Categories
мэдээ цаг-үе

“Монгол соробан” сургалтын төвийн соробанчин хүү Б.Баярбаясгалан соробангаар хамгийн өндөр амжилтанд хүрлээ

“Монгол соробан” сургалтын төв нь соробанг япон стандартаар заадаг, японд бэлтгэгдсэн мэргэжлийн багштай өндөр чансаатай сургалтын төв гэдгийг эцэг, эхчүүд мэддэг болоод тодорхой хугацаа өнгөрсөн байна. “Монгол Соробан” сургалтын төвийн соробанчин хүү Б.Баярбаясгалан дөрөвдүгээр дангийн гэрчилгээгээ өчигдөр гардан авлаа. Япон стандартаар соробангаар дөрөвдүгээр ДАН, Соробангийн анзан буюу цээж тооцооллоор наймдугаар ДАН авсан нь монголдоо анхдагч болж байгаа юм. Тодруулбал соробангаар хичээллэдэг монгол хүүхдүүдийн дотроос хамгийн олон оронтой тоог хурдан хугацаанд бодох чадвартайгаараа тодорсон гэсэн үг. Тиймээс Монгол соробан” сургалтын төвийн захирал Д.Баярсайхан, оюун ухааны сонгомол спорт болох соробангаар, монголдоо хамгийн өндөр амжилт гаргаад буй Б.Баярбаясгалан нартай ярилцлаа.


-Танаас хэдэн зүйл тодруулж асуумаар байна. Дангийн болзол хангана гэдэг нь аль хэр чадамжтай болж байна вэ?

Д.Баярсайхан: -Монгол соробанд суралцагч Б.Баярбаясгалан Монголд анх дангийн болзол хангаж, анзан буюу цээж бодолтоор 8-р дан, соробангийн уран чадварын бодолтоор 4-р дан авлаа. Соробан нь 10-р зэргээс эхлээд 1-р зэрэгт хүрвэл хамгийн өндөр зэрэгтэй болж байна гэсэн үг юм. 1-р зэрэгт 9 оронтой тоог нэмж, хасдаг, 9 оронтой тоог 5 оронтой тоонд хуваадаг, 5 оронтой тоог 5 оронтой тоонд үржүүлдэг, бутархай тоо, сөрөг тоонууд орсон 40 бодлогыг маш богино хугацаанд бодох чадвар эзэмшсэн өндөр хурдтай хүнийг хэлнэ. Япон хүнд би 1-р зэрэгтэй гэж хэлэхэд тооцооллыг мундаг хурдтай хийдэг хүн байна гэж шууд ойлгогдоно. Дан гэхээр 1-р зэргээсээ богино хугацаанд илүү олон оронтой тооны тооцооллыг хийх чадамжтай, хурд илүү байна. Дан нь 1-с эхлээд 10-р данд хүрвэл хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм.

-Танай сургалтын төвд Б.Баярбаясгалангаас өөр ийм өндөр зэрэгтэй хүүхдүүд одоо байгаа юу?

-Манай сургалтын төвд өндөр зэрэгтэй хүүхдүүд маш олон байна. Сая 12-р сард болсон түвшин тогтоох шалгалтанд 2 дахь жилдээ хичээллэж байгаа 6 настай Марк Төгөлдөр 2-р зэргийг хамгаалсан байгаа. Бага насны хүүхэд 2 жилийн хугацаанд ийм өндөр хэмжээнд хүрнэ гэдэг нь монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон шилдэг хөтөлбөр, соробангийн мэргэжлийн багшийн заах аргазүйн үр дүн гэж үзэхээс өөр арга байхгүй. “Монгол соробан” сургалтын төв нь хүүхдүүдэд 1-2 жилийн дотор маш хямд зардлаар өндөр чадварыг олгодгоороо ижил төстөй сургалтын төвөөс ялгаатай. Япон стандарт нь олон талт чадварыг хүүхдэд нэг сургалтаар олгодгоороо их онцлог бөгөөд хүмүүжил, төлөвшлийг маш сайн суулгаж өгдөгөөрөө гайхалтай юм. Том амжилтын эзэн болж чадсанд нь Баярбаясгаландаа баяр хүргээд улам хичээн Япон улсын хүчтэй тамирчидтай хурд хүчээ сорьсон Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан тамирчин болохыг хүсэн ерөөе.

-Баярбаясгалан өөрийгөө товч танилцуулна уу? Хэзээнээс соробангаар хичээллэж эхэлсэн бэ? Аль сургуулийн хэддүгээр ангид суралцдаг вэ? Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Намайг Баянмөнхийн Баярбаясгалан гэдэг. Би 97 дугаар сургуулийн 8а ангид сурдаг. Хоёр ахтай айлын бага хүүхэд. 2013 оны 12 дугаар сараас соробангийн сургалтанд явж эхэлсэн. Одоо дөрөв дэх жилдээ соробангаар хичээллэж байна.

-Соробангаар анх хичээллэхэд ямар байсан бэ? Хэцүү, шантрах үе байсан уу?

-Сургалтанд явж эхлэхэд л маш сонирхолтой санагдсан. Ялангуяа анзан буюу цээж тооцоолол надад маш их таалагддаг. Заримдаа хэцүү, бодож чадахгүй байх тохиолдол гардаг байсан. Манай сургалтын төвийн бидэнд урам өгдөг гоё үг байдаг. “Чадахгүй гэж шантрах биш чаддаг болтлоо хийцгээе” гэсэн энэ үгээ бодоод л улам их хичээн суралцдаг.

-Соробангийн юу нь хамгийн гоё вэ? Хүүхдийн сургалт хүмүүжилд яаж нөлөөлдөг юм шиг санагддаг вэ? Соробангаар хичээллэдэг хүүхдүүд төлөвшил сайтай харагдаж байна?

-Соробан дээр олон оронтой тоог нэмж, хасч, үржүүлж, хувааж бодох нь маш сонирхолтойгоос гадна соробангийн бодлогууд нь надад тархи амрааж байгаа юм шиг санагддаг. Би жоохон ядрахаараа соробангаараа бодохоор их гоё болдог.

-97 дугаар сургуулийн чинь ангиас чамтай хамт соробанд суралцаж байгаа хүүхэд бий юу? Соробангаар хичээллэдэг болон хичээллэдэггүй хүүхдүүдийн ялгаа хэр байдаг юм бол.

-Манай ангиас өөр хүүхдүүд бас соробанд явдаг. Соробангаар хичээллэдэг хүүхдүүд зөвхөн математикийн хичээл төдийгүй бусад бүх хичээлүүддээ ч сайн суралцдаг. Тархи оюун ухаан хөгжүүлдэг болохоор бусад бүх хичээлээ сурахад амархан мэт санагддаг. Ялангуяа гадаад хэл сурахад үг хурдан цээжилдэг болсон.

-Япон улсад болсон тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн. Тэмцээнийхээ сонин сайхнаас ярьж өгөөч?

-2015 оноос Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр оролцож байгаа. 2015, 2016 онд мөнгөн медаль, өнгөрсөн зуны тэмцээнд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль авсан. Би уг нь аварга болох зорилготой явсан. Цагтаа амжиж бүх бодлогоо бодож бүтэн оноогоо авч чаддаг байсан. Ундаръяа багш маань яагаад ийм хүрэл медальруу орчив гээд шүүгчидээс асуусан байсан. Бодлогуудын хариу бүгд зөв харин маш их олон оронтой тоо үржүүлж, хувааж, нэмж, хасдаг учираас зарим нэг тоон дээр яараад оронгийн таслал хийгээгүй харамсалтай алдаа гаргасан байна гэсэн хариу өгсөн. Япончууд маш хатуу шүүлттэй байдаг юм байна лээ. Одоо би оронгийн таслалаа яаж ч яарсан заавал хийдэг болсон.

-Хамгийн өндөр дангийн зэрэг авах хүртэл чинь чамайг сургаж, дэмжсэн гэр бүлийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Намайг хамгийн анх ээж маань соробангийн сургалтанд явуулсан. Одоог хүртэл дэмжиж тасралтгүй сургаж байгаа. Ээж маань намайг тууштай дэмжиж олон жил явуулсны хүчинд би амжилт гаргалаа. Ээж, аав ах нартаа маш их баярлалаа гэж хэлье. Мөн надад соробан зааж сургасан захирал багш Баярсайхан, Цэцэгдэлгэр, Чанцалдулам, Халиун багш нартаа маш их баярлалаа.

-Цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

-Би тэмцээн уралдаандаа амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг Японд гаргана гэж бодож байгаа.

-Сайхан мөрөөдөл байна. Амжилт хүсье.

Монгол соробан” сургалтын төвд суралцагч Тэмүүжингийн ээж Б.Энхжаргалтай ярилцлаа.


-“Анх хүүхдээ хоёрдугаар ангид байхад нь өгсөн. Анхандаа манай хүүхэд бага зэрэг шантардаг байсан. Одоо бол соробандаа дурлаад, маш сонирхолтой байна гэдэг болсон. Чөлөөт цагаараа цээжиндээ үргэлж тоо бодоод л явж байдаг юм. Гудамжинд явахдаа хүртэл машины дугааруудыг хооронд нь нэмж хасаад л хариуг нь гаргаад байна. Соробанд явснаас хойш биднээс хичээлээ асуухгүйгээр өөрөө биеэ даан бүх даалгавраа хийдэг, хичээлдээ онц сурдаг болсон. Соробан хүүхдийн тархийг сайн хөгжүүлдэг юм байна гэж ойлгоод байгаа. Саяхан тэмцээнд ороод, хүрэл медаль авсан. Япон руу уралдаанд орохоор бэлтгэлээ хийж байна. Цаашид өөрийнх нь сонирхлоор тасралтгүй сургаж Б.Баярбаясгалан шиг дангийн зэрэгт хүргэнэ гэж бодож байгаа. Монгол соробаны сургалт үнэхээр сайн юм байна гэдгийг ойлгоод байгаа. Монгол соробаны багш нарт ажлын амжилт хүсье” гэсэн юм.

Мөн 12-р сарын 23-ны бямба гаригт МҮОНТ-н “Өглөө” хөтөлбөрөөр Б.Баярбаясгалан оролцох тул түүний хэрхэн бодохыг үзэж сонирхоорой.

Соробангийн сургалтыг сонирхож байгаа эцэг, эхчүүд доорхи дугаараар холбоо барьж болно.

Монгол соробан сургалтын төв: Утас: 95953734, 880378878, 70003734, 11-323734,

www./facebook.com/ mon­golsoroban


Categories
мэдээ нийгэм

Монгол бүсгүй Азийн гоо сайхны хатан хаанаар шалгарчээ

Мьянмар улсад болж өнгөрсөн “Miss & Mrs Asia Noble Queen International” Азийн тэргүүн гоо бүсгүй шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Нармандахын Мишээлт хэмээх бүсгүй тэргүүн байрт шалгаран титмийн эзэн болжээ. Шалгаруулалт энэ сарын 19-22-нд Мьянмарт болсон бөгөөд шилдгүүдээ өнгөрсөн баасан гаригт тодруулсан байна.

Н.Мишээл нь 1999 онд төрсөн, энэ жил 18 настай. Монгол Улсын Боловсролын их сургуулийн хоёрдугаар курст суралцдаг юм байна. Өнгөрсөн жил мөн л С.Сарнай гэх монгол бүсгүй энэ титмийн эзэн болж байжээ.

Categories
мэдээ спорт

Их мастер Д.Мөнгөнтуул “Sunway sitges open” тэмцээнд түрүүллээ

ЗурагШатрын Олон улсын их мастер Б.Мөнгөнтуул Испанийн Ситмэс хотноо болсон “Sunway Sitges open” эмэгтэйчүүдийн нээлттэй олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр, 12 дугаар сарын 14-23-нд зохион байгуулсан тус тэмцээнд есөн өрөг тоглохдоо дөрөв хожиж, дөрөв тэнцэн, зургаан оноотой тэргүүлжээ. Их мастер Б.Мөнгөнтуул уг тэмцээний өмнө Английн Лондон хотноо болсон “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм.

Шатрын хөлгийн ард суугаагүй нэлээд завсарласан ОУИМ Б.Мөнгөнтуул ийнхүү олон улсын тэмцээнд оролцож, чансааны оноогоо ахиулж эхлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Цэргийн госпитал болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал давтагддаг учраас урьчилан сэргийлэх, өвчлөл эрс нэмэгдэхэд ямар арга хэмжээ авах боломж байгаа зэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзаж ярилцахыг зорьсон юм.

Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт өдөрт дунджаар 200-300 орчим хүүхэд хандан үзүүлж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн 10-20 хүүхдийг л хүлээн авч, бусдыг нь гэрээр эмчлүүлэхээр буцааж байгаа талаар эмч нар ярьж байлаа. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт гэхэд үүдний коридорт 1-2 хоног хэвтүүлэн, эмчилж байгаад ор гарахаар тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар танилцуулсан юм. Амралтын өдрөөр дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг, мэргэшсэн хүүхдийн эмчийн хүрэлцээ хангалтгүй зэргээс шалтгаалан эмчид үзүүлэх дараалал хүлээсээр 3 цаг болж байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна. Хүүхдүүдийг нэг өрөөнд олноор сахиурын хамт хэвтүүлсэн буюу өрөөндөө 10-14 хүн байгаа хэдий ч зориулалтын агааржуулагчгүй, эмнэлгийн үүдний хонгилд хаалганы салхинд суун хүүхдээ үзүүлэхээр удаан хугацаагаар хүлээх зэрэг нь халдвар дамжих, халуунтай хүүхдийн өвчин хүндрэхэд нөлөөлж байгааг ч мөн тэд ярьсан юм.

Нийслэлийн хэмжээнд хүүхэд хүлээн авдаг эмнэлгүүдийн орны тоо 870 орчим, ачаалал ихэссэн үед 200 орчим эвхдэг ор нэмж тавин өвчтөн хүлээн авдаг гэтэл ханиад томуу ихэссэн оргил ачааллын үед үүнээс хоёр дахин илүү тооны хүүхдийг хэвтүүлэн эмчлэх шаардлага тулгардаг байна. Тэгэхээр энэхүү оргил ачааллын үед буюу цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн үед 1600-1700 хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхдийн эмнэлгүүдэд ажиллах явцдаа Цэргийн госпитал буюу Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр орж тус эмнэлгүүдэд өвлийн улиралд томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхэд хүлээн авах боломж байгаа эсэхийг ярилцлаа. Цэргийн госпиталын хувьд 70 орчим сул ор байгаа, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 240 өвчтөнийг нэгэн зэрэг хэвтүүлэн эмчлэх боломжтой юм байна.




Цэргийн госпитал

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа боллоо

Categories
мэдээ нийгэм

С.Пүрэвийн “Уул өвгөн хоёр” өгүүллэг “Утгын чимэг” наадамд тэргүүллээ

ЗурагМонгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын шилдгийн шилдэг “Цомын эзэн”-ээр Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт зохиолч С.Пүрэвийн “Уул өвгөн хоёр” өгүүллэг шалгарлаа.

Уг өгүүллэгийг нэрт хүүрнэн өгүүлэгч, гавьяат жүжигчин Г.Равдан уншиж үзэгч олны сонорт хүргэсэн. Жил бүр уламжлал болсон “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлүүдийг олны хүртээл болгоход оршдог. Уг наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүдээ сойдог.

Өнөө жилийн наадамд С.Пүрэв зохиолч тэргүүлсэн бол “Утгын чимэг-2017” наадмын дэд байрт зохиолч Н.Бадамжавын “Эрт нэгэн цагт”, гуравдугаар байрт Б.Баярсайханы “Даш гуай”, МУСГЗ Г.Жамъянгийн “Хань-галзуу” өгүүллэгүүд тус тусшалгарлаа.Мөн С.Оюуны “Тайгын зул цэцэг”, Ч.Баянсаны “Хадны захидал”, Г.Болормаагийн “Хүний нутгийн тэр”,Д.Уранбилэгийн “Эхийн сэтгэл”, Ц.Бум-Эрдэнийн “Эргэлт” гэсэн бүтээлүүд тус тус шагналт байр эзэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй “BRICKS 4 KIDZ” сургалтын төвийн нэг өдөр

Хацартаа үл ялиг ягаан туяа татуулсан бяцхан сурагчид ээж, аавынхаа хамт орж ирцгээв. Гутал хувцсаа шалавхан тайлж, багштайгаа мэндэлснээр ширээнд байх тоглоомууд руугаа яарцгаана. Ирээдүйн инженерүүд шинэхэн бүтээлээ гараас гаргахаар яарч буй нь энэ. Учир нь “Bricks 4 kidz” сургалтын төв олон улсын “S.T.E.M” буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик сургалтын хөтөлбөрийг лего тоглоомоор дамжуулан хүүхэд, багачуудад хүргэх зорилготой ажиллаж байгаа юм. Уг хөтөлбөр бүхий “Bricks 4 kidz” сургалтын төв нь АНУ-д анх байгуулагдсан. Одоогоор дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манай улсад байгуулагдаад жил гаруй болжээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор арваад мянган хүүхэд сургалтад хамрагдсан байна. Хүүхдүүд олон улсын стандарт бүхий энэхүү сургалтад сууснаар “Bricks 4 kidz”-ийн бэлдсэн сонирхолтой загваруудтай танилцах, барилга байшин, машин, амьтан зэргийг лего тоглоом ашиглан бүтээх боломжтой юм. Энэ өдрийн хичээлийн сэдэв нисдэг тэрэг, сансрын хөлөг. Багш сансрын хөлгийн тухай танилцуулж , сонирхолтой баримтуудыг дэлгэснээр энэ өдрийн хичээл эхэллээ. Сурагчид лего мотор, тэнхлэг, араа зэрэг тусгайлан бэлдсэн техникийн бүрдэл ашиглан дээрх сансрын хөлөг бүтээхээр шуурхайлан ажилдаа орцгоов. Энэ өдөр нийтдээ 46 сурагч сургалтад хамрагдсан. Амралтын өдрийн сургалт учир 11:00-15:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Энэ өдрийн хичээлийг удирдан явуулж буй багш А.Сэлэнгэ “Бид өдөр бүр өөр, өөр сэдвийн дагуу хичээл ордог. Хичээлийг хүүхдүүдийн сонирхдог зүйл дээр тулгуурлаж тайлбарлахад илүү сайн ойлгож тогтоодог. Ингэснээр тухайн сэдвийн талаарх мэдлэг сайжрахаас гадна лего тоосго, мотор, тэнхлэг, араа, холбогч эд гэх мэт олон төрлийн жижиг обьектуудыг ялган ангилж, эвлүүлж, угсарч сурна. Тэд хичээлийн сэдэв, зааврын дагуу бүтээлээ хийхээс гадна өөрийн хүссэнээр өөрчилж, сайжруулж ч болдог” гэв. Мөн хүүхдүүдэд хиймэл дагуул, сансрын хөлөг, хамелеон зэргийн учир шалтгааныг нь сонирхолтойгоор тайлбарлаж өгдөг аж. Энэ тохиолдолд хүүхдүүд тухайн зүйлсийг илүү сонирхож лего тоглоомоороо эдгээрийг бүтээдэг байна. Гүүр, цамхаг, машин, робот зэргийг угсарсныхаа дараа өрж, уралдуулж, байлдаж тоглох ч бүрэн боломжтой гэнэ.

Ингэснээр хүүхдийн хөдөлгөөний ур дүй сайжирч, тэмдэг тэмдэглэгээ бүхий сургалтын багаж хэрэгсэл ашигласнаар эмх цэгц, зохион байгуулалттай болгож, анхаарлаа төвлөрүүлж сурах гэх мэт олон давуу талыг олгодог байна. Түүнчлэн даалгаврыг гүйцэтгэхэд сэтгэн бодох, эргэцүүлэх, төсөөлөх чадвар ихээхэн шаардах тул хүүхэд хийхээсээ өмнө бодох чадварт суралцдаг байна. Улмаар даалгавраа биелүүлэхийн тулд алхам алхмаар зааварчилгаагаа дагаснаар дадлагаждаг аж. Энэ нь анхаарал сул хүүхдэд илүү үр өгөөжтэй байдаг талаар багш нар онцолсон.

Биднийг ийн ярилцаж байх хооронд хүүхдүүд нисдэг тэргээ хийхээр дор дороо чармайцгааж байлаа. Зарим нь яаж хийх учраа олохгүй багшаасаа тусламж хүсэн байхад нэг хэсэг нь зөв хийж байгаадаа урамшин шамдацгаана. Энэ мэтчилэн хүүхдүүд өдөр бүр өөр, өөр төрлийн амьтан, байшин барилга бүтээх боломжтой аж. Ерөнхийдөө лего тоглоомууд нь хүүхдийн насны онцлогт тохирсон байдаг. Ахлах болон бэлтгэл бүлгийнхэн моторт буюу хөдөлгөөнт лего тоглоомыг ашиглана. Харин бага насны хүүхдүүд “Bricks 4 kidz”-ийн тусгайлан бэлтгэсэн сонирхолтой загваруудыг бүтээж, угсрахаас гадна тоо, өнгө, үсэг сурдаг байна. Тус сургалтад сууснаар хүүхдүүд нас насандаа тохирсон 350 орчим бүтээлийг хийж сурах боломжтой гэсэн.

Харин өсвөр насныхан энэ төвд ирснээр “Лего роботекс” гэх сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ сургалтад сууснаар төрөл бүрийн робот угсрах, роботоо компьютероор програмчилж, улмаар гар утсаараа хэрхэн удирдах талаар сурах юм. Энэхүү сургалт нь хүүхдүүдэд шинэ технологи сурах хүслийг нь өдөөж өгөх, шинийг эрэлхийлэгч болгоход тусалдаг байна. Монголд зөвхөн “Bricks 4 kidz”-т л энэхүү сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэсэн. “Лего роботекс” сургалт нь дэлхий нийтэд хүрээгээ тэлж чадсаны нэг жишээ нь жил бүр зохион байгуулагддаг олон улсын олимпиад юм. Тус олимпиадад орон орны инженер сэтгэлгээг эрэлхийлэгч хүүхдүүд оролцож ур, ухаанаа сорино. Монголчуудын хувьд тус олимпиадад хараахан оролцож амжаагүй байгаа ч “Bricks 4 kidz” төвийн мэргэшсэн багш нар “Лего роботекс” сургалтын хөтөлбөрийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлжээ. Тэд лего тоглоомуудыг чадварлаг эзэмшсэн хүүхдүүдээ цаашид бэлтгэж “Лего роботекс” сургалтандаа хамруулахаар бэлдэж байна. Энэхүү сургалтыг зорин ирж байгаа хүүхдүүд ч цөөнгүй гэнэ.

Энэ талаар “Bricks 4 Kidz”-ийн менежер Г.Мөнхсайхан “Манай сургалтын төвийн нэгэн зорилго бол мэргэшсэн багштайгаар мэргэжлийн түвшинд хүүхдүүдээ бэлтгэх. АНУ-ын “Bricks 4 kidz”-ийн тавьсан шаардлагын дагуу дөрвөн ч багш сургалтад хамрагдсан. Эдгээр мэргэжлийн багш нар маань Монголын “Лего роботекс”-ийн багийг цаашид бүрдүүлэх юм. Сайн баг бүрдүүлж чадвал маш богинохон хугацаанд амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв. Дэлхийд оюун ухааны спортоор хэдийнэ гайхагдах болсон монгол хүүхдүүд энэ чиглэлээр ч шилдэг нь болохыг үгүйсгэх аргагүй юм.

“Бид судалж, бид бүтээж, бид тоглоно” уриатай АНУ-ын пранчайз болох “Bricks 4 kidz” сургалтын төвийг Монголд зүгээр ч нэг ашиг хонжоо харан оруулж ирээгүй гэнэ. Тодруулбал, томоохон судалгааны үндсэн дээр хүүхдэд тоглонгоо суралцах боломжийг олгодог арга барил бүхий сургалтын төвийг сонгожээ.

Энэ тухай тус төвийн менежер Г.Мөнхсайхан “Бид Монголын нийгэмд хүмүүсийг хамгийн их стрессдүүлж байгаа шалтгаануудыг судалж үзсэн. Судлаад үзэхэд нийт 10 гаруй шалтаг, шалтгаанууд байсан л даа. Эдгээрийг үүсгэж байгаа хоёр гол асуудал бий. Тэр нь хүнсний аюулгүй байдал хийгээд боловсролын системийн буруу тогтолцоо юм. Боловсролын систем алдаатай учраас түүнээс гарч байгаа бүтээлүүд нь нийгмийг стрессдүүлэх нэг шалтгаан болж байна гэсэн үг л дээ. Иймд бид хүүхдүүдийн боловсролыг багаас нь өөрчлөх нь юу юунаас чухал. Тиймээс сэтгэлгээний цар хүрээг нэмэх, олон зөв дадлыг бие болгох сургалт байх нь зүйтэй юм байна гэж бодсон. Олон ч төрлийн сургалтын арга барил, хөтөлбөрүүдийг судалсны үндсэн дээр “Bricks 4 kids”-ийг оруулж ирэхээр болсон юм. Өнөө үед хүүхдүүдийн анхаарлыг гурван зүйл л татаж байна. Энэ нь гар утас, лего тоглоом, компьютер тоглоом эсвэл зурагт. Эдгээрээс хүүхдэд хамгийн эерэгээр нөлөөлж чадахуйц нь лего тоглоом. Тиймдээ ч лего тоглоом бүхий сургалтын арга барилыг чухалчилсан хэрэг. Хүүхдэд тоглоомын аргаар боловсрол олгох нь олон давуу талуудыг бий болгодог. Загвар бүтээх явцад нийгмийн харилцааны үндэс болсон бусадтай санал солилцох, өөрийгөө зөвөөр илэрхийлэх, харилцан зөвлөлдөх зэрэгт суралцдаг. Хичээл бүр дээр бүтээх загварууд нь сурагчдын ерөнхий мэдлэгийг тэлэх мөн олон улсын S.T.E.M буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик сургалтын хөтөлбөрийг энэхүү тоглоомоор дамжуулан эзэмшүүлэх зорилготой ажилладаг. Тиймдээ ч уг сургалтын арга барил бусдаасаа олон зүйлээр давуу байсан” хэмээн ярилаа. Одоогоор тус төвд дөрвөөс 16 хүртэлх насны 100 гаруй сурагчид тогтмол хичээллэдэг. Нийт зургаан багштайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.

“Bricks 4 kidz” төвийн сургалтад сууснаар сурагчдад ямар бодит үр дүн гарч байгаа талаар багш А.Сэлэнгээс тодруулахад “Хүүхдүүд анх ирэхдээ зааврын дагуу ч маш удаан угсардаг. Аажимдаа хурдан угсраад зогсохгүй, өөрөөр сэтгэж араа шүдийг нь сольж, нэмж бүтээлээ илүү хурдтай, өвөрмөц болгодог. Энэ нь сэтгэхүйд нь хэр хэмжээнд нөлөөлж байгаа гэдгийг харуулж байгаа байх. Уг чадвар сайжирч байгааг зөвхөн сургалт дээр бус гэр, сургууль гэх мэт бусад газар ч харж болно” гэв.

Түүнчлэн хүүхэд нэг ангид олноороо хичээллэх юмуу багш нар нь муухай харьцдаг бол хүүхэд уур уцаартай, бухимдангуй болдог аж. Учир нь тэр олон хүүхдүүдийг чимээгүй, томоотой байлгахын тулд багш нар чанга дуугаар ярьж, зандардаг байна. Энэ нь хүүхдүүдийг аймхай, ноомой болоход нөлөөлдөг байна. Тиймдээ ч мэдээд байгаа зүйлээ багшдаа хэлж чадахгүй бүрэг, ноомой байх нь олонтаа аж. Мөн зарим хүүхдүүд сэдвийн дагуу бүтээлээ хурдан, зөв хийж чадахгүй тохиолдолд тоглоомуудаа шидэх, уцаарлах зэрэг сөрөг хандлага гаргадаг байна. Сургалтын төвийн сурагчдаас энэ мэт сөрөг зан байдал ажиглагдаж байсан гэнэ.

“Ерөнхийдөө олон улсын сургалтын систем хүүхдийг таван нас хүртэл нь өөрөөр нь байлгахыг эрмэлздэг. Гэтэл манай улсын сургуулиудын нэг ангид маш олон хүүхэд сурдаг. Хувийн сургуулиуд нь бага ангийн хүүхэд гэлтгүй хичээлээр маш их шахдаг. Энэ бүхэн нь хүүхдийн харилцаа, хандлагад сөргөөр нөлөөлдөг. Харин АНУ-ын боловсролын системд нэгээс хоёрдугаар ангийн хүүхдүүд 20 хүртэлх минутаас илүү хугацаанд хичээл хийхийг хориглодог. Гэтэл манай нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд хоёр цаг хийсэн ч дуусахгүй их гэрийн даалгавартай байдаг. Энэ мэт зүйлсээс үүдсэн стресс, бухимдал, ядаргааг лего тоглоом тоглож сонирхолтой, хөгжилтэй байлгаснаар арилгах бүрэн боломжтой. Манай сургалтын төвийн багш хүүхдүүдтэй тулж харьцаж, уурлаж ундууцахаас илүүтэйгээр алдааг нь өөрөөр нь олуулж, хүлээцтэй ханддаг. Үүний үр дүнд хэд, хэдэн сургалтын дараагаас хүүхдүүдийн зан байдал, харилцаа хандлага ч эерэгээр өөрчлөгдөж байгаа нь илт мэдрэгдсэн” хэмээн Г.Мөнхсайхан багш хэлсэн юм.

Манай эцэг, эхчүүд хүүхэд хичээлээ хийхгүй, тогтвортой сууж сурахгүй байна гэж ярих нь олонтаа сонсогддог. Тэгвэл лего тоглоомон дээр суурилсан сонирхолтой хөтөлбөрүүд нь хүүхдийг яалт ч үгүй тогтвортой сууж тоглоход хүргэдэг байна. Тоглоомуудыг нь дагаад жижиг хэсгүүд бий. Түүнийг эмхэлж, эвлүүлж бүтээл болгохын тулд сэтгэн бодох, төвлөрөхөөс гадна гарын ур дүй их шаарддаг аж. Мөн нэг л хэсгийг буруу хийсэн тохиолдолд тухайн амьтан, машин зэрэг нь хөдлөхгүй, явахгүй. Энэ нь гаргасан алдаагаа даруй олж засах, араа шүдийг яаж хийвэл зөв болох гэх мэт зүйлсийг мэдэж авах давуу талтай аж. Энэ нь сансрын хөлөг хийхээр шамдан суугаа хүүхдүүдийг харахад тодхон байлаа.

Эхний алхмуудаа зөв хийсэн зарим сурагчид тун чиг баяртай суугаа нь харагдана. Багш нарын хэлж байгаагаар бүтээлээ бүрэн гүйцэт, зөв хийж дуусгах нь хүүхдэд маш их урам өгч, тэр чинээгээрээ аливаа зүйлийг дуусгаж, эцсийг нь үзэх сонирхолтой болдог аж.

“Bricks 4 kidz” сургалтын төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд асрамжийн газрын хүүхдүүдийг тус хөтөлбөртөө хамруулахыг зорьж, сард нэг удаа тоглоомуудаа авч очин, сургалт явуулдаг аж. Асрамжийн газрын хүүхдүүдийн зан байдал, хандлага, чадвар зэрэг нь үеийнхнээсээ нэлээд хоцрогдолтой байдаг талаар ч тэд өгүүлсэн. Хоёр хүүхэд дундаа нэг бүтээл хийх бөгөөд хамтарч ажиллаж чадахгүйн улмаас хэрэлдэж, зодолдох тохиолдол ч гардаг байжээ. Харин дөрвөөс таван удаагийн сургалтын дараагаас хүүхдүүдийн хоорондын харилцаа, хандлага нь эрс өөрчлөгддөг байна. Тус төвийн хувьд энэхүү үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлүүлэх бодолтой байгаа аж. Хүүхдийн төлөөх энэхүү сайн үйлсэд хамтарч ажиллах байгууллагуудад нээлттэй гэдгээ онцолсон.

Хүүхдүүд нисдэг тэрэг, сансрын тавгаа хийж дуусгаад багшдаа зөв болсон эсэхээ шалгуулахаар хийсэн бүтээлээ барин хөөрөн гүйцгээнэ. Ингээд 41 дүгээр цэцэрлэгийн сурагч, таван настай А.Эрмүүнээс өнөөдрийн хичээлийнх нь тухай сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр “Өнөөдөр нисдэг тэрэг хийж байна. Би хурдан хийж чадсан. Сэнсийг нь хийхэд л хэцүү байлаа. Том, жижиг лего, хөдөлгөөнт лего, роботын хичээл гоё байдаг. Манай хоёр найз энэ сургалтад хамт явдаг. Би том легогоор найзуудтайгаа нийлж байшин барьдаг юм. Бас гэртэй очоод легогоороо тоглодог” гэлээ. Өнөөдрийн бүтээлээ гараас гаргаж, бүгдээрээ нийлж тоглоомоо хурааснаар энэ өдрийн хичээл өндөрлөв.

Хичээлийн цаг дууссан учир эцэг, эхчүүд ээлж дараалан ирж хүүхдүүдээ авцгаалаа. Баяр хөөр дүүрэн угтах хүүхдүүдээ хараад эцэг эхчүүд нь ч сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байв. Тиймдээ ч эцэг, эхчүүд тус төвийн багш нарт үргэлж ам сайтай байдаг гэсэн. Б.Чингүүний ээж н.Гэрэлцэцэг “Манай хүүхэд өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас эхлэн энэхүү сургалтад явж эхэлсэн. Хүү маань дөрвөн нас гарантай байхаасаа л явж эхэлсэн л дээ. Анхандаа гар зүгшрүүлэх лего тоглоомуудаар боломжийн тоглочихдог байлаа. Харин мотортой буюу хөдөлгөөнт лего тоглоомыг хараахан эвлүүлж чаддаггүй байсан. Гэхдээ багш нар нь хүүхэдтэй маш сайн тулж ажилладаг учир нэг мэдэхэд л төвөггүй тоглочихдог болсон. Манай хүү гэртээ байхдаа ч сонирхсон дүрсээ ямар ч зааваргүйгээр угсардаг болчихсон шүү. Хүү минь ирэх намар сургуульд орно. Энэхүү сургалтын ачаар тогтвортой сууж сурчихсан болохоор санаа зовох зүйлгүй гэж бодож байна. “Bricks 4 kidz” сургалтын төв анх “Улаанбааатар” их дэлгүүрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин одоогийн Цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг талд байх шинэ салбар нь их таалагдаж байгаа. Хүүхдүүдийн сурах орчин нөхцөл, зай талбайг маш сайхан бүрдүүлж өгсөн гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүнчлэн эцэг эхчүүдийн хувьд тоглоомын ариутгал хэрхэн хийгддэг талаар ихээхэн сонирхдог байна. Сургалтын төвийнхний хувьд АНУ-аас ирдэг зориулалтын бодисоор лего тоглоомуудыг ариутгаж, цэвэрлэдэг гэсэн.

“Bricks 4 kidz” сургалтын төв “Хөдөлгөөнт лего” сургалтынхаа хүрээнд амралтын цэнэг, сургууль, цэцэрлэг, төрсөн өдрийн баярт зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ нь амралтын өдөр өөрийн байран дээрээ сургалтаа явуулахаас гадна сонирхож буй сургууль, цэцэрлэгүүдэд лего тоглоомоо авч очин үйлчлэх хөтөлбөр юм. Мөн зугаатай зуслан, робот бүтээх гэсэн нэмэлт хөтөлбөрүүд ч бий. Эдгээр хөтөлбөрүүд найман удаагийн оролт нь 79 мянган төгрөг юм байна. Робот бүтээх “Лего роботекс” сургалт нэг сарын 99-120 мянган төгрөгийн ханштай гэсэн. Роботын сургалт болон хөдөлгөөнт лего сургалтууд нь амралтын өдрүүдэд ч явагдах боломжтой. Харин амралтын өдрийн хоёр цагийн сургалт 12900 төгрөг, үргэлжлүүлээд дахин нэг хөтөлбөрт хамрагдаж дөрвөн цаг суух юм бол 19900 төгрөг юм байна. Олон хүүхэд хамрагдаж, өөрчлөгдөөсэй гэсэндээ тэд сургалтын төлбөрөө байж болох хамгийн бага ханшаар тогтоож өгсөн гэсэн.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Ипотек нэртэй банк, барилгын салбарыг дэмжсэн санхүүгийн мөлжлөг цаашид үргэлжилсээр л байх уу

Image result for Ипотек

Монголчуудад шаардлагатай хамгийн том зээл бол ипотекийн зээл. Энэ зээл хүн амын 70 шахам хувьд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ зээлийг инженерийн байгууламжтай орон сууцанд л олгодог тул хүн амын 70 хувьд шаардлагатай байдаг. Хэдийгээр ууган нам 100 жилээ тэмдэглэх гэж байгаа боловч монголчууд эсгий гэрээсээ салаагүй л байна. Анх энэ зээл монголчуудыг тохилог орон сууцтай болгох зорилготой байсан ч, өнөөдөр хүн амын тал нь суурьшиж байгаа Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдлыг шийдэх үндсэн гарц болж хувирч байна. Зээл хэрэгжээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа боловч 100 мянга орчим өрх л хамрагджээ. Бараг дөрвөн их наяд төгрөг зарцуулсан. Гэхдээ зээл ямар үр дүнд хүрснийг өнөөдөр харж болно. Намууд 2004 оны сонгуульд арван мянга, 2008 онд 40 мянган айлын орон сууц барих тухай амлалт өгч байсан. Харин амлалтын дүйвээнээр барилгын компаниуд хангалттай үүргээ гүйцэтгэсэн байдаг. Өнөөдөр зах зээл дээр 20-иод мянган орон сууц илүүдэж байна. Гэтэл эрэлт өмнөхөөсөө өссөн байгаа нь судалгаанаас харагддаг.

ЭРЭЛТ ӨССӨН БАЙХАД ИЛҮҮДЭЛ ОРОН СУУЦ ЗАХ ЗЭЭЛД ЯАГААД ҮҮССЭН БЭ

Улстөрчид орон сууцны эрэлтийг олж харж, нийгмийн сэтгэхүй дээр тоглож чадсан ч нийлүүлэлтийг хэрхэн хангах талаар ямар ч судалгаа байхгүй нь өнөөгийн орон сууцны зах зээлээс харагдана. Ипотекийн зээлийг их хэмжээний хуримтлалтай тохиолдолд гаргадаг гэнэ. Хуримтлал өндөр хөгжилтэй орнуудад хувийн хэвшлээс голдуу гарна. Тэр тусмаа мөнгөний илүүдэл үүссэн, өрсөлдөөн ширүүсч мөнгө хүүлэх боломж багассан тохиолдолд ипотекийн зээлийн үүсвэр нэмэгдэнэ. Улстөрчид өөрсдөө барих гэж байгаа мэт олон тооны орон сууц ашиглалтад оруулах тухай амлалт өгдөг. Харин хэн ч төлбөрийн асуудлыг ямар замаар шийдэхээ сонгуулийн үеэр яриагүй байдаг. Тэд барилгын салбарыг хангалттай дэмжсэн. Үнэ тогтворжуулах, барилга барих урьдчилгаа олгох зэрэг олон арга хэмжээ авсан. Харамсалтай нь өнөөдөр барилгын зах зээл дээр илүүдсэн энэ их хэмжээний орон сууц энэ салбараа хүндрэлд оруулах хамгийн том шалтгаан болж хувирчээ. Барилгачид банкны зээл, зээлийн хүүд дарагдахаас эхлээд ажилчдынхаа цалин, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсөө өгөх томоохон асуудалтай тулгарлаа. Ипотекийн зээлийн гол тулгуур нь ажилтай орлоготой иргэд. Орон сууцны илүүдэл сүүлийн гурван жил үүссэн компаниудын орлогын ашгийн бууралттай шууд хамааралтай байгааг харж болно. Зарим эдийн засагчийн хэлж буйгаар ийм байдлаар ипотекийн зээл цаашид зээлдүүлэгч, зээлдэгчдэд улам их хүндрэл үүсгэх гэнэ. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авчихвал цаашид төр энэ салбарын ажлаас холдох нь өлзийтэй аж. Түүгээр барахгүй үнэ тогтворжуулах тухай бодохын ч хэрэггүй. Учир нь барилгын үнэ тогтворжуулах хөтөлбөр ил тод биш учраас тэр мөнгөөр барилгын үнэ тогтворжсон гэх ямар ч баримт алга. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй бол тухайн бараа, үйлчилгээний үнэ тэнгэрт хадах байсан тухай улстөрчид номлодог. Тэгвэл сүүлийн хэдэн жил орон сууцны үнэ хөөстэй хэвээр байгааг судалгаа харуулдаг. Тэр бүү хэл зах зээлд ихээхэн хэмжээний илүүдэл орон сууц байхад буурахгүй л байна. Бас нэг сонирхолтой баримт бол шинээр худалдан авсан орон сууцны тал хувийг гадаадад ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа хүмүүс Монгол руугаа шилжүүлсэн мэдээ байна.

Мөн цөөнгүй хувийг иргэд ажиллаж байгаа албан байгууллага, компанийнхаа дэмжлэгээр авсан байдаг. Дээр 100 мянган орон сууцыг ипотекийн зээлээр авсан болохоор өнөөгийн баригдаад байгаа барилгуудыг цалингаараа авсан иргэн байхгүй болж таарна. Үүнээс харахад ихэнх иргэдийн орлого орон сууц худалдан авахад хүрэхгүй. Хүрч байгаа хэсэг авчихсан мэт харагдана. Гэхдээ иргэдийн орлого тийм ч бага биш байгаа нь Статистикийн үндэсний хорооны судалгаагаар гарсан. Харин орон сууцны үнэ бодит гэсэн ямар ч баталгаа алга. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ярьж буйгаар орон сууцны үнийг одоогийн зарж байгаа үнээр 2-3 дахин бууруулах боломжтой. Гэвч энэ хүн эдийн засагч мөн үү гэдэг асуулт гарна. Биш. Гэхдээ хямд зээлийн эх үүсвэр, барилга барих зардлаа хэмнэж чадвал ийм боломж байгаа гэнэ. Эндээс харахад илүүдэл орон сууцыг худалдан авах иргэдийн орлого алга. Авсан ч ипотекийн зээлийн хүү, барилгын салбарын нэмсэн ашгийг давах боломжгүй аж.

ИРГЭДИЙН ОРЛОГО БУУРАХАД ИПОТЕК ДАМПУУРДАГ

Анх ипотекийн зээл гаргахдаа жилийн 16 хувийн хүүтэй гаргаж байсан. Энэ талаар манай сонин “Жилийн 16 хувийн хүүтэй ипотекийн зээл буюу чөтгөрийн цалам” хэмээх шүүмжлэл нийтэлж байв. Тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд Д.Дашдорж “Зээлийн үр дүн гарахаар уучлал гуйгаарай” гэж байсан юм. 16 хувийн зээл гэдэг бол арван жилд 160, 15 жилд 283 хувийн хүүтэй зээл юм.

Харин өнөөгийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хүмүүс боломжийн гэж хардаг. Гэтэл саяхан нэгэн танил маань “Гурван жил ипотек төлнө гэдэг чанга байна шүү.

Дахиад 12 жил ингэж явна гэхээс халширч байна” гэв. Ипотектой бүх иргэнд энэ асуудал тулгарч байгаа болов уу. Дээр нь ажилгүйдэл нэмэгдсэн мэдээ бий. Гэхдээ өнөөгийн хамгийн сайн эргэн төлөлттэй зээл бол ипотекийн зээл. Танил маань гурван жилийн өмнө 50 сая төгрөгийн ипотекийн зээл авсан байдаг. Тэрээр улстөрч биш учраас ажлын байрны баталгаа бага гэнэ. Нэг өдөр гудманд гарахад л ипотек будаа. Ипотектой хэдэн иргэн ийм байдалтай байгаа тоо алга.

Харин зарим оронд ипотекийн зээлтэй иргэдэд зориулсан олон хамгаалалтын арга хэмжээ авдаг аж. Ипотекийн хамгийн том найдвар болох худалдан авах чадвар буюу орлогыг баталгаажуулах төрийн үүрэг байх шаардлагатай аж. Эс бөгөөс 2009 оны дэлхийг хамарсан томоохон хямрал болох тухай эдийн засагч ярьж байна. Гэхдээ энэ нь төр зах зээлийг зохицуулна гэсэн үг биш. Хуулийн хяналтыг л чангатгана. Тус хямрал нь моргейжийн зээлээс ашиг хүртэх сонирхолтой зээлийн эдийн засагч нараас болсон байдаг. Ипотекийн зээлд төр баталгаа гаргаж өгсөн. Мөн зээлийг давхар даатгал гэх санхүүгийн үүсмэл хэрэгсэл гээч нь орон сууцны үнийг хөөсрүүлээд зогсохгүй ямар ч баталгаагүйгээр ипотек тараах шалтгаан болсон гэдэг. Ямар ч орлогогүй тэнэмэл хүн ипотек авсан тухай ч мэдээ бий. Харин манай нөхцөлд хувийн хэвшил хөрөнгө оруулж нийслэлд шаардлагатай 180 мянган өрхийг орон сууцжуулах ямар ч боломжгүй гэнэ.

ИПОТЕКИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ

Зах зээл нь төлөвшсөн өндөр хөгжилтэй орнуудад ипотек томоохон асуудал дагуулахгүй ч бүрмөсөн шийдэгдээгүй байна. Гэхдээ тэдний ипотекийн зарчим манайхаас өөр. Жишээлбэл үл хөдлөх хөрөнгөд олгодог тус зээлийг Монголд орон сууцны зориулалтаар л олгоно. АНУ-ын зарим мужуудад 1998 оноос хойш нийтийн орон сууцанд ипотекийн зээл олгохыг зогсоосон гэнэ. Түүгээр ч зогсохгүй нийтийн орон сууц барихыг хориглосон тухай ярьдаг. Манай улстөрчид иргэдийн орон сууцны тухай ярих бүрт мөнгө санхүү толгойд ордог зуршилтай болсон. Харин Хангай зах дээр модны наймаа хийдэг залуу “Надад тэр үнэтэй орон сууцны хэрэг алга. Бохир, дулааны шугам манай хаяанд ирэхэд л би хоёр өрөө байр авах мөнгөөр найман өрөөтэй хаус барьчихна” гэж байна. Харин барилгын компанийн захирал “Нийслэл хувийн газар дээр олон давхар олон сууц барихыг зөвшөөрөхгүй байна. Манай хамаатнууд газраа нэгтгээд байшин барихад бэлэн болоод зургаан жил болж байна” гэв. Харин Баянхошууны эцэст байдаг нэгэн өрх яасан ч нийтийн орон сууцанд орохгүй гэнэ. Тэд бүх асуудлаа шийдсэн. Тэдний үзэж буйгаар аравхан жилийн дараа нийтийн байр хог болно. Орон сууцжуулах ажил зөв чиглэлд яваа гэдэгт олон эдийн засагчид итгэхгүй байна. Өнөөгийн орон сууцжуулах бодлогыг өндөр хүүтэй зээлээр өндөр хүүтэй барилга шахах бодлого гэж үзэж байна. Харин Э.Сато нийслэлийн гэр хороололд долоон тэрбум ногоон байгаа тухай хэлсэн. Нэг ч улстөрч өнөөг болтол энэ үгийг ойлгооогүй бололтой юм. Нийслэлийнхнийг орон сууцжуулах хоёрхон зам байгаа гэнэ. Гэр хороололд дэд бүтэц байгуулах, эсвэл газрыг барьцаалж жилийн хоёр хувийн зээлжүүлэх. Дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй орнуудад 2-3 хувийн зээл хангалттай бий. Энэ зээлээс ипотекийн зээлээс 0.5-1 хувийн марж хийнэ гэсэн банкинд л зээлийн эрх олгоход бас нэг эх үүсвэр гарна гэнэ. Асар өндөр цалинтай Японы ипотекийн зээл жилийн 1.68, Швейцарь 1.75, Финлянд 1.83, Герман 1.9 Люксембург хоёр хувь байна. Харин орлого багатай бид найман хувийн ипотект хэдэн жил тэсэх бол.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

П.Оюунчимэг: Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчирхийлсэн гэдгийг хэний ч нүднээс нууж чадахгүй баримт нь өсвөр насны хүүхдийн жирэмслэлт

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Та энэ оныхоо ажилд ямар дүн тавьж байна вэ. Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал өмнөхөөс дордсон уу, ахиц дэвшил гарав уу?

-Хүний эрхийн асуудлыг авлигын индекстэй адил дугаарлаад, байр эзлүүлэх боломжгүй. Яагаад гэхээр улс орон болгон өөрийн онцлог, ёс заншил, хууль дүрэмтэй. Хүний эрхийн зөрчил ч улс болгонд өөр. Дэлхийн хаана ч хүн болгон заяамал, жам ёсны эрхээ эдэлж, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох алтан дүрэм үйлчилдэг.

Хүнээ мартчихсан төр улсад хүний эрхийн асуудал яригддаггүй. Төртэй холбоотой бүх л асуудалд хүний эрхийн асуудал зайлшгүй яригддаг. Хүний эрхийг хууль дүрмээрээ хэр зэрэг баталгаажуулсан бэ, энэ нь амьдралд яаж хэрэгжиж, нийцэж байгаа вэ гэсэн гол шалгуур нь хууль тогтоомж, түүний хэрэгжилт.

Манай улс хууль дүрэмгүй, хүнээ мартчихсан юм биш. Нийгэмд үйлчлэх ёстой бүх л дүрэм журам хууль тогтоомжийг хийж явсан байдаг. Гэхдээ 1992 оны Үндсэн хуульд өмнөхөөс ялгаатай нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой бүлгийг тусгайлан оруулснаараа онцлог. Энэ утгаараа манай Үндсэн хуулийг ардчилсан, иргэндээ үйлчилсэн гэж судлаачид үздэг юм билээ. Яагаад хүний эрхийн асуудал Үндсэн хуульд орж байна вэ? Монголчуудын эрх заавал Үндсэн хуулиар баталгаажих ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ. Гол зохицуулалт нь иргэний жам ёсны, хууль ёсны эрхүүдийг төр зөрчихөөс л хамгаалж байгаа юм. Хүний эрхийг хамгийн том зөрчигч нь төр байдаг.

Хүний эрхийг зөрчсөн хууль гаргаж болохгүй нь. Төр гурван үүрэгтэй. Нэдүгээрт төр иргэнийхээ эрхийг хүндэтгэх ёстой, хоёрдугаарт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах ёстой, гуравдугаарт, нь төр иргэнийхээ эрхийг хангах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүний эрхийн асуудал яригддаг.

Бид 1992 онд баталгаажуулж тунхагласан Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах байгууллага, энэ эрхийн төлөө ажилладаг хүмүүс байх ёстой гэж үндсэндээ 2000 онд Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг баталсан шүү дээ.

1961 онд НҮБ-ын гишүүн болсоноос хойш Монголын төр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тусгайлан үүрэг хүлээх болсон. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Гэтэл олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын хуультай харшилсан олон улсын гэрээг соёрхон батлахгүй гэсэн тусгай зохицуулалттай. Хүний эрхийн чиглэлээр нэгдэн орсон 50 гаруй гэрээ конвенцийг Монгол Улс үндэсний хууль тогтоомждоо харшлаагүй гэж үзсэн учраас заримд нь тайлбар хийхгүйгээр, заримд нь тайлбар хийн нэгдэн орж, өнөөдөр Монгол Улсын нутагт дэвсгэрт хоёр хууль үйлчилж байгаа. Нэг нь олон улсын гэрээнүүд, нөгөөдөх нь дотоодын хууль тогтоомжууд.

Энэ бүх хуулийн зохицуулалт иргэнд тэгш үйлчлэх ёстой гэдэг алтан зарчим л хүний эрхийн гол суурь болдог.

-Хүнээ мартсан нийгэмд хүний эрхийн тухай яригддаггүй гэж та хэллээ. Хүний эрх зөрчигдсөн талаар их ярьж байгаа нь муу биш байх нь ээ?

-Иргэд эрхийнхээ төлөө тэмцэж байна. Энэ бол нэг давуу чанар. Эрхийн төлөө тэмцэнэ гэдэг энэ нийгэмд би тодорхой үүрэг, хариуцлагатайгаар оролцдог гэдгээ мэдээд байгаа хэрэг.

Өнөөдөр бид яагаад хүүхдийн эрхийн тухай яриад байгаа юм бэ.

Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлыг өнөөдөр бий болсон мэтээр шуугиж байна шүү дээ. Хүүхэд насыг дамжаагүй хүн гэж үгүй. Гэтэл өнөөдөр гарч байгаа хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил өмнө нь байсан уу гэвэл байсан. Манайхан дуугүй явж явж байгаад, нэг том хэрэг гарангуут өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг л баахан шуугиад өнгөрдөг. Үүнийг таслан зогсоохын төлөө хийж байгаа тэмцлийн үр дүн өнөөдөр ямар байна гэдгийг бид гол нь яриад байгаа юм.

Яагаад үүнийг хэлээд байна гэхээр Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуульд зааснаар жил болгоны эхний улиралд багтаан УИХ-д илтгэл өргөн барьдаг. Энэ илтгэл Хүний эрхийн үндэсний комиссын тайлан биш. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бүх хүний Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээнд заагдсан, баталгаажуулж тунхагласан эрхийн асуудлууд Монголын нийгэмд яаж хэрэгжиж, хэрхэн зөрчигдөж байна гэдгийг дүгнэсэн тайлан, хүний эрхийн зөрчлийн томоохон асуудлуудыг судалгаатайгаар гаргаж тавьдаг илтгэл юм. Хэрэв энэ илтгэлд төрийн байгууллага, УИХ, Засгийн газар нь ач холбогдол өгч, жил бүрийн илтгэлүүдийг нэг бүрчлэн асуудал болгон дээр хэлэлцэж, таслан зогсоох арга хэмжээг хариуцсан байгууллагууд хийж, үр дүнд хүрсэн бол би өнөөдөр хүний эрхийн зөрчил буурсан тухай ярьж болно.

Мэдээж дэвшилттэй юм бий. Байнга яригдаж, үр дүнд хүрсэн өчнөөн асуудал байна. Хамгийн гол нь бид нэг улсад нэг юмны төлөө ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би яам тамгын газруудыг бүх ажлаа хаяад ганцхан хүний эрхийн төлөө тэмц гэж хэлж чадахгүй. Гэхдээ үйл ажиллагаа нь хүний эрхэд суурилсан хандлагатай байх учиртай. Хүнээ бодсон байх ёстой. 192 орон оролцсон НҮБ-ын чуулган дээр Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцээд гаргасан зөвлөмжүүд бий. Дэлхийн улс орнууд танай улс үүнийгээ сайжруул энэ чинь болохгүй байна гээд өгсөн зөвлөмжүүд нь хэдхэн зүйл байдаг. Нэгдүгээрт нь, хууль эрхзүйн орчноо сайжруул гэдэг.

Хоёрдугаарт нь, бодитой үр дүнтэй үйл ажиллагаа явуул гэдэг. Гуравдугаарт нь, үүнийгээ төрийн байгууллагуудын хэвшмэл үйл ажиллагаа болго гэсэн ийм л гол зөвлөмжүүдийг өгдөг. Зөвлөмжийн агуулга нь ийм байдаг.

Олон улсын гэрээгээр хүлээсэн заалтуудыг шийдвэр гаргаж байгаа түвшин болон хууль хяналтын байгууллагынхан маань хэрэглэж мэдэхгүй байна. Та нар олон улсын гэрээнд нэгдэж орсон бол үүнийгээ практикт хэрэглэ гэж бид үндсэндээ 16 жил ярьж байна. Ялангуяа олон улсын гэрээний зүйл заалтыг хүний эрх ашгийг хангах, хамгаалах үүднээс хэрэглэхгүй байна. Ерөөсөө л дотоодын хууль тогтоомжоор хязгаарлагдсан мэдлэгтэй хүмүүс байна. НҮБ-ын байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж нь олон улсын гэрээг хууль шүүхийн байгууллагадаа хэрэглэх практик тогтоо гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг 2008 онд шиг санаад байна Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нартай тусгайлсан уулзалт хийж, олон улсын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актуудыг хууль шүүхийн байгууллагад хэрэглэх тухай тогтоол гаргуулж байсан юм. Үүнийг бүх шатны шүүгч нар, хууль хяналтынхан хэрэглэх ёстой.

Алхам алхмаар дэвшил гарч байна. Олон улсын гэрээг хэрэглэхгүй байна гэдэг манайх шиг эрх зүйн тогтолцоо нь олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомж нь параллель явдаг улсын хувьд зөвхөн нэг талыг шүтсэн хэрэглээ болоод байгаа юм. Дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй дэлхий нийтийн хэмжээнд дагаж мөрдөж байгаа олон улсын гэрээнүүдэд тухайн асуудлыг арай өргөн цар хүрээтэй зохицуулсан байдаг. Хүний эрхийн асуудал үүн дээр ажиглагдаж байдаг.

-Нийгмийг цочроосон гэр бүлийн хүчирхийллийн ноцтой хэргүүд гарах боллоо. Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх үндсэн шалтгаан юу байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл хоёр талтай. Нэг нь дээд зэргийн хүчирхийлэгч нар байдаг. Хоёрдугаарт, тухайн нөхцөл байдлын улмаас хүчирхийлэл үйлдчихсэн хүмүүс бий. Хүчирхийлэл хүний зан үйлтэй холбоотой. Зан үйл бүрэлдэн тогтоход суурь хүмүүжил нөлөөлнө. Нөгөө талаар нийгмийн харилцаа хүмүүсийн амьдралд маш их нөлөөлж байна. Нийгмийн харилцааны үндэс гэр бүл. Гэр бүл хэр зэрэг тогтвортой байна. Гэр бүлийн харилцааны үнэт зүйл юу болчихоод байна вэ. Гуравдугаарт, нийгмийн нөхцөл байдал хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байна гэдэг асуудал суурь нь юм билээ. Жишээлбэл, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэр бүлийн жишээг авч үзье. Манайд ирдэг гомдлууд дээр би яриад байна. Эхнэр нь амаржлаа. Хүүхдээ асрах шаардлагатай. Нөхөр нь хувийн бизнес эрхэлж зээл авлаа, зээлээ төлж чадахгүй дампуурлаа. Тэр гэр бүл яаж амьдрах вэ. Зээл, хүүний дарамтанд орно. Мөнгө төгрөгний маргаан үүснэ. Нөхөр нь гэр бүлээ тэжээх гэж бүх л аргаа хэрэглэнэ. Тэгж яваад хэрэгтэн болчихдог. Түүнээсээ болоод уурлана хэрэлдэнэ зодолдоно. Даамжирсаар байгаад гэр бүл сална. Гол асуудал нь хүүхэд өнчирдөг. Долоон нас хүрээгүй хүүхдийг ээжид нь өгөөд, долоон нас хүрэхээр нь эцэг эхийнхээ хэн дээр нь очих вэ гэдэг асуудал яригдана. Хүүхэд хүчирхийлэлд байна уу, эрүүл бус орчинд байна уу гэдэг асуудал сөхөгддөг. Өргөдөл гомдол, шалгалт судалгааны явцад харахад бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдлын ихэнх хувь нь төрөл төрөгсөд, ах дүү садан, хойд болон төрсөн эцгийн зүгээс үйлдэгдэж байна. Энэ бол ялзрал.

Эмэгтэйчүүдийн хувьд хүчирхийллийг таслан зогсоох эцсийн арга нь хэн нэгнийхээ амийг авч байж төгсч байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь ярьж байгаагаар “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох миний эцсийн арга энэ байсан” гэж ярьдаг. Амьдрал юу болоод байгааг нэг удаа ч болов газар дээр нь очиж харах хэрэгтэй. Бид дандаа ядарсан хүмүүстэй ажилладаг. Тэр айлуудаар ордог. Бүгдтэй нь зууралдаж явдаг хүний хувьд би хэлж байгаа юм.

Хичнээн олон мянгаараа Улаанбаатарт шилжиж ирээд ямар нөхцөлд энэ хүмүүс амьдарч байна. Хүүхдүүдийн сурч боловсрох эрх, ээж аавын үүрэг хариуцлага, эрүүл, аюулгүй хүчирхийлэлгүй орчин нөхцөл хаана байна?

-Та олон жил хүний эрхийг хамгаалах гэж явж байна. Цөхрөх үе байдаг уу?

-Нэг жишээ хэлье. Саяхан Дархан-Уул аймагт гэр оронгүй хүүхэдтэй эмэгтэй таван жил хоригдох ял авлаа. Шүүх таван жил хорьсугай гээд шийдвэрээ уншчихсан. Хүүхэд хэний асрамжинд байх, яах ёстойг уг нь шийдэх ёстой шүү дээ. Гэтэл тэрийг шийдээгүй. Дараа нь энэ хүн нэг настай хүүхэдтэй юм байна гэдэг асуудал яригдахад хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдэж байна л даа. Гэхдээ энэ пүрэв гаригт болсон асуудал. Хонгор сумын хамтарсан багт хүүхдийн асуудлыг шийд гээд захирамжиндаа заасан. Шүүх хурлын дараа хүүхдийг нь авах хүн байхгүй. Цагдан хорих байранд эмчийн өрөөнд хүүхэдтэй нь хамт хонуулж байгаа юм. Шүүх прокурор, хүүхэд хамгааллын байгууллагынхантай би ярьсан л даа. “Та нар хэрэг шалгах явцдаа энэ нялх хүүхэдтэй эмэгтэй тэдэн жилийн ял авна гээд хэргийг нь хянаж, мэдэж байсан. Хүүхдийн асуудал яах вэ гэж урьдчилж хардаггүй юм уу” гэж асуусан. Харамсалтай нь тэрийг хэн ч мэдэхийг хүсээгүй. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын даргатай ярьж, хүүхдийг яаралтай хамгаалалтад авахуулах жишээтэй. Миний асуудал биш манайд хамаагүй гэдэг хандлагыг болих хэрэгтэй.

Хүний эрхэд суурилсан хандлага бүх шатанд байж хүний эрхийг хамгаалдаг болохоос биш миний, чиний ажил гэж хуваарилах юм бол хүний эрх хаа нэг газар заавал зөрчигддөг. Өнөөдөр ээжтэйгээ хамт ял эдэлж байгаа хүүхдүүд байна.

Монгол Улс таслан шийтгэх тогтоол гараагүй хүүхдийг эхтэй нь хамт байлгана гээд ял эдлүүлж байгаа нь үнэн. Зохицуулалтаараа ой хүртэл нь ээжтэй нь хамт байлгана гэдэг. Зарим тохиолдолд ял хойшлуулдаг. Бид яахав гуч байсан гурав болсон, гурав байсан нэг болчихлоо гэж яриад байгаа юм. Тоондоо биш. Эцэг эхийн үүрэг ч гэж байна. Хүүхдийн эдлэх ёстой эрх бий.

-Сүүлийн үед Г.Номуундарь охины хэрэг явдлаас улбаалаад манай дунд сургуулиудад хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байна. Хар тамхины хэрэглээ байна гэсэн ойлголт нийгэмд төрж байна?

-Мэдээж хүүхдийн эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас гэр бүлийнхэнтэй нь холбогдсон. Уулзах хүсэлт тавьсан. “Уулзах зав байхгүй байна, дараа нь холбогдъё” гэсэн хариу өгсөн. Хэргийг цагдаа шалгаж байгаа учраас энэ хэргийн талаар тодорхой мэдэхгүй. Хар тамхитай холбоотой асуудлын хувьд хүний наймаа, хар тамхи хоёр хамт явдаг. Нэг нь бүхэл бүтэн хүнийг зарчихаж байна. Нөгөөдөх нь тусгайлсан химийн аргаар боловсруулсан буюу эсвэл байгаль дээр байгаа бүтээгдэхүүнийг техникийн хүчин чадлаар боловсруулж, хүний сэтгэцэд нөлөөлж, мансууруулж, нийгмээс тусгаарлаж байгаа үйл ажиллагаа. Үр дүн нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Яагаад дэлхий нийтээр анхаарал татаад байна гэхээр хамгийн их ашиг олдог хар бизнес. Хүний наймаа, хар тамхи, эмийн хууль бус худалдаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн төрлүүд. Монгол Улс Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон. Хүлээсэн үүрэг байгаа учраас тэмцэх ажил зэрэгцэж явах ёстой. Гэтэл 15 жилийн өмнө хүний наймаа, хар тамхи ярихад хэн ч ойлгодоггүй байсан шүү дээ. Хохирогч боллоо, хэрэглээд байна, хүн зараад байна гээд байхад энэ асуудалд хожуу анхаарч байна.

2002 онд Хүний эрх хөгжил төв гэж төрийн бус байгууллагатай Хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийж байхад манай хуулийнхан мэддэггүй байсан. Хүн дэлгүүрт ороод талх авахад мөнгөө төлж авдаг биз дээ гэсэн прокурортой таарч байлаа. Гэтэл өнөөдөр арав гаруй жилийн хугацаанд хэчнээн эмэгтэй зарагдаж байна, хичнээн гэр бүл хохирч байна.

Мөнгөгүй хүн хар тамхи хэрэглэдэггүй. Дэлхий нийтийн жишиг ийм. Мөнгөтэй хүмүүсийн хэрэглээ хар тамхи. Жишээлбэл 80 мянган төгрөгнөөс доош орлоготой, нэн ядуугийн ангилалд багтсан хүн хар тамхи хэрэглэхгүй. Гэтэл хүний наймаа нь амьдралын бололцоогүй, ядуу, гэр бүлээ тэжээх шаардлагад үндэслээд залилан мэхлэх ажиллагаанд хууртагдаж явдаг бүсгүйчүүд холбогддог. Хар тамхины хэрэглээ ямар шатанд байна гэхээр бүх байгууллагын судалгаа зөрж байгаа. Тэр байтугай насанд хүрээгүй хүүхэд хохирогчоор тогтоогдсон гэмт хэргийн тоо хүртэл зөрдөг. Улсын хэмжээнд хуулийн байгууллагууд нь өөр өөр статистик гаргадаг. Судалгаа тодорхой байж бодлого тодорхойлогддог шүү дээ. Судалгаа тодорхой байж шаардлага үүсдэг. Энэ судалгаа шаардлага бодлогын хүрээнд хууль батлагдаж гарах учиртай. Ямар ч судалгаагүй, мэдээлэлгүй хууль тогтоомжууд хуурай болдог.

-Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт нэмэгдэж байна. Яагаад энэ тохиолдол нэмэгдээд байна вэ?

-Учир нь ойлгомжтой. Хүүхдийг хүчирхийлж байна шүү дээ. Түүнээс биш 18 насанд хүрээгүй бүх хүнийг хүүхэд гэж хэлнэ гээд 1989 оны Хүүхдийн эрхийн конвенцид байгаа. Энэ наснаас доош хүүхдүүд өөрөө шийдвэр гаргаад гэр бүл зохиох эрхгүй. Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчирхийлсэн гэдгийг хэний ч нүднээс нууж чадахгүй баримт нь өсвөр насны хүүхдийн жирэмслэлт. Мянган хүүхэд төрлөө гэхэд цаана нь мянган хүчирхийлэгч байгаа. Энэ мянган хүчирхийлэгч бүгд Эрүүгийн хуульд заасны дагуу шалгагдаад ял шийтгэл авах ёстой биз дээ. Энэ хүмүүс ял завшиж байгаа.

-Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол ял шийтгэл хүлээх заалт байдаг билүү?

-Байгаа. Тэгээд энэ мянган хүн хаана яваад байна. Энэ л сонин байна.

-Зарим судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн харьцаанд орж байгаа нас залуужсан байна. Хүүхэд хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орсон бол яах вэ?

-Тэр бол Монголд шууд хориотой. Аль нь ч байсан гэмт хэрэг. Хүүхэд хүүхэдтэйгээ бэлгийн харилцаанд орвол ял шийтгэлээс чөлөөлөгдөнө гэсэн юм байхгүй. Хөдөө явж байхад 16 настай охин зургаан сартай жирэмсэн юм байна. Аймаг орон нутагт үр хөндүүлэх гэсэн зөвшөөрөөгүй байна. Ээж нь хот руу авч явсан. Хотод ч зөвшөөрөхгүй. Цагдаагийн байгууллага мэдээлэл аваад шалгасан чинь ээжийнх нь төрсөн дүү хүчирхийлэгч байж таарсан. Дүүгээ хэрэгт оруулахгүйн тулд охиноо золиосолж байна шүү дээ. Ийм гашуун юм гарч байна. Гэртээ төрж байгаа, эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барж байгаа тохиолдлууд бий. Өсвөр насныхны дундах бэлгийн замын халдварт өвчин үнэхээр анхаарал татах сэдэв мөн. Социализмын үед багш нар энэ асуудалд маш хатуу хяналт тавьдаг байсан. Охидын үзлэг гэж сургуулиудад тусгайлсан эмч нарын баг ирж үздэг байлаа.

Бид УИХ-д өргөн барьсан илтгэлтэй холбогдуулаад, сургуулийн орчинд сэтгэл зүйч, эмч нарыг байнга ажиллуулах шаардлага тавьж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Өдрийн зээлийг хүчээр өгөөд байгаа юу

Ойрын өдрүүдэд Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз /МҮОНТ/-ээр өдрийн зээлийн талаар цуврал сурвалжлага эрчимтэй явж байна. Тэдний үзүүлж буйгаар бол “өдрийн зээл” авсан иргэд ер нь сөнөж байгаа юм байна. Мөнгө хүүлэгчдээс нэг өдрийн зээлийг 5-10 хувийн хүүтэй аваад эргүүлэн төлж чадахгүй хохирсон иргэдийн тоо хэд дахин нэмэгджээ. Авсан зээлээ өгч чадахгүйгээс болж хүүгийн хүү бодогддог байна. Ингээд орон гэр, хашаа байшин, мөнгө болох бүх зүйлээ алддаг. Үүгээр ч зогсохгүй амиа егүүтгэсэн, архинд орсон, гэр оронгүй болсон, гэр бүл салсан, гэртээ харьж чадахаа байсан гээд гамшгууд үргэлжилж байна гэж МҮОНТ үзжээ. Энэ бүгдийн буруутан нь ББСБ гэнэ. Цаашлаад Монголын арилжааны банкууд бас холбоотой гэж үзжээ. Үндэсний Олон нийтийн телевизийн эдгээр цуврал сурвалжлагын гол зорилго нь Монголын банкууд монголыг баллаж, ард түмнийг ядуурлын туйлд хүргэж байгааг харуулахыг зорьсон бололтой. УИХ-аас 2015 онд шинэчлэн найруулж баталсан Иргэний хуулиар иргэд хоорондоо гар дээрээсээ хүүтэй мөнгө зээлэх нь хориотой болсон. Тийм болохоор өнөөдөр мөнгө хүүлэгчдийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан “өдрийн зээл” гэх нэрийн дор мөнгө хүүлж, тэдний ард арилжааны банкууд байна гэж ойлгуулж байгаа нь энэ.

Үнэндээ МҮОНТ-ийг гайхаж байна. Яагаад гэвэл Монголын банкууд, Монголын санхүүгийн зах зээл нь өөрөө монголын үндэсний эрх ашиг зайлшгүй мөн юм. Монгол Улсын үндэсний эрх ашгийн тулгын гурван чулууны нэг нь банкууд. Үндэсний эрх ашгийн ийм амин чухал тулгуур салбараа, тулгуур эдийн засгаа Үндэсний олон нийтийн телевиз буруутгах нь ямар бодлого вэ. Үндэсний эрх ашиг болсон банк-Үндэсний телевиз хоёр бодлогын хувьд нэг юмны хоёр тал биш юм уу. Ард түмний ойлгож байгаагаар бол Үндэсний Олон нийтийн телевиз нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бодлогоор Үндэсний үйлдвэрлэл, Үндэсний банк хоёроо онцгой дэмжиж явах ёстой гэж хардаг. Тэгэхээр МҮОНТ ингэж болохгүй. Өнөөдөр монголчуудын эрх ашиг дэндүү жижигхэн, арчаагүй байгаагын нэгэн илрэл энд харагдаж байх шиг байна. Мэдээллийн агентлагийнх нь тэр долоо хоногийг хариуцсан нэг редактор нь юм уу, аль эсвэл нэг жижигхэн даргынх нь ойр тойрны хүн “өдрийн зээл” авчихсан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд л тийм бодлогогүй, үндэсний эрх ашигт үл нийцэх мэдээ сурвалжлагыг сүржигнүүлэн программын захиргаагаараа батлуулсныг хэн мэдлээ. Гэхдээ өдрийн зээлийг огт үгүйсгэж байгаа юм биш. Байх ёстой санхүүгийн бичил үйлчилгээ. Хамгийн гол нь хуулийн хүрээнд, Монголын нийгэмд тохирсон, зөв бодлогоор зохицуулагдах ёстой юм. Тэрнээс өчүүхэн жижиг эрх ашгийн үүднээс том эрх ашиг руугаа дайрч, сөнөөж огтхон ч болохгүй. Монголын эдийн засгийг авч явахад Монголын банкууд голлох үүрэгтэй байгааг хаа хаанаа ойлгох ёстой. Банк байхгүй бол аж ахуй нэгжүүд байхгүй гэсэн үг.

Ер нь аль ч улс орны банк, санхүүгийн салбарт ганц л зарчим үйлчилдэг. Тэр нь сайн дураар л зээл авдаг. Хэн ч хүнийг албадаж зээл өгдөггүй. Өгөх ч ёсгүй. Өнөөдөр Монголын нийгмийг харахад өдрийн зээл авдаг хүмүүс нь хамгийн их “юм” ярьж байна. Тэдний ярьсныг бодлого муутай мэдээллийн сувгууд сүйрэл гамшиг болж буй мэт дамжуулж байна. Тэгвэл хэн тэдгээр хүмүүсийг өдрийн зээл ав гэсэн юм. Өдрийн зээлийг хүчээр өгөөд байгаа юм уу. Хатуу л хэлье. Ард түмнийг шулах гэж зээл авч байгаа биздээ. Эрээний зээл дээр 200 төгрөг байгаа оймсыг энд 2000 төгрөгөөр зарах наймаа хийх гэж зээлж байгаа биздээ. Өдрийн зээлийг хүмүүс өөрсдийн мэдрэмж тооцоогоор авсан. Мөнгө хараад тэвчихгүй, ашиг хийх гэж л авсан байх. Иргэн хүний ийм сайн дураараа авсан зээлийг харин МҮОНТ ард түмнийг шулж байгаа банкуудын үйлдэл гэж үзэж байгаа юм байна. Монголд өдрийн зээл авдаг 10 мянга орчим хүн байгаа гэсэн багцаа тоог Худалдаа эрхлэгчдийн холбооноос гаргасан. Харин хэдий хэмжээний мөнгөн дүн энэ зээлд эргэлддэгийг тус холбоо хэлж мэдэхгүй байгаа. Наад зах нь ийм тооцоо судалгаа байхгүй байж ямар юмных нь худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах вэ дээ. Цаана нь улс төрийн явуулга байна гэж харж байгаа. Учир нь ийм холбоо, байгууллагуудаар олон түмний эрх ашиг яриулж байгаад банкны хүүг бууруулах гэсэн зорилго байхыг үгүйсгэх аргагүй юм. Шулуухан хэлэхэд Монголын эдийн засгийг лангууны хэдэн авгай нар авч явдаггүйг та ч мэднэ, би ч мэднэ, олон даяараа мэднэ. Монголын эдийн засгийг үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний банкууд авч явдгийг та, бид мэднэ. Үндэсний телевиз нь энэ хоёрыгоо хамгаалж, дэмжиж байх ёстой.

Өдрийн зээл, ядарсан ард түмэн ярьсан энэ бүх ухаалгын цаана банкны зээлийн хүүг бууруулж, үндэсний хэдэн банкныхаа амыг барих гэсэн далд санаа явж байна. Өөрсдийнхөө төлөө, өөрсдийнхөө хүслээр зээл авчихаад хүүндээ орооцолдоод ирэхээр холбоо байгуулж тэмцдэг, түүнийг нь зарим нэг улс төрийн хүчин зорилгодоо ашигладаг, үүнээс ямар сөрөг үр дагавар гарахыг бодож үзсэн хэвлэл мэдээллийн байгууллага байна уу. Хүмүүст хүчээр зээл өгсөн юм шиг ингэж тэмцэж байгаа юм байна.

Тэгвэл тэр хадагламж эзэмшигч, банкуудыг хөл дээр нь зогсоож буй хүмүүс яагаад тэмцэл хийж болдоггүй юм бэ. Яагаад хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан холбоо байгуулахгүй байгаа юм. Та нар хөлс хүчээ шавхан байж босгосон, махаан зулгаан байж бий болгосон хөрөнгөө хамгаалаач. Хөгжсөн улс оронд баялаг бүтээсэн, хуримтлал бий болгосон хүмүүс нь хамгийн үнэ цэнтэй, нэр хүндтэй, нийгмийн хөдөлгөгч хүч нь байдаг бол Монголд ийм хүмүүс нь буруутай юм шиг байж болохгүй. Өнөөдөр банкинд хадгаламж эзэмшигчид нь оффшорт мөнгөө нуугаагүй, Монголын нийгэмд баялаг бүтээхийн төлөө арилжааны банкуудаар дамжуулж хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа хүмүүс. Банкны хүүг буурууллаа гэхэд эдгээр хүмүүс хөрөнгөө татна. Үр дүнд нь банкууд үйл ажиллагаагаа зогсооно. Банкгүй улс орон гэж дуулсан уу. Өнгөрсөн 25 жилд арайхийн төлөвшиж буй банкны систем рүүгээ ингэж тэнэглэн дайрч болохгүй. Одоо нэг их хувьцаа ярьдаг боллоо. Хувьцааны зах зээл нь дөнгөж шангаа татах төдий байна. Хувьцаа гаргана, хувьцааны хувь хишиг ард түмэн хүртэнэ энэ тэр бол өнөөдөртөө үлгэр, шулуухан хэлэхэд худлаа яриа.

Эцэст нь нэг л үнэнийг хэлье. Банкны хүүг бууруулах ажиллагаа янз бүрийн шугамаар явагдаж байна. Энэ дэлхийд хамгийн хямдхан мөнгө Хятадад л бий. Валютын асар их нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй урд хөрш үүнийгээ ашиглаж улс орнуудын банк санхүүгийн салбарт ноёрхлоо тогтоохыг оролдсоор байгаа. Монголд банкны зээлийн хүү буурлаа гэхэд энэ хэдэн арилжааны банк оршин тогтнохын тулд хятадаас хямд мөнгө оруулж ирэхээс өөр аргагүй болох байх. Банкны систем нь нэгэнт доголдсон Монголын нийгэмд “өдрийн зээл” нь хорьдугаар зууны эхэн үеийн хятадын мөнгө хүүлэгчид шиг олширч, ард түмнийг туйлдуулах бизээ.

Банкны зээлийн хүүг бууруулах оролдлого нь үнэн хэрэгтээ Монголын эдийн засагт хянаж чадаж байгаа хэдэн төгрөгөө л ад үзэж буй хэлбэр. Харин “өдрийн зээл” нь хяналтгүй байгаа мөнгө. Хэрэв банкны зээлийн хүүг бууруулбал хяналтад байсан мөнгө хяналтгүй “өдрийн зээл” рүү шилжиж далд эдийн засаг цадигаа алдана. Ингэх нь хэнд ашигтай вэ гэсэн асуудал гарна. Ямар ч татваргүйгээр их хэмжээний мөнгө хүүлдэг хүмүүст л ашигтай. Том зургаар нь харвал асар их мөнгөтэй цөөн тооны хүмүүс уул уурхайгаар зогсохгүй улс орныг худалдан авч хаан суух боломж бүрдэнэ. Ирээдүйд ийм л гамшигтай нүүр тулахгүйн тулд үндэсний хэдэн банкаараа оролдмооргүй байгаа юм. Энэ аюулын эсрэг чадах ядахаараа тэмцмээр байна.

Б.НЯМАА