УИХ дахь АН-ын бүлэг одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.
Month: December 2017
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим, Монгол Улсын их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Монгол Улсын боловсролын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим хамтран сэтгүүл зүйн оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын VIII наадам өнгөрсөн баасан гаригт боллоо. Их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлж, тэдний онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулах замаар ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжих зорилготой тус наадамд нийт 300 гаруй оюутан оролцож, нийтлэл, нэвтрүүлэг, радио нэвтрүүлгийн төрөлд бүтээлээ ирүүлсэн байна. Оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” наадмын “Гранпри”- байрт орсон оюутанд, өргөмжлөл, 500.000 төгрөг, төрөл тус бүрээс нэгдүгээр байр өргөмжлөл, 200.000 төгрөг, хоёрдугаар байр өргөмжлөл, 150.000 төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл, 100.000 төгрөг тус тус олголоо. Мөн анхны “Алтан үзэг” наадмаас эхлэн “Өдрийн сонин” хамтран ажиллаж, өөрийн нэрэмжит шагнал, төгсөөд сониндоо ажиллах эрх олгодог уламжлал тогтсон билээ. Тэгвэл энэ жилийн “Өдрийн сонин”-ы нэрэмжит шагналыг “Ноён Эллиотийн “боолууд” хэмээх нийтлэлээрээ Монгол Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн IV дамжааны оюутан Э.Маралмаа хүртлээ.
Энэхүү уралдааны талаар ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаа “Жил тутам өргөжин тэлж буй “Алтан үзэг” наадамд оролцох оюутнуудын бүтээлийн чанар чансаа ч сайжирсаар байна. Энэ нь сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, уг мэргэжлээр суралцагч оюутнуудад ур ухаанаа дайчлан, авьяас чадвараа нээх боломжийг олгож байдаг тус наадмын үр нөлөөг илтгэж байна” гэв.
Э.ТҮВШИН
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаад салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт гэгч этгээд танхайрсныхаа төлөө 15 хоног хоригдож , уг хугацаанд 20 цагийн албадан хөдөлмөр хийх ялаар шийтгүүлсэн.
Харин өнгөрсөн сарын 29-30-нд Ц.Баярцогт , Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэргээр шүүгдэв.
Улмаар прокуророос шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна. Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ял шийтгэжээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан “Шуурхай штаб” Булган, Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Өвөрхангай аймаг нийт 28446 малчинтай, 2017 оны урьдчилсан дүнгээр нийт 5548,3 мянган мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 58.1 хувьтай бэлтгэсэн байна. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор аймгуудад нийт 4.5 тэрбум төгрөг олгосон. Үүнээс Өвөрхангай аймагт мал болон сумын тоонд харьцуулан 423.4 сая төгрөг олгосон юм.
“ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ” өвс тэжээлийн аян Өвөрхангай аймгийн Бүрд сумаас эхэллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2017-2018 оны өвөл, хаврын улиралд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор малын тэжээл импортлон малчид фермерүүдэд худалдан борлуулах “ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ” аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд импортоор авах малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилт 2017.12.04 – 2018.06.30 хооронд хүчин төгөлдөр байна.
Өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд өвс, тэжээлийн аяны нээлтийг зохион байгууллаа. Хуулийн хэрэгжилт энэ сарын 4-нөөс хэрэгжиж эхлэх ч аж ахуй нэгжүүд хугацаа алдахгүйн үүднээс өвс, тэжээлээ оруулж ирэн худалдаалж эхэлж байна.Уг аяны хүрээнд өнөөдөр Бүрд суманд 8 тонн малын тэжээлийг малчдад борлууллаа. Ингэхдээ 25 кг малын тэжээлийг 11000 мянган төгрөгөөр малчдад худалдаалсан юм.Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хүчин төгөлдөр хэрэгжсэн тохиолдолд дээрх үнэ 9300 төгрөг болон хямдарч, малчдад худалдаалах боломж бүрдэнэ.
Энэ үеэр Бүрд сумын 10 малчин нэгдэж, ноосны урамшуулал авсан мөнгөөрөө 4 тонн малын тэжээл авч байлаа.
Малчид, фермерүүд тухайн борлуулагч аж ахуй нэгжүүдээс малын тэжээлийг бэлэн мөнгөөр, мал, махаар солих болон ноос, арьс ширний урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн худалдан авах боломжтойг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.
Мөн малчид, фермерүүд “Өвөл хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд худалдаалж буй малын тэжээлээс худалдан авахад зориулсан зээл олгох боломжийн талаар зарим банкуудтай хамтран судалж, шийдэхээр ажиллаж байгаагаа салбарын сайд дуулгасан.
Өвс, тэжээл импортлон борлуулах ажлыг улсын хэмжээнд нийт 29 аж ахуй нэгж гүйцэтгэж байгаа.12-р сарын дунд үеэс хэтрэхгүйгээр хуулийн хөнгөлөлт эдэлсэн аж ахуй нэгжүүд малчдын гарт хямд үнээр өвс тэжээлийг түгээх ажлыг эхлүүлэх чиглэлийг сайд Б.Батзориг өгөөд байгаа юм.
Сэлэнгэ аймагт биеийн тамир, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тохиолдуулан Биеийн тамир спортын газрын дэргэд “Усан спорт сургалтын төв” байгуулан нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нийт 1000 м3 талбай бүхий 300 хүний суудалтай энэхүү усан спорт сургалтын төв нь улсын төсвийн 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад орлоо. Тус сургалтын төв нь үсрэлтийн гурваас долоон метрийн гурван тавцантай, насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр бассейнтай.
Тус усан спортын сургалтын төвтэй аймгийн Онцгой байдлын газар хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчид сургалтын төвд үйлчлүүлэгсдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм. Харин газрын алба хаагчид долоо хоногийн хоёр өдөр сургалтын төвд үнэ төлбөргүйгээр сургалтад хамрагдахаар болсон байна.
Сэлэнгэ аймгийн хувьд томоохон гол, мөрөн, нуур ихтэй. Гол усны ослын дуудлагууд ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, усны гүн дэх аврах ажиллагааны бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх нөхцөл бүрдэж байгаад аврагчид баяртай байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25422 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 152 нэгж буюу 0.6 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1183 үйлдэл бүртгэгдсэн нь 183 нэгж буюу 18.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Давхардсан тоогоор цагдаагийн 4834 алба хаагч, 206 сонсогч эргүүлд үүрэг гүйцэтгэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулан, биеэ авч явах чадваргүй 389 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 49 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3402 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 105, зөрчлийн шинжтэй 2223 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 95 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, торгуулсан хүний тоо болон торгуулийн мөнгөн дүн тус тус өссөн үзүүлэлттэй байна. Замын цагдаагийн албаны даргын баталсан “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” сэдэвт арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Нийтийн тээврийн 18 байгууллагын 825 автобус байгаагаас 565 автобусыг шалгаж 176 автобус зөрчилтэй байлаа. Том оврын нийтийн тээврийн хэрэгслийн насжилтийн хувьд 2005-2011 онд үйлдвэрлэгдсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, цахилгааны засвартай зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй ноцтой зөрчлүүд илэрсэн. Мөн техникийн үзлэг тооллогод хамрагдаагүй, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, техникийн өнгө үзэмж байдлын хувьд муу, хаяг дутуу, дуут дохио ажиллахгүй, утаа ихтэй, улсын дугаарын гэрэл асахгүй буюу бүдгэрсэн, лед гэрэл тавьсан, суудлын бүрээсгүй, жолооч хамгаалах бүсээр тоноглогдоогүй зэрэг зөрчил нийтлэг ихээр илэрсэн. Шалгалтын хүрээнд зарим зөрчлийг газар дээр нь арилгуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь хэсгийг үндэслэн 2.600.000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцон ажиллалаа” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 101, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сарын 18-ны өдөр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон тухайн орон нутгийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан, СХД-ийн 22-р хороо Шижирийн даваа, ЧД-ийн 19-р хороо Ар гүнтийн даваагаар давж маршрутын бус замаар Улаанбаатар хотод ирэх авто тээврийн хөдөлгөөн ихэссэн тул дээрх газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллуулж байна. Нийт 1559 тээврийн хэрэгсэл нэвтэрснийг шалгаж, амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн, гарал үүслийн бичиг баримтгүй 144 автомашиныг буцааж, 1415 автомашиныг ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.
“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Агаарын чанар сайжруулах 1-4 дүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8311 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 3384 мэдэгдэх хуудас, 94 зөвлөмж, 294 албан шаардлага хүргүүлэв. Мөн 18 акт тавьж, 18.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулан барагдуулж, 397 объектод цахилгаан халаагуур тавиулж, 9 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын хороодод ажиллах хуваарийг батлах тухай” А/918 дугаар захирамжийн хэрэгжилтийг 2018 оноос эхлэн хангаж ажиллах, Татварын орлогын ногдол, өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт “Г” танхимд;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Жүдо бөхийг үндэслэгч, дэлхийн нэрт соён гэгээрүүлэгч Жигоро Каногийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн анхны эрэгтэй Монгол жүдоч ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар боллоо.
ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин багийн ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий хошой 5-р байрт, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар БНСУ, Румын, Бразилийн бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод нутаг нэгт ОУХМ Н.Дагвасүрэнг ялж финалд шалгарсан. Улмаар аваргын төлөө БНСУ-ын Ли Сун-Хог өчих мэхээр ялж түүхэн амжилтанд хүрлээ.
20:00 цаг: Улаанбаатар төмөр зам дээр очиход ачаа тээшээ барьсан хүмүүс бужигналдан, галт тэрэг рүү орохыг хүлээнэ. Ингээд галт тэрэг рүү орох цаг болсон гэдгийг илтгэх дохио дуугарлаа. Галт тэрэгний шатны хажууд хоёр угтагч “Тавтай морилно уу, билетээ шалгуулна уу” гэж байв. Зорчигчид билетээ шалгуулж, галт тэрэг рүү орлоо. Номерын дагуу өрөөндөө орж, хүмүүс ачаа тээшээ цэгцлэн байна. Ийнхүү бид суудлын галт тэргэнд хүмүүс хэрхэн зорчиж явдаг талаар “Танайд өнжье” булангаа бэлтгэсэн юм.
20:35 цаг: Цагийн хуваарийн дагуу 30 минутын дотор зорчигчид галт тэргэнд сууж, хөдлөх дохио дуугарав. Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн 263/272 гэсэн нийтийн галт тэргэнд суусан. XIII цуваанд нийт 22 үйлчлэгчтэй бөгөөд эмэгтэй 20, эрэгтэй хоёр байв. 263 дугаар галт тэргэнд нийт 213 зорчигч суусан гэнэ.
Галт тэрэгний дарга М.Мягмардоржийн хамт нөхцөл байдалтай танилцлаа. Зорчигчид бүгд суудалдаа суучихсан, хоорондоо ярилцан сууна. Зарим хүмүүс ном уншихаар гаргаж байсан бол нөгөө хэсэг нь хэвтэж, хөгжим сонсоно.
Ингээд галт тэрэгний техникийн аюулгүй байдлыг үзэхээр “Үйлчлэгчийн ажлын өрөө” рүү орлоо. Энд галт тэрэгний дугуй болон бусад нарийн техникт эвдрэл гэмтэл гарах нь уу гэдгийг аяллын турш шалгадаг юм байна. Самбар байх бөгөөд цахилгаан, дугуй, тормоз, хос дугуй зэргийг хэвийн ажиллаж байна уу гэдгийг бидэнд товчлуур дээр дарж үзүүллээ.
Ингэхэд дохио ганц удаа дуугарсан нь хэвийн байгааг илтгэж буй. Дохио тасралтгүй дуугарвал эвдрэл гэмтэл гарсныг илтгэдэг байна.
Ийм тохиолдол гарвал үйлчлэгч яаралтай дарга болон мастер засварчинд мэдэгдэх ёстой аж. Шуурхай засварлахад бэлэн байдалтай явдаг байна. Харин галт тэрэгний томоохон гэмтлийг орон нутаг, олон улсын чиглэл рүү яваад ирэх бүрт шалгаж техникийг нэг бүрчлэн салгаж засварлах шаардлагатайг ангилдаг гэнэ.
Мөн энд 20-24 хэмийн дулаантай байх ёстой юм. Зорчигчдын хэрхэн явж, аялж байгааг үйлчлэгчид сэтгэгдлийг нь сонсож, даргадаа илтгэдэг байна. Галт тэрэгний тухайн хийцээс хамаарч аюулгүй байдлыг шалгах самбар өөр байдаг аж. Энд MNS5876-2012 гэсэн стандартыг мөрдөж ажилладаг. Цувааг дамжин ороход үйлчлэгчид даргадаа “13 зорчигч байна. Техникт аюултай байдал илрээгүй” гэв. Дарга бүх вагоноор явж, аюулгүй байдлыг шалгалаа. Ачаалал харьцангуй бага байв. 1990-ээд оны үеэр туулайчлах буюу хулгай дээрэм, билетгүй хэрнээ зорчиж явах тохиолдол их байсан гэнэ. Энэ тэнд бараа тээшээ нуух, эмх замбараагүй байдалтай байжээ. Одоо нөхцөл байдал харьцангуй тайван болсон аж. Гэмт хэргийн гаралт харьцангуй багассан гэдгийг онцолж байлаа.
Толгойтод хоёроос гурван минут зогсож, суух зорчигчдоо хүлээн авч байв. Ингээд Түнхэл өртөө хүртэл зогсохгүй гэв. Түнхэл дээр хүмүүс буудаг аж. Тухайн зогсоолоосоо хамаарч Зүүнхараа, Дарханы өртөөн дээр 15-20 минут зогсдог байна. Баяр ёслолын үеэр хамгийн их зорчигчтой байдаг гэнэ. Хичээлийн шинэ жил, Цагаан сар, цаг агаарын нөхцөл хүндэрсэн үеэр зорчигч их байдаг гэв. Учир нь цас их орж, зам хаасан үед гал тэргээр зорчих нь аюулгүй байдаг аж.
21:30 цаг: Цагдаагийн ахлах ахлагч Р.Хонгорзултай уулзаж, гэмт хэргийн талаар тодрууллаа. Ингэхэд тэрбээр суудлын галт тэргэнд зорчигчдын дунд хулгай, дээрмийн хэрэг их гардаг. Мөн иргэд эд зүйлээ мартаж буух тохиолдол байна. Унтаж, амрах үедээ өөрсдийн хэрэгтэй зүйлсээ ил тавьчихдаг. Тэгээд хулгайд өртчихдөг. Бид дарга, үйлчлэгчтэй хамтарч ажилладаг. Иргэд гомдол гаргавал хэрхэн, яасан гэдгийг яриулдаг. Дараа нь шуурхай илрүүлэхээр ажиллана. Зарим иргэдийн эд зүйлс олддоггүй. Учир нь өртөө бүр дээр зогсоход хүмүүс бууж, суудаг. Иймээс буусан хүн авсан байх магадлалтай. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тамхи татах тохиолдол гарна. Өртөөн дээр зогсоход согтуу хүмүүс орж ирэх магадлал өндөр. Үйлчлэгчид шалгадаг учраас согтуу зорчигчдыг хүлээж авдаггүй. Хэрвээ энд тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэвэл Тамхины хяналтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу торгоно. Дотоод журмын заалтын дагуу иргэдэд шаардлага тавина. Зорчигчид хар тамхи тээвэрлэх, бусад төрлийн ургамал, галт зэвсэг хууль бусаар авч явах нь багассан. Ойрын үед орон нутгийн замд ийм төрлийн гэмт хэрэг гараагүй.
Харин олон улсын хооронд гэмт хэрэг гарах магадлалтай. Гэхдээ сүүлийн үед огт бүртгэгдээгүй. Гар дээрээс хууль бус наймаа хийх тохиолдол байдаг. Гэмт хэргийг аль болох хурдан шуурхай илрүүлж, анхааруулга, санамж өгдөг” гэдгийг онцоллоо. Ийнхүү тухайн галт тэрэгний цуваанаас хамаарч цагдаагийн бүрэлдэхүүн олноороо ажилладаг юм байна. 24 цагийн турш ажил үүргээ гүйцэтгэдэг гэнэ. Хэрвээ зорчигчид галт зэвсэгтэй орвол цагдаад хураалгаж, буухдаа авдаг байна. Хамгаалалтын ажил тогтмол байн байн явдаг гэнэ.
22:00 цагт: Зорчигчтой уулзаж ярилцлаа. Энэ үеэр Ч.Оюунцэцэг ярихдаа “Галт тэргэнд суулгүй их удсан байна. Тав тухтай, дулаахан, их сайхан болжээ. Суудал ширээ, хөгжим нь шинэчлэгдсэн. Чимээ шуугиан багатай, хулгай дээрэмгүй зорчиж явна. Өмнө нь нэг суудал амрах орон дээр гурав, дөрөв, тавуулаа хүртэл сууж явдаг байсан шүү дээ. Босоогоороо унтаж, эд зүйлээ алдах вий гэдгээс айж явдаг байсан. Харин одоо хүний төлөө үйлчилж, цэвэр тохитой, унтаж амрахад тавтай байна.
Би Сэлэнгэ рүү замын унаагаар явдаг байсан. Галт тэрэг ямар тухтай сайхан болоо вэ гэдгийг хүүхдүүддээ хэлээд л сууна. Таатай санагдаж байна” гэлээ. Мөн сүүлийн үед автомашинаар хөдөө орон нутаг руу явахад осол аваар их гарч байна. Иймээс галт тэргээр зорчих нь аюулгүй, эдийн засагт ч хэмнэлттэй гэдгийг хэлж байв. Харин залуучууд хоорондоо хөзөр тоглож, инээлдэн сууна. Тэд галт тэрэгний үйлчилгээнд сэтгэл хангалуун байна гэдгийг хэллээ.
22:20 цагт: Тус галт тэрэгний нийт үйлчлэгчийн 50 хувь нь 20-иос дээш жил ажиллажээ. Э.Энхээ, Ц.Мөнхтуяа, Н.Отгонцацрал, Ц.Бадамцэцэг, Р.Мөнхзул нарын ажлын талаар ярилцлаа. Тэдний дунд хүндэт үйлчлэгч хоёр, тэргүүний төмөр замчин нэг байв. Нэг вагонд хоёр үйлчлэгч явдаг. Нэг хүн найман цагаар ажиллаад ээлжээ дараагийн хүнд шилжүүлж амардаг гэнэ. Үйлчлэгч 11 төрлийн мэргэжлийн ажлыг хийдэг. Тухайлбал, галч, зөөгч, тогооч, цэвэрлэгч, сэтгэл зүйч, худалдагч гэх мэт. Тэд бүгдээрээ ажил мэргэжилдээ дуртай, чинь сэтгэлээсээ ажлаа хийхийг хичээдэг. Ц.Мөнхтуяа хэлэхдээ “Өвлийн улиралд ажиллахад хамгийн хэцүү. Гэхдээ бид хичээсээр байдаг. Зорчигчид маань “Баяртай, сайхан тав тухтай үйлчлүүллээ” хэмээн инээмсэглэн буух нь хамгийн жаргалтай үе минь. Хүнээр хүндлүүлэх гэдэг чинь амьдралын сайхан мөчийн нэг. Ажил үүргээ хариуцлагатай гэгч нь гүйцэтгээд гомдол, зөрчилгүй гэр рүүгээ очих хамгийн сайхан шүү” гэж байлаа. Үйлчлэгчид хоорондоо өрсөлддөг гэнэ. Гурван жилийн хугацаанд сайн ажиллаж хамгийн өндөр оноо авч шалгарсан нь олон улсын зорчигч тээвэрт үйлчилдэг юм байна. Явж буй чиглэл бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тэд төрөлх сайхан эх нутаг, үзэсгэлэнт байгалийнхаа сайхныг үзнэ, мөн олон улсын чиглэлээр гадаад гарч, гэр бүлийнхэндээ шинэ ногоо, хэрэгцээт зүйлээ авч очдог байна.
Улаанбаатар төмөр замын нүүр царай вагоны үйлчлэх бүрэлдэхүүнээс эхэлдэг гэнэ. Гадаад болон дотооддоо ч гэсэн вагоны нүүр царай болдог аж. Вагонд хүүхэд эх барьж авсан тохиолдол их байдаг гэнэ. Энэ талаар Ц.Бадамцэцэг “Москва явж байхад Нарлагийн наймаачин Зулаа хэмээх бүсгүй вагонд төрж, амаржиж байсан сан. Би аяга хар шөл хийж гүйн очиж, маш их баярласандаа нүдэнд минь нулимс цийлэгнэж байсан. Ер нь вагонд амаржиж, шинэ хүн мэндлэхэд Ганзам, Ганжигүүр хэмээх нэрийг өгч байсан түүх олон бий. Манайх тэдгээр хүүхдүүдэд 18 нас хүртэл нь үнэгүй зорчих эрх бэлэглэдэг. Дээр үеэс уламжилсан шүү. 1996 онд Замын-Үүдийн чиглэлд явж байхад Цэцгээ хэмээх дарга эх барьж авсан. Тэгээд амаржсан бүсгүй Шанд гэх газарт бууж үлдсэн. Цааш явчихаад буцаад ирэхэд бүсгүй манай даргад хоол цай, цэцэг барьчихсан ирж “Та манай хүүхдэд нэр хайрлаач” гэж байсан удаатай. Ийнхүү вагонд хүний амьдралын чухал мөчүүд өнгөрдөг” гэдгийг хэлж байлаа. Хятадын вагоны үйлчилгээнээс манайх хамаагүй илт давуу гэдгийг зорчигчид хэлдэг юм гэв. Хөгтэй, хөгжилтэй зүйл их болж байдаг аж. Вагоны бүхий л ажилчид олон хүний амь насыг хариуцаж явдаг учраас маш сэрэмжтэй ажилладаг юм байна. Хагас цэрэгжүүлсэн байдалтай байдаг ажээ. Бидний суусан галт тэрэг удахгүй Эрхүү Улаанбаатар чиглэл рүү явдаг болох юм байна.
Дархан өртөөн дээр бууж, машинистын өрөө рүү орлоо. II цуваанд машинчаар ажилладаг Б.Сумъяасүрэн, туслах машинч Б.Баатар нар хэлэхдээ “Өртөөн дээрээс цагийн хуваарийн дагуу хөдлөх ёстой. Тухайн өртөөнөөс хөдлөхдөө жижүүр үйлчлүүлэгчтэй уулзаж, зорчигчид бүрэн суусан уу гэдгийг асууна. Гарах дохионы гэрлээр сайтар ажиглаж явна. Дээд хурд 90 километр цаг. Сөрөг хөдөлгөөнд галт тэрэг ирж байвал 25 километр цагийн хурдтай зөрөх хэрэгтэй” гэв. Туслах машинист галт тэрэгний аюулгүй байдлыг ажиглаж, бүрэлдэхүүн хэвийн явж байна гэдгийг машинистад мэдэгддэг аж. Машинист нар галт тэргэнд суухаасаа өмнө эмчийн үзлэгт ордог. Ингэхдээ цусны даралт болон хараа, бие нь эрүүл байна уу гэдгийг шалгадаг байна. Хэвийн байна гэж үзвэл явж болох ажээ. Хариуцлага өндөр учраас маш сайн амарсан байх ёстой гэнэ.
Энд явахад иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байв. Төмөр замын нийт хамт олон бүгдээрээ чинь сэтгэлээсээ хандаж, сэтгэл зүрхээ зориулж ажилладаг нь харагдаж байлаа. Үе удам дамжсан “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчид” төржээ. Энэ чинээгээрээ ажлын хариуцлага жил ирэх тусам нэмэгдэж, чанаржиж буй нь илт байв. Энэ оныг “Технологийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх” жил болгожээ. Энэ хүрээнд нийт алба хаагчид хамгийн түрүүнд сахилга батыг эрхэмлэх болсон байна. Бага хэмжээгээр л сахилга бат алдвал эрсдэл үүсэх магадлалтай аж. Дотоод дүрэм журмаа зөрчвөл маш том хэмжээний сүйрэл, эрсдэл дагаж байдаг гэв. Иргэдийг аюулгүй зорчуулахын төлөө алхаар байн байн тогших нь зүйтэй. Ингэхгүй бол хүний амь нас эрсдэх, хохирох магадлалтай аж. Технологийн горим, дүрэм журмыг ягштал мөрдвөл ямар ч аюул бэрхшээл учирдаггүй. Зорчигчид ч сэтгэл хангалуун байхыг мэдэрдэг юм байна. Ийнхүү аюулгүй байдлын төлөө энэ салбарт 17 мянган хүн ажиллаж байгаа юм.
Мөн Найрсаг галт тэрэг нь олон үйлчилгээг нэг дор үзүүлдэг байна. Тухайлбал, интернэт орох, зурагт үзэх, ванн душ гэх мэт иргэдийн ая тух, тавтай зорчих нөхцөлийг бүрдүүлжээ. Хүүхдүүдийн ая тухыг хангах үүднээс “Хүүхэд” гэсэн тусгай вагон бэлтгэгдсэн байгаа аж.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа Монголын олон уран бүтээлчид амжилттай дуулж байгаа. Үүний баталгаа болж олон улсын “А” зэрэглэлийн уралдаануудаас гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар удаа дараа тэргүүн байр авсан билээ. Бид энэ удаа Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагналыг анх удаа эх орондоо залж байсан гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэгтэй ярилцсан юм.
-Та дуурийн урлагийн боловсролыг Болгарт суралцаж эзэмшсэн. Тэнд суралцах болсон гол шалтгаан юу вэ?
-Болгарт манай ахмадуудаас ардын жүжигчин Жанчив багш, Жаргалсайхан гуай тэргүүтэй алтан үеийнхний дийлэнх төлөөллүүд суралцаж байсан. Харин 1980-аад оноос хойш Болгарт оюутан бэлтгэгдээгүй байж байгаад 1998 онд СУИС-ийн дөрөвдүгээр курст орох жил хоёр оюутан суралцуулна гэсэн мэдэгдэл ирж шалгаруулалт явуулсан. Үүнд тэнцээд л Болгарт бакалаврын сүүлчийн жилээ хийгээд магистрт сурсан.
-Таныг дуурийн урлагт хөтөлсөн багшийнхаа тухай ярихгүй юу?
-Би гавьяат багш Д.Дашиймаагаар дуулаачийн “А” үсгийг заалгаж байсан. Тийм ч учраас оюутан ахуйдаа муугүй суралцагч байсан шүү. Багшийн маань зааж сургасан бүхэн Болгарт суралцах боломжийг нээж өгсөн л дөө. Тэнд очоод сайн багштай болсон. Надтай хамт сурч байсан Украйны Наташа Тинченко дэлхийн хэмжээний олон дууриудад дүр бүтээж байгаа бол Цветлона гэж эмэгтэй Италид сапроны дийлэнх партуудыг хийж байна.
-Гадаадад боловсрол эзэмшсэн Монголын дуучдын дийлэнх нь олон улсын дуурийн театруудад ажилладаг. Танд гадны театруудад ажиллах санал ирж байсан уу?
-Ирж байсан шүү. Би Болгарт сургуулиа төгсөөд нэлээд хэдэн жил ажиллаад нутагтаа ирсэн. Энэ хугацаанд дэлхийн болон дотоодын гол ба туслах 30 гаруй дүр бүтээсэн байдаг. Уралдаан тэмцээний хувьд Болгарын Пловдив хотод зохиогдсон Пьлдиний нэрэмжит залуу дуучдын олон улсын уралдааны II, Болгарын Софид болсон Христо Брибаровын нэрэмжит уралдааны III, Болгарын Альбенад болсон “Итгэл, найдвар авьяас” уралдааны III, “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн V уралдааны тэргүүн гэх мэт дотоод гадаадын 20 гаруй уралдаанд оролцсон байдаг. Болгарт ажлын байр маань бараг бэлэн болчихсон байсан ч нөхөртэйгөө танилцаад таваас зургаан жилийн хугацаа өнгөрсөн тул нутагтаа ирж гэр бүлийн бизнесээ дэмжиж, эмэгтэй хүний үүргээ биелүүлж ээж болж өнөр өтгөн амьдрахыг илүүд үзсэн. Би энэ сонголтыг хийсэн дээ хэзээ ч харамсаж байгаагүй ээ.
-Монголдоо ирээд ч та дуурийн урлагаас хөндийрөөгүй. Дэлхийн өндөр зэрэглэлийн дуучид оролцдог М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн шагналыг Монголдоо анх удаа залж байсан шүү дээ.
-Тийм ээ. 2007 онд дуурийн гоцлол дуучин болоод 2009 онд энэ олон улсын уралдааны тэргүүн байрын шагналыг эх орондоо анх удаа авчирсан. Тэр жил ч онцгой байж 2009 оны сүүлийн өдөр Солонго эгчтэй хоёулхнаа төрийн ордонд Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат жүжигчин цол авч шагналаа мялаалгаж байсан. Энэ мэтчилэн төгссөн сургуулийнхаа, багш нарынхаа чадал чансааг илэрхийлсэн гэж ойлгодог
-Олон хүн таныг Ж.Вердигийн “Аида” дуурийн дүрээр төсөөлдөг юм байна лээ. Та Монголын хамгийн анхны Аида шүү дээ. Энэ дуурийн тухай ярихгүй юу?
-Хүн бүр л өөр өөрийнхөө харах өнцгөөс харж дүгнэдэг байх. Би Аидаг тодорхой хэмжээнд өөрийнхөө онцлогоор илэрхийлж гаргасан байх гэж ойлгодог. Энэ маань өөрөө дуулахад их гоё бүр гранд опера гэж хэлж болохоор дуурь шүү дээ. Ер нь эргээд харж байхад тэр дүр надад зохиогүй юм болов уу, тэрийгээ дутуу гаргачихсан ч юм уу гэсэн бодол төрдөггүй шүү. Би тоглох болгондоо л тухайн дүрээ шинээр мэдэрч, дүрээ амилуулж, жүжиглэх ур чадвартаа илүү анхаардаг. Аливаа жүжгэн дээр зүгээр дуулаад зогсоод байх биш харж буй харц, хийж буй бүх үйлдлээ хүртэл учир утгатай байлгахыг хүсдэг. Ингэж дүрдээ уусч чадсан нөхцөлд үзэгчид жүжигт автчихсан байдаг л даа. Би ийм л реакцийг тайзан дээр хүсдэг. Би чинь анх жүжигчин болох зорилготой СУИС-д орж байсан шүү дээ. Гэсэн ч дуурийн дуулаачийн мэргэжил маань дуулахаас гадна давхар жүжиглэдэг онцлогийг харж чадсан учраас дуучин болохоор сэтгэл шулуудсан.
-Дуурийн урлаг хүнээс их тэсвэр хатуужил шаарддаг юм шиг санагддаг. Энэ талаар?
-Дэлхийн хэмжээнд дуулаад явж байгаа эмэгтэй дуучдын 80-90 хувь нь өнөөдрийг хүртэл хүүхэдгүй байдаг. Тухайн хүмүүс маань хувийн амьдралаа золиослож байж л дэлхийн хэмжээний карьер хөөж байгаа юм. Миний хувьд гурван хүүхэдтэй амьдрал төвхнөсөн эмэгтэй хүний хувьд удаан хугацаагаар олон орноор аялаад яваад байх боломжгүй юм байна лээ. Би олон хотын соёлын өдрүүдээр ч юм уу цөөхөн хоног гэрээсээ холдохдоо үр хүүхэд, ар гэрээ их санадаг.
-Монгол дуурийн дуучид бусад орны дуучдаас юугаараа ялгардаг вэ?
-Манай залуучууд их авьяаслаг, байгалиасаа заяасан хоолойтой хүмүүс. Тэр дундаа Монголын дуурийн дуучдын хоолой яг л үнэт чулуу шиг л санагддаг. Нутгийн минь байгалийн баялагтай зүйрлэж болно. Харин түүнийг арчилж өнгөлөх нь чухал.Өнөөдөр мэргэжлийн сургуулиуд болоод театр маань дуучдыг сайн бэлтгэж байгаа. Тиймээс дуурийн дуучид дэлхийн хэмжээнд чадал, чансаагаа илэрхийлж байгаа юм. Ер нь манайхан сүүлийн жилүүдэд Монгол гэх нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа гэж нүүр бардам хаана ч хэлнэ. Тэр дундаа эрэгтэй хоолойгоор бишрүүлж байна шүү дээ. Тод жишээ нь гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар юм.
-Өнөөдөр манай Монголын дуучид олон оронд очиж тоглож байна. Монголын “Учиртай гурван толгой”, “Чингис хаан” гэх мэт дууриудыг дэлхийн хэмжээнд тоглох боломж байдаг уу.
-Ийм санаа байдаг ч санхүүгийн асуудал тулгардаг. “Учиртай гурван толгой” дуурь гэхээсээ илүү дуулалт жүжиг. Гэхдээ олон жил алтан тайзан дээр дуурь гээд зарлуулаад тоглочихсон бүтээлийг өнөөдөр бид дуурь биш гэж үгүйсгэх нь учир дутагдалтай. Хэрэв энэ маань гадаадад тоглогдсон тохиолдолд дуурь гэж хүлээн зөвшөөрөгдөхөд асуудалтай. “Чингис хаан” дуурийн хувьд саяхныг хүртэл олон улсад тоглоход найруулгын тал дээр асуудалтай байсан. Дуурийн театрт мэргэжлийн найрууулагч Найдандорж ах орж ирснээр шинэчилж чадсан л даа. Хэрэв найруулгад засвар оруулалгүй өмнөхөөр нь олон улсад тоглосон бол шалгуур өндөртэй газар хүлээлтийг доогуур үнэлүүлэх байсан болов уу. Харин одоо хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээд сайн орчуулга хийж чадсан тохиолдолд “Чингис хаан”, “Ламбагуайн нулимс” зэрэг дууриудыг дэлхийн тайзанд тоглох боломжтой шүү. Энэ дууриудын дуулагдаж буй бүтээлийн чанар, жүжигчнээс шаардаж байгаа ур чадвар, агуулга шийдэл зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө.
О.ДАШНЯМ