Categories
мэдээ улс-төр

Төрийн ордонд УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

ЗурагУИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Үндсэн хуулийн цэцийн энэ оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм. Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах ба Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх нь.

Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг тус тус хуралдах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

ОХУ-ын “Любэ” хамтлаг Монголд тоглоно

ЗурагОХУ-ын алдарт “ЛЮБЭ” хамтлаг Ази тивд анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 8, 9-нд Буянт-Ухаа спортын ордонд тоглохоор боллоо.

Эх орон, ээж аав, цэрэг, дайн, анд нөхдийн дуугаараа Оросын төдийгүй Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тус хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, өдгөө 30 шахам жил фэнүүддээ аялгуут дуугаараа бэлэг барьсаар иржээ.

“ЛЮБЭ”-гийн үнэнч фэнүүд манай улсад маш олон байдаг бөгөөд тэдний хүсэлтийн дагуу ийнхүү монголд тоглох гэж байна.

Тоглолтын тасалбар нь 40, 50, 65 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн улс орнуудын аяллын 52 бүс нутгаас Монгол Улс Азийн бүсийг тэргүүлэв

ЗурагДэлхийн хамгийн том аяллын мэдээлэл түгээгч Fodor’s нь дэлхийн өнцөг булан бүрийн аялахад таатай 52 газрыг сонгож жагсаажээ.

Түүнд Ази дахь аялал жуулчлалын төв газруудын жагсаалтын нэгдүгээр байрт Монгол Улс орж нүүдэлчин малчин ардаас өнөөгийн орчин цагийн амьдралын хамт дүр зургийг томруун хамруулжээ.

Fodor’s-ийн интернет мэдээнд “2018 оны аялах газруудын жагсаалт”-д дэлхийн улс орнууд дундаас хязгаар нь үл харагдах хөх тэнгэр, сүндэрлэх өндөр уулс, ногоорох уудам тал, гүн цэнгэг нуур, өргөн их говийг илэрхийлсэн Монгол Улс наймдугаар байрыг эзэлсэн байна. Тус улсад зорчсоноор Монголын малчин ардын хээт торгон үндэсний хувцас, сэнгэнэх амтат айраг, монгол гэрийн хананд өлгөөтэй бяслаг зэргийг харах боломжтой юм.

Мөн тус сайтад уур амьсгалын өөрчлөлтөөс цөлжилтөд хүргэж буй нь малчин ард иргэдийг нийслэл Улаанбаатар хот руу нүүдэллэхэд хүргэж байгаа бөгөөд тал нутгийн энэхүү амьдралын хэв маяг тун удахгүй хувьсан өөрчлөгдөж алга болох магадлалтай иймд аялагч та даруй өөрийн бололцоогоороо тухайн орныг зорьж, нийслэл Улаанбаатар хотын шинэ хөгжлийг үзэхийг зөвлөж байна хэмээжээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун, “Монгол Улс бол нэн эртний түүхт, онцгой соёлт үндэстний өв нутаг бөгөөд зайлшгүй зорчих аяллын улс мөн” гэжээ. Дэлхийн улс орнуудыг заавал зорчих газруудын жагсаалтын Азийн бүсийг Монгол Улс тэргүүлж удаад нь Тайвань орж Азийн онцлогтой, өнөөгийн хөгжлийн үе шат орчин цагийн хотын нэг болох, онгон байгаль эртний болон орчин цагийн хээнцэр үзэсгэлэнт амьдралын хэв маяг зэргийг харуулах боломжийг бүрдүүлснийг талархан сайшаажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын Гадаад харилцааны сайд нар хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав

Related imageМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах “Хамтарсан хэвлэлийн мэдээ”-г гаргав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.Гадаад харилцааны сайд нар Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв. Үүнд:

1. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Найрсаг харилцаатай хөрш орнуудын хувьд талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргана.

2. Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Төвд, Шинжаан, Тайвань зэрэг хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов.

3. Талууд бүх түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалахаа илэрхийлэв. Талууд ирэх оны тохиромжтой цагт Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК-ын 15 дугаар хуралдаан, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн гуравдугаар хуралдааныг тус тус зохион байгуулах талаар нягт холбоотой ажиллахаар тохиров. Мөн Гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээ зэрэг механизмын гүйцэтгэх үүргийг цаашид нэмэгдүүлнэ.

4. Хятадын тал монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хятадын талаас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэх, уул уурхай, эрчим хүчний болон мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг монголын талын хүсэлтэд нааштай хандана. БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж байгааг монголын тал өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв.

5. Талууд бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ. Хоёр улсын удирдагчдын хүрсэн тохиролцооны дагуу Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегитай уялдуулах ажлыг хэрэгжүүлж, хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлуудыг урагшлуулах болон Монгол-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа эхлүүлнэ. Талууд ашигт малтмалын олборлолт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг бататгаж, Монгол-Хятадын Экспо зэрэг хамтын ажиллагааны талбарыг сайтар ашиглана. Хятадын тал дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг салбарт монголын талд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээ үргэлжлүүлнэ. Монголын тал бодлогын тогтвортой байдлыг хадгалж, Хятадын аж ахуйн нэгжүүд болоод гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх болно.

6. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, хүүхэд, залуучууд зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхээр тохиролцов. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулна.

7. Монголын талыг олон улс, бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүч чармайлт гаргахад бэлэн байна.

8. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр халуун дотно, найрсгаар хүлээн авсанд хятадын талд талархал илэрхийлж,Гадаад хэргийн сайд Ван И-г хоёр талын тааламжтай цагт Монгол Улсад айлчлахыг урив. Гадаад хэргийн сайд Ван И урилгыг талархан хүлээн авав.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд нар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргахаа илэрхийлж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв.

Талууд1994 онд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ” болон харилцааны бусад баримт бичгүүдийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэдгээ дахин нотлов.

Хоёр тал өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухалыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг ирэх онд БНХАУ-д айлчлуулж, Монгол, Хятадын хүмүүнлэгийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.

Монголын талын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхээр санал нэгдэв.

Монголын тал БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байдагт талархал илэрхийлж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв. Хятадын тал монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хятадын тал Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүний дотор Гашуун сухайт-Ганц мод боомтоор нүүрс тээвэрлэхэд үүсээд байсан хүндрэлийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа болон ХАА-н бүтээгдэхүүн, махны экспортыг нэмэгдүүлэх илүү таатай нөхцөл бүрдүүлэхээ илэрхийлэв.

Талууд Монгол, Хятад, Орос гурван талын хамтын ажиллагааг урагшлуулж, олон улсын хүрээн дэх уламжлалт харилцааг үргэлжлүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүч чармайлт гаргахаа илэрхийлэв.

Хэлэлцээний дүнд Гадаад харилцааны сайд нар “Хамтарсан хэвлэлийн мэдээ” гаргаж, яриа хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечы, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Ван Яжюнь, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личюнь нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн орчны аюулгүй байдалд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 20 сургуулийн гуравдугаар ээлжинд 154 бүлэгт 6154 хүүхэд хичээллэж, 152 багш, 140 ажилтан, ажилчид илүү цагаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр сургуулийн нэг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд ажиллалаа. Ерөнхий сайдыг 18 цагийн үед очиход тус сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байлаа. Тэрээр зарим анги танхимаар орж, хичээлийн явцтай танилцаж, багш, сурагчидтай уулзлаа.

Тус сургууль 3516 сурагчтай, гуравдугаар ээлжинд гурав, дөрөвдүгээр ангийн 14 бүлгийн 493 сурагч хичээллэж байна. 19 цагт хичээл тарахад гэрэлтүүлэггүй харанхуй, согтуу хүмүүс, нохойноос айдаг гэж гуравдугаар ангийн сурагч охин хэллээ.

Бага ангийн сурагчид гуравдугаар ээлжинд хичээллэж байгаагаас зам, тээврийн осол гэмтэл, эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Хүүхэд хөгжүүлэх дугуйлан, сонгон хичээллэх боломжгүй, хоцрогдолтой сурагчтай ажиллах цаг бага зэргээр сургалтын чанарт нөлөөлж байгааг багш нар хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараа нь тус сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хийхдээ,

Хүүхэд хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ, хөгжүүлнэ гэдэг багш хүнд л заяах хариуцлагатай алба. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед багшийнхаа цалингаар ажлаа нэр төртэй гүйцэтгэж, улс эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж үнэнч сэтгэлээр ажиллаж байгаа багш, ажилтуудад талархаж байна гэлээ.

Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Гэсэн ч энэ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ард иргэдтэйгээ уулзаж тэдний амьдралд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж, замын бөглөрөл зэрэг шийдвэрлэх олон асуудал бидэнд байна гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажилласан. Маргааш өдөр нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ ажил энэ сарын 15-наас эхлэх учиртайг хэллээ.

Тэргүүн ээлжинд бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэж Ерөнхий сайд онцлов. Олон жил хүүхдүүд гурван ээлжээр хичээллэлээ. Цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдүүдээ сугалаагаар цэцэрлэгт оруулдаг боллоо. Ийм байдалтай явж болохгүй. Улаанбаатар хотод гурван ээлжээр ажиллаж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан, 2018-2019 онд хийж дуусгана.

Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль баригдаж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. 65 дугаар сургуулийн хувьд, 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл 2019 оны намар гэхэд ашиглалтад орно гэдгийг тэмдэглэлээ.

Мөн 100 цэцэрлэгийн барилга, 29 цэцэрлэгийн өргөтгөл шинээр барьж, бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэв.

Тэрээр нийслэлийн гурван ээлжийн сургуулийн гуравдугаар ээлжинд ажиллаж байгаа багш, захиргааны болон үйлчилгээний ажилчдын илүү цагийн хөлсөнд шаардлагатай 574 сая төгрөгийг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад үүрэг болголоо.

Хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах учиртай гэдгийг Ерөнхий сайд хэлээд гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг хотын удирдлагуудад, эдгээр 20 сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эргүүлийн цагдаа нэмж ажиллуулахыг Нийслэлийн цагдаагийн газрын даргад Ерөнхий сайд үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд АТГ-ын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар өнөөдөр (2017.12.04) Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал УИХ-ын гишүүдэд байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, тайлбар өгсөн юм. Тэрбээр “Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, таслан зогсоох үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна” гэлээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны хийсэн “Хөгжлийн банкны зээлдэгч”, “Оффшор бүсэд данс бүртгэлтэй Монгол Улсын иргэн, ААН”, “Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд”, “Ашигт малтмалын лиценз эзэмшигчид”, “Төрийн байгууллагын үйлчилгээ, чанар, хүртээмж”, “Нийтийн албан тушаалтнуудын томилгооны талаарх судалгаа”-г танилцуулсан. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээр илэрсэн зөрчил, гэмт хэргийн шинж илэрсэн хэргүүдийг Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байгааг мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал байгууллагынхаа үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон гишүүдэд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, орон нутагт Авлигатай тэмцэх газрын салбар нэгж байгуулах нь чухал байгааг хэлсэн. Улсын хэмжээнд иргэдэд хүрч ажиллах, төрийн албан хаагчдад сургалт, семинар зохион байгуулж, авлигын хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүх шатанд жигд ажиллахад орон нутгийн салбар шаардлагатай байгаа аж. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналт шалгалт, дүн шинжилгээний үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Банк хоорондын гүйлгээний хэдэн хувь нь оффшор данс руу шилжиж байгааг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр бид гадагшаа хэр их мөнгө гарч байгааг мэдэх боломжтой” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Оффшор бүсэд хуулийн хүрээнд данс нээгээд, татвараа шударгаар төлж, олон улсын зах зээлд гарах гэж буй бизнес эрхлэгчдийг ялгаж ойлгох хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Аймгуудад салбар нэгж байгуулахыг дэмжиж байна. Мөн Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй. Цаашид Авлигатай тэмцэх газар судалгаа, шинжилгээнд суурилж ажиллах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн.

УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулахад санал нэгтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Авлигатай тэмцэх газар жилд нэг удаа Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Байнгын хорооны зүгээс үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах болно” гэснээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Чингис банкны ард байдаг Б.Жавхлан Банкны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж болохгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-УИХ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Банкны тухай хуулинд хэд хэдэн анхаарал татсан заалтууд орсон байна лээ. Арилжааны банкууд охин компанитай байж болохгүй гэдгээс эхлээд олон зүйл байна…

-Банкны тухай хуулийг өөрчлөх шаардлага байгаа юу гэвэл тийм. Манай банкууд мөнгө хүүлэх зарчмаар ажиллаж байна. Түүнчлэн банкууд дэргэдээ охин компани байгуулдаг, ажилтныхаа нэр дээр ч гэсэн компани байгуулдаг. Зээл өгсөн бизнес эрхлэгчдийнхээ бизнесийг хулгайлдаг, санхүүгээр нь боомилж байгаад өөрсдөө тэр бизнесийг нь хийдэг байдал өнөөдөр ч бий. Тиймээс Банкны тухай хуулийг өөрчлөх нь зайлшгүй хэрэг. Нэг зүйлийг онцлон хэлэхэд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэд хэдэн хуулийг зөрчин орж ирсэн. Нэгдүгээрт, Банкны тухай хууль 276 зүйл заалттай байтал үүнээс 190 орчмыг нь өөрчлөхөөр оруулж ирсэн. Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуульд нийт заалтын 50-иас дээш хувийг өөрчлөх тохиолдолд шинэчилсэн найруулгаар өргөн барина гэсэн шаардлагыг хангаагүй. Тиймээс дэмжих боломжгүй.

Энэ хуулийг баталснаар банкны удирдлагыг чадавхжуулах, хүүг тодорхой хэмжээнд багасгахыг хуулийн хүрээнд бий болгох, банкууд дэргэдээ компанитай байж бизнес эрхлэхгүй байх гээд ард иргэдийн хүсээд буй зүйлс нь хуулийн төсөлд байгаа боловч Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчсөн.

-Тухайлбал, ямар?

-Банкны өмчлөлийн нийт хөрөнгийг шүүхийн маргаангүйгээр шилжүүлэх заалт уг хуульд орж ирсэн. Өнөөдөр бид шүүх эрх мэдлийн хүрээнд ахицтай яваа улсын нэг. Аливаа гэм буруутай асуудлуудыг шүүх эцэслэн шийддэг. Гэтэл хэн нэгний эд хөрөнгийг Монголбанкны удирдлагаас томилогдсон хүмүүс очоод ямар нэгэн шүүхийн маргаангүйгээр хэн нэгэнд шилжүүлэх эрхийг нээж өгч байгаа юм. дэндүү харамсалтай. Үндсэн хуульт Монгол Улсад байж болохгүй зүйл.

-Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд энэ бүгдийг өөрчлөх боломж байгаа биз дээ?

-Хуулийн төслийг хэлэлцэж байхад “Хуулийн төслөө татаж аваад шинэчилсэн найруулгаар оруулж ир” гэсэн горимын санал гаргасан.

УИХ-ын дарга “Энэ хуулийн төсөлд орсон өөрчлөлт 50 хувиас дээш гарсан байвал хэлэлцүүлгийн аль ч шатанд байсан хууль санаачилагч хуулиа татаж авах ёстой” гэдгийг хатуу анхааруулсан.

-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд мөн Төвбанкны ерөнхийлөгч хариуцлагаас мултрахын тулд аливаа шийдвэрийг Төвбанкны ерөнхийлөгч бус зөвлөл шийдвэр гаргана гээд оруулаад өгчихсөн гэх юм. Өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргалыг баривчлан шалгаж байна. Ийм зүйл болох вий гэдгээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм заалт оруулчихав уу гэж харагдахаар байгаа л даа?

-Төвбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал өнгөрсөн хугацаанд Төвбанкны ерөнхийлөгчийн хийх ёстой ажлуудыг хийж ирсэн. Түүнийг буруутгаж буй шалтгаан нь ҮАБЗ-өөс чиглэл нь гарч, УИХ-аас баталсан тогтоолын дагуу Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг явуулсан. Тогтоол гэдэг бол хуулийн адил хүчин чадалтай. Уг хуулийн хэрэгжүүлснийхээ төлөө Н.Золжаргал ийм асуудалд орчихоод явж байна.

Энэ хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гарч Төвбанкны хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан. Шалгалтын дүгнэлтээ байнгын хороогоор хэлэлцэхдээ нууцын зэрэглэлтэй гэж байсныг манай бүлэг нууцаас гаргах санал тавьж байж ил болгосон.

Харамсалтай нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хамгийн их санхүүжилтыг МАН-ын эзэдтэй компаниуд авсан байсан. Хамгийн өндөр болох 56 тэрбум төгрөгийн зээлийг МАН-ын Бага хурлын гишүүний компани авсан байна лээ. Үүнийг МАН-ынхан нуугаад байгаа юм. Өнөөдөр банкны хариуцлагатай шийдвэрийг зөвлөл гаргахаар хуулинд тусган оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргасан юм гэж хамаг асуудлаа шийдчихээд сүүлд нь бодлого, шийдвэр нь буруу болонгуут “Энэ Төвбанкны ерөнхийлөгч миний гаргасан шийдвэр биш, зөвлөлийн шийдвэр байсан” гээд өөрөө уснаас хуурай гарах гэсэн арга гэж харж байгаа.

-Тэр зөвлөлийг нь яаж бүрдүүлэх юм бол?

-Тэр зөвлөлийн гишүүдийн нэрийг Төвбанкны ерөнхийлөгч өөрөө оруулж ирнэ. Тэгэхээр өөрийнхөө ойр тойрны хүмүүсээ оруулж ирэх нь тодорхой. Өөрсдийг нь зөвлөлд оруулж ирсэн хүнийхээ хэлсэн ярьсныг биелүүлнэ биз дээ. Мөн хуулинд мэргэжлийн бодлого шийдвэртэй нь холбогдуулан Эрүүгийн хуулиар сэжигтэн, яллагдагчаар татаж болохгүй гээд оруулж ирж байна л даа. Гэтэл Н.Золжаргал өнгөрсөн хугацаанд мэргэжлийн бодлого шийдвэрийн хүрээнд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байхад одоо эрүүгийн хэрэг үүсгээд байгаа биз. Одоо өргөн барьсан хуулинд нь үүнийг алга болгосон. Н.Баяртсайхан Н.Золжаргалд ямар ч буруу байхгүй гэдгийг мэдэж байгаа. Ирээдүйд надад ийм зүйл тохиолдоно гээд ийм хамгаалалт хийж байгаа нь инээдэмтэй байхгүй юу.

-Банкны тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн төсөлд “Төвбанк арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн заалт орж ирсэн. Төвбанк захиргаадалтын аргаар зээлийн хүүгийн хэмжээг тогтоох нь гэсэн маргаан яваад эхэллээ л дээ?

-Зээлийн хүүг захиргааны аргаар бус зах зээлийн зарчмаар нь шийдэх боломжтой. Засгийн газрын 2.6 их наядын бондыг банкууд худалдаж авсан. Мөн 1.6 их наядын Төвбанкны үнэт цаасыг банкууд худалдан аваад байгаа. Энэ 4.2 их наяд төгрөгийг банкнуудаас Төвбанк татаад авчих юм бол эх үүсвэрийг сул байлгалгүй зах зээл рүү оруулах шаардлага гарч ирнэ. Манай эдийн засаг тийм том биш. Тиймээс зээлдэгчдэд хангалттай зээл олгоод ирэхээр зээлийн эрэлт буурна. Тэр үед хүссэн хүсээгүй банкууд хадгаламжийн хүүгээ буулгах зайлшгүй шаардлагатай болно. Нэг үгээр хэлбэл зах зээлийн шаардлагаар бий болно гэсэн үг. Ингэж хүүг бууруулах байтал захиргааны аргаар шийдвэрлэх нь буруу.

Банкууд өндөр хүүгээр ашиг олоод байгаа юм биш. Банкууд хадгаламж эзэмшигчийн хүү, зээлийн хүүгийн зөрүүгээр амьдардаг. Хадгаламжийн хүүнд банкууд 4-5 хувийн маржин хийж байгаа. 15 хувь байлаа гэхэд 20 хувь болгож таван хувийн маржин хийж байгаа. Хүү өндөр байх, бага байх нь банкуудын асуудал биш. Хамгийн гол нь төрөөс асар их бондыг өндөр хүүтэйгээр банкуудад өгч байгаа учраас амраар нь жилийн 17 хувийн хүүтэй бондыг худалдаж авч байгаад л гол учир нь байгаа юм.

Банк буяны байгууллага биш. Тиймээс хадгаламжийг жилийн тодорхой хувиар авчихаад үүнийгээ жилийн 12 хувийн хүүтэй зээлдэггүй. Үүнийг захиргааны аргаар хуулиар далайлган хийж болдоггүй.

-МАН-ын хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулах гээд АН-ынхан жаахан гэдийгээд байна уу?

-Манай бүлгээс Л.Болд гишүүнийг нь Банкны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилла гэхэд “Би банктай учраас орж ажиллахгүй. Сонирхлын зөрчилтэй” гээд өөрөө ороогүй. Гэтэл Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан. Гэтэл Б.Жавхлан Чингис банкинд ил биш ч хувьцаа эзэмшдэг. Дүү нь Чингис банкны орлогч захирлаар ажилладаг. Жинхэнэ ашиг сонирхлын зөрчилтэй. Ийм ёс зүйгүй байж болох уу. Чингис банкны ард байдаг Б.Жавхлан Банкны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллан сонирхлын зөрчил гаргаад явж байна. МАН, АН-ынхан ийм хоёр өөр ёс зүйтэй улс төрийн хүчин.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс цаазын ялыг сэргээхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандсан байна лээ. Нийгэм хоёр талцаад энэ тал дээр байр сууриа илэрхийлж эхэллээ. Та ямар бодолтой яваа бол?

-Би цаазын ялыг эргэн сэргээхийг дэмжихгүй байгаа. Бид 1937 оныг санах хэрэгтэй. 30 гаруй мянган иргэнээ хилсээр цаазалж, цагаатгах ажил нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Судлаачдын хэлж буйгаар цаазын ял авсан хүн цааз гүйцэтгэхэд л өвдөлтийг мэдэрнэ. Харин тэр хүнийг цаазаар авахгүйгээр бүх насаар нь хориход асар их шаналал, зовлонг туулдаг гэдэг юм билээ. Цаазлахаас илүү хатуу шийтгэл гэж үздэг. Хоёрдугаарт, бид цаазын ялыг халах олон улсын гэрээнд нэгдэн орсон. 5-6 жил болчихоод олон улсын гэрээнээсээ гарч болохгүй. Монгол Улс олон улсын маш олон гэрээнд нэгдэн орсон. Тэдгээр гэрээнээсээ буцаад гарна гэдэг чинь олон улсад манай орны нэр хүнд унах томоохон шалтгаан болно.

Учир нь Монгол Улс дуртай үедээ олон улсын гэрээнд нэгдэн орчихоод дуртай үедээ олон улсын гэрээнээс гардаг гээд бидний хүсэн хүлээж байсан хөрөнгө оруулалт, гэрээ хэлцлүүд бүтэлгүйтэх нөхцөл байдал руу орно гэсэн үг.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбаяр: Нүргэлүүлээд өгнө өө

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай тоглолтын бэлтгэлийнх нь үеэр уулзлаа.


-Танай хамтлаг энэ байранд бэлтгэл хийгээд нэлээд удчихлаа шүү?

-Ес дэх жилээ болж байна уу даа.

-Энэ юуны зориулалттай байр юм?

-Анх энэ байр ийм шал, таазтай байгаагүй юм.

-Подвал байсан юм уу?

-Подвал ч биш. Анх иргэний хамгаалалтын зориулалтаар функер хийх гээд бэлдэж байсан юм билээ. Энд тэнд шороо овоолоод том том хоолой татаад орхичихсон байсан газар байлаа. Бүх шороог нь зөөж гаргуулаад энэ байрны албан байгууллагатай нь тодорхой хэмжээнд ярьж хөөрөөд засч янзалж байгаад орсон шүү дээ. Маш их хөдөлмөр, хугацаа шаардсан. Барилгын нэг бригад орсон байх шүү. Эндээ студитэй, бэлтгэлээ хийчихнэ.

-Амьд хөгжмийн хамтлагуудад бэлтгэл хийх байр бол нэгдүгээрт тавигдах зүйл шүү. Танайх энэ байранд ортлоо их л олон газраар дамжсан байх даа?

-Олон газар дамжсан. Нэг бэрхшээл нь амьд хөгжим тоглодог гэдгээрээ хэцүү. Бэлтгэлийн байр нь нийтийн орон сууц дунд байж болохгүй, албан газруудад байж болохгүй. Амьд хөгжим тоглодог хамтлагуудын нэг номерын асуудал бол бэлтгэлийн байрны асуудал. Хамтлагууд Улсын филармони, Драмын театр гээд ээлжлээд энд тэнд очиж бэлтгэлээ хийдэг. Ер нь бусад хамтлагаа сонсоод байхад тогтвортой байртай байх асуудал хэцүү байдаг юм шиг байна лээ. Ер нь бол хэцүү л дээ. Хүндрэлтэй зүйл их гарна. Хотын төвд бэлтгэл хийж үзлээ. Хүмүүс орж ирээд бэлтгэлийг минь хараад суучихдаг. “Гарч бай, ажлаа хиймээр байна” гэж хэлж болохгүй. Найз нөхөд, хэн ч бай орж ирнэ. Хөгжим дуугарч, хөг аялгуу эгшиглэж байгаа газар хүн орж ирээд сонирхоод суучихдаг. Тэр байдал нь бидэнд ажил хийхэд бас хэцүү санагдана. Нөгөө талаас байнга хөгжим дуугараад байхаар хүмүүс сонирхож орж ирээд байдаг байхгүй юу. Хэн хэндээ тийм хүндрэлтэй. Энэ байранд бид ороод ес, арван жил болж байна. ТЭЦ IV-ийн харьяа төрийн өмчит энэ газарт бид түрээсийн төлбөрөө төлөөд зохих журмын дагуу л амьдраад, ажлаа хийгээд явдаг юм.

Анх орохдоо хоёр талаасаа харилцан тохиролцож засвараа хийцгээсэн. Бид чинь эрчим хүчний салбарын баяраар олон ч удаа тоглож өгч байлаа. Тухайн үеийн удирдлагууд нь бидэнд энэ байрыг гаргаж өгөх тал дээр сэтгэл гаргасан л даа. Гол нь хөгжимд хайртай, хөгжмийг ойлгодог хүмүүс их тус болсон. Тэр бүхний тусаар бид ийм байранд ажиллаж байна.

Энэ байр чинь хүний хөлөөс зайтай, дээд талд спорт заал бий. Пижигнүүлээд нүдэж байхад юу ч сонсогдохгүй. Хана нь маш зузаан. Биднийг бэлтгэлээ хийгээд байж байтал гадаа цөмийн бөмбөг дэлбэрлээ гэж бодъё л доо. Бэлтгэлээ хийж хийж байгаад гараад иртэл бид л үлдчихсэн байх вий дээ л гэмээр (Инээв).

-“Хурд” хамтлагийн хэдэн жилийн ой болж байна вэ?

-2018 онд 25-ны жил орж байна шүү дээ.

-Шүтдэг хамтлаг нь уран бүтээл хийгээд оргилоод байхаар фенүүд нь дагаж оргилдог. Уран бүтээл хийхгүй нам жим болчихоор бас л тэгчихдэг?

-Тэгэлгүй яахав дээ. Одоогоос хорь гаруй жилийн өмнө, 1995 онд “Хурд” хамтлаг анхны “Хар салхи” тоглолтоо хийхэд тэр үед төрж байсан, хоёр, тав, найман настай байсан охид, хөвгүүд бол манай хамтлагийн дууг сонсч өссөн хүүхдүүд. Аав, ээж нь “Цэргийн бодол”-оос эхлүүлээд эх орон, аав, ээжийн тухай сайхан дуунуудыг өдөр болгон, машиндаа явж байхдаа, гэртээ амарч байхдаа сонсоод л, телевизээр нь манай клипүүд гардаг байсан үе болохоор тэр бүхэн тэдний зүрх сэтгэлд хоногшчихсон. Энэ 25 жилд “Хурд”-ын фенүүд эргээд залуужсан. Бүхэл бүтэн хоёр, гурван үед “Хурд” оршин тогтносон нь зөвхөн “Хурд”-ын хүч чадал биш. Ард түмэнгүйгээр “Хурд”-ын тав, зургаан залуу орилоод хэрэггүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тоглолтуудаа эргээд харахаар тухайн үед нэг, гурван настай байсан, чихэнд нь “Цэргийн бодол” гэх мэт бидний анхны бүтээлүүд хоногшчихсон хүүхдүүд одоо амьдрал үзээд нэгээс хоёр хүүхэдтэй болоод иржээ. Тэд ингээд өөрсдөө амьдрал дээр гарч ирээд эргээд л манай хамтлагийн нөгөө “Ханьдаа дуулъя”, “Миний найз миний дайсан боллоо гэж үү” гэдэг ч юм уу. Мөн “Чимээгүй ирэх дурлал” дуунуудыг сонсч эхэлдэг.

-Таныг ингээд хамтлагийнхаа дуунуудыг нэрлэхэд ая нь шүлэгтэйгээ аманд аялагдаж байна?

-Бага нас нь өнгөрөөд их, дээд сургуульд элсч ороод төгсөхдөө нэгнээ тэвэрч уйлалдаад эх орныхоо зүг зүг рүү салан оддог. Энэ бүхэнд “Хурд”-ын дуу хамт л явж байдаг. Гадаадад гарлаа. Тэндээ очоод “Хайрын улаан сарнай”-г сонсч байна. Эх орон, элгэн садан, ээж аав, найз нөхдийнхөө тухай дууг сонсч байна. “Хурд”-ын дуунуудыг ингэж мөнхөд байдгийн учир нь тийм. Тэр үеийн таван настай хүүхдүүд өнөөдөр 28-30 настай залуучууд, бүсгүйчүүд болчихоод хүний хань, хүүхдийн эцэг эх болж байна. Тэдний хүүхдүүдэд “Хурд”-ын дуу дахиад л нөлөөлж байгаа байхгүй юу. Үе үеэрээ сайн бүтээл, “Хурд” хамтлагийн маневр, хийц, дууны үгийн шилэлт сонголт, аялгуу, наалдалт, найруулга бүх юм нь амьдралтай ойрхон учраас оршин тогтноод байна. Оршин тогтнож байгаагийн цөм нь мэдээж үзэгч олон.

Бид чинь ажилгүй хүмүүс шүү дээ. Улсад ажил хийж үзээгүй. Өнөөдөр бид дуугаар амьдардаг. Дуугаа талх болгодог увидастай гэх юм уу, эсвэл аз гэх юм уу. Аав ээжээс авсан энэ сайхан хүмүүжил. Тэгээд түмэн олонтойгоо явах ийм л тавилантай нэг гэр бүл. Гэр бүл гэдэг чинь маш их хайр байдаг. Хайр байна гэдэг чинь хүндлэл байна гэсэн үг. Хайр, хүндлэл хоёулаа байхад оршин тогтнох суурь эх үндэс нь бий болдог. Яагаад вэ гэвэл хэн нь ч хэнийгээ орхиж явахгүй. Энэ л манай хамтлагийн үндэс суурь юм даа.

-Ихэнх хүнд “Хурд”-ын дуутай холбоотой дурсамж байдаг юм шиг ээ. Эсвэл танай хамтлагийн ямар нэг дууг сонсохоор хуучин дурсамж нь сэдэрдэг ч юм уу?

-Сэтгэлд нь хоногшиж үлдсэн юм хүн бүхэнд бий. Амьдралд ээдрээ байлгүй л яахав. Эхнэр нөхөр, гэр бүлд маргаан гарч л байдаг. Аав ээж нь манай хамтлагийн “Ханьдаа дуулъя”, “Аавдаа би хайртай” дууг хүүхдүүдээ анх мэдээ орж эхлэхээс нь л дуулж, сонсгосон байдаг. Би олон хүнээс сонсч байлаа. Аав ээжийгээ маргалдахаар манай хамтлагийн дуртай дууг нь ч юм уу, эсвэл “Ханьдаа дуулъя” дууг тавьчихдаг гэсэн.

“Ханьдаа дуулъя” дуу,

…Хань минь чи тийм цаг ирвэл дэндүү хайр итгэлийг минь санаад

Халуухан нөмрөөсөө намайг буцаахаа азнаач

Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол

Салхи даган жиндэн өтөлнө… гэдэг сайхан үгтэй.

Ингэж л “Хурд”-ын дуу тэр айлын хүмүүжил, дотоод уур амьсгал, гэр бүлийн халуун дулаан амьдралд нөлөөлөх нь өндөр байгаа юм л даа. Гэр бүл салаад л явж байна. “Зураг шиг бүсгүй” ч гэдэг юм уу. Анхны хайр болгон ямар бүтдэг ч биш. Ер нь бол жижиг бага насанд шохоорхол л байдаг. Тэр нь яваандаа хайр болдог ч гэдэг юм уу. Дуу болгоны цаана нэг түүх, дуу болгоны цаана хэн нэгэн хүний амьдрал яваад байгаа юм. Энэ цаг үед хурд ингэж байгаа нь нэг талаас бид их л азтай хүмүүс юм аа. Түмэн олон, ард түмнээрээ хүрээлүүлээд тэжээлгэж байна шүү дээ. Гэхдээ бид зүгээр суугаад тэжээлгэдэггүй. Оюуны асар их бүтээл гаргадаг. Хүмүүс хармаанаасаа эргэлт буцалтгүйгээр 20, 30 мянган төгрөгийг эргэлзээгүйгээр шууд гаргаж “Хурд”-ын тоглолтыг үзэж дэмжинэ гэдэг чинь бидний хийсэн бүтээлүүд хүмүүст их сайхан хүрдгийн нэг хэлбэр. Энэ их хайрыг л дааж явах ёстой. Энэ хайрыг бид хүндэлж биширч, түмэн олондоо залбирч явах л ёстой байхгүй юу.

-Хамтлаг, дуучдын шүтэн бишрэгч дундаас амьд хөгжмийн хамтлагийн шүтэн бишрэгчид нь илүү “амьд” байдаг. Нэгэн оюутан танай тоглолтын тасалбарыг авах мөнгөгүй болохоор “UB palace”-ийн гадаа зогсоод тоглолтыг тань чагнаж даган дуулж байхыг мэдэх юм?

-Ээ… (Уулга алдав). Нэг талаасаа тийм гоё үнэнч фэнтэй болчихсон байна гэдэг бол бахархмаар. Манай тоглолтууд дээр мэр сэр залуучууд ирчихээд манай хамгаалагчдад ханддаг. Манайхан чинь их зөөлөн шүү.

-Одоо ингээд зөөлөн гээд хэлчихээр ирэх сард болох тоглолтод чинь залуус тэгж орох гээд зүтгэчихвэл яана?

-(Инээв). Сэтгэлээсээ, дотроосоо хөгжимд дурлачихсан, “Хурд”-ын дууг сонсдог, дотроо шүтчихсэн, дуртай гэдэг нь нүднээс нь харагддаг юм. Үнэхээр тийм хүүхдүүдийг дагуулаад л тоглолт руу оруулж байсан тохиолдол бий бий.

Дараа нь түүхээ ярьдаг. Савхин хүрмээ зараад “Хурд”-ын тоглолтыг үзэж байсан тухайгаа өнөөдөр хүртэл ярьдаг фэн залуу маань байгаа шүү дээ. Савхин хүрмээ заран заран байж шүү. Гэхдээ их хямдхан зарсан гэж байгаа юм. Тоглолт эхлэх гээд байдаг, хүмүүс ороод байдаг. Мөнгөгүй. Тэгээд яахав өмсч явсан аятайхан савхин хүрэм хүрмээ зараад тоглолт үзсэн байдаг. Тэр тухай ярьж бидэнтэй одоо ч холбоотой явдаг юм тэр залуу. “Хурд”-ын дууг сонсохоор л савхин хүрэм нь нэг бодогддог гэсэн. Тийм л үнэнч. Гоё байгаа биз дээ.

-Танай хамтлагийг сонсдог гадныхан гэвэл?

-Гадны хүмүүс маш их болоод байна. Тоо нь нэмэгдээд байна. Урд зүг, Европ гээд хаана ч очсон биднийг ойлгохгүй, мэдэхгүй хөгжим сонсдог хүн гэж алга шүү. Ялангуяа сүүлд Шведэд очиход манай хамтлагийг сонсдог тав, зургаан швед залуучууд биднийг зорьж ирсэн. Бидний талаарх мэдээллийг интернэтээс анх олоод судлаад дуу уран бүтээлийг маань сонсоод таалагдсан гэсэн. Норвегид бас байна. Германд бол зөндөө байна даа. Хоёрдугаарт, хэлийг нь мэдэхгүй, ойлгодоггүй ч гэсэн Ар Монголын “Хурд” хамтлаг Өмнөд Монголын хот, сум, хошуудаар маш их очиж тоглодог болсон. Шанхай, Мьянмар, Вьетнамын хил дээр зохиогддог рок фестивальд очиж оролцдог боллоо. Тэнд Монгол байтугай, Өмнөд монгол хүн ганц ч байхгүй. Тэнд бид монголоороо л дуулдаг. Тэрбум гаруй хүнтэй Хятад улсын хөгжим сонирхдог залуус “Хурд” гэж Ар Монголын ийм нэг хамтлаг байдаг гэдгийг бараг бүгд гадарладаг болчихсон гэхэд болно доо. Түүнээсээ урагшлаад Тайвань, Тайланд руу хүрээ тэлэгдээд л байна. Олон ч уралдаан, рок фестивальд оролцдог ш дээ.

-Арванхоёрдугаар сар гаргаад “Хурд” хамтлаг “Никитон” хамтлагтай хамтраад тоглолт хийхээр болжээ?

-Хамтарсан тоглолт гэдэг нь нэг талаасаа их сайхан юм байгаа юм. Энэ цаг үед эвдрэлцэх, холдох, биенээ үзэн ядах үзэгдэл ялангуяа улс төр дээр их ажиглагдаж байна. Монгол монголоо гээж, Монгол монголоо хайрлахгүй, биенээ хайрлахгүй, хүндлэхгүй болж байна. Бидний гол зорилго бол бид хэдүүлхнээ шүү дээ, адилхан л монголчууд. Яагаад нэгнээ хүндэлж ярьж ойлгож болдоггүй юм бол оо. Энэ улстөрийнхөн, том том дарга нарыг ч гэсэн юм бодоосой гэж бодсон юм. Өнөөдөр Монголын рок поп, эстрад урлагт өөрсдийнхөө хийж бүтээсэн хөдөлмөрөөрөө “Хурд”, “Харанга”, “Никитон” хамтарч тоглож байсан. Тэр бол эв нэгдэл. Нэг нэгэндээ хүндлэл үзүүлэхгүй бол хэн хүндлэл үзүүлэх юм бэ. Бид л үлгэр жишээ үзүүлэхгүй бол өөр хэн үзүүлэх юм. Улс төр л лав биш юм байна. Улстөрийнхнөөс нөхөрлөл, сайхан инээмсэглэл алга. Сайхан чин сэтгэлээсээ инээмсэглэдэг улстөрч алга болчихож. Бүгдээрээ л үрчийсэн, урвайсан, бие биенээ хардсан, сэрдсэн тийм байдал үүсчихээд байна уу даа. Унжгар дорой байхын эхлэл нь энэ улс төрчдийн увайгүй яриа юм. Хүүхэд залууст яасан үлгэр дуурайлалгүй байна аа. Уг нь улс төрч хүн гэхээр бидний багад их өөр байсан санагдах юм. Их л гоё хүмүүс байсан юм. Дарга гэхээр л гоё.

-Дарга, дарга гэцгээж хүндэлж. Даргын хүүхдүүд ч аав, ээжийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж ихэд хичээдэг байж?

-Даргын хүүхэд хүртэл аавынхаа далбаан дор ухамсартай, хүмүүжилтэй, бусдад сайнаар нөлөөлдөг, гоё байж. Одоо бол эсрэгээрээ. Яагаад вэ гэвэл энэ бүхэн аав ээж, миний үеийнхэнтэй холбоотой. Төрийн гурван өндөрлөгөөс эхлүүлээд бүхий л шатанд миний үеийнхэн байна. Яг манай үеийнхэн улс төр, бизнес, урлагийн тавцан дээр бүгд л толгой байна л даа. Уг нь хүмүүжил сайтай, мундаг хүмүүс байх ёстой юм. Тэгээд яагаад ингээд байдаг юм бол оо. Улс орноо муухай харагдуулаад байна шүү гэдэг дээр л сэтгэл их эмзэглээд байдаг юм.

Иймээс бид ярилцаад “Хурд”, “Никитон” хамтраад нэгдүгээрт, эв нэгдэлтэй, хоёрдугаарт нэг нэгэндээ хайртай байя л даа. Үүнийг л бид дуугаараа, уран бүтээлээрээ дамжуулна. Хамтарсан тоглолт тэртэй тэргүй хүн болгоны сэтгэлд баяр болж харагдана. Сэтгэл нь хөглөгдөнө, хөөрнө, баярлана. Яагаад дандаа гудамжаар дүүрэн хоёр гараа унжуулсан, хагас доошоо харсан, зовсон, сэтгэл нь гундсан хүн их болчихоод байна шүү дээ. Цоглог байя, бүгдэд нь нөлөөлж чаддаггүй юм аа гэхэд сав байрных нь боломжоор нь хүмүүс орж үзээд нэг удаа ч гэсэн сэтгэлийн их таашаал аваг гэсэн бодлоор “Никитон” хамтлагтайгаа хамтарч ийм тоглолт хийх гэж байгаа юм.

-Хоёр өдөр тоглох билүү?

-Хоёр өдөр тоглоно.

-Арванхоёрдугаар сарын 9, 10-нд байх аа?

-Тийм тийм. Хоёр хамтлагийн хамгийн хамгийн хит дуунууд эгшиглэнэ. Хоёр хамтлаг нийлээд 25, 26 дуу дууллаа гэхэд гурван цагийн концерт шүү дээ. Бүрэн хэмжээний тоглолт. UB паласт болно. Энэ тоглолтоороо бид хайр гэдэг үгийг л дахин дахин хэлмээр байна. Хэн ч бай нэгнийгээ хүндэтгэж хайрлах ёстой гэсэн ийм л уриагаар энэ тоглолтоо хамтарч хийж байна. Манай рок поп дотор ойлголцдоггүй хүмүүс байдаг. Бас ойлголцоход хэцүү хүмүүс байдаг. Гэхдээ бид бие биенээ ойлгож, ойлголцохгүйтэйгээ ойлголцож, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг адилхан л уран бүтээл хийгээд явж байна. Бусад уран бүтээлчдээ ч уриалж байна. Хайр бэлэглэмээр байна. Монголчуудад хайр дутаад байна. Монголчуудад гоё инээмсэглэл дутаад байна. Гэтэл утаа нь эхэлчихлээ. Тэгээд дээрээс нь улс төр ингээд бужигнаад байхаар яасан ч гунигтай юм бэ дээ, гурай юм бэ дээ гэж харагдах юм. Энэ болгоноос л түмэн олноо тодорхой хэмжээгээр чирч гаргах ёстой, манлайлж явах ёстой, урлагийн хүмүүс. Сэтгэл их өндөр, өег байх ёстой.

-Амьд хөгжим сонирхогчдын хувьд “Никитон”, “Хурд” хоёр хамтарч тоглолт хийх гэж байгаа нь тоглолт гэхээсээ илүүтэй баяр, шинэ жилийн бэлэг мэт л санагдаж байгаа байх?

-Ер нь тэгж бодож болно ш дээ. Энэ бол бэлэг. Үүнийг ер нь уламжлал болгоё гэсэн бодолтой байгаа. Жил болгоны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын хоёр өдөрт тааруулж урлаг, хөгжмийн ийм том баярыг хийж байя гээд эхлэлийг нь манай хоёр хамтлаг тавьж байна.

Энд нэг зүйлийг хэлэхэд энэ жил мундаг улс төрч гэж битгий шалгаруулаасай. Мундаг улстөрч гэж хэн ч харагдахгүй байна шүү. Тийм номинаци зохиож хэн нэгнийгээ битгий худлаа шагнаарай гэж хэлье. Өнөө жилийн хувьд Монголд мундаг улс төрч байхгүй байгаа шүү. Би л хэлж байгаа болохоос түмэн олны л үг шүү. Тэр нь их онигоотой санагдаад байдаг юм. Гадныханд тийм шагнал, номенаци байдаг юм уу. Шагнал өгөхийн өвчин туссан биш дээ. Урлаг ярьж байгаад улс төр ярьчихлаа. Уг нь би улс төр ярих дургүй. Улс төр бол бөөн бухимдал.

Бидний энэ удаагийн тоглолт маш сонирхолтой байх болно. Шилдгийн шилдэг дуунуудаа дуулна. Бид олон ч хоног бэлтгэлээ хамтарч хийж байгаа. Маш сонин сонин сюрприз бий. Дуу, урлагийн маш гоё ертөнцийг тэр хоёр өдөрт мэдрүүлнэ. Ирсэн хүний сэтгэлд түүх болон үлдэх тийм тоглолт болно.

-Тоглолтын нэр “Нүргээн”?

-“Нүргээн” шүү дээ. Үнэхээр нүргэлүүлээд өгнө өө.

-Танай хамтлагийн хуурцаг, цомог, сонины хайлчилбарыг олон жилийн турш цуглуулж байгаа, бүх дууг тань цээжээр мэддэг үнэнч фэнийг тань мэдэх юм байна?

-1996, 1997 оны үед байх аа. Жаахан охин зургийн дэвтэр дээр наачихсан, гялгар уутанд хийчихсэн асар олон цуглуулгаа танилцуулж билээ. “Хурд”-ын талаар сонин дээр гарсан бүх л мэдээ сэлтийг зураг хөрөгтэй нь хайчилж хадгалсаар ирсэн байсан. Тэр охин ч биш, тийм маш олон фэн байдаг юм, би зөндөө сонссон. “Нүргээн” тоглолтоос өмнө “Хурд”-ын тухай гарсан анхны сонин хэвлэлээс нь эхлүүлээд одоог хүртэл хайлчилбар хийж байгаа хүн ирэх юм бол би ногоон гэрлээр л тоглолтоо үзүүлнэ шүү. Фэйсбүүк, цахим хөгжчихсөн байхад “Хурд” хамтлагтайгаа холбоо барихыг хичээгээрэй. Фэйсбүүкт ороод ирвэл би байж л байна. Манай хамтлагтай холбоотой тэр сайхан түүхүүдийг цуглуулдаг хүмүүс Монголын өнцөг булан бүрт байдаг. “Хурд”-ын хайчилбарыг цуглуулдаг эмээ ч байдаг юм. Хороололд амьдардаг эмээ л дээ. Одоо холбоо тасарчихаад байна. Жил болгон Хүүхдийн баяраар бидэнд бэлэг авчирч өгдөг байсан сан. Хэрвээ “Хурд”-тай холбоотой хайчилбар, ямар нэгэн юм цуглуулдаг хүн байвал би шалгаруулаад тоглолтоо үзүүлэхэд бэлэн байна шүү гэдгийг “Өдрийн сонин”-оор дамжуулж хэлж байна. Нүргэлүүлээд өгнө өө, нүргээн болно оо. Нүргээнэ шүү.

Categories
мэдээ цаг-үе

М.Уранчимэг: Алдар нэр, амар тайван нэг саванд багтдаггүй

“Гранд” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Манханы Уранчимэгтэй ярилцлаа. “Гранд” сэтгүүл саяхан 100 дахь дугаараа өлгийдөн авч, баярын арга хэмжээгээ арванхоёрдугаар сарын 04-нд шинэ номынхоо нээлтээр хийхээр зэхэж байна.


-“Гранд” сэтгүүл 100 дахь дугаараа гаргажээ. Долоон жилийн турш сэтгүүлээ тасралтгүй гаргаж ирсэн, уншигчдын хүлээлтийг үүсгэж чадсан сэтгүүлийн эрхлэгчийн хувьд 100 дахь дугаараа гаргах үед яг ямар сэтгэгдэл төрж байв. Юуны тухай бодов?

-Хэн нэгэнд өгсөн хайр сэтгэлтэй жишиж үзэх юм бол нэг ч өдөр ухарч няцаж, урваж шарвахгүйгээр сэтгүүлдээ бүхнээ зориулж өдий хүрч ирлээ. 100 дахь дугаараа нэр төртэйгээр гаргачихъя, магадгүй бид дараагийн алхмаа хийх ёстой байх гэсэн шүү юм бодогдох юм билээ. Сэтгүүл хийж байсан, энэ салбарт ажилладаг, жаргал зовлонг нь мэддэг хүмүүсийн зүгээс бүхэл бүтэн 100 дугаар уу, мундаг байна гэж байгаа юм. Нээрээ л тийм юм уу гэж бодсон нь бий. Үнэхээр нүсэр хөдөлмөр байдаг л даа.

-100 дахь дугаарын баяртаа зориулж “Цэнхэр оймстнууд” нэртэй ном гаргаж байгаа юм билээ. Өмнө нь 2012 онд “Grand хүмүүс” нэртэй ярилцлагын ном гаргаж байсныг санаж байна. “Цэнхэр оймстууд”-ын онцлог юу вэ?

-Анхны “Grand хүмүүс” номны тухайд аавынхаа дурсгалд зориулж ном гаргая гэсэн нэг өнцөг байсан. Нөгөө өнцөг нь он цаг өнгөрсөн ч үнэ цэнэ нь буурахгүй, унших тутамд цоо шинэ мэдлэг, мэдээлэл, мэдрэмж авч байхаар сайн ярилцлагуудыг ном болгоод эмхэтгээд гаргачихвал уншигчдад илүү өгөөжтэй байх юм байна гэдэг үүднээс гаргаж байсан. Ер нь сайн ярилцлагчидтай хийсэн ярилцлагууд он цагийн тоосонд дарагдаад, хэвлэлийн шарласан хуудсанд түүх болоод үлдчих гээд байдаг талтай шүү дээ.

“Цэнхэр оймстууд”-ын тухайд “Гранд”-ын долоон жилийн түүх, 100 дугаарт гарч байсан шилмэл сайн ярилцлагууд мөн хөрөг, эссе нийтлэлүүдээс агуулга нь бүрдэж байгаа. Энэ ч зүгээр юм, тэр ярилцлага ч өгөөжтэй юм гэж түүсээр байтал 44 хүний ярилцлага, цөөнгүй нийтлэл эссе нийлээд 600 нүүр ном болсон. Номынхоо нээлт, 100 дахь дугаарын баяр Дуурь бүжгийн эрдмийн театрын фоенд арванхоёрдугаар сарын 04-нд болно. Өдөр нь сэтгүүл зүйгээр мэргэшиж буй оюутнуудад лекц унших төлөвлөгөө манай баярын бас нэг хэсэг байх юм.

-Номоо “Цэнхэр оймстууд” гэж яагаад нэрийдэх болов? Анхаарал татсан сонирхолтой нэр санагдсан.

-Цэнхэр оймстууд гэдэг нэршил манайхны хувьд шинэ тутам үг байх. Харин утга санааны хувьд бол өнөөгийн клубийн соёлын эхлэл үетэй холбогддог салоны нэг нэршил л дээ. XVII зууны Европын тэр дундаа Францын язгууртны нийгэмд үүссэн соёлын нэг хэлбэр. Язгууртны хүрээлэл дэх оюун санааны элитүүд наадаж наргих мөн үзэл санаагаа хуваалцах зорилгоор үе үе нэгнийдээ цуглаж урлаг, утга зохиол, соёл улс төрийн талаар яриа өрнүүлдэг байсан. Олон ч алдартай салонууд тэр үед нээгдэж, нийгмийнхээ оюун санааны амьдралд маш олон талаар нөлөөлсөн байдаг. Салонуудаас Европын алдартай зохиолчид, улс төрчид, гүн ухаантнууд ч төрөн гарсан гэж үздэг. Тэднийг цэнхэр оймстуудын нийгэмлэг гэж бас нэрийддэг байсан. Салоны соёл хүчтэй дэлгэрсэн XVII зуунд цэнхэр оймстны нийгэмлэг гэдэгт эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хамрагддаг байсан. Гэтэл XVIII зуунаас өнөөг хүртэл цэнхэр оймстон гэж зөвхөн оюунлаг, боловсролтой эмэгтэйчүүдийг тодорхойлдог нэршил болсон нь салоны соёлыг дээдсийн хүрээний үзэсгэлэнтэй, нэр нөлөө бүхий, хөрөнгөлөг, боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүд анх дэлгэрүүлсэнтэй холбоотой юм билээ. Товчхондоо нийгмээ оюун санааны тухайд түүчээлж, чиглүүлж явдаг оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд гээд байгаа юм. Номонд ярилцлага нь орсон ноёд, хатагтай нар бүгд салбар салбартаа хийж бүтээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны элитүүд. Тэднийгээ манай нийгмийн цэнхэр оймстууд байгаасай, энэ үүргээсээ хэзээ ч битгий ухарч няцаасай гэсэн санаа “Цэнхэр оймстууд” номын гол концепци нь гэх үү дээ.

-“Гранд” сэтгүүл бол оюуны талх үйлдвэрлэгчдийн нэг. Манай улсад таны ярьж буй “салон” хэр их хэрэгтэй гэж та боддог вэ?

-Аль ч нийгэмд ямар ч цаг үед хэрэгтэй зүйл байх аа. Гол нь тэд дуу хоолойгоо, үзэл санаагаа олон нийтэд хүргэж байх нь чухал гэж би хувьдаа боддог. Харамсалтай нь ихэнх нь хөшигний ард л байцгаах юм. Энэ чинь нэг талаараа амиа бодож байгаа бэртэгчин үзэл мөн шүү. Тийм ч учраас “Гранд” сэтгүүл ярилцлагынхаа хойморт аль болох цэнхэр оймстуудыг урьж, үзэл санаа, үгийг нь сонсч, олон түмэнд хүргэхийг зорьж ирсэн. Жишээлбэл, хамгийн сүүлийн буюу 100 дахь дугаарт Монголын сэтгүүл зүйн хатан хаан, нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлага орсон. Тэр манай нийгмийн цэнхэр оймстон мөн үү гэвэл мөн. Өөрийнх нь хэлсэнчлэн Б.Ганчимэг бол сэтгүүл зүйд тавилангаа өгч,үзгээ нэг ч өдөр хойш тавихгүйгээр бичиж, нийтэлж энэ нийгмийн болж бүтэхгүй зүйлстэй “байлдаж”, болж байгааг нь сайшааж, урамшуулж үүгээрээ нийгмийнхээ оюун санааны амьдралд том үүрэг гүйцэтгэж ирсэн фигур. Хүний сэтгэлийн тухай бичдэгээрээ ч тэр гайхалтай. Б.Ганчимэгийн ярилцлагаас уншигчид маш олон үзэл санаа, ухаарал, бас урам зориг авсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Үүний өмнөх дугаарт антропологич Ш.Туяа гээд залуухан эрдэмтэн бүсгүйн ярилцлага нийтлэгдсэн. АНУ-д харьцуулсан уран зохиолоор магистр хамгаалсан, өдгөө Английн алдарт Кембрижэд антропологиор докторын зэрэг хамгаалах гэж байгаа түүний ярилцлагаас ямар их мэдээлэл, үзэл санаа олж авна гээч. Бид эрдэмтдийнхээ үг, байр суурийг байнга сонсч байх нь ямар их ач тустай болохыг Ш.Туяагийн ярилцлагаас олж мэднэ шүү. Цаашилбал, түүхч Д.Өлзийбаатар доктор, түүхч Т.Лхагваа багш, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, эзотерикч Н.Сома багш, Н.Сома багшийг би хувьдаа ёс суртахуунч гэж нэрийдсэн, ёс зүйн нэгдмэл төрмөл зарчмын тухай маш сонирхолтой онол ярьдаг хүн л дээ,Холливудын од Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа гэх мэт олон сайн ярилцагчдын сайн ярилцлагууд “Цэнхэр оймстууд” номонд багтсан.Чухам эрдэмтэн докторууд, цэнхэр оймтсуудынхаа үзэл санааг олон нийтэд түгээж, хүргэх нь сэтгүүлч бидний нэг үндсэн үүрэг юм. Соён гэгээрүүлэх үүрэг гэдэг шүү дээ. Цэнхэр оймстуудын дуу хоолой манай өнөөгийн нийгэмд чухал байгаа зүйлсийн нэг.

-“Гранд” сэтгүүл бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлүүд дотроос юугаараа онцлогтой гэж хэлэх вэ?

-Фото зураг их, бичвэр бага байдаг нь “Гранд”-ын үндсэн онцлог. Сэтгүүл нэг талаас бизнес. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явдаг. Энэ зарчмын үүднээс бол өнөөдөр ийм сэтгүүл өндөр эрэлттэй байна. Гадны улсуудад ч гэсэн оддын амьдралыг бичдэг, папараци зураг голцуу супер маркетуудаар талх шиг зарагддаг “Реорle”, “ОК” гэх мэт сэтгүүлүүд байдаг л даа. Тэрний нэг хувилбар юм уу даа. Магадгүй фото зураг ихтэй учраас уншигчид их таатай хүлээж авдаг байх. Мэдээллийн энэ их урсгал, давалгаа заримдаа дарамт мэт санагддаг болсон юм шиг ээ. Урт бичвэр уншихаас зайлсхийдэг хэв маяг их ажиглагдах юм билээ. Нийгмийнхээ энэ араншин дээр “Гранд” долоон жил оршин тогтнож ирлээ. Редакцийн зүгээс баримталдаг гол бодлого маань үнэн байх, шударга байх, мөн үзэл санаатай байх. Нэг шар мэдээ бичсэн ч гэсэн үзэл санаа ард нь байх ёстой гэдэг бодлого баримталдаг. Энэ өнцөг “Гранд”-ыг бас тодорхойлно шүү.

-Танай жанрын сэтгүүлийг шар хэвлэлийнхэн гэцгээдэг. Үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Шар хэвлэл бол аливаа нийгэмд байх ёстой сэтгүүл зүйн гол жанр шүү дээ. Тэгж яривал Америкийн CNN их yellow тал руугаа хэлбийсэн нийтлэлийн бодлоготой байдаг. Энэ нь сэтгүүл зүй нийгмийнхээ ёс зүйн манаач байх ёстой хоточ нохойн үүргээ гүйцэтгэж байгаа нэг хэлбэр юм. Манай шар хэвлэлүүд гэхээр ерээд оны үед чөлөөт хэвлэлийн хэв маяг анх орж ирж байсан үеийнх нь саваагүй, зарим талаараа мэргэжлийн бус ч гэмээр имижээр нь тодорхойлох гээд байдаг. Харь гаригийн нисдэг тавагт бууж гэнэ, алмастай нүүр тулж гэнэ гэх мэт мэдээллүүд тэр үед л гарч байлаа шүү дээ. Олон нийт ч их гэнэн итгэмтгий байсан юм шиг байгаа юм. Ийм зүйлс бичсэн сонин талх шиг зарагддаг байсан гэж байгаа ш дээ. Одоо ийм зүйл бичвэл хэн ч итгэхгүй. Бүр элэг доог болно.

Ер нь бол чөлөөт хэвлэл байх ёстой. Сайд, ялаа хоёрыг сонингоор цохиж “ална” гэдэг чинь зүгээр нэг үг биш шүү дээ. Ёс зүй, хууль шүүхээс айхаа больсон эрх мэдэлтнүүд хэвлэлийнхнээс ядахдаа л жийрхдэг биз дээ. Энэ үүднээсээ ёс зүйн гайгүй сайн манаачийн үүргийг бид чадах хэрээрээ гүйцэтгэж явна. “Гранд” жишээ нь хүн төвтэй сэтгүүл зүйг хөгжүүлж явна. Нийгмийн аль ч түвшний амьдрал хүнтэй, хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг учраас хүний тухай, хүний сайн муу, сайхан муухайгийн тухай, тэдний ёс бусын тухай бас сайн ёс зүйн талаар бид бичих л ёстой. Тэгж байж нийгмийн ёс зүй, соёл хэлбэршинэ гэж боддог ш дээ. Энэ үүргээ олны танил хүмүүс буюу манайхны нэрийдэж заншсанаар оддоор дамжуулан биелүүлж байна. Оддын хувцаслалтыг олон нийт даган дуурайж байна гэдэг чинь од хүн нийгмийнхээ нөлөө бүхий гишүүн гэсэн үг мөн биз. Тэгвэл тэр од маань хувцаслалтаас гадна үг үйлдэл, ёс зүйгээрээ үлгэр жишээ байх ёстой. Нэг үүрэг нь гэсэн үг. “Од юм бол од шиг бай!” гэж Б.Ганчимэг эгчийн хэлдэг энэ байхгүй юу. Тэдний амьдралын хэв маяг, ёс зүйн хэм хэмжээ, соёл дээр энэ нийгмийн соёл, ёс зүй, амьдралд хандах хандлага тогтоно. Тэгэхээр бид яалт ч үгүй тэдэнтэй “тулж” ажиллах хэрэгтэй болдог доо. Тиймээс бид сэтгүүлийнхээ сайн, муу бүх баатруудад хайртай байдаг.

-Тэгвэл ёс зүй гэж юу юм бэ?

-Ёс суртахуун бол оюун ухаант хүнийг амьтнаас ялгаж буй гол зүйл шүү дээ. Жишээ нь миний хүүхэд миний ахын хүүхэдтэй яагаад суудаггүй юм бэ! Энэ бол ёс суртахуун. Харин ёс зүй бол хүмүүсийг дотор нь сайн, муугаар нь ялгах гол үзүүлэлт юм уу. Ёс зүйтэй хүн бол соёлтой хүн, сайн хүн. Ёс зүйгүй нэгэн бол муу хүн, нийгмийн хог шаар гэдэг ангилал руу ороод явчихна. Соёлын түвшин өндөрсөх тусам хүний байгалийн мөн чанарт үзүүлэх дарамт хүчтэй болдог гэж Зигмунд Фрейд онолдсон байдаг шүү дээ. Тэгэхээр л ёс зүйн шаардлага гэдэг чинь хүнийг тодорхойлох гол хүчин зүйл мөн байгаа биз дээ.

Хүмүүс одоо ёс зүй гэж их ярих болж. Улс төрийн ёс зүй, бизнесийн ёс зүй, сэтгүүл зүйн ёс зүй гэх мэт. Би бодохдоо ийм өндөр түвшний ёс зүй ярихаасаа өмнө хүний ёс зүйн тухай ярих хэрэгтэй. Хувь хүн ёс зүйтэй байх юм бол дараагийн түвшний ёс зүй аяндаа хэлбэршинэ. Жишээ ярья л даа. Ёс зүйн хувьд асуудалтай хүнийг шүүмжилж бичсэн сэтгүүл зүй ёс зүйгүй юм уу эсвэл гэр бүлээсээ гадуур амьдрал зохиогоод буй тэр нэгэн “од” ёс зүйгүй юм уу? Бодох л асуудал. Хэн нэгэн хоёр, гурван эхнэртэй байхыг одоогоор манайд хуулиар шийдэж, шийтгэж чадахгүй байна. Социализмын үед гэр бүлээс гадуур “завхайрсан” нэгнийг намын гишүүнчлэлээс хөөж, хөдөө орон нутаг руу цөлдөг байж. Одоо бол энэ мэт ёс бус явдлаа ардчилал, хүний эрх гэдэг том бамбайн дор нуудаг, халхавчилдаг болсон. Ардчилал анархизм руу хальтирчихсан байгаагийн нэг жишээ энэ. Гэтэл үүнийг бичиж, шүүмжилж байгаа хэвлэлийнхнийг ёс зүйгүй амьтад, хүний ор хөнжлийн явдал хэнд хамаатай юм, эсвэл баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай юм гэдэг энэ тэр чинь ер нь явж явж зэрлэг анархизм шүү дээ. Үндсэндээ манай нийгэм тун ч адгуусжиж байна гэж харагддаг даа.

-Танайх сэтгүүлээс гадна grandnews.mn гээд сайттай. Сошиалд хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Усыг нь уувал ёсыг нь дагана. Цахим мэдээллийн хэрэгсэл яалт ч үгүй чиг хандлага. Гэхдээ хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл хэзээ ч үнэ цэнээ алдахгүй ээ. Илүү бодитой, мэргэжлийн мэдээллийг тэд хүргэж чадаж байна. Тэр хэрээр үнэ цэнэтэй хэвээр байна. Grandnews.mn сайтын тухайд чиг хандлагад дулдуйдаж, цаг үеийнхээ араншинг дагаж гарсан нэг салбар маань. Гэхдээ миний хувьд сэтгүүлдээ л хамаг хайр сэтгэлээ өгсөн хэвээр байна. Сайтынхаа ажилд үнэхээр оролцож чаддаггүй.

-Сэтгүүл дээр олны танил хүмүүс ихэвчлэн бичигддэг. Танай сэтгүүлийн гол дүрийн баатрууд эргээд сэтгүүл рүү ямар байдлаар хариу үйлдэл гаргадаг вэ гэдэг нь сонин байна. Нэг талаар од болгоод өгч байгаад талархах уу эсвэл бухимдаж уурлах нь элбэг үү?

-Янз бүрийн л реакци ирнэ л дээ. Хүнээсээ шалтгаалдаг. Сэтгүүл гарч байсан эхний жилүүдэд бухимдал, гомдол заримдаа ч рекет маягийн юмс их л ирдэг байлаа. Тэр үед нөгөө л жанжин шугам үнэн шударга зарчимдаа бүхнийг даатгана. Ер нь манайхан байнга л алтан цээжтэй, мөнгөн бөгстэй гэж бичүүлэх дуртай улс шүү (инээв). Сүүлийн жилүүдэд харьцангуй уужуу ханддаг болсоон. Би сайн ч бай, муугаар ч бай бичүүлж байгаа нь би од, олны танил гэсэн үг юм байна, нийгэм олон нийт намайг анзаарч харж байгаа гэсэн үг юм байна гэдгийг илүү ойлгодог болсон байх.

Ер нь алдар нэр, амар тайван амьдрал хоёр нэг саванд хэзээ ч багтдаггүйг ойлгох хэрэгтэй л дээ. Энэ алтан зарчмыг ойлгочихвол одууд маань их уужуу, тайван болох байх шүү. Гэтэл манайхан ихэвчлэн нэр алдартай хэрнээ ажин түжин амьдрахыг хүсээд байдаг юм шиг. Зарчмаа мэдэхгүй байгаагийн гай л даа. Нийгмээс хайр хүндлэл хүлээчихээд долоон буудлын Должин эмээ шиг гэртээ нам гүм амьдраад байна гэж яг үнэндээ тэр болгон байхгүй шүү дээ. Зарим маш цөөн тооны хүмүүс л алдар нэрийхээ хувь заяатай эвлэрчихсэн, хүлээн зөвшөөрчихсөн байдаг.

-“Гранд Урнаа” хувийн амьдралаасаа танилцуулаач? Уншигчид танай сэтгүүлийг сайн мэддэг ч сэтгүүлийг эрхлэн гаргадаг хүн өөрөө ямар хүн байдгийг магадгүй сонирхож байгаа байх. Аль сургууль төгссөн, гэр бүлтэй юу гэх мэт.

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүл зүйн ангийг төгссөн. Саяхан өөд болчихлоо, нэрт сэтгүүлч, романч СГЗ Д.Цэмбэл, нэрт сэтгүүлч, зохиолч, СГЗ До.Цэнджав хэмээх хоёр агуу багшаас номын дуу сонсч мэргэжлийн чиг баримжаатай болсондоо баярлаж, бахархаж явдаг. Нэгдүгээр курсээсээ эхлэн сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш 17 жил тасралтгүй үзэг, цаастай нөхөрлөж явна. Амьдрал маань ердөө сэтгүүл зүйн тогоонд эргэлдсээр өдий хүрч ирлээ л дээ. Бараг анхны гялгар сэтгүүлүүдийн нэг “Гялбаа”-д ажиллаж байхдаа гоё сэтгүүлтэй болох юмсан гэж мөрөөдөж байсан. Хэдий анх мөрөөдөж байсан шигээ классик сэтгүүлтэй болоогүй ч сэтгүүлтэй болох мөрөөдөл маань биелсэн. Ажилдаа гаргадаг цаг зав маань хэтэрхий их байснаас тэр үү, одоогоор гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй байна.