Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 7 градус хүйтэн цас орохгүй

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор болон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Баабар “Арал” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөний хариуцлагатай албыг хүлээн авч, цааш нь залгуулж явна хэмээн ярьжээ.

500 саяын азтан Ж.Алтанзул: Хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй явсны шагнал ингэж ирдэг юм байна гэж ярьсныг тэргүүн нүүрээс хүлээн авна уу.

Э.Чинзориг: Мобиком корпораци хоёр ч ISO технологийг хангасан цорын ганц үүрэн холбооны оператор юм ярилцлагыг энэ нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Н.Учрал: Манай их, дээд сургуулиудыг олон улсын үзүүлэлтээр авч үзвэл шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй хэмээн ярьжээ.

Монголын залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-ын тэргүүн А.Гантамир: О.Баасанхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж жирийн иргэний адил шалгах ёстой ярилцлагыг мөн “Улс төр” нүүрээс хүлээн авна уу.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол” булангаас Баабарын “Арал” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагч Н.Бадраа: Нийт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт Хятадын Коммунист намын дотоод мэдээллийг олон нийтэд ил болгосон тухай онцолсон байна.

Ахмад сэтгүүлч Галсангийн Жамьян “Хүмүүс” нүүрт “Амьд явъя, урт насалъя гэвэл нийтийн бүжиг хийцгээ” хэмээн ярьжээ.

Өд, бэх нүүрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан: Аархал, хийморь хоёрынхоо хүчинд амьд явна хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулж үе шаттай хөгжүүлэх боломжийг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Энэхүү ажлын хэсгийг НИТХ-ын “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва ахлав. Тэд “Чөлөөт бүс” байгуулахад харьцангуй бага зардал шаардах илүү тохиромжтой нутаг дэвсгэрийн сонгон аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ дагнасан хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг бие болгож үе шаттай хөгжүүлэх боломжийн талаар судлах зорилготой юм. Тэд өнөөдөр энэхүү асуудлын талаар хэлэлцэж төлөвлөгөөгөө батлав.

Хурлын үеэр Эдийн засгийн тусгай бүсийг байгуулах боломжит гурван газрыг танилцууллаа. Үүнд:

  • СХД-ын 32-р хороооны нутаг дэвсгэр, Шар хөцийн хоолойд (Одоогийн эмээлт хөнгөн үйлдвэрлэлийн парк төлөвлөгдөж байгаа орчим)
  • Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Одоогийн Шувуун фабрик, түүний урд хөндий хэсэг
  • Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны айлуудаас урагшаа, Одоогийн Чингис хаан нисэх буудал ороод түүний баруун, урд хэсэг

Чингис хаан ОУ-ын нисэх буудлын орчим газар нь дэд бүтцийн хувьд “Чөлөөт бүс” бүс байгуулахад хамгийн тохиромжтой аж. Учир нь тусгай бүс байгуулах гол шалгуур нь төмөр зам, агаарын зам, засмал зам юм.

Тэд хуралдааны үеэр гурван гол асуудлын талаар хэлэлцлээ. Нэгдүгээрт шинээр бүрдсэн ажлын хэсэг зорилго, зорилтоо ярилцан мэдээлэл солилцов. Хоёрдугаарт нийслэл дэхь чөлөөт бүс байгуулах хэрэгцээ, шаардлага, нөөц боломжийн талаар мэдээлэл солилцож ярилцсан. Гуравдугаарт ажлын хэсгийн дотоод бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарийн талаар ярилцлаа.

Улаанбаатар хот нь 1,4 сая иргэнтэй Монгол улсын ДНБ-ны 65 хувийг дангаараа эзэлдэг. Маш олон тулгамдсан асуудалтай тул энэхүү асуудлуудыг шийдвэрлэх болон хотын хөгжлийг шинэ түвшинд аваачих нь энэхүү “Чөлөөт бүс”-ийн гол зорилго юм. Чөлөөт бүс гэдэг нь гаалийн татвар болон бусад татвараас нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсэг гэсэн үг.

Чөлөөт бүсийн зорилгыг дурьдвал:

  • Импортыг эрчимжүүлэх
  • Экспортын чиглэлийн үйлдвэрлэл
  • Худалдаа үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт
  • Транзит тээвэр
  • Тэргүүний технологийг нутагшуулах
  • Чөлөөт худалдаа хийх
  • Бүс нутгийн хөгжлийг хурдасгах

Чөлөөт бүсийг Улаанбаатар хотод байгуулснаар Валютын урсгал дотогшоо чиглэн ханш бууран төгрөг чангарч 1 ам доллар 1000 төгрөгөөс доош орох нөхцөл бүрдэнэ гэж тус төслийг санаачлагч НИТХ-ын “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва хэлэв.

Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай нэмэгдэнэ гэлээ. Тухайлбал:

  • Чөлөөт бүс дэхь ажилтны цалин дунджаар 2000 ам доллар болно
  • Жуулчны тоо хоёр саяд хүрнэ
  • Нийслэлийн нэг хүнд ноогдох ДНБ 15000 ам долларт хүрнэ
  • Гадаад худалдааны эргэлт 30 тэрбум ам доллар
  • Монгол Улсын ДНБ 30 тэрбум ам доллар
  • Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ 11,5 мянган ам доллар
  • 5000 орчим үйлдвэр цех байгуулагдана гэж төлөвлөж байгаа юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

2018 онд нийслэлийн бүх дүүрэгт уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан.

Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах 1 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан.

Пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 249 дүгээр тушаалаар нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 2 ,4 ,9 сартай хүүхдийг 3 тунгаар товлолын дагуу дархлаажуулж байна.

Судалгаа, дархлаажуулалтын үр дүн:

– Сүүлийн 3 жилийн судалгаагаар уушигны хатгаа өвчний сэжигтэй эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 32-40 хувь нь хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаатай байна.

– Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 хувь нь гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтойг тогтоосон.

– 2016-2017 онд вакцин тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан байна.

– Вакцин тариулсан хүүхдийн дунд уушигны хатгаа өвчний улмаас хүүхэд эндээгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Нарантуул худалдааны төвийн цахилгаан барааны хэсэгт гал гарчээ

Баянзүрх дүүргийн 14-р хороо олны нэршсэнээр Нарантуул зах доторх “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны лангуу шатсан дуудлага 12:53 цагийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажилласан байна.Тухайн үед “Наран туул” захад очиход, хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй, зураг авахыг зөвшөөрөхгүй байсан юм. Гал гарсан павильонуудыг Онцгой байдлын том машинаар хааж зогссон бөгөөд гал гарсан хэсгийг дээс татаж хамгаалтанд авсан байв. Нарантуулд гарсан галыг 14 цаг 40 минутад бүрэн унтраажээ. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа учраас тодорхой бус байна.

Онцгой байдлын алба хаагчид гал гарсан газарт ажиллаж, хохирлын хэмжээг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Цахилгаан бараанууд үнэ өндөртэй зарагдаг тул хохирлын хэмжээ томоор яригдах бололтой.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарт баригдаж буй барилгын ажлыг эрчимжүүлнэ

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжсан дуусагүй 13 барилга байгаа бөгөөд үүнийг удахгүй барьж дуусгах тал дээр эрүүл мэндийн сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 2018 ОНД ШИЛЖИХ БАРИЛГА

1

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

2013

2019

2

Сумын эрүүл мэндийн төвийн барилга /Хөвсгөл, Түнэл сум/

2015

2018

3

Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 ор /Ховд, Булган сум/

2015

2019

4

Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв /Өмнөговь, Даланзадгад сум/

2012

2019

5

Сумын эрүүл мэндийн төв, 14 ор /Баянхонгор, Баянцагаан сум/

2013

2018

6

Төрөх эмнэлэг, 50 ор /Дорноговь,Сайншанд сум/

2011

2018

7

Геронтологийн төвийн барилга, дэд бүтэц, 60 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

2011

2019

8

Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Говь-Алтай, Цээл сум/

2010

2018

9

Эрүүл мэндийн төв /Дундговь, Дэлгэрхангай сум/

2012

2018

10

Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Сэлэнгэ, Мандал сум, Хэрх тосгон/

2010

2018

11

Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийг сайжруулах төслийн монголын талын хөрөнгө /Ховд, Жаргалант сум/

2013

2019

12

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4, 5” төслийн монголын талын хөрөнгө

2011

2020

13

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах” төслийн монголын талын хөрөнгө

2014

2019

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аюулаас хамгаалах дохиолол

Охид, эмэгтэйчүүд гэнэтийн халдлагад өртөх тохиолдол цөөнгүй гарч байна. Тэгвэл бусдын халдлага, хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд хэрэг болохуйц тусгай хэрэгслүүд худалдаанд гарч хүмүүсийн хэрэглээ болжээ. Тухайлбал, сургуулийн сурагчид, охид эмэгтэйчүүдэд зориулсан машины түлхүүрийн хэмжээтэй аюулаас хамгаалах дохиоллыг хүмүүс хэрэглэж эхэлжээ. Цэнхэр, ягаан саарал өнгөтэй энэ жижиг хэрэгслийг хэн ч биеэ хамгаалах дохиолол гэж анзаарахгүй. Мэдээж өөрийн гар хүрч болох газарт байршуулбал тохиромжтой. Харин аюултай байдалд орсон тохиолдолд дээд хэсэгт байрлах гогцоог татсанаар LED гэрэл анивчин 120db буюу асаж байгаа мотоциклийн чимээ шиг чанга дуугардаг байна. Энэ нь ойролцоогоор арван метрийн зайнд сонсогддог аж. Дохиолол дуугарснаар ойр орчимд тань явсан хүмүүс аюулд орсныг тань мэдэх, эсвэл танд зугтах боломж гарах боломжтой гэнэ. Харин эл төхөөрөмжөө чимээгүй болгохын тулд татсан гогцоогоо буцааж хийх ёстой. Өөрөөр хэлбэл таныг аюулгүй болох хүртэл уг төхөөрөмж зогсохгүй дуугарсаар л байна гэсэн үг. Зөвхөн бага насны хүүхдүүд гэлтгүй хэн бүхэнд тохиромжтой эд юм байна. Энэхүү хэрэгслийг Монголын сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалж эхэлсэн бөгөөд үнийн хувьд 15 мянган төгрөг.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах нэмэлт төхөөрөмжүүдийг өргөнөөр хэрэглэх болжээ. Эдгээр нэмэлт төхөөрөмжүүд нь бугуйвч, хүзүүний зүүлт, цаг гэх мэт олон янз байдаг. Жишээ нь, “Smart GPS” бугуйн цаг нь таныг хүүхэдтэйгээ илүү ойр, холбоотой байх боломжийг олгоно. Энэхүү ухаалаг цаг нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах ослын товчтой бөгөөд байршил тогтоох, утсаар ярих, дуут болон текстэн мессеж илгээх, Wechat-д холбогдох зэрэг давуу үйлдлүүд хийх чадвартай. Мөн зураг авах, гар чийдэн асаах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй юм байна. “Uni­tel”, “Mobicom”-ын сим карт тохирох бөгөөд 10-15 хүний дугаар хадгалж, дуудлага хийх, хүлээн авах боломжтой аж. Хамгийн чухал нь таны хүүхэд аюулд орвол ослын товч дээр дарахад л утсанд тань дохио өгөх шидтэй гэсэн үг. Үүний тулд та дээрх үйлдэл бүхий бугуйн цагийг гар утастайгаа тусгай аппликейшны тусламжтайгаар холбоход л хангалттай юм. Холболт хийснээр та хүүхдийнхээ байршлыг тогтоогоод зогсохгүй аюулд өртсөн байгаа эсэх, бугуйн цагаа салгасан тухай гээд бүхий л мэдээллийг мессежээр хүлээн авах юм.

Хэрэв аюулд өртсөн байна гэх дохио ирвэл өөрөө очих, эсвэл ойрхон байгаа хүмүүс, ангийн багш, нийгмийн ажилтан зэрэгт дуулгаж цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой юм. Зөвхөн бага насны хүүхдүүд гэлтгүй охид, эмэгтэйчүүдэд зориулсан байршил тогтоогч ч байдаг аж. Мөн өндөр настнуудад зориулсан зүрхний цохилт хэмжигч, аюулгүй байдлыг хангах ослын товч, байршил тогтоогчтой ухаалаг бугуйн цаг бий. Эдгээрээс гадна утсаар ярих, дасгал хөдөлгөөн хийх, эм уух цагийг сануулах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй гэсэн. Эдгээр ухаалаг бугуйн цагуудыг “Grand plaza” дэлгүүрт 52-110 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан.

Сурагчид төдийгүй эмэгтэйчүүдийн цүнхэнд байхад илүүдэхгүй бие хамгаалах авсаархан зэвсэг бол нулимс асгаруулагч юм. Уруулын будгаас ялгаагүй хэлбэр хийцтэйгээр үйлдвэрлэдэг болсон нь авч явахад тун тохиромжтой. Манайд энэ төрлийн хэрэгслүүдийг худалдаалдаг тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүд цөөнгүй бий. Нулимс асгаруулагч хэмжээнээсээ хамаараад үнийн хувьд 10 мянган төгрөгөөс эхэлдэг.

Дараагийн биеэ хамгаалах хэрэгсэл бол цахилгаан болон энгийн бороохой байдаг. Охид, эмэгтэйчүүдэд зориулсан жижиг хэмжээтэй бороохойг цүнхэлж явахад танд тийм ч их түвэг удахгүй. Монголд төрөл бүрийн цахилгаан болон энгийн бороохой худалдаалдаг бөгөөд үнийн дүн 25 мянган төгрөгөөс эхэлнэ. Гэхдээ манай орны хувьд хүчний байгууллагууд болон тусгай зөвшөөрөл бүхий иргэд л нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, цахилгаан бороохой зэргийг хэрэглэх боломжтой байдаг. Энгийн иргэдэд хэрэглэх зөвшөөрөл одоогоор байдаггүй юм байна. Харин гадны орнуудад сурагчид болоод эмэгтэйчүүдийг нулимс асгаруулагч биедээ авч явахыг зөвшөөрдөг байна. Тухайлбал, Америкийн Умард Каролина мужийн Роуэн тойргийн сургуулиуд сурагчдадаа бие хамгаалах зорилгоор биедээ нулимс асгаруулагч хийн баллон авч явах дүрэмтэй аж. Мэдээж сурагчид зөвхөн биеэ хамгаалах зорилгоор л ашиглах ёстой. Энэ дүрэм журмын дагуу хэрэглээгүй тохиолдолд сурагчид шийтгэл хүлээдэг байна.

Үүнээс гадна Энэтхэгт бэлгийн хүчирхийллээс сэргийлэх зорилготойгоор онцгой жинс зохион бүтээжээ. Энэхүү жинсийг өмссөн охид эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хүчингийн хэрэгт өртвөл жинснийхээ дээд хэсэгт байрлах электрон товчлуурыг дарах хэрэгтэй аж. Ингэснээр хамгийн ойр орших цагдаагийн хэсэгт дохиолол дамжуулж чадах гэнэ. Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Варанаси орчмийн 200 гаруй газруудад байрлах цагдаагийн хэлтсүүдэд уг дохиолол хүрэх чадалтай юм байна. Харин жинсэнд байрлуулсан электрон товчлуур нь зайгаар ажиллах бөгөөд гурван сар цэнэгээ хадгалах чадвартай байна.

Энэ мэтчилэн бие хамгаалах төхөөрөмжүүд цөөнгүй бий. Гэсэн хэдий ч танд өөрийгөө аюулаас хамгаалах багахан заль байхад илүүдэхгүй нь мэдээж. Цагдаагийн газраас ч тэр гэнэтийн халдлагад өртөхөөс сэргийлсэн зөвлөгөөнүүдийг гаргасан байдаг. Юуны өмнө орой үдэш явахдаа аль болох гэрэлтэй, олон хүнтэй газраар явах, сэжиг бүхий хүн ойр хавьд тань байвал гудамж, орц, цахилгаан шат руу орохоо түр азнаарай. Шөнө орой такси, машинд суухдаа дугаарыг нь заавал харж ойр, дотны хүмүүстээ явуулах, бусдад мэдэгдэж утсаар ярих хэрэгтэй. Энэ нь таныг эрсдлээс аврах нэг арга юм. Бүсгүйчүүд ихэвчлэн ороолт зүүх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд ороолтныхоо үзүүрийг хувцсан дотроо заавал хийж заншаарай. Ингэснээр гэнэтийн халдлагын үед таныг боох зэрэг үйлдлээс сэргийлэх давуу талтай юм. Мэдээж эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа ямар ч үед сулруулахгүй байх нь хамгийн чухал болох талаар Цагдаагийн газраас анхааруулжээ.


Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонслоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.39 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 24, 25, 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа эхлээд Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.

Уг тогтоолоор Засгийн газарт нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутаг дахь нэн шаардлагатай цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж шинээр барих, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

Сайд Ц.Цогзолмаа 2018 оны төсвийг батлахдаа цэцэрлэг, сургуулиудын хөрөнгө оруулалтыг иж бүрэн шийдсэн хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолсон. 2018 оны 09 дүгээр сарын нэгэн гэхэд сугалаа сугалж, танил талаараа яриулж цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлдэг асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж тэрбээр хэлсэн.

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой баригдсан барилгыг иргэн, хуулийн этгээдээс худалдан авах, түрээслэх талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг БСШУС-ын сайдын тушаалаар байгуулсан бөгөөд ажлын хэсэг дээрх зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой баригдсан 10 барилгын байдалтай танилцаж, худалдан авах боломжтой гурван барилгыг тодруулжээ.

Эдгээр нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Ногоон хотхон” цэцэрлэгийн барилга, Налайх дүүргийн 1-р хорооны нутагт байрлах иргэн Ж.Дамбасүрэнгийн цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга, Сонгоинохайрхан дүүргийн 6-р хорооны нутагт байрлах “Содон” хорооллын “Содон” цэцэрлэгийн барилга аж. Ажлын хэсгийн шийдвэр болон цэцэрлэгүүдээс ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн улсын хэмээнд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль, нэг сургууль-цэцэрлэгийн цогцолборын барилгыг худалдан авах 9.1 тэрбум, 241 цэцэрлэг, 7864 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах үйл ажиллагаанд 8.9 тэрбум төгрөг улсын төсвөөс шаардагдах зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгуулах саналаа Сангийн яаманд хүргүүлсэн гэлээ.

Монгол Улсын 2018 оны төсөвт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 25 дугаар хороонд тус бүр нэг цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд нэг цэцэрлэгийн барилгыг худалдан авахаар 4.9 тэрбум төгрөгийг тусгуулжээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 204, төрийн бус өмчийн 360, нийт 564 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Сайдан мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан сүүлийн үед барилгын компаниуд орон сууцны хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийн барилгыг хамтад нь барих болсон. Цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой олон барилга бий. Тэдгээр барилгаас төр худалдан авч ашиглах боломж бий юу хэмээн лавласан.

Энэ асуудлыг яамны зүгээс судалж байгаа бөгөөд цэцэрлэггүй хорооны нутаг дэвсгэрт баригдсан, зориулалтын дагуу баригдаж, стандартын шаардлага хангасан барилгыг худалдан авах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн хариултыг сайд өгсөн.

УИХ-ын гишүүн М.Билэгт хөдөө орон нутагт цэцэрлэг байгуулах, тэнд багшлах боловсон хүчний асуудалд яамны зүгээс хэр анхаарал хандуулж байгааг лавласан бол УИХ-ын гишүүн А.Ундраа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг тодруулсан.

Сайд Ц.Цогзолмаа, сургуулийн өмнөх боловсрол олгоход хөдөө орон нутаг, хот суурин газар гэж ялгахгүй гээд бүх хүүхэд ижил орчинд сурч хөгжих ёстой хэмээн хэлсэн. Тэрбээр, яамны зүгээс багш бэлтгэж буй бодлого, сургалтын хөтөлбөрийг өөрчлөх бодлогын зөвлөл байгуулан ажиллана гэж мэдэгдлээ.

Мөн яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газарт Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийг байгуулж, Боловсролын их сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимыг байгуулсан тухай мэдээлсэн юм. Тусгай хэрэгцээт боловсрол олгох багш бэлтгэх ажил сүүлийн 25 жил зогссон байсан бөгөөд 2018 оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах багш нарыг дахин бэлтгэж эхлэхээр болсон аж. Мөн 2018 оны төсөвт тусгай сургуулиудад хүүхдийн автобус авах, нэмэлт камержуулалтын систем суулгах зэрэг арга хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Түүнчлэн хүүхдүүд өгч буй хоол хүнсний бүтээгдэхүүнийг дамжуулагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлэх, хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах зэрэг олон асуудлыг шийдэж буй талаараа сайд мэдээлсэн.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сургууль, цэцэрлэгийн асуудал яригдахаар хот руу анхаарал их хандуулаад хөдөө, орон нутаг орхигдоод байдгийг сануулсан. Тэрбээр, Ганцхан жишээ дурдахад Говьсүмбэр аймгийн гуравдугаар сургуулийн сурагчид 12 дугаар сард сурах бичигтэй болсон. 6-9 дүгээр ангийн сурагчдын 70 орчим хувь нь сурах бичигтэй байна. 12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг одоо хүртэл очоогүй. Улсаас өгдөг цөөхөн сурах бичгийг багш нар нь дундаа шахуу хэрэглэж, хүүхдүүд хувилж, олшруулж хэрэглэж байна гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, 2018 онд боловсролын салбарын хүртээмжийг бүхэлд нь шийдэх болно гэлээ. Сурах бичгийн хүртээмж муу байгаа болоод бусад асуудал дотоод мониторинг орхигдсонтой холбоотой гэж сайд хэлсэн. Өмнөговь аймагт 300 хүүхдийн дотуур байр барьсан ч тэнд одоо 30 хүүхэд л байрлаж байгаа нь ганцхан жишээ гээд тиймээс энэ мэт буруу төлөвлөлтөөс зайлсхийхийн тулд дотоод мониторингийг хийж байх болно гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганболд, М.Оюунчимэг нар асуудлыг цаас харж ярих биш, газар дээр нь очиж танилцаад, цаашид хэрхэх ёстойг дүгнэн, шийдээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.

Үргэлжлүүлээд Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн.

Тэрбээр, хүүхдийн ямар хүн болж төлөвших нь 0-6 насанд тогтдог бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай, зөв хүн болгохын тулд сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролд илүү анхаарах ёстой. Тиймээс сургалтын хөтөлбөр, агуулгад хамгаас илүү анхаарах ёстой. Манай улсын иргэдийн 1 сая нь 0-16 насны хүүхдүүд. Жил бүр 75 мянган хүүхэд нэгдүгээр ангид орж байна. Тэдний 35 мянга нь нийслэлд байна. Бид XXI зуунтай, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхана гэвэл боловсролын хүртээмж, хөтөлбөр, агуулгад цогц шинэчлэл хийх ёстой хэмээн мэдээллийнхээ үеэр онцолсон юм.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, М.Оюунчимэг, Д.Гантулга нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Д.Ганболд нар байр сууриа илэрхийлсэн.

Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсад 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 160 гаруй мянган оюутан суралцаж, 7000 гаруй багш ажиллаж байгаа аж. Эдгээр сургуулиудын 17 нь төрийн өмчийнх байна. Сайдын мэдээлснээр иргэдийн зүгээс чанаргүй олон сургуулийн талаар, мөн магадлан итгэмжлэлийн талаар гомдол байнга гаргадаг аж.

Магадлан итгэмжлэлийн суурь нь сургалтын хөтөлбөр авч тэрхүү сургуулийг төгссөн оюутан ажлын байртай болж чадах уу, үгүй юу гэдэг дээр ихээхэн асуудал гардаг байна. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхдээ доктор, дэд профессорууд багшлах зэрэг шаардлага тавьдаг ч монголын доктор, профессоруудын анкет сургуулиас сургууль дамжаад явж байдгийг сайд нуугаагүй. Төрийн өмчийн сургуулиуд дотор тааруу нь ч бий, хувийн сургуулиуд дотор сайн нь ч бий хэмээн сайд хэлээд хамгийн гол нь их, дээд сургуулийн бодлогоо зөв гаргаад, хөтөлбөр, стандарт, боловсон хүчинд тавигдах шаардлагыг сайжруулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, А.Ундраа, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Н.Амарзаяа нар үг хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Автомашины худалдаа эрхлэгчдийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардав

ЗурагБаянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоолыг чөлөөлөх асуудлаар өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Төмөр замын цагдаагийн газраас мэдээлэл хийв.

УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албаны дарга О.Болдсайхан “УБТЗ нийгэмлэгийн галт тэрэгний төв буудал барих зориулалтын газрыг “Даяар хас” компанид 2006 оноос түрээслүүлсэн юм. Тус компани энэхүү газрыг автомашины зогсоол болгон, авто худалдаа эрхлэгчдэд түрээсэлдэг. 2013 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн захирамжаар нийслэлээс автомашин болон сэлбэг хэрэгслийн захуудыг нүүлгэх болсон. Үүний дагуу 2015 онд УБТЗ-ын удирдлагууд “Даяар хас” компанитай байгуулсан гэрээгээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Гэвч дээрх компани мэдэгдлийг хүлээн аваагүй бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Гомдлыг Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, “Даяар хас” компани ялагдал хүлээсэн. Гэтэл дээрх компани болон автомашины худалдаа эрхлэгчид “Улаанбаатар төмөр зам” ХНН хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж байна” хэмээв.

Түрээслэгч компани болон авто худалдаа эрхлэгчдийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг УБТЗ-ын хуульч Н.Баярсайхан шаардлаа. Мөн тэрбээр, “Бид тухайн газрыг хүч хэрэглэн чөлөөлөхийн оронд иргэдийг автомашины зогсоолоос өөрийн эд хөрөнгөө сайн дураараа авахыг хүсэж, хүлээцтэй хандаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59 дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өглөө.

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айлчлан ирж байна. Сурлага хөдөлмөр, авьяас билгийн арвин олзтойгоор багачууд та бүхэн “Харшийн сүлд модны наадам”-аа зорин ирсэн гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэхүү наадмыг жил бүр зохион байгуулдаг учраас хүүхэд бүрийн хамгийн хайртай хүсэн хүлээдэг баярын нэг болсон байх. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд нийтдээ 250 мянга орчим суралцагч, төрийн ба төрийн бус өмчийн 670 цэцэрлэгт 113 мянга гаруй хүүхэд хамрагдан сурч, хүмүүжиж байна. 2017 онд нийслэлийн төрийн өмчийн 13 цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор орны тоо 10 мянгаар нэмэгдсэн. Мөн ногоон бүсийн зуслан 20, асрамж үйлчилгээний 42 төв үйл ажиллагаагаа явуулж хүүхэд та бүхэнд үйлчилж байна. Хүүхэд бүр гэр бүлийнхэнтэйгээ амар тайван амьдарч, эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлж, авьяас чадвараа хөгжүүлэх бүрэн боломжийг бүрдүүлэхийн төлөө бид бүхэн ажиллах болно. Монголын дэлхийд дуурсагдах алдар нэр нь ард түмний түүх, соёл, зан заншилтай нягт уялдаатай. Тиймээс өнөөдрийн хүүхэд багачууд маргаашийн иргэдээс бүх зүйл шалтгаална. Ахмад үеэ хүндэтгэн дээдэлж, үндэсний өв уламжлал, ёс заншилаа уламжлан үлдэж, эх оронч нийслэлийн бүтээлч иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөе. Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж буй хүүхэд багачууддаа шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж байна” хэмээлээ.

“Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.