Categories
мэдээ нийгэм

Нисдэг тэрэгтэй болгох зорилгоор иргэд, олон нийтийн эхлүүлсэн хандивын аянд Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт албан хаагчид нэгдлээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлаг, байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа.

Энэ онд Монгол Улсын нутаг дэвсгэрт ой хээрийн томоохон хэмжээний хэд хэдэн түймэр гарсантай холбоотойгоор ой хээрийн түймэртэй тэмцэх, онцгой байдлын албыг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болгох зорилгоор иргэд, олон нийтийн эхлүүлсэн хандивын аянд Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт албан хаагчид нэгдэхээр болсон билээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудын нийт 24 мянга гаруй ажилтан, албан хаагчдын нэг өдрийн цалин болох 640 сая төгрөгийн хандивыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн нар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд хүлээлгэн өгч батламж гардууллаа.

ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлээд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хандивласан болон энэхүү хандивын хөрөнгөөр жижиг оврын нисдэг тэрэг автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна гэж мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн 2018 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсөв”-ийг баталлаа. Тус хурлаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн 2018 оны өмч хувьчлал”-ын асуудлыг хэлэлцлээ. Эхний хэлэлцүүлгээр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Мөн намын бүлгүүд, ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн талаар хэлэлцэж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ хуралдаанд танилцууллаа.

Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна. Төсвийн урсгал зардлын талаар мэдээлэхэд, 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна. Дээрх зардлуудыг төсөвт тусгаснаар хотын шуудын урсгал зардлын нийт дүн 342 тэрбум төгрөг болж байгаа юм. Улсын төсөвт 208 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дөрвөн улирлын дуу” нэртэй Япон зургийн үзэсгэлэн нээгдлээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улирлын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд сонирхуулахаар болжээ.

Энэхүү үзэсгэлэнг Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан нээсэн бөгөөд нээлтийн ёслолд Японы Элчин Сайдын Яамны Соёл Боловсрол хэлтсийн дарга Ямамато Кейго Хирошимо тэргүүтэй зочид оролцлоо.

Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа ба үзэсгэлэнд Японы модон барын урлагийн төлөөлөгчид болох 40 гаруй уран бүтээлчдийн зургууд байгаагаас XIX зуунд Дорнын Японы уламжлалт урлагийг дэлхийд таниулсан барын их мастерууд Китагава Утамаро (1753-1806), Сузуки Харунобу (1717/24-1770)зэрэг нэртэй бүтээлчдийн бүтээлүүд шигтгээ нь гэнэ.

Эдгээр барын бүтээлүүд аж байдлын, байгалийн сэдвээс гадна тухайн ард түмний гоо сайхныг илэрхийлэгч эмэгтэйчүүдийн дүрийг голчилж бүтээсэн нь нэн сонирхолтой. Эмэгтэйчүүдийн сэдэвт цуврал бар зургуудад “Үнэнчийн тэмцээн”, “Бүсгүйн өдөр ба цаг мөчүүд”, “Хайр дурлалын сонгомол дуунууд” гэх зэрэг нэртэй өрнөлгүй бэсрэг дүрийн бүтээлүүд олон бий.

Сонирхуулахад, Япон улсаас 50 жилийн өмнө эдгээр бүтээлүүдийг бэлэглэсэн бөгөөд 5 жилийн дараа хоёр улс албан ёсны дипломат харилцаа тогтоож байсан гэнэ. Үзэсгэлэн нэг сарын хугацаатай үзэгчдийн хүртээл болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ачлалт хүүхдүүд” ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр, Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг тэргүүтэй албаныхан, дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн удирдлага, ажилтан албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд оролцов.

Өдөрлөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн баяр болгон тэмдэглэх зорилгоор,

  1. ОНОТХҮ-ний нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдэд хамрагдаж, үр дүнд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа,
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын уралдаан /талх, нарийн боов хийх, бялуу чимэглэх, хог хаягдал дахин ашиглах чиглэлээр/,
  3. Хөгжлийн бэрхшээлтэй 10-14 насны хүүхдүүдийн дунд “Би аюулгүй орчинд амьдрах эрхтэй” сэдэвт гар зургийн уралдаан,
  4. Хөгжлийн бэрхшээлтэй 10-18 насны хүүхдүүдийн дунд эссэ бичлэгийн уралдаан,
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлдэг байгууллагуудын танилцуулга-үзэсгэлэн,
  6. Урлагийн соёлын алдартнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон урлагийн тоглолт,
  7. Уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан болон ажил үйлсээрээ манлайлсан иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм.

Тус өдрийг тохиолдуулан бүтээлийн, ур чадварын, гар зургийн, эссэ бичлэгийн уралдаан тус тус зохион байгуулав.

“Би аюулгүй орчинд амьдрах эрхтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн 8в ангийн сурагч М.Цэлмэг, дэд байрт Чингэлтэй дүүргийн 25 дугаар сургуулийн сурагч Б.Энхсайхан, гутгаар байрт Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Эрдэнэдалай нар шалгарлаа.

“Би аюулгүй орчинд амьдрах эрхтэй” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Б.Сэргэлэн, Баянгол дүүргийн 70 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Г.Маралмаа, гутгаарт Багануур дүүргийн “Сод” сургуулийн 7а ангийн сурагч Б.Батбаяр нар шалгарав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Макс Халловэй Жозэ Алдог буулган авч бүсээ хамгааллаа

Холимог тулааны алдарт UFC холбооны 218 дахь тулаан америкийн цагаар арванхоёрдугаар сарын 1-ний шөнө боллоо. Тус тулаанд UFC-ийн алдарт зодоонч Жозэ Алдо эргэн ирсэн юм. Тэрбээр 66 кг-ын аварга Макс Халловэйтэй бүсийн төлөө тулалдаж гуравдугаар үед хүнд цохилтоор ялагдсан. Ийнхүү аварга Макс Халловэй хоёр дахь удаагаа бүсээ хамгаалж ялалтын цуврал нь 12 боллоо. Макс Холлавэй тулааны дараа Жозэ Алдогийн талаар “Тэр 7, 8 удаа бүсээ хамгаалсан. Бразил түүний хөшөө босгох ёстой гэж бодож байна. Тэр бол домог. Тэр бол бүх цаг үеийн шилдэг” гэсэн юм.

Дараагийн хүнд жингийн дараагийн аварга гэгдэж буй Франчиз Ингуаннуа баруун гарын хүнд зохилтоор Алистар Овримийг яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч хүнд жингийн аварга алдарт Стайп Миочич юм.

Мөн энэ жилийн хамгийн шилдэг тулаануудын нэг UFC 218-ийн үеэр болсон юм. Эдди Алварэз Жастин Гэтжа нар гурван үеийн ширүүн тулаан хийж зодоон дуусахад нэг минут үлдсэн үед Эдди Алварэз өрсөлдөгчийнхөө ирүү тус газар өвдөглөж ялав.

Дараагийн UFC figh night арванхоёрдугаар сарын 9-нд болно. Тус тулааны оргил зодоон Свансон Орига нарын хооронд болох аж. Харин UFC 219 арванхоёрдугаар сарын 30-нд үүдээ нээнэ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Олборлох салбар дахь байгаль орчны менежмент” сэдэвт семинар болов

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), “Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх” (СЕСМИМ) төсөлтэй хамтран “Олборлох салбар дахь байгаль орчны менежмент” сэдэвт семинарыг төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгчдийн дунд зохион байгуулав. Семинараар Монгол Улсын олборлох салбар дахь байгаль орчны аудитын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж холбогдох талууд нэгдсэн ойлголтод хүрч, байгаль орчны аудит болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хоорондын уялдааг сайжруулах замаар энэ чиглэлийн менежментийг бэхжүүлэх арга замуудыг тодорхойлж холбогдох зөвлөмж гаргалаа. Энэ удаагийн сургалт семинарт БОАЖЯ, УУХҮЯ, СЯ, Үндэсний аудитын газар, АМГТГ, аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, уул уурхай компани, байгаль орчны үнэлгээ, аудитын мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хот 2018 онд концессын өр төлбөргүй болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг төлөөлөгчид хийж байгаа юм. Уг хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тавьсан “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн онцлох мэдээллийг тоймлон хүргэе.

Үүнд,

  1. Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 800.3 тэрбум төгрөгт хүрлээ.
  2. Нийслэлийн төсвөөс 208.5 тэрбум төгрөгийг “Монгол Улсын нэгдсэн төсөвт” төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.
  3. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111тэрбум 585 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан.
  4. Концессын өр төлбөргүй Улаанбаатар хот болно. Өрөө 2018 онд барагдуулж дуусна.
  5. Нийгмийн салбарт 18 тэрбум 771.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Боловсролын салбарт 6 тэрбум 924 сая төгрөг, эрүүл мэндийн салбарт 8 тэрбум 373 сая төгрөг, нийгмийн халамжийн салбарт 3 тэрбум 474 сая төгрөгийн ажил хийнэ.
  6. Боловсролын салбарт 1310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна. Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана.
  7. Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулж, Туул тосгоны 32 ор бүхий эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ.
  8. Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
  9. Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15.0 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ.
  10. Гэр хороололын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөг, дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
  11. “Дугуйн зам “хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.
  12. Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.
  13. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862,9 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.
  14. Байгаль орчны салбарт гурван тэрбум 950.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна.
  15. Хот нийтийн аж ахуйн салбарт найман тэрбум 2 сая төгрөг зарцуулна.
  16. “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах арга хэмжээнд гурван тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Улаанбаатар хотод концессын 80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсан. Хотын дарга төрийн ажил хийгээд өр, авлагатай болсон компаниудын өрийг барагдуулж, төр хүлээсэн үүргээ биелүүлэх шийдвэр гаргасан. 2018 онд концессын өрийг бүрэн барагдуулж дууссанаар хот өрийн нэг дарамтнаас салж байна.

Categories
мэдээ нийгэм

Архигүйгээр шинэ жил тэмдэглэхийг уриаллаа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний “Өөртөө туслах бүлэг” –ийнхэн Чингэс зочид буудлын “Өргөө” ресторанд энэ жил 2 дахь удаагаа Архигүйгээр шинэ жилээ тэмдэглэлээ. Өдрийн эмчилгээний “Өөртөө туслах бүлэг” нь 2015 оны 01 сард үүсэн байгуулагдаж, СЭМҮТ-д 7 өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийтдээ 700 гаруй хүнийг сэтгэл зүйн сургалтанд хамруулж, энэ хүмүүсээс 350 гаруй нь архиныхаа асуудлыг бүрэн шийдэж, архигүй амьдралаар амьдарч байна. Энэ хугацаанд архигүйгээр аялал зугаалга, уралдаан тэмцээн, явган алхалт, цуглаан, Хөвсгөл, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан, Завхан, Төв аймгуудаар явах зэргээр олон үйл ажиллагааг өөрснөө бие даан зохион байгуулж, архигүй амьдралыг сурталчилдаг болно. Өөрийгөө ялсан энэ гайхамшигтай хүмүүсийн үлгэр дууриалалаар Монгол даяараа архигүйгээр баяр ёслолыг тэмдэглэж хэвшицгээе.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын үед ажиллах штабын дадлага, сургууль боллоо

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Говь” ХК-д аюулт үзэгдэл, ослын үед ажиллах гамшгаас хамгаалах штабын дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Б.Мөнхсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Сургалтыг танхимын болон дадлагын гэсэн 2 үе шаттайгаар “Говь” ХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу мэргэжлийн анги, бүлгэмүүд болзошгүй гамшиг,аюулт үзэгдлийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, аврах ажиллагаа, цахилгаан, аваар техникийн үед ажиллах, холбоо зарлан мэдээлэл дамжуулах, гамшгаас хамгаалах нөөц, хангалтаар гүйцэтгэх үүргүүдээр, онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, дэмжлэг үзүүлэх талаар дадлага олгох сургалт боллоо.

Дадлага сургуульд Нийслэлийн аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30 ангийн нийт 40 алба хаагч 10 автомашинтай, ‘Говь’ ХХК-аас 220 ажилтан 3 автомашинтайгаар дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Суугаа волейболын анхдугаар тэмцээн боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Олон улсын өдрийг угтан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах суугаа волейболын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг санаачлан, зохион байгуулагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд усан спорт, байт харваа зэрэг спортоор хичээллэх нөхцөлийг ханган, дэмжиж ажиллана гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд онцолж байв. Мөн дүүргийн нэрэмжит энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Анхны тэмцээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцож, дараах байрыг эзэлжээ.

  • Чингэлтэй дүүргийн баг – Алт медаль, шилжин явах цом
  • Баянзүрх дүүргийн баг – Мөнгөн медаль, Мөнгөн шагнал
  • Хан-Уул дүүргийн баг – Хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Шилдэг тоглогчоор Чингэлтэй дүүргийн тамирчин А.Баярхүү, Хан-Уул дүүргийн Г.Соёлсайхан нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Хан-Уул дүүргийн багийн тамирчин, 2 дугаар хорооны иргэн Нармандах, 6 дугаар хорооны иргэн Цэвэлмаа, 11 дүгээр хорооны иргэн Г.Соёлсайхан нарт мөн энэ үеэр тусгай хэрэгсэл гардуулжээ.