Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр 1.0 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийгджээ

Image result for Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 12 дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 145 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 230 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, 1.0 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн нэг онцлог давуу тал нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, САМО институт, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв зэрэг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагаас оролцож өөрийн байгууллагын хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг сурталчлан оролцсон юм. Мөн Монголын зөгийчид, зөгийн аж ахуй түүнээс гарч буй бүтээгдэхүүн болох Монгол зөгийн балыг өргөнөөр танилцуулсан нь зохион байгуулагч болон хэрэглэгчдийн хувьд шинэлэг болж өнгөрлөө. “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр “Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Живэртийн оргил” ХХК-ийн “Чацарганы шүүс”, “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Томбат” ХХК-ийн “Аз жаргал” жигнэмэг, “Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн” номинацид

“Хаш хүнс трейд” ХХК-ийн “Аавын дуртай” элэгний нухаш, “Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” номинацид Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны “Түнхэл сүү” хоршоо “Түнхэл тилзит хагас хатуу бяслаг”, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Мөрөн хүнс” ХХК “Үхрийн амталж хатаасан мах” бүтээгдэхүүнээрээ тус тус шалгарсан байна.

Мөн энэ жилээс эхлэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “ГРАН ПРИ” шагналыг аж ахуйн нэгжид бус хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компанийн бүтээгдэхүүнд олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Шимт газар” ХХК-ийн “Даршилсан өргөст хэмх” бүтээгдэхүүнээрээ “ГРАН ПРИ” шагналын эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сайдын үүрэг гүйцэтгэгч автын осол хийсэн үү

Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг, Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар автын онц ноцтой осол гарчээ. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз жи класс” маркийн … улсын дугаартай машинд мөргүүлж нас баржээ.

Уг автомашинд Засгийн газрын сайдын үүрэг гүйцэтгэгч, олны танил урлагийн хүнтэй согтуурсан байдалтай хамт явсан гэх мэдээллийг эх сурвалж өгөөд байна. Одоогоор автомашиныг хэн жолоодож явсныг тогтоогоогүй бөгөөд хурууны хээгээр таних үзлэг хийгдээгүй гэх мэдээлэл ч байна.

Тухайн үед авто осол болсон газарт цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийгээгүй, аймгийн прокурор шууд хяналтдаа авсан гэнэ. Нас барсан иргэн Ч нь хамгаалалтын каск, цацруулагч бүхий мотоцикл унаж явсан эсэх нь тодорхойгүй байгааг эх сурвалж дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Албадын хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгав

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна.

Өчигдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн бэлтгэл ажлын явцад хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”-ийн урьдчилан сургуулилтыг хийлгэж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгөв.
Түүнчлэн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо

Зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж асуулт асууж, саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Монгол Улс хэдий болтол гадны тусламжид найдаж амьдрах юм бэ. ОУВС-тай цаашид хамтран ажиллаад байх уу. Гадны хөрөнгө оруулалт, тусламж хэрэгтэй цагтаа хэрэгтэй л байх. Гэхдээ Монгол Улсын эрх ашгийг хангаж ажиллаж байна уу. Өнөөдөр Оюу-Толгойгоос олборлож байгаа баялгийг төрөөс хянаж чадаж байна уу. Ер нь уул уурхайн орд газруудыг хянаж чадаж байна уу. Бид үндэсний уул уурхайн бодлоготой ажиллаж байна уу. Цаашид хүүхдийн мөнгийг бүрэн олгох боломжгүйг та хэлсэн.Саяны Засгийн газрын тансаглалыг харахад хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох бололцоотой харагдаж байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх: -Улс орны эдийн засаг хүнд байгаа. Чингис бондын төлөлтөөс эхлээд хэд хэдэн зээлийн төлөлтийг ирэх оноос хийж эхэлнэ. Эдгээр төлөлтийг хийхгүй бол манай улсын эдийн засаг хүнд байдалд орно. Монгол орны иргэн нь өөрийн баялагтаа эзэн суух ёстой гэсэн таны саналтай санал нэг байна. Тиймээс өөрийн баялгийг хэрхэн зарцуулах нь дотоодын асуудал. Сүүлийн хэдэн жил уул уурхайг шүтэж ирсэн нь буруу. Тиймээс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлнэ. Үүний тулд МАА, газар тариалангаа хөгжүүлэх ёстой. Монголчууд бид хол замд хөтөлгөө морьтой гардаг шүү дээ. Түүнтэй л адил зүйл. Мөнгөтэй боломжтой бол багш, эмч нараас, хүүхдүүдээс таван цаасаа харамлахгүй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Бид 1.5 жилийн хугацаанд Засгийн газраа унагаж ирсэн. Тиймээс урт настай Засгийн газар байхыг хүсье. Энэ бол Монгол Улсын гамшиг. Дархлаа алдагдаж байгаа хэрэг. Нэгдүгээрт, Дубайн гэрээг яах гэж байна вэ. Тавантолгойг мөн яах вэ. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэдий хугацаанд шийдэх вэ. Эгийн голын УЦС-ыг яах вэ. Давхар дээлийн тоог нэмэх үү. Монгол Улсын ажиллах хүчний бодлогод ямар өөрчлөлт хийх вэ. Энэ асуудлууыг тодорхой ажил хэрэг болгоорой. Эдгээрийн хойноос байнга эрэл сурал тавьж байх болно шүү.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх: -Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзнэ. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Тавантолгойг хөдөлгөнө. Харин яаж хөдөлгөх вэ гэдэг бол чухал асуудал. Тавантолгойг Монголын компаниуд ашиглах нь улс орны язгуурт нийцнэ. Эрдэнэтийн асуудал шүүх дээр яваа. Энэ асуудал мөн хуулийн дагуу шийдэгдэнэ. Эгийн голын УЦС-ын төсөл хөдлөхгүй байгаа шалтгаан нь хойд хөрштэй холбоотой. Энэ тал дээр ОХУ-ын албаныхантай уулзаж ярьж байсан удаатай. Энэ Засгийн газрыг бяртай, асуудлыг шийддэг Засгийн газар байгаасай гэж бодож байгаа учир парламентын гишүүдээс орж ажиллах болно. Ажиллах хүчний асуудлын хувьд, МСҮТ-ийг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Өмнө нь сайд байсан хүмүүсийг сайдад томилмооргүй байна. Хулгай дээрэм гэсэн хууль бус юм гарвал хүний өөрийн гэлтгүй араас нь хөөцөлдөнө шүү. Тагнаж чагнасан асуудлаа нэг тийш болгоорой. Над шиг хүнийг алсан ч тоохгүй юм байна л даа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ингэх хүн биш. Зохион байгуулсан этгээдийг олж шийтгэ. Тэтгэврийн хүүг буулга, тэтгэвэр нэмэх хэрэгтэй шүү.

УИХ-ын гишүүн О.Батнасан: -Монгол Улсын хөгжлийн гол чиг хандлага бол төрийн албан хаагчид юм. Тиймээс тэднийг чадварлаг болоход ихэд анхаараарай. Хоёрдугаарт уул уурхайн томоохон төслүүд дээр анхаарч ажиллаарай. Энэ 65 хүний хүчийг сайн авч ажиллаарай. Та Бага хурлын үеэр, “Хүн шиг амьдруулдаг Хүнсний орон болгоно” гэж хэлсэн. МАА салбарын гол гол хуулиудад та анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр багш эмч нарын цалингийн нэмэгдлийг ярьж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарна биз ээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Ерөнхий сайд та монгол төрийн тэргүүн болоод явахдаа хэд хэдэн зүйлийг анхаараарай. Эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай. Гадаад худалдааны маш сайн нөхцөлд та ажиллах гэж байна шүү. Та эхний ээлжинд ТЭЗҮ нь гарсан томоохон бүтээн байгуулалтад, тэр тусмаа төмөр замын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллаарай. Зардлаа битгий нэмээрэй. Эдийн засгийн өсөлт чинь өрхөд хүрч очдог байх ёстой. Өрхийн орлогын нэг хэсэг бол өрхийн үйлдвэрлэл. Өрхийн үйлдвэрлэл өнөөдөр буурч байгаа шүү. Төсвийг хуваариладаг албан тушаал дээрээ та эмэгтэй хүн тавиарай.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг ярилцаад шинэ Засгийн газрыг нэн даруй байгуулах, Ерөнхий сайд эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх ёстой. Тиймээс манай бүлэг Ерөнхий сайдыг дэмжиж ажиллая гэж ярилцсан. Нэр дэвшигчид нэг зовлон байна. Тэр бол УИХ-ын гишүүн биш. Өнөөдөр цаг хугацаанд хавчигдаад хуучин бүтцээрээ явна гэж байна. Хуучин бүтэц явцгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд батлагдчихсан. Ерөнхий чиг үүргийн сайдуудаа УИХ-аас сонгоорой. Бид аливаа асуудалд улстөрийн оноо зорилгоор хөөцөлдөх хэрэггүй. Тийм ч цаг нь биш шүү.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Улаанбаатарын гэр хороололд оруулах хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хоёр хөршийн асуудалд онцгой анхаараарай. Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд олгох тал дээр үтэр түргэн ажиллаж, шийдвэрээ гаргана гэдэгт найдаж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Нэгдүгээрт төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг гадны хөрөнгө оруулалтаар яаралтай шийдвэрлээч ээ. Сонгинохайрхан дүүрэгт хог боловсруулах үйлдвэр байгуулах, цаашлаад утааны асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаараарай. Утааны асуудал нь нийгмийн асуудал болоод байна. Мөн түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллах санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Манай улсад хувийн хэвшлийнхнийг дэмжихээсээ ад үзэх нь их боллоо. Бид бүх бизнесийг дэмжих ёстой. Хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоох хэрэгтэй. Үндэсний томоохон аж ахуйгаа элдвээр нэрлэж болохгүй. Тэдний нэрийг гутаах тал руугаа явбал улс орон хөгжихгүй. Талцал хагарал руу хувийн хэвшлийнхнийгээ оруулж болохгүй шүү. Мөн сүүлийн үед хүний нэр хүндэд халдах явдал хэрээс хэтэрлээ. Ердийн найз нөхөдтэйгээ уулзаж болохгүй боллоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Гадаад худалдаанд нааштай үзүүлэлтүүд гарч байгаа нь үнэн. Гэхдээ улс орны эдийн засаг хүнд байна. Гадаад өр 25,2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь манай улсын 10 жилийн төсөвтэй тэнцэж байна. Эдийн засгийн бүтэц нь зөвхөн уул уурхай. Ганц ажиллаж байгаа салбар нь банк санхүү. Санхүү мөнгөө гадныхнаар хөтлүүлж байна. Улстөрийн, нийгэм, эдийн засгийн, байгаль орчны, гамшгийн гээд тооцвол хөгжлийн эрсдэл ихэсч байна. Яагаад ийм их эрсдэл өсөв гэхээр зах зээлд орохдоо сууриа буруу тавьсан. Иймээс Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөө улстөрийн талцалыг арилгах хэрэгтэй. Өнөөдөр хуримтлал үүсгэж чадахгүй байна. Ингэхээр мөнхөд асуудалтай байна. Шинэ хөгжлийн загварыг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуримтлал үүсгэдэг загварыг бий болгох нь зүйтэй юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: -Ерөнхий сайдад асар их ачаа очиж байгаа. Ард иргэдийн нуруун дээр маш их ачаа байна. Тиймээс асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ хуримтлагдсан бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй. Иймд ажлаа эрэмбэд оруулж ажиллаарай. Юуны өмнө эдийн засгийн хямралаа гаргах, удаад тэгш журамт Монгол Улсыг цогцлоох, гуравдугаарт баян чинээлэг амьдралыг бий болгох хэрэгтэй. Үүний тулд нэг талд иргэдтэйгээ, нөгөө талд хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах нь зүйтэй юм. Орчин цагт тооноос чанарт шилжих цаг нь болсон. Өгөөжтэй хүртээмжтэй өсөлт гэсэн шаардлагад нийцэж ажиллаарай.

УИХ-ын гишүүн С.Жавхлан –У.Хүрэлсүх Монголын төр засагт үнэнийг авчрах байх. Өнөөдөр Баянзүрх дүүрэг эзэнгүй байна. Хоёрдугаарт Баянгол дүүрэгт өлсгөлөн зарлаж байна. Баянзүрхийн товчоогоор өвс ачсан машинуудыг маш их журамлаж байна. Үүнийгээ болиоч ээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: -Багш, эмч нарын цалингийн асуудал дээр аль болох нааштай байдлаар хандаарай.Эдийн засаг хүнд байгаа ч ҮЭ-ийнхэнтэй, багш эмч нартай хамтарч ажиллаарай. Өмнөх Засгийн газрын бөөгнүүлээд багцлаад өгсөн ажлыг цааш нь үргэлжлүүлж, хүүхдийн мөнгийг өгөөрэй.

УИХ-ын гишүүд ийн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэх тухай саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувь түүнийг дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Нэрт зохиолч Д.Сэнгээгийн хүү Эрдэмбилэг: Миний аав хийсэн бүтээсэн юмтай, амьдралынхаа эцсийн мөч хүртэл бусдын төлөө тэмцэж байсан хүн

Төрийн хошой шагналт зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургууль дахин байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн энэхүү хэвлэлийн бага хуралд ардын уран зохиолч Бөхийн Бааст, яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Данзангийн Нямаа, Төрийн хошой шагналт зохиолч Д.Сэнгээ агсны хүү С.Эрдэмбилэг болоод Хушаат сумын нутгийн зөвлөлийнхөн оролцлоо. Хурлын эхэнд Д.Сэнгээ агсны намтар, уран бүтээллээс нь танилцуулсан билээ.

Д.Сэнгээ агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Хушаат суманд энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох аж. Энэ үеэр нэрт зохиолчид зориулсан хөшөөний нээлт болоод урлаг соёлын арга хэмжээнүүд зохиогдох гэнэ. Мөн Хушаат сумын нутгийн зөвлөлийнхөн Д.Сэнгээ гуайн ойд зориулж, гурван ном хэвлүүлснээ танилцуулсан юм.

Хэвлэлийн хурлын үеэр нэрт зохиолч Д.Сэнгээ агсны хүү С.Эрдэмбилэг “Миний аав намайг сургуульд ороогүй байхад таалал төгссөн. Аав хэр хэмжээний далайцтай хүн байсан, түүнийг хичнээн олон хүн мэддэг, хүндэлдгийг нь бага багаар л ухаарсан юм даг. Аавыг их шударга, шулуун, алдсан бол алдсанаа, буруутсан бол буруутсанаа хүлээж чаддаг чанартай хүн гэж хүмүүс хэлэхийг хөвгүүн наснаасаа олонтоо сонссон. Миний аав юутай ч хийсэн бүтээсэн юмтай, амьдралынхаа эцсийн мөч хүртэл бусдыг бодож, бусдын төлөө явж, баярлаж, тэмцэж байсан хүн. Өнөө жил аавын маань 100 жилийн ой, төрөлх нутгийнхан сургуулийн 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Хушаат сумын сургуулийг миний аавын нэрэмжит болгосонд нутгийн ард түмэндээ баярлаж байна. Мөн ойн хүрээнд олон сайхан арга хэмжээ зохион байгуулах гэж байгаад талархаж байна” хэмээв.

Image result for Д.Сэнгээ

Эрхэм уншигч та бүхэнд Төрийн шагналт зохиолч Д. Сэнгээ агсны намтраас товчхон хүргэе.

Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Д.Сэнгээ 1996 оны тавдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд мэндэлжээ. Яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч тэрбээр 1936 онд Улаанбаатар хотноо багш нарыг бэлтгэх сургууль, 1951 онд Москва хотноо А.М Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1943-1946 онуудад Монголын зохиолчдын эвлэлийн түр хорооны нарын бичгийн дарга, 1954-1959 онд зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв. Д.Сэнгээ БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож МАНХ-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Төв хорооны гишүүнээр сонгогдож байв. 1932 оноос эхлэн уран зохиолч бичих болжээ.

Түүний туурвисан бүтээлүүдийн дотор дайныг эсэргүүцсэн иргэний болон эх орны уянгын шүлэг түлхүү байрыг эзэлдэг. Олон сайхан уянгын дууг нь эдүгээ ч ард түмэн дуулсаар буй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзан дээр “Үнэн” дуурь нь олон жил тоглогдсоор байгаа билээ. Д.Сэнгээ Монголын залуу зохиолчдод ихээхэн анхаарал халамж тавьж байсан юм. Л.Түдэв, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Дашдооров, Д.Гомбожав, Д.Маам, Д.Пүрэвдорж нар түүний гарын шавь юм. Зохиол бүтээлүүд нь Орос, Хятад болон бусад олон хэлээр орчуулагдан хэвлэгджээ. 1947 онд “Аюуш” туужаараа, 1954 онд “Тагтаа”, “Өвгөн партизаны яриа” шүлгээрээ төрийн шагнал буюу Чойбалсангийн шагнал хоёронтоо хүртэж байжээ.

Image result for Д.Сэнгээ

Ингээд төрийн хошой шагналт зохиолч Д.Сэнгээгийн Тагтаа хэмээх шүлгийг хүргэж байна.

Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй

Тагтаанд шонхорын зориг байгаагүй

Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй

Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй

Гэвч улай үзэхийг хүсдэггүй дээ

Гэмгүй даруу зантай даа

Гэр хүн хоёрт ойр байдагтай нь

Гэрэлт цагаан тагтаа түүнд дуртай

Тагтаа хөөрхөн

Тагтаа номхон

Дандаа олуулаа

Дандаа тайван

Тагтаа энх тайваны бэлэг тэмдэг

Тагтаа эрх чөлөөний бэлэг тэмдэг

Тагтаа дурлал жаргалын бэлэг тэмдэг

Тагтаа сайн сайхны бэлэг тэмдэг

Хөх цэнхэр огторгуйн гүнд

Хөвөн хөөрөн нисэж явахдаа

Хүний гарт огт баригдсангүй

Хүсэл сэтгэл нь оршиж байлаа

Тагтаа хөөрхөн

Тагтаа номхон

Дандаа мөрөөднө

Дандаа эрмэлзэнэ

Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй

Тагтаанд шонхорын зориг байгаагүй

Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй

Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй

Хан бүргэдийн далавчаар жигүүр хийж

Харцага шонхорын зоригоор зүрх хийж

Алтан гуралдайн дуугаар хоолой хийж

Амьдрал үнэн хоёроор хүчийг нь сэлбэлээ

Тагтаа хөөрхөн

Тагтаа номхон

Дандаа мөрөөднө

Дандаа эрмэлзэнэ

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт хууль бус алт олборлолт хийх үйл ажиллагааг зогсоолоо

Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар БОАЖЯ-наас мэдээлэв.

Тус газар алт олборлолт явуулсан тохиолдолд Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.

Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан орон нутагт ажиллах үүрэг өгсөн юм. Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл багтсан байна.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Цалин нэмэх асуудлыг эдийн засгийн боломжтой уялдуулаад 2019 оноос шат дараатай шийдэх нь зүйтэй

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсний дараа гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариуг нь сонсч байна.

О.Баасанхүү гишүүн салхи хагалж, асуулт тавив. Тэрбээр багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэврийг нэмэх талаар эхлээд асуусан. Дараа нь Засгийн газрын бүтцийн асуудлыг хөндлөө.

У.Хүрэлсүх түүний асуултанд хариулахдаа:

-УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Нэгдүгээрт багшийн цалингийн асуудал. Би багшийн зовлонг сайн мэддэг хүн. Миний эхнэр багш хүн. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд багшилж байсан. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багштай холбоогүй хүн гэж Монгол Улсад байхгүй. Багшийн ач буянаар бид эрдэм номтой болж өдий зэрэгтэй амьдарч байгаа. Энэ улс орны оюун санааны хөдөлгөгч хүч нь багш нар байдаг. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хамгийн чухал албан хаагч нь эмч нар байдаг. Багш, эмч нарынхаа асуудалд цаашдаа анхаарах хэрэгтэй. Би урьд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хэлсэн. Ирэх онд багш нарын цалинг нэмэх боломжгүй. Цалин нэмэх асуудлыг эдийн засгийн боломжтой уялдуулаад, 2019 оноос эхлэн шат дараатай шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Зөвхөн багш гэлтгүй эмч, цагдаа, онцгой байдлынхан бүх төрийн албан хаагчдад энэ бас хамааралтай.

Цалин нэмэх талаар ОУВС-тай хийсэн тохиролцоо бий. Түүнийгээ хөтөлбөрийн хугацаанд мөрдөж ажиллах зайлшгүй шаардлагатай. Харин боломжтой болсон үед өнгөрсөн хугацаанд нэмж чадаагүй хоцрогдлыг аажмаар гүйцэж нөхөж олгох арга замыг эрж хайх ёстой.

2018 оны төсөвтэй би танилцаж байгаа. Засгийн газар албан ёсоор байгуулагдаагүй байна. Багш нарынхаа цалинг нэмэх боломж байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Аль болох багш, эмч нарынхаа цалинг нэмэх чиглэл баримталж судалж үзэж ажиллах ёстой.

Ирэх жил ахмад настны тэтгэвэр тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ мөнгийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илтгэе.

Яамдын тоог нэмэхгүй хасахгүй. Агентлагууд энэ хэвээрээ ажиллана. АН-ын бүлгээс надад ажил хэрэгч санал ирсэн. Энэ саналыг судалж үзнэ. Өвлийн хүйтэн болж байна. Зуд турхан болж магадгүй, яам агентлагийн бүтэц дээр янз бүрийн өөрчлөлт хийхгүй явах нь төрийн залгамж чанарыг хадгалах, ажил төрөл хэвийн явахад чухал. Сандал ширээ зөөж наашаа цаашаа гүйхгүй. Төрийн албан хаагчдаа хомроглон халахгүй. Төрийн залгамж чанар хадгалагдаж, төрийн албан хаагчид хийх ёстой ажлуудаа хийж, тайван ажиллах ёстой.

Нэг зүйлийг тодруулж хэлье. Монгол төрийн хууль зөрчсөн, хариуцлага алдсан төрийн албан хаагч нарын толгойг илэхгүй.

Нийгэмд сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах зайлшгүй шаардлага байна. Хаа хаанаа ажлын хариуцлага суларсан байна. Эмх замбараагүй байдал бий болсон байна. Дарга цэргийн ялгаа алга болсон байна. Төрийн хуулийг дээдэлдэг, барьж ажилладаг зарчим алдагдаж байгааг та бид мэдэж байгаа. Тийм учраас сахилга хариуцлага чангатгаж ажиллах шаардлага байна гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ерөнхий газар ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

“Олон улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн байгууллагын ахмад ажилтнууд Монгол Улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн билээ.

Энэ жил Цагдаагийн ерөнхий газрын Ахмадын хорооны 20 жилийн ой тохиож байгаа аж.


Categories
гадаад мэдээ

Шаазан аяга рекорд тогтоов

Хонконгийн “Sotheby’s” дуудлага худалдаан дээр хятадын эртний шаазан аяганы төлөө 20 минут хүчтэй өрсөлдөөн явагдсаны эцэст 294,3 хонконг доллар буюу 37,7 сая ам.доллараар зарагдаж рекорд тогтоолоо. Манай эрний өмнөх 960−1127 онд оршиж байсан Сүн улсын үеийн 14 см өргөнтэй, “Жу” хийцийн 1000 жилийн настай энэхүү ногоон шаазан аягыг худалдаж авсан эзэн нь нэрээ нууцлахыг хүссэн байна. Дэлхий дээр “Жу” хийцийн нийт 79 шаазан эдлэл байдаг бөгөөд ихэнх нь улсын музейд хадгалагдаж зөвхөн дөрвөн ширхэг нь л хувь хүнд хадгалагдаж байдаг юм байна. 2014 онд Мин улсын үеийн дарсны шаазан гүцийг санхүүч Лю Ицян 36 сая ам доллараар худалдан авч рекорд тогтоож байсан билээ.

Г.АМАР

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо хуралдана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болох тов зарлагдаад байна.

Тус хуралдаанаар Монгол банкнаас 2017 оны 9 дүгээр сарын 29-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Мөнгөний бодлогын 2018 оны Үндсэн чиглэлийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.