Categories
мэдээ нийгэм

Архивын үйл ажиллагаанд шилдэг технологийг нэвтрүүлнэ

ЗурагНийслэлийн архивын газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон 2018 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.

Нийслэлийн архивын газар 2018 оныг “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил” болгон зарлахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд архивын баримт бичгүүдийг цахимжуулах ажлыг үргэлжлүүлэх, дүүргүүдэд архивын тасаг ажиллуулах, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдлийн үнэлгээг нэвтрүүлэх, нөхөн бүрдүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, арга ажиллагааг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах аж. Мөн архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг технологийг нэвтрүүлэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Тус байгууллага энэ онд иргэдийн ажилласан жил тогтоохтой холбогдох бичиг баримтуудын 98 хувийг цахимжуулж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар болон www.lavlagaa.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан 9742 иргэнд 21 нэр төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн иргэд архивын лавлагааныхаа хариуг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болон өөрт ойр байрлах архивын аль ч салбараас авах боломжийг бүрдүүлжээ. https://edoc.ub.gov.mn цахим хуудсанд нийслэлийн 1018 байгууллагыг бүртгэж, өдөр тутмын баримт бичиг боловсруулах, хянах, шилжүүлэх, батлах, илгээх, хадгалах, архивлах үйл ажиллагааны шуурхай байдлыг хангасан байна. Мөн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн 14 мянга гаруй албан хаагчийг сургалтад хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа

ЗурагДээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа.

Батламжийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” TӨҮГ-ын дарга Б.Пүрэвжав нар гардууллаа.

Зэрэглэл тогтоох улсын комисс есөн зочид буудалд зэрэглэл олгохоор тогтжээ. Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай нийт 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 70 зочид буудал 2-5 одны шаардлага хангаж, зэрэглэлээ баталгаажуулаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсэг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-28-нд зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 26-нд нутгийн зүүн хагаст, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Categories
мэдээ цаг-үе

“Утгын чимэг” наадамд зохиолч Санжийн Пүрэв “Уул, өвгөн хоёр” өгүүллэгээрээ тодорлоо

Төрийн хошой шагналт зохиолч, “Зууны манлай романч” Ч.Лодойдамбын 100 жилийн ойн нэрэмжит оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг-2017” наадамд энэ жил ная гаруй бүтээл ирснээс шилдгийн шилдэг номон цомын эзнээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв “Уул, өвгөн хоёр” өгүүллэгээрээ шалгарлаа. Уг өгүүллэгийг өгүүлэхүйн их мастер, гавьяат жүжигчин Гомбын Равдан уншиж сонсогчдын сонорт хүргэсэн. Дэд байрт МЗЭ-ийн гишүүн, зохиолч Нацагдоржийн Бадамжав “Эрт нэгэн цагт”, гуравдугаар байрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамьян “Гал улаан бэрээмэг цэцэг”, дөрөвдүгээр байрт Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан “Даш гуай”, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамьян “Хань-галзуу” өгүүллэгээрээ тус тус эзэллээ. Шагналт байранд соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун “Тайгын зул цэцэг”, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан “Хадны захидал”, МЗЭ-ийн шагналт зохиолч Галсангийн Болормаа “Хүний нутгийн тэр”, МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Эргэлт”, Д.Уранбилэг “Эхийн сэтгэл” өгүүллэгүүдээрээ тодорлоо.

УУЛ, ӨВГӨН ХОЁР

-ӨГҮҮЛЛЭГ-

“Утгын чимэг – 2017” богино өгүүллэгийн наадамд тэргүүн байр эзэлсэн зохиолч Санжийн Пүрэвийн өгүүллэгийг толилуулж байна.

Байрангийн даваанаас баруун хойш дуниартах тэр цэнхэр уулын салхи урьхан хонгор. Хоёр их говиор хормойгоо хулдаж тэнгэрт завилсан адууны нэртэй аргамаг цэнхэр ууланд удам залгаж голомтоо бадраасан Мятав өөрийгөө тэр тэнгэрийн уулын эзэнд тооцно. Тэр цэнхэр уул, тэр хөх өвгөн хоёр аль алиндаа амь. Тэр цэнхэр уул өвгөний залуу нас. Айлууд нүүж суух, худаг ус гаргаж хашаа хороо барих, хурга ишиг хөнгөлөхөд хүртэл тэд Мятаваар дутна. Мятав залуудаа арван хуруугаа мойнийж, алд биеэ агчтал хоршооны мал тууж, нар салхинд үжирсээр нас биеийг эвхсэн. Тэр цаг нэгэнт үлгэр болж, Мятав өдгөө тохитой насыг дөрөөлжээ. Дөч шүргэсэн түүний авгай авсан сураг тэр жил дайны цагийн өртөө зар мэт хоногтоо л тэр цэнхэр уулын айлаас айлд хүрсэн удаатай. Мятавын эхнэр хотод малаа тушаадаг “Махкомбинат”-ын яргачин хүүхэн гэсэн тун таагүй үг чих шүргэсэн ч тэр хүүхэн унд ус сайтай, урин зөөлөн, олонтой нийцтэй учир төдөлгүй түмэнд сайн хэлэгдэж, Мятавыг олон жил мал туусны хэргээ бүтээсэн гэлцэв. Алтайнхан нэг саймсарсан хүндээ чөтгөр ч байсан нүүр буруулдаггүй зантай. Эднийх хоёр хүүтэй, том хүү эрдэм номтой гэсэн нэрнээс цаашгүй түүнээсээ илүү шуналтай, гадны тонуулчийн өмнө хавцар шиг эрхэлж, харагдаж үзэгдсэнээ ухдаг гэсэн хорон үгийг байнга дагуулна. Хүн харахад түүн шиг сэргэлэн хүнгүй. Мятав том хүүгээ хэдийдээ ингэтэл шуналын дэв, нүдний өргөс болсныг мэдэхгүй. Эдний удам сударт ч ийм хүнгүй. Тиймээс хүүгээ “Үхсэн хойно яс өндөлзүүлэх тархи” гэж сэрдэнэ. Олзонд шунасан хүн амьд бирд гэсэн үгтэй. Том хүү бузгай боломжийн алба хашиж, томоор хөдөлнө. Олохыг олдог, олсноо яадгийг мэдэгдэхгүй хоосон гуяа ганзагалж явна. Тэр хүүг зэсийг алт, зээрийг хулан болгоод хүнийг молигодож дөнгөнө гэлцэнэ. Тэглээ гээд өрцнөөс унаж, өврөөс өндийсөн үрээ эцэг хүн яалтай. Нэг өдөр хүү нь:

-Өнөөдөр улсууд ирнэ, тэдэнтэй хайгуулд гарна гэлээ. Мятавын санаанд өнөөх хөх уул өндөлзөөд ирэв. Хүү тэр уулыг “Манай Монголын үүц” гэдэг байв. Мятав хэсэгтээ хар цагаан дуугүй сууснаа мод толгойгоо гутлынхаа хоншоорт омогтой тогшин,

-Чи алт мөнгөөр дутаа юу. Энд тэндгүй газар ухаж амьтан хүнтэй уралцлаа, лусын хорлол лүд!… Дээдсийн сүнс чамайг хараана гэвэл хүү том могой эрээн зангиагаа хоёр тийш займруулан зассаар наг наг хөхрөн,

-Өө… яа, яа!.. Манай аав жинхэн хувьсгалч төрхөндөө орчихлоо. Аав минь дээ, одоо чинь цаг өөр болсон гэж дургүйг нь хүргэлээ. Мятав төрөлхийн хэдэр тул “Чөдөр байдаг сан болоосой, гувруу гүйтэл ороолгохсон, чамай хүүхээг…” гэж саналаа. Хүү тэгсхийгээд өнөөх ирэх улсаа угтахаар алга болов. Хүүгийн хомхойрч гялалзсан нүд, олз омогт шунасан овжин төрх аавынхаа омгийг бадраажээ. Мятав эртнээс газар шинжилгээний гэх гадаад хүнийг бишгүй харж нүдний сониу гарсан. Одоо бас ямар гээч нь өлөв долов хийгээд ирэхийг хэн мэдлээ. Гэтэл ирсэн улсын дунд зүс царай өөр, үс ноос болсон хүнгүйд Мятав бараг баярлав. Инээж хөхөрсөн хэдэн залуус, хоёрын зэрэг хонгоо барьж өгзөг тонтойлгосон тааран жадгар өмдтэй бүсгүй хүүхэд харагдаж өвгөн “Могой алахад мод нэмэргүй, эд юу ч билээ” гэж санав. Тэр охид өгзөг бөгсөө эвтэйхэн цагдвал овоо зүс царайтай охид байлаа. Мятав тэднийг хээр хөдөөгийн ажилд нэмэргүй гэж гоочилсон хэрэг.

-Та нар дахиад газар сэндийлэх үү гэж Мятав хүүдээ омогдлоо. Хүү мөрөө хавчисхийн тохуутай хөхөрч,

-Сайхан залуус шүү, аав минь! Манайх одоо ийм юманд гадны хүн зарахаа больсон. Зарагдсан хүн олсноо авдаг цагт гадны хүнээр яахав гэвэл Мятавын санаа цайрсангүй “Газар сэндийлэхэд хүний өөрийн ялгаа юу байна. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохойтой адил” гэж санан “Энэ тархи юу л сэдээд яваа бол” хэмээн дотроо ихэд сэрдлээ.

-Тэгээд эд чамаар яах болж байна гэж Мятав хүүгээ хяламхийв.

-Нутаг усаа мэдэхээрээ би эднийг хамаандална!..

-Чи ч дээ… өөрийгээ мэдэхгүй тархи… Гадуур тэнэж газар ухахаас өөр чадах юм чамд алга. Олны ам муруйсан хүн угаасаа олиггүй. Чиний хураасныг дэлхий даахгүй гэлцэж байна. Сав хэмжээтэй, хүү минь гэвэл хүү зантгар толгойгоо цагнайлган хөхрөв.

-Инээдэм биш дээ. Би өтөлсөн хойноо элдэв муу үг дуулмааргүй байна гэсээр Мятав аргаа барав. Тэгээд хүүгээ яван явтал ахин үг сольсонгүй, харин хажуу айлын өвгөн Нямтай ганц шил бор дарс хувааж дотроо онгойлголоо. Ням идэр залуугаас нэгдэл нийгэм байгуулж, дараа нь нурааж үрэн таран хийн үхэхээс бусдыг үзсэн элдэвтэй толгой.

-Танай Цамба барагтай юманд уурга чиргүүлэх хүн биш. Одоогийн хүүхдийн ухааныг чи бид гүйцэхгүй. Өнөөдөр чамд энд үглүүлж сууна, маргааш хаа байгаа Америкт өнөө Трамп ноёнтой панз үсэргээд сууж чадах улс. Хүүхдийн хэрэгт бүү орогтун, одоо юм сэдэж хийдэг хүнийг гар хумхисан нь атаархаж ам хавшин муулж амьдардаг цаг гэж Нямыг айлдваас Мятав,

-Хийссэн нурман дээр шалз шиг хэдэн шалдан хүүхэс үлдээмээргүй байна. Байгаа жаахан юмаа хүний өөрийнгүй цөлмөж дуусгалаа. Манай энэ сагсгар хар одоо нутгаа ухаж төнхөхөөр дутаж гэнэ гэвэл Ням,

-За, чи бид хоёрын үг нохойн амаар нийллээ, хө. Цамба шиг хүү заяасанд баярла. Маргааш чиний хонины ээлж шүү, хоёул “Хараа” үлгэхгүй, “Болор” шимнэ гээд элдэвтэй хөхрөв. Мятав харьсан хойноо учир нь олдохгүй хүүгээ “Энэ хүн ер юу л хийгээд явна, энэ төрд “Аавынх” гэж нэг хэцүү айл байдгийг мэддэг хүн үү, үгүй юу, энэ тархи” гэж сэрдэв. Гэтэл “Идэж уусан хүнээр шорон дүүрдэг бол нэг аймаг бүү хэл энэ дэлхий дийлэхгүй” гэж Нямын хэлсэн санаанд бууж бас ч эргэлзэв. Гэхдээ ганц Цамба идэж залгидаг биш бололтой гэхээс хүүгээ өршөөнө. Мятав байдал тандахаар захиргаагаар ортол хэдэн залуу шатар дээр толгой нийлүүлэн ухаан малгайгүй байлаа. Тэднийг хараад Мятав “Өнөөдөр чинь хагас сайн өдөр байжээ” гэж санасаар сурсан зангаараа шатар өнгийтөл харын талын ганц шалдан хүү эсрэг талын бэрсний аманд орчих шахаад цодойж байв. Түүнийг гүйлгэн харсан Мятав,

-Наад хүүг чинь идлээ гэвэл нэг нь дээшээ ч харалгүй,

-Ангайсан аманд гүйгээд ордог аавын хүү байхгүй болсон, тийм цаг өнгөрсөн. Аажаа бодвол Цамба инженерийг л мөрдөж явна уу, айхавтар хүн шүү гэсээр хөхрөв. Мятав,

-Тэр лүдээр би яахав, одоо талийгаа биз гэлээ.

-Талийсаан, талийсан. Ямбатын талд дэвхцэж яваа гэснээ хий хөхөрч, “Шалбарах юм биш, шааг” гэж айлын ноёныг шалав.

-Өө, хөөрхий энэ хархүү шалдаг болчихож. Хааяа ингэмээр дээ.

-Шалах байтугай хожихыг заана. Ингэхэд Аажаа, танай Цамба өдийд хэдэн нүүдлийн цаадахыг харчихсан яваа. Одоо хүн өөрөөсөө ухаантайг үгийн муугаар баалж атаархлаа дардаг зантай, тэгээд зарим хүн хүүгээр чинь амныхаа загатнааг гаргадаг юм, санаа зоволтгүй гэхэд Мятав дотроо “Нямын хэлдэг ортой болж таарлаа” гэж санан баярлалаа. Энэ олны дотор хүүг минь таньсан хүн байна гэхээс нэг л сайхан, дотроо уужлан урт амьсгаа авлаа.

-Тэр ер нь яах гээд салхи шиг алга болов оо гэж Мятав олны дунд асуулт унаган үг тандав. Гэтэл өөр нэг нь,

-Дээд саарал ордонд нэг лунзгар амьтан танай нутгийг залгих бантан зуурсан сургаар өрсөөд явсан. Тэнд болж л өгвөл олсон юмыг залгидаг газар гэсээр дээшээ долоовроороо зааснаа “Тэр сувдаг гайхал нэг алгын чинээ цаас аваад гадны нэг дааяад зарна. Тэгээд дэлхий даахгүй баян амьтан гадаадад очоод ясаа тавих газаргүй хэвтэнэ. Хэдий хүртэл хэвтэх юм. Одоо бүтэн нутагтай аймаггүй болсон, үнэн. Энэ хэдэн хөх уулыг хүссэн хүнд тавьж туухгүй юм сан. Бид унасан газар угаасан устай ч сувдаг дээдсийн ил далдаар зарсан өөрийн нэртэй хүний газар дээр мөлхөх шахаж байна” гэж сэтгэл хирдхийлгэн хэлэв.

-Тэр хэдэн банди ч дээ гэж Мятав голонгуй хэллээ.

-Аажаа минь, тэдэн дунд чинь л бэрс яваа. Одоо хүний хүнээс өөрийн зарим хүн хэцүү болсон цаг, харин тэд өөр. Ухаандаа миний энэ хар хүүг одоо хараарай, тээр бэрс гэсээр түлхэн бэрс гаргаж баясан шуугив. Мятав гэртээ харих замдаа “Эцэг дээдэс минь мянга мянган жилээр амьдарч, амь насаараа хамгаалж бидэнд өвлүүлсэн газар шороонд амар амгаланг хайрла. Уул гэвч хүн шиг гудайж, ус гэвч нулимс шиг урсахыг харахгүй үлдээхсэн. Хүн зүдэрч зутарч болно, сөхөрч гутарч болохгүй. Газар шороонд ч өөрийн жаргал, зовлон бий” хэмээн санаж замдаа босгыг нь олонтаа элээсэн мөнөөх “Ганганы мухлаг”-т гялсхийтэл шургалаа. Хана хэрэм шиг Хантайширын зулай дээр хаврын том шаргал наран мэлтэлзэж, тэр нарны туяан доор нэг их цэлмэг сэтгэлтэй хүн “Миний хүү, муу муухайгаа дуудуулдаг ч өөр хүн санж, болжээ, болж. Манайхан хүнийг муулбал газар доогуур оруулж, магтвал Ханхайрханы оройд залдаг улс. Миний хүү өөрийн бодолтой бол хөх Мятав яахав. Ням бид хоёр өнөөдөр нэг сайхан сууя” гэж санасаар өврөө түнтийлгэн алхаа шулуудлаа. Үртэй хүний жаргал их. Зовлон ч бас дутдаггүй аж.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн олимпийн тасалбарын борлуулалт нэмэгджээ

Image result for Өвлийн олимпийн тасалбар

2018 оны 2-р сарын 9-25-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимп болно. Одоогоор нийт тасалбарын 60 гаруй хувь нь борлогдсон талаар олимпийн зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна. Нийт сая 70 000 орчим тасалбар борлуулагдахаас 61 хувь буюу 655 000 тасалбар борлуулаад байгаа юм байна.


Categories
мэдээ улс-төр

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулав

Image result for Г.ЗанданшатарМонгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа.

Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна.

Дэд хороог Үндэсний хөгжлийн дарга ахлах бөгөөд дэд даргаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллах юм. Хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оржээ.

Categories
мэдээ нийгэм

Зэсийн үнэ 7024 ам.доллартай тэнцжээ

Image result for Зэсийн үнэ

Өнгөрөгч баасан зэсийн үнэ гаригт 0.5 хувиар нэмэгдэж, сүүлийн хоёр сарынхаа дээд түвшинд хүрсэн талаар “Reuturs” агентлаг мэдээлжээ. Лондоны хөрөнгийн биржид нэг тонн зэс 7024 ам.доллартай тэнцсэн бөгөөд, өмнөх долоо хоногт нийт гурван хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа аж. Зах зээл дээр наймдугаар сард 94 мянган тонн зэсийн хомсдол есдүгээр сард дээрх тоо 132 мянган тоннд хүрчээ.


Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар цэцэд хандана гэв

Image result for О.БаасанхүүО.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах талаар ҮХЦ-д хандана гэлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа хэмээн Монголын залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-ын А.Гантөмөр мэдэгдлээ.

Тэрбээр ярихдаа “Манай клубын зүгээс О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж байгаа. УИХ-ын тухай хуулинд заасанчлан гишүүнийхээ нэр хүндийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглодог. Гэтэл О.Баасанхүү гишүүн Төрийн ордонд амралтын өдрөөр МАХН-ын хууль бус Их чуулганыг зохион байгуулсан. Төрийн ордонд онцгой хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулдаг. Гэтэл хувь гишүүн өөрийн зохион байгуулж буй чуулганыг Төрийн ордонд хийсэн нь буруу. Гол нь О.Баасанхүү гишүүний зохион байгуулсан чуулган нь тухайн намаас гараагүй, албан бус шийдвэр байсан.

Түүнчлэн О.Баасанхүү гишүүн уг чуулганыг зохион байгуулахдаа 150 сая төгрөгийг хандивын шугамаар босгосон гэж тайлбарласан. Гэтэл улс төрийн намын тухай хуулинд иргэн 1 сая хүртэлх төгрөгийг хандивлах эрхтэй гэж заасан байдаг. Тэрбээр хандивлагчаа ил зарлах боломжгүй гэж мэдэгдсэн хэдий ч албан байгууллага хандив өгсөн гэж тодотгохгүй байгаа юм. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж, нэг иргэнээс их хэмжээний хандив авсан гэх хардлага үүсгэж байна. Хандивын асуудлаар бид АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан.

Их чуулганаас О.Баасанхүү гишүүн өөрийгөө намын даргаар сонгуулсан нь хувийн эрх ашигтаа нийцүүлэн зохион байгуулсан гэх үндэслэл болж байна. Тиймээс бид АТГ, Үндсэн хуулийн цэцэд давхар хандаж байна. Бид хуулийн байгууллагад хандахаасаа өмнө О.Баасанхүү гишүүнтэй өөртэй нь уулзаж, зөрчигдөж буй хуулийн заалтуудаар санал солилцох хүсэлт тавьсан” гэв.


Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

Image result for Н.Мөнхбат

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, тус банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг прокурор хянаж дууссан байна. Нотлох баримт бүрдсэн хэмээн үзээд, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Авлигатай тэмцэх газраас Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарыг яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байсан юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгасан.

Уг хэргийг хоёр жил шалгах хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх Н.Мөнхбатыг хорих 461 дүгээр ангид саатуулж, Б.Шинэбаатарыг гадуур байцааж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Приус машины эд анги хулгайлдаг бүлэг этгээдийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор автомашины ил зогсоол дээрээс хучлага болоод эд анги хулгайд алдагдах хэрэг ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 14-нд Баянгол дүүргийн IV хороо 17-р байрны зогсоол дээр сэжиг бүхий хоёр этгээдийг саатуулж шалгахад тус дүүргийн есдүгээр хороонд суух Б /эр.17н/, Т /эр.17н/ нар зогсоолоос “Toyota Prius-20” маркын таван автомашинд халдаж, 16 ширхэг толь хулгайлан авч явсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58-р байрны гадна 02:50-03:00 цагийн хооронд автомашины хучлага хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад “Toyota Prius-20” автомашины хучлагыг тус дүүргийн 22 дугаар хороонд суух Б /эр.45н/ гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Энэ төрлийн хулгайн гэмт хэрэг их гарч байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.