Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ажиллаж эхэллээ

Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ажиллаж эхэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулаад байна. Одоогийн байдлаар 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд 63 иргэн ажиллаж байгаа бөгөөд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулаад байна.

Авлигатай тэмцэх газрын нэрийн өмнөөс төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдтэй гурвалсан гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр болов.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр нар нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн Т.Мөнхбаяр, Ж.Сайнзаяа, Д.Цэвээндулам нартай гэрээ байгууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр нар тус яамны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн С.Отгонтуяа, М.Амарбаяр, Л.Цэцэгсайхан нартай гэрээ байгууллаа.

Мөн өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр нар тус дүүргийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн Б.Цэрэнпүрэв, С.Бат-Эрдэнэ, П.Золжаргал нартай гэрээ байгууллаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх нар тус яамны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн В.Чимэдсүрэн, В.Мөнгөнцэцэг, М.Энхбадрал нартай гэрээ байгууллаа.

Ингэснээр дээрх иргэд өөрсдийн хариуцсан төрийн байгууллагууд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллана.

Categories
мэдээ спорт

Монголын эмэгтэй тамирчид хүрэл медалийн төлөө хүч үзнэ

П.Орхон зурган илэрцүүдЭнэ сарын 1-ны өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Чебоксар хотод эхэлсэн билээ. Харин өнөөдөр тэмцээнд шилдэг найман баг өрсөлдөж байгаагаас медалийн төлөөх барилдаанууд үлдсэн байна. Дэлхийн цомын финалд Япон, БНХАУ-ын баг шалгарсан бол хүрэл медалийн төлөө Монгол, АНУ-ын багууд шалгаран үлджээ.

Манай эмэгтэй тамирчид эхний тойрогт Азарбайжаныг 6:2-оор, удаах тойрогт мөн Укрианыг 6:2 онооны харьцаагаар илт давуу хожсон. Харин гуравдугаар тойрогт Хятадын багт 5:3 онооны харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тухайлбал, Дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа, шинэхэн дэлхийн аварга П.Орхон болон залуучуудын дэлхийн аваргын медальт А.Батцэцэг нар ялалт авчирсан юм. Энэхүү шийдвэрлэх барилдаанд Олимпийн хүрэл, дэлхийн аварга С.Батцэцэг болон Э.Сумъяа, Э.Гантуяа, Н.Отгонжаргал, Б.Чимгээ нар өрсөлдөгчдөө ялагджээ.

ДЭЛХИЙН ЦОМ-2017-ын медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.

Алтан медаль: БНХАУ – Япон

Хүрэл медаль: Монгол – АНУ

V байр: Укриан – ОХУ

VII байр: Азарбайжан – Швед

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээОлон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан –Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 500 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан шатар, АХА-ны тэмцээнд амжилттай оролцсон хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Дашрамд мэдээлэхэд Нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүрэг анхлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг байгуулж байсан. Тэгвэл уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлсэн бол ‘’Эм жи жи’’ чих, хамар, хоолойн эмнэлэг үнэ, төлбөргүй үзлэг, оношлогоо хийсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

1

Энэ сарын 1-н өдөр “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт аяны төлөвлөгөөнд батлагдсаны дагуу “Ахмадуудаасаа суралъя” сэдэвт танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулж, хилийн хорио цээрийн хяналтын салбарт ажиллаж байсан ахмадуудаас зөвлөмж зөвлөгөөг ХМХА, хэлтсийн удирдлага, улсын /ахлах/ байцаагч нарт хүргэжээ.

Сургалтын дараа сарын аяны төлөвлөгдсөн ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн хаалтын арга хэмжээг хийлээ. ЭИХХЦХГ-аас аж ахуйн нэгжид зориулсан сургалтыг зургаан удаа зохион байгуулж, 240 аж ахуйн нэгж иргэнийг, улсын байцаагч нарт зориулсан сургалтыг долоон удаа зохион тус тус байгуулж, 300 улсын байцаагчийг цахим болон танхимын хэлбэрээр хамруулсан байна.

Хөрш зэргэлдээ улстай мэргэжлийн чиглэлээр /эрүүл ахуй, халдвар хамгаалал/ нэг санамж бичиг зурж, гадаадын сургалтыг /химийн хорт бодисын хяналт / нэг удаа зохион байгуулсан байна. Олон улсын хөл хориот өвчнөөс сэргийлэх үзүүлэх сургууль, ширээний дасгал сургуулилтыг Алтанбулаг, Буянт-Ухаа боомтууд хил, хяналтын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Замын-Үүд боомтод 1.6 сая юаны хөрөнгө оруулалттай ариутгалын төхөөрөмжийг ашиглалтанд оруулж, Гашуунсухайт боомтод 150 сая төгрөгийн үнэтэй усны машиныг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдвэрлэв. “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяныг хилийн хорио цээрийн хяналтын системийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулсан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: ​Монгол Улс баялгаа хэтэрхий хямдхан экспортолж байна

БГД-ийн өндөр настан М.Лхагвадорж

Манай улсын хөгжилд болон иргэдийн амьдралд мөнгөний шаардлага их байгаа. Уул уурхай,хүнд үйлдвэрийн яамтай болохоор стратегийн том ордуудыг 100 хувь төрийн өмчит компаниар олборлосноор маш их мөнгийг улсдаа оруулах боломжтой. Ажлын байр ч нэмэгдэж, олон мянган иргэд ажилтай болж ажилгүйдэл, ядуурал багасах боломж харагдаж байна.

Монгол Улс баялгаа дэлхийд хамгийн хямд өгч байгаа талаар мэдээлсэн. 500 тэрбум ам долларын ордыг 500 сая доллараар буюу 1000 дахин хямд өгснөөр баялаг маань амархан шавхагдаж улс маань дампуурч болзошгүй. Дэлхийн зах зээлд коксжсон нүүрсний үнэ үнэлэмж өндөр болж, Таван толгойн нүүрсний нөөц манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэж нэг хүнд нэг тэрбум төгрөг ноогдох талаар тооцоолсон байдаг.

Оюу толгой нь Эрдэнэтээс долоо дахин их нөөцтэй нь манай улсын 400 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их баялагтай. Бусад олборлож байгаа ордуудтай нийлээд манай улсын мянган жилийн төсөвтэй тэнцэх асар их хөрөнгийг 500 жилээс доошгүй хугацаанд ашиглаж улсаа хөгжүүлж ард нийтийг аз жаргалтай амьдруулах боломжтой. Хэдхэн дарга нар маш өндөр цалин аваад баялгаа гадаадын компанид булаалгачихаад байх ёсгүй. Энэхүү асар их баялаг бол эх оронтой эн зэрэгцэх алдаж болохгүй зүрх сэтгэлээ зориулах үнэт эрдэнэ байх ёстой.

Энэхүү мянган жилийн төсөвтэй тэнцэх, одоо олборлож байгаа баялгаа хэдхэн жил шавхаж барагдуулснаар ард нийтээрээ хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээх учраас баялгаа зохих ёсоор ашиглахад анзаарч байх үүрэгтэй. Эх оронд аюул учирсан үед иргэн нь алтан амиа зориулдаг тул эх орон иргэнээ ядарч зовж байгаа үед халамжилж бүх зүйлээр туслах нь жам ёсны хэрэг билээ. Ардчилсан нийгмийн өнөө үед энэ боломжийг алдахгүйн тулд хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасны дагуу баялгийнхаа эзэн нь болж аз жаргалтай, амар тайван амьдарцгаая.

“Өдрийн сонин”ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

“Шатарчин Мягаа” буюу геологич Л.Мягмарсүрэн

“ШАТАРЧИН МЯГАА”

Энэ эрхмийг би их эртнээс мэдэх билээ. Биднийг шатарт хөл тавьж байхад тэмцээн болгон дээр нэгэн ганган, хээнцэр хүн явах. Хэн болохыг багшаасаа асуувал, Олон улсын мастер Ламсүрэнгийн Мягмарсүрэн гэдэг хүн чинь шүү дээ гэв. Том болоод сайхь эр шиг гоё хүн болохсон гэх бодол сэтгэлийн гүнд мөнхөд хадагдсан нь тэр. Хожмоо сайн танил болов. Мягаа/бид түүнийг тэгж авгайлдаг/ ахад нэгэн өвөрмөц чанар бий. Тэр үргэлж инээмсэглэж явдаг. Одоогийн хэлээр ямагт сайн эрчим цацаж явдаг гэсэн үг.

Баахан даарсхийж очсон би байрных нь бус эл хүний сайн энергид дулаацаж байгаагаа мэдэрч суув. Мягаа ах Ховд аймгийн “Ордос сүмийн тохой” гэдэг газар өнгөрсөн зууны эхний хагаст мэндэлжээ. Бар жилтэй гэнэ. Өөрийгөө Ховдын хонхорын хүүхэд дээ гэх. Хүүхэд нас нь “Сангийн хэрэм”, Буянт голын хөвөөнөө өнгөрчээ. Буянт голд сэлж, шумбан, загасчилж өдөр өнгөрөөдөг байж. Тэр үед загасны хэрэглэл байсан биш, тэвнийг галд улайсган матаж, дэгээ болгоод, “нойл”-ын гэдэг хар утсаар оосорлон, бургасан уурганд бэхлээд, хар халтар хайриусыг ёстой нэг түүдэг байснаа инээд алдан ярина. Ховдод долоон жилийн сургууль дүүргээд, хотод шилжин, хоёрдугаар арван жилийн сурагч болсноор элдэвтэй танилцжээ. Хотод хийгээд байх юм бага болохоор үеийнхнийхээ шатар тоглохыг аждаг болсон байна. Тэгсээр нүүдэл сураад авчээ. Улмаар тоглодог болов. Түүнд багын найз Ц.Юндэндоржийн нөлөө их тусав. Тэр Ц.Данзан гэдэг багшийн удирддаг шатрын дугуйланд явдаг байж. Нэг өдөр МУИС-ийн дэргэдэх хүнсний наймдугаар дэлгүүрт орвол, “Шахматы в СССР” гэдэг сэтгүүл байв. Юндэн нь, чи үүнийг ав. Багшийн хэрэг бараг үгүй хэмээжээ. Авч хариад өргүүдийг нь үзэж, нэг, хоёр, гурван нүүдлийн мадын бодлогыг нь бодож үзэв.

Гурван нүүдлийн мадыг баралгүй долоо хоноод, хэвлэлийн алдаа байна гээд орхичихож. Нэг шөнө гэнэт нөгөө бодлогын хариуг олчихмоор санагдахаар нь сэтгүүлээ хөнжил дотроо дэлгээд, гар чийдэнгийн гэрэлд учрыг нь олжээ. Урамшсан гэж жигтэйхэн. Шатрын гоё нь бас урлаг нь үүнд л оршдог ажээ гэдгийг ойлгоод улам хорхойсч, бас багагүй донтох болжээ. Шатраас салахаа байв. Есдүгээр ангид байхад нь, нэгдүгээр зэргийн шатарчин Ц.Данзан зэрэг тоглолт хийнэ гэсэн зар таржээ. Очоод суучихаж. Шатар олдохгүй болохоор нэг охиноос гуйж байгаад шатраар нь хамт тоглох болсон байна. Цагаанаар нүүсэн Ц.Данзан гуай гараан дээр бэрсээ хаяжээ. Идэх гэтэл охин, болохгүй, цаана нь юм байж мэднэ гэж. Энд юу байдаг юм гээд, зөрөөд идэж орхиж л дээ.

Хоёр, гуравхан нүүгээд маданд оржээ. “Легал” мад гэдэг аж. Маш ихээр уурлан, бухимдан харьснаа дурсав. Зуны амралтаараа хийх юмаа олж ядан явтал, ойролцоох айлын гадаа нэгэн залуу ганцаараа шатар тоглож суух юм гэнэ. Очвол ном дэлгэчихсэн, өрөг үзэж байжээ. Чи тоглодог уу гэхээр нь мэднэ гэчихэж. Эхэндээ ч юм болдоггүй байснаа сарын дараа гаргахаа байж л дээ. Анагаахын оюутан гэх өнөө нөхөр нэг өдөр шатраа цацсанаа, чи ирээдүйтэй юм. Энэ номыг үз гээд Дэлхийн аварга А.Алехины “Шилдэг 300 өрөг” гэдэг номоо бэлэглэжээ.

Номоо өдөр, шөнөгүй “балбасаар” барагтаа нэгэнд хожигдохоо байжээ.Тэр жил Яармагт наадам үзэн, хуушуур эргүүлж явтал, “Шатрын тэмцээнтэй” гэсэн зар харагджээ. Ороод тоглочихож. Хасагдах буюу бөхчлөх системээр явах юм гэнэ. Хоёр даваад гуравт нэгэн өвгөжөөр хүнтэй таараад, энэ ч яахав, дараагийн учраа ямар нөхөр байх бол гэх шүү юм бодож суугаад, яаж ч чадалгүй хожигджээ. Бөөн уур, бухимдал болсон хүн харив. Дараа, дараагийн тэмцээн болгонд нөгөө хүнийг заавал хождог болсон байна. Нөгөө хүн, би мастер Н.Төмөрбаатар, Т.Үйтүмэн хоёртой өгөө аваатай л байдаг. Энэ хүүг л барахгүй юм гэснийг дам сонсоод маш их урам орсон гэдэг. Аравдугаар ангиа төгсөөд улсын шигшээ багт цалинтай тамирчин болж, Н.Намжил багшид шавь оржээ. Манай оюутан тамирчид 1957 онд Исландын Рекеявик хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцсон байна. БТСХ-ны дарга байсан “залуу жанжин” хэмээх Лхагвасүрэн тэднийг эрүүл мэндийн үзлэгт оруулан, хөрөнгөтөн оронд биеэ хэрхэн авч явахыг зөвлөөд үджээ. Тэр цагийн ЗХУ-ыг хөндлөн гулд, баруун Европын орнуудыг бас туулаад тэмцээнд оролцжээ. Анхны тэмцээн болоод ч тэр үү, гавьсангүй. Харин хөгжил цэцэглэлт гэдгийг үзээд алмайрчээ. Өнөө “дайсан” орон нь бараг л диваажин гэдэг ийм л байдаг болов уу гэхээр харагдсан байна.

Тэр талаар харин ам нээж болохгүй цаг байлаа. Амжилт ч ар араасаа ундарч, улсынхаа дөрвөн удаагийн аварга болов. Дэлхийн шатрын 14 дүгээр олимпод ширээндээ түрүүлж, алтан медаль хүртэн үндэсний мастер болжээ. Ази тивийн бүсийн аваргад 1966 онд түрүүлэн Олон улсын мастер боллоо. Өмнөх жил нь буюу 1965 онд Их мастер А.Антошины дараа хоёрдугаар байр эзлэн, Олон улсын мастерын анхны оноогоо авчээ. Эдгээр амжилтыг нь Монголын төр үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан байна. Тэрбээр дэлхийн томчууд болох алдарт аваргууд, Р.Фишер, М.Таль, Б.Спасский, Их мастер Ларсен, Портиш, Горт, Олафссон нартай “гар зөрүүлж” Ларсен, Горт, Спасский нарыг хожиж үзэв. Нэгэн тэмцээнд Р.Фишер түүнийг арай ядан хожоод тоглолтоо дуусгалгүй орхин одсон гэдэг. Хожмоо өөрийнхөө номонд тэр өргийг тавьсан байхыг нь мань хүн олж үзжээ. Бидний үеийнхнээс Үйеэ /Т.Үйтүмэн/ сайн нь байлаа. Сэрүүн тунгалаг байсан бол тэр л шатрын анхны гавьяат болох байсан юм. Онолын мэдлэг сайтай, сайхан шатар үүсгээд үр дүнд хүргэнэ. Бодохоороо заавал нэг юм гаргана. Хэнээс ч айхгүй. Лутдаа, лут гэх. Ж.Лагваа, П.Жигжидсүрэн нар мөн л онолын бэлтгэл сайтай, сайтар тунгааж тоглодог хүмүүс. Мартсанаас, Р.Фишер их цэмцгэр, өндөр, туранхай, цагаан залуу байв. М.Таль их онгодтой, үргэлж уран нүүдэл хайна, хийнэ, машид алиа, марзан хүн байлаа. Сониноос яруу найрагч Р.Чойном агсантай сайн танил, хундага тулгаж л явлаа гээд инээнэ. Улсын аварга, ДШХ-ны мастер Б.Баярмандах эл эрхмийг хүндэлж, дээдэлж явдгаа байнга ярьдаг билээ. Ер нь энэ цаг үеийн бүх шатарчдын бахархан дуурайх хүн Мягаа мөнөөс мөн л дөө. “Шатарчин Мягаа”-гаар ийм сонинтой.

ГЕОЛОГИЧ Л.МЯГМАРСҮРЭН

Улсын шигшээ багт байхад нэгэн бодол төржээ. Ямар ч байсан нэг дипломтой байхгүй бол болохгүй нь гэсэн бодол л доо. Уг нь сансрын, үгүй аваас онгоцны нисгэгч болохыг мөрөөдсөн ч, хуваарь олдсонгүйд МУИС-ийн геологийн ангид элсэн, дүүргэжээ. Сайндаа ч биш хөдөө, гадаа явдаг нь бусад мэргэжлээс арай дээр санагдсан нь тэр. Ингээд 1970 оноос геологийн фондод ажиллаж, 19 дүгээр зуунаас хуримтлагдаж ирсэн төрөл бүрийн судалгаа, шинжилгээ, хайгуул, 50,000-200,000-ын масштабын эрэл, зураглалын тайлан, тэднийг системчлэх, катологижуулах, реферат, кадастр зохиох, орон нутгийг бүхэлд нь хамарсан металлометр, шлих, палонтологи, геофизикийн нэгдсэн судалгааг зураг, тайлбартай гаргах, металл, металл бус ашигт малтмалын нөөцийн баланс гаргах зэрэг ажил хийж байгаад, 1992 оноос геологийн хээрийн ажилд шилжин, Төв, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Баянхонгорын зарим суманд 1: 50,000-ын зураглал, геологийн хайгуул, гидрогеологи, усны хайгуул хийж, нутаг орны хурдас чулуулгийн геологийн тогтоц, металл, металл бус ашигт малтмалын илрэл, тархацыг тодорхойлох, гидрогеологийн нөхцөл, уст цэгийн тархалтыг илрүүлэх зэрэг ажил хийж яваад 2003 оноос чөлөөнд гарчээ. Түүний ажил, амжилттай салшгүй холбоотой хүн бол гэргий М.Долгорсүрэн нь билээ. Гурван хүүхдийн эх тэрбээр, хүүхдийн их эмч бөгөөд, Хан-Уул дүүргийн нэгдсэн, Яармагийн гэх эмнэлэгт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суужээ. Бид нэгэн амралтад танилцсан юм.

Бие биендээ хайртай, дуртай гэж хэлж үзээгүй. Зөнгөөрөө ханилсан даа. Нэг их ганган, цэмцгэр залуу байж билээ. Ёстой л “азаар учирсан хань даа” хэмээн дурсана. Мягаа ахын талаар үүнээс илүү тодорхойлолт яаж байхав. Бид гаднаас нь, тэр дотроос нь давхар харсан нь мэдээж. Геологич Л.Мягмарсүрэнгээр ийм сонинтой.

Г.МӨНХНАСАН

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн анхны уламжлалт анагаах ухааны эмч нар

Монголд хамгийн анх удаа “Уламжлалт анагаахын их эмч” гэсэн мэргэжлийн диплом гардан авч байсан нэг ангийнхан өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр ойн баяраа нижгэр тэмдэглэцгээсэн юм. Тэд 1993 онд АУИС-ийн Уламжлалт анагаахын ангийг төгссөнөөс хойш 24 дэх жилдээ мэргэжилдээ үнэнч амжилттай ажиллаж байгаа юм. Эдний ангиас Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн нэг, академич хоёр, Анагаах ухааны доктор тав гарч бараг бүгдээрээ магистр, уламжлалт анагаахын ахлах болон тэргүүлэх зэрэгтэй эмч, клиникийн профессорууд болжээ. Оюутан байхынх нь гол зорилго бол Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх байжээ. Тэд үнэхээр зорилгоо биелүүлж уламжлалт анагаахыг хөгжүүлж чадсан гэдгийг ангийнхны амжилтаас харж болох аж. Тухайлбал, Шаравын Болд гэхэд л ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор болжээ. Одоо тэрбээр уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн “Эмийн үйлдвэр”-ийн даргаар ажиллангаа “Ач” АУИС, ЭЗШУИС-д багшилдаг байна. Тэрбээр гадаад хэлээр 18 ном хэвлэж, зургаан баримтат кино бүтээсэн гэх зэрэг хийсэн ажил ихтэй хүн. Мөн Далхын Цэрэндагва нь ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашихын зэрэгцээ маш олон ном товхимол гаргасан эрдэмтэн ажээ.

Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж одоо АШУҮИС-д профессор багшаар ажиллахын хажуугаар АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, ЭМЯ-ны УАУ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүн эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн зэрэг олон ажлыг зэрэг амжуулж буй чадварлаг эмч, багш хүн билээ.

Анагаах ухааны доктор,дэд профессор М.Сугармаа нь ангийн ганц эмэгтэй доктор аж. Мөн доктор, профессор Б.Батгэрэл Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлгийн сургалт эрхэлсэн захирлаар ажиллангаа Монголын сэргээн засах нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Харин Н.Алтанхундага Уламжлалт анагаахын ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр АУИС-ийг уламжлалтын их эмч мэргэжлээр онц дүнтэй төгссөнөөс хойш тасралтгүй 24 жилийн турш мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.

Тэрбээр АШУҮИС-ийн уламжлалт анагаахын тэнхимийн эрхлэгч болон Дундговь, Орхон, Сэлэнгэ зэрэг алслагдсан хөдөө орон нутгуудад голдуу ажиллаж эмч хүний үүргээ чадварлаг үнэнч биелүүлэн 14500 орчим хүн оношилж, 8350 хүнийг гардан эмчилсэн байна. Уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС-ийн эмгэг судлалын тэнхимд багш,тэнхимийн эрхлэгч, Дархан-Уул аймгийн АУК-д Сургалтын албаны даргаар ажиллаж байжээ. 2013 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймагт Уламжлалт анагаах ухааны “Сэлэнгэ” эмнэлэгтээ ерөнхий эмчээр ажиллаж байна.

Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Довчингийн Энхжаргал нь Улаанбаатар сувилал, Ардын эмнэлгийн хүрээлэнд уламжлалт анагаахын их эмчээр ажиллаж байсан. Тэрээр одоо Польш улсын Варшав хотноо амьдран “ME­DI-MOL” -д зүү төөнүүр заслын их эмчээр ажиллахынхаа зэрэгцээ Хатха Ёог, “Зүүн эмчилгээ ба амьдрал,” Дорно дахины Анагаах ухааныг ойроос харахад” зэрэг (e-book) номыг дэлхийн олон хэл дээр бичиж түгээжээ. Банзарын Саран нь Уламжлалт анагаахын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор. Тэрбээр Улаанбаатар хотын түргэн тусламжийн төвд их эмчээр таван жил, УАШУТК-д одоог хүртэл 19 жил их эмч, мэдрэлийн эмч,тасгийн эрлэгчээр ажиллаж байна.

Дагвадоржийн Очирбат /Анагаах ухааны магистр/ АУИС-ийн Уламжлалт анагаахын тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагч, Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан. Мөн Баянхонгор аймгаасаа сонгогдож байсан ганц УИХ-ын гишүүн юм. Тэрбээр 2016 оноос эхлэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн юм.

Харин Галаарайдын Төмөрбаатар нь /Анагаах ухааны магистр/ 1993 онд АШУҮИС-ийг Уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр улаан дипломтой төгссөн найман эмчийн нэг бөгөөд Сайд нарын II эмнэлэгт Уламжлалтын их эмч, Нераму лабораторид их эмч, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан.

2015 оны дөрөвдүгээр сараас 2015 оны аравдугаар сар хүртэл Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга, 2017 оны дөрөвдүгээр сараас Гэмтэл Согог Судлалын Төвд Мэдээлэл технологи хангамж үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын ажлыг тус тус хашиж байна.

Баатарсүхийн Батчулуун нь Уламжлалт анагаахын их эмч, зүү төөнүүр заслын эмч, судлаач гэсэн гурван ч чиглэлийн хос мэргэжилтэн. Дархан-Уул аймгийн АУК-д багшилж байхдаа Уламжлалтын дунд мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг санаачилсан, ЭМЯ-д уламжлалт анагаах ухаан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Мөн Дархан уул аймгийн “Дархан мед” эмнэлгийн эмч,”Дархан жор”уламжлалт эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байна.

Пунцагийн Соёлмаа /Анагаах ухааны магистр/ “Октябрь” Эрүүл мэндийн зөвлөх төвд өрхийн эмч,Сонгино хайрхан дүүргийн эмнэлэгт дотрын эмч, Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, мэдрэлийн эмч, Геронтологийн үндэсний төвд мэргэжилтэн, мэдрэлийн эмч, албаны дарга, орлогч даргаар ажиллаж байгаад 2014 оноос хувийнхаа “Итгэл мэнд” мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмчээр ажилласан эмч бүсгүй юм.

2014 оноос одоог хүртэл “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоо” ТББ-д мэдрэлийн эмчээр сайн дураараа давхар ажиллаж байгаа буянтай нийгмийн хариуцлагатай хүн.

Ц.Дуламсүрэн нь Уламжлалт анагаахын их эмч бөгөөд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил дээшлүүлэх курс төгссөн боловч хүн арддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж яваа. Тэрбээр нөхрийнхөө хамт “Энэрэлт их эрдэнэ” ХХК -даа ажиллан Монгол орныхоо өнцөг булан бүрт Монгол дарханы бурхан ухаан шингэсэн гандан хийдийг босгон цогцлоож явна.

Чойжамцын Мөнхчимэг /Уламжлалт анагаахын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр,клиникийн профессор/ АУИС-ийн уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр төгссөнөөс хойш эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж, гурван ч нарийн мэргэжлийг давхар эзэмшсэн эмч нарын дундах эрдэнэ шиг бүсгүй аж. 2003 -2014 онуудад УАШУТК-д их эмч,тасгийн эрхлэгч , ЭМШУИС-ийн Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлгийн уламжлалтын их эмчээр ажиллаж байгаад 2014 оны долдугаар сараас Польш улсын Варшав хотод уламжлалтын кабинетад их эмчээр ажиллаж уламжлалт анагаах ухаанаа сурталчлан яваа ажээ.

Харин ангийн охин Д.Баярмаа /Уламжлалт анагаахын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр клиникийн профессор/ УАШУТ К-д зүрх судасны их эмч, амбулаторийн тасгийн эрхлэгч, чанарын албаны даргаар тасралтгүй 25 жил тогтвортой ажиллаж байгаагаас гадна Корпорацийн ажил мэргэжлийн аварга, “Тэргүүний ажилтан ”, ЭМЯ-ны Жуух бичиг,Эрүүлийг Хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан байна.

Бямбаагийн Мягмарсүрэн /Уламжлалт анагаахын ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор/ Оюутан байхын л идэвхтай дайчин байсан энэ бүсгүйн 1996 онд Орхон аймагт байгуулсан “Мажаа” эмнэлэг нь 20 жилийн турш амжилттай ажиллахын зэрэгцээ улам өргөжин 2005 оноос ОХУ-ын Санкт-Петербург хотод салбараа нээн, 25-30 эмч сувилагч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм байна. Тэрбээр ОХУ-ын эмч нарт лекц уншиж, эмч нарыг шавилан сургаж, 20 гаруй эмчийн дадлага удирдаж, хоёр удаа Олон улсын үзэсгэлэн яармагт оролцож бүх чиглэлээр ОХУ-д МУАУ-ыг сурталчлан үлгэрлэх ажлыг амжилттай хийж байна.

Жаргалын Болорцэцэг /Анагаах ухааны магистр, клиникийн профессор/ Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд уламжлалт анагаахын их эмчээр 10 гаруй жил ажилласан байна. Тэрбээр ангийнхаа ШУ-ны акедемийн хамгийн залуу гишүүн болох Болдын гэргий.

Д. Болормаа, М.Сэлэнгээ, Д.Тунгалагтамир, Т.Туул, Ц.Нарантөгс нарын нэртэй сайн уламжлалтын эмч нар бүгд энэ ангиас төрөн гарчээ.

Тэднийг оюутан байхад буюу 1993 онд АУИС-ийн анги бүрээс онц сурлагатангуудыг цуглуулан Уламжлалт анагаах ухааны ангийг бүрдүүлж байсан түүхтэй юм билээ. Тэд төгсөхдөө бүгдээрээ төвд хэлтэй мундаг оюутнууд байсан талаар Эмийн ургамлын багш Б.Хүдэрчулуун дурсан ярьж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Батсайхан: Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй

“Автотээврийн үндэсний төв”-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийсэн. Харин энэ үеэр Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнөөс 20 гаруй сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй ноцтой байдал илэрсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Д.Батбаяр нь миний хариуцдаг хэлтсийн дарга л даа. Гэхдээ тэр хүний өрөөнд юу байсныг би мэдэхгүй шүү дээ. Энэ талаар өөрөөс нь тодруулсан нь дээр байх. Ямартай ч хууль хяналтын байгууллага нь шалгаж л байгаа бол тогтоох биз. Ерөнхийдөө Авлигатай тэмцэх газраас зургадугаар сард Авто тээврийн үндэсний төвд ирж санхүүгийн бичиг баримтуудтай танилцаж байсан. Тус байгууллагыг жилдээ нэгээс хоёр удаа шалгалт үзлэг хийдэг гэж ойлгодог. Энэ удаа ч тэр ачаа тээвэр болоод боомтуудад үүсээд байгаа урт дараалалтай холбоотойгоор шалгалт үзлэг хийсэн байх. Тэдгээртэй холбоотой бичиг баримтуудыг ч Авлигатай тэмцэх газраас үзэж шалгасан. Зарим тодруулах шаардлагатай зүйлсийг манай мэргэжилтнүүдээс асууж, тодруулаад явсан.

-Таныг дээрх зөрчилтэй холбоотойгоор шалгаж байгаа гэсэн үү?

– Авлигатай тэмцэх газрын шалгалт ирснээс хойш 10-аад хонож байна. Өнөөдрийг хүртэл намайг Авлигатай тэмцэх газраас дуудаж, байцаалт авсан юм байхгүй. Ер нь бол намайг болон К.Айдосыг шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй. Учир нь би ашиг сонирхлын зөрчил огт гаргаагүй. Ийм асуудалд холбогдохыг ч хүсэхгүй. Би энэ ажлыг тогтвор суурьшилтай, байгаа түвшнээс нь ахиулж хийхийг эрмэлзэж байгаа. Түүнээс би эрх мэдэл, эд хөрөнгө харж энэ ажлыг хийгээгүй. Би өнөөдөр, маргаашаар өөрийнхөө ирээдүйг балладаг хүн биш.

– Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр одоогоор шалгагдаж байгаа юу?

-Миний авсан мэдээллээр тодруулга, байцаалт өгсөн гэсэн. Одоогоор хараахан Д.Батбаяртай уулзаж амжаагүй байна. Мэдээж удирдлагуудын хувьд бүхий л зүйлс дээр хэлтсийн даргаар нь дамжуулж хяналт тавьж ажилладаг. Би ажлын хэсэг хуралдах, ажлын хэсгийн тэмдэглэлийг хянуулах болгонд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зүйлээс ангид, хуулийн хүрээнд байгаа эсэхийг тогтмол шалгаж байх ёстой гэдгийг үргэлж анхааруулж байдаг. Тэгэхээр авлига авсан гэх энэхүү хэргийн тухайд ийм асуудал байхгүй л гэж бодож байгаа. Ямар нөхцөл байдал үүссэнийг би мэдэхгүй. Гэхдээ ийм асуудал байх боломжгүй гэж харж байна.

-Сүүлийн жил гаруйн хугацаанд Авто тээврийн үндэсний төв нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олныг хууль бусаар өгснөөр Гашуунсухайт, Ганцмодны хилийн боомтоор нүүрс тээвэрлэх машины тоо эрс нэмэгдээд байгаа талаар АТГ-т гомдол иржээ. Энэ тухайд?

-C зөвшөөрөл гэдэг бол хоёр улсын Засгийн газар хоорондох хэлэлцээрийн дагуу Олон улсын байнгын ачаа тээврийн гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэлд олгодог зөвшөөрөл юм л даа. Энэ зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл гаалийн дүгнэлт хийлгээд гурван сарын хугацаанд нүүрс тээвэрлэх эрхтэй болдог. Энэ эрхийг авахын тулд манай байгууллагын тавьсан тодорхой шалгуурыг хангасан байгууллагууд гэрээ байгуулах хүсэлтээ өгдөг. Улмаар ажлын хэсэг хуралдан сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр гэрээ хийдэг. Дээрээс нь манай байгууллагатай албан ёсны гэрээт байгууллагуудад энэхүү C зөвшөөрлийг өгдөг юм. Түүнээс манайхтай ямар ч холбоо хамааралгүй байгууллага C зөвшөөрөл аваад, тээвэрлэлт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Мөн C зөвшөөрлийг хууль бусаар олгож аливаа хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хоорондох гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй.

Боомтууд дээр үүсээд байгаа урт дарааллыг бид олон талаас нь харж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сар гэхэд 24 цагт хоёр мянган машин нүүрс ачдаг байсан. Боомтын хил нэг мянган машины л даацтай. Харин бид зургадугаар сар гэхэд хоногт 1600 машин ачаа ачдаг болгосон. Гэтэл БНХАУ-ын тал нэг машиныг хэдхэн минутад шалгадаг байснаа ямар шалтгаанаас ч юм 28-30 минут шалгадаг болчихсон. Үүнээс үүдэн хилээр өдөрт 500-600 машин л гарч байгаа. Тиймээс энэ урт дараалал үүсэхээс аргагүйд хүрээд байна. Түүнчлэн уурхай 24 цаг ачдаг. Харин хил 12 цаг л ажилладаг. Энэ нь дараалал үүсэх бас нэг шалтгаан болж байгаа юм. Ямартай ч бид энэ байдлыг өөрчлөхийг тулд “Уурхай ачилтын төлөвлөлтийн программ”-ыг хийсэн. Жишээ нь нэг компаниас хичнээн машин ачаа ачихыг нь заагаад өгчихнө гэсэн үг. Тэгэхээр жолоочид тээвэрлэлт хийхгүй өдрөө амрах боломжтой болох юм. Одоогоор уурхайнуудтайгаа хамтраад ажил хэрэг болгоод явж байгаа. Мөн нүүрсний машинуудад GPS суулгах шаардлага тавьж байгаа. Эхнээсээ зарим компаниуд энэ шаардлагуудыг ажил хэрэг болгоод явж байгаа. Энэ нь осол, хурд хэтрүүлэлт, батлагдсан маршрутаар явж байгаа эсэхийг хянахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ мэтчилэн жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, компанийн засаглалыг сайжруулах тал дээр анхаарал хандуулж байна. Хэрэв эдгээр шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд компаниудтай гэрээгээ цуцлах хүртэлх арга хэмжээ авахаар яригдаж байгаа.

-Авто тээврийн үндэсний төв азын дугаар олголт, дугаарын давхардал болон ДК номер олгох зэрэгт хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа вэ?

-Бид азын дугаар зарна гэсэн зар бүхий хэд хэдэн фэйсбүүк фэйж хуудсуудыг Цагдаагийн Ерөнхий газартай хамтарч ажиллан бүрэн хаалгасан. Одоогоор дугаарын стандартын шинэчлэлээр дугаарыг машин дээр нь лацаддаг байхаар тохируулж өөрчилж байгаа. Сүүлд ирсэн мэдээллээр тээврийн хэрэгсэл дээрх дугаарын давхардал нэг ширхэг л үлдсэн. Бусад давхардлууд үндсэндээ цэгцлэгдсэн. Харин ДК номерийг гадаад яамны тодорхойлолт, зөвшөөрөлтэйгөөр олгодог. Түүнийг хэвлэх аж ахуй нэгжүүд нь ч тусдаа байдаг.Хувь иргэн бүр аваад байх боломжгүй.


Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оноолт

Categories
мэдээ спорт

Москва хотод ДАШТ-ий финалын тоглолтын сугалаа явагдаж өндөрлөлөө

Ирэх жил ОХУ-д зохиогдох 21дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалийн тоглолтод шалгарсан 32 баг хэрхэн найман багт хуваагдах вэ гэдгийг шийдвэрлэх хувь заяа бүхий үйл ажиллагаа Москва хотын Кремлийн ордны зааланд зохиогдлоо. Английн шилдэг хөлбөмбөгчдийн нэг агсан Линекер удирдан зохион байгуулсан уг сугалааны ажиллагаанд урьд цаг үед ширэн бөмбөгийг сүрхий тоглож явсан дэлхийн одууд болох

Симонян, Бэнкс, Марадона, Каннаваро, Пуйоль, Блан, Форлан, Кафу нар гар, бие оролцон сугалааг татан багуудыг доорх байдлаар хуваалаа.

A хэсэг: ОХУ, Саудын Араб, Египет, Уругвай.

B: Португаль, Испани, Марокко, Иран.

C: Франц, Австрали, Перу, Дани.

D: Аргентин, Исланд, Хорват, Нигери.

E: Бразили, Швейцарь, Коста-Рика, Серби.

F: Герман, Мексик, Швед, БНСУ.

G: Бельги, Панама, Тунис, Англи.

H: Польш, Сенегал, Колумби, Япон.