Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Гадаад бодлого, гадаад харилцаа үндсэндээ амжилттай явж ирсэн, амжилттай явж ч байгаа, улсын минь нэр хүнд дэлхийн тавцанд өндөр, гадаадад дүр төрх нь нааштай эерэг байгаа гэдгийг би өнөөдрийн хийх мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Гэхдээ өнөөдөр гадаад харилцаанд бүх зүйл ямар ч асуудалгүй сайн сайхан байна уу гэвэл бас үгүй байна. Зарим газар, зарим асуудлаар нөхцөл байдал амаргүй байна. Нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байна.
Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг. Гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр хумигдана, авдаг цалин нь багасна. Харин бид зөв, эрүүл гадаад бодлого явуулбал улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болж өгнө.
Гадаад бодлогын асуудал дотоод угшилтай. Гадаад харилцаа ярихын тулд дотоод байдал, дотоод зохицуулалт руугаа өнгийж харах хэрэгтэй. Гадаад бодлого, харилцаанд гаргасан алдааны төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Эдгээр нь манай улсын нэр хүндэд муугаар нөлөөлөх, бидэнд итгэх итгэл үнэмшлийг алдруулахад хүргэж, бусад улсад үндэслэлгүй хүлээлт үүсгэх, буруу зөрүү ойлголт төрөхөд хүргэж байна. Гадаад харилцааны асуудлаар мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна. Энэ бүхний эцэст Монгол Улсын том эрх ашиг хохирч байна.
Миний бие шинэ байгуулагдсан Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгаж, төрийн албаны өндөр ёс зүйг чандлан баримтлах тухай Албан даалгавар гаргасан нь гадаад харилцаатай мөн салшгүй холбоотой. Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал байна. Гадаад талдаа асуудлаа тавихаасаа өмнө дотооддоо байр сууриа нэгтгэдэг байх, энэ зохицуулалтыг нь хангах үүргийг Гадаад харилцааны яам хариуцах учиртай. Энэ үүргээ биелүүлэхэд нь төр, засгийн бусад обьект дэмжлэг үзүүлэх ёстой. Ингэж гэмээнэ бидний гадаад бодлогын зорилтууд илүү үр дүнтэй, амжилттай хэрэгжинэ.
Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо хөгжил, дэвшлийг урагшлуулах замаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно.
Энэ зорилгын хүрээнд бид юун түрүүнд хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Хөрш хоёр оронтойгоо харилцан хүндэтгэлтэй, харилцан тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарыг хамарсан харилцаа, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын комисс, тодорхой асуудлаарх хамтарсан Ажлын хэсгүүд болон бусад яриа хэлэлцээний олон механизмыг ашиглан өргөжүүлж ирлээ.
Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн, уламжлалт найрсаг харилцаагаагүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулсан “Монгол, Оросын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс болон тээвэр, газрын хэвлий, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарыг хамарсан ажлын хэсгүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тогтмол санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж ирсэн.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа онцгой байр суурийг эзэлдэг тул уг салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад нэн тааламжтай эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай юм. Энэ хүрээнд “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.
Монгол, Оросын худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах манай саналыг тус холбооны гишүүн таван орноос ОХУ, Киргиз Улс дэмжээд байна.
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилт тавин ажиллаж байна.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдгээр механизмуудын хүрээнд хятадын талтай хэрэгжүүлэх томоохон төслүүдийн хамтын ажиллагаа, хятадын талаас олгосон зээл, тусламжийн ашиглалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаад буй бусад асуудлыг зөв зохистой шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг эхлүүлэх, уул уурхай, эрчим хүч, барилга орон сууц, хөдөө аж ахуй, зам тээвэр, хилийн боомт зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахад чиглэсэн яриа хэлэлцээг хятадын талтай идэвхтэй явуулж, тодорхой үр дүнд хүрч байна.
Монголын Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талаас дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах явцад үүсэн гарах хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах зорилт тавьж байна.
Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаанд манай тал онцгой ач холбогдол өгч ирсэн. Өнгөрсөн хугацаанд гурван талт уулзалт өндөр, дээд хэмжээнд гурван удаа болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглалыг баталж, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, 2016 онд гарын үсэг зурсан.
Гурван талт хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Өөр олон ирээдүйтэй салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо бид тууштай хэрэгжүүлж байна.
АНУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түвшинд хүргэх зорилтоо бататгах хүрээнд улс төрийн харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх, Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тус орны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг Монголд бий болгохыг зорьж байна.
АНУ-тай улс төр, аюулгүй байдлын талаар болон бүс нутгийн асуудлаар яриа, хэлэлцээ хийдэг зөвлөлдөх механизмтай болсон нь харилцаа улам гүнзгийрч буйн нотолгоо юм.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэгдсэн үнэт зүйлстэй Монгол Улс, АНУ-ын харилцаа идэвхтэй хөгжиж буйн бас нэг илрэл бол манай Засгийн газарт АНУ-ын Мянганы сорилтын корпораци хоёрдахь компакт гэрээгээрээ 350 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон явдал юм. Энэ тусламж орж ирснээр манай хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг урт хугацаанд тогтвортой хадгалах боломж бүрдэх юм.
Монгол Улс Ази, Номхон далайн улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирлээ. Уламжлалт харилцаатай түнш улс орнуудтай харилцааг өргөжүүлэх чиглэлд ахиц гарч, хамтын ажиллагааны цар хүрээ тэлсээр байна. Тухайлбал, Япон, БНЭУ-тай Стратегийн түншлэл, БНСУ-тай Иж бүрэн түншлэл, Австрали Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа хөгжүүлж байна.
Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 оны зургаадугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэлэлцээр байгуулагдсаны хоёр улсын худалдаа 18.0 хувиар нэмэгдсэн байна.
БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг жилийн хугацаанд хийж дуусаад байна. Энэ нь худалдааг либералчлах төдийгүй, эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хамрах учраас БНСУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд солилцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг ирэх онд эхлүүлнэ.
Бидний оршин буй Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн бүс нутгийн байдал түгшүүртэй байна. Манай улсын 40 шахам мянган иргэн БНСУ-д оршин сууж байна. Энэ бүс нутагт өрнөж буй үйл явдал манай улсын аюулгүй байдалд шууд хамаатай. Нөхцөл байдал ноцтой болсон тохиолдолд иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт урьдчилан бэлтгэж, анхаарал тавьж байгаа.
Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Хоёр орны батлан хамгаалах, аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаа бэхжихийн сацуу эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар соёрхон батлуулж, эдүгээ “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэж байна.
Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн харилцаа хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирэв.
Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрэлдэж байна. Энэ хэлэлцээр Европын Холбооны 28 гишүүн оронд үйлчлэх тул тэдэнтэй хөгжүүлж буй хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлнэ.
Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газар байгуулагдсан нь тус холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч байгаагийн илрэл, манай гадаад харилцаанд тохиож буй түүхэн үйл явдал хэмээн зүй ёсоор үнэлэх учиртай.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад тус улсын идэвхтэй оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг тодорхой чиглэлүүдээр идэвхжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 73 дугаар чуулганд идэвхтэй оролцож, олон улсын холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг урагшлуулах, Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг хэрэгжүүлэх, НҮБ-ын энхийг сахих ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын 15000 гаруй цэнхэр дуулгатан дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаа хандивлагч эхний 30 улсын нэг боллоо. Засгийн газрын зүгээс цаашид энхийг сахиулах ажиллагаанд инженерийн болон тусгай үүрэгт рот илгээхээр бэлтгэлээ хангаж байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаагийн хувьд бид хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьж, жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаатай тэмцэх, арьс өнгө, хүйсээр алагчилахгүй байх үзэл санааг дэмжих, цаазын ялыг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.
Эрхэм гишүүд ээ,
Манай Засгийн газар эдийн засгийн байдал амаргүй, хямралтай үед үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч бидэнд эерэг, нааштай үзүүлэлтүүд, өөдрөг төсөөлөл байна.
Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 7.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Экспорт 37.5 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар, импорт 27.9 хувиар буюу 682.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 567.7 сая ам.доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.
Хөрш орнууд болон гол түнш орнуудтай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч нийт бараа эргэлтийн 64.2 хувь буюу 5.0 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12.3 хувь буюу 950 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн бөгөөд БНХАУ-тай хийсэн худалдаа 2016 оны мөн үеэс 40.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.1 хувиар тус тус өсчээ.
Бид өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудыг бататган гадаад харилцааны үйл ажиллагаа, дипломат нөөц бололцоогоо хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүүлж, эдийн засгийн хямралт байдлыг аль болох бага хугацаанд даван туулахад гол анхаарлаа хандуулж байна.
Бүс нутгийн худалдаа, эдийн засгийн томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог хангах, гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон 100 дахь орон болсноор далайд гарцгүй хөгжиж байгаа орны хувьд хөгжлийн түншүүдээс дэмжлэг, туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажиж, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж бүрдэж байна. Энэ ажлын хүрээнд “Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ”-г ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно.
Манай улс 1990 оноос хойш БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс 38 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн ихэнх нь 2010 оноос өмнө байгуулагдсан тул загвар хэлэлцээрийн шинэ төслийг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн боловсруулахаар Ажлын хэсэг байгуулсан.
Ингэснээр манай дотоодын баялаг бүтээгчид, аж ахуй эрхлэгч, бизнесмэнүүдэд үйл ажиллагаагаа явуулах илүү таатай орчин бүрдэж, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл манай Засгийн газар гадаад бодлогын хэрэгжилт, гадаад харилцааны үр өгөөж нь иргэн, хувь хүнд хэрхэн хүрч, наалдаж байгаад анхаарах болно.
Мөн хөрөнгө оруулах боломж, шинэ санаачлага, технологийн мэдээлэл, хөнгөлөлттэй зээл олох болон бусад шаардлагатай дэмжлэг, тусламжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх талаар гадаадад суугаа 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газар тэдний гадаад дахь төлөөлөгчийн газар мэт ажиллах ёстой.
Орчин үеийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инноваци, олон улсын сайн туршлага, гадаад зах зээл, бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар Монгол Улсын хилийн чинад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаар судлуулж, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээллийг түгээх ажлыг гардан хариуцахТехнологи, инновацийн судалгаа, мэдээллийн байнгын зөвлөлийг Гадаад харилцааны яаманд байгуулахаар төлөвлөөд байна.
Хилийн чинадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтоос гадна Засгийн газрын онцгой үүрэг мөн. Өнөөдрийн байдлаар манай улсын 144 гаруй мянган иргэн гадаадын улс орнуудад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдсөн иргэн бүрийнхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.
Засгийн газрын зүгээс гадаадад түр хугацаагаар зорчиж буй болон эх орноосоо алс хол оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Консулын албыг бэхжүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлэх зорьж тодорхой үр дүнд хүрээд байна. Энэ ажлаа цааш үргэлжлүүлэх болно.
Монгол иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй зорчдог гадаад улсын тоог нэмэгдүүлэх, виз мэдүүлэхэд тавигддаг шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлж, шат дараатай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар энгийн паспорттай иргэд 19 улсад, дипломат, албан паспорттай иргэд 29 улсад визгүй зорчиж байна. Манай Засгийн газрын зүгээс иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаа амжилттай болоход манай иргэдийн оролцоо нэн чухал юм. Манай иргэд гадаадад зорчихдоо тухайн улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хариуцлагатай байх нь иргэд зорчих нөхцлийн талаа тохиролцоонд хүрэхэд хялбар болгодог. Энэ нь дипломат, албан паспорт эзэмшигчдэд ч мөн хамаатай. Цаашид дипломат, албан паспорт олгох, эзэмших журмыг шинэчилж, паспорт мэдүүлэгч болон эзэмшигчид хариуцлага тооцдог тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг энэ дашрамд тэмдэглэе.
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, улс эх орноо гадаадад сурталчлан таниулахад хилийн чанад дахь монголчуудын холбоод болон төрийн бус байгууллагууд бас нэгэн бодит гүүр болж байгааг энд мөн онцолж байна.
Эрхэм гишүүд ээ,
Олон улсын харилцаа хурдацтай өөрчлөгдөж, том гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн нэмэгдэн, тэдний хоорондын үзэл бодол, байр суурийн зөрүүтэй байдал даамжирч, олон улсын харилцааны шинэ дэг журам, тогтолцоо төлөвшиж чадаагүй байгаагийн улмаас олон улсын ерөнхий нөхцөл байдалд шинэ шинэ сорилт тулгарсаар байна. Олон улсын харилцааны тогтворгүй байдал олон орны дотоодод ч нөлөөлж, засаглалын хямрал нүүрлэж байгаагаас гадна дэлхийн эдийн засгийн хямралт байдалд ч нэрмээс болж байна. Бүс нутагт бий болж буй мөргөлдөөн, зөрчил, уламжлалт болон уламжлалт бус аюул занал нөхцөл байдлыг даамжруулж, энэ нь манайд ч нөлөөлж байна. Таамгаар, аясаар ажилладаг цаг хугацаа биш болоод байна.
Танилтай бол талын чинээ гэдэг. Олон улсын байдал ээдрээ, адармаатай байгаа нөхцөл байдалд бид том, жижиг улс түмнүүдтэй эв найртай харилцах бодлогыг тууштай баримталснаар улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх гадаад таатай орчныг буй болгож, ард олныхоо амар жимэр, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлийг бүү сүйтгэ гэдэг үгийг ч бид хаа хаанаа санаж явахад илүүдэхгүй биз ээ. Миний дурдсан зарим хүндрэлтэй асуудлыг зохицуулан түвшитгэхийн төлөө Засгийн газар бүх талын хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах эрхэм үйлсийг бид төрийн алтан аргамж гэж нэрлэгдэх элчин харилцаа, улс төр яриа хэлцээний замаар хэрэгжүүлж ирсэн билээ. Бидний анд нөхөд, түншүүд маань манай хөгжил, дэвшлийг дэмжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Гагцхүү бид дотооддоо хариуцлага, сахилга баттай, зохион байгуулалттай, нэгдмэл бодлоготой байж, гадагш найрсаг сэтгэлтэй, зөв ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.