х.Буянхишиг, “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийн О.Отгонжаргал, ангийн ганц эрэгтэй Д.Мөнхжаргал, радиогийн сэтгүүлчийн ангиас хүүхдийн эрхийн тухай асуудал хөндсөн олон цуврал мундаг нэвтрүүлэг хийж, сүүлд ТВ-9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийг үзэгчдийн сэтгэлд хүртэл хийж байгаа Ё.Мөнхтуяа, оюутан байхдаа “Аав, ээж, би” хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж байсан, уран бүтээлч н.Буянхишиг байх жишээтэй. Саяхан 2-3 роман бичиж уншигчдын хүртээл болгоод буй сэтгүүлч С.Сосор, Хэвлэлийнхний тархи оюуныг цэнэглэгч Глоб интернэшнл ТББ-ын ажилтан Д.Энхтуул гээд олон хүнийг нэрлэж болохоор юм билээ.

Тэд багш нартаа бол эцэг, эх шигээ хайртай байжээ. Багш нар ч хүүхэд шиг баярлаж, гомдоно гээд инээмсэглэцгээнэ. Д.Амбасэлмээ багшийгаа Амбалаа хэмээн авгайлдаг байж. Тэд “Амбалаа багш маань шилэн тирко, туфль өмсөөд дүүхэлзэнэ шүү дээ” хэмээн бахархах юм билээ. Мундаг зохиолч, урлаг шашны зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид авчирч долоо хоногт нэг удаа тэдэнд лекц уншуулдаг байсан нь өдгөө ч амьдрал, ажил аль алинд хэрэг болж байгаа гэнэ. Амбалаа багш нь дууг нэг их гоё нугалж дуулдаг байж. “Багшийн уншсан тайлбар хичнээн гоё, жинхэнэ дотор руу орсон юм шиг хүрнэ. Золоо багш маань саравчтай малгай, бичигтэй цамцаар гангарна. Оюутнуудаа загнахгүй зөөлөн, гэхдээ үгэн сумаар духан дундаар чангахан чимхэхээ сайн мэднээ. Тухайн үед залуучуудын нэвтрүүлгийн Үдшийн хэмнэл студийн бэлтгэсэн нэвтрүүлгийг их үзүүлнэ, камер тавиад хөтлөлтийн дасгал хийлгэнэ” хэмээн магтаад авна лээ. Үзүүлсэн нэвтрүүлэгт нь 25-ын З.Алтай, Авирмэд, парик Жагаа, өөрөө Го.Бадарчтайгаа хамт хийсэн гээд олон шилдгүүдийн залуу цагийн дүр, хурц хурц нийгмийн асуудал хөндсөн бүтээлүүдээр нүд, чихний бөглөөг нь жинхэнэ утгаар нь гаргажээ.

Яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар хоёр дахь жилээс нь ангийн багшаар нь тохоогджээ. Гүрээ багш нь ангийнхаа хэдэн ширээгээ дугуй засуулж байгаад нүүр нүүрээ харж, халуун яриа өрнүүлэхэд гоё гэдэг байж. “Нүдгүй байж шоргоолж нүхээ олж очно, нүгэл буян хоёр эзнээ олж очно” гэх юм уу, “Шувуудын цувааг битгий тоолоорой” гэх мэтээр амнаас гарах үг бүр нь яруу найргийн хэмнэлтэй байсан гэнэ. Ангидаа тэдэнд хэлж ярьж байсан мөртүүд нь бүгд жүжиг, дуу болж багш нь хамтлаг, дуучдын дунд “од” болжээ. Олны хит болохоос нь өмнө тэд дууны шүлгийг нь “ориг”-оор нь сонсож байсан хэмээн бахархдаг юм билээ. Харин Бадамын Хишгээ багш нь амьсгалын дасгал хийлгэж радиогийн өрөөндөө тэднээр юм уншуулж үздэж байж. Ухаандаа тэдэнд яг л ээж шиг нь санагддаг байсныг нуугаагүй юм. Харьцааны маш өндөр соёлтой, дөлгөөхөн сайхан ч хүн байсан талаар ярьцгааж байлаа. Яг л өөрийг нь хараад ёс зүй, соёл гээчийг сурахаар тийм л сайхан хүн байсан тухай Д.Мөнхжаргал дурсаад авна лээ. Ангийн ганц хүү Д.Мөнхжаргал “Охидууд маань намайг төгстлөө хоолонд даасан байх, би баяр ёслолоор хүргэчүүлтэйгээ их найралсан байх” гэж ярина. Ангидаа ганц эрэгтэй байхын давуу тал нь тэр байсан байж мэдэх юм. Тэрээр “Манай ангийнхан мэргэжлээрээ ажиллаагүй нэгнийгээ сураг ажиг тавина, бие биенээ хаана юу хийж явааг сонирхоно. Тэр бүр уулзаад байдаггүй ч зүрх сэтгэлээрээ хамт байдаг тийм л нэг жирийн хамт олон. Нөгөө ангийнхнаас найруулагч Д.Сангибат манай ангийн юм шиг их ойр байдаг. Манайханд баяр, гуниг юу эс тохиолдох билээ тэр бүхнийг хамгийн түрүүнд хуваалцдаг хүн бол Санги маань юм” хэмээн андаараа бахархаж байсан юм. Тэдний ангид олны алдартны хүүхдүүд ч мөн суралцдаг байж. Төрийн соёрхолт зохиолч Зундуйн Дорж агсны хүү Чинбат, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад гуайн охин Сэлэнгэ, Ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Цэцэглэн, Твиттер “од” “Оддын охин” нэрээр олны танил болсон Т.Онон гээд нэрлээд байвал нэлээдгүй хэдэн мөр бичих байх шүү гэцгээж байсан юм.

Мэдээж оюутнуудын дунд танилцах үдэшлэг болно. Танилцах үдэшлэг дээр амьдралынхаа сайн найзыг олох нэгэн байхад амьдралынхаа ханийг олсон хүмүүс ч байдаг. Тэд ангидаа анхны танилцах үдэшлэгээ зохион байгуулахад ангийнх нь охин Цэрэндолгор нэг харахнээ найруулагчийн ангийн Бат-Очиртой гараа атгалцаад сууж байсан. Тэр үед ангийнхан нь өөр хоорондоо жив жув гээд өнгөрсөн ч төд удалгүй тэдний төгсөлтөөс анхны хос болжээ. МҮОНТ-ийн авьяаслаг нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганбаатар найз сэтгүүлчийн ангиас Ц.Одончимэгтэй, сүүлийн үеийн чансаатай бүтээл туурвиж яваа кино найруулагч Д.Золбаяр радиогийн сэтгүүлчийн ангийн Ё.Мөнхтуяатай гэр бүл болцгоож, өнөр өтгөн сайхан амьдарч яваа гэнэ. Ямартай ч мундаг уран бүтээлчдийн нүдэнд өртдөг тийм сайхан охидтой анги байсан хэмээн Д.Мөнхжаргал бахархан ярих дуртай юм билээ.

Тэд “Света, Ц.Цэлмэгнаран, Мөнхжаргал, Д.Алтанчимэг, Цэрэндолгор нар маань мэргэжлээрээ ажилласан бол туршлагатай сайн сэтгүүлчид болох байсан гэдэгт одоо ч эргэлздэггүй” гэдгийг хэлж байсан юм. Нэг өдөр нэрт найруулагч Б.Бадрууган багш нь тэднээс шалгалт авчээ. Хэзээний хошин шогийн мэдрэмж өндөртэй захирал нь “Уильям Шекспир чинь хаанахын хөгжмийн зохиолч билээ” хэмээх асуултад ангийнх нь товарищ өөдөөс нь “Та чинь одоо болтол мэддэггүй юм уу. Уильям Шекспир чинь Оросын зураач ш дээ” хэмээн хариулж ангиар нэг инээдэм болж байсан гэдэг. Гэсэн ч энэ зэргийн инээдэм ихдэж, шалгалтаар тэр нь шоглоом болох үе бишгүй байсан аж. Гэхдээ тэд нэг анги гэж дуудах хамт олныг багш нар маань бүрдүүлж, амьдарч байгаа орчноо өөр өнцгөөс дүгнэчих нүдийг бас л багш нар маань нээж өгсөн. Заавал сэтгүүлчийн диплом аваад сэтгүүлч болчихгүй гэдгийг бид 20 жилийн дараа бүр ч илүү мэдэрч, төрөлх сургуулиа шүтэж, эрдэмтэн багш нартаа залбирч явна гэцгээж байлаа. Туулах амьдралдаа үргэлж хайрлах ёстой, орон зайг нь заавал байлгах ёстой зүйл бол нэг ангийнхан. Сайдаж, муудаж байсан ч нэг ангийнхан гэдэг үг улам л тодорч байдаг сайхан үг дээ хэмээж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтантуяа: Боловсролын цөм хөтөлбөрт тулгамдаж буй асуудал бол сонголттой хичээл юм

Нийслэл, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтад оролцохоор ирсэн Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн, монгол хэл, уранзохиолын багш Ч.Алтантуяатай ярилцлаа.


-Орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд энэ төрлийн сургалт ер нь хэр их зохион байгуулагддаг вэ. Энэ удаагийн сургалтын ач холбогдол юу вэ?

-Жилд хоёроос гурван удаа энэ төрлийн сургалт зохион байгуулагддаг. Хичээлийн жилийн эхэнд, оны төгсгөлд, элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө сургалт болдог. Энэхүү сургалт нь боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх, зөвлөн туслах ур чадварыг нэмэгдүүлэх, боловсролын талаар баримталж байгаа бодлого чиг үүргийг хэрэгжүүлэх, аргазүйд суралцах боломж олгодог юм. Миний хувьд гурав дахь жилдээ энэ сургалтад хамрагдаж байна. Үүнд хамрагдсан мэргэжилтнүүд орон нутгийн багш нарт мэдээлэл өгөх, бодлого чиглэлийг танилцуулах, сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулах зэрэгт зөвлөн туслах үүрэгтэй. Тийм болохоор математик, биеийн тамир, монгол хэл гэх мэт судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд бүгд хамрагддаг.

-Бодлогын хүрээнд яригдаж байгаа шинэ содон зүйл юу байв?

-Сайдын тушаалын дагуу боловсролын чанарын үнэлгээний журам гэж байдаг. Түүний дагуу өнөөдөр бага ангийн сурагчдыг онц, хангалттай, дэмжлэг шаардлагатай, анхаарах шаардлагатай, хангалтгүй түвшинд байна гэсэн таван хэмжээсээр үнэлж байгаа. Харин суурь боловсролын түвшинд А, В, С үнэлгээгээр, ахлах ангийн түвшинд мөн энэ үнэлгээг бариад А+ гэх мэтчилэн үнэлэх болсон. Гэхдээ ахлах ангийн түвшинд сүүлийн хоёр жилд үүнийг хэрэгжүүлээгүй. Энэ удаагийн сургалт дээр Эрдэнэчимэг дарга ярихдаа боловсролын салбарын үнэлгээний журмыг шинэчлэнэ гэж байсан.

-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр аймгуудын сургалтын чанарыг үнэлдэг жишиг тогтоод байгаа шүү дээ. Танай аймгийн хувьд өнгөрсөн жил хэддүгээр байрт орсон бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдын үзүүлж байгаа амжилтыг сурлагын чанарын хамгийн дээд үзүүлэлт гэж ойлгож болохгүй. Бид хүүхдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх зорилготой болохоос биш тэднийг их дээд сургуульд бэлтгэх гэдэг туйлын зорилго байхгүй. Харин бидний ажлыг дүгнэх нэг үзүүлэлт байж болох юм. Манай аймгийн сурагчдын хувьд аль ч хичээлээр, ямар ч байсан тогтмол эхний аравт ордог. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд хоёр хүүхэд монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 800 оноо авсан. Бидний хувьд сурлагын чанар, амжилтыг бага, дунд, суурь боловсролыг үнэлж буй улсын шалгалтаар хэмжиж байгаа. Манай аймгийн сурагчид улсын шалгалтын стандарт хангалтын хувьд 100 хувь хамрагддаг бөгөөд “А”, “В”-ийн эзлэх хувь 50 хувьтай гарсан.

-Сурагчдыг их дээд сургуульд бэлтгэх туйлын зорилго бидэнд үгүй гэж та хэллээ. Үнэхээр ч багш нар сурагчдыг бие хүн болж төлөвшихөд онцгой үүрэгтэй хүмүүс гэж боддог. Танай аймгийн багш нарын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Даяаршиж байгаа нийгмээ дагаад хувь хүний хөгжил асар хурдацтай явагдах боллоо. Дан ганц хичээлээр “чи сайн математикч болох ёстой” гэдэг хандлагыг барих ямар ч боломжгүй болж байна гэсэн үг. Тийм учраас сургалтын төлөвлөгөөнд сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагууд гэж бий болгоод байгаа. Энэ сургалтын цагт хүүхдүүдийг яаж зөв төлөвшүүлэх вэ гэдэгт анхаардаг юм. Суурь боловсролын түвшинд иргэн болж төлөвшихийн тулд ямар боловсрол эзэмшсэн байх ёстой хийгээд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд анги хамт олноороо хэрхэн хамрагдаж байна гэдэг чухал. Харин бүрэн дунд боловсрол эзэмшиж буй сурагчдын хувьд амьдрах чадварт суралцах үйл ажиллагааг чухалчилж байна. Энэ сургалтаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог юм. 2015 оноос 10 дугаар ангийн сурагчдад, 2016 онд 11 дүгээр ангийн сурагчид, энэ оноос 12 дугаар ангийн сурагчдад зааж эхэлсэн.

-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Галын шугамын тэргүүн эгнээнд явж буй хүний хувьд хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал татсан асуудал байна уу?

-2012 оноос хойш боловсролын бодлого чиглэл ерөнхийдөө тогтож байна. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хүмүүс ерөнхийд нь “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” гэсэн гурван хэсэгтэй гэж харсан. Гэтэл “Бага дунд боловсролын чанарын шинэчлэл” гэдэг хөтөлбөр бас байсан. Энэ бол сургалтын хөтөлбөрийн шинэчлэл байсан. 2013 оноос бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр үндэсний хэмжээнд энэ шинэ хөтөлбөрөөр явж байгаа. Суурь боловсролын хөтөлбөрийг 2012 онд туршаад 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2014 онд туршиж, 2015-2016 онд хэрэгжүүлж эхлээд байна. Аль аймгийн аль ч суманд XI дүгээр анги хүртэл шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явагдаж байгаа юм. Зөвхөн XII анги л хуучин хөтөлбөрөөр явж байгаа.

Анхаарал татаж буй асуудал гэвэл бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр юм. Үүнийг би жишээгээр тайлбарлая. Хөдөө сумын сургуулийн ахлах ангид сайндаа арваас хорин хүүхэд суралцдаг. Энд эмч болох хүсэлтэй хоёр хүүхэд байлаа гэхэд хими биологийн хичээл нь сонголтоор орох боломжгүй болж байна. Аймаг орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүд юу гэж зөвлөдөг вэ гэвэл багш нартаа олонхийн зарчмаар сонголт хийлгэнэ гэдэг. Олон хүүхэд сонгосон хичээлийг заана гэсэн үг. Тэгэхээр сурагчдын ихэнх нь математик, нийгмийн ухаан, гадаад хэл, монгол хэл гэсэн дөрвөн хичээлийг сонгодог. Гэтэл эмч болох хүсэлтэй хоёр хүүхэд хими, биологийн хичээлийг сонгон судалж чадахгүйд хүрч байгаа юм. Энэ асуудлаас болж багш сурагчид хохирч байна. Ингээд харахаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг аргазүй технологи чинь хаана байгаа юм. Хүүхэд бүрт хүрч чадахгүй байна гэж яригдах болсон. Сумын түвшинд энэ хичээлийг хоёр хүүхэд сонговол яах юм гэдэг хувилбар боловсруулах шаардлагатай байна.

-Энэ асуудлыг шийдвэрлэх ямар гарц гаргалгаа бий гэж та харж байна вэ?

-Цөм хөтөлбөрийн хэрэгжилт эцэстээ санхүүгийн асуудалтай тулгарч байгаа юм. Хими биологийн багш хоёрхон хүүхэдтэй байсан ч энэ хүүхдүүддээ ажил мэргэжлийн чиг баримжааг нь зөв эзэмшүүлж, тухайн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж чадах юм бол тэр багш цалингаа авдаг. Хоёр хүүхэдтэй ч, хорин хүүхэдтэй ч тухайн багш цалингаа авна гэдэг бол болж байна. Гэтэл чи хоёр хүүхэдтэй учраас чамд цаг байхгүй гэдэг. Ялангуяа шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш газарзүй, хими, биологи, физик, технологийн багш нарын цаг тун бага болсон. Харин эсрэгээсээ эрэлттэй хичээлийн цаг хэт ихэсч байна. Нийгмийн ухааны багш нарын цаг илүүдэж, нэмж багш авах шаардлагатай болдог. Үүнээс болж сургалтын төлөвлөгөөг өнгөрөгч хавар дахиад өөрчилсөн. Гэхдээ сонгох хичээлийн хувьд асуудалтай хэвээр байна. Үүнийг одоохондоо зохицуулж чадахгүй байгаа юм.

-Энэ намар багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо нэлээд тэмцэж, ажил хаялт зарласан. Танай аймгийн багш нарын хувьд ажил хаялтад хэдэн хувьтай оролцов. Ямар байр суурьтай байсан бэ?

-Манай аймгийн багш нар ажил хаялтад 70 хувьтай, цэцэрлэгүүд 20-30 хувьтай нэгдсэн. Бидний хувьд ямар байр суурийг чухалд үзсэн бэ гэвэл “цалин нэмэгдүүлэх ёстой, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой” гэдэг дээр нэгдсэн. Мэдээж, гурван талт зөвшилцлийн хэлэлцээр, цалин нэмэгдүүлэх үзэл баримтлалыг таатайгаар хүлээн авсан.

-Таны хувьд багш мэргэжлээр хичнээн жил ажиллав. Ажил мэргэжлийнхээ сайн сайхнаас хуваалцаач гэвэл?

-Миний хувьд боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. Монгол хэл, уранзохиолын багш мэргэжилтэй. 1998 онд УБИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд сумын сургуульд гурван жил багшилсан. Ер нь багш хүний сайхан зүйл бол хүүхэд нь хичээл заагаад дуусахад ойлгочихсон бүгд мэдээд, чадаад, дэмжээд оролцож байгааг харах л байдаг болов уу. Нэг ч гэсэн сайн явж байгаа шавиа харахад бахархалтай байдаг. Багшаа би сайн сэтгүүлч болчихсон шүү гэж хэлэх бол багш хүний бахархал. Их олон жил багшлаагүй ч гэсэн уранзохиолын хичээл сайхан байсан учраас, таны хэлсэн үг нөлөөлсөн болохоор ийм сайхан сэтгүүлч болж чадлаа гэж хэлэхийг сонсоход сайхан байдаг. Даяаршсан өнөөгийн нийгэмд багш нар сурагчдадаа хайртай, зөв үлгэр дуурайл үзүүлж, зөв хандлага төлөвшүүлж, чиглүүлж өгөх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингэж чадвал хүүхэд өөрийгөө хөгжүүлээд явчихна шүү дээ. Аль ч улс орон хүнээ хөгжүүлчихсэн байхад улс орон хөгжих нь дамжиггүй. Үүний гол тулах цэг нь багшийн үнэлэмжийн асуудал юм шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хадны захидал

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсангийн бэх нь хатаагүй нэгэн өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

Шөнө дөлөөр юм сан. Зүүд айсуй… Томоо харанхуй ханан хадны цээжинд захидлын дугтуй шиг юм цайрна. Сэтгэлийн онгорхойгоор түүнийг харсан нүд бүрэлзэнэ. Тэр дугтуй шиг зүйл нь байшингийн цонх байлаа. Цонхны цаана нэгэн зэгэл саарал хүн, өөртэйгээ зүс дагасан өнгө бүхий унтлагын өмд цамц салхинд дэрвэгнүүлэн ямар нэгэн зүйлийг хичээнгүй оролдоно. Був буурал үс нь хариугүй зулгаран одох гэж байгаа юм шиг, сүүлчийн мөч шиг, сүрэл өвс шиг хийсэлзэх ажээ. Тэр хүн цонхны цаана зогсож байгаа юм чинь байшин дотор л байж таарна. Байшинд байгаа хүний үс толгой, хувцас хэрэглэл яахаараа хээрийн салхины эрхшээлээр үрчис үрчис хийсч байдаг билээ. Үгүй мөн сонин юм даа. Нөгөө зэгэл хүний гарт утасны харилцуур харагдлаа. Хуучны муу утсан харилцуур ирээдүйгээс ирсэн новшийн өвгөн хоёр юм уу даа. Би дунд нь зогсоод тэднийг сайтар ажиж байв. Хэн нэгэнтэй холбогдон мэндлэх шиг болов. Мөнөөх хүний “Сайн байна уу” гэх нь их л тунимхай сонсогдсон бөгөөд надтай л ярих гэж мунгинаж байсан бололтой. Мэндийн үг дотор нь хувхайрсан эрүүний яс булталзах шиг санагдан нуруугаар жирсхийгээд явчихлаа. Цонхны цаана чөрийгөөд зогсож байгаа тэр хүнэнцэр чухам хэн юм бол оо. Тэгсэн чинь мань хашрын өчиж буйгаар тэр нөхөр бол дөчин жилийн дараахь би юм санж. Дөчин жилийн дараахь би өөр лүүгээ эргэж харахад нүд нь ухархайндаа наалдсан байлаа. Цусгүй хөх уруулд хэзээ цагийнхыг эс мэдэх инээмсэглэл шиг зүйл зуугджээ. Инээмсэглэлтэй зүйлээ тэрбээр шимэн хэмлэнэ. Тэжээл авч буй бололтой. Утасны чагнуур чихэндээ наагаад над аминчлан шивнэв:

-Би зөв амьдармаар байна. Чиний насан дээрээс л дахин явж эхэлмээр байна. Чи наанаа зогсох хэрэгтэй. Арай хал үзэж халуун чулуу долоосноороо би л дахимаар байна гэлээ. Цочихдоо түүнийг удтал ажиглан харав. Тоглоогүй нь илт байснаар барахгүй, миний үлдсэн амьдралыг энэ харанхуй ханан хадны дэргэдээс цаашаа торх шиг өнхрүүлэн явж дуусгах ёстой гэдэгтээ дэндүү итгэсэн байлаа.

-Зогсох хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Намайг энд үх гэсэн санаатай юм бий чи муу гэж амьдралдаа уурлаж үзээгүйгээрээ уурлаж, ханан хад руу чулуу шидэн бөөлж гарав. Би энэ муугийн өөрийгөө дахин шинээр хийж, сайжруулан засварлах түүхий эд нь юм уу гэж бодогдоход уур хилэн түймэр мэт асна. Цонхны цаанаас дөчин жилийн дараахь би гэгч инээмсэглэхчээ аядаж, намайг өрөвдөн харахад л тэндээс нэг зөөлөн юм асгарах шиг болов. Утасны харилцуур дахин торчигнож,

-Битгий уурла л даа. Чи яагаад юм ойлгодоггүй юм бэ. Одоо зогсож байгаа газраасаа наашаа яваад амьдарсан гээд бод доо. Чамд миний үзэж өнгөрүүлсэн зовлон зүдгүүрээс өөр сайн сайхан юм юу ч тааралдахгүй. Нэгэнт утгагүй, шал дэмий нь тодорхой болсон зүйлийг үзэж яах гэсэн юм. Хайран цагийн гарз биш үү гээд аав нь хүүдээ алтан сургаалаа харамгүй хайрласан мэт царайлах шинжтэй. Тэгнэ бий вий гэж бодогдоод толгойд гал манасхийж, хярвас үнэртээд явчихлаа.

-Үгүй ээ, би зөвшөөрөхгүй. Чи намайг мэхэлж байна. Би өөрт оногдсон хорвоог туулах ёстой, хичнээн муу муухайтай таарах байсан ч энэ чинь миний л амьдрал. Тиймээс хэнд ч хамаагүй. Хэн нэгэн миний амьдралыг малын хулгайч морь шиг юүлж унаад давхих учиргүй, за юу, мэдэв үү чи гэж байдгаараа хашгирлаа. Дэндүү дээрэлхүүлсэндээ дахин бөөн чулуу хормойлоод ханан хад руу заналтай нүүлгэж орхив. Хахаж цацах сонсогдсоноо дээрээс анхааруулж байна.

-Хөөш өө, боль чи. Энэ чулуу шидэх чадвар л насаар минь шоронд хатаасан юм шүү дээ. Муу эрдэм биеийн дайсан гэж аргагүй л үнэн үг юм билээ. Хцс, тоогүй, тоогүй…ингэж ч амьдрах гэж… хэмээн ханан хадыг ч уяран долгиолтол гаслах юм. Сонсоод байвал нулимс цухуйлгаж магадгүй яриаг нь тас цохихоор,

-Юун шорон орон яриад мангартаад байгаа юм бэ. Хөгшин төгцөг чамайг наад ханатай чинь гагнаж орхино шүү гэж төмөр саваагаар ороолгох мэт хашгирлаа. Тэр этгээд ч зогсох шинжгүй улангасан дайрлаа.

-Чи аан гэж бай. Чи гурван сарын дараа хэн нэгэнтэй муудалцана. Хэн нэгэн ч гэж дээ. Одоо чиний уулзаж ганц хоёр хундага юм хуваахаар явж байгаа Чинбадрахтайгаа муудалцана. Тэгээд чи тал туйпуугаар толгойг нь…

-Оо ёо ёо… Шөнийн харанхуйгаар сэрж бүжиглэсэн хорлолын дүрс чи бүү солиор. Би яалаа гэж газар дээрх ганц найзтайгаа муудалцах билээ. Тэгээд бүүр сайн найзынхаа амийг нь хөнөөнө гэх гээд байгаа юм бий. Үзмэрч болж жүжиглэж байгаа юм биз дээ. Хм, ингэхэд чи ер нь хаанаас Чинбадрахын нэрийг мэдэж авсан хий үзэгдэл вэ? Аан…?

-Чи намайг яагаад ад шоо үзээд байгаа юм бэ? Би чинь чи шүү дээ. Дөчин жилийн дараа Чи-би болно. Тэгвэл сайхан байна уу. Ийм хөсрийн амьтан болж хувирахгүй л гэж байгаа юм бол чи үлдсэн насаа надад өгчих? Өөр замаар амьдрах хэрэгтэй.

-За би чамд үлдсэн насаа өглөө гэж бодъё. Чи тэгээд яаж амьдрах юм бэ? Далдыг хардаггүй л юм бол хэн ч гэсэн хувь тавилангаараа л амьдраад дуусна. Чи намайг сайхан дөнгөж насыг минь зальдаж авах гээ юу? Дөчин жилийн дараахь маань миний асуултанд тулгамдаж ээрч мууран,

-Насыг залилж мэхэлж, бас хулгайлж авч болдоггүй юм л даа. Харин өөр юу бол юуг ч хулгайлж болно. Тийм учраас л шоронгийн үзлээр биеэ ирлэсэн атлаа өвгөн чинь залуу нас чамаасаа ингэж гуйж байгаа хэрэг шүү дээ. Ойлгож байна уу. Чи үнэхээр намайг өрөвдөөд ч юм уу, өөрөө зөв сайхан, дурсамжтай амьдарсан байхыг хүссэнээр би чиний оронд амьдрах эрхтэй болох юм. Тэгээд гоё амьдарна, за. Чамайг бахархтал амьдарна шүү… Яриандаа согтож буй бололтой.

-Үгүй ер өө, чи тэгээд миний оронд яг амьдрахаар шийдлээ юу. Энэ тэнэглэл чинь гэмт хэрэг. Хүн амины гэмт хэрэг. Түүндээ хүрвэл би буруу амьдраад яачихсан юм, аан. Чи тэгээд эхнэртэй минь гэрлэх юм биз дээ. Миний орон дээр унтах юм биз дээ. Цээж давчдаад ирлээ. Үлдсэн ганц чулуугаа чавх харваж, тэвэг өшиглөж өссөн хар багын эрдмээ ашиглан өгөр новш руу нүүлгэчихэв. Дөчин жилийн дараахь маань толгойгоо тэврээд гуйвж байснаа тэрий хадах шиг боллоо. Ханан хадны цонхоор юм харагдахгүй нэг хэсэг байв. Тэр зөв сайхан амьдралаа аль түрүүн бүтээж байхгүй яасан махир толгойт вэ энэ чинь гэж бодогдоод гүрээний судас лүг лүг цохилно. Пээ гэж. Мөнөөх туниа алдсан сөөнгө хоолой дахин сонсогдож,

-Залуу нас чамайгаа би дэндүү хайр гамгүй хэрэглэсэн юм аа. Чи надад боломж өг. Хардаж харамлаад байгаа эхнэртэй чинь энэ удаа суухгүй. Амалъя. Тэр өөртөө таалагдсан хэн нэгэнтэй л учраа олно биз. Түүнийг өмнө нь би хангалттай зовоосон юм. Одоо уулзахаасаа ч ичиж байна гэлээ.

-Эхнэрийг минь бас өөр хүнд зуучлах нь уу. Чи яасан цавинд зочилсон нойтон хамуу, цардмал замын хүйтэн мөс шиг салдаггүй амьтан бэ? Би найзындаа очих гэж яарч явна. Чамтай сүг царайлж, сүүтэлзэж байх зав алга. Дөчин жилийн дараахь би одоогийн би-дээ харамсан зөвлөсөөр байна.

-Чи сайндаа л Чинбадрахтайгаа ганц лонх юмны ард гарна. Энэ чухал гэж үү. Түүний оронд надтай жаал яриач гэх сөөнгө дууны араас ханан хадны цонхоор өрөвгөр үс хийсэж, дөчин жилийн дараах би гэгч цухуйлаа. Түүнийг одоо харсан чинь өрөвдмөөр ч юм шиг… Толгойгоо няслуулсандаа айж далдчиж байна гээч… Хөгшчүүл нь залуусаасаа айх ёстой. Дийлэхгүйгээс хойш өөр зам бий гэж үү? Залуус бол хүч чадалтай, юуг ч хийж чадна. Сайхан занг хөдөлгөвөл буян ч үйлдэнэ. Дургүй хүрвэл духан дээр нь чулуу няслах бол юу ч биш гэсэн сээрдүү бодол толгойд харвасан хэдий ч тун удалгүй омогт цээжний дотор өрөвдөхийн шар гэрэл яах аргагүй хайлж туналаа. Харанхуйд лаа барьсан юм шиг болж байна. Тэгээд түүний сэтгэлийг засах санаатай,

-Өвөө та намайг уучлаарай гэвэл:

-Юуны чинь өвөө гэж… Би чинь чи шүү дээ…гэж улиглаад,

-Чи цаашаа энэ чигээрээ амьдарвал хэн болж төгсөхөө яг одоо цонхны толинд харж байна. Ирээдүйн өөрийгөө үзэн ядан зодож байна. Чи бол би юм шүү дээ. Өвгөний хоолой дотогш ширжигнэсхийгээд таг боллоо. Өрөвгөр үсийг нь салхи хийсгэж байгаа нь амьдын тэмдэг үү гэтэл өвс ногоог ч үүнээс гоё халиуртал хийсгэдэг шүү дээ гэсэн алчуур бодол тархинд орж ирнэ. Энэ цаг бусын зочноосоо яаж салж авъя даа байз. Юухан хээхнээр хуураад явуулчихъя гэсэн мэргэн санаа оллоо. Аль хэдийнэ ингэх байсан юм. Тэгсэн бол Чинбадрах бид хоёр өдийд… гэсэн харуусал зурсхийнэ.

-Өвөө, үгүй ээ…Дөчин жилийн дараахь аа…гэж дуудахад арай энэрэнгүй зөөлөн сонсогдсон юм байлгүй өвгөн хамаг тэнхээгээ шавхан өндийж,

-Өөв, юу гээв… гэлээ. Энэ тасалданги дорой байдал намайг тарвалзуулан эрхлүүлээд байх шиг хачин санагдсаныг яана.

-Хоёулаа асуудлаа шийдчихье. Би таны тэтгэвэр дээр мөнгө нэмж өгч байя аа. Сар болгон энэ газраа л уулзана шүү. Тэгээд хорин мянгыг авч бай, за юу. Одоо үүнийг, тэгээд арилж үз гэтэл мөнөөх муу дөчин жилийн дараахь чинь уурлаж, хаанаас нь гарав гэмээр чангаар,

-Чи яасан тэнэг юм бэ. Засгийн газар шиг цэвдэг сэтгэл бүү гарга. Би чинь чи шүү дээ. Өөртөө ийм хайргүй байхдаа яадаг байна аа…аа, аа…

Энэ дуу хоолой холын уулсын цуурайнд хувирлаа. Цуурай утас шиг нарийн болж тасарлаа. Ёох, арай чүү хар дарсан зүүднээсээ нэг юм сэрэв. Би хэнтэй юу ярьчихав аа?

…Хэдэн жилийн өмнө тас хар шөнөөр ингэж зүүдэлсэн юм сан. Одоо хэрнээ үүр цайгаагүйг бодоход мөнөөх зүүд үргэлж намайг сүүдэр шиг дагадаг болжээ. Уг нь мөрөөрөө амьдрахад л болох шүү дээ, тэнгэр минь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 11 градус хүйтэн цас орохгүй

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 градус, Хэнтийн уулархаг нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дархадын хотгороор 20-25 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.