Categories
мэдээ нийгэм

Байрны орцонд мөнгөн ус асгарчээ

Image result for мөнгөн ус

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах байрны гуравдугаар давхрын хогийн сувгийн хажууд мөнгөн ус асгарсан байна гэх дуудлага өчигдөр 14:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 15:03 цагт очиж, тус байрны хоёрдугаар орцны гуравдугаар давхрын шатнаас нэгдүгээр давхрын шал хүртэл 18 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авчээ. Улмаар мөнгөн усыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголчууд Б.Лхагвасүрэнд зориулж 55 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Image result for Б.Лхагвасүрэн

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдартай гэж оношлогдоод байгаа билээ. Түүний эмчилгээнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд ирэх оны нэгдүгээр сард БНСУ-д хагалгаанд орохоор болжээ.

Харин Засгийн газраас Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлахаар болсон. Түүнийг эмчилгээ хийлгэх гэж байгаа гэх мэдээллийн дагуу Өвөрмонголчууд өөрсдийн санаачилгаар аян зохион байгуулж, зургаан хоногийн дотор 150.520 юань буюу 55 орчим сая төгрөгийг цуглуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босголтын ажлын явцтай танилцан, удирдлагуудад дараах үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

-хариуцлагатай жижүүрийг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагыг гарган ажиллуулах, жижүүрлэлтийн хуваарийг гаргах,

-гал гарсан эзэн шалтгааныг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллага бодитоор тогтоох, шуурхай зохион байгуулах,

-дулааны станцын барилга доторх зарим тоног төхөөрөмжийг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, дулаалах, гадна том хаалганаас дулаан алдахаас сэргийлэх,

-шөнийн нөхцөлд ажиллах бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах,

-барилгын галд өртөж шатсан цонхийг сэргээн засварлах ажлыг аж ахуйн нэгж, байгууллагаар шуурхай засварлуулах,

-сумын шуурхай командыг тодотгож, шаардлагатай тохиолдолд нүүрс зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд оролцуулах, хүч хүрэлцэхгүй тохиолдолд ард иргэдийг дайчлах, зардлыг хуулийн дагуу сумын удирдлага хариуцаж ажиллах,

-сэргээн засварлалтын хугацаанд явцын хяналтыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

·Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах

·Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

·Олон нийтийн газраар аль болох явахгүй байх

·Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

·Гараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх:

·Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

·Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

Осол гэмтлээс сэргийлэх:

·Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

·Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

·Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

·Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

·Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

·Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх

Categories
мэдээ улс-төр

Монголбанкны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

ЗурагУИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Төв банкны тухай буюу Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ажиллах үзлэгийн кабинетын хуваарь, зөвлөгөө авах утасны жагсаалт

Шинэ жилийн баярын өдрүүд буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2018 оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүд, Хүүхдийн кабинетууд болон Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Хүүхдийн кабинетуудад 10:00-16:00 цагийн хооронд үзлэг хийх бөгөөд дараахи утсаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Байгууллагын нэр

Утасны дугаар

(10-16 цаг)

1.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

2.

Баянзүрх эрүүл мэндийн төв

70150053

3.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210290

4.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

70491003

5.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464

6.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

98254999

7.

Сүхбаатар Эрүүл мэндийн төв

350793

8.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

345903

9.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110278

2017 оны 12 дугаар сарын 29 өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл

Д/д

Байгууллага

Зөвлөгөө өгөх утасны дугаар /24 цагаар ажиллана/

Ажиллах цагийн хуваарь

1

Гэмтэл, согог судлалын үндэсний төв

70180136

Амбулаторийн тусламж үйлчилгээг 09:00-16:00 цагийн хооронд Хүлээн авах яаралтай, тусламжийн тасгаар үзүүлнэ.

Хүлээн авах яаралтай, тусламжийн тасаг 24 цагаар

2

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

323372

Амбулатори-29,30,31,1-нд амарна. Яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажиллана

3

Улсын гуравдугаар төв эмнэлэг

70187822-Харвалт, шигдээс, мэдрэл, зүрхний мэс заслын алсын ойр болон алсын дуудлагад зөвлөгөө, лавлагаа өгнө -24 цагаар

4

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Тандалтын алба

11-455388

Хүлээн авах тасаг

11-450491

100 Халдвартын яаралтай тусламжийн утас 24 цагаар ажиллана

5

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Эх барих, эмэгтэйчүүд 80809102

Хүүхэд 80809100

Лавлагаа авах утас: 24 цагаар

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг – 360951, 70121201

Хүүхдийн эмнэлэг- 362715, 70141403

Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэн: Малыг бүртгэлжүүлж, үнэлгээжүүлж, зах зээлийн харилцаанд оруулбал хөдөө аж ахуй хөгжинө

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбогдуулан ярилцлаа.


-Хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн салбар, малчдад ямар ахиц дэвшил гарах вэ?

-Нийт ажиллах хүчний 30 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Аймаг, орон нутгийн 85 хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг яахын аргагүй хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбар. Энэ салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэхэд одоогийн байдлаар 3.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Манай улсын нийт экспортын 10 орчим хувийг энэ салбарын бүтээгдэхүүн эзэлдэг гол салбар юм. Нэгэнт дотоод, гадаад зах зээл байгаа учраас хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага өнөөдөр тулгарч байна. Энэ салбарын бодлогын шинэчлэл болох гол хоёр том хуулийг шинэчлэн батлан гаргалаа. Жил гаруй хугацаанд хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажиллаж, салбарын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хангасан олон заалтуудыг тусгасан. Засгийн газрын зүгээс мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоё гэж яриад байдаг ч хүссэн хэмжээндээ гадагшаа гаргаж чадахгүй байна. Олон улсын хэмжээнд тухайн мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тавигддаг гол үндсэн шалгуур, шаардлага бол тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаа бүртгэлжүүлэлт, эрүүл ахуйн аюулгүй байдал, чанарын баталгаажуулалт байдаг. Монгол малыг эрүүлжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой бүртгэлтэй байх, малын ашиг шим чанарыг эрс дээшлүүлэхэд энэ хууль тустай юм. Эрчимжсэн фермийн аргаар өсгөж буй малтай бэлчээрийн малын ашиг шим, өрсөлдөх чадвар нэгэнт байхгүй. Иймд бэлчээрийн малын давуу талыг хөгжүүлье. Тухайлбал, олон төрлийн эмийн ургамал идэж буй мал фермийн аж ахуйгаас илүү органик, эко байна. Үүнд суурилсан зах зээлийг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр малын үүлдэр угсааг сайжруулах, сүргийн бүтцийн байдал алдагдаж байгаа байдал ажиглагдаж байна. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэвэд нийт малчдын маань 55 хувь нь 200-с доош цөөн тооны малтай байна. Нийтлэг малчдынхаа эрх ашгийг бодож байгаа бол мал аж ахуйн салбарт бид эдийн засгийн өгөөж, ашиг шим ярихгүй бол дэндүү хоцорч байна.

-Мал эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулахаар болж байгаа вэ?

-Мал эмнэлгийг босоо тогтолцоонд оруулж байна. Улсын мал эмнэлэг, аймаг бүрт мал эмнэлгийн алба, суманд тасаг байгуулна. Нэг суманд доод тал нь 2-3 малын эмч ажиллахаар болж байна. Одоо ажиллаж буй хувийн мал эмнэлгийнхний хариуцлагыг нэлээн өндөрсгөж байгаа. Малчин хүнд тавигдах шаардлага бас өндөрссөн. Мөн сум, аймгийн хөдөө аж ахуйн тасагт заавал мал зүйчтэй байх мэргэжлийн шаардлагыг тавьж байгаа.

-Малын бүтээгдэхүүнийг гадагшаа экспортод гаргахад малын гарал үүсэл нь тодорхойгүй байгаагаас олон улсын зах зээлд гарч чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор ямар бодлого хэрэгжих вэ?

-Газар дээрх баялаг болсон мал сүргээ бүртгэлжүүлэх, үнэлгээжүүлэх, үнэлгээг нь нэмэгдүүлэх, ашиг шимийг нь дээшлүүлэх, тухайн баялгаа зах зээлд саадгүй тогтмол нийлүүлдэг болох нь энэ хуулийн гол үндсэн зорилго нь юм. Монгол Улс өнөөдөр газар доорх баялгаа бүгдийг нь гэрчилгээжүүлж, бүртгэлжүүлсэн байна, гэтэл түүнээс дутахгүй газар дээрх 60 сая баялгаа зах зээлийн харилцаанд оруулахын тулд бүртгэлжүүлсэн, үнэлгээжүүлсэн зүйл огт алга. Өөрөөр хэлбэл, бид бүхэн газар дээрх баялгаа бүртгэх Монгол малын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох хэрэгтэй байна. 60 сая малаа хамгийн багаар үнэлэхэд 8.8 их наяд төгрөг болно. Монгол Улсын бараг жилийн төсөвтэй тэнцэж байна. Энэ баялгийг бүртгэлжүүлж, үнэлгээжүүлж, зах зээлийн харилцаанд ороход бэлэн болгож байж хөдөө аж ахуй хөгжинө. Олон улсын байгууллагаар дэлхийн түвшинд аль ч улс орон руу гарахад бүртгэл хэрэгтэй байдаг. Монгол Улсын хэмжээнд 2011 оноос хойш найман сая гаруй малыг бүртгэсэн гэсэн тоо байна. Одоо бүртгэхдээ орчин үеийн техник технологийг ашиглан чиптэй ээмгийг зүүж өгнө.

Хууль гарахаас өмнө бүртгэлийн чипийг хоёр сарын хугацаанд бид туршиж үзсэн. Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Их тамир сумдын 1000 малыг “Мах маркет”-д нийлүүлсэн. Малын эмч гурван сарын хугацаанд хяналтад байлгаж Хархорин, 22-ын постоор оруулахад техник технологийг ашиглаад тэвшин дээр байгаа малыг скайнераар уншуулж ямар малчны мал хэдэн тоо толгойгоор орж ирэв гэдгийг хяначихаж байгаа юм. Малын бар код 10-20 метрийн наанаас мал тус бүрээрээ бүртгэгдчихэж байна. Энэ бүх мэдээлэл Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт давхар очно. 22-ын товчоогоор малчин Дондогийн мал ороод ирлээ гэхэд он сартайгаа шууд бүртгэгдчихнэ. Чипгүй ээмэгтэй байхад бүх малын чихийг татаж үзэж тоо толгойг гаргаж байсан. Энэ бол амьдрал дээр хэрэгждэггүй практик болж байсан. Одоо тэгвэл тухайн малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр хүрэхдээ махны гарал үүсэл нь тодорхой учраас хэрэглэгч гар утсаараа бар кодыг уншуулахад аль аймгийн хэн гэдэг малчны мах, вакцинд хэзээ хамрагдсан эсэх хэн гэдэг эмч баталгаажуулсан, аль товчоогоор хэдний өдөр орсон гэх мэт мэдээллийг шууд авна. Мөн бид нар өөрсдийн мал аж ахуйн салбарын давуу тал болох бэлчээрийн төлөв байдлын тухай мэдээллийг тухайн бар кодод оруулаад өгчихнө. Өнөөдөр органик бүтээгдэхүүний дэлхийн зах зээл энэ жил гэхэд 80 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Иймэрхүү давуу талаа бид дөвийлгөж өгвөл органик бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд гарахад асар том давуу тал бидэнд бий болно.

-Мал бүрийг чипжүүлэх зардал ямар үнэтэй тусах вэ. Мөн малын бүртгэлжүүлэх төсөв мөнгийг малчдаас нь гаргуулж болох уу?

-2018 оны төсөв батлагдсаны дараа энэ хууль батлагдан гарч байна. Одоо байгаа төсөв дээр бэлтгэл ажлыг хангах гэсэн нэг тэрбум төгрөг батлагдсан байна лээ. Төсвийн тодотгол дээр мөнгө нэмж суулгахыг хичээнэ. Ер нь Монголын бүх малыг бүртгэлжүүлье гэвэл нэг чип 1000-1500 төгрөгийн үнэтэй гэхээр 60 сая малаар тооцох юм бол 65 тэрбум төгрөгийн тооцоо гарна. Ойрын хэдэн жилдээ бүх малаа бүртгэлжүүлэх нэгэнт эдийн засгийн шууд боломж байхгүй хэдий ч бог малыг тэр дотроо үржлийн болоод таваарын малаа эхлээд бүртгэлжүүлье гэж зорих юм. Ирэх 2020 он хүртэл бог малынхаа 80 хувийг бүртгэлжүүлчихэд л хүнсний зах зээл, махны үйлдвэрүүдэд нийлүүлдэг махны эрүүл стандарт, аюулгүй байдал хангагдана. Зөвхөн малын тухай ярьж байгаа юм биш, хүн эрүүл хүнс хэрэглэх, хүний эрүүл мэнд сайн байхыг шийдэх юм. Ингэхээр эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Одоо зөвхөн урд хөрш рүү гэхэд мах экспортлох зах зээл маш өргөн бий. БНХАУ 2017 онд 90 сая үхрийг хүнсний хэрэглээнд хэрэглэсэн гэсэн тоо баримт байна. Монгол Улс нийт дөрөвхөн сая үхэртэй. Энэ нь асар том зах зээл байгааг харуулж байгаа боловч бид эдийн засгийн зах зээлийн харилцаанд ороход бэлэн биш байна. Цаашид мал сүргийн бүтцийг зөв зохистой байлгах, үр ашигтай малын тоо толгойг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Малчдын хувьд малынхаа толгойн тоог өсгөх нь хөрөнгө, орлогоо нэмэгдүүлэх хамгийн хямд, биед амар арга гэдэг өнөөгийн эрх зүйн орчин, эдийн засгийн хөшүүргүүдийг эхний ээлжинд төр, засгийн зүгээс өөрчлөнө.

-Сайн чанарын хээлтүүлэгч малыг тусгайлан үнэлж, бүртгэх, гадаадаас авч байгаа мал, үрийг хянах зохицуулалтыг хийдэг болж байгаа гэв үү?

-Малын генетик нөөцийн тухай хуульд анх удаа үржлийн малд удам зүйн үнэлгээг хийж, үржилд ашиглаж болно гэдгийг баталгаажуулж байх, тухайн үржлийн малын үнэт чанарыг үнэлж ангилал тогтоох, гойд ашиг шимт малыг үнэлэх системтэй болох зохицуулалт орж ирж байгаа. Ингэснээр сайн чанарын гэж яригддаг мал маань удам зүйн хувьд үнэхээр сайжруулагч мөн үү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж, баталгаажуулдаг болно. Төрөөс эхний ээлжинд бог мал дээрээ анхааръя гэж байгаа. Сум болгон дээрээ хуц, ухнын эцэг малын цөм сүргийг бий болгоё гэж байна. Ноосны, арьс ширний, сүүний чиглэл гэх мэтээр бүс нутгийн онцлогт нь таарсан эцэг малыг улсаас нийлүүлж сум болгонд цөм сүргийн аж ахуйтэй болгох юм. Мал үржлийн технологийн нэгжийг сум болондоо бий болгож хувийн хэвшлийнхэн дээрээ суурилуулаад маллуулъя, үржлийн ажлыг хийлгэе гэж байгаа. Цаашид тухайн малчин сүргээсээ эцэг малыг дураараа тавьдгийг зогсооно. Үржил селекцийг малчид дураараа хийдгийг болиулна гэж байгаа юм. Ер нь эцэг малаар дамжиж тухайн малын чанар муудаж, давжаардаг асуудал үүсдэг. Энэ байдал нийт малын тоон дээр харагдаж байна.

-Шүлхий зэрэг өвчин гарах үед малыг устгалд оруулж, малчдад нөхөн төлбөр олгодог. Үүнийг хуулиар хориглож болдоггүй юм уу. Яагаад вэ гэвэл малчид төрөөс мөнгө авчихна гэсэн сэтгэлгээ бас байна?

-Энэ жил 90 мянган мал устгалд орсон ч төсөв дээр энэ мөнгө нь суугдаагүй гээд хэрүүл зарга болж байгаа харагдана лээ. Тухайн малчин, мал эмнэлгийн нэгжүүд, мал зүйчдэд хариуцлагын асуудал яригдана. Хөдөө аж ахуйн салбарын анхаарах асуудал бол анхан шатанд үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч, хувийн хэвшлийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Манай улсад малын гаралтай бүтээгдэхүүн анхан шатны байдлаараа буюу түүхий эдээрээ зах зээлд гарч байна. Анхан шат, дунд шатанд боловсруулж нэмүү өртөг шингээж чадахгүй байна. Тиймээс анхан шатанд нь түүхий эдийг үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг хийж, тухайн малчин өрхийг, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжиж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө. Малын генетик нөөцийн тухай хуулиар малчдад мэргэжлийн үнэмлэх олгохоос гадна малчин өрхийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгохтой холбоотой харилцааг хуульчлан тусгасан. Ингэснээр Монголын малчид үндэсний өв соёлоо тээж яваа, олон арван арга ухааныг эзэмшсэн гэдэг талаасаа үндэсний хэмжээнд мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “мэргэжил”-ийн үнэмлэхийг тодорхой журмын дагуу авах боломж нээгдэж байгаа юм. Малчдад мэргэжлийн үнэмлэх олгосноор малчдыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах ажлууд хийгддэг болох юм. Энэ салбарт шинжлэх ухаанчаар хандахгүй бол хөгжихгүй гэдэг нь тодорхой болсон. Малчдад маань уламжлалт мэдлэг байгаа ч шинжлэх ухааны шинэ технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй болсон. Жишээ нь хурга ишгийг хөнгөлөхдөө уламжлалт аргаар шууд зүсээд хийдэг бол Японд төөнүүрийн аргаар бөгжилж хөнгөлж байна. Ингэж хөнгөлсөн хурганы ялгааг үзэхэд амьдын жингээрээ 30-40 хувийн ялгаатай байна. Ерөөсөө мал аж ахуйн салбарт шинжлэх ухаанчаар хандаж үр бүтээмжийг сайжруулж ашиг шимийг сайжуурлах хэрэгтэй учраас малчдыг мэдлэгжүүлэх чадавхжуулах хэрэгтэй болж байгаа юм. Бүтээмжтэй холбоотой өөр нэг энгийн жишээ малыг сүүний, махны, ноосны, ноолуурын, уналгын, уралдааны гэж хөгжүүлдэг байсан. Тэр үед улсын дунджаар 1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 250 орчим кг, нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 350 орчим литр байсан бол одоо хэд болж буурсаныг хүн болгон тойм төдий багцаалдаж байгаа биз. Учир нь 90 оноос хойш бид малынхаа ашиг шимийг тоож хэмжихээ ч байсан. Ямааны мах нь хүртэл 1-3 дугаар зэрэгтэй байсан. Өнөөдөр гэтэл 100 хонины арьс үйлдвэрт орж ирлээ гэхэд 70 нь шаардлага хангахгүй түвшинд байна. Тэгэхээр цаашид бид малын ашиг шим, бүтээмжийг хэмжих, түүхий эд бүтээгдэхүүн, сүү мах, арьс ширийнх нь чанарыг магадлаж байх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах лабораторийг сум болгонд байгуулах шаардлагатай байна.

-Малын хөлийн татварыг авах тухай хуульд тусгагдаагүй. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай улсын нийт бэлчээрийн даац хэтэрч, 65 хувь нь доройтолд орчихсон байна. Дахиад 10 жил болоход нийт газар нутаг эргээд сэргээгдэхээргүй болох эрсдэлд бэлэн байна. Нөгөө талаасаа бэлчээрийн мал аж ахуйн малын онцлог буюу бэлчээрээр идээшилж, дундуур идэш хоолтой байх хугацаа нь ойролцоогоор жилд 240 хоног байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээр муудаж байна, жил тутам буух хур тунадасны хэмжээ 90 оноос хойш 20 орчим хувиар буурчихлаа. Бэлчээрийн ургац 40 жилд 2-3 дахин буурсан гэсэн тоо гарсан байсан. Эсрэгээрээ бог малын тоо сүүлийн зургаан жилийн дотор огцом өслөө. Ийм учраас бид бэлчээр, байгаль экологио хадгалж хамгаалах, малынхаа тоо толгойнд биш малын чанарт анхаарсан харилцаанд манай улс орохоос аргагүй. Малчдын хувьд амьжиргааны гол эх үүсвэр болсон мал болон малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бага, худалдан борлуулах зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ муу байгаагаас орлого муу байна. Үүний улмаас малдаа хангалттай хадлан, тэжээлээ бэлтгэж чадахгүй ган, зудад хохирол их амсч байна. Малын бэлчээрийн даац хэтэрч, нийтдээ газрын үржил шим муудаж байгаа зэрэг нь нэлээд эмзэг асуудал болж байна. Ийм тохиолдолд бид малын хөлийн татвартай байх уу эсвэл бэлчээрийн тухай харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалттай болох уу гэдэг асуудал цаашид яригдаж таарна.


Categories
мэдээ цаг-үе

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер: Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг боловсронгуй болгох судалгаа хийгдэж байгаа

Олон Улсын Валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нейл Сакертай ярилцлаа.


-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хоёр дахь хэсэг хэрэгжиж эхэлж байна. Энэ хүрээнд бидэнд олгогдохоор болсон 79 сая ам.доллар хэзээ Монгол Улсад орж ирэх юм. Мөн зарцуулалт дээр хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Энэ сарын 15-нд захирлуудын зөвлөлийн шийдвэр гарч 79 сая ам.долларыг Монгол Улсад зээлүүлэхээр болсон. Одоо Монгол банкны гадаад валютын санд ороод ирсэн гэж бодож байна. Энэ мөнгө хэрхэн зарцуулагдаж байна вэ гэдэг дээр ОУВС үргэлж хяналт тавьж байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт дөхөж очоод байна. Цаашдаа ч өсөх төлөвтэй байгаа. Нэг жилийн өмнө нэг тэрбум хүрэхтэй үгүйтэй л байсан шүү дээ. Мөн Валютын сангаас гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Засгийн газар гээд тус хөтөлбөрийг дэмжин оролцож байгаа хандивлагчид өөрсдийнхөө санхүүжилтийг эхнээс нь олгоод эхэлсэн. Он дуустал нийтдээ 0.5 тэрбум буюу 500 сая орчим ам.долларын санхүүжилтийг хандивлагч байгууллага улс орнуудын зүгээс Монгол Улсад өгөх юм.

Энэ бол Засгийн газраас дэвшүүлсэн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжиж байгаа санхүүжилт гэсэн үг.

-Хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт ямар тодорхой өөрчлөлтүүд гарна гэж харж байна вэ?

– Төсвийн бодлогын тухайд Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд тохирсон зүйлээ хэрэгжүүлээд явж байна. Богино хугацаандаа эдийн засгийн нөхцөл өнгөрсөн нэг жилтэй харьцуулахад хамаагүй сайжирсан. Урт хугацаандаа бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг хэрэгжүүллээ. Эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа нь Засгийн газрын бодлогын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн явдал гэж харж байна. Юуны түрүүнд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлбэрэлтгүй дагаж, алдагдлыг бууруулахад авах арга хэмжээг авсан. Нүүрсний үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн суурьт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл сэргэж байна. Төгрөгийн ханш тогтворжиж, хөрөнгийн урсгал нэмэгдсэн, гадаад зах зээлд гаргасан бондын хүү буурсан нь сайн үзүүлэлт юм. Тухайлбал, олон улсын бондын зах зээлд маш бага буюу таван хувийн хүүтэй бонд гаргасан нь томоохон амжилт. Өнгөрөгч оны мөн үед 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсантай харьцуулбал энэ нь том амжилт юм. Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид ямар их итгэж байгааг харж болно. Дотоод зах зээлийг харвал Засгийн газрын бондын хүү 18 хувиас 11 хувь хүртэл буурсан сайн үзүүлэлт байна. Банкуудыг бэхжүүлэх ажил хийгдэж байгаа учраас цаашид арилжааны банкны хүү буурна гэсэн найдлага байна. Мөн гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, цаашид нэмэгдэх төлөвтэй боллоо. Энэ мэтээр эдийн засаг өссөөр байвал 2021 онд хөтөлбөр хэрэгжиж дуусахад төсөв ашигтай гарах төлөвтэй байна.

-Манай улсын зээлжих зэрэглэлээс хамаарч ОУВСангаас авч хэрэгжүүлсэн хөтөлбөр илүү хүнд нөхцөлтэй байсан уу?

-ОУВСангаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бол Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой. Энэ хөтөлбөр үндсэн хоёр зорилготой. Нэгд, эдийн засагт тулгараад байгаа богино хугацааны асуудлуудыг шийдвэрлэх. Хоёрт, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах бааз суурийг бий болгох. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бол Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилготой хөтөлбөр гэдгийг энд дахин онцолмоор байна. ОУВСангийн оролцоо бол бодлогын зөвлөгөө өгөх, хандивлагчдаас санхүүжилт олж авахад дэмжлэг үзүүлэх юм. Валютын сангийн зүгээс ямар нэгэн нөхцөл тулган тавьдаггүй. Зорилгодоо хүрэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг Монгол Улсын Засгийн газартай бид харилцан ярилцдаг.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц хүүхдийн мөнгөний санхүүжилтийг танаж, татвар нэмж ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдэх шиг болсон?

-Хүүхдийн мөнгөний тухайд бол нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн халамжийн чиглэлээр гаргаж байгаа зардлын үр ашгийг нэмэгдүүлэх нь маш чухал гэдгийг бид ойлгож буй. Хүүхдийн мөнгийг ядуу эмзэг бүлгийнхэнд олгож байгаа. Ер нь Засгийн газарт байгаа хязгаарлагдмал эх үүсвэрийг хамгийн хэрэгтэй зүйлд оновчтой байдлаар зарцуулах хэрэгтэй гэсэн олон улсын нийтлэг туршлага бий.

-Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болсон. Харин цаашид цалинг нь нэмэгдүүлэх ямар боломжийг та бүхэн харж байна вэ?

-Макро түвшинд харвал төсвийн алдагдлыг бууруулах гэсэн хамгийн том зүйл байгаа. Өнгөрсөн хугацаанд төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалингийн зардал их хэмжээгээр өссөн. Үүний үр дагавраар төсвийн алдагдал ч нэмэгдсэн. Төсвийн алдагдал нэмэгдэхээр Засгийн газар төсвөө санхүүжүүлэхийн тулд зээл авч, зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн. Бас хажуугаар нь төгрөгийн ханшны уналт явагдсан гээд маш олон үр дагавар гарч ирсэн. Цалингийн тухайд бол төрийн албан хаагчид түүний дотор эмч багш нарын цалин маш доогуур байна, нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг бид ойлгож байгаа. Төрийн албаны цалин хөлсийг шийдвэрлэх тухайд урт хугацаанд маш сайн төлөвлөсөн төрийн албаны шинэчлэлийн хүрээнд авч үзэх нь зөв. Төрийн албан хаагчдын тоог эргэж хараад үр ашигтай бүтээмж сайтай байж чадаж байна уу үгүй юу гэдгийг үнэлж үзэх хэрэгтэй. Бид цаашдаа төрийн албан хаагчдын илүүдэл орон тоог цөөлөх замаар тэдэнд олгогдож буй цалинг нэмэгдүүлэх нэг хувилбар бий гэж харж байгаа. Гэхдээ төрийн албан хаагчдын тоог нэг өдрийн дотор бууруулж чадахгүй. Тиймээс маш сайн төлөвлөгөө гаргаж, олон жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Мөн эдийн засаг сайн өсч байгаа үед энэ арга хэмжээг авахгүй бол төрийн албанаас цомхотголоор гарч байгаа хүмүүст дараагийн ажлын байрыг бүрдүүлэх шаардлагатай. Тэр бүгдэд маш сайн бэлтгэлтэйгээр хандаж байж энэ асуудлыг цогцоор нь, илүү урт хугацаанд шийдвэрлэх боломжтой.

-ОУВСангаас шаардлага тавьсны дагуу орон сууцны найман хувийн хүүтэй зээл мөн хязгаарлагдсан байгаа. Энэ зээлийг өргөн хүрээнд олгох боломжтой юу?

-Монгол улсад орон сууцны хэрэгцээ шаардлага их байгаа учраас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөр зайлшгүй шаардлагатай. Хэрвээ Засгийн газраас ийм хөтөлбөр хэрэгжүүлбэл түүнтэй холбоотой бүх зардлаа төсөв дээрээ ил тод тусгасан байх ёстой гэсэн зарчмын хатуу шаардлагыг бид тавьсан. Анх энэ хөтөлбөрийг Монгол банкнаас хэрэгжүүлж эхэлсэн. Одоо бол Монгол банк, Засгийн газрын санхүүгийн агентийн үүргээр моргейжийн зээлийн хөтөлбөрт оролцож байгаа. Тодруулбал, урьд олгогдсон зээлийн эргэн төлөлт орж ирэхээр буцааж зээл болгон гаргаж байгаа. Зээлийн эргэн төлөлт нь үндсэн төлбөрийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр гээд хоёр төлбөр байгаа. Үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг Монгол банк тэр чигээр нь буцаагаад гаргаж байгаа бол зээлийн хүүгийн төлбөрийг буцааж гаргахдаа төсөв дээр зардал болгон тусгаж байна. Тэгэхээр маш ил тод процесс явагдаж байна гэж хэлж болно. Гэхдээ одоогийн тогтолцоог хамгийн оновчтой хувилбар гэж үзэхгүй байгаа учраас цаашдаа энэ тогтолцоог боловсронгуй болгох талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. Засгийн газар үүнд нухацтай хандаж, олон талаас нь судалж байгаа бөгөөд ирэх оны сүүлийн хагас гэхэд ямар нэгэн шийдэл гаргаж ирэх болов уу гэж харж байна.

-Манай улсын 13 банкин дээр ОУВСангаас хяналт хийгдэж байгаа шүү дээ. Энэ хяналт шалгалт Монголын банкуудад ямар боломж хийгээд эрсдлийг авчрах вэ?

-Монгол Улс, Монгол банкнаас захиалж арилжааны банкууд дээр активын чанарын үнэлгээ хийлгэж байгаа. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд банкны салбар илүү хүчирхэг байж, илүү олон зээлийг бага хүүтэй олгож байх ёстой. Активын чанарын үнэлгээгээр арилжааны банкуудын нөхцөл байдал яг одоо ямар байна гэдгийг тодорхойлоод цаашдаа банкуудыг бэхжүүлэх, хүчирхэг болгоход юу шаардлагатай байна гэдгийг мэдэж авах зорилгоор үүнийг хийж байгаа гэж ойлгож болно. ОУВСан нэлээд хэдэн улсад үүнийг хийлгэсэн нийтлэг туршлага бий. Банкны салбарыг бүхэлд нь эрүүлжүүлэх том арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм. Активын чанарын үнэлгээ хийгдээд дуусч байгаа ч эцсийн үр дүн нь хараахан гараагүй байна. Гарсан үр дүнг харгалзан үзээд дараагийн алхмуудыг тодорхойлох юм.

-Арилжааны банкууд ер нь цаашид хэрхэн ажиллах хэрэгтэй гэж харж байна вэ?

-Валютын сангийн хувьд санхүүгийн салбар системээрээ тогтвортой байх нь чухал байдаг. Зах зээл дээр өрсөлдөөн их байх тусам зах зээлийн оролцогчид болон эдийн засагт бүхэлд нь сайн гэж харж байгаа. Өрсөлдөөн нэмэгдсэнээр хүүгийн түвшин буурах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

С.Даваасүрэн: Цагаан будааны тухай хуурамч мэдээлэл мэргэжлийн байгууллагын ачааллыг ихэсгэж байна

Image result for Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга С.ДаваасүрэнСүүлийн үед фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээгээр баталгаагүй, олон нийтийг төөрөгдүүлсэн дүрс бичлэг, худал мэдээлэл цацагдах нь их болсон. Саяхан цагаан будаа шатааж буй бичлэгийг фэйсбүүкт оруулж “хуванцраар хийсэн хуурамч будааг монголчууд хүнсэндээ хэрэглэж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Тиймээс өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагаан будаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс “Цагаан будааг шатаахаар барьцалддаг” гэсэн тайлбар өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэнгээс дээрх асуудлыг тодрууллаа.


-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа цагаан будаатай холбоотой асуудлаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Энэ анхны тохиолдол биш. Өмнө 2014 онд “хуурамч цагаан будааг Монголд импортоор оруулж ирэн иргэдэд худалдаалж байна. Хуурамч будаа нь усанд хийхээр уусч байна, гараар үрэхээр бяцарч байна” гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ мэдээллийн дагуу бид Улаанбаатар хотод цагаан будааг худалдаалж буй цэгүүдээс тодорхой хэмжээний дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн. Гэвч шинжилгээний үр дүнд хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Харин хадгалах хугацаа дууссан, муудсан будаа болох нь нотлогдож байсан. Анх 2011 онд Хятадын олон нийтийн сүлжээнд будаа шатааж буй мэдээлэл гарч байсан. Худал мэдээлэл болох нь нотлогдсон. Энэ удаагийн фэйсбүүкээр цацагдсан нь “Резинэн, нийллэг материалаар хийсэн будаа байна. Үүнийг нь шатааж үзэхэд барьцалдаж байна” гэсэн дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Ер нь үр тарианы 70-80 хувь нь цардуулаас бүтдэг. Харин цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Цардуул нь цавуулаг чанартай болохоор шатахаараа хоорондоо барьцалддаг юм. Ийм ойлгомжтой зүйлийг шатааж, нийгэмд ташаа мэдээлэл өгч байгаа нь буруу. Фэйсбүүкээр уг бичлэгийг үзээд нэлээдгүй хүмүүс дагаж, цагаан будаа шатааж үзсэн байх. Улмаар үр дүн нь адилхан байсан учир иргэд энэхүү мэдээлэлд итгэсэн болов уу. Ер нь сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж буй худал, хуурамч мэдээлэл утгаа алдаж байна. Үүнд хууль, хяналтын байгууллагууд хяналт, шалгалт хийх байх.

-Сошиалаар баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний талаар янз бүрийн мэдээлэл цацагддаг. Тэр бүрт МХЕГ-аас хяналт, шалгалтын ажил зохион байгуулдаг уу?

-Өчигдөр “Шөлөндөө” хоолны газраас өт гарчээ гэсэн мэдээлэл зарим сайтаар явсан. Энэ дагуу бид зохих хяналт, шалгалтын ажил хийх гэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө ажиллаж, урьдчилан сэргийлдэг. Гэтэл энэ мэт хуурамч мэдээллээс болж бидэнд маш их ачаалал ирж, зардал үүсэж байна. Манай улс цагаан будааныхаа хэрэгцээг 100 хувь импортоор оруулж ирдэг. Тийм болохоор хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бид нарийн шалгадаг. 2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, долоон иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдэлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс есөн дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, хоёр дээж хугацаа дууссан, зургаан дээж хорио цээртэй хортон шавьжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан. Үүний дагуу тухайн аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хууль болоод бусад хууль, тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулж, зөрчилтэй цагаан будааг устгалд оруулсан. Үүнтэй адил иргэдээс ирсэн гомдол бүрийг шалгаж, тодорхой зөрчил илэрсэн тохиолдол бүрт нь хариуцлага тооцож ажилладаг. Энэ удаагийн фэйсбүүкээр цацагдсан мэдээллийн дагуу иргэдээс манай байгууллагад нэг ч гомдол ирээгүй.

-Импортоор орж ирж байгаа цагаан будааг монголд дахин савлаж, зах зээлд нийлүүлдэг. Үүнээс болж иргэдийн зүгээс шүүмжлэл их ирдэг. Яагаад Монголд орж ирснийх нь дараа дахин савлаж, худалдаалдаг юм бэ?

-Монгол Улсад мөрдөгдөж буй стандартаар импортоор оруулж ирсэн цагаан будааг дахин савлаж болно гэсэн заалт байдаг л даа. Бид энэ хүрээнд дахин савлан борлуулж буй цагаан будааны хаяг шошго, савлаж буй орчин эрүүл ахуйн чанарт нийцэж байна уу, үгүй юу гэх асуудлаар хяналт хийсэн. Ер нь тодорхой жишээ хэлье. Манай улсад худалдаалагддаг “Сакура” нэртэй цагаан будаа бий. Энэхүү будааны хаяг, шошгон дээр “БНХАУ-д үйлдвэрлэсэн будааг импортоор оруулж ирэн, Монголд савлав” гэсэн байдаг. Гэтэл энэхүү будаа “Сакура” буюу Япон нэртэй. Тийм болохоор иргэд Японоос оруулж ирсэн будаа гэж ойлгохоор. Энэ асуудлаар бид Оюуны өмчийн газарт хандаж, лавлагаа авсан. Тус байгууллагаас “Тухайн бүтээгдэхүүний нэр нь оноосон нэр учир зөвшөөрнө” гэсэн хариу өгсөн. Үүнтэй адил “Слава” гэх Орос нэртэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн будаа байдаг. Энэ ч бас оноосон нэртэй болохоор ийм нэрээр худалдаалагдаж болно гэж албан ёсоор мэдэгдсэн. Ер нь импортоор орж ирсэн будааг жижиглэнгээр савлаж болно. Гэхдээ ингэж савлах орчин, нөхцөл нь ямар байх ёстойг мэдэх учиртай. Үүнд нь дүүргүүдийн хариуцсан улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг аж ахуйн нэгж байгууллагууд МХЕГ-т бүртгүүлж, зөвшөөрөл авдаг. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Экспорт, Импортын хорио цээрийн хяналтын хэлтэс гэж бий. Энэхүү хэлтэс нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 13 цэг дээр хяналт тавьдаг. Хилийн боомтуудад мэргэжлийн хяналтын хилийн албадууд гэж байгаа. Энэ жил Монголын 35 аж ахуйн нэгж байгууллага гадаадын найман улсаас цагаан будаа импортоор оруулж ирсэн. Эдгээр 35 аж ахуйн нэгж байгууллага хилээр будааг оруулж ирэхээсээ өмнө Мэргэжлийн хяналтын хилийн боомтуудын хорио цээр, хяналтын хэлтсээс мэдэгдэл авдаг. Тийм болохоор импортоор чанаргүй цагаан будаа орж ирэх үндэслэлгүй юм.

-Та бүхний зүгээс фэйсбүүкт бичлэг оруулсан иргэнтэй холбогдож, учир байдлыг тайлбарлаж үзэв үү?

-Мэргэжлийн хяналтын байгууллага олон нийттэй харилцах албатайгаа хамтарч фэйсбүүкт уг бичлэгийг хийж, оруулсан иргэнтэй холбогдох ажлыг явуулсан. Гэвч бидэнд ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй байна. Үнэхээр тийм будаа байгаа бол бидэнтэй холбоо барихыг хүссэн. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тэрхүү будааг зах зээлээс яаралтай татаж, устгая, шинжилгээнд өгч нотолъё гэдэг асуудлыг тавьсан. Гэвч бидэнд энэ асуудлаар ямар ч хариу ирүүлээгүй байна.

-Энэхүү бичлэгээс болж иргэд цагаан будаа худалдаж авахдаа болгоомжилдог болсон. Тийм болохоор олон нийт яг ямар цагаан будааг худалдан авч, хүнсэндээ хэрэглэвэл зүгээр бол?

-Аливаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг, шошгыг нь хамгийн түрүүнд анзаарч харах хэрэгтэй. Шошго дээр бүтээгдэхүүний гарал үүсэл, химийн найрлага, гаж нөлөө, он сар тавигдсан байдаг. Хоёрдугаарт, цагаан будааны өнгийг нь сайн харах учиртай. Цагаан будаа нь боловсруулалтынхаа шинж чанараас хамаарч цайвар шаргал, цагаан, цэнхэр өнгөтэй байдаг. Тэгэхээр иргэд аль болох цайвар цагаан өнгөтэй, үнэргүй цагаан будааг худалдан авах нь зөв.

-Шаардлага хангаагүй цагаан будааг хураан авч устгал хийсэн гэлээ. Ямар нэртэй бүтээгдэхүүнүүд байсан бэ?

-“Аюулгүй хүнс” аяны хүрээнд цагаан будааг савлаж, худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Замын-Үүд боомтоор импортын мэдэгдэлгүй хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн нэгж байгууллага, иргэдээс хамгийн их зөрчил илэрсэн. Тухайлбал, “Сүмтэй цагаан будаа” гэсэн нэртэй 25 килограммын цагаан будааг хилээр зөвшөөрөлгүй нэвтрүүлж, ард иргэдэд жижиглэнгээр савлан худалдааж байсан иргэний бараа бүтээгдэхүүнийг нь хураан авсан. Энэхүү будаанд бид шинжилгээ хийж үзэхэд 100 хувь чанарын шаардлага хангаагүй. Тийм болохоор шаардлага хангаагүй цагаан будааг хураан авч устгалд оруулсан.

Э.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Арал

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Тус улсад хувьсгал гарчээ. Урьдын харгис дэглэмийг халж хүмүүнлэг нийгэм байгуулахаар болов. Энэ улсын шорон харгис хатуугаараа алдартай байв. Шинэ эрх баригчид шоронгийн бүх хоригдлуудыг суллалаа. Зөвхөн хүн алсан хүрээ талсан, террорист халдлага, алан хядах ажиллагаанд оролцсон, хүнд гэмт хэрэг давтан үйлдсэн, зэрэг үнэхээр аргалахын аргагүй рэцэтив хэрэгтнүүдийг шоронд нь үлдээжээ. Гэхдээ тэд хүмүүнлэг орчинд төдөлгүй засран хүмүүжиж удахгүй суллагдана гэдэгт бат итгэлтэй байгаагаа Шүүх яамны сайд зурагтаар ярьсан.

Рэцэтив гэмт хэрэгтнүүд засарсангүйгээр барахгүй шорондоо улам зэрлэгшиж хуягаа хөнөөсөн асуудал ч хэд хэд гарлаа. Иймээс тэднийг гинжилж дөнгөлөн автомат, пулёмотоор зэвсэглэсэн байнгын армиар мануулах болов. Энэ бол урьдын харгис төрийн үед ч байгаагүй зэрлэг балмад үйлдэл юм. Энэ тухай анхлан мэдсэн сэтгүүлч үнэнийг зоригтой илчлэн бусармаг явдлыг олонд дэлгэсэн төдийгүй “харгислалын эсрэг” хөдөлгөөн өрнүүлэн ихэд алдаршжээ. Тус орны иргэд энэ харгис явдлыг эсэргүүцэн эрх баригчдаа шүүмжилж, цуглаан жагсаал, өлсгөлөн зарлах боллоо. Энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцсон нэлээд тэмцэгчид удалгүй сонгуульд ялж улс төрч болон гялалзах нь тэр.

Шинэ засгийн газар тэмцэгчдийн шахалтаар шоронг хүмүүнжүүлэх ажил эхлүүллээ. Ерөөс энэ засгийнхан шоронг хүмүүн нүүртэй болгоно гэж амалснаар сонгуульд ялсан юм. Ингээд шоронгоо эзгүй аралд нүүлгэв.

Одоо шорон нь хорих газар гэхээсээ амралтын газар шиг харагдах боллоо. Хуяг гэж байхгүй, арлаас хол зайнд харгалзагчид дурангаар л хянана. Хуяг хоригдолд хэзээ ч харагдахгүй. Тэдний гав дөнгийг нь авч хаясан төдийгүй арал дээрээ бүрэн чөлөөтэй хөдөлж зугаацаж наргих эрхтэй. Улсаас тэднийг харж үзэн маш тохилог сууц барьж өгчээ. Хоол унд болон бусад хангамжийг нь өглөө бүр сан онгоцоор аваачиж өгнө. Гэхдээ хүргэгчид нь хуягууд биш, шилмэл хөөрхөн залуу хүүхнүүд. Хүүхнүүдийн зарим нь тэндээ үлдэн өглөө ирэх онгоцоор буцах явдал гардаг байснаа удалгүй хавтгайрсан тул эрх баригчид үүнийг нь хуульчлан зөвшөөрчээ.

Хүнс хүргэгч хүүхнүүдийн нэг нь арал дээр нэлээд хоносны эцэст зурагтаар дуулиантай ярилцлага өгөн улс орныг тэр чигээр нь донсолгожээ. Хүүхний ярьснаар арал дээр буй хоригдлуудыг маш муу хортой хүнсээр хангадаг ба хувцас хунар зэрэг хангамжийн бараа нь дандаа хямд төсөр хулхи эд байдаг гэнэ. Түүний олж илрүүлснээр талхан дотроос нь хурууны боолт гарч ирж байсан тохиолдол ч бий аж. Тахиа, гахайн мах нь генийн өөрчлөлттэй, хүнсний ногоо нь химийн бордоонд хордсон гэх. Тийш аваачсан бэлгэвч буруу хуурай нөхцөлд удаан хадгалагдсанаас болж амархан цоордог ба үүний хохирогч нь бүсгүй өөрөө байсан бололтой. Энэнээс болж тэрээр аргагүйн эрхэнд хоригдлуудын нэгэнтэй гэрэлсэн ч түүнийг булаацалдсан бусад эрчүүд нөхрийг нь алаад хөөрхийг бэлэвсрүүлжээ.

Шуугиан тарьсан ярилцлагаас болоод ард түмний хилэнт хөдөлгөөн дахин шинээр давалгааллаа. Энд тэндгүй хяналт шалгалт, шүүх цагдаа, баривчлагаа шүүлт болов. Үнэхээр хоригдлуудад очих ёстой хангамжийг замаас нь завшдаг бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байжээ. Буруутнуудыг бүгдийг нь мөнөөх арал дээр аваачин хоригдол болгов. Ард түмний шаардлагаар шоронгийн хангамжийг хэд дахин нэмснээс гадна тохижилтод нь онцгой анхаарч арал дээр соёлын төв, спорт заал, кино театр, нэгдсэн эмнэлэг, дээд сургууль, засмал зам барьж байгууллаа. Арлыг мөн төвийн эрчим хүчтэй өндөр хүчдэлээр холбосноор цаашдын бүтээн байгуулалтын асуудал нэг мөр шийдэгдэх нь тэр. Ойрын үед олимпийн шаардлага хангахуйц орчин үеийн стадион барихаар улсын төсөвт тусгаж өгөв.

Хоригдлуудад сонгуулийн эрх олгох асуудал дэвшүүлсэн нэгэн дивтаат маш их алдаршлаа. Мань эр авлигын хэрэгт орооцолдон шүүхээр орж арал руу хоригдол болон явах нь нэгэнт тодорхой байсан тул энэ санаачилгыг гаргажээ. Тэрээр арал дээр очсон даруйдаа тэндээсээ сонгогдон хуучнаасаа том дарга болон дэвшив. Сонгох сонгогдох эрхээр хангагдсан хоригдлууд нэрсээ тойрог болгон дээр дэвшүүлжээ. “Хоригдон зовогсдын хүмүүнлэг нам” сонгуульд 100 хувиар яллаа. Улс оронд тэдэн шиг нэр хүндтэй хүн алга. Төр түшихээр арлаас ирэгсдийг ард түмэн цэцэг барин угтана. Бүрээ бөмбөр, хөөрсөн олны уухай, цэцэг навч, охид хүүхний тормолзсон харц, хүүхэд багачуудын бахархал… Хэрэв даргын орон тоо хангалттай байсан бол хоригдлууд бүгд удирдагч болох байв. Хоригдлуудын ар гэрт тэтгэмж олгох хууль гарснаар тэд улам их хүндлэгдэн нийтээрээ нийгмийн оргилд гарав.

Гэвч энэ хэдэн жилд улсын төсвийн ихэнх нь хоригдлуудад зориулагдсан болохоор эрх чөлөөт ард түмний амьдрал үнэхээр муудан гуйранчлалд оржээ. Амьдрал шоронд хавьгүй дээр учир хүмүүс санаатайгаар гэмт хэрэг хийн арал руу ачигдах сонирхолтой болов. Арал хүнээ багтаахгүй дүүрчээ. Түрүүчийнх нь тэндээсээ дарга болон дэвшээд явдаг учир сэлгэлт хурдацтай хийгдэнэ. Гэхдээ л даргын орон тоо хязгаартай учир аралаас буцагсдаас аралд ирэгсэд нь хамаагүй их.

Аралаас ирсэн хоригдлуудаас бүрдсэн Засгийн газар хүнд байдалд орлоо. Урьдын харгис дэглэм шиг шорон гяндан бариад хоригдлуудыг гавалж гинжлэхээр хүмүүнлэг бус болчих гээд байдаг. Хүмүүнлэг байя гээд арал руу явуулна гэхээр тэнд багтах ямар ч зай байхгүй. Тийм өөр арал байгуулъя гэхээр улсын төсвийн бүх мөнгө дууссан.

Эцэст нь удирдлага маш ухаалаг зөв гарц олж хуульчилсан юм. Тус улсын нутаг дэвсгэр дээр хэн ч ямар ч гэмт хэрэг тарьсан түүнийг гэмт хэрэгт тооцохгүй.

2017.12.19