Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Эрхэм УИХ-ын дарга, гишүүд ээ,

Монгол Улсын нийт иргэд ээ, даян дэлхийд амьдарч ажиллаж буй Монгол ахан дүүс ээ,

Элгэн садан, өлмий нэгт Монгол туургатан ахан дүү нар аа,

Олон газрын Монгол судлаач нар аа,

Өвөл цагийн идэр ес тачигнах энэ өдөр Монголчууд бидний түүхэнд хэзээ ч үл мартах нэгэн түүх бүтээгдсэн өдөр юм. Нэгэн үе дэлхийг эзэгнэн, хүн төрөлхтөнийг хөл хөсөр, гар газар тавиулж энх амгаланг тогтоож явсан бидний өвөг дээдэс цагийн эрхээр бусдын эрхшээлд орж, бараг мартагдах шахам 200 жилийг туулах гашуун тавиланг эдэлсэн байдаг юм.

Харин тэр гашуун түүхийг туулж, хожмын үр хойчис бидэндээ туурга тусгаар төр улсаа дахин сэргээн үлдээсэн гайхамшигтай түүхэн үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-нд өнөөгийн бидний зогсож буй Хан уул, хатан Туулын хөндийд болж байжээ. 1911 оны өвлийн тачигнасан тэр өдрүүдэд Чингис эзэн Богдын угсаа залгамжилсан ноёд язгууртнууд, шашин номын мэргэдийн онч мэргэн шийдэл, үл цөхрөх зүтгэл нь биелэхэд нэн хэцүү түүхэн нөхцөлд Монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан байдаг. Тухайн үед Ази-Европын олон улс орнуудаас хамгийн магнайд эрх чөлөө, төр, улсын язгуур соёл, уламжлалтай бидний дээдэс цагийн тохиол, олон улсын хандлагыг нэн тэргүүнд мэдэрч, тусгаар тогтнолын үйл хэргээ хэрэгжүүлж чадсаныг түүхч эрдэмтэд нотолдог.

Монголчуудыг дэлхийн их гүрнүүд, бусад Ази, Европын улс түмэн “мартагдсан монгол” хэмээн мөхөж буй үндэстэн гэж харж байхад харин тэд өөрсдөө их эзэн хааныхаа удам, цус, мэргэн төрийн хэзээ ч үл тасрах өвийг хадгалсаар байжээ. Тийм учир Чингис хааны угсааны язгууртнууд язгуурын ёсоо журамлан шашин буюу үзэл санаагаа, үндэс буюу тасралтгүй явж ирсэн угсаа залгамжлалаа хамгаалахын тулд тэмцлийг эхлүүлэх үзэл санааны үндэс нь болсон байдаг. Тэр бэрх хүнд цагт эцсийн тэмцлээ хийж Монгол улсаа уугуул газар нутагт нь дахин мэндлүүлснийг та бид өнөөдөр хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна.

Эзэн хаанаараа шашин, соёлын нэгдлийн билэгдэл Богд Жибзундамба хутагтыг залж, эрхт төрөө Ар, Өвөр, Шинжиан, Тува Урианхай, Буриад, Хөхнуур, Алашаагийн зэрэг олон газрын монголчууд сэтгэл зүрхээрээ нэгэн цул нэгдэл болж, Их хүрээний зүгт залбиран мөргөж байсан, ийм түүхтэй. Ийнхүү Монгол нутгийн минь голомтод тусгаар тогтнолын гал дүрэлзэж эхэлсэн.

Шинээр Монгол төрөө сэргээн тунхаглаж төр, ёсоо мандан бадруулахдаа эртний Их төрт Чингис хаан болон Хубилай хааны байгуулсан Их төрийн ёс журмыг чандлан баримталж эмхлэн зохион байгуулсан байдаг. Хаан нь төр, шашин хослон барих, Улсын нэрийг Монгол Улс, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн нэрийтгэж Монгол төрийн ёс ёслол, удам гарлын эрэмбэ дарааллыг төр, ёсны үүднээс нягтлан баримталж, ягштал мөрдөж байжээ. Богд Жибзундамба хэдийгээр түвд хүмүүн боловч монголчууд түүнийг Чингис хааны үр, Абатай хааны угсааны Өндөр гэгээн Жибзундамбын хувилгаан дүр хэмээн үзэж, хаанчлах эрхийг олгосон нь Их Эзэн Богд Чингис хааныхаа алтан төрийн цулбуурыг түүнд атгуулсан түүхэн хувьтай.

106 жилийн өмнө Монгол төрөө сэргээн тунхагласан тэр үед олон газрын монголчууд, төр, шашны зүтгэлтнүүд эрх мэдлийн эрэмбэ, улс төрийн соёл, төр улсынхаа төлөө нэгэн биеийг үл харамлаж, үр удам, ах дүүгээ ч алдахаас айгаагүйг Монгол Улсад дагаар орсон бусад хошуу нутгийнхан, нийт монгол түмэн бид үеийн үед машид хүндэтгэн явах ёстой бөгөөд бидний хувьд хэзээ ч үл мартах түүх юм аа.

Тухайн үеийн Монгол төрийн сайд, зүтгэлтнүүдийн тангаргийн үгэнд “Улсын сүрийг бадруулан, хаан эзний өмнө шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангараг, сахилгаа нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээх энэ үгийг өнөөгийн Монгол төрийг авч, Монгол төрд зүтгэж буй хүн бүр санаандаа санаж, бодолдоо тээж, өглөө бүр маань мэгзэм мэт бодож, шүншиг мэт санаж байх хэрэгтэй юм. Хожмын та бидэнд энэ төр улсыг сэргээн байгуулж өгсөн өвгөдийнхөө үйл хэрэг төр улсаа нүдний цөцгий, зүрхний тольтоос өөр юутай зүйрлэн сануулах буй за. Та бүхэн сайн тунгаана буй за.

Шинээр байгуулсан Монгол Улсаас гадна ижил цаг хугацаанд Манж Чин улсаас салан гарсан Дундад иргэн улстай харилцан ойлголцох, Хаант Оросын засаг төртэй эртний сайхан уламжлалаар харилцах, гэрээ бичиг байгуулах, дэлхийн томоохон улс орнуудад мөн элчин сайдаа суулгах, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн байдаг.

Хэдий тийм ч олон улсын байдал ээдрээ төвөгтэй, их улс бага улсаа мэрэн идэхийн төлөөх үймээн самуун үл ойлголцол олон газарт болж байсан цөвүүн цаг байлаа. Гэвч шинэ мандсан Монголын төрөөс дотоодын эдийн засгаа боломжоороо өөд татах, уул уурхай байгалийн баялгаа зөв хуваарилах, хуучин татвар төлөлгүй цөлмөн байсан гадаадын уул уурхайн концессуудыг цуцлах, тэднээс авах татвараа нэмэгдүүлж хүн ардаа өөд татах, өрнө дорнын эрдэм соёлд шүтүүлэн сургах, өөрийн ард олныг дэлхий дахинтай танилцуулах арвин их ажлыг эхлүүлж тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн байдаг.

Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж эрх мэдэлд шунах, авилга, хээл хахууль гаргах, хууль зөрчин дураар авирлагсадыг чангалан шийтгэж байсан баримтууд түүхийн шар хуудсанд үлджээ. Эмх замбараатай, эрэмбэ журамтай тийм улсыг сэргээн эхлүүлсэн гэдгийг бид бүхэн санаж, сэрж, хүндэтгэн дурсан баярлах ёстой. Түүх бол алдаа онооны оньс юм аа. Түүх бол өнгөрснөөс эдүгээг дайрч ирээдүйд одох галт тэрэг.

Гэвч Монгол Улсын төрийн зүтгэлтнүүдийг дотоодод нь хагаралдуулж, өөр өөрийн эрх ашигт урвуулах, бусад улс орнуудын далд хуйвалдаан, хавсран хуурах, зайлан бултах, үл ойлгож хүндэтгэн олон шалтгаанаар санасан хэрэг сэтгэлчилэн бүтсэн үйл явдал 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдсан байдаг. Хиагтын гэрээнээс хойш монголчуудын итгэл эвдэрч, улсын эрх ашгаас хувийн амиа хичээсэн байдалтай, олон газрын монголчууд Нийслэл хүрээнээс буцсан, энэ хэдэн жилийн түүхийг бид бас мартаж болохгүй. Тийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг бас санах хэрэгтэй. Улс нь үнэгүйдэж, хүн бүр хувиа хичээж, улс оронд нэгдсэн үнэт зүйлгүй болохын аюул тэр хэдэн жилд байсан юм шүү. Бид бас санагтун.

Харин цагийн тохиол, Орос оронд өрнөсөн шинэ цагийн нөлөө, монголын сэхээтэн, худалдаачин голдуу хүмүүс улс орноо дахин мандуулах их хувьсгалыг эхлүүлсэн нь 1921 оны Ардын хувьсгал байсныг та бид сайн мэднэ. 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь 1911 оны их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл, үзэл санааны өв залгамжлал нь байсан билээ. Эдгээр хувьсгалуудын их үйл хэрэг, ХХ зууны Монгол төр улсынхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бидний ахмад үеийнхний чин сэтгэл, үнэт зүйлийнх нь цөм өнөөгийн Монгол Улс юм.

Туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тунхагласны 106 жилийн энэ баярын өдөр та бид олон түмэн ардынхаа төлөө, Монгол түмнийхээ төлөө, Монголын хувь заяа, үнэ цэнийхээ төлөө юу хийж чадаж байгаа, юу хийх вэ? Тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгээ жил бүрийн энэ өдөр санаж, тухайн жилдээ хийсэн үйл хэргээ дүгнэж байвал энэ жил шинэ жил тэмдэглэхээс илүү үнэтэй бас онцлогтой байх болно.

Алдсан нь алдаагаа ухаарч, умартсан нь санаж сэрж, залхуу нь ажиллаж, зүтгэлтэй нь үр дүнгээ гаргаж байгаасай гэж хүсэж байна.

Монгол төрийг Мөнх хөх тэнгэр ивээж байх болтугай.

Монголын тусгаар тогтнол мөнхөд оршиг ээ.

Баярлалаа, та бүхэнд” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн ​УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Зураг

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг нээж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг маргааш орон даяар тэмдэглэхтэй холбогдуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэж асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэгдээд томоохон асуудлууд дээр шийдэл гаргамаар байна. Тухайлбал, он гараад хаалттай горимоор Засгийн газрын мэдээллийг чуулганаар бүтэн өдөр сонсох хэрэгтэй. Олон улсын зээл тусламж хэрхэн зарцуулагдаж байгаа ч хянах нь зүйтэй. Нэг хуралдаан дээр 20 асуудал хэлэлцэхээр оролцогчид нь санал хэлсэн болоод тардаг. Тиймээс зөвхөн нэг асуудал хэлэлцэж, оновчтой гарц гармаар байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төв банкны болон Банкны тухай хуулийг эгүүлэн татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсны зэрэгцээ оны эхний чуулганы хуралдаанаар утааны асуудлыг авч хэлэлцэх саналтай байгаагаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар утаа зөвхөн нийслэлийнхний тулгамдсан асуудал биш болсон шүү хэмээн сануулав.

Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь утаатай холбоотой санал хэлсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд, “Утаа нь анхаарал татсан асуудал болсон. Эл асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэлтгүй ажиллах шаардлагатай байна. Сүүлийн 2-3 өдөр иргэд утсаар маш их санал хүсэлт ирүүлж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. Эрүүл мэндийн салбар дахь ачаалал ихдэж байна. Иймд чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ажлын хэсэг байгуулья. Он гарангуут ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, тодорхой чиглэл гаргая” гэлээ. Үүгээр чуулганы хуралдаан албан ёсоор эхлэв.
Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-ын дэд байрын шагналт Х.Нямхишигийн шүлэг

Х.Нямхишиг зурган илэрцүүдГовь-Алтай аймагт зохиогдсон төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит “Болор цом-35” яруу найргийн наадамд дэд байр эзэлсэн яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн шүлгийг толилуулж байна. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул эл найрагч залуу эдүгээ Эрдэнэт хотод оршин сууж уран бүтээлээ туурвидаг Монголын шинэ цагийн яруу найргийн тод төлөөлөгч билээ.

Саравчны зүүн дээд булангаас

Сар, хагарсан өндөг шиг дуслахад

Золбин муурнууд хаа сайгүй ангуучилж

Зоорины модон хаалганууд гаслантайяа савчмуй.

Явуулын жүжигчин, тосгоны театраас гарч

Явганаар дэн буудлын зүг гэлдрэхэд

Ямбуу цагаан цамц нь дүрээсээ салж ядах нь

Яруу найрагч хүн роман бичих шиг уйтай.

Цөөхөн байшин, цөөхөн хүмүүс, цөөхөн зүүд нь

Цөмөөрөө нийлээд нэгхэн тайзандаа багтах

Гуравхан үзэгдэлт жүжиг, харин найруулагч нь

Гуугчаад байгаа энэ согтуу салхи юм.

Жүжгийн дотор жүжиг тоглосон жүжигчин

Жүчээнээс морио гаргаж унаад одоход

Жүнз хийгээд лонхнууд, чулуут гудманд нь

Жүржийн хальс шиг хагарсаар л байх суурин минь!

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөний хариуцлагатай албыг хүлээн авч, цааш нь залгуулж явна

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Та өвлийн өвгөн хэмээх энэ сайхан нэр хүндтэй албыг аваад хэд дэх жилтэйгээ золгож байна вэ?

-2004 оноос эхэлсэн гэхээр 13 дахь жилдээ өвлийн өвгөн болж байна шүү дээ. Нэг үе өнгөрчихөж шүү. Цаг хугацаа хурдан байна даа, тийм ээ.

-Өвлийн өвгөн болсноос хойш танд ямар өөрчлөлт гарсан бэ. Ялангуяа сэтгэлзүйн талаас…?

-Өвлийн өвгөний тухай ярихаар Г.Гомбосүрэн гуайн тухай ярихаас өөр аргагүй. Тэр аугаа жүжигчин Монголын ард түмний зүрх сэтгэлд өвлийн өвгөнийг амьд гэдгийг мэдрүүлж үлдээсэн. Тийм болохоор тэр сайхан хүний тухай ярихгүй өнгөрч боломгүй. Энэ хүнээс өвлийн өвгөн гэдэг сайхан дүр төрхийг өвлөж аваад цааш нь үргэлжлүүлээд явна гэдэг мэдээж надад маш их үүрэг хариуцлага өгсөн. Өвлийн өвгөн болсноос хойш надад маш их өөрчлөлт гарч ирсэн. Би Г.Гомбосүрэн гуайгаас маш олон зүйлийг нь өөртөө хадгалж авсан. Хамгийн нэгдүгээрт, тэр хүний гадаад төрх байдал. Биеэ яаж авч явж байна, олон хүний өмнө яаж үгээ хэлж, ярьж байна вэ. Энэ бүгдийг нь би хараад, уламжлаад яг тэр байдлаар нь авч явах юмсан гэсэн тэр бодол, мэдээж би Б.Жаргалсайхан гэх хувь жүжигчин ч гэлээ хичнээн яаж ч жүжиглээд Г.Гомбосүрэн гуайг дуурайгаад түүнийг дуурайж чадахгүй. Гэхдээ тэр хүний алхаа гишгээ биеэ авч яваа байдал зэргийг нь аль болох өөртөө шингээж авч явахыг хичээж явдаг. Тэгэхээр би өвлийн өвгөн гэдэг энэ дүрд шинэ жилээр хувирч байна. Ингэснээрээ жил жилийн арванхоёрдугаар сар миний хувьд онцгой сар байдаг. Цаанаас л бүх юм сайн сайхан эрчимтэй болчихдог. Очсон газар болгондоо, байгууллагууд, хүүхдүүд дээр очихдоо хэлж байгаа үгс минь дандаа сайн сайхныг бэлгэддэг. Үүнийг хүлээж авч байгаа, сүлд модны баяраа тэмдэглэж байгаа хүмүүсийн харц, хүлээж авч байгаа байдал нь чин үнэнээсээ байдаг байхгүй юу. Тэр нь аугаа гоё байдаг.

-Тийм шүү. Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл өвлийн өвгөн хараад баярладаг?

-Сая хэд хэдэн газраар орж шинэ жилд нь уригдаж явахад ахмадуудаа урьсан байна лээ. Дал, ная гарчихсан буурал толгойтой хөгшчүүлдээ өвлийн өвгөнөөр бэлэг өгүүлж байна. Ямар гоё юм. Өнөөдүүл чинь өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаадаа хачин их баяртай байна аа. “Өвөөдөө үнсүүлнэ ээ” гээд л зүтгэнэ. “За миний хүү өвөөгийнхөө насыг аваарай” гэхээр “Баярлалаа, гялайлаа” гээд баярлахын дээдээр баярлаж байгаа юм. Тэгэхээр Монголын ард түмэнд шинэ жилийн өвлийн өвгөний дүр төрх зүрх сэтгэлд нь үнэхээр үлдчихсэн юм байна гэдгийг бүрэн ойлгодог юм.

-Г.Гомбосүрэн гуайн өмсч байсан өвлийн өвгөний өмсгөлийг анзаарахад цан хүүрэг татуулаад айсуй мэт сэтгэгдэл төрүүлэхээр нэг тийм цагаан өнгө голчилдог байсан шүү. Дээл нь цэнхэр байсан даа?

-Г.Гомбосүрэн гуайн өвлийн өвгөнд тоглож байсан он жилүүдийнх нь зургуудыг харжээ байхад эхлээд цэнхэр дээлтэй байснаа дараа нь цагаан дээлтэй болсон байна лээ. Цагаан дээл, цэнхэр нөмрөг, улаан залаатай малгайтай байх нь ер нь зөв юм байна гэж боддог юм л даа. Монголчууд бид чинь цагаан өнгийг их сайхан бэлгэдэж ерөөдөг. Дараагийн он жил нь цоо шинэ, цав цагаахан, дээр нь юу ч бичээгүй түүхийн нэгэн шинэ он байдаг. Цэнхэр нөмрөг нь номин хөх тэнгэрээ бэлгэдэж, монгол гутал, улаан залаатай малгайгаа өмсөөд “Улаан залаат монголчууд” гэж ерөөгөөд явдаг шүү дээ. Тэр утгаараа энэ хувцас цаанаасаа их учир жанцантай.

Бурхны Цагаан өвгөн гэж байдаг, том эрхтэй. Тэр миний сэтгэлд их дотно бууж ирдэг байхгүй юу. Тэрнээс бараг сэдэвлэж гарсан болов уу ч гэж боддог. Буриадууд 2008 оноос Цагаан сараа маш өргөнөөр тэмдэглэж эхэлсэн. Манайд өвлийн өвгөн шинэ жилээр гарч ирдэг бол буриадад цагаан сараар гардаг байхгүй юу. Буриадууд цагаан сараар өвлийн өвгөн гардаг тухай ярихдаа яг миний энэ бодож байсныг ярьсан юм. Гэхдээ биднээс арай өөр нь өвлийн өвгөн нь Цагаан өвгөний эрхийг нь зүүдэг. Буриадууд намайг нэг удаа цагаан сараараа урилаа. Орон орны өвлийн өвгөнийг урьсан л даа, тэгэхэд. Оросын Дед Мороз, Солонгосын өвлийн өвгөн, Санта Клаус гээд өвлийн өвгөд ирсэн. Би зургаа дахь билүү, долоо дахь орных нь өвлийн өвгөн болж уригдаж очсон юм. Тэр үед би буриадын өвлийн өвгөнийх нь тухай асуухад яг миний бодож байсныг хэлсэн л дээ. Цагаан өвгөнөөс гарал үүсэлтэй гэж байсан. Би тэгж цагаан сараар нь очиж бэлгээ тарааж, бүр хөдөө орон нутгуудаар нь явж бэлгээ тараасан юм. “Монголоос ирсэн өвлийн өвгөн” гэхээр сүйд болдог юм билээ.

-Өвлийн өвгөнгүй шинэ жил гэхээр уйтгартай ч гэх үү, нэг л юм дутуу мэт санагддаг. Шинэ жилийн баяр дээр өвлийн өвгөн ороод ирэх ч бас гоё шүү. Цасан охид, ойн амьтдаа дагуулаад ороод ирвэл бүр ч сайхан?

-Хүмүүс ярьж л байдаг юм “Өвлийн өвгөн ганцаараа явж байна, нэг цасан охинтой явж байна” гэж. Хэдүүлээ явах нь тэр өвлийн өвгөний дүрд хувилж байгаа тэр хүмүүсийн л бодол. Миний хувьд олон цасан охидоо дагуулаад, ойн амьтдаа дагуулаад явах үнэхээр их дуртай. Би чинь ер нь байнга л олон цасан охин дагуулж явдаг шүү. Цасан охид тойрон бүжих их гоё.

-Шинэ жил дөхөж албан байгууллагууд гаднаа гацуураа чимээд хэрэндээ л баярын уур амьсгал орж байгаа ч Хүүхдийн ордон шиг ийм гоё чимэглэлтэй газар алга байна шүү. Хүүхдийн инээд хөөр цалгиж бялхаж, шинэ жилийн баярыг чин сэтгэлээсээ тэсэн ядан хүлээсэн л хүмүүс байна даа, энд?

-Энэ дунд чинь хүрч ирээд бэлтгэл сургуулилтаа хийгээд явчихаар хүүхдүүдтэй яг адилхан болчихож байгаа юм. Дунд нь ороод л тоглож бүжиглээд л ямар гоё гээч. Энд чинь ямар ч элдэв бодол санаа байхгүй, гэнэн цайлганаараа байгаа хүүхдүүд байдаг. Гэрэл гэгээ цацарсан сайхан газар. Шинэ жилийн үеэр энд чинь хүүхдүүдийн авьяас нь буцалж, авьяасаа үзүүлэх гэж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ер нь аливаа юмны, жүжиг ч бай, кино ч бай, тайзны уран бүтээл ч бай хамгийн сайхан юм нь юу вэ гэхээр ард талд зовж шаналаад л. Уран бүтээлээ хийх гээд л. Ажлаасаа болж хоорондоо маргалдана, зөвшилцөнө, инээлдэнэ, ханиалдана. Тэр болгон л хамгийн гоё мөч нь байдаг. Тэгээд жүжиг бэлэн болоод үзэгчдээс халуун алга ташилт авна гэдэг бүр гайхамшиг. Гэхдээ л тэрийг үзэгчдэд хүргэхийн тулд бид яаж бэлтгэл, сургуулилт хийж байна. Тэр нь хамгийн гоё дурсамжтай зүйл нь болж байдаг шүү.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

-Та өнөө жил хэзээнээс шинэ жилийн арга хэмжээнд уригдаж эхлэв?

-Энэ сарын 4-нөөс албан газруудын шинэ жилд уригдаж явж байна. Албан газруудыг харж байхад шинэ жилийн баяраа их сайхан хийдэг болжээ. Шинэ жил болгон л сайхан байдаг. Гэхдээ бүр л сайхан болоод байна. Ялангуяа манай монголчууд чинь бэлгэдэл боддог ард түмэн. Улиран одож байгаа он жилээ сайхнаар үдэж ирээдүйг сайхан байхыг бэлгэдэж сүлд модны баяраа баяр хөөртэйгээр сайхан хийдэг. Ажиглаж байхад өвлийн өвгөн заавал байх хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүс их хэлдэг юм. Гол нь өвлийн өвгөнөөс ерөөлийн сайхан үг сонсч, өвлийн өвгөнөөс бэлэг авна гэдэг үнэхээрийн сайхан. Үгүй ээ мөн их гоё юм аа. Бэлэг авчихаад инээгээд л баярлаад харна. Таньдаг хүмүүс ч надаас бэлэг авч л байдаг. Тэр үед бэлэг авч байгаа хүн маань ч, бэлэг өгч байгаа өвлийн өвгөн нь ч биенээ таньдаг гэж харьцахгүй байгаа юм.

Хэдийгээр өвлийн өвгөн гэдэг нь хийсвэр сэтгэлгээ ч монголчуудын хувьд өвлийн өвгөн амьд байдаг гэдэг сайхан зүйл сэтгэл зүрхэнд нь хоногшоод үлдчихсэн. Тэгэхээр л эргээд Г.Гомбосүрэн гуайгаа ярихаас өөр аргагүй болдог юм. Манай ард түмний зүрх сэтгэлд өвлийн өвгөнийг тэгж үлдээж чадсан, энэ дүрийг тийм сайхан бүтээсэн аугаа хүн байж. Тэгэхээр энэ хүний үлдээсэн эл дүрийг ямар ч байсан их сайнаар үргэлжлүүлээд авч явах нь л хамгийн гол зүйл.

-Та айлд урилгаар очно биз дээ?

-Хааяа очно.

-Таныг жинхэнэ өвлийн өвгөн гэж итгээд, танд хандаж байсан тохиолдлууд бий л байх?

-Манайхны ах дүү нарын хүүхдүүд өвлийн өвгөнд хандсан хүсэл, мөрөөдлөө бичнэ. Ийм тийм бэлэг авна гэдгээ бичнэ. Жаахан хүүхдүүд нь намайг танихгүй. Энгийн үед “Жагаа ах аа, Жагаа ах аа” л гэнэ. Өвлийн өвгөний хувцсаа өмсөнгүүт “Өвөө, өвөө” гэнэ. “За хүүхдүүд минь та нар хүслээ бичсэн үү” гэхээр “Үлдээсэн” гэнэ. Тэгээд бэлгүүдийг нь өгнө дөө. Ингээд явахаар болж захиасаа хэлнэ. “Ирэх жил аав, ээждээ тустай байгаарай. Үгэнд нь орж байгаарай. Хичээл номондоо сайн сураарай. Ирэх жил сайхан бэлэг авчирч өгнө” гэхээр “Тэгнэ ээ, би ирэх жил их сайн байна. Би ирэх жил тийм тийм юм хийнэ. Тэгж хүсч мөрөөдөж байна. Та гоё бэлэг авчраарай” гэцгээнэ.

Хүүхдүүд их үнэмшилтэйгээр хандана. 2005 билүү, 2006 онд билүү Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам дээр сэтгэл догдлуулсан нэг сайхан үйл явдал болсон юм. Зургаан настай хүүхэд бэлэг авсан юм. Тэр хүүхэд өмнө нь хараагүй байж. Мэс заслаар хараа ороод анх удаа шинэ жилийн баяр гэдгийг үзээд өвлийн өвгөнийг харсан нь тэр байж л дээ. Тэгээд би тэр хүүхдэд бэлэг өгч байлаа. Тэр хүүхэд гайхаад л, хараад л. Тэр хүүхдийг харахаар надад бахархмаар ч юм шиг, сэтгэл нэг л хөдлөөд ч байх шиг үнэхээр гоё байсан. Олон хүүхэд бэлэг авна. Бүгдэд нь бэлэг өгөх дуртай. Энд чинь жинхэнэ бужигнана шүү дээ. Хачин гоё.

Арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл ажил төрлөөр янз янзын л хүнтэй утсаар холбоо барина. “Байна уу, хэн бэ” гэхээр “Хасар Жагаа мөн үү” гэнэ. Тэгээд арванхоёрдугаар сарын нэгэн болонгуут “Өвгөн Жагаа мөн үү” гээд л эхэлнэ (Инээв). Тэгэхээр нь “Тийм ээ, тийм. Мөөн мөн. Цас мөсний орноос өвлийн өвгөн аав нь ярьж байна” (Өвлийн өвгөний баргил хоолойгоор ийн ярив.сурв) гээд өөрийн эрхгүй ингэж дуу хоолойгоо өөрчилж яримаар санагдана. Өөрийгөө уядаг морь гэдэг шиг (Инээв). Арванхоёрдугаар сарын 1-н болонгуут өвлийн өвгөний хувцсаа гаргаж ирээд арчилгаа, цэвэрлээ хийнэ. Цагаан сараар бид чинь хамаг юмаа гаргаад саваадаад гөвдөг шиг.

-Таны гэргий Г.Урнаа эгч их тусална биз?

-Уугий (Гэргийгээ хэлэв.сурв) эгч нь яг энэ үед бүгдэд нь оролцоно. Бүх юмаа хамтдаа хийнэ. Гэр бүлээрээ бөөн хөдөлгөөнд орно, арванхоёрдугаар сард.

-Та манай сониноор дамжуулан Монголын нийт ард түмэндээ сайхан мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Айлчлан ирж байгаа 2018 ондоо монголчууд маань төрлөөрөө түвшин амгалан байж, гутамшигт муу үйл үл учралдаж, бадралт сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай. Монголчууд бидэнд хийж чадахгүй зүйл үгүй. Аливаа үйлийг хийж бүтээхийн тулд хүн эрүүл байх ёстой. Тийм учраас монголчууд минь эрүүл байх ёстой. Эрүүл мэнддээ анхаарч байгаарай гэж захья. Ирж буй 2018 он монголчууд бидэнд хөгжил дэвшлээр дүүрэн, амжилт бүтээлээр арвин бялхам сайхан он жил байхын ерөөлийг дэвшүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамжийн хугацааг сунгалаа

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамжийн хугацааг сунгалаа

Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Энэхүү нөхцөл байдал нь нийслэлийн оршин суугч, иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаагаас үүдэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ.

Хотын даргын авч хэрэгжүүлсэн энэхүү хязгаарлалтын үр дүнд 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэлж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ захирамжийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай иргэд, Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаа иргэд болон албан томилолтоор нийслэлд 6 сараас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүлээс бусад орон нутгийн иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Манай их, дээд сургуулиудыг олон улсын үзүүлэлтээр авч үзвэл шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Манай улсын боловсролын салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Боловсролын салбарын бодит нөхцөл байдлыг харахад нэгдсэн бодлого байхгүй, учраа олохгүй байгаа байдал харагдаж байна. Бодлогоо ойлгохгүй байна, хамтын ажиллагаа, багийн зохион байгуулалт алга. Дэлхийн боловсролын байгууллагууд индексийг гаргадаг. Бага сургуулиа төгсөөд дунд сургуульд ороход нь шалгалт авдаг. Тэнд ямар дүн үзүүлсэн бэ гэдгээр нь боловсролынхоо үнэлгээг гаргадаг юм. Ерөнхий боловсролын сургуульд нэг ангийн онц сайн сурдаг ганц нэг хүүхдээр үнэлгээгээр гаргах биш нийт хүүхдийн сурлагын дунджаар дундачлалыг гаргах ёстой юм. Манай боловсролын салбарт ганц нэг сайн үнэлгээ тоон үзүүлэлт болгож ашигладаг тал бий. Боловсролын дундажийг гаргаж, манай улсын боловсролын салбар ийм байна гэдгийг зарлаж, үүний дараа монгол хүүхдийн генетикийн судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх ёстой. Финланд, Шведэд гэхэд бага боловсрол, цэцэрлэгийн багш нарт хамгийн өндөр цалинг олгодог. Суурийг сайн тавьж боловсрол хөгжинө гэж үзэж байна. Гэтэл манай улсад сургуулийн хүртээмжийн байдал хүнд хэвээрээ л байгаа. Өнөөдөр сургуулийн хүртээмж 18 хувиар өссөн байгаа ч боловсролын салбарт ямар бодлого, хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тодорхой биш байна шүү дээ. Гаднаас сургалтын хөтөлбөрийг шууд хуулбарлах биш монгол хүүхдийн генетикийн судалгааг юуны өмнө гаргах ёстой. Үүндээ суурилсан хөтөлбөр боловсруулах ёстой. Их, дээд сургуулиуд судалгааны байгууллага болъё гэсэн зорилт дэвшүүлээд яваа нь мөн л хоцрогдсон арга. Судалгааны сургууль болъё гэж уриа дэвшүүлэх биш судалгаагаа яаж дэмжих вэ, мэдлэгийг хэрхэн бий болгож байна вэ гэдэг нь чухал. Дээд боловсролын салбарт шинэ мэдлэгийг хэрхэн бий болгож байна вэ, баялгийг хэрхэн бүтээж байна вэ гэдэг үндсэн хоёр үзүүлэлтээр улс орны хөгжлийн үндсийг өнөөдөр тодорхойлдог болчихсон. Их сургууль бол шинжлэх ухааны технологийн мэдлэг, аж үйлдвэрийн мэдлэгийг бүтээдэг. Шинжлэх ухааны технологийн мэдлэг гэхээрээ олон улсын сэтгүүлд хичнээн өгүүлэл бичив, шинэ нээлтүүд юу хийв гэх мэтийг тоон үзүүлэлтээр авч үзэхийг хэлнэ. Аж үйлдвэрийн мэдлэг гэхээрээ гарааны хичнээн компани байгуулагдав, зах зээлд гарч хичнээн хүнийг орлоготой болгов гэх мэт үзүүлэлтүүдээр тооцно. Манай их, дээд сургуулиудад дээрх тоон үзүүлэлтээр авч үзвэл шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй. Манай улс аж үйлдвэрийн мэдлэг олгох юм уу эсвэл судлаач нар бэлдэж байгаа юм уу. Үүнийг эхлээд тодорхойлчих ёстой. Ер нь манай боловсролын салбарт нэгдсэн бодлого алга, ямар хөтөлбөрөөр явах гэдэг нь суралцагчдад нээлттэй тодорхой биш байна.

-Боловсролын салбарт шинэ сайд ирэх тоолондоо эсвэл нам, засаг солигдох тоолонд сургалтын агуулга, хөтөлбөр өөрчлөгдөөд байдаг. Үүнд та ямар сууринаас ханддаг вэ?

-Боловсролын салбарынхнаас би ганцхан асуултыг асуудаг юм. Монголын боловсролын үндсэн хөгжлийн хөтөлбөр гэж юу вэ гэдгийг асуудаг. Суралцагч нар эхлээд ямар хөтөлбөрөөр, ямар бодлоготой байх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Үүнийг нь сургуулиас нь зарлах ёстой. Их, дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэгт ийм хөтөлбөрөөр энэ мэдлэг, мэдээллийг олж авах юм байна гэдгээ хоёр талаасаа танилцаж мэдсэн байх ёстой. Одоо бол ерөнхий боловсролын байгууллага цөм хөтөлбөрийг хэрэгжүүлээд байх шиг байгаа юм. Сурах бичиг нь гэхэд есдүгээр сарын 1-ний өдөр сурагчдын гар дээр ирэхээ байсан завхрал гардаг болсон байна лээ. Бараг арванхоёрдугаар сар хүргэж байж сурагчдын гар дээр сурах бичиг нь ирж байх жишээний. Сурах бичгийнхээ агуулга дээр ажиллаж амждаггүй гэсэн тайлбарыг өгч байна. Манай улсад боловсрол соёл шинжлэх ухааны салбар нь хэзээ ч улстөржиж болохгүй салбарын нэг. Аль нам нь хамаа байхгүй, нэгдэж суугаад боловсролын салбарт хөгжлийн үндсэн энэ хөтөлбөрийг барих юм байна гэдгээ салбарт ажиллагсад тодорхойлчих хэрэгтэй. Тэгээд үүний цаана хэрэгжилтийг хийх хэрэгтэй.

-Та салбарын сайд Цогзолмаагаас хэр их үр дүн хүлээж байна?

-Цаг хугацааны хувьд одоо урт биш хугацаа үлдлээ. Би тоо ярь гэж хэлдэг. Хичнээн багш, оюутнууд судалгааны өгүүллээ нийтлүүлэв, хичнээн гарааны компани байгуулагдаж хичнээн төгрөг олов, их сургуулиуд төсөвт хичнээн төгрөгийн орлого оруулав гэх мэтээр тоон чанараар энэ салбарын бодит үнэлгээг харна шүү гэдгийг хэлж байгаа. Өнөөдөр их дээд сургуулиуд гэхээрээ улсын төсвөөс дандаа мөнгө авдаг биш эргээд мөнгө оруулдаг байхаар ажиллах боломж хүртэл байна.

-Цалингаа нэмүүлнэ гээд жагсаад байсан багш нар эцсийн ямар шийдэлд хүрсэн бэ?

-Багш нарынхаа асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол нэг удаагийн гал унтраах маягаар шийдэх ч юм биш л дээ. Миний санаачилсан Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажлын хэсгийнхэн уншиж танилцаж байгаа гэсэн. Уг нь энэ хууль батлагдчихвал багш нарын асуудал системээрээ зөв болно. Боловсролын салбарт багшийн чанарыг сайжруулах нь нэн түрүүний хийгдэх гол ажлын нэг. Багшийн хөгжлийг дэмжиж, нийгэмд багшийн нэр хүндийг өсгөж байж багш болох сонирхлыг нийгэмд өдөөж өгнө. Ингэж чадвал мэдлэг боловсролтой сайн залуус багшийн мэргэжлийг сонгоно.

-Ойрын үед агаарын бохирдол ихэссээр байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар ажлууд хийгдэх ёстой вэ. Таны сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүрэг бол утааны гол голомт байдаг газрын нэг?

-Би Сонгинохайрхан дүүрэгтээ өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Утааны асуудал маш хүнд байгаа. Улаанбаатар хотод дүүргээр нь бүсчлэх шаардлагатай. Би урьд нь утааны асуудал дээр бодитой хэд хэдэн ажлуудыг хийж, ярьж байсан. Өмнөх Засгийн газрын үед Шинжлэх ухааны академи хүрээлэнгээр хийлгэсэн бодитой санаачилгууд танилцуулж байсан. Шөнийн тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор өдөр нь дулаанаа барьдаг зуух утаа гаргахгүй технологи бий. Шаардлагатай бол энэ зуухыг авч ажиллуулж үзмээр байна. Ерөнхий боловсролын сургуулиудад агаар шүүгч тавилаа гээд агаарын бохирдол шийдэгдэхгүй. Гал унтраах төдий ажил болчихоод байна. Манай тойрог дээр гурван айл дээр хэрэгжүүлж байгаа лагаар гааз гаргадаг технологийг бас туршиж хэрэглэмээр байна. Төв аймагт утаагүй зуух туршигдаад Зуун-Мод сум утаагүй болчихсон байна гэнэ. Шинэ дэвшилттэй технологийг эрэлхийлж, эх оронч худалдан авалтыг дэмжчихвэл утааг бууруулах тодорхой алхам болох юм. Одоогийн байдлаар агаарын бохирдлыг бууруулах 16 тэрбум төгрөг байна. Нүхэн жорлонг шийдэхээр Азийн хөгжлийн банкны гурван сая ам.доллар Байгаль, орчин ногоон хөгжлийн яаманд байна. Зөв оновчтой шийдлээ сонгох тухай болохоос биш төсөв мөнгө байхгүй гэдэг бол шалтаг. Цаашид утааг бууруулахын тулд дагуул хотуудаа хөгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Нийслэл хотын удирдлагууд жил бүр 560 сая төгрөгөөр шатахууны зардал гэж авдаг юм байна лээ. Монголчууд өөрсдөө цахилгаан автомашин үйлдвэрлээд эхэлсэн байна. Хэрвээ цахилгаан автомашинаар нийслэлийн дарга нар явах юм бол 560 сая төгрөгөөс жилдээ 56 сая төгрөгийг л түлшинд зарцуулж цаана нь мөнгө хэмнэнэ. Хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болох ажлуудыг төсвийн байгууллагуудаас санаачилга гаргаж хийх хэрэгтэй байна. Агаарын бохирдлоос шалтгаалаад ханиад томууны өвчлөл маш хүнд байгаа. Ирэх нэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэг сарын хугацаатайгаар амраах шийдвэр гарсан нь зөв шийдвэр юм. Дэлхийн улс орнууд утаанаасаа салсан арга нь ядуурлыг зогсоож хүмүүсээ ажилтай болгож, эх оронч худалдан авалтыг дэмжсэн байдаг. Жишээ нь цахилгаан автобусыг сургуулиудад явуулах хэрэгтэй. Агаар шүүгч авах гэж байгаа бол Монголд үйлдвэрлэсэн компаниудаасаа авчих хэрэгтэй. Ажил орлоготой болсон хүмүүс нүүрс түлэхээс өөр шийдлийг бас хайж эхэлдэг юм байна лээ. Дан ганц утаатай тэмцэх биш ядууралтай хамтдаа тэмцэж байж агаарын бохирдлын тухай асуудлыг шийднэ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдорж: Бээжин утаа гаргадаг юм болгоныг болиулж агаарын бохирдлоос салсан

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Нийслэл хотод яг одоо тулгарч байгаа хамгийн том асуудал нь утаа. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, арга зам, боломжууд гэвэл юу байна вэ?

-Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд хот суурин газрын хамгийн аюултай зүйл нь утаа. Намайг хүүхэд байхад буюу 1970-аад оны үед хөдөөнийхөн “Өвлийн улиралд Улаанбаатар хотод очиход агаар нь муу, уушги муудчихаар газар байна” гэж ярьдаг байсан юм.

Би 1986 онд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Тэгэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдол болохоо байчихсан байна гээд Дэнжийн мянгад дулаан хураагуур, цахилгаан зуух гэдгийг тавьж байлаа. Тэр үед би III цахилгаан станцад ажиллаж байсан учраас тэр зуухыг гэртэй нь иж бүрнээр нь судлах завшаан тохиолдсон юм. Түүнээс хойш гучин хэдэн жил болчихож дээ. 31 жилийн турш утаатай тэмцсээр ирсэн ч өнөөдөр утаа гамшгийн түвшинд ирчихлээ. Үүнийг төрийн гурван өндөрлөг уулзаж ҮАБЗ “Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрчээ” гэдгийг зарлаад холбогдох газруудад даалгавар өгч байсан билээ. Өмнөх Ерөнхий сайд Улаанбаатар хотыг цахилгаан халаагуурт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Өнөөдөр харж байхад өнгөрсөн 30 жилд хийсэн хамгийн өнгөтэй, өөдтэй ажил нь Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагуурт шилжүүлэх байжээ.

У.Хүрэлсүх сайд айлуудаар орж утаатай хэрхэн тэмцэж байгаатай танилцахад цахилгаан халаагууртай айлууд асуудлаа бүрэн шийдсэн нь харагдаж байна лээ. Үүнээс үзэхэд Улаанбаатар хот утаанаасаа салах нэг арга нь цахилгаан халаагуурт шилжих нь нэг боломж юм гэж харж байна.

2016 онд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” гэсэн хурал болсон юм. Уг хурал дээр агаарын бохирдол яагаад үүсээд байна, түүнийг бууруулах ямар арга байна вэ гэдэг дээр эрдэмтэн, судлаачид ярилцсан. Улаанбаатар хотын агаарын бохирдол юунаас үүдэлтэй вэ гэхээр өвлийн хүйтэн сэрүүний улиралд асуудал үүсдэг болохоос биш бусад үед нь гайгүй. Монгол оронд өвлийн улиралд гаднах агаарын температур буураад ирэхээр инверцийн үзэгдэл болдог.

-Инверци гэдгээ энгийн үгээр тайлбарлахгүй юу?

-Агаарын тогтонги үе. Улаанбаатар хотод, ялангуяа Туул голын хөндийд агаарын тогтонги үед тогтдог. Агаар хөдлөхөө байчихдаг. Өрхийг нь бүтээчихсэн гэр шиг л болчихдог. Улаанбаатар хотод хоёр хоног л утаа гарахад хүн амьдрахын аргагүй болчихож байгаа юм. Үүнийг зүйрлэн хэлэх юм бол өрхийг нь бүтээчихсэн гэрт нэг хүн тамхи татаад байвал гайгүй. Таван хүн хоёр юм уу, таван өдөр нэгэн зэрэг тамхи татчихвал тэнд хүн амьдарч чадахгүй. Үүн шиг л болчихож байгаа юм. Энэ бол байгалийн үзэгдэл. Байгалийн үзэгдлийг хүн яаж ч чадахгүй. Тийм учраас энэ их утаанд бид ялагдаад байгаа юм. Үүний эцсийн шийдэл бол байгалийн үзэгдэл байж агаар тогтчихоод байгаа учраас энэ дотор утаа гаргахгүй болбол л асуудал байхгүй болно. Өрхийг нь бүтээчихсэн гэрт хэн нэгэн тамхи татахгүй байхад л болно гэсэн үг.

-Хэрвээ Улаанбаатар хот салхины ам, салхитай газарт анх байгуулагдчихсан бол ийм асуудал үүсэхгүй байж. Тийм үү?

-Тийм, тийм. Салхитай газарт байгуулагдчихсан байсан бол ийм асуудал байхгүй. Түрүү үед хотыг төлөвлөхдөө салхигүй, намуухан газруудад хотыг барьдаг байжээ. Одоо бол хүн ам их хэмжээгээр суурьшаад эхлэхээр салхитай газарт барихгүй бол болохоо байж байгаа юм. Та Дорнод аймгийн Чойбалсан хотыг үзсэн үү.

-Үзсэн?

-Чойбалсанд би зөндөө очиж байсан. Тэнд очих бүрт станцын яндан перпендикуляр байдаг байхгүй юу. Тал газар, салхитай газарт инверцийн үзэгдэл тогтохгүй. Инверцийн үзэгдэл хэзээ гардаг юм гэхээр цаг уурчдын судалснаар, 7-8 м/секунд салхитай болоход инверци буюу агаарын тогтонги байхгүй болчихдог. Салхи гарангуут утаа алга болно.

-Цаг агаарын мэдээгээр ихэвчлэн “Улаанбаатарт салхи 6-10 м/сек” гэж ярьдаг?

-Та нар судалж болно. 6-10 м/секунд хурдтай салхитай гэвэл тэр өдөр бараг салхигүй гэсэн үг. Ер нь салхигүй байна гэвэл утаатай байна гэсэн үг. Салхины давтагдлыг аваад үзвэл нэлээд хоногуудад нь агаарын тогтонги үе бий болчихоод байгаа юм.

-Лондон хотын 1900-гаад оны эхэн үеийн утааг юутай ч зүйрлэшгүй гэж ярьцгаадаг. Энэ удаад тэр холын зүйлийг яриад яахав. Энүүхэнд байх, урд хөршийнхөө туршлагыг бид ярих нь зүйтэй байх. Бээжин хот утаанаасаа салаад эхэлчихлээ. Өндөр насжилттай машин, үйлдвэрүүдээ хотоос гаргаж, шингэрүүлсэн хийг бүхий л хэрэгцээндээ нэвтрүүлж байна?

-Би сүүлийн үед Бээжин орсонгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад Бээжин хот утаанаасаа салчихжээ. Инверцийн үзэгдэл хаа сайгүй л тогтоно. Инверцийн үед утаа гаргах юм бол л утаатай болно. Тийм учраас Хятадын Засгийн газраас Бээжин хотод утаа гаргадаг юмыг л болиулж байгаа байхгүй юу. Тэр олон айл, жижиг, хувийн уурын зуух, нүүрс түлдэг бүхий л цэгийг болиулаад, утаа гаргадаг машинуудыг зогсоогоод эхлэхээр утаа гаргах нь багасна. Утаа гаргахгүй болоод эхлэхээр аяндаа Бээжин хот утаагүй болчихно. Ийм л юм байгаа юм. Гэтэл манайх олон жилийн туршид дандаа л буруу аргаар тэмцэж ирсэн байхгүй юу. Хятад улсын хувьд утаанаас салсан гол арга нь ердөө шинжлэх ухаандаа тулгуурласан явдал. Шинжлэх ухаанд тулгуурлах, шинэ, зөв зүйтэй технологийг нэвтрүүлэх нь аливаа хүндрэлээс гарах гол арга. Ер нь хүн төрөлхтний өмнө тулгарсан аливаа бэрхшээлийг шинжлэх ухаанд тулгуурлаж л даван туулж ирснээс биш хар бор аргаар зүтгээд байвал мухардлаар төгсдөг нь олон.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны голомтуудаар явж нөхцөл байдалтай танилцах үеэрээ утааны эсрэг нийтдээ 147 тэрбум төгрөг, зээл тусламжаар 60 сая ам.доллар зарцуулсан талаар ярьж байсан?

-Утаанд маш бага мөнгө зарцуулсан. ДЭМБ-ын судалгаа байдаг юм. Улаанбаатар хотын иргэд утаанаас болж жилд 400 сая ам.долларыг эрүүл мэнддээ зарцуулж байна гэдгийг тогтоосон.

-Арай л их юм аа?

-400 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийг иргэд утаанаас болж эрүүл мэнддээ зарцуулж байна. Та утаанаас болж харшилтай болж, ханиад хүрч, хордлогод орж хатгаа авахад эмнэлэгт хэвтэх, ажлын чадвараа алдах зэрэгт тодорхой хэмжээний мөнгө зарцуулна. Эм тариа гээд нэрлэвэл их мөнгө гарна.

-Утаанд хордож, хатгаа авч эмнэлгээр явахад шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд нийтдээ 500 мянга орчим мянган төгрөг зарцуулж, энэ хооронд ажлаа хийж чадаагүйгээс цалингүй хоцрох жишээний?

-Нэг л иргэн утаанаас болж нэг удаад ийм хохирол амсч байна. 1.3 сая хүний хэд нь ханиад хүрч, хатгаа авч, утаанд хордох вэ. Тэр тоонд үржүүлээд үзэхэд тэр утааны эсрэг зарцуулаад байна гэдэг 147 тэрбум төгрөг бол өчүүхэн мөнгө шүү. Олон жилийн турш л утааны эсрэг мөнгө зарцуулж байна. Энэ жил гэхэд цахилгаан халаагуурт зургаа, долоон тэрбумыг л нөхөн олговорт өгч байгаа юм. Жил жилээр нь иймэрхүү мөнгө төсөвлөөд нийтэд нь бодоход 147 тэрбум л болж байгаа юм. Сүүлийн 30 жил утаанд дарлуулахдаа жилд 200 сая ам.долларыг утаанаас гаралтай элдэв өвчинд зарцуулсан гэж бодвол нийтдээ хэдэн төгрөг болох вэ, бараг зургаан тэрбум ам.доллар болно биз дээ. Ийм их мөнгөөр иргэд, улс орон минь хохирсоор иржээ. Тэрний дэргэд тэр 147 тэрбум төгрөг, 60 сая ам.доллар юу ч биш.

Тэгэхээр Улаанбаатар хот утаанаас салах гол арга нь утаа гаргадаггүй технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Цахилгаан халаагуур, хийн халаагуур гэх мэт утаа хамгийн бага гаргадаг аргууд руу шилжих хэрэгтэй. Гал түлдэг юм болгон л утаа гаргадаг.

-Утаанаас салах олон арга байна. Бараг бүгдийг нь ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Бэлээхэн Бээжингийн жишээ байхад ч үл тоох. Тэгэхээр эхлээд сэтгэхүйдээ утаанаас салъя, салцгаая гэсэн зүйлийг л маш сайн суулгах хэрэгтэй юм биш үү?

-Нүүдлийн соёл иргэншил нь монголчуудын сэтгэлгээнээс арилаагүй. Таных ч, минийх ч арилаагүй. Би Улаанбаатарт нүүж ирээд бараг 40 жил болж байна. Тэгэхэд миний өнөө малчин сэтгэхүй одоог хүртэл арилаагүй. Хэдэн үе өнгөрч байж тэр сэтгэлгээ арилах байх. Тэгэхээр манайхан хөдөөнийхөө сэтгэхүйгээр л сэтгээд байгаа юм, Улаанбаатарт нүүж ирж байгаа улс. Төрөөс тэрүүнд нь таарсан бодлого явуулах ёстой. Монгол гэртэй ерөөсөө ноцолдох хэрэг байхгүй. Дандаа монгол гэртэй ноцолдсоор ирсэн нь өнгөрсөн 30 жилийн алдаа. Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын ихэнх нь орон сууцанд орохыг хүсч байгаа. Жижигхэн байшин ч атугай барьсан айлыг сайн дулаалуулаад л цахилгаан халаагуур, дэвшилтэт технологийн аргуудыг хэрэглүүлэх хэрэгтэй. Гэрт ерөөсөө дэмжлэг үзүүлж болохгүй. Хажуу талын байшинтай айл нь байшингаа сайхан дулаалаад гар хөлөө нүүрсэнд халтартуулахгүй, ая тухтай дулаахан амьдраад байгааг гэрт амьдарч байгаа хөрш нь хараад аяндаа дуурайна.

-Дуурайна, барьцана гэдэг чинь монголчуудын сайн хийж чаддаг “ажил”-уудын нэг шүү дээ?

-Хөдөө малчдыг цахилгаанжуулах чиглэлээр ажилласан юм. Монголын хөдөөгийн малчид бүрэн цахилгаанжсан. Монголын сэтгэхүйгээр бол бие биенээ дуурайж шинэ технологийг нэвтрүүлэн амьдардаг байхгүй юу.

Тэр маягаар Улаанбаатар хотыг аль болох сууцжуулах хэрэгтэй. Сууцыг дулаалах хэрэгтэй. Дулаалгатай байшинтай айл маш бага цахилгаан хэрэглээд эхэлбэл бусад нь дуурайгаад л эхэлнэ. Авгай нь хэлнэ. “Чи энэ Балдангийнхныг хараач” гээд л эхэлнэ. Тэгэхээр төрөөс маш богино хугацаанд маш их мөнгийг зарцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол жил бүхэн 400 сая ам.доллараар иргэд маань хохироод байвал хүндрэлтэй.

Улаанбаатар хотод агаарын тогтонги гэх байгалийн үзэгдэл байгаа учраас элдэв дээдийн арга хэрэглэнэ гэж ярьцгаагаад нэмэргүй.

-Том сэнс байршуулна, Богд уулыг нүхэлж утааг нь гаргана гээд л ярьцгаадаг?

-Утааг нь сорно, салхилуулна гэдэг. Тэр бүхэн бүгд худлаа. Гагцхүү утаа гаргахгүй л байх ёстой. Утаа гаргахгүй байх арга маш цөөхөн. Нэгдүгээрт, цахилгаан халаагуур тавьж болно. Маш бага утаа гаргадаг хийн халаагуур байж болно. Өндөр үнэтэй технологи хэрэглэж байгаа бол байшин, барилгынхаа дулааны алдагдлыг бууруулах хэрэгтэй. Хүн бүр хэмнэдэг суурин соёл иргэншил рүү дамжих ёстой.

-Цахилгаан халаагуурт шилжихэд хүчин чадал нь бага байгаа биз дээ?

-Станцыг нь барих хэрэгтэй. Гурван жилд иргэд маань эрүүл мэнддээ утаанаас болж нэг цахилгаан станц барих мөнгө буюу 1.2 тэрбум ам.долларыг алдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Соёл-Эрдэнэ: Олон улсын аяллын агентлагуудын маршрутад Монголын талаарх мэдээлэл огт байдаггүй

Олон улсын сүлжээ “Рамада”, “Холидэй Инн” зочид буудлын Удирдлагын хорооны дарга, “Монголын аялал жуулчлалын бизнес хөгжлийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

-Нэг сая жуулчин авчирна гэж цөөнгүй жил ярьж байна. Бид энэ тоог нэмэх, эсвэл ядаж энэ тоондоо хүрэх боломж бий юү?

-Гурван жилийн өмнө Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадамжаар 90-д эрэмбэлэгдэж байсан бол өдгөө 12 байраар ухарчээ. Бодлого тодорхойлогчид олон жилийн турш нэг сая жуулчин Монголд хүлээн авахаар төлөвлөсөн ч энэхүү төлөвлөгөө цаасан дээрээс цааш хөдөлсөнгүй. Энэ оны эхний арван нэгдүгээр сарын байдлаар л гэхэд бодит үр дүн дөнгөж 451.9 мянга байна. Тиймдээ ч нэг сая жуулчин хүлээж авах хугацааг хойшлуулсаар байна. Ерөнхийдөө манайхан аялал жуулчлалын ямар чухал салбар болохыг сайн ойлгохгүй байх шиг л санагдаад байгаа юм. Дэлхий дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр өөрсдийгөө тэжээж буй цөөнгүй орнууд байдаг. Мальдив л гэхэд эдийн засгийнхаа 79.4 хувийг зөвхөн энэ салбараас бүрдүүлдэг. Гүрж, Макао , Ямайк, Камбож зэрэг орнууд ч мөн ялгаагүй. Манай орны хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүний асар их нөөцтэй боловч ЭЗ-ийн дөнгөж 9.4 хувь нь жуулчлалаас бүрдүүлж байна шүү дээ. Уул нь Монгол Улс өмнө нь хэзээ ч байгаагүй анхаарлыг аялал жуулчлалын салбарт хандуулсан. “ITB Berlin” үзэсгэлэнд 2015 онд оролцохдоо 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсвөөс зарцуулсан шүү дээ. Гэсэн ч бидний хүлээж авсан жуулчдын тоо сүүлийн таван жилд 4.6%-иар буураад байна.

-Жуулчдын тоо буураад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Энэ асуултад хариулахаас өмнө бид үнэхээр өөрсдийн талаарх сонирхол татахуйц мэдээллийг хангалттай тэдэнд хүргэж байгаа юу гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Аялал жуулчлал идэвхтэй орнуудын иргэдийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь юу юунаас чухал гэсэн үг л дээ. Ер нь бол жилээс жилд онлайн сурталчилгааны эзлэх хувь өсөж байна. Тиймдээ ч аялал жуулчлалын өрсөлдөөнд байх улс орнууд цахим стратегиа хэрэгжүүлж контент үйлдвэрлэж байна. Тухайлбал, АНУ-ын Калифорни хотын “Dream 365”, Шинэ Зеландын ЗГ-аас санхүүжүүлэн ОУ-ын нэр хүндтэй “Mind­share” агентлагийн 2007 онд гүйцэтгэсэн “Нэгдсэн онлайн хөтөлбөр” зэргийг нэрлэж болно. Харин оффлайн контентын хамгийн амжилттай төрөл нь кино. Кино нь зөвхөн аялагчдад мэдээлэл хүргэхээс гадна, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болдгийг Шинэ Зеландад “Бөгжний эзэн”, “Hobbit”, Хятадад “Аватар” зэрэг кинонуудын жишээнээс харж болно. “Аватар” киноны зураг авалт хийсэн газар л гэхэд жилдээ 30 сая жуулчин ирдэг. Энэ мэт контент үйлдвэрлэл, аялал жуулчлалын маркетингийн жишээнүүдийг зөвхөн төрийн байгууллага, Засгийн газрууд нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлсэн байдаг. Гэвч Монгол Улсад кино битгий хэл нэгдсэн бодлогоор нэг ширхэг ч видео байхгүй гэдгийг энд дурдах нь зүйтэй байх.

-Та бүхний судалж, харж байгаагаар Монголд ирэх жуулчид ихэвчлэн аль улс орноос илүүтэй байх бол?

-2016 оны статистикт манай улсад ирсэн жуулчдын тоог 404 мянга гэж тодорхойлсон. Уг тоо сүүлийн арван жилд лав өссөнгүй. Үүнийг улс орнуудаар авч үзвэл БНХАУ, ОХУ-ын жуулчид дийлэнхдээ ирдэг. Зочид буудлуудын хүлээн авсан жуулчид жилд дунджаар дөнгөж 100 мянга гэсэн тооцоо ч бий. Энэ тооны дийлэнх хувийг Ази, Номхон далайн бүсээс ирсэн зочид бүрдүүлдэг. Энэ оны Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд Ази, Номхон далайн бүсийн 10 орон аялал жуулчлалын өрсөлдөх чадвараа хамгийн их нэмэгдүүлсэн болохыг зарласан. Харамсалтай нь манай орон үүнд багтаагүй. Тэгэхээр амлалт болгодог нэг сая жуулчныг хаанаас, яаж авчрах асуудлыг төр, засгийн түвшинд өндөр ач холбогдол өгч авч үзэх хэрэгтэй.

-Нэг сая жуулчин хүлээн авах хангалттай нислэг манайд бий юү?

-Аялал жуулчлалын өрсөлдөөний чадварын тайланд манай улсын тээврийн индекс хамгийн муу үзүүлэлттэй гарсан. Одоогоор “Чингис хаан” буудал олон улсын шууд нислэгээр жилдээ 510 мянган зорчигч хүлээж авах хүчин чадалтай. Гэхдээ зуны улиралд ачааллаа дийлэхгүй, харин өвөлдөө маш цөөхөн зорчигчид зорчдог. Хөшигтийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орвол жилдээ 1.4 сая зорчигчид тээвэрлэх боломж бүрдэнэ л дээ. Гэхдээ шууд нислэгийн чиглэл нэмэгдэх, авиа компаниуд зорчигч тээврийн квотыг холбогдох төрийн байгууллагаас хангалттай авах эсэхээс хамаарч манай оронд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ.

Харин тийзний үнэ тухайн чиглэлийн нислэгийн эрэлт буюу онгоцны дүүргэлт, тийзний ангилал, тийзээ урьдчилан захиалсан эсэх, зорчигчдын урсгал гэх мэт нөхцөлүүдээс хамаардаг. Жишээлбэл, УБ-Бээжин, Бээжин-УБ чиглэлийн тийзний үнийн зөрүү 250 мянган төгрөг л байдаг. Гэсэн ч тийзний үнэ өндөр байгаагийн суурь шалтгаан нь хоёр улсын иргэний нисэхийн гэрээ, конвенц, шууд нислэгийн тоо, дамжин өнгөрөх гэрээ гэх мэт маш олон зүйлээс давхар хамаарна.Энэ тухай эдийн засагч Д.Жаргалсайхан “Зочноо саравчилсан зочлолын салбар” нийтлэлдээ “Аялал жуулчлалын бизнес нислэгээс хамаарч байгааг онцлоод, авиа компаниуд зөвхөн төрийн өмчийн МИАТ компанитай тохирсон нөхцөлөөр л Улаанбаатар руу нисдэг. Энэ нь дэлхийд хамгийн өндөр тийзний үнэтэй 10 орны нэгээр Монголыг тодруулдаг төдийгүй, нислэгийн хүртээмж хангалтгүй байхад нөлөөлдөг” гэж бичсэн удаатай.

-Манай улс руу аялах визний асуудал ч мөн ялгаагүй ярвигтай байдаг талаар сонсож байсан юм байна. Энэ тухайд?

-Жуулчдыг хүлээн авахыг хүсдэг орнуудын жишээнээс харахад гурван цагт багтааж виз гаргадаг улс орон ч байна. Гэтэл манайд ирэх жуулчид хоёроос таван хоног хүлээгээд ч гардаггүй. Ихэнхдээ заавал өөрийн биеэр элчин сайдын газар очих ёстой болдог. Гэтэл улс орнууд хоорондоо харилцах зорчих визний нөхцөлөө улам бүр таатай болгож байна. Жишээ нь, “2008 онд нийт аялагчдын 77 хувь нь гадаад улс руу зорчихдоо виз авдаг байсан. Харин 2016 онд энэ тоо 58 хувь болж буурсан байна. Судалгаанд оролцсон нийт орнуудын 85 хувь нь сүүлийн жилүүдэд визний журмаа зөөллөсөн байгааг нийтлэлч В.Ганзориг “Айлсал ба Аялал жуулчлал” нийтлэлд дурдсан байдаг. Дээр дурдсан визний асуудлаас гадна “Ex­pedia, Inc.,” “Lotte”, “Red­cap”, “Bcdtravel” гэх мэт олон улсын аяллын агентлагуудын маршрутад Монголын талаарх мэдээллэл огт байдаггүй. Энэ нь дамжин өнгөрөх жуулчдад зориулж 72 цаг хүртэлх визгүй зорчих нөхцөл бүрдээгүй байгаатай холбоотой. Энэ нь олон улсын тойрон аялалд багтахгүй байх гол нөхцөл болоод байгаа хэрэг.

-Жуулчид ирлээ гэхэд хүлээж авах нөхцөл боломж нь ямар түвшинд байгаа вэ?

-2010 онд 300 орчим байсан жуулчны бааз дотоодын жуулчдын ачаар сүүлийн долоон жилд 700 орчимд хүрсэн байдаг. Гэхдээ шинэ журмын дагуу 2016 онд 254 компани аяллын операторын гэрчилгээ шинээр авсан болон сунгуулсан. Энэ тоо өсөж байгаа нь сайн боловч сөрөг талууд ч нэлээдгүй үүсчээ. Манай орны үзэсгэлэнтэй, онгон байгаль хаана байна тэнд л багширсан баахан гэр баазууд бий болсон. Энэ нь жуулчдыг хамгийн их татдаг нүүдлийн соёл, онгон байгалийг алдагдуулж эхэллээ. Тэдгээр баазууд бүгд л ижил бүтээгдэхүүн санал болгодог. Онцгойрох зүйл байхгүй гэсэн үг. Мөн тэд олон улсаас шинээр жуулчин нэмж авах талаар биш, аль хэдийнэ Монголыг сонгоод ирчихсэн байгаа жуулчдын дунд л харилцан үнэ буулгаж өөр хоорондоо өрсөлдөж байна. Гэтэл БНСУ-ын Чэжү арал дээр манай “Морьтон монгол” үзүүлбэр нэг сая, Өмнөд Монголын Ордост байх Чингис хааны мөргөл гурван сая жуулчин татаж байна. Нэг жилийн л хугацаанд шүү дээ. Ерөнхийдөө бусад орнуудад түүхийн онцлог, баримтад тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Асар хүчтэй хөгжүүлснээр жуулчдыг ч хүссэнээрээ татаж байна. Гэтэл бид бэлэн түүх байхад ярихаас цаашгүй л суусаар байна.

Ерөнхийдөө жуулчид Монголын нүүдлийн соёл, онгон байгалийг л хамгийн их сонирхож ирдэг. Гэтэл сая жуулчдыг хүлээж авахдаа өөрсдийн соёл, давуу тал, давтагдашгүй байдлаа хадгалж үлдэх бодлого бидэнд алга. Нөгөө талдаа уг бодлого зайлшгүй шаардлагатай байгааг дотоодын 60 мянган жуулчны нөлөөгөөр “Цонжин Болдог” хөшөөтэй цогцолбор, Хөвсгөл далай, Хархорин орчмоос байгалийн давтагдашгүй байдал хэрхэн алдагдаж байгааг тод томруун харах боломжтой. Газар олголт ч мөн ялгаагүй маш замбараагүй байдалд хүрсэн. Байгаль орчноо хамгаалж байгаа жишээ дурдахад Хятадын Чэнгдүд жилд 1,2-1,5 сая жуулчин хүлээж авдаг. Гэсэн ч тэд жуулчдын төлсөн мөнгөөр байгалиа хамгаалж, онгон дагшин хэвээр нь хадгалсаар байгаа. Тийм болохоор манай орон “Тогтвортой аялал жуулчлалд” бэлэн үү гэдэг маш том асуулт гарч ирж байна.

-Нэг сая жуулчин хүлээн авах дотоодын худалдаа, үйлчилгээ, иргэдийн ухамсар ер нь бэлэн байгаа юу?

-Жуулчдын хэрэгцээг газар үзэх, мэдлэг мэдээлэл олох, мөнгө үрэх гэж гурав ангилж болох юм. Гэвч Монголд мөнгө үрэх зүйл маш цөөхөн. Жишээ нь өмнөд хөршийн жуулчид Монголд аялахдаа 1532 ам.доллар зарцуулдаг гэж Монголбанкны судалгаагаар гарсан. Харин бусад оронд аялахдаа 3252 ам.доллар зарцуулдаг хэмээн WTCF байгууллага дурдсан байна. Үүний 58 хувийг дэлгүүр хэсэж үрдэг. Дэлгүүр хэсэхээс гадна ресторан, зочид буудал, интертайнмент, санхүүгийн үйлчилгээ, машин түрээс, такси гэх мэт үйлчилгээнүүд багтдаг байна. Тэгвэл бид нэг сая жуулчны мөнгийг Монголдоо үлдээж чадах уу. Саяхан нэг жуулчин нисэх буудлаас хотын төвд ирэхэд 100 мянган төгрөг төлсөн тухай цахим орчинд тархсан. Манай үйлчилгээний чанар, ёс суртахуун ямар байгааг энэ жижиг жишээ л илэрхийлж байна. Мөн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр манай улсын дэд бүтэц бүс нутгийн улсуудын дундаж үзүүлэлтээс хоёр дахин муу гарсан байдаг. Энэ мэт асуудлыг сайжруулахын тулд төр, засгийн байгууллага, үйлчилгээний салбарынхаа бизнес эрхлэгчдийг урамшуулах, аялал жуулчлалын ээлтэй бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу.

-Жуулчдыг хүлээн авахад төр, засгийн зүгээс өөр ямар асуудалд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна вэ?

-Манай иргэд сүүлийн жилүүдэд Байгаль далай, Итгэлт хамба, Улаан-Үүд, Манжуур зэрэг газрууд руу групп аяллыг маш их зохион байгуулж байна. Энэ бас аялал жуулчлалын нэг л бүтээгдэхүүн. Үүнтэй адилаар бид хөрш орнуудын иргэдийг хил орчмын аялал жуулчлалаар татах хэрэгтэй. Гагцхүү аялал жуулчлалын таатай орчныг нь төр, засаг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, хил орчмын дэд бүтцийг хөгжүүлэх, групп жуулчид орж гарах таатай нөхцөлийг бүрдүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах зэргийг нэрлэж болно. Байгуулагдсаныхаа 30 жилийн ойг саяхан тэмдэглэсэн БОАЖЯ-ны хэрэгжүүлэх 30 бүтээлч ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын хувийн хэвшилд тулгарч байгаа эдгээр асуудлуудыг тусгаасай гэж хүсэж байна.

Аялал жуулчлалын салбарт зөвхөн хувийн хэвшлийн компаниуд дийлэхээргүй, төрийн бодлого, зохицуулалт дутагдаж байгаа олон хүчин зүйлс бий. Хэрэв дутагдаж байгаа нэгдсэн бодлого, хууль, эрх зүй болон дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал хувийн хэвшилд үлдсэнийг нь хийх чадамж бүрэн байгаа төдийгүй, аялал жуулчлалын салбарт өсөлт гарах хангалттай нөөц байгааг ч мэргэжилтнүүд онцолсоор байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг томографийн аппараттай болов

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д “Бидний шинэ үйлчилгээ”-ний нээлт өнөөдөр болов.

ЗурагТус төвд Яаралтай тусламжийн тасаг байгуулж, томографийн аппарат суурилуулжээ. Жилд 10 мянга гаруй хүнд үйлчилдэг тус төвд шинээр бүртгэгдэж буй хорт хавдрын 80 орчим хувь нь хожуу үедээ оношлогддог байна. Томографийн аппарат нь хавдрын 75 орчим хувийг илрүүлэх, дүрс оношилгоо, эмчилгээний тактикийг зөв хийхэд маш чухал үүрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс тус төвийнхөн шинэ тоног төхөөрөмжтэй болсноор оношилгоог илүү өндөр түвшинд хийх юм.
Энэхүү аппарат нь нэг удаагийн эргэлтээр 80 зүслэгт зураг авах өндөр хүчин чадалтай бөгөөд гурван хэмжээст зураг боловсруулах, ангиографын зураг авах, автоматаар ясыг харуулах, эрхтний эзлэхүүнийг тодорхойлох зэрэг давуу талтай аж.
Яаралтай тусламжийн үйлчилгээг нэг эмч, хоёр ортой үзүүлж байсан бол 17 эмч, эмнэлгийн ажилтан зүрх судасны хоёр кабинет, зургаан ортой тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болгон өргөжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар ХСҮТ долоо хоногт дунджаар 30-40 хүнд яаралтай тусламж үзүүлдэг аж.

Categories
мэдээ нийгэм

С.Бямбацогт агаарын бохирдлын эсрэг саналаа засгийн газарт хүргүүлнэ

ЗурагУИХ-ын гишүүн С.Бямбацогт агаарын бохирдолын эсрэг хэрэгжүүлж болохуйц саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Тэрбээр бага насны хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эхчүүд, цагдаа, ТҮК-ийн ажилчид гэх мэт нэн шаардлагатай иргэддээ амны хаалт тараах, ид хүйтний улирал дуустал гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 24 цагаар тэглэж төлбөрийг нь төр даах, цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр түгээх, хямд үнэтэй хувийн орон сууцтай болгоход нь анхаарах, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг утаанаас зайдуу амралтад амрахад нь онцгой хөнгөлөлт үзүүлэх, алслагдсан бүс нутгуудийг бодлогоор хөгжүүлж дагуул хотуудыг бий болгох, залуу боловсон хүчнүүдийг хөдөө орон нутагт ажиллах бололцоогоор хангах, цахилгаан автомашины хэрэглээг дэмжин татварыг 100 хувь чөлөөлөх, утаа үйлдвэрлэгчидтэй хатуу хариуцлага тооцдог хуультай болох зэрэг асуудлыг богино хугацаанд нарийн төлөвлөж, зөв зохион байгуулж хэрэгжүүлэх саналтай байна.

Түүнчлэн С.Бямбацогт гишүүн агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллаж цагдаа, ТҮК-ийн ажилчид, гар дээрээсээ худалдаа эрхэлж байгаа иргэд болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд нийт 2000 ширхэг амны хаалт тараах аж.