Эрүүл мэндийн яамнаас томуугийн өвчлөл, авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тандалтын 50 дахь долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчин 6.2 хувийг эзэлж байгаа аж. Шинэ жилийн баярын өдрүүдэд өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа учраас бэлэн байдлыг ханган ажиллаж байна Энэ хүрээндээ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт Хүүхдийн тасаг нээж, ажиллуулах хүсэлтийг хүргүүлжээ. 50-100 ортой хүүхдийн тасгийн хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх, тоног төхөөрөмжөөр хэрхэн хангах тооцоог гаргасан байна.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярихдаа “Энэ жил томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг цөөн байгаа ч бага насны хүүхэд уушгины хатгаагаар өвчлөх эрсдэл өндөр байна. Уушгины хатгаа өвчний вакциныг 2016 онд агаарын бохирдол ихтэй нийслэлийн гурван дүүргийн хүүхдүүдэд хийсэн. Энэ хүрээнд 87900 хүүхдийг дархлаажуулсан. 13 ам.долларын үнэтэй вакциныг 3.5 долларын үнээр хийж байхад хамралт бага, 80 хувьтай байна. Вакцин тариулсан хүүхдүүдийн дунд хатгаа өвчин 60 хувиар буурсан. Уушгины хатгаа өвчнөөр хүүхэд эндээгүй. Тиймээс бид 2018 онд сайдын багцаас нэг тэрбум төгрөгөөр вакцин авч, нийслэлийн бүх дүүргийн хүүхдүүдэд хийнэ.
Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 40 хувь нь уушгины хүндэвтэр, хүнд хэлбэрийн хатгаатай байна. Харин үлдсэн 60 хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, өрхийн болон амбулаторийн эмчийн хяналтад гэрээрээ эмчлүүлж болох хүүхдүүд байна. Ачааллыг нэмж, дахиж өөр вирусийн халдвар аван эмнэлэг рүү ирэхээсээ илүү өрхийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй байна. Уушгины хатгаа бол маш олон төрлийн вирус, бактериар хүндэрдэг. Томуугийн вакцин хийлгэсний дараа уушгины хатгааны вакцин хийлгэх ёстой. Сүүлийн хоёр жилд хийсэн судалгаагаар эрүүл 2000 хүүхдийн 70 хувийн хамар, залгиурт нян илэрсэн. Тэгэхээр насанд хүрэгчдийн дунд өөрөө өвчлөөгүй ч халдвар тараагчид байна. Тиймээс эрүүл нян тээгчдээс хамгаалах гол арга бол вакцин. Хатгааны вакциныг үнэ төлбөргүй, товлосон дагуу 2, 4, 9 сартайд нь дүүргийн дархлаажуулалтын кабинетад хийнэ” гэв.