Categories
мэдээ нийгэм

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс 2017 оны ажлаа дүгнэсэн тайлангийн хурлаа хийлээ

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2017 онд 36 иргэний аюулгүй байдал хамгаалалтын арга хэмжээг эрсдэлгүй зохион байгуулж хэрэгжүүллээ.

Тус хэлтэс нь 2017 онд хуучнаар алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн засвар хийсэн байранд нүүн байрлаж, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх 78 сая гаруй төгрөгийн тусгай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, туулах чадвар бүхий 1 автомашинаар хангагдан ажиллаж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2017 оны ажлын ололт амжилт, алдаа дутагдал цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээ зорилтоо тодорхойлон хэлтсийн 2017 оны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнөө зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

АН-ын үндэсний бодлогын хороо хуралдана

Зураг

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит II хуралдаан энэ сарын 30-нд Төрийн ордонд хуралдахаар товложээ.

Үндэсний бодлогын хорооны тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Үндсэн дүрмийн хороогоор баталжээ. Улмаар хуралдаанаар үзэл баримтлалаа хэлэлцэж, бодлогын зөвлөлүүд байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн улс төрийн зөвлөлөө баталж, Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдээ батламжлах аж.

Categories
мэдээ нийгэм

“Сүү” хк малчдаас авдаг сүүнийхээ үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмэв

Зураг

“Сүү” ХК өчигдрөөс эхлэн малчид фермерүүдээс авдаг сүүнийхээ үнийг литр тутамд 200 төгрөг болгож нэмлээ. Өнгөрөгч зун гандуу цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй өвс, хивэг тэжээлийн нөөц багасч, улмаар үнэ өссөн. Зарим газарт малын гоц халдварт өвчин гарснаас сүүний гарц багасч өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой тус компани ийнхүү малчид фермерүүдээ дэмжихээр дээрх шийдвэрийг гаргасан байна. Тус компани одоогийн байдлаар 2500 бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж бөгөөд жилийн дөрвөн улиралд малчны хотноос шинэ сүү татан авч, үйлдвэрийн аргаар боловсруулан хэрэглэгчдэд хүргэдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүрэгт ажиллав

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүрэгт ажиллав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий А/918 дугаар захирамж гаргасан. Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Захиргааны хэлтсийн дарга И.Уранчимэг, Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр нар Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллалаа.

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо нь 656 өрх, 2272 хүн амтай, 2 дугаар хороо нь 540 өрх, 1927 хүн амтай. Тус дүүрэгт Төрийн өмчит үйлдвэрийн газар 3, төсөвт байгууллага 19, хязгаарлагдмал хариуцлагатай компани 19, Төмөр замын харьяа байгууллага 10, төрийн бус байгууллага 5, нийт 56 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

“Манай хороо нь тусгайлсан төсөвгүй тул бичиг хэргийн зардал байхгүй, компьютерийн хүрэлцээ дутмаг, хорооны иргэдээс тусламж, халамжийн хөнгөлөлт, дэмжлэг хүссэн хүсэлт их байдаг зэрэг шийдэх шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна” хэмээн 1-р хорооны Зохион байгуулагч Н.Цэцэглэн, Нийгмийн ажилтан Д.Даваадулам нартай уулзалтын үеэр ярьж байлаа.

2-р хорооны хувьд багагүй бэрхшээл тулгарч ажиллах нөхцөл тааруу байгаа талаар ажилтнууд нь ярьж байсан. Тус хорооны нийгмийн ажилтан А.Жаргалтуяа “Ажлын байр, ажилгүйдэл ядуурал ихтэй, гадны байгууллагын төслөөр халамж хүртдэг. Төмөр замын 10 байгууллагад мэргэжлийн хүмүүс нь ажиллаад дийлэнх иргэд нь ажилгүй, ажлын байргүй байна. Төмөр замын эрчим хүч, ус хангамжийн I ангийн хариуцдаг ундны усны худаг 400 гаруй мянган төгрөгийн өртэй учир худгийг хаасан, хорооны иргэд усны хомсдолд орж, баярын үеэр усгүй болох эрсдэлтэй байна. Өнгөрсөн жил дүүргээс зардлыг шийдэж өгсөн боловч одоо хүртэл ажиллахгүй байна. Энэ тухай төмөр замын удирдлагад уламжилдаг боловч шийдэгддэггүй. Хүн ам багатай учир өрхийн эмнэлэг байхгүй, хэсгийн эмнэлэг ажилладаг боловч хүртээмж муу. Нарийн мэргэжлийн шүдний эмч, эмэгтэйчүүдийн эмч байхгүй тул Улаанбаатар хот эсвэл Налайх дүүрэг рүү очиж үзүүлдэг. Төмөр замын спорт заал, клуб төлбөртэй байдаг. Хорооны Иргэний танхимыг тохижуулах хүсэлтэй боловч төсөв мөнгөгүй байна. Хорооны байрны халаалт муу учир ажилтнууд бүгд нэг өрөөнд суудаг” хэмээж байлаа.

Ажлын хэсгийнхэн тус дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллах үеэрээ хорооны утасгүй интернэт Wifi ажиллахгүй байсныг шалгаж хэвийн ажиллагаанд оруулсан байна. Дүүргээс эрчим хүчээ хэмнэх зорилгоор төхөөрөмжийг эрчим хүчнээс салгаснаас саатал үүсээд байсан аж. Ажлын хэсгийнхэн хорооны ажилтнуудын тавьсан санал хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилна гэдгээ мэдэгдлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анна Цэндина та жаргалтай, урт насалтугай!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.ХУЛАН

Их сургуулийн баруун талын таван давхар шар байшин хэлтэйсэн бол, яасан их юм ярих бол оо? ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, их зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн энэ байшингийн нэгэн үүдээр залуу цагтаа сэвэлзтэл, идэр насандаа намалзтал алхан гэртээ орж гарч, угсаатан зүйч, орос эхнэр Люба нь инээмсэглэн угтаж, тачигнасан гурван хүү буюу Лев, Костя, Миша нар нөгөө өрөөнд ноцолдож өссөнийг хэлж өгнө байх. Өвгөн эрдэмтэн нас ахихын хэрээр өөр шиг ээ номтой өвгөчүүлийг хөдөөнөөс урьж залж, тэднээс үг тосон бичиж авангаа сонин сайхан хууч дэлгэж суухыг энэ байшингийн хана тоосго тун сайн мэднэ. “Солийг сольсон нь”, “Гологдсон хүүхэн”, “Зугаацахаар мордсон нь” , “Чемодантай юм”, Буурал ээж” гээд, уншаагүй монгол хүн үгүй шахам, алдарт бүтээлүүд энд л бичгийн ширээнээ төрж, орос чийдэнгийн тод шар гэрэлд Монголын Нууц товчоо эх хэлнээ галиглагдан, Төрийн сүлд дуу зохиогдсон энэ байшингийн хамгийн гол чухал, давтагдашгүй нэгэн бүтээл бол Анна Цэндина яахын аргагүй мөн билээ.

Аня аав ээжээ нас тогтсон хойно, 1954 онд гарсан, хүлээгдэж хүсэгдэж ирсэн , айлын хэнз охин. Анна гэдэг нэр бол эртний иврит хэлнээс үүсэлтэй, үзэсгэлэн төгс, тунамал ариун, ихэмсэг дээд, эрхэмсгийн билэгдэлтэй. Гэвч эрхэмсэг Анна тэр үеийн л монгол хүүхдүүдийн нэгэн адил, “хөрвийн аргаар”, хээ гоогүй өсч торнисныг хүүхэд насных нь гэрэл зургуудаас харж болноо. Ах нараа дуурайгаад эршүүд, сэргэлэн хар нүд нь ямагт “яагаад” гэсэн асуултаар гэрэлтсэн шинжтэй, хөөрхөн охин явж. Нэг удаа хаанаас ч юм цэрэг малгай олж толгой дээрээ тавиад, аавынхаа хамаг одон медалийг энгэртээ зүүн, гэртээ өлгөөстэй байсан япон жад мөрлөн гадаа явж байхад нь цагдаа нар “баривчлан”, аавынх нь шагналуудаар эзнийг нь олж тогтоон, гэрт нь хүргэж өгсөн жишээтэй. Тэр үеийн сэхээтнүүд охидоо төгөлдөр хуур тоглож сургахад анхаардаг, ерөөс хөгжмийн боловсрол аль ч цагт үнэлэгддэг тул Аня Хөгжим бүжгийн сургуульд элсэн орж суралцсан байдаг. Гэр оронд нь намуухан дулаан, ээжийнх нь байнга хийдэг нарийн боов бялуу үнэртэж, ажлынхаа өрөөнд аав өнөө л дуусдаггүй уншиж бичих ажлаа хийж , монгол орос соёлын нийлбэр ийм нэгэн айл аж төрөнхөн суужээ. Гэрт нь нэг удаа гадаадын нэртэй эрдэмтэн зочлоод гарахдаа, сууж байсан сандалны хадаасанд өмдөө урсан гэсэн “хов” Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Самбуу гуайн сонорт хүрч, тэр даруй Ц.Дамдинсүрэнгийн рүү ачааны машин дүүрэн мебель тавилга ачигджээ. Тэр тавилгаас заримыг нь л аваад, одоо гэрт багтахгүй, бас ийм гоё ганган юм манайд хэрэггүй гээд ихэнхийг буцаасан нь ч болсон юм билээ. Эрдэмтнээ ойлгож тусладаг Самбуу сайдыг “буусны” дараа, эрдэмтэн маань өөрөө толь бичгийн асуудлаар түшмэлүүдэд шалгагдаж, цагдаад хоргоогдож байх хожуу үед мөнөөх тавилгын үнийг “дээд дарга” нар суутгаж авна гэж баахан өр нэхэж зовоосон байдаг.

Анна Цэндина өдгөө жаран нас дундалжээ. Москвагийн шуугиан, Петербургийн Набережная-гийн жихүүн салхинд нас хэвийж л яваа манай унаган иргэн, орос дүр, орос нэртэй ч монголоор дүүрэн сэтгэлтэй монгол судлаач түүнийг ихэнх монголчууд элэг татан таньж мэдэж сүйд болохгүй л болов уу. Харин эрдэм соёлын хүрээнийхэндээ бол хэзээд хүндлэгдэж, гадаадад болдог монгол судлалын олон улсын том хурал зөвлөгөөн болгонд эрхэм нэр нь сэнтийн дээр бичээстэй бэлхнээ хүлээж байдаг болсон. Анна ямагт даруухан, “их мөрөн шиг дөлгөөн” аавын охин байсаар ирсэн ч монгол судлалын тал дээр, түүн шиг тод чанга дуу хоолойтой эрдэмтэн ховор л байгаа. Аль багадаа сурсан монгол хэл бичгээс гадна, орос, англи, немц, дорноос бол төвд хэл бичгээр мэргэшсэн. Ланьжоугийн Их сургуульд суралцах богинохон хугацаандаа хятад хэлээр аваа өгөөтэй болоод ирснийг нь гайхах юун. Монгол судлалаар ажиллаж эхлэхэд нь аав нь эхэндээ нэг их тоогоогүй гэдэг. Өөрийн үзэл бодолтой болог, үг үсэг бэдрэн утгыг тайлах эрдмийн ажлын хатуу хүтүүг бие дааж туулаг гэсэндээ тэр байх. Гуч гарсан хойно нь л харин, энэ хүн монгол судлалаар замнах нь баталгаатай болжээ гэснийх ч үү, санал бодлоо хэлж, хамтран ажиллах болжээ. Анхных нь эрдэм шинжилгээний бүтээл, энэтхэгийн уран зохиолын сод дурсгал Панчатантрын судалгааны ажлыг аав охин хоёр хамтран бичиж тэртээ наян хэдэн онд хэвлүүлсэн юм. Өнгөрөгч олон жилд Анна Цэндина дорно дахины болон монгол, төвдийн эртний утга зохиол, түүхийн сурвалж судлалаар амжилттай ажиллахын зэрэгцээ олон сайн шавь нарыг бэлтгэлээ. Орос талдаа монголыг мэдэх эрдэмтний жагсаалтыг тэрбээр ном бүтээлээрээ тэргүүлсээр байна. ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны Их Сургуулийн салбарын эрхлэгчээр уригдан хичээл зааж, бие даан болон бусадтай хамтран олон арван эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсээр байгаа билээ. Аавынх нь мэндэлсний 110 жилийн ой ирэх жил тохионо. Монголоо монголоор нь авч үлдэхийн тулд үзэл суртлын хана хэрэмтэй тулж, шоронд орж, юу эсийг үзсэн билээ, Дамдинсүрэн гуай. “Халх монголын малчин, хатгин овгийн нүүдэлчний ..” эгэл сайхан дүртэй хөшөөг нь нийслэлийн төвд босгоход орчин цагийн эрх мэдэлтнүүд гар татахгүй байлгүй дээ.

“Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрдөг шунхан улаан залуу нас “Анягийн тухайд тэр чигээрээ монгол судлалд зориулагдаж, хувийн амьдрал гээч зүйл нь ч орхигдсон бололтой байдаг. Ид залуу сайхан насанд нь ээж нь автын осолд орж хөдөлгөөн хоригдсон бөгөөд олон жил ээжийгээ асран тойлох ачааг Анна өөр дээрээ үүрсэн дээ бас. Ах нар яахав, эхнэр авч үр хүүхэдтэй болцгоосон бөгөөд хоёр том нь физикч, бага ах нь эдийн засагч, Дамдинсүрэнгийн үр удам өнөр олуулаа, ажил төрөлтэй сайн сайхан л явцгааж байна. Анна л харин, монгол судлалтай насаараа “ханилж”, үнэнч хэвээрээ яваа нь хайрламаар, бахадмаар, бас жаахан өрөвдмөөр байдаг. Гээд хэзээний бардамхан, эцэг шиг ээ шооч, бууж өгөх дургүй Аннагаа монголчууд бид улам сайнаар, улам дотноор таньж мэдсээр байгаа. Цаг эргэж, хүмүүс юм уншдаг болж эхэллээ. Монголчууд язгуур үндэс, эх хэл соёл руугаа тэмүүлэх боллоо. Нэгэн цагт дарга нар орос эхнэр авч, оросоор сэтгэж, оросын талд “урваж” байсан түүхийн яг эсрэгээр, манай ясны монголч эрдэмтэд ханиа, үр хүүхдүүдээ бүгдийг “монголжуулан” авч үлдсэний ялгуун сайхан жишээ бол Анна. Анна Цэндина Та эрүүл энх, жаргалтай урт насалтугай, яагаад гэвэл Анна гэдэг нэр ихэмсэг дээдийн билэгдэл агуулдаг шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан хоёр хувь байхаар тогтов.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоолоо.

Шимтгэлийн хэмжээг шинэчилснээр тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэний сард төлөх хэмжээ буурч байна. Мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулах иргэдийн тоо өсч, даатгалын сангийн чадавхи нэмэгдэн, даатгуулагч иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 66.2 сая толгой мал урьдчилсан дүнгээр тоолууллаа

Зураг

Жилийн урьдчилсан тооллогын дүнгээр Монгол Улс 66.2 сая тоо толгой мал тоолууллаа. Энэ нь өмнөх оноос 4.6 сая малаар нэмэгдсэн үзүүлэлт юм. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа хэлэхдээ, “ҮСХ орон даяар мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Тооллого явснаас хойш 10 хоногийн дотор урьдчилсан дүнг танилцуулж байна. 2017 онд малын тоо таван төрөлдөө өссөн үзүүлэлт гарлаа. Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувийг эзэлж байна. Адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүллээ. Малчин өрхийн тоо 228.9 мянгад хүрч, өмнөх оноос 2.3 хувиар өсөв.
Улмаар 200 хүртэл малтай өрх өмнөх оноос 1.8 функтээр буурлаа.Тодруулбал цөөн малтай өрхийн тоо буурч, мал ихтэй өрх нэмэгдлээ.Мөн 2017 онд 17 мянган өрх шинээр малтай болсон байна” гэв.

Малын тоо таван төрөл дээр өсчээ. Тодруулбал адуу 3 сая 939.4 болж өмнөх оноос 303.5 тоо толгойгоор өссөн байна. Үхэр 4 сая 388.2 тоо толгой болж өмнөх оноос даруй 307,3 үхэр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтой ахмадуудад хотын дарга орон сууцны түлхүүр гардууллаа

Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтой ахмадуудад хотын дарга орон сууцны түлхүүр гардууллаа

Шинэ оны босгон дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим ахмадад орон сууцны түлхүүр гардуулав.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэргийг үндэслэж, улс нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн М.Зэнээ агсны гэргий Баянгол дүүргийн иргэн Ж.Бямбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Батбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа нарт тус бүр хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсынхаа төлөө нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн залуу насыг зориулж, хөдөлмөрийн ид бахыг үзүүлэн ажиллаж байсан ахмадуудад орон сууцны түлхүүр гардуулж байгаадаа маш их баяртай байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж улсаас байр олгодог явдал байхгүй болсон. Гэсэн хэдий ч бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа орон сууц барьдаг компаниудтай хамтран иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өнөөгийн Монгол Улсыг бий болгохын төлөө зүтгэж ирсэн ахмадуудынхаа амьдралын гачигдалтай байдал, эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзээд туслалцаа үзүүлж байгаа. Энэ ажил олон нийтийг хамарч чадахгүй байгаа хэдий ч цаашид НЗДТГ-т ирдэг олон зуун өргөдлийг багасгахын төлөө ажиллах болно. Та бүхэнд аз жаргалтай, урт удаан наслахыг ерөөе” хэмээн онцоллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал “Би Монгол Улсын хамгийн хүнд салбарын нэг болох Налайхын их уурхайд 40 гаруй жил ажилласан. Газрын гүний ажил гэдэг хамгийн хүнд байдаг. Аюулгүйн ажиллагаа ихтэй орчин нөхцөлд насаараа ажилласан. Олон жил улс эх орноосоо орон сууцтай болгож өгөхийг хүссэн өргөдөл бичиж байсан. Харин өнөөдөр миний энэ мөрөөдлийг биелүүлж орон сууцтай болгож байгаа хотын дарга С.Батболдод хязгааргүй талархаж, баяртай байна” хэмээлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяад НЗДТГ-аас орон сууцны түлхүүр гардуулсан. Түүний урлаг соёлд оруулсан хувь нэмрийг ийнхүү төр үнэлж, эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан дэмжлэг үзүүлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын тасалбарын борлуулалт 60 хувьтай байна

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 655 мянга гаруй тасалбар борлуулагдсан гэж мэдэгдлээ. Энэ нь 23 дахь удаагийн өвлийн наадмын тасалбарын борлуулалт 60 гаруй очим хувь нь юм. Хоёр сарын өмнө тасалбарын борлуулалт 32 хувьтай байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Пёнчаны өвлийн наадмын нээлт, хаалт болон бусад тэмцээн уралдаанд зориулж зохион байгуулах хороо нийтдээ нэг сая гаруй тасалбар хэвлэжээ. Борлуулагдаагүй тасалбарыг ирэх оны хоёрдугаар сар буюу олимпийн нээлтээс өмнө худалдаж дуусгах тухай холбогдох албаныхан мэдээлж байна. Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны тасалбар суудлын байршлаас хамаараад монгол мөнгөөр 484-3.3 сая төгрөг юм. Харин тэмцээний тасалбар Монгол мөнгөөр 44 мянгаас 1.2 сая төгрөгийн ханштай байна.

Өвлийн олимпийн 23 дахь наадам БНСУ-ын Пёнчан хотноо ирэх 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. Тус улс түүхэндээ 30 жилийн өмнө буюу 1988 онд зуны олимпийн 24-р наадмыг зохион байгуулж байсан бол анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд И.К.Азизов шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт найз нараа!
Та бүхэнд ирж буй 2018 оны Шинэ жилийн чин сэтгэлийн мэнд дэвшүүлье!

Улирч буй 2017 он манай Хоёр орны хувьд ч, дэлхий ертөнцийн хувьд ч амаргүй жил байлаа. Гэвч хүнд хэцүү үед Орос, Монгол хоёр орныг холбодог эртний найрсаг харилцаа бүр ч илүү үнэ цэнэтэй болдгийг бид бүхэн мэдэх билээ. Манай хоёр улс гүрний хоорондын яриа хэлэлцээ дээд, өндөр түвшинд амжилттай үргэлжилж Монголын удирдагч өнгөрч буй онд ОХУ-д болсон Олон улсын эдийн засгийн томоохон арга хэмжээнд, түүний дотор Дорнын болон Петербургийн эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцлоо. Яам агентлаг болон бүс нутгийн хооронд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тэрчлэн соёл урлаг, боловсролын байгууллагын харилцан ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Бодит хүрээг хамарсан Монгол-Оросын харилцааг эрин цагийн дуудлагад бүрнээ нийцүүлэхийн төлөө бид уйгагүй хамтран ажилласаар байгаа билээ.
Монголын ард түмэнд болон найрсаг Монгол оронд ажиллаж, амьдарч буй ОХУ-ын иргэдэд сайн сайхныг билэгшээж, ирж буй 2018 онд айл, өрх бүрт аз жаргал, эрүүл энх, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг заяагаасай хэмээн ерөөе.

Шинэ оны баярын мэнд хүргэе, Эрхэм анд нөхөдөө!
Шинэ жилийн мэнд хүргэе!