Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номтойбаяр ослын талаар мэдээлэл хийлээ

Есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг, Түлүүгийн давааны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар автын онц ноцтой осол гарсан. Уг ослын улмаас мотоциклтой явсан иргэн Ч “Мерседес Бенз Жи класс” маркийн машинд мөргүүлж нас барсан. Уг “Бенз жи класс” машинд Засгийн газрын сайдын үүрэг гүйцэтгэгч болон олны танил урлагийн хүнтэй согтуурсан байдалтай хамт явсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл уг мэдээлэл гарсны дараахан Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр дөнгөж сая төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Осол болсон нь үнэн. Орон нутгийн томилолттой явж байх үед эсрэг урсгалаас мотоциклтой иргэн мөргөж осол болсон. Гэхдээ би жолоо барьж яваагүй. Зорчигчийн суудалд сууж явсан. Ослын газар байсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн” гэв.


Categories
гадаад мэдээ

Булчин задрах тахлын тархалтыг 2030 он гэхэд дарах зорилт дэвшүүлжээ

Зураг2030 он гэхэд холер буюу булчин задрах тахлаар нас барагсдын тоог одоогийнхоос 90 хувиар бууруулах зорилтыг Францад өчигдөр болсон уулзалтын үеэр дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд дэвшүүллээ гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Бохир усаар дамждаг энэ өвчин нь жил бүр 100 мянга орчим хүний аминд хүрдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнууд, тусламжийн байгууллагууд болон донорууд булчин задрах тахлын тархалтыг бууруулах зорилт анх удаагаа дэвшүүлсэн нь энэ юм.

Дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улсад булчин задрах тахлын тархалт дэлхийн өөр ямар ч улсад байгаагүйгээр газар авч, олон хүн амиа алдаад байгаа энэ үед дээрх зорилтыг дэвшүүллээ. Эрүүл ахуй ба ариун цэврийн нөхцөл байдал муудаж, усны хангамж тасалдсантай холбоотойгоор Йеменд энэ тахал дэгдсэн юм. Тус улсад он гарснаас хойш 770 мянга гаруй хүн булчин задрах тахлын халдвар авсны 2000 нь нас баржээ. Тэдний олонх нь хүүхэд багачууд аж.

Ядуусын өвчин

Булчин задрах тахал нь “Вибрио” хэмээх нянгаар бохирдсон хоол хүнс болон усаар дамждаг гэдэсний цочмог халдварт өвчин гэнэ. Энэ өвчин нь бохир заваан орчинд хурдацтай тархдаг байна. Халдвар авсан тохиолдолд давстай, цэвэр ус уух, эрүүл ахуй ба ариун цэврийг сайтар хангах зэрэг “хямд бөгөөд хялбар” аргаар эмчлэх боломжтой юм.

Гэсэн ч ДЭМБ-ын мэдэгдсэнээр, өнөөдөр дэлхийн хэмжээнд 2 тэрбум орчим хүн ундандаа цэвэр ус хэрэглэж чадахгүй байгаа нь булчин задрах тахлын халдвар тархахад хүргэж буй гол хүчин зүйл болж байна.

Эрүүл ахуй ба ариун цэврийг сайтар хангахаас гадна булчин задрах тахлын вакцин хийх нь энэ өвчний тархалттай тэмцэх гол аргуудын нэг гэнэ. Булчин задрах тахал тархах магадлал өндөртэй газруудын оршин суугчдад вакцин хийснээр олон мянган хүний амийг аврах боломжтой. Булчин задрах тахлын вакциныг хоёр жил тутамд хийдэг аж.

Бирм буюу Мьянмараас Бангладешт дүрвэж очсон үндэстний цөөнх рохинжачууд руу ДЭМБ болон бусад байгууллага 900 мянган тун вакцин илгээжээ.

Хойд Европ болон АНУ нь 150 жилийн өмнө булчин задрах тахлын тархалтыг дарж чаджээ.

Мягмар гарагт ДЭМБ тэргүүтэй байгууллагууд болон засгийн газрын албаны хүмүүийн дэвшүүлсэн зорилт нь дэлхийн хамгийн ядуу буурай орнуудад булчин задрах тахлын тархалтыг дарах зорилготой аж.

Энэ он гарснаас хойших булчин задрах тахлын тархалт

· Энэтхэг: 675 188 хүн халдвар авсны 20266 нь нас баржээ

· Этиоп: 275221 хүн халдвар авсны 10 458 нь нас баржээ

· Нигери: 220 397 хүн халдвар авсны 8 375 нь нас баржээ

· Гаити : 210 589 хүн халдвар авсны 210 589 нь нас баржээ /Эх сурвалж: ДЭМБ/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад баяр хүргээд бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажилах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа

ЗурагМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.

Энэ үеэр тэрбээр “Таныг УИХ-ын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албан тушаалд томилогдсон танд УИХ-ын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга ёс, эв нэгдлийг сахин, их амжилт гаргаж ажиллахыг хүсье” гэв. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Хот тохижилтын газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Хотын даргыг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс явав.

Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод хүйтний улирал долоон сар үргэлжилдэг. Тийм учраас хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил бол зайлшгүй чухал зүйл. Өнгөрсөн жил хот тохижилтын газрын парк шинэчлэлд нэлээд ахиц гарсан. Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлсэн. Мөн хотын өөрийн хөрөнгөөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байгаа.

Хотод жил тутамд шинээр олон зам, талбай ашиглалтад орж, хот өргөжиж байна. Гэтэл нийтийн аж ахуйн зардал өсөхгүй, цэвэрлэгээний давтамж нэмэгдээгүй. Бид энэ асуудлыг НИТХ-д оруулж шийдүүлнэ. Цэвэрлэх давтамж нэмэгдэх юм бол хотын цэвэр цэмцгэр, үзэмжтэй байдалд нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр яваад үзэхэд хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит бүх компани өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж бэлэн болсон гэж хэлж болохоор байна” хэмээн дүгнэн ярьсан юм.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газарт 740 тонн бодис байна. Нэмээд 420 тонн бодис ирж байгаа. Ингээд 1170 тонн бодис худалдан аваад байна. Машин, техник болоод авто гарааш бэлэн байдлыг бүрэн хангасан” хэмээн танилцуулж байлаа.

“Хот тохижилтын газрын Авто баазын хувьд өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан. Машин техникийн туслах үйлчилгээ энэ сарын 15-наас эхлэн хийгдээд явна. Цас орсны дараа зам цэвэрлэхээр бэлтгэсэн 23 машин, цас ачих задгай тэвштэй 11 машин, бодис цацах болон бусад машин механизмууд хангалттай байгаа. Нийтдээ 87 машин, механизм бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жил цасны зориулалттай есөн машин нэмж авсан” хэмээн Хот тохижилтын газрын Авто баазын дарга Г.Эрдэнэбаатар ярилаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа байгууллага, зам талбай, хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл нийлбэр дүнгээрээ 97 хувьтай байна. Хот тохижилтын хувьд гэвэл 93 хувьтай. Гол нь дүүргүүдэд зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлсэн давс, тусгай зориулалтын бодисыг нөхөн авах ажил төсвийн тодотголтой уялдаад удаашралтай байгаа. Гэхдээ бид байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан энэ жил халтиргаа гулгааны үеэр хүндрэл гаргахгүй ажиллах бүрэн боломжтой” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан хамгаалахын их сургууль

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2000-2004 онд УИХ-ын гишүүн

2004-2008 онд УИХ-ын гишүүн

2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд

2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2013 онд УИХ-ын гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ойн хүрээнд МУИС-ийг үүсгэн байгуулагч, Монголын төр нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын ажиллагааг нээж тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Өнөөдрөөс 75 жилийн өмнө буюу 1942 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын боловсрол шинжлэх ухааны түүхэнд мартагдашгүй өдөр тохиож МУИС-ийн нээлтийн ёслолд маршал Х.Чойбалсан үг хэлж, “Дэлхийн II дайны хүнд нөхцөлд ЗХУ-ын тусламжтай Монгол Улсад анхны Их сургууль нээж байгаа явдлын түүхэн ач холбогдлыг онцлоод дээд боловсрол эзэмшихийн тулд оюутан та бүхний хичээл зүтгэл, шантрашгүй хөдөлмөр чухал болохыг зөвлөсөн байдаг. 1939-1952 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Маршал Х.Чойбалсангийн цаг үе бол Монгол улсын түүхийн хувьд нэлээд амаргүй цаг үе байсан нь ойлгомжтой. Тэрбээр үндэсний тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өнөөдөр сайнаар ч, саараар ч дурсагддаг. Гэхдээ эцсийн бүлэгт түүний хамгийн дээд зарчим бол Монгол Улсын тусгаар тогтнол байсан гэдгийг өнөө үеийнхэн сайн ойлгох хэрэгтэй.

Тиймээс цадиг түүхийн хуудаснаа баларшгүй мөрөө үлдээсэн МУИС-ийг үндэслэн байгуулагч, маршал Х.Чойбалсангийн алдар гавьяа сууг үеийн үед мартаж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Цэцэг өргөх ёслолд МУИС-ийн удирдлагууд, ахмад багш нар, төгсөгчид, оюутны төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Мөн энэ өдөр МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал, Монголын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүний алба хашиж байсан эрдэмтэн, профессор Ж.Батмөнх нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Дашрамд дуулгахад МУИС-ийн хичээлийн Нэгдүгээр байрны өмнөх Маршал Х.Чойбалсангийн хөшөөг уран барималч Л.Махвалын эх загвараар 1946 онд бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-нд дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.

Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хассан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүй.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт “Бид хамтдаа-655” аян эхлүүлжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын А.Түвшинбаяр захиралтай Политехникийн коллежийн багш, оюутнууд “Бид хамтдаа-655” аяныг эхлүүлээд байна. Тэд Даланзадгад сумын наймдугаар багийн иргэн Н.Оюунаад хувийн сууц барьж өгөхөөр есдүгээр сарын 25-наас ажлаа эхэлжээ.

Одоогоор барилгын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 10 гэхэд барьж дуусгах юм байна. “Бид хамтдаа-655” аяныг дэмжсэн Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, газрынх нь асуудлыг шийдэж өгсөн Ю.Энхтуяа даргатай ГХБХБГ-ын хамт олон, цахилгааны асуудлыг шийдэж өгсөн Т.Жаргалсайхан даргатай Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамт олонд багш, оюутнууд талархал илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг.

Манай Улсын ард иргэд ээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.

Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Ард түмэн ууртай байна.Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал чхүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.

Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэдбухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна. Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна. Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй.Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо. Сайд нь төрийн нарийн бичгийн даргаа, төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар Монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.

Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

“Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.

Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ

Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ. “Иргэн баян бол Улс баян” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна. Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ. Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон. Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол улс далайд гарцгүй орон.Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна. Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна Эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой. Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөхтатвараа шудрагаар төлж байхыг хүснэ. Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн нөгжлийн банк, Еропын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна. Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно. Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна. Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно. Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино. Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.

Монгол Улс мандан бадарч,Монгол төр мөнхөд оршиг.

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ.