Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Эрчим хүчний яам Монгол Улсыг цахилгаан эрчим хүчээр хангах өөр хувилбарыг санал болгож байна

-ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ДАМЖУУЛАХ ШИНЭ ШУГАМ НЬ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛЭХ ЦАХИЛГААН ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЮМ. ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ЭНЭХҮҮ ТӨСЛИЙГ МОНГОЛД УСАН СТАНЦ БАРИХ АСУУДЛЫГ ӨӨРӨӨР ШИЙДЭХ ГОЛ “СҮЛЖЭЭНИЙ” СОНГОЛТ ГЭЖ ХАРЖ БАЙНА. УЧИР СЭЛЭНГЭ МӨРӨН, БАЙГАЛ НУУРЫН ЭКОЛОГИД ЗАНАЛХИЙЛЭХ АЖ.-

Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдэгдэл хийхдээ талууд ийм төрлийн гэрээг байгуулахад хэдэн сараар ч зөвшилцөж болох юм гэж байв. Саяхан ОХУ-ын Эрчим хүчний сайдын орлогч В.Кравченко нийгмийн сүлжээн дэх “Спаси Байкал” бүлгийн асуултад хариулжээ. Тэрбээр Оросын эрчим хүчний яамнаас байр сууриа илэрхийлж, Монгол түншдээ гэрээний төслийг илгээсэн байгаа талаараа хуучилжээ. В.Кравченко “Төсөлд Оросын нутгаас цахилгаан эрчим хүч худалдаж болох, эрчим хүчний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлж болох тухай асуудлыг хөндсөн байгаа. Хэрэв түншүүд маань бидний саналыг хүлээж авбал бид үнэ тохиролцоход бэлэн байгаа” гэв. Түүний хэлснээр Монгол руу гэрээний төслийг бүр өнгөрсөн зун илгээсэн. Гэхдээ, тус улсад зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газар халаа сэлгээ хийснээс Оросын тал хараахан хариу авч чадаагүй” гэжээ. Тэрээр цааш нь “Бид боломжийн үнээр цахилгаан эрчим хүчийг экспортолж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх санал тавьсан. Бидэнд техникийн бүх боломж бий” гэж нэмж хэлсэн байна. Тэрээр ийн онцлохдоо нийлүүлэлтийг хэдийнэ барьчихсан байгаа сүлжээний дэд бүтцийг ашиглан нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэжээ. Үүнтэй зэрэгцэн Оросын тал мөн сүлжээний дамжуулалтынхаа хүчийг ч өргөжүүлж болно. Нэмэлтээр цахилгаан үүсгэгч обьектуудыг барьж болох юм (одоогийн байдлаар гол дамжуулалт буюу Селендум-Дархан гэсэн чиглэл 220 кВ хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах шугамаар цахилгаан нийлүүлж буй. Цахилгаан эрчим хүчний гол үүсгэгч нь Буриад дахь Гусиноозерын нүүрсний цахилгаан станц аж). В.Кравченко “Хүндэт түншүүд ээ, хэзээ ажлаа эхлүүлж болох вэ” гээд саналаа тэдэнд хэлсэн. Одоогоор хариу алга байна. Нам гүм байна. Ийм тохиолдолд сүлжээний дэд бүтцийг өргөжүүлэх, тэр дундаа цахилгаан үүсгэгчийн шинэ обьектуудыг барих асуудал түр зуурынх болж байна” хэмээн Эрчим хүчний орлогч сайд ярьжээ.

ҮНИЙН АСУУДАЛ

В.Кравченко цааш нь “Монголд ашигтай байхаар үнийн тал дээр тохиролцоонд хүрэхэд бэлэн буйгаа түншдээ нэг бус удаа мэдэгдэж байсан. Одоогийн нийлүүлэлтийн нийт үнийг бууруулах тухай асуудлыг ч хөндөж болно. Гэвч Монголын тал уг асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна гэсэн зүйл огт харагдахгүй байна. Ийм тохиолдолд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын механизм нөлөөлж ажиллаж байх нь чухал. ЮНЕСКО, бусад экологийн олон сан ч үүнд оролцох ёстой. Байгал нуур нь хүн төрөлхтний өв, зөвхөн Оросын бус, дэлхийн өв юм” гэжээ. Тэрбээр “Нийлүүлэлтийн үнийн тухай асуудал нь үнэндээ бол хүнд. Учир нь үүнд эдийн засаг, экологийн асуудал ч багтана. Хэрэв зах зээлийн логик сэтгэлгээгээр цааш хөдөлбөл, сонголт бидний талд байх нь юу л бол. Монгол Улс үнэлгээ хийж, өөрсдийн усан цахилгаан станц барих уу үгүй юу эсвэл манайхаас хямд цахилгаан эрчим хүч худалдан авах нь дээр үү гээд шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ дахин онцолж хэлэхэд бид хөнгөлөлт, хямдрал үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд бэлэн” гэв.

“РОССЕТЬ” ТӨСЛИЙН ТАЛААР

ОХУ-ын Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч Алексей Текслер өнгөрсөн зун ОХУ-аас Монголд шинэ цахилгаан шугам барих нь Монголд усан цахилгаан станц барихаас 3.5 дахин хямд тусна гэж онцолж байсан. 500 кВ-аас нэг ГВт хүрэх хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам тавих төсөл нь Монгол дахь одоогийн эрчим хүчний тогтолцоотой харьцуулж болох талтай. Өнгөрсөн хавар Россеть ийм төсөл санал болгож байсан. Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Хакасиягаас Тувагаар дамжуулан Монгол Улсад барих. Ингэснээр тус улсын алслагдсан эрчим хүчний хомсдолтой бүс нутаг руу эрчим хүчний тогтолцоотой болгох. Цаашлаад эргээд Оросын нутаг руу татахдаа Буриадаар дамжуулан Ар Байгалийн зах хязгаар хүрэх. “Россеть” төсөлд тусгаснаар цахилгаан сүлжээний шинэ дэд бүтцийг хөгжүүлэх нь хэтийн төсөл болох бөгөөд санал болгож буй цахилгаан дамжуулах шугамууд нь хэтдээ Азийн эрчим хүчний их цагирагийн нэг хэсэг болох юм. Нэг талаас энэ нь хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах боломжийг улам нэмэгдүүлэх, нөгөө талаас энэхүү төсөлд оролцогчдод бүгдэд нь нэмэлт орлого авчрах юм. Дашрамд дурдахад, нийгмийн сүлжээний “Спаси Байкал”-ийн мэдэгдсэнээр энэхүү мега төслийн талаар одоогоор хараахан нарийн боловсруулалт хийгдээгүй байгаа. Учир нь Монголын тал үүнийг сонирхож байгаа эсэх нь тодорхой бус. Одоогоор хөрш орон маань сонирхлоо илэрхийлээгүй байгаа тул бид төлөвлөлтөө хийгээгүй байгаа. Гэхдээ зарчмын хувьд энэ нь боломжтой бөгөөд ухаалаг шийдэл. В.Кравченкогийн хувьд дээрх чиг хандлагыг дэмжиж байгаа аж. “Бидний ойлгож буйгаар цахилгаан эрчим хүчийг шаардлагатай газарт нь нийлүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Монголын төвийн эрчим хүчний бүс нутагт ч юм уу. Тэнд өөрийн гэсэн “бааз”-тай гэх авч түгээлт нь асуудалтай. Ид хэрэгцээ гарах үед нь Оросоос экспортлох замаар цахилгаан эрчим хүчээр хангах. Бид шаардлагатай бүс нутагт илүү эрчим хүчээр хангаж болох юм. Асуудлын мөн чанар нь өөр зүйлд байгаа юм. Ашигт малтмал, аж үйлдвэрээс хамааралтай Монгол Улсад өөрсдийн сүлжээний дэд бүтцийг хэрхэн яаж хөгжүүлэх гээд байгаа нь бидэнд ойлгомжгүй байна. Тухайлбал, бид нийлүүлэлтийнхээ хүчин чадлыг 315 МВт болгож өсгөж болох юм. Одоогоор Монгол дахь цахилгаан дамжуулах шугамаар эрчим хүчийг нийлүүлэх боломжит дээд хэмжээ нь 245 МВт юм. Энэ нь том асуудал биш. Гэхдээ хаашаа нийлүүлэх вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Тиймээс бидний хувьд яг хаашаа гэдэг нь тодорхой биш байгаа нь бас ойлгомжгүй байна. Монгол түншүүд маань дуугүй байсаар” хэмээх тайлбарыг ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд өгчээ. Түүний хэлснээр, ОХУ дээд түвшинд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Манай түнш үүнд бэлтгэлтэй байгаа эсэх талаар хариулт өгөх ёстой. Тухайлбал, ийм үнээр, ийн нөхцөлөөр гээд тодорхой зааж, бэлэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Бид 30 жилийн гэрээ байгуулна. Бүх нөхцөлийг тусгаж, гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх болно” гэсэн байна.

ОРЧУУЛСАН Д.ЦЭРЭНДОЛГОР

Эх сурвалж: http://tayga.info

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байна

Image result for гадаад паспорт сунгахгүй

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг.

Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой.

Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсооно. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

Хэрэв 2017 оны 04 дүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээний хэвийн байдал алдагдахаар байсан аж.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Гадаад хэргийн сайдын 2006 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспортын загвар”-аар ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс гэрээний дагуу бэлдэцийг хүлээн авч, ”Титан Интернейшнл ХХК-иар үндэсний энгийн гадаад паспортын бичилтийг хийлгэж, Монгол Улсын иргэнд гадаадад зорчих эрхийн үйлчилгээг үзүүлдэг.

ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэр нь гэрээний дагуу төлбөр хийгдсэнээс хойш 3 сарын хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг нийлүүлдэг болно.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд баяр хүргэж, шагнал гардууллаа

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж,

-Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

Бид бахархах түүх соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа Засгийн газар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний өв соёл, түүхт уламжлалаа хүүхэд, багачууддаа сурталчлан таниулах, өвлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж байна.

2018 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна.

Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглож, хуульчилсан. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хүлээгч талуудын идэвхтэй оролцоог хангах, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Бид бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгохыг эрхэмлэж байна гэлээ.

Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд онцгой анхаарч ирсэн. Та бүгдийн амжилтаар эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2017 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД

1.”СУРЛАГЫН АМЖИЛТ” НОМИНАЦИ

1. Бямбаагийн Мэндсайхан. 16 настай. Увс аймгийн Улсын тэрүүний ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч. Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит химийн улсын анхдугаар олимпиадын алт, аймгийн Химийн олимпиадын 2016, 2017 оны хошой алт, “Ирээдүйн мянгат-2017” улсын математикийн уралдааны мөнгөн медалийн эзэн.

2. Ганбаатарын Цолмон-Од. 16настай. Хэнтий аймгийн Дадал сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч. Вьетнам улсын Ханой хотод болсон “Ази номхон далайн бүсийн мэдээллийн технологийн олимпиад”-д компьютерийн программ хангамжийн төрөлд тэргүүн байр эзлэн алтан медаль, англи хэл дээр хайлт хийх чадвараар дэд аварга болж мөнгөн медаль, компьютер тоглоом зохиож англи хэл дээр танилцуулах төрлийн тусгай байрын эзэн.

3. Нямсамбуугийн Янжинлхам. 16 настай. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хүмүүн” нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч. П.Энхболдын нэрэмжит Улсын математикийн 14-р олимпиадын хүрэл, Улсын геометрийн анхдугаар олимпиадын хүрэл, Төвийн бүсийн 17-р олимпиадын алт, хүрэл, Их сунгаа улсын 20-р олимпиадын хүрэл, “Шидэт квадрат стандартын улсын олимпиад”-ын хошой алтан медалийн эзэн болсон шилдэг сурагч юм.

2.УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ НОМИНАЦИ

1. Цацралтын Мичидмаа. 8настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 3в ангийн сурагч. Гүрж улсын Батуми хотод болсон “Best princes of the word-2017” олон улсын миссийн тэмцээний алтан титмийн эзэн , “Best Grace” номинацийн эзэн, “Little miss world-2017” тэмцээний үндэсний ялагч. “Хайр”, “Он цагийн эрэлчид”, “Том дөрвөн толгой”, “Хөхөө”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Монголжин” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон.

3.БИЕИЙН ТАМИР, СПОРТ БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ НОМИНАЦИ

1. Энхтуяагийн Лхагвадулам.15настай, Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн 12а ангийн сурагч. Индонез улсын Жакартад болсон Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангиллын олон багц, зураг, тоон марафон 5 минут, тоон марафон 60 минут, хийсвэр зураг төрөлд тус бүр алт, хурдны хөзөр, хоёртын тоолол, түүхэн үйл явдал, олон багц хөзөр цээжлэх төрлүүдэд дэлхийн рекордыг шинэчилж насандаа 1-р байранд орж Өсвөрийн дэлхийн аварга болсон. Ой тогтоолтын олон улсын их мастер.

2. Батдаваагийн Есүй. 9 настай. Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуулийн 5-р ангийн сурагч. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд нас өгсөн оролцож “Хүрэл медаль”, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн. Турк улсын Измир хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, Польш улсын Давки хотод болсон даамын Өсвөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаараа 2017 онд Ази тивийн хошой аварга, өсвөрийн дэлхийн аварга босон.

3. Доржсүрэнгийн Цэлмүүн. 7настай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургуулийн 3б ангийн сурагч. Румын улсын Яйши хотод болсон “Сурагчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс 7 насны эмэгтэй ангиллын алтан медаль, дэлхийн аваргын цом, БНХАУ-ын Панжин хотод болсон “Сурагчдын Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнээс 7насны эмэгтэй ангиллын алтан медаль, Ази тивийн аваргын цом, мөн тэмцээний 7 насны эмэгтэй ангиллын Рапид төрлийн 4-р байрын шагналыг эх орондоо авчирсан. Дэлхийн шатрын холбооны дэд мастер.

4. Батбаярын Оюунбилэг.15 настай. Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн сурагч. Австри улсад болсон Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн пара олимпийн Цасны гуталтай гүйлтийн 100, 200 метрийн төрөлд тус тус мөнгөн медаль хүртсэн. Монгол Улсын паралимпийн хорооны “Алтан нар” одонт шилдэг хүүхэд юм.

5. Цэрэндуламын Энхчимэг. 17настай. Төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн 12б ангийн сурагч. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр самбо бөхийн төрлөөр алт, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр жудо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Серби улсад болсон Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ташкент улсад болсон Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, Киргиз улсад болсон Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “Хүрэл медал”-ийн эзэн.

4.ЭХ ОРНЫ ТҮҮХ, ӨВ УЛАМЖЛАЛ

1. Өлзийдэмбэрэлийн Уранчимэг.17настай. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 10-р ангийн сурагч. “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тэмцээний мөнгө, “Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн улсын уралдааны алт, мөнгөн медалийн эзэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн хүүхдийн урлагийн Их наадамд бүжгийн төрлөөр алтан медаль авсан.

2. Дамбийгийн Шаравдорж. 4 настай. Архангай аймгийн Цэнхэр сумын Хүүхдийн цэцэрлэгт сурдаг. Оскарын шагналын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхийг анх удаа авсан уран бүтээлч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны “Улаанаа”-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

3. Дамбийгийн Доржсамбуу. 10настай. Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийн 5-р ангийн сурагч. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны “Бямбаа”-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

4. Дамбийгийн Дорж. 13настай. Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийн 6-р ангийн сурагч. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны “Дорж”-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

5.ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА

1. Байгалмаагийн Анхбаяр. 17 настай, Нийслэлийн лаборатори 117-р сургуулийн 12а ангийн сурагч. Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн. “Хөгжлийн харандаа экспо”-г санаачлан зохион байгуулагч. Нийслэлийн машингүй өдрөөр Багшийн дээдээс Залуучуудын холбоо дахь урд талын машины зам дээр хүүхдүүд зураг зурах үйл ажиллагаа болон “Бид дэлхийн ирээдүй” илтгэлийн тэмцээн зохион байгуулсан. Нийслэлийн шилдэг хүүхэд.

2. Цэндбаатарын Нарангэрэл. 16 настай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч. Сурагчдын оролцооны байгууллага, Аймгийн өсвөрийн аврагч бүлгэм, Аймгийн онцгой байдлын газарт зохион байгуулагч- сурагчаар ажилладаг. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” 5 жилийн аяны нээлтийн ажиллагаанд Швейцар улсын Женевт болсон чуулганд оролцож “Хүүхдийн бие махбодийн шийтгэлийг зогсооё” нэртэй илтгэлээ хэлэлцүүлсэн.

6.БҮТЭЭЛЧ АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА

1. Жадамбын Жанлав-Ойдов.18 настай. Техник технологийн политехник коллежийн 3-р ангийн оюутан. “Монгол ур чадвар-2017” улсын уралдаан, Монгол ур чадвар гагнуурын уралдааны “Тэргүүн байрын эзэн. БНХАУ-ын Шанхай хотод болсон “World Skills China-2017” олон улсын гагнуурын уралдааны 4-р байр, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод болсон “WorldSkills-2017” олон улсын гагнуурын уралдааны шагналт байрын эзэн.

7. ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС

1. Дэлгэрцэцэгийн Хандсүрэн. 16 настай. Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. 2017.05.17-ны өдөр гал түймэр гарч байсан айлаас 4 настай Цэнгүүн хүүг гэрээс нь гарган амийг нь аварсан. Мөн “Алтан намар” спортын наадмын 10 метрийн гүйлтийн 2 дугаар байрны эзэн.

2. Жамсранжавын Тэгшжаргал.9 настай. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 4б ангийн сурагч. “Өсвөрийн номын санч”, “Өсвөрийн эмч”, “Ангийн дарга” нарын зөвлөл зэрэг хүүхдийн оролцооны байгууллагын гишүүний хувьд сургуулийнхаа эмч, номын санчтай хамтран ажилладаг. Найз нөхөд, насанд хүрэгчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг уриалан гамшигт өртсөн 85 айлд 3.545.640 төгрөгийн, бусад ажилд 1.517.900 төгрөгийн, нийт 5.063.540 туслалцаа үзүүлэн сайн дурын ажлыг удирдан зохион байгуулж ажилласан. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн “Тусч хүүхэд” медальтай.

8.ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНИЙГ СЭДЭХ, САНАХ САНААЧИЛГА

1. Хишигжаргалын Тамир. 14настай, Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт ирээдүй” сургуулийн 9а ангийн сурагч. Монгол Улсад шинэхэн хөгжиж байгаа радио пилингацын спортоор хичээллэдэг. Энэ нь хэдэн арван км-ийн цаана нуусан төхөөрөмжийг түүнээс цацрах долгионы тусламжтайгаар олж илрүүлдэг спорт бөгөөд “Үнэг агналт” гэсэн тэмцээн олон улсад болдог юм. 2017 оны Азийн аваргын “Үнэг агналт”-ын тэмцээнд багаараа нэг алт, нэг мөнгө, 2 хүрэл, хувиараа 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон.

9. БАЙГАЛ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН

1. Өлзийбаатарын Мөнхцэцэг.17настай. Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч. “Их нартын хадны аргал” төслийн хүрээнд клубээ төлөөлөн АНУ-ын Денвер хотоос ирсэн америк хүүхдүүдтэй хамтран аргалын судалгаа, тас шувууны идэш тэжээл, мэрэгч, шавжийн судалгаа хийсэн. “Хог хаягдлыг багасгах, хаягдал материалыг дахин ашиглах, гялгар уутны хэрэглээг багасгах, эрүүл мэндэд тустай, байгаль орчинд ээлтэй экологийн боловсрол хүмүүжил олгох зэрэг ажлуудыг хийсэн. Абу Дабид болсон Шувуулахуйн наадамд оролцож шонхор шувууны талаар мэдээлэл хийсэн.

Categories
мэдээ нийгэм

З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Авлигатай тэмцэх газраас хийсэн хэвлэлийн бага хурлаар яригдсан асуудалтай холбогдуулж тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нараас дараах тодруулгыг авав.

-До.Ганболдыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

-“Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлигын гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллага явуулж байна.

-Цагдаагийн хэчнээн алба хаагчийг шалгаж байгаа вэ?

-Энэ талаар зөвхөн тоон мэдээллийг өгөх боломжтой. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2017 онд эрүүгийн 412 хэрэгт 639 хүнийг холбогдуулан шалгасан. Эдгээр хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь ангилбал улс төрийн албан тушаалтан 58, төрийн захиргааны албан тушаалтан 113, төрийн тусгай албан тушаалтан 168, төрийн үйлчилгээний албан тушаалтан 38 хүн холбогдон шалгагдсан.

Цагдаагийн бүх шатны албан тушаалын 140 хүн холбогдсон 127 хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн шинэ хууль тогтоомжийн дагуу Авлигатай тэмцэх газар хүлээн авч шалгаж шийдвэрлэж байгаа.

-АТҮТ-ийн Д.Батбаяртай хамт ямар хүмүүсийг шалгаж байгаа вэ? Д.Батбаярыг гадуур шалгаж байгаа. Энэ нь үндэслэлтэй юу?

-АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хэрэг нээсэн. Яллагдагч Д.Батбаяр нь нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн, прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан аваад байна.

Авлигатай тэмцэх газраас Д.Батбаярыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж сулласан.

Зам тээврийн яамны болон Авто тээврийн газрын удирдах албан тушаалтнууд “С” тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтийн зохиомол дараалал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа.

-Авлигатай тэмцэх газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж байгаа, бас албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр УИХ-д санал оруулсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч.

З.Баасанням: -Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. 2014 онд прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 албан хаагчаар орон тоо нэмэгдсэн. Нэмэгдсэн орон тоог УИХ-ын тогтоолоор баталгаажуулж амжилгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 145 хүний орон тоо дээр прокурорын Мөрдөн байцаах албанаас ирсэн 27 албан хаагч нэмэгдэж 172 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг л тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Түүнээс биш алба, хэлтэст өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй.

Үүнтэй холбоотойгоор цалингийн асуудал яригдаж байгаа. Цалин нэмэгдэж байгаа зүйл байхгүй. Ер нь бол АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэх шаардлага байгаа. АТГ-ын албан хаагчид шүүгчдээс 50 хувиар бага, прокуроруудаас 1.5 дахин бага цалин авдаг. Гэвч ОУВС-тай манай улсын хийсэн тохиролцооны дагуу төрийн албан хаагчийн цалин тэтгэмжийг нэмэхгүй байхаар болсон. Тийм учраас бид цалин нэмэгдүүлэх асуудлыг тавихгүй байгаа.

2014 онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмсэн. Тэр нэмэгдэл тухайн үедээ цалингийн сандаа ороод баталгаажаад явж байсан. Гэхдээ УИХ-ын тогтоолоор АТГ-ын цалин, орон тоо, төсвийг баталдаг хуультай. Энэ дагуу УИХ-ын тогтоолоор баталгаажуулахаар энэ асуудлыг тавиад явж байна. 2014 оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн цалингийн асуудлыг УИХ-д оруулахаар асуудал тавьсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад шийдэгдэж чадаагүй юм. 2014 оны төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг тогтоолоор баталгаажуулах асуудал яригдаж байгаа.

-МХЕГ-ынхнаас хэчнээн үйлдэл тогтоогдож байгаа вэ, хилээр гаргахыг хориглосон дэрэвгэр жиргэрүү, самар гаргах зөвшөөрөл олгохын тулд ямар ямар аж ахуйн нэгжээс хахууль авсан юм бэ? Өөр ямар тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдож байна вэ?

-МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нарыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэн бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал, малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, удаашруулах, хясан боогдуулах аргаар нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний мөнгийг хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон.

Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийсэн нэгжлэгийн ажиллагаагаар сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц хамаарал бүхий обьектуудаас 500 гаруй сая төгрөгийн валют, бэлэн мөнгө илрүүлж хураан авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж, цаашид өөр их хэмжээний хахуулийн үйлдэл хэргийг илрүүлэн шалгаж байна.

-Төмөр замын хэргийг шалгаж байгаа юу?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-УИХ дээр нээлттэй сонсгол хийж танай байгууллагын өмнөх удирдлагатай холбоотой асуудлаар зарим хүмүүс мэдээлэл хийсэн. Энэ талаар тайлбар өгнө үү.

-З.Баасанням: -УИХ-ын гишүүдийн нээлттэй сонсголоор ярьсан зүйлс дээр эрхэнд нь халдаж бид тайлбар хийхгүй. Гэхдээ тухайн хэлэлцүүлэг дээр яригдсан асуудал нь гурван шатны шүүх буюу Улсын дээд шүүх хянаад нэр нь холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэхийг хэлэлцээд, шийдсэн байсан. Гэтэл шүүхээр шийтгэл сонссон хүмүүс нь өөрсдөө хэлмэгдсэн байдлаар мэдээлэл хийж байсныг та бүхэн харсан. Нэгэнт Монгол Улсад гэм буруутай эсэхийн асуудлыг шүүхээр эцэслэж шийддэг. Шүүхээр гадуурх шүүх асуудлыг нь өөр ямар нэгэн байгууллага хэрэгжүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа заасан. Тиймээс гурван шатны шүүх хэлэлцээд шийдвэрлэсэн хэргийн араас шийтгэл сонссон хүмүүс гомдсон сэтгэлээ тухайн хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Ийм зүйлийг нь хууль эрх зүйгээр хэлмэгдүүлж байна гэж ойлгож болохгүй. Холбогдсон хэргийг шалгах явцад өмгөөлөгчийнхөө хамт байцаан шийтгэх ажиллагаандаа оролцож байгаа. Хавтаст хэрэг дээр прокурор хяналтаа тавиад явж байгаа. Шат шатны шүүхүүд нь бүртгэгдсэн нотлох баримтынхаа хэмжээнд тухайн хэрэг нотлогдсон уу үгүй юу гэдгийг үзээд хэрэгт нэр нь холбогдсон тухайн хүний гэм буруутай эсэхийг хэлэлцээд эцсийн шийдвэрийг гаргадаг. Тиймээс шүүхээр эцэслээд шийдсэн хэргийн араас шалгасан байгууллагынх нь удирдлага, мөрдөн байцаагчийг эргэж холбогдуулаад явах нь зохисгүй үйлдэл гэж харж байна.

-ННҮГ-ын дарга тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн холбогдогчдын тоо нэмэгдэж байгаа юм уу? Хэчнээн удаагийн үйлдлээр их хэмжээний хөрөнгө завшсан бэ? Ш.Одончимэгийг албан ажлаа хийж байгаа гэсэн мэдээлэл бий.

-Одончимэг, Энхжаргал нарт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг нь 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар их хэмжээний мөнгө завшсан гэх асуудлыг шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгах явцад Ш.Одончимэг нь 2 тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууцнууд, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр худалдан авсныг тогтоосон. Мөн төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ авдаг, орон байрандаа төсвийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авдаг, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.

Яллагдагч Ш.Одончимэгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар цагдан хорьж шалгаж байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзэж сулласан.

-Н.Золжаргалыг хорьж шалгаж болдоггүй юм уу? Х.Энхжаргал дарга Женкотой тэрсэлдэж санхүү нэгтэй гэгддэг Золжаргалыг нь баривчилж шантаажилж байгаа гэж үнэн үү?

-Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдуулан тодорхой хэд хэдэн үндэслэлээр цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийдлээр давуу байдал олгосон, банкны хууль тогтоомжийг зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлыг нарийвчлан шалгаж байна. Түүнчлэн зарим арилжааны банкаар гадаад улсад хамаарал бүхий этгээдэд нь их хэмжээний мөнгө шилжсэн, эд хөрөнгө худалдаж авсан зэрэг байдлуудыг судлахаар гадаад улсад Мөрдөгчийн даалгавар хүргүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Оффшор данс, Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор С.Баяр, Сү.Батболд нарыг шалгуулахаар прокурор шийдвэрлэсэн. Энэ асуудлын явц ямар байна вэ?

-Оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газар 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хэрэг нээсэн. Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсандаа оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуйн нэгж, компани, хүмүүсийн мэдээллийг дэлгэж, улмаар 170 орны 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон. Үүний дагуу судалгаа хийж үзэхэд “Монгол Улс” гэсэн бүртгэлээр нийт 49 буюу 48 иргэн, 1 аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Нарийвчилсан шалгалтаар Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуйн нэгж тодорхойлогдсон. Эдгээрээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байсныг ХАСХОМ-ийг хянан үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаараа тусгаагүй байгаа. Гэвч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хийсэн шалгалтаар үүнийг тогтоосон. Сүүлд задарсан “Парадайз паперс”-ийн мэдээллээр манай улсын 16 хүний мэдээлэл ил болсон. Эдгээр хүмүүст холбогдох хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт дүгнэлт гаргасан ШШҮХ-гийнхнийг танайд шалгуулахаар болсон гэсэн үнэн үү?

-Энэ асуудал харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналаа танайх прокурорт хүргүүлж байснаа өнгөрсөн намар мэдээлсэн. Энэ хэрэг одоо ямар шатанд байна вэ, хүсэлт шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаад байхад ямар нэг ажиллагаа хийсэн үү?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломж надад алга байна.

-Улсын нууц гэсэн дардастай нуух юмгүй хэргүүд танайд шалгаж байгаа. Жишээ нь ОБЕГ-ын дарга Т.Бадрал генерал тэргүүтэй хүмүүс, БХЯ-ны газрын дарга нарын холбогдсон хэрэг гээд. Эдгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж байна уу?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Шүүх, прокурорт шилжүүлсэн ямар хэргүүд байна вэ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.

“ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулга нарын 6 хүнд холбогдох Буянт-Ухаа хорооллын орон сууцнуудаас албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн завшсан 12 үйлдэлтэй хэргийг прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна.

-М.Сономпилд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрт ашиг хонжоо олгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “СМЕК” компаниар гүйцэтгүүлэх гэрээ хийж барилга угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Г.Өсөхбаяр аваргын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Д.Нарантуяаг шалгаж байгаа юу?

-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаагүй.

-Н.Батбаярт холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ‘’Монроуд’’ ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Улмаар прокурор хянаад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг баталсан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Эрчим хүчний сайд асан Д.Зоригт тэргүүтэй хүмүүсийг Үндэсний Аудитын газраас ирүүлсэн шалгалтын материалын дагуу шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Сайд асанд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

-Үндэсний Аудитын газраас ирүүлсэн гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нарт Зөвлөмж өгсөн гэж байна. Энэ ямар учиртай юм бэ? Энэ сайдууд шинээр томилогдсон. Тэдэнд өмнөх үеийн зөрчил, дутагдал хамаарахгүй байхад яагаад АТГ зөвлөмж өгч байгаа юм бэ?

Т.Баярхүү: -Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн үзэж танилцсан материалууд 2015, 2016, 2017 оны эхний хагас жилд хамаарна. Шинээр сайд томилогдсон, өмнөх сайдад хамаарах асуудал гэдэг яриа тодорхой гэмт хэрэг, зөрчил дээр яригдана уу гэхээс манай ажлын хэсгийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Учир нь бид сайдын бодлого, үйл ажиллагааг шалгаагүй.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол төрийн албаны үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх явдал мөн. Тиймээс сайд нь солигдсон гээд тухайн салбарт байгаа авлигын эрсдэл өргөс авсан мэт алга болохгүй учир салбарын хэмжээнд авлигын эрсдэл үүсгэж буй хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, албан тушаалтан хууль дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг сахих асуудал хангалтгүй байна. Албан тушаалтан хуулиас давсан журам, дүрэм батлан мөрдүүлэх, хуулиар эрх олгогдоогүй этгээд төлбөр хураамж тогтоон мөрдүүлэх, өөрийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, давхар ажил эрхлэлтийн журам зөрчих /хуулиар хязгаарласан хандив зохион байгуулах, хандив өгсөн этгээдтэй холбогдох хязгаарлалт зөрчиж шийдвэр гаргах/ зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчлүүд буурахгүй байна. Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах эрхтэй. Энэ хүрээнд дээрх төрлийн зөрчлүүдийг давтан гаргуулахгүй байх үүднээс зөвлөмж өгсөн.

-Олон нийтийн дэд зөвлөл гэж ямар учиртай хүмүүс юм бэ? Г.Баасан даргатай Олон нийтийн зөвлөл ажиллаж байхад АТГ тэднийг сөргүүлж ийм зөвлөл байгуулж байгаа юм уу?

З.Баасанням: -Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ба яам, агентлаг, нийслэл, дүүргийн дэргэдэх авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн хяналтын дэд зөвлөл гэдэг хоёр өөр ойлголт. Олон нийтийн дэд зөвлөл байгуулах асуудал 2016 оны 11 дүгээр сард батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Өөрөөр хэлбэл Г.Баасан даргатай Авлигатай тэмцэх газрын дэргэдэх ОНЗ томилогдохоос өмнө төлөвлөгдөөд, бэлтгэл ажлаа хангаад явж байсан асуудал одоо бодит ажил хэрэг болоод явж байна. Төсвийн тодотголоор санхүүжилт нь шийдэгдсэн учраас энэ талын тодорхой ажил хийгдээд явж байна.

Энэ дэд зөвлөл нь төрийн үйлчилгээнд иргэд олон нийтийн хяналтыг бодитой хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Журамд заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой. Дэлгэрэнгүй ойлголтыг манай байгууллагын албан ёсны цахим хуудаснаас авах бүрэн боломжтой.

-Оффшор бүсийн жагсаалтыг Засгийн газар шинэчлэн баталсан. Тэгэхээр оффшор дансаа хаах, хаасан тухайгаа мэдүүлэх хуулийн хугацаа сунгагдах уу?

-2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Засгийн газрын тогтоолд орсон 49 улс, бүс нутгийн хувьд хугацаа сунгагдахгүй. Энэ дагуу 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр оффшор бүсэд эзэмшиж байгаа дансаа хаасан байх ёстой. Улмаар 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт энэ тухайгаа мэдүүлэх ёстой. Харин сая шинээр батлагдсан 15 улс, бүс нутгийн хувьд Засгийн газрын тогтоол албажсан өдрөөс эхлэн хугацаа тоологдоно.

-Оффшор бүсийн жагсаалтад 15 улсыг оруулсан. Эдгээр 15 улс нь яг манай оффшортонгуудын хамаарч байгаа бүс нутаг байж чадаж байгаа юу? Энэ талаар АТГ судалж үзсэн зүйл байна уу?

-Жагсаалтад ямар улс орон, бүс нутаг орох ёстой болон орох ёсгүй талаар Авлигатай тэмцэх газар санал гаргах эрхгүй. Төр, засгаас баталсан хууль тогтоомжийг бид даган мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Стандарт, хэмжил зүйн төвийн дарга Гантөмөртэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа юу?

-Энэ тухай гомдлыг шалгаж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Хурцыг хамгаалдаг шүүгч, прокурор, мөрдөгч нарын нэрийг зарласан. Танай зарим мөрдөгч нар нэр дурдагдсан. Энэ талаар АТГ ямар тайлбар хийх вэ?

-Энэ мэдээлэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Д.Золжаргалын нэрийг дурдсан байсан. Д.Золжаргал бол ахлах мөрдөгч. Ахлах мөрдөгчийн хувиар олны анхаарал татсан гэмт хэргийг шалгах ажлын хэсгийг ахалж ажилладаг. Албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байгаа ахлах мөрдөгч Д.Золжаргалын талаар гаргасан мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн зөвшөөрөхгүй.

-ГЕГ-ын даргын хууль бус ажиллагааны улмаас 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан гэж Ч.Улаан ярьжээ. ГЕГ-ын дарга Асралт гэх залууг Сү.Батболдын хамаатан гэдэг.

-Энэ хэрэг манайд байхгүй.

-Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээ яаж сонгосон бэ? Зарим гишүүдийн талаар таагүй мэдээлэл гарч байгаа. АТГ зөв сонголтоо хийсэн үү?

Т.Баярхүү: -Дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэнд тавигдах орон нутаг, яам, агентлагт ажиллах үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж, зарын дагуу материал ирүүлсэн иргэдийг зохих шалгуурыг харгалзан сонгон шалгаруулсан. Журмын дагуу дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэн төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, хяналт шалгалтын чиглэлээр ажлын туршлагатай, аль нэг намын харьялалгүй иргэдийг сонгон шалгаруулахыг зорьсон. Ажлын хэсгээс сонгон шалгаруулсан гишүүдээс шаардлага хангахгүй байгаа талаарх мэдээлэл одоогоор Авлигатай тэмцэх газарт ирээгүй байна.

-Төсвөөс 80 тэрбум төгрөг авсан хэрнээ 127 хэрэг шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ дээр тайлбар өгнө үү.

-Авлигатай тэмцэх газар 10 жил ажиллахдаа 127 хэрэг шийдвэрлэсэн гэдэг улс төрийн зорилготой, улс төрийн өнгө аястай мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс зориудаар тарааж байгаа. Дөнгөж сая сэтгүүлч та нөхөд 2017 оны мөрдөн шалгах ажлын мэдээлэлтэй танилцсан. Авлигатай тэмцэх газар 2017 онд хуульд заасан харьяаллын 1286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Зөвхөн нэг жилийн хувьд ийм тоо гарч байгаа. Харин 10 жилийн хувьд нийт 2207 эрүүгийн хэрэг шалгасан. Эдгээр 2207 хэргээс 233-ыг нь шүүхээр шийдвэрлэсэн байна. 2017 онд 46 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Манай байгууллагын хүлээн авч шалгасан хэрэг, прокурор, шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн хэргийн тоо нь хоорондоо өөр өөр байдаг. Үүнийг мэдсээр байж иргэд, олон нийтэд зориуд ташаа мэдээлэл тарааж байгааг манай сэтгүүлчид ойлгох хэрэгтэй.

-БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Болормаа сайд Цогзолмааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Энэ асуудал ямар шатандаа байна вэ?

-Энэ тухай гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эрхий хурууны хэмжээтэй гар утсыг бүтээжээ

Гар
утасны дэлгэц улам томорсоор байгаа билээ. Тэгвэл энэ хандлагын эсрэг чиглэлд
зах зээл байгааг мэдэрсэн Zanco компани Zanco Tiny T1 хэмээх эрхий хурууны
хэмжээтэй гар утсыг бүтээж, Kickstarter сүлжээнд захиалга авч эхэлсэн нь
хэдийнээ 1,400 гаруй хүний дэмжлэгийг авч, $95,000 илүү хөрөнгийг босгоод
байна.Ердөө 5 см хүрэхгүй урттай, 13 грамм жинтэй энэхүү гар утас нь дуудлага
хийх, мессеж бичих гээд бүх үйлдлийг гүйцэтгэх чадвартай.iPhone-оос дөрөв дахин
жижиг хэмжээтэй гэсэн үг. Zanco компани энэ бүтээгдэхүүнээ орой үдэш гадагш
гарахдаа аксесуар болгон хэрэглэхийн хажуугаар нөөц харилцаа холбооны хэрэгсэл
болгож ашиглахад тохиромжтой гэжээ.


Categories
мэдээ нийгэм

Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Image result for Баянхошуу утааУлаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 09.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1690-ыг зааж байна.

Энэ нь өчигдрийн энэ үетэй харьцуулахад дарай 540-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин үүний дараагаар Толгойт орчимд 945, МҮОНРТ орчимд 663, 100 айл орчимд 310 байна.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 25-ны байдлаар томуу, томуу төст өвчний 7147 тохиолдол оношлогджээ

Related image

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар амбулаторийн 77 мянга 662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6 хувиар их байна. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийт өвчлөгсдийн 29.7 хувийг 0-2 нас, 25.9 хувийг 2-4, 22 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2471 дуудлага ирснээс 49.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 26-ны байдлаар, 2084 орон дээр 2389 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шинээр хэвтсэн өвчтөний 295 буюу 60.5 хувиийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Оны шилдэг хүүхэд”-д Ерөнхий сайд батламж гардууллаа

Сурлага хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан “Оны шилдэг 38 хүүхэд”-д батламж гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нийслэл болон орон нутагтаа бусдыгаа манлайлсан нийт 136 хүүхдийн материал ирсэн байна. Үүнээс “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа” зэрэг 10 номинациар шилдэг 38 хүүхдийг шалгаруулжээ. Эдгээр хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч, батламж гардуулсан юм.

Монгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд үе үеийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд “Оны шилдэг хүүхэд”-ийн батламж гардуулдаг уламжлалтай юм.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Related image12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байгаа. Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэх аж. Мөн шинэ оны эхний өдрийн өглөө нар харахаар Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан зэрэг газрууд руу ихээр очдог. Энэ үеэр тус албанаас батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулахаар ажиллах юм.

Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байна.

Categories
мэдээ нийгэм

Хурлаар олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ оны отгон хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хийгдэх уг төслийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм.

Улаанбаатар хотын такси үйлчилгээний өнөөгийн байдал болон төсөл хэрэгжсэнээр ямар үр нөлөө гарах талаар ажлын хэсгээс танилцуулж, зөвлөлийн гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Зөвлөлийн гишүүд төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллах нь зүйтэй хэмээсэн юм. Зөвлөлийн энэ удаагийн хурлаас уг асуудлаар хурлын тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.