Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд боллоо. Хорооны дарга болон Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нараас бүрддэг тус Зөвлөлийн хуралдааныг гурван гишүүн ээлжлэн даргалдаг юм.

Хорооны дарга С.Даваасүрэнгийн даргалан явуулсан өнөөдрийн хуралдаанаар “Банкнаас бусад санхүүгийн салбарын тойм” болон хөндлөнгийн судалгааны багийн гүйцэтгэсэн “Дотоодын арилжааны банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалах боломж”-ийн талаарх судалгааны тайланг хэлэлцлээ.

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл учирсан тохиолдолд түүнийг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт хийх, тус тусын эрх, үүргийн хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийг тогтооход Зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлсийн талаарх судалгаа, мэдээллийг тогтмол сонсон, солилцож, шаардлагатай тохиолдолд УИХ-д зөвлөмж, дүгнэлт хүргүүлэн, зохих шийдвэрийг гаргуулдаг юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 2018 оны улсын аваргууд Орхонд тодорно

ЗурагЧөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 11-14-нд Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны зааланд болно.

Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулсан бөгөөд 15 жилийн дараа дахин улсын шилдгүүдийг аймагтаа хүлээн авах юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны шинэ оноос хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 гэсэн тус бүр 10 жинд аваргуудаа тодруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

ЗурагХөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо.

Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвхи санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор НЗДТГ, МҮЭХ, Монголы ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг байна. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 28 албан хаагчийг “Нийслэлийн хөдөлмөрийн аварга” тодруулсныг Хотын дарга С.Батболд шагнал гардуулах үеэр онцлов. Мөн тэрбээр “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-уудад амжилт хүсээд өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж, нийслэлийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэхийг хүслээ.

Энэ оны “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-аар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Ж.Эрдэнчимэг, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Буянжаргал, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин, Замын цагдаагийн албаны Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн теле камерын хяналт хариуцсан зохицуулагч, ахмад Л.Отгонбаяр нар тодорсон байна. Мөн “ЗМЗ” компанийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер Т.Батцэцэг, 86 дугаар цэцэрлэгийн багш П.Болортуяа, 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан М.Түвшинжаргал, 126 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Х.Мэндбаяр, 209 дүгээр ус түгээх байрны ус түгээгч Б.Чанцалдулам нарын 28 иргэн хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайлав.

2017 онд хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, цаашдаа улам бүр эрч хүчтэй ажиллах урам зориг өгч, шагнал гардуулсанд Хотын удирдлага болон холбогдох албаныханд талархаж буйгаа “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ууд илэрхийлээ. Мөн итгэлийг зүтгэлээр хариулж, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллахаа дурьдаж байв.

1.3 сая хүн амтай нийслэл хотыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд хувь хүн, байгууллага, салбар хоорондын нягт хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Ганбаатар дурьдлаа. Тэрбээр, “Улаанбаатар хэмээх томоохон өрхийн ажил, амьдралыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч түмнийг алдаршуулах арга хэмжээг бид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Ингэснээр хөдөлмөрийн аваргууд салбар хоорондын уялдаа холбоог хангах, бусдыгаа түүчээлэх зэргээр нийслэлийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлэх юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 33,049 хүн эрүүлжүүлэгдсэн байна

Image result for эрүүлжүүлэх

Манай улсад жилд дунджаар архины хордлогоор 537 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэх албан бус тоо бий. Энэ онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдлыг судлахад манай улсын нэг иргэнд 23 литр архи ногдож байгаа нь тогтоогджээ. Мөн насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэж гарсан байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар зөвхөн нийслэлд гэхэд 44 хүн архидан согтуурсан үедээ осгож амь насаа алджээ. Тухайлбал ХУД-ийн XX хорооны нутаг дэвсгэрт 30 гаруй настай иргэн архи уугаад, харих замдаа халтирч унаад, босож чадалгүй осгож амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Мөн гэр бүл, орон гэргүй, хотын гудамжаар хог түүж амь зогоодог иргэд архи ууж, осгож амиа алдах нь цөөнгүй. Тэр иргэдийн ар гэрийг олтлоо цогцсыг нь шүүх эмнэлгийн цогцос хадгалах газар байлгадаг гэж байгаа юм. Олон жил өнгөрөөд ч ар гэр нь олдохгүй бол ямар арга хэмжээ авдаг талаар асуухад заавал олж ар гэрт нь өгдөг гэж ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлсэн юм.

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 33,049 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Үүний 420 нь эмэгтэй, 118 нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа нь архидалт залуужиж байгааг харуулж байна. Мөн тэдний 200 нь очих газраа мэдэхгүй, 32 нь гудамж талбайд ухаангүй болсон, 1,524 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн алба оны шилдэг алба хаагчдаа тодрууллаа

Тус албанаас 2017 онд Монгол улсын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эд материалын хохирлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээгээ дүгнэж, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэн бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа гавъяа, зүтгэлийг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит шагналуудаар шагналаа.

Ёслолын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар нээж шагналыг гардуулсан юм.

Албандаа ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдэг, “Хүндэт жуух бичиг”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”, “Хүндэт өргөмжлөл”, “Хүндэт тэмдэг” болон бусад шагналуудаар шагналаа.

Нийт шагнал гардсан болон өргөсөн тангарагаа нэр төртэй үргэлжлүүлэх алба хаагчид тэдний гэр бүл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хамтран ажилладаг байгууллага, хамт олон та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” баасан гаригт тохионо

Image result for Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын өдөр энэ сарын 29-ний баасан гарагт тохионо.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэж үздэг. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуралдаанаар 12 дугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр” болгон хуульчилсан юм. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил баасан гарагт таарч байна.

Энэ өдөр Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн тулганы галыг бадраадаг уламжлалтай билээ.

Categories
мэдээ нийгэм

“Бөхбилэгт” дэвжээнийхэн багачуудыг баярлуулжээ

Зураг“Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд шинэ оны босгон дээр сайн үйлсийн аян өрнүүлж, даваа гарагт хүүхдүүдэд бэлэг тараажээ.

Тус дэвжээний улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүд “Сос” хүүхдийн хотхоны 130 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг тусгайлан бэлдэж гардуулсан байна. Тодруулбал, Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага Т.Мөнгөнцоож, Г.Батбаяр, М.Бадарч тэргүүтэй тус дэвжээний бөхчүүд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус хүүхдийн хотхоны багачуудыг сонгож ийнхүү шинэ жилийн бэлэг түгээж хүүхдүүдийг баярлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг даамчдын “Final 2017” тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг тэргүүллээ

ЗурагОны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2017” тэмцээн энэ сарын 18-24-нд болж, гавьяат тамирчин, Их мастер Д.Эрдэнэбилэг боломжит 26 онооноос 21 оноо авч тэргүүлэв.

“Өргөө” амаржих газрын фитнес танхимд болсон “Алтан хүү” клубээс зохион байгуулдаг тус тэмцээнд шилэгдмэл 14 даамчин өрсөлдсөн юм. Тэд тив, дэлхийн тэмцээнүүд явагддаг цагийн хяналт (үндсэн цаг 80 мин+нүүдэл бүрт 1 минут)-аар тойргийн журмаар тоглож дүнгээ гаргалаа. Оролцогчдыг цол зэргээр нь ангилвал Олон улсын их мастер цолтон 4, Дэлхийн даамын холбооны мастер 5, спортын мастер 5 байв.

Чансаа олгох цувралуудад хамгийн өндөр буюу 244 оноо цуглуулсан Д.Эрдэнэбилэг шигшээ тэмцээнд бусдаасаа илүү байсан юм. Харин II, III байрт энэ оны улсын аварга ОУИМ Г.Ганжаргал 18, өнгөрсөн жилийн “Final 2016” тэмцээний ялагч ДДХМ Ц.Хашчулуун 17 оноогоор тус тус шалгарлаа.

Энэ үеэр болсон түргэвчилсэн тоглолтын тэмцээнд ДДХМ Ц.Сүхбат, Б.Мөнхжин, ОУИМ Г.Ганжаргал нар эхний гурван байрыг эзэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Next stop” наадмын цахим санал асуулга өнөөдрөөр тасалбар болно

ЗурагМЗХ-ноос уламжлал болон зохион байгуулдаг “Next stop” наадмын энэ жилийнхэд 1000 гаруй эрхэм нэр дэвшээд байна.

Нэр дэвшүүлэлт энэ сарын 15-ыг хүртэл үргэлжилсэн бөгөөд http://nextstop.myf.mn/ сайтаар явуулж буй олон нийтийн санал асуулга өнөөдөр өндөрлөх юм. Шалгаруулалтыг ийнхүү хэд хэдэн үе шаттай явуулж, шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”, “Эдийн засаг, бизнес”-ийн топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу” гэсэн дөрвөн эрхмийг энэ сарын 30-нд болох “Next stop” наадмын үеэр тодруулах аж.

Өнгөрсөн хугацаанд тус наадмын шилдгээр 30 залуу удирдагч шалгарсан бөгөөд Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Б.Хурц буруутай үйл ажиллагаа явуулж, хүмүүс хэлмэгдсэн бол хариуцлагаа хүлээх ёстой

Related imageУИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор болсон Б.Хурцын асуудлыг Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдлийн дагуу хэлэлцэх ёстой гэсэн ч хуралдаагүй гэдэг шүүмжлэл байна. Гэсэн хэдий ч Л.Болд, Ж.Батзандан нар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Та тус нээлттэй хэлэлцүүлэгт орж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны дарга болоод удаагүй байгаа ч иргэдээс ирсэн өргөдөл бүртэй сайтар танилцаж 30 хоногийн дотор хариу өгч шийдвэрлүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих тал дээр маш сайн ажиллаж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудал нь өөрөө хурц байна л даа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр нэг сар шахам хэлэлцэгдээгүй томилгоотой холбоотой асуудал гэнэтхэн Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхээр албан бичгээр ирсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Б.Хурцын томилгооны асуудлыг Их хурал шийдэх гэж байсан. Тиймээс хуульчдаа явуулж албан тооттой албан ёсоор танилцаж байтал УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас найман хүний өргөдөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нууцын зэрэглэлд хамаарах хоёр өргөдөл энэ сарын долооны өдөр ирсэн. Тиймээс 10 хүний өргөдөлтэй танилцах зайлшгүй шаардлага үүссэн тул УИХ-ын даргад Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг хойшлуулах хүсэлт гаргахад долоо хоногоор хойшлуулж өгсөн юм. Өргөдлийн байнгын хороо дөрөв хоногийн хугацаанд тус өргөдлүүдтэй танилцаж, судлахад хувь хүний нууцтай холбоотой, сөрөх тагнуулынхантай холбоотой гээд нэлээдгүй хугацаа шаардах ээдрээтэй зүйлс их байсан. Байнгын хороо иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хянах, шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу судалсан. Үүнийхээ дүнд энэ сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлж, прокурор нарийвчлан судалж үзээд арванхоёрдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Одоо хариу нь ирэх ёстой.

-Танай байнгын хороо яагаад нээлттэй хэлэлцүүлэг хийгээгүй юм…

-Өргөдлийн байнгын хорооны 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдүгээр тоот тогтоолоор баталсан Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай дүрмийн 9.9.3-д байнгын хороо цахим хэлэлцүүлгээр 900-гаас доошгүй дэмжсэн санал авсан тохиолдолд өргөдлийг шууд оруулж хэлэлцэнэ. Өргөдлийн байнгын хорооны дарга танилцуулна гэж заасан байдаг. Тиймээс Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй гэдгийг УИХ-ын Тамгын газрын болон, байнгын хорооны хуульчид надад албан бичиг өгсөн. Элчин сайдын томилгоотой холбоотойгоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдэж, чуулганаар ордог журам өнөөдрийг хүртэл үйлчилж ирсэн. Гэтэл Б.Хурц дээр өөр тоглолт явсан. Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийхийн тулд 900-ээс дээш хүний дэмжсэн санал хэрэгтэй байсан тул ганц, хоёр хоногийн дотор үнэхээр боломжгүй байгааг хэлсэн. УИХ-ын дарга Өргөдлийн байнгын хороонд 900-гаас дээш дэмжсэн санал ирээгүй, өнөөдрийн түвшинд боломжгүй байгаа гэж бол уг асуудлыг удаа дараа хойшлуулах шаардлагагүй гээд баасан гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Элчин сайдын томилгоо чуулганаар ордог өдөр буюу энэ сарын 15-ны өдөр бид прокурорт албан бичиг явуулсан, Өргөдлийн байнгын хороонд нэгэнт нээлттэй хэлэлцүүлэг хийх хууль эрх зүйн боломж байхгүй байсан тул, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдийн санаачлан зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, Ц.Нямдорж сайд бид суусан. Нээлттэй сонсгол үргэлжилж байх явцад УИХ-ын чуулганаар томилгооны асуудлыг О.Баасанхүү гишүүний горимын саналаар хаалттай хуралдан шийдсэн.

-Заавал хаалттай хуралдах шаардлага байсан юм уу?

-Чуулганы хуралдааныг хаалттай явуулсанд үнэхээр харамссан. Миний хувьд хаалттай хуралдах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь УИХ-ыг муухай харагдуулсан л даа. Тиймээс хаалттай хуралдаанд оролцолгүй, иргэдийн өргөдлийг зайлшгүй судлах шаардлагатай гэж үзээд нээлттэй хэлэлцүүлэгт орсон. Нэг хүн өргөдөл гаргасан бол хүн эргэлзэж болно. Гэтэл тэнд нэлээд олон хүн өргөдөл гаргаж асуудлыг ярьж байсан ч чуулганаар асуудал шийдэгдсэн. Хэдийгээр УИХ-аар томилгооны асуудал шийдэгдсэн ч Улсын ерөнхий прокуророос бидэнд албан тоотоор хариу ирүүлэх ёстой. Үүний дараа холбогдох хүмүүстэй нь сууж байгаад хэлэлцэх боломж байгаа гэж харж байна. Ерөнхийлөгч энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх бол гэж харж байсан ч томилгоо нь өөрөө хурц асуудалтай байсан учраас бие бие рүүгээ түлхсэн байдалтай байсан. Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар асуудалд бие даасан өөрийн байр суурин дээр нухацтай хандаж байна.

-Энэ тогтолцооны гажуудлаа засч авахгүй бол Их хурлын гишүүдийг дотор нь талцуулсан ийм байдал улам даамжирч мэдэх юм биш үү?

-Өргөдлийн байнгын хороон дээр өргөдөл ирж УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх тухай ярьж байхад зарим гишүүдийн зүгээс “Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх эрх зүйн үндэслэл байхгүй. УИХ-аас томилогддог албан тушаал дээр нээлттэй сонсгол хийж болно. Гэтэл энэ УИХ-аас томилогддог албан тушаал биш. Цаашид сайд, даргын томилгоотой асуудал явагдахад түүнд дургүйцсэн хүмүүс нь өргөдөл гаргаад УИХ дээр ирээд гацдаг буруу жишиг тогтоно” гэж байсан. Миний хувьд өргөдлүүдтэй танилцсан болохоор зайлшгүй Их хурал сонсох ёстой юм байна гэж үзсэн. Гэсэн ч УИХ-аар Б.Хурцыг томилохыг дэмжсэн л дээ. Цаашид Ерөнхийлөгч, Засгийн газраас орж ирсэн асуудлууд дээр цэгцтэй нэгдсэн заалттай болох хэрэгтэй. Засгийн газрын зүгээс АНУ, Япон, Канад зэрэг улсуудын Элчин сайдыг томилох асуудлыг гацаасан байх жишээтэй. Ийм жонхуу байдлаар хандаж болохгүй. Энэ бүгдийн цаана олон улсын дипломат харилцаа хөндөгддөг. Ерөнхийлөгч Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр, Ё.Отгонбаяр нарыг дэмжихгүй гэдгээ чуулганы хаалттай хуралдаан дээр хэлж байсан.

-Ерөнхийлөгчийн зүгээс энэ гурван хүнийхээ оронд өөр хүмүүсийг оруулж ирэхийг Засгийн газарт албан бичгээр илэрхийлсэн байна лээ. Б.Хурцыг томилох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ гэсэн. Тийм үү?

-Бодолцох ёстой зүйлс бий. Нэгдсэн нэг бодлоготой болж нэг тийш нь шийдэхгүй бол жонхуу болж гүйцлээ.

Гадаадын хөрөнгө оруулалтанд сөргөөр нөлөөлнө. Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдол их байгаа учраас нэг тийш нь цэгцлэх ёстой. Б.Хурцад үнэхээр ийм асуудал байна уу эсвэл хүмүүс гүтгээд байгаа юм уу гэдгийг тодорхой болгож өөрөө ч гэсэн нэрээ цэвэрлэж авах ёстой байхгүй юу. Б.Хурц буруутай үйл ажиллагаа явуулж энэ хүмүүс хэлмэгдсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Асуудлаа нэг талд нь гаргаснаар өөрт нь болон Монгол Улсад хэрэгтэй. Элчин сайд гэдэг бол Монгол Улсыг төлөөлж буй хариуцлагатай субьект.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлмэгдсэн, хохирсон хүмүүс айдас төрүүлэм баримтууд гаргаж ирэн ярьж байсан. Үнэхээр тийм зүйл манай хууль хяналтын байгууллагынханд байдаг бол үүнийг таслан зогсоох ёстой. Хуулийнхантайгаа хамтарч байгаад цаашид ийм зүйлс гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах цаг нь болсон байна. Үүний төлөө өөрийн байр сууриндаа хатуу байх болно.

-Удахгүй шинэ он гарна. Татварууд нэмэгдэнэ. Сангийн сайд өндөр цалин авдаг найман хувь нь илүү татвар төлөх цаг нь болчихсон. ачаалал авахаас өөр аргагүй хэмээн мэдэгдсэн байна лээ. Дундаж давхаргаа л үгүй хийх нь гэж яриад байна. таны байр суурь ямар байгаа бол?

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж байх үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн татвар нэмэх тухай ярьж байхад эсэргүүцсэн хүний нэг нь би. Цалин нэмэгдээгүй, инфляци ийм өндөр байгаа үед цалин нэмэх нь буруу. Хүн амын найман хувь нь хамаарна гэж яриад байгаа юм. Судалгаа хийгээд үзэхээр үнэхээр найман хувьд нь хамаарахаар байна лээ. Баян, ядуугийн зааг ялгааг арилгахын тулд чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө бид ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ татварын асуудал дундаж давхарга руугаа чиглээд эхэллээ. ОУВС-гийнхан “Бид яг ч татвар нэм гэж хэлээгүй. Гэхдээ та бүхэн санхүүгийн арга хэмжээ ав” гэсэн гээд ярьсан даа. Татварын асуудал яригдаж байхад 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн татварыг нэмж байгаад эдийн засаг харьцангуй дээрдэх үед больчихож болно гэж Сангийн сайд ярьж байсан. Ч.Хүрэлбаатар сайд ч мөн ийм зүйл ярьж байна.

Хоёр шатлалтай татварын системтэй улс орнууд байдаг. Тэд эдийн засаг, нийгмийн өнөөгийн түвшин макро эдийн засгийн үзүүлэлттэй нь уялдуулан арга хэмжээ авдаг. Манайд харин ийм арга хэмжээ авах цаг нь болсон уу. Манай улсад 1.5 сая гэдэг бол ахадсан дүн. Тэр хүмүүс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд олон татвар төлдөг. Эдийн засаг ийм амаргүй үед хоёр шатлалтай татварын системээ эргэж харах ёстой. Ялангуяа уул уурхайн салбар, олон улсын байгууллагуудад ажилладаг хүмүүст энэ хүндээр тусч байна. Хэдийгээр хүн амын цөөн хувийг эзэлж байгаа ч гэсэн бодолцох ёстой. Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс эхнэр маань гэртээ хүүхдүүдээ хардаг. Татваруудаа төлөөд үлдсэн цалин маань хаанаа ч хүрдэггүй гэж ярьж байсан. Өргөдлийн байнгын хороон дээр хүсэлтүүд ирсэн. Нэгдүгээр сарын нэгнээс татвар нэмэгдэнэ. Нөхцөл байдал хүндрээд ирвэл гишүүдийн зүгээс хууль санаачилахаар явж байна. Татвар нэмэхээс илүүтэйгээр бусад зардлуудаа танах хэрэгтэй. Тухайлбал, арилжааны банкуудад олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгийг байршуулан мөнгө угаасан гээд 800 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Энэ мэтчилэн зүйлсийг өөрчлөх замаар асуудлыг шийдэх гарц бий.

-Европын холбоо монгол улсыг татварын хар жагсаалтад оруулсан. Нэгэнт татварын асуудал хөндөгдсөнийх татварын реформ хийчихэж болдоггүй юм уу. татвараа ил тод болгохгүй бол оффшор бүсээс ялгаагүй болчихлоо. Хэн хэдэн төгрөг банкинд байршуулж хэдэн төгрөгийн хүү авч байгаа нь тодорхойгүй байна гээд байгаа?

-Та анзаарсан бол би УИХ-ын гишүүн болоод гурван сарын дараа яг энэ асуудлын хүрээнд “Монгол Улс татварын хүрээнд оффшор бүс болчихоод байгаа юм уу” гээд асуулга тавьж байсан. Манай улс эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж маш олон хүнийг өршөөсөн ч, нууцын зэрэглэлтэй гээд ил болоогүй. Манайхан оффшорт мөнгөө хадгалуулсан гээд шүүмжлээд байдаг ч үнэндээ Монголд оффшор бүс байна. Татварын тухай мэдээллийг өгөхгүй байна гэж АТГ-ын дарга Х.Энхжаргал ярьж байсан. Манайхны “хар” хэмээн нэрлээд буй энэ жагсаалтыг Европын холбоо анх удаа гаргасан. Харамсалтай нь анхны 17 орных нь тоонд Монгол Улс орчихлоо. Дэлхийн хэмжээнд татварын систем хаалттай, ил тод биш байна гэдгийг нотлоод өгчихлөө. Европын холбооны төлөөллийн мэдэгдэлд “Энэ бол нилээд дорвитой процесс. Энэ нь ирээдүйд чиглэсэн маш чухал алхам. Эхний жагсаалтад багтана гэдэг нь татварын хувьд дэлхийн хэмжээнд нэн таагүй асуудал юм” гэж дурдсан нь зайлшгүй анхаарах асуудлын нэг болсон гэсэн үг. Түүнчлэн Европын холбоо өөрийн гишүүн орнууддаа уриалга хүргүүлсэн, тухайн холбооны томоохон санхүүгийн байгууллагын зүгээс харилцааны хувьд анхаарна гэсэн мэдээлэл бий. Тиймээс энэ тал дээр хоёр талын сөрөг нөлөөлөл байх магадлалтайг бид анхаарах ёстой. Эдийн засгийн хувьд шууд утгаараа өнөөдөр сөргөөр нөлөөлөх нь харьцангуй бага. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, бизнесийн байгууллагын зүгээс тухайн бүс нутагтай харьцах санхүүгийн харилцаанд сөрөг нөлөөлөл бий болох нь гарцаагүй. Нөгөө талаас дэлхийн томоохон эдийн засгийн үүц болох Европын холбоотой тодорхой хэмжээнд асуудал үүсгэх нь гадаад харилцааны хувьд сайн зүйл биш.

-Уг нь хар жагсаалтад орохгүй байх боломж байсан юм билээ. харамсалтай нь Засгийн газар арга хэмжээ авалгүй байсаар хар жагсаалтад орсон гэх мэдээлэл бий?

-Энэ асуудалтай холбоотой Европын холбооноос гаргасан баримт бичиг (EU list of non-cooperative tax jurisdictions) жагсаалтад нэр бүхий орныг ямар шалтгаанаар хамруулсан болохыг дурдсан байна лээ. Манай орны хувьд Монгол Улс татварын мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл солилцох тухай олон улсын форумын гишүүн биш бөгөөд сүүлд OECD-д нэмэлт өөрчлөлт оруулсан Олон талт хамтын ажиллагааны конвенцид гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэсэн үндэслэлийг тодотгосон байсан. Тэгэхээр бид энэ асуудлыг шийдвэрлэх замаар уг жагсаалтаас гарах боломж байна гэсэн үг.

-Засгийн газар оройтсон ч гэсэн арга хэмжээ авч татварын ил тод байдлыг хангахаар хуралдаанаараа шийдвэрлэсэн байна лээ. Татварын орчноо өөрчлөхгүй бол оффшор бүсээс бараг ялгаагүй шахам болсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Уг жагсаалтын үндсэн санаа нь татварын хувьд ил тод, нээлттэй, шударга татварын харилцааны асуудал гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ асуудалтай холбоотой баримтууд дээр ч энэ талаар дурдсан. Энэ нь биднийг татварын орчноо шууд өөрчил гэсэн үг биш. Харин татварын талаар олон улсын хүрээнд мэдээллийн нээлттэй, ил тод байх талаар стандарт шаардлагуудыг мөрдлөг болгох ёстой гэж үзэх нь зөв. Үүний тулд Монгол Улс шаардлагуудыг биелүүлэх нь чухал юм. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг зувчуулах”-ийн эсрэг байгууллагуудад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн нь цагаа олсон арга хэмжээ болсон. УИХ-аар уг асуудал орж ирэхэд нь дэмжиж ажиллана.

УИХ-ын гишүүд, салбарын сайд, дэд сайдаас эхлээд төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс гадныхантай уулзахдаа ярьж хэлэх үг, гадаад орон руу явуулж буй албан бичиг дээрээ анхаарч байхгүй бол болохгүй нь. Монгол төрийн хар хайрцгийн бодлогоо бодож, түүнийг мэдэж, холбогдох байгууллага хүмүүстэйгээ зөвшилцөж байж албан бичгээ явуулдаг байх ёстой. Манайхан хэн дуртай нь янз бүрийн зүйл ярьж хамар доорх хагархай гэгчээр хамаагүй ярьдаг. Гэтэл япончуудтай уулзаж байхад яг л нэг хүн хариулж байгаа мэт бүх хүнийх нь хариулт ижил байдаг гэх мэтчилэн зүйлсээс бид суралцах ёстой. Баялаг бүтээж буй европын орнуудтай худалдаа хийдэг хүмүүст энэ бүхэн сөрөг нөлөө үзүүлж магадгүй.

-үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж уих-ын гишүүн, жирийн иргэн хуулийн өмнө эрх тэгш гэдгийг нотолж шийдвэрээ гаргасан. шийдвэр дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Зарим нь гишүүдийн халдашгүй байдалд халдлаа гэх юм?

-Ганц өгүүлбэр л байгаа юм. “Үйлдэл дээрээ, нотлох баримттайгаар” гэдэг үг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой гэдэг заалтыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хүчингүй болгосон. Нэг талаасаа Их хурлын гишүүн гэдэг бусдаас тэс өөр хүн биш. Үнэхээр ноцтой гэмт хэрэг үйлдсэн, хууль зөрчсөн асуудал үүссэн бол бусдын адил шалгуулах ёстой. Их хурлын гишүүн гэхээрээ хувь хүн биш болчихож байгаа юм. Ард түмний саналаар сонгогдсон элч. Тухайлбал, би 50 мянган хүнийг төлөөлж Их хуралд сууж байна. Тиймээс уг асуудалд нухацтай хандах ёстой л доо. Ёс зүйтэй, хариуцлагатай байж бид үлгэрлэх ёстой юм. Их хурлын гишүүдэд хариуцлага, ёс зүй хоёр хамт явдаг байх хэрэгтэй. Улс төрд бохир технологи их нэвтэрсэн. Өмнө нь Филиппин, Хонгконгод ийм явдал гарч байсан юм билээ. Чухал хууль тогтоомж гаргангуут гадна нь байгаа улс төрийн хүчнүүд гүтгэж байгаад бүрэн эрхийг түтгэлзүүлэх, чөлөөлөх асуудал даамжирч, төрийн эргэлтэд хүргэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан байдаг. Манайд ийм байдал бий болохгүй гэх баталгаа алга.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд чиглэл өгч энэ талаар тус байнгын хороо судалж байгаа. УИХ-ын гишүүнийг үйлдэл дээрээ, нотлох баримттайгаар гэчихээр хэн тэрийг нь хараад байж байхав дээ. Тэр хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол хариуцлагаа хүлээх ёстой. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж байна. Зохион байгуулалттайгаар дайрч давшилбал яах вэ. УИХ-ын гишүүний эрх, халдашгүй байдал хоёр ялгаатай. Тодорхой хэмжээний хамгаалалт байх ёстой гэж харж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүнийхээ халдашгүй байдлын доор гэмт хэрэг үйлдэж, үүнийгээ хаацайлж болохгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим гишүүдийн ёс бус үйлдлээс болж УИХ-ын нэр хүнд унаж байна. Магадгүй Монголын төрийг хүчгүйдүүлэхийн тулд зориуд явуулж байж мэднэ.