Categories
мэдээ улс-төр

МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улиран сонгогдлоо

Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны 22-р Их хурал өнөөдөр боллоо. Дөрвөн жил тутам Ерөнхийлөгчөө шинээр сонгодог тус байгууллага энэ удаагийн Их хурлын үеэр ээлжит санал хураалтаа явуулсан байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар нэрээ дэвшүүлсэн юм. Санал хураалтын өмнө МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нэрээ татаж, Х.Амгаланбаатар, Б.Мягмар нар санал хураалтад оролцжээ.

Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улиран ажиллахаар болсон байна. Энэ удаагийн Их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцож буй юм.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат жүжигчин Самъяагийн Ганзориг: Найман удаа дахиулж дуулуулснаас хойш “Ган хоолойт” хэмээн дуудуулах болсон

“Бурхан Буудай уул”, “Алтан шар зам”, “Богд хан уул”, “Намрын өнгө” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ ард түмэндээ танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин “Ган хоолойт” Самъяагийн Ганзоригтой ярилцлаа.


-Удахгүй уран бүтээлийн тайлан тоглолт хийх гэж байгаа гэж сонссон. Таны хувьд ойрын жилүүдэд тоглолт хийгээгүй байх аа?

-2013 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэнгүй ээ. Ажил төрөл ихтэй, завгүй явсаар нэг мэдэхэд л таван жил болсон байна. Энэ хугацаанд миний дууг сонсох дуртай, намайг дэмждэг олон түмэн маань “Ганзориг гавьяат аа, өөрийн бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ” гэсэн санал, хүсэлт их ирүүлсэн. Ялангуяа миний хувийн цахим хаягаар иймэрхүү хүсэлт ирэх болсон. Миний хувьд ч нэг сайхан уран бүтээлийн тоглолт хийе гэж бодсоор өдийг хүрлээ. Ингээд энэ сарын 18-нд “UB palace”-ийн концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орж байна.

-Таны тоглолтод ямар уран бүтээлчид оролцох бол. Өмнөх тоглолтуудаас тань юугаараа онцлог болох вэ?

-Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь фонаграммтай дуулахгүй. Харин Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын оркестр, найрал дуучидтайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Хөгжим, бүжгийн их сургуулийн үндэсний найрал хөгжимтэй хамтран дуулахаараа онцлогтой юм аа. Энэхүү тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин Аюурзанын Долгор, гавьяат жүжигчин Гэндэндарамын Эрдэнэбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Авьяаслаг монголчууд” шоуны дэд байрын шагналт лимбэ, ёочин хөгжмийн хослол, “Улаанбаатар” чуулгынхан маань хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулна. Ерөнхийдөө урлагийн хүмүүсийн сэтгэл, хүсэл мөрөөдөл шингэсэн тоглолт болно. Миний хувьд алтан үеийн дуучид дуулсан, олон түмний сайн мэдэх дуугаа дуулна. Үзэгчид, сонсогчид маань ч хуучны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг дуулна. Мөн хажуугаар нь сүүлийн үеийн уран бүтээлүүдээсээ хүргэх болно. Голцуу үндэсний хөгжим, том, том чуулгууд хүрэлцэн ирж байгаа болохоор ерөнхийдөө “амьд” тоглолт болно.

-Та Алтай, говь хосолсон баруун аймгийн хүн. Таны уран бүтээлд ч уул, ус, нутгийн тухай дуунууд их бий дээ?

-Би 1970 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн хүн. Манай нутаг хүний диваажин болсон газар л даа. Алтай, говь, тал хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт нутаг. Баруун талаараа Хар азаргын нуруу, Бурхан Буудай уул, зүүн талаараа Хөх сэрхийн нуруу, Богдын нуруу хэмээх өндөр сүрлэг уулс нуруудаар хүрээлэгдсэн. Зуны аагим халуунд өндөр уулсаараа цастай сэрүүхэн байхад тал, говиороо халуун нар шарчих шахдаг ийм л сонин тогтоцтой. Энэ сайхан нутагт хүн болж төрснөөрөө бахархаж, хаа ч омогшиж явдаг. Аав, ээжийн минь буянаар дуулах авьяас, хоолой надад заяасан. Улмаар 2001-2006 онд Соёл урлагийн их сургуулийг Найдалмаа багшийнхаа удирдлага дор суралцан төгсөж, дуучин болж байлаа. Багаасаа хөдөө өсөж, уулсаа харж баясаж, нутгаа бодож сэрдэг болохоор нутгийн тухай, уул, усны тухай дуу дуулахдаа дуундаа их орж дуулдаг юм болов уу гэж боддог.

-Таныг Говь-Алтайн Бигэрээс Улаанбаатар хот руу фургон машинаар хүн тээвэрлэдэг байсан гэж сонссон. Ийн явахдаа аян замын дугараа өргөж, зорчигчдын сэтгэлийг дуугаараа хөдөлгөж байсан гэлцэх юм билээ. Та энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би чинь 1990 оноос хойш 2000 он хүртэл арван жил тендерт явсан жолооч л доо. Тэр үед чинь жинхэнэ зах зээл эхэлж байлаа шүү дээ. Залууст сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх бүх юм хаалттай болсон хүнд хэцүү үед амьдралд хөл тавьсан.1992 онд айл гэр болсон.Тэгээд жолооч болж нэг машин аваад ийш, тийшээ ойр зуур тээвэрт явна. Нутаг усандаа айл нүүлгэх, аргал ачихаас эхлээд л янз бүрийн ажил хийж байгаад сүүл рүүгээ зах зээлд орж ноос ноолуур, арьс ширний наймаа хийж наана цаана гэж явсаар байгаад амьдралаа жаахан төвхнүүлж авсан. Ингэж явахдаа машиныхаа кабинд хуучны, алдартай сайхан дуунууд, ардын дуугаа дуулж л явлаа. Ер нь манай жолооч нар мэднэдээ холын замд хань болдог ганц зүйл нь дуу шүү дээ. Хүн чаддаг, чаддаггүй нь хамаагүй монгол сайхан дуунуудаа дуулаад л явдаг. Манай нутгаас Улаанбаатар ороход мянга гаруй километр. Энэ хол газар олон хүмүүс авч яваа жолооч хүн ая дан өргөлгүй л яахав. Олон жил ингэж дуулаад явахаар зарим хүмүүс мэдсэн байх л даа. “Өө нөгөө сайхан дуулдаг жолооч залуу байна” гэцгээгээд л нэгэндээ ярина. Олон хүний ам дамжсан яриа явсаар миний дуучин болох хувь заяаны хаалгыг минь нээж өгсөн юм болов уу даа. Би тэгж л бодож байна.

-Ийм сайхан дуулдаг жолооч залуу яаж яваад мэргэжлийн дуучин болчихсон юм бэ?

-2000-аад оны эхээр юм. Тэр жил би “Нарантуул” зах дээр фургон машиндаа хөдөө явах хүмүүсийг суулгаж байтал “Алтай” чуулгын морин хуурч Иванов багш маань таарлаа. Мэндээ мэдэлцэж, ганц хоёр үг ярьтал багш маань “Соёл урлагийн их сургуульд эчнээгээр элсэлтээ авах гээд хэдхэн хоног үлдчихээд байна. Чам шиг сайхан дуулдаг, өвөрмөц хоолойтой хүн тэнд очиж шалгуулахгүй бол болохгүй” гэдэг юм байна. Би ч “Багшаа би хөдөө явах хүмүүсээ суулгачихсан, одоо яг хөдлөх гэж байна шүү дээ” гэтэл “Чи бушуухан яваад хүнээ буулгачих. Тэгээд яаж ийгээд хурдхан хүрч ирээд тэр сургуульд шалгалт өгөөдөх” гэж билээ. Ингээд Бигэр рүү хамаг хурдаараа явж хүмүүсээ буулгачихаад буцаад шалгалт болохоос ганцхан хоногийн өмнө хотод ирж билээ. Ингээд шалгалт өглөө. Анх Соёл урлагийн их сургууль дээр очиход Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн О.Булган багш маань хүлээн авч, Найдалмаа, Банди багштай уулзуулж, шалгалтад оруулсан даа. Тухайн үед надтай хамт жараад хүүхэд шалгалт өгснөөс би хоёрт жагсаж, тэнцэж билээ. Сурч байх явцдаа Үндэсний дуу бүжгийн чуулгад дуучнаар орж байсан. Тэр түүх их сонин. Хотод анх орж ирчихээд “ex­cel” автомашин авч, түүгээрээ хааяа таксинд явдаг байлаа. Нэг өдөр “халтууранд” явж байтал Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин, ардын дуучин Гэрэлмаатай таарлаа. Гэрэлмаа дуучин миний дуулахыг сонсчихоод “Чи Үндэсний дуу, бүжгийн чуулгад ор. Ёстой чиний байх ёстой газар шүү” гэж билээ. Учир нь энэхүү чуулгад Б.Банзрагч, В.Оросоо гуай нарын алдартай дуучид бүгд л уран бүтээлээ туурвиж байсан юм. Тэр дуучдаас хойш дуунуудыг нь дуулах, ойролцоо хоолойтой дуучин гарч ирээгүй байж л дээ. Харин намайг яг тохирно гэж бодсон болохоор чуулгад ор гээд байж.

-Таны удамд сайхан дуулдаг, дуучин хүмүүс бий юу?

-Их бий шүү. Миний аав, аавын минь аав их сайхан дуулдаг хүмүүс байлаа. Манай аав уртын дууг их сайхан дуулдаг. Одоо ч гэсэн сайхан дуулдаг хэвээрээ байгаа. Харин манай аавын өвөөг Засагт хан аймгийн даншиг наадам болоход хошуу ноёд нь дуулуулах гэж урьж аваачдаг байсан гэдэг. Одоо бөхийн барилдаан болохоор цаана нь тасралтгүй урдын дуу эгшиглэдэг дээ. Үүнтэй адил тухайн үед найр наадам, бөх хэзээ дуусна тэр хүртэл дуулчихдаг байсан гэнэ лээ. Өдгөө олон түмэндээ хүндлэгдсэн сайхан дуучин болсон маань удмын минь буян заяа биз ээ.

-Таны хоолойг мэргэжлийн хүмүүс цээлхэн, нарийн дуугардаг өвөрмөц гэдэг. Харин ард түмэн “Ган хоолой”-той дуучин гэлцдэг. Ер нь таны хоолой мэргэжлийн хэллэгээр ямар төрөлд нь багтдаг бол?

-Мэргэжлийн хэллэгээр теонор гэж байгаа юм. Монголоор хэлбэл эрэгтэй хоолойн хамгийн нарийн дуугаралт юм уу даа. Өөрөөр хэлбэл их нарийхан дуугардаг ч, цээлхэн, сонсголонтой хоолой гэж хэлж болно. “Ган хоолой” хэмээх нэрийг ард түмэн маань хайрласанд талархаж явдаг.

-Яагаад таныг “Ган хоолойт” гэж дуудах болов. Хэзээнээс ийм нэр зүүсэн бэ?

-Одоогоос бараг арваад жилийн өмнө юм уу даа. Хөдөө, орон нутгаар тоглолт хийж аймаг, сумдын ой, төрөл бүрийн арга хэмжээнд оролцох гээд их л явдаг байлаа. Ингэж яваад нэг сумын ойн арга хэмжээний үеэр найман удаа дахиулдаг юм байна. Хэд дахин дуулсан ч миний хоолой ядрахгүй, яг л хэвээрээ байсанд олон түмэн урам өгч “Ган хоолойт” хэмээн орилж билээ. Яг тэр цагаас хойш олон түмний дунд “Ган хоолойт” гэгдэх болсон юм уу даа. “Ган” гэдэг маань бөх бат, хугаршгүй, нугаршгүй гэсэн үг шүү дээ.

-Түрүүн та нэлээд хожуу дуучин болсон гэж хэлсэн. Ер нь эрэгтэй хүн дуучин болох гэж байгаа бол шилжилтийнхээ насыг өнгөрөөгөөд дуулах хэрэгтэй гэдэг. Учир нь шилжилтийн насан дээрээ эрэгтэй хүүхдийн хоолой бүдүүрч дуулж чадахаа больдог гэнэ л дээ. Та ер нь хоолойгоо хэрхэн гамнадаг вэ?

-Одоо бол жоохон гамнах талаар боддог болсон шүү. Ер нь хоолойгоо хамгаалж, гамнаж байгаа. Манай орон эрс тэс цаг ууртай, хуурайшилт, тоосжилт ихтэй шүү дээ. Өмнө нь хоолойгоо гамнана, хамгаална гэж мэддэггүй л байлаа. Хөдөө өсөж, төрсөн болохоор ч тэр үү тоодоггүй л явсан. Хөдөө чинь малын хөлийн тоосонд ч, морины нуруун дээр ч тэр “манартал” сайхан дуулаад л явдаг. Тийм болохоор саяхныг болтол хоолойгоо гамнах, хайрлах гэдгийг төдийлөн анхаардаггүй л байж.

-Таныг ард түмэн “Богд хан уул” дуугаар тань илүү сайн мэднэ. Энэхүү дууны шүлгийг зарим хүмүүс сөрөг талаас нь шүүмжилдэг. Гэхдээ үнэхээр сайхан шүлэгтэй, яруу тансаг дуу гэж боддог хүмүүс ч их. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-“Мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ

Ганган хийцтэй эмээл ч юм шиг ээ

Хүмүүний шүтээн Богд хан уул минь

Хүслийн минь тэнгэрт морь шиг дүүхэлзэнэ” хэмээх “Богд хан уул” дууны яруу найраг, ая дан үнэхээр гайхалтай. Монголчуудын хамгийн нандин дотно хүмүүс болох аав, ээж мөн эрхэмлэн дээдэлдэг хэрэглэлтэй нь зүйрлэж хэлсэн болохоор яаж ч бодсон муу шүлэг, муу дуу биш л дээ. Энэ дууны шүлгийг муу гэж хэлж байгаа хүн бол монгол ахуй, монгол ёс заншлаа, уул, ус хангай дэлхийгээ шүтэж, дээдэлж, хайрлаж чадахгүй байна гэсэн үг.

-Энэхүү дуу хэрхэн төрсөн бэ?

-Манай эхнэрийн авга ах Мягмар гэдэг хүн үгийг нь зохиосон. Хүү нь Хөх хотын Анагаах ухааны их сургуульд сурдаг.Тэгээд аав ээж хоёр нь хүүгээ дагаж гурав дөрвөн жил тэнд амьдарсан юм. Одоо Мягмар ахынх Богд уулын баруун хойд хормой дээр байдаг. Тэр хүн Хөх хотын “Далан хар уул”-ыг харж байж энэ шүлгийг бичсэн юм билээ. Анх шүлэг нь “Далан хар уул” нэртэй байсан юм. Би Цэвээнравдан багшид шүлгийг нь хүргэж өгөөд ая зохиолгосон. Анх дуулахдаа “Далан хар уул”- аар нь дуулсан. Тэгтэл хүмүүс “Далан хар уул” хаана байдаг юм танай нутагт байдаг юм уу гэж асуугаад байсан. Тэгээд би “Далан хар уул”- ыг өөрчлөх гэж нутгийнхаа уулсын нэрийг их бодож үзсэн боловч нэг л зохимжгүй оргиод. Тэгээд өргөн хүрээ хамруулъя гэж бодож байгаад яалт ч үгүй энэ Богд уулыг үзээгүй хараагүй монгол хүн байхгүй. Улаанбаатарт ирээгүй, хонож өнжөөгүй хүн гэж байхгүй болохоор Мягмар ахад хэлсэн. Энэ Богд хан ууландаа та мөргөж залбираад орой болгон өвөр дээр нь унтаж байгаа. Ерөөсөө хоёулаа Богд хан уул гэж өөрчилье гэсэн. Гэтэл чи өөрөө л яаж өөрчилмөөр байна дураараа бол гэж хэлсэн. Дараа нь Цэвээнравдан багшид хэлсэн. Яг зөв, тийм байна ерөөсөө л “Богд уул” юм байна гэсэн. Тэгээд л “Богд хан уул” дуу төрсөн түүхтэй л дээ.

-“Алтан намар” дууг ардын жүжигчин Зангад гуай дуулдаг. Таны хувьд энэ дууг анх дуулахдаа айж байв уу?

-Энэ дууг ард түмэн мэднэ. Эхэндээ Зангад гуай шиг олон түмэнд хүргэж чадах болов уу хэмээн санаа зовж л байсан. Гагцхүү дууг хэн ард түмэнд хүргэж хэн дуулсан гэдгээр нь ард түмэн үнэлдэг. Миний хувьд Зангад гуайтай уулзаж энэ дууг дуулж үзсэн. Бас санаанд нь тохирох эсэхийг ярилцсан. Харин Зангад гуай “Их сайхан дуулж байна. Болж байна шүү” гэсэнд урам ороод дүрсжүүлээд үзүүлсэн. Энэ дууны агуулга цар хүрээ асар гайхамшигтай учир айсан тал бий.

-Сүүлд таны дуулсан “Ардын дуу шиг амраг минь” хэмээх хайрын сэдэвтэй дууг олон түмэн их сонсох болжээ. Таны хувьд хайрын тухай дуулсан анхны дуу байх шүү?

-Тийм байна. Би чинь дандаа эх, орон, уул, ус, нутгийн дуу дуулдаг хүн. Хайрын сэдэвтэй хамгийн анхны дуу энэ дуу болж байна. Энэ сайхан дууны үгийг Төв аймгийн харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Цэрэндоо гуай бичсэн. Аяыг нь Янгиг хэмээх олон сайхан дуутай, хөгжмийн зохиолч бичсэн дээ. Энэ хүн маань дуу хөгжмийн багш. Надад ийм нэг дуу байна, чи дуулж өгөөч гэж над руу их олон ярьсан. Бид хоёр ч тухтайхан шиг уулзалдаж чадахгүй жил тойрсон. Ингээд жилийн дараа уулзаж, энэхүү дууг дуулснаар урын сандаа хайрын тухай нэгэн шинэ дууг нэмсэн дээ.

-Та гэр бүлээ танилцуулаач.Таны үр хүүхдүүдээс урлаг руу хөл тавьсан хүн бий юу?

-Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай том саяхан их сургуулиа төгссөн. Урлаг руу орж байгаа хүүхэд алга л байна. Гэхдээ манай хүүхдүүд дуулах дээрээ хүрвэл их хөөрхөн дуулчихдаг шүү. Урлагаар манай бага л явж магадгүй байгаа юм даа. Бага хүүхэд маань өнөө жил нэгдүгээр ангид сурч байна. Тэр нөхөр л дуулж магадгүй. Манай ах, дүү нар, нагацууд их сайхан дуулдаг. Бөөнөөрөө нийлж, найрлах юм бол нэг тоглолт дайны юм хийчихнэ шүү. (инээв)

-Таны гар их том харагдлаа. Та бага залуудаа барилдаж байсан уу?

-Өө, би чинь сумын цолтой бөх хүн шүү дээ (инээв). Одоогоор бол сумын харцага цолтой хүн. Залуудаа сумынхаа наадмаар аманд гарч, зургаа давж харцага болж билээ. Тэр үед буюу 1992 онд чинь суманд зургаа давсан бөхөд өсөх идэр начин хэмээх цол олгодог байлаа шүү. 1990 онд цэргээс халагдаж ирээд 1992 онд ийн цол хүртсэн дээ.

-Уран бүтээл туурвихаас өөр юу хийдэг бэ?

-Би хар багаасаа эмээ дээрээ, малын захад өссөн болохоор малд их элэгсүү л дээ. Тэр ч утгаараа одоо ч гэсэн малаа малласаар байгаа. Манайх хотод суурьшихдаа хөдөөнөөс малтайгаа ирсэн айл. Одоо хэдэн мал маань Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаар байна. Хааяа мал дээр очихоор сэтгэл тайвширч, нэг сайхан болчихоод л ирдэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Хуультай болон “хуульгүй” тагнуул

“Дандар баатрыг орос офицер буудсан гээд цаазаар авах болж.

Тэгтэл Сталин “Та нар ганц баатраа тэжээж чадахгүй юм бол манайд өгчих” гэсэн юм байхаа.

Тэгээд Дандар баатрыг шоронгоос гаргасан юм гэнэ лээ”

ХХ зууны цуурхал.

ЯРИАД ЭХЭЛСЭН БОЛ…

Хачин ч юм байх. Хуулиараа яваа юмны зий ч үгүй шахам болсон манай төрийн түшээ нар “хууль зөрчсөн эсэх” тухай байнга л ярих болж. Арай л хуулийн хүрээнд цас орж, мөсөн дээр хуулийн дагуу хальтирч унасан эсэхийг шүүх нь холгүй. Хуулийг алга болгож байгаагаа мэдэрсэн хүмүүсийн комплекс юм даг уу?

Тагнуул гэж гарчиглаад эхэлсэн хойно, өнөөдөр моодонд ороод байгаа тагнуулч Хурцын тухай ярина. Мэдээж, улстөрчид өөрийн гараар тэмбэржүржиг болгосон юмаа ярьдаг гээд бодохлоор манай төр тагнуулын ажлаа тавиад туучихсан нь ч ойлгомжтой.

ТАГНУУЛЧИЙН ДУУЛЬ

Тагнуулын дарга байгаад буусан Хурц бол хүн хулгайлсан гэмт хэрэгтэн ажгуу. Иймээс түүнийг шийтгэх хэрэгтэй гэж зарим хууль тогтоогчид нотолж байна. Шийтгэх эсэхийг тогтоодог өөр газар байдаг энэ тэр бол өнгөрсөөн, өнгөрсөн. Харин юу болоод өнгөрснийг эргэн санацгаая.

Монголын төр түүнд хүн хулгайлах даалгавар өгчээ, цэргийн хүн даалгаврын зөв бурууг шүүх эрхгүй учраас “мэдлээ гүйцэтгэе” гээд явжээ. Жижигхэн Монголын жижигхээн тагнуулч нь том Европын том хамгаалалт дундуур нэвтрээд төрөөс өгсөн үүргийг биелүүлжээ. Израйлын МОССАД хэмээх тагнуулын газар Аргентинаас фашистын гэмт хэрэгтнийг хулгайлан авчирч шүүхээр оруулсны дараа бичигдэхээр операци болжээ. “Балтыг өөрийг нь шагнах юмсан”.

Герман, Францын тагнуулын алба үүнийг мэдээд нүд нь орой дээрээ байтугай газраа очсон гэдэг. Учир нь, өрнөдийнхний нүдээр харахад, хонь хариулж, хомоол түүсэн хэвээрээ яваа Монголын тагнуулч, хамгийн орчин үеийн секурити, супер технологитой Европын холбооны хамар доогуур нь хүн хулгайлаад хэд хэдэн улсын хил давуулан оджээ.

Тэд сайндаа ч мэдээгүй болтой, хүн хулгайлсан явдлыг. Монголд уг ажиллагааны талаар өргөн хэлэлцүүлэг өрнөөд эхлэхээр мэдэж. Ер нь бол гадаад тагнуулынхаа ажлыг өөрснөө илчилсэн анхны тохиолдол. Бусдын нутагт “заншлан тагнах” ажлыг анх монголчууд сэдэж, бас бусдын нутагт явуулсан “тагнуулаа өөрснөө илчлэх” ажлыг ч монголчууд анх сэдсэн нь энэ байх.

Европын улс төр, тагнуулын байгууллагынхан “монгол тагнуул”-ын ажиллагааг битүүхэндээ бахдаж, наанадаж л бүс нутгийн аюулгүй байдлын цоорхойг илрүүлж өгсөн явдал боллоо гэлцэн, ханцуй дотроо эрхий хуруугаа гозойлгож байсан гэдэг. Гэхдээ манай гаригийн эрхэмсэг гүрнүүд хэмээн өөрсдийгөө хардаг Европ нэг муу хонины хүүхдэд ингэтлээ чадуулаад өнгөрвөл доромжлол болно. Иймээс Б.Хурцыг Англид явахад нь саатуулаад, ёс болгож хорьсон болоод явуулжээ.

Дээр өгүүлсэн түүх бол бүх ард түмний мэдэх зүйлс, ярьдаг сэдэв.Харин энэ асуудалд Хурцаас ч хурц нэг өнцөг, ярьдаггүй сэдэв байдаг. Хэн ийм даалгавар өгсөн тухай бид ярьдаггүй, хэн ийм даалгавар өгөх эрх мэдэлтэй албыг хашиж байсныг эргэн санахыг бид хүсдэггүй. Бас Монгол Улсын нууцын нууц баймаар гадаад тагнуулын дотоод талыг хэн олон нийтэд дэлгэсэн тухай бас ярьдаггүй. Хэн Монгол Улсын авьяаслаг гадаад тагнуулчийг гадаадынханд илчилж өгсөн тухай ярьдаггүй. Түүгээр ч барахгүй хэлмэгдэгч болон үлдсэн Энхбатын төлөөх гомдолд Хурцаар өөрөөр нь цэг тавихыг эрмэлзэх болсны нууцыг хэн ч сонирхдоггүй. Яаж ч бодсон гар нь загатнасан хэдэн тагнуулч халуурч сууснаа хөдөө явж адуу хулгайлахын оронд гадаадад явж хүн хулгайлахаар шийдсэн гэж төсөөлөгдөхгүй байна.

Ойр дотны хүнээ алдсан улсын уй гашуу, шударга бус явдалд эгдүүцсэн олон түмэн ч Хурцыг хурцлаад явуулсан хүнийг биш, хурцыг өөрийг нь үзэн ядаж байна. Яг л саваадсан хүнтэй биш саваатай нь зууралдаад байгаа аятай.

Бид алсын хараатай болно гэвэл хээнцэрдэх учраас ойрын хараагаа жаахан гүнзгийрүүлмээр байгаа юм. Наад зах нь өөр лүүгээ дайрсан нохойтой хөөцөлдөхийн оронд нохойгоо чамруу турхирсан хүнийг олж харахыг оролдох хэмжээнд. Гэтэл бид чинь нохойтой зодолдоод ялаад байдаг, харин турхирагч этгээд өөр нохой тэжээгээд л тавиад байдаг, нэг иймэрхүү дүр зураг харагдаад байгаа юм. Гэгээрсэн Будда “Зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилга” гэж сургасны учир энд байгаа.

ТАГНУУЛЧИД ДУУЛЬ БАЙХААС ХУУЛЬ БАЙДАГГҮЙ

Манайхан хууль зөрчиж гадаадад тагнуул хийсэн хүнээ шийтгэх тухай ярьж байна. Гэтэл хууль ёсны гадаад тагнуул гэж манай гариг дээр байдаггүй. Тэд эх орныхоо төлөө, хүний газар гүний нутагт хууль бус юм хийхээр оддог хүмүүс. Манайхан “Хаврын 17 учрал” киног мөн ч их үзсэн дээ. Штирлиц “Германд тагнуул хийх тухай Зөвлөлтийн хуулийг судлаад суудаг. КГБ-ынхан Штирлиц Германыг тагнах хуулиа баримталж байгаа эсэхийг шалгадаг” хэсэг байдаг билүү, юу билээ? Бас “Тагнуулчийн дууль” гээл алдартай кино байв даа.

Гадаад тагнуул чинь бараг л “а.Баригдаж болохгүй. б.Баригдвал хохь чинь” хоёрхон заалт бүхий ганцхан “дүрэм”-тэй гэдэг. Угаасаа тухайн орны хууль ёсыг зөрчиж явуулдаг ажиллагаа учраас хуульчилж болдоггүй. Дээр нь тагнуулч хүн даалгаврыг ухамсарлахгүйгээр биелүүлэх дадалтай байх учиртай. Бараг л “Аавыгаа бууд”, “мэдлээ,гүйцэтгэе”…пан!!” шахуу.

Иймээс “Хятадад тагнуул хийх тухай Монгол Улсын хууль” парламентаар хэлцээд л “Ни хао” гэж мэндлэнэ, мэндлэхгүй гээд баадуурч суух боломж байхгүй. Бас Монгол Улсад гадаадын тагнуул ажиллах хууль баталж “Гадаадын тагнуулч Монголын Консулаас “Т” ангиллын виз авна, авахгүйдээ тулан бохь зажилж суух боломж ч бас гарахгүй гэсэн үг.

ТӨРД ЗҮТГЭСЭНД ОРВОЛ…

Өнөөдөр Монголын төр өөрөө даалгавар өгч гүйцэтгэх ажилд томилсон хүнээ “шүүх” тухай хэлэлцэж байна. Даалгавраа биелүүлээгүй юм уу, муу биелүүлсэн тухайд нь биш. Харин “буруу” даалгавар биелүүлсэн асуудлаар шүүх бололтой.

Хамгийн гашуун нь улс төрчдийн энэ явуулга Монголын төрд тангараг өргөсөн гүйцэтгэх ажилтнууд, цэргийн албан хаагчдад ёс суртахууны цохилт болж байна. Төрийн өмнө гавьяа байгуулсан гавьяандаа магнай тэнэгэр ахмад үеийнхэнд айдас төрүүлж байна. Бас төрөөс өгсөн үүргийг амжилттай биелүүлсэндээ бахдаж яваа тусгай ажилтнууд ч намайг хэзээ илчлэх бол гэсэн айдсаар дүүрч яваа.

Хэрвээ Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон нь буруу болох юм бол яах вэ? Цэнхэр дуулга өмсөөд хилийн чанадад одсон дайчдаа баривчлаад эхлэх үү?

Японоос илүү том тусламж, улам том бонд авахын тулд Халх голын байлдаанд оролцсон ахмадуудаа буруутгах уу? Тэдний одон медаль, улсаас олгосон орон сууцыг хурааж эхлэх үү?

Ийм үед гарч байгаа логик нь “Монголын төрд зүтгэсэнд орвол Монголын төрөөс хулгай хийх нь аминд өлзийтэй” болж байна. Тээр жил Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд байхдаа “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэмээн санаа алдан өгүүлж байсансан.

ТӨГСГӨЛ

Социализмын хүүхдүүд сайн мэдэх нэгэн цуурхал байсан. Тэр домог-цуурхалд Дандар баатар орос цэргийн даргыг буудсан тухай гарна. Манайхан Дандар баатраа барьж аваад цаазлах юм болж. Гэтэл Сталин шууд утасдаад “Танайхан Дандар баатраа тэжээж чадахгүй юм бол манайд өгчих” гэж гэнэ. Ингээд Дандар баатар суллагдсан тухай тэнд өгүүлнэ.

Өнөөдөр Монгол Улсын “төр болгосон” улс төрчид хамгийн авьяаслаг гадаад тагнуулчаа төрөөс өгсөн үүргийг биелүүлсний төлөө шүүх тухай асуудал хэлэлцэж байна. Сэдэл нь: төрийн даалгавар буруу байсан явдал.

Энэ хэрэг явдлыг жинхэнэ хохирогч тал буюу өөрийгөө тагнуулдуулсан улсууд яаж харж байгаа бол? ХХ зууны Дандартай домог шиг “Монголчууд Хурцыгаа тэжээж чадахгүй бол бидэнд өгчихөөсэй” гэж бодож байгаа болов уу?

Эсвэл “Энэ барам амьд байх юм бол биднийг л тагнана. Хамар доороос юу ч аваад арилж мэднэ. Иймээс монголчууд өөрсдийнхөө тагнуулыг өөрсдөө нухчихаасай” хэмээн ханцуй дотроо залбирч суугаа болов уу? Бурхан л мэдэх буй заа.10 гаруй жилийн өмнө болсон явдлын тухайд болон түүнээс улбаалсан өнөөгийн явдлыг өгүүлэхэд ийм байна.

…Бид нэг юм үзэх нь ч үзнэ…

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хуультай болон “хуульгүй” тагнуул” нийтлэл хэвлэгдлээ

₮₮Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Замын-Үүдэд манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар томилолтоор ажиллаж байгаа юм. Тэдний бэлтгэсэн “Охиноо алга болоод хоёр хоносны дараа аав нь таван бөөгийн хамт гэртээ сахиус буулгасан гэв” хэмээх сурвалжилгыг тэргүүн нүүрнээс онцлон үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хуультай болон “хуульгүй” тагнуул” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг Ардчилсан намын дарга Д.Баттулгатай хийсэн ярилцлага улс төрийн тавдугаар нүүрэнд хэвлэгдсэн байна. Тэрээр “Нийслэлийн иргэдийн сонголтыг МАН үгүй хийчихлээ” хэмээн тодотгон хэлжээ.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Саудын Арабыг тойрсон асуудал буюу ханхүү нарын зөрчилдөөн” мэдээг үзээрэй.

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлтэй хийсэн ярилцлагыг багш нүүрнээс унших боломжтой. Тэрээр “Шуналын сэтгэлээ дарж, байгаль дэлхийг мөн чанараар нь ойлгосон хүн гөрөөчин болж чаддаг” гэжээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зургийн мастер С.Цогтбаяртай хийсэн ярилцлагыг XIII нүүрнээс хараарай. Тэрээр “Чадахгүй юмандаа тэчьяадан шунах нь зовлонгийн эх үүсвэр”гэсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт этгээдүүд ХААН банкинд халджээ

Шөнийн зах Хаанбанк зурган илэрцүүдБаянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Шөнийн зах” худалдааны төвд байдаг Хаан банкинд өнөө орой 19.20 цагийн үед зэвсэгтэй гурван этгээд дайран оржээ.

Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд хэргийн газарт шалгалт хийж байна. Болсон явдлын талаар цагдаагийнхан “Банкинд халдсан хэрэг гарсан. Хүний амь нас хохирсон болон дээрэм болоогүй. Хэргийн газрыг цагдаа нар хамгаалалтад аваад шалгаж байгаа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ. Харин эх сурвалж “Оройн 19.20 цагийн орчимд буутай гурван этгээд Шөнийн зах худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд орж, мөнгийг нь дээрэмдсэн. Гурвуулаа баг зүүсэн, буутай байсан” гэжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж байна

ЗурагАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын нийслэл Бээжин хотод гурван өдрийн төрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Д.Трамп энэ оны нэгдүгээр сард АНУ-ын төрийн тэргүүн болсноосоо хойш Хятад улсад анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр Хятадын Коммунист намын XIX их хурлаас хойш Хятад улсад айлчилж буй гадаад улс орны анхны төрийн тэргүүн болж байна.

Гурван өдрийн айлчлалынхаа үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад албан тушаалтантай яриа хэлэлцээ хийнэ.

Хятад улсын Гадаад хэргийн дэд сайд Жөн Зөгуаны мэдэгдсэнээр, Ши Жиньпин, Д.Трамп нар хоёр талын болоод олон улсын өргөн цар хүрээг хамарсан асуудлуудыг авч хэлэлцэх ажээ.

2017 он гарснаас хойш тэд гурав дахь удаагаа уулзах гэж байна. Эхний удаад энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Флорида муж улс дахь Д.Трампын “Мар-а-Лаго” хувийн амралтын газарт, дараа нь долдугаар сард Германы Гамбург хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм.

АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон Хятад улсад “зам гаргах” түүхэн айлчлал хийсний 45 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний энэ айлчлал нь хоёр улсын харилцааг хэвийн болгох эхлэлийг тавьсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Ялтан шилжүүлэх гэрээний хэрэгжилтийг сайжруулна

ЗурагГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнтэй өнөөдөр Гадаад харилцааны яаманд уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа богино хугацаанд Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь бүс нутагтаа үлгэр жишээ болж байгааг тэмдэглээд энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр улсын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг онцлов.

Цаашид хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, БНХАУ-д ял эдэлж буй Монгол иргэдэд анхаарал тавьж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн болно.

БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь Монгол Улсад хийж буй айлчлалаа амжилттай болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ял эдэлж буй Монгол иргэдийн үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Дуут дохио ашиглах зөвшөөрөлгүй 66 зөрчил илрүүлжээ

ЗурагТээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийг эрчимжүүлсэн аяныг өнгөрсөн сарын 30-наас эхлэн цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хийсэн хяналт шалгалтаар нийт 937 тээврийн хэрэгсэл шалгаснаас тус журмыг зөрчсөн 102 зөрчлийг илрүүлсэн байна.

Үүнээс зөвшөөрлийн хугацаа дууссан 30, зөвшөөрөлгүй 66, зөвшөөрлийн он засвартай-зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн гурван зөрчил илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Индра, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн, Чех улсын талаас Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Ива Шустакова, “Гравис Индастри” ХХК-ийн худалдаа хариуцсан менежер Эва Биолкова нар тус тус байлцав.

Уулзалтын үеэр Элчин сайд ноён Ийржи Бродский Улаанбаатар хоттой нийтийн тээвэр, байгаль орчин, ухаалаг хот зэрэг чиглэлээр голлон хамтран ажиллах саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Хоёр улсын нийслэл хотууд болох Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа нийтийн тээврийн салбарт туршлага солилцох нь зүйтэйг онцлов. Мөн нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын нэг болох автомашины зогсоолын тухайд Чех улсын компаниас дэвшүүлж буй шийдлийг уулзалтын үеэр хотын даргад танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх салбаруудын талаар санал солилцож, Улаанбаатар хотын өнөөгийн байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн түүнчлэн цаашид Чех улстай хамтран ажиллахад Улаанбаатар хот нээлттэй байгаа гэдгийг илэрхийллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нь ихээхэн үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан энэ үеэр онцолсон юм.

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ. Агаарын бохирдол ихтэй, мөн удирлын чанартай Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт 50 мянган хүүхдийн эрүүлжих нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тус үйл ажиллагааны үеэр “Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эцэг, эхчүүд маань өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь зайшлгүй шаардлагатай. Ялангуяа гадаад орчны бохирдлоос илүүтэй дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Манай орны нөхцөлд хүйтний улиралд агаарын бохирдол буюу утаа, амьсгалын замын халдвар, Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэх хандлагатай байдаг. Ханиад томууны хувьд, утаанаас шалтгаалж нэмэгдэж байгаа хэрэг биш юм. Энэ бол вирүсийн гаралтай өвчин. Өвчлөгсдийн 80 орчим хувийг хүүхэд эзэлдэг, хүйтний улиралд хүндрэх эрсдэлтэй учраас бид Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж хүүхдийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дотоод агаарын чанарыг үе шаттайгаар сайжруулах ажлын хүрээнд агаар цэвэршүүлэгч 200 төхөөрөмжийг тодорхой тасгуудад хуваарилж өглөө. Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг дүүргийн эмнэлгүүдийн хувьд энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Цаашид энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж, эмнэлгийн бусад өрөө тасалгааны дотоод орчны агаарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авна. Мөн цаашид агаар цэвэршүүлэгч суурин төхөөрөмжийг хүртэл эмнэлгүүд дээр байрлуулахаар төлөвлөж байгаа” хэмээн ярилаа Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд болсон уг арга хэмжээ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.