Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн шинэ номын сан нээлтээ хийлээ

Монгол Улсын их сургуулийн шинэ номын сан өнөөдөр үүд хаалгаа нээж байна. Нээлтийн үйл ажиллагааанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БСШУСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр их сайхан өдөр байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болчихоод Азидаа байхгүй номын сан нээгээд нээлтийг нь хийх юмсан гэж боддог байлаа. Харин Монгол Улсын их сургууль маань 75 жилийнхээ ойгоор энэ сайхан номын санг нээж байгаад тун баяртай байна. Ном бол ертөнцийг харах цонх гэж бидний багад сургадаг байлаа. Одоо ч сургадаг байх. Цаашдаа ч сургана гэдэгт итгэлтэй байна. 1942 онд дэлхийн хоёрдугаар дайны тэр хүнд үед 100 гаруйхан номтой нээгдэж байсан номын сан маань өнөөдөр 400 гаруй мянган номтой томоохон номын сан болж байгаад баярлаж, бахархахгүй байхын аргагүй. Энэ жишгээр олон сайхан сургуулиуд маань стандартад нийцсэн номын сантай болох болтугаа гэж ерөөе. Энэхүү жишиг номын сан маань цаашдаа ч иргэдэд нээлттэй номын сан болно гэж бодож байна. Мөн интерьер дизайн, тавилга гээд бүхий л зүйлсийг Монголын маань аж ахуй нэгж, компаниуд хийсэнд үнэхээр бахархалтай байна. Ингээд Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нартаа түүхт ойн болоод шинэхэн номын сангаа нээж байгаад нь халуун баяр хүргэе” хэмээсэн юм.

2014 онд номын сангийн барилгын шавыг нь тавьж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж, 16 тэрбум төгрөгөөр босгосон номын шинэ өргөөний зургаан давхар шилэн барилга нь МУИС-ийн хичээлийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэв. Аливаа их, дээд сургуулийн хөгжлийн хэмжүүр, нүүр царай бол номын сан байдаг. 75 жилийн түүхтэй МУИС-ийн Номын сан 2017-2018 оны хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд нүүн орж, МУИС төдийгүй Монголын дээд боловсролын салбарын номын сангийн нүүр царай болохуйц эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан мэдээллийн төв ийнхүү нээгдэж байна.

Энэхүү номын сан нь 360 000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана. МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд СиСи-д бүртгэлтэй үнэмлэхээр номын санд үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой юм байна.


Categories
мэдээ нийгэм

Мах, ногооны үнэ буурсан байна

Image result for Өргөн хэрэглээний бараа

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан, энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.

Махны үнэ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5910 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7000 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.5 хувиар буюу 180 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буюу 90 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5400 төгрөг, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7300 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.8 хувиар буюу 235 төгрөг, хонины цул махны үнэ 2.2 хувиар буюу 130 төгрөгөөр тус тус буурчээ. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр, лууван 20.9 хувиар буюу 435 төгрөгөөр, байцаа 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны есөн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

ЗурагСанхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий есөн компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болсон байна.

Тус хорооноос эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 30.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4 заалтыг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тогтоол гаргажээ.

Тодруулбал, “Бага хээр ҮЦК” ХХК, “Бумбат шигтгээ ҮЦК”, “Превалент ҮЦК”, “Финанс линк групп ҮЦК”, “Говийн ноён нуруу ҮЦК”, “Би Би Эс ЭС ҮЦК”, “Зюс капитал ҮЦК”, “Эм Даблью Ти Эс ҮЦК”, “Сэлэнгэ түмэн ҮЦК” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг хоёрдахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.05) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 20 минутад эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн.

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Ч.Улаан нарын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илүүтэй илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, “Багш, эмч нарыг цалинг 20-30 хувь нэмэхэд ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай байх шиг. Гэтэл төсвийн тодотголд урсгал зардалд 105 тэрбум төгрөг зарцуулахаар суулгасан байна. 2017 оны төсвийг батлахдаа урсгал зардлын асуудлаа нэг мөр суулгах ёстой байсан шиг санагдана. Энэ мэт урсгал зардлын мөнгөөр л багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэх боломж байна” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Улсын Их Хурлын гишүүн бүхэн эмч, багш нарын цалин, урамшууллыг нэмэх гарц, боломжийн талаар ярьж байна. Миний хувьд эмч, багш нарын цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлт, чанартай нь харьцуулж нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Хэн сайн ажилласан нь өндөр цалин авдаг зах зээлийн жишигрүү шилжмээр байна” гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Төсвийн тодотголд концессийн эргэн төлөлтөд 140 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэснийг эргэн хармаар байна. Үүний оронд 40 хувьд олгож байгаа хүүхдийн мөнгөний хүрээг тэлж 60,80 хувьд олгох шаардлагатай байна гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Төсвийн тодотгол гэдэг төсвөө сайжруулахыг хэлдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид төсвийн тодотгол хийгээд сайжруулж чадаагүй, одоо ч сайжирсан юм алга. Төсвийн алдагдал нь 2,7 их наяд төгрөгтэй гарсан байхад 900 тэрбум төгрөгийн орлогыг сайшааж, зарцуулах тухай ярих нь сайн үзэгдэл мөн үү гэх зэргээр гишүүд байр сууриа илэрхийлж байлаа.

Ийнхүү Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Оргил” рашаан сувиллын ажилчид мөнгөн төлбөр олгохыг шаардлаа

Зураг“Оргил рашаан сувилал”-ын 115 ажилтан байгууллагыг нь хувьчилсан тул 12 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр олгохыг төрөөс шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Рашаан сувилал тогтмол үйл ажиллагаа эрхэлж нийслэлчүүддээ төдийгүй улс орондоо танигдсан 40 жилийн түүхтэй, ашигтай ажиллаж байсан “Оргил” рашаан сувилал ТӨХК-ийг энэ сарын 3-ны өдөр дуудлага худалдаагаар зарсан байна.

Харин энэ нээлттэй дуудлага худалдаагаар 15 тэрбум төгрөгийн үнэ хүрчээ. Дуудлага худалдааны эцсийн шатанд “үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй” гэсэн болзлыг хассан тул тус байгууллагын ажилтнууд эсэргүүцэн хэвлэл мэдээлэлд ийнхүү хандаж байна.

1933 оноос хойш олон хүний хөдөлмөр, эрдэм мэдлэг дээр бүтсэн энэ байгууллагад 115 ажилтан ажилладаг. Энэ хувьчлалын асуудлаас үүдэн энэ ажилчдын эрх ашиг хөндөгдөж, ажлын байрны баталгаагүй болж байна хэмээн хурал зохион байгуулагчид онцолж байв. Иймд ажлаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран 12 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг төр олгох ёстой гэж тэд хэлж байна. Энэ нь ойролцоогоор 949 мянган төгрөг болох бөгөөд байгууллагыг зарсан 15 тэрбум төгрөгийн 6.3 хувьтай тэнцэнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан гурван түймрийг бүрэн унтраажээ

Image result for гурван түймрийг бүрэн унтраажээ

Дорнод болон Сүхбаатар аймагт өчигдөр буюу энэ сарын 04-нд гарсан хээрийн гурван түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Баянцагаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 13.30 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн ажиллаж бүрэн унтраасан байна. Түймэрт “Баян Сэмитал” компанийн эзэмшлийн 62-93 УНҮ улсын дугаартай “Пикаб” загварын хагас ачааны автомашин шатжээ. Мөн өдөр тус аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Ар толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Энэхүү түймэрт иргэн Б-гийн 700 боодол өвс, Э-гийн эзэмшлийн 66-29 ДОР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин шатсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Баруун бунхан” гэдэг газарт гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 33 иргэн хамтран бүрэн унтраажээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн болон төрийн бус өмчийн шилдэг сургууль, цэцэрлэгийг тодрууллаа

Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдөр өнөөдөр тохиож байна. Багш нарын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон МУ-ын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн оны шилдгүүдийг тодруулсан юм.

Нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн цэцэрлэгээр Ж.Наран эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэг тодорсон бол төрийн өмчийн цэцэрлэгээр н.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг шалгарлаа. Шагналын нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга гардуулан өглөө.

Харин нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Сонгинохайрхан дүүргийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “ТОЛЬТ” бүрэн дунд сургууль шалгарсан бол төрийн өмчийн оны тэргүүний сургуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр суургууль тодорсон юм. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас уламжлал болгон шалгаруулдаг “Боловсрол ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тодруулж өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ариун цэврийн байгууламжаа сайжруулсан өрхийг урамшуулав

Зураг“Жорлонгийн нүхэн дотор хайрга дэвсэж өгснөөр бохир өтгөн хайрган дээр тунаж үлдэх бөгөөд түүнийг 3- 4 жилд нэг удаа цооногоор соруулж цэвэрлэх зориулалттайгаар ариун цэврийн байгууламжаа барьсан хэмээн Сайнцагаан сумын 5- р багийн иргэн Б. Дагвадорж ярилаа. Тэднийх шиг ариун цэврийн байгууламжаа бусдад үлгэр болохуйцаар сайжруулсан айл өрхүүдийг урамшуулав. Ийм болзолт аяныг “Дэлхийн Зөн- Дундговь” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Сайнцагаан сумын ЗДТГ- тай хамтран зарлаад байсан юм.

Засгийн газрын тогтоолоор баталсан агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хот суурин газрын хүн амыг 2019 он гэхэд 60, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт бий. Үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга нар гол анхаарал хандуулж ажиллах үүрэгтэй. Гэвч Дундговь аймгийн хувьд одоогоор ариун цэврийн байгууламжийг сайжруулах тал дээр өрнөсөн дорвитой ажил хараахан байхгүй байгаа юм. Харин дээрх аян гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө аж төрж буй орчноо сайжруулж, ариун цэврийн байгууламжаа тохижуулахад иргэдийг идэвхижүүлэх зорилготой бөгөөд аян хоёр дахь жилдээ ийнхүү өрнөсөн юм.

Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох гурван сарын аянд идэвхитэй оролцсон Сайнцагаан сумын 20 гаруй айл өрхөөс 9 өрхийг шалгаруулсан байна. Ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу сайжруулсан Сайнцагаан сумын 6- р багийн иргэн Д. Эрдэнэхуяг, Ш. Эрдэнэбат, 5- р багийн иргэн Б. Дагвадорж, 9-р багийн иргэн А. Ганбат нарыг угаалгын машин, 9-р багийн иргэн А. Алтанхүү, 8- р багийн иргэн н.Лувсанбат, 6- р багийн иргэн н. Пүрэвсүрэн нарыг тоос сорогч, 9- р багийн иргэн С. Цэцэгмаа, 5-р багийн иргэн Б. Гийраа нарыг будаа агшаагчаар тус тус урамшуулж, эрүүл ахуйн орчноо бүрдүүлэхэд идэвхи гаргасанд нь аяныг зохион байгуулагчид талархал илэрхийлэв.

Иргэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа нүхэн жорлон, угаадасны нүхний эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу ариун цэврийн байгууламжийг хашаандаа барьж байгуулахад анхаарсан бөгөөд ариун цэврийн байгууламж нь агааржуулагчтай, доторлогоо, гэрэлтүүлэгтэй байх, бохир усны цооног тусдаа, ариутгал хийсэн байх ёстой гэх зэргээр наад захын шаардлагыг бүрэн хангасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор далайд гарц, түүхий эдээ зах зээлд гаргах боломж

Нэгэн цагт монголчуудыг муухан хийцтэй эсгий таавчиг мэтхэнээс өөрийг олигтой хийж чаддаггүй гэх шүүмж хаа сайгүй хөвөрдөг байлаа. Харин энэ бодлыг өөрчлөх, монголчууд ямар ч л байсан хийх зүйлээ асуудалгүй хийдэг болохыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж өнгөрсөн “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” арга хэмжээ харууллаа. Төрөл бүрийн гар урлал, бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд манай үндэсний брэнд болсон “Эрдэнэт хивс”, “Говь”-ийн ноолууран эдлэл, “Дархан нэхий”-гийн нэхий дээлнүүд, мөнгөн хийцүүд гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр экспод оролцсон. “Говь”, “Дархан нэхий”-гийн хувцаснууд хийц загварын хувьд үнэхээр содон онцгой юм билээ. Өнгө загвар сайтай хувцсыг манай модель охид, залуус өмсөж нийтэд сурталчилсан нь уг экспогийн бас нэгэн чимэг болсон билээ. Монгол-Хятадын хамтарсан экспо гэдэг утгаараа хоёр орны өндөр дээд түвшний удирдлагууд зочилж байсан нь уг арга хэмжээний ач холбогдлыг ихэд өргөсөн. Монголын талаас гэхэд л ХХААХҮЯамны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гээд зочид оролцсон юм. 2015 онд анхных нь зохион байгуулагдаж байсан бол энэ жил илүү өргөн цар хүрээтэй, олон аж ахуйн нэгжийг хамруулж чадсан нь яалтгүй зохион байгуулсан ХХААХҮЯ-тай холбоотой. Мөн хамтран ажилласан МҮХАҮТ-ыг дурдах нь зүйтэй. Энэхүү арга хэмжээний гол зохион байгуулагчаар Монгол Улсын ХХААХҮЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн ордон ажилласан бөгөөд зохион байгуулалт маш сайн байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Гол сэдэв нь ч тэр Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, дэлхийд чиглэсэн хамтаар ашигтай байх хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай байв. Ер нь ч энэ коридор бол ялангуяа Монголын хувьд асар их өгөөжтэй нь тодорхой. Монголд өгөх эдийн засгийн өгөөж өндөр байх тухай холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид ч онцолж байсан. Ядаж л далайд гарах гарц, түүхий эдээ дэлхийн зах зээл рүү шуудхан нийлүүлэх өргөн зам нээгдэж байгаа билээ. Хурал, форум, үзэсгэлэн, Монгол-Хятадын соёлын долоо хоног гэсэн үндсэн дөрвөн арга хэмжээ, 23 салбар үйл ажиллагаанаас бүрдсэн нь ихээхэн өргөн хүрээг хамарч чадсаныг харуулна. Экспогийн гол онцлог нь Монголын талаас ихээхэн ач холбогдол өгч аж ахуйн нэгжүүд болон төр засгийн зүгээс өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон явдал юм. Албан мэдээгээр бол уг экспод манай улсаас 1600 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Орос, Тайланд зэрэг арваад улс орны төлөөлөгч оролцож, нийтдээ өөр бусад 30 гаруй орны аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, сурталчилаад авсан. Нийтдээ уг арга хэмжээний үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, томоохон төслүүдийг танилцуулах гээд Монголчуудад тун хэрэгтэй олон форум, хэлэлцүүлэг болсон юм. Монгол Улсад тун чухал зүйл бол мэдээж гадны хөрөнгө оруулалт. Тэгвэл Монгол болон хятадын хөрөнгө оруулалтын орчин болон мега төслүүдийг танилцуулах форум дээр томоохон төслүүдийг Үндэсний хөгжлийн газраас танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байв. Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад татварын аль болох таатай нөхцөлийг бий болгож байгааг онцлоод 5-18 жилийн хугацаатай НӨАТ, Гаалийн болон ААНОАТ, ашигт малтмалын нөөцийг ашигласны төлбөр зэрэгт татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээ авч болно оо гэдгийг манай албаны хүмүүс тодотгож байлаа. Эдгээр нь хөрөнгө оруулагчдад тун боломжийн нөхцөлийг бий болгох юм байна. Тухайн хөрөнгө оруулагч 500 тэрбум болон түүнээс дээш хэмжээний хөрөнгийг оруулбал Монгол Улсын Засгийн газартай эрхзүйн баталгаа болгон татварын орчныг тогтвортой байлгах болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх гэрээ байгуулж болох юм гэдгийг ч онцолж байв.

БНХАУ-аас 1990-2016 оны хооронд 5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын 27,2 хувийг эзэлдэг байна. Мөн Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжийн 50 гаран хувь буюу 6640 нь Хятадын хөрөнгө оруулалттай байдаг аж. Ер нь 1990-2017 оны хугацаанд манайд нийт 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Уншигчдад сонирхолтой, бас хэрэг болох учраас Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай, эдийн засгийн чухал ач холбогдолтой төслүүдийн талаар хүргэх нь зүйтэй гэж бодлоо.

Уул уурхай болон хүнд үйлдвэрийн салбарт “Цагаан суварга”-ын зэс молебдины уулын баяжуулах үйлдвэрийн төсөл. Нийт төсөвт өртөг нь тэрбум ам.доллар. “Монгол-Чех металл” компанийн “Чулуут цагаан дэл”-ийн уурхайг түшиглэн байгуулах хайлуур жоншны баяжуулах үйлдвэр. Уг төсөл нь Төв аймгийн Баянцагаан суманд хэрэгжих бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ долоон сая ам.доллар. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр хөрөнгө оруулалтаа ердөө л хоёр жилийн хугацаанд бүрэн нөхөх тооцоотой. Жилийн борлуулалтын орлого нь 16,6 сая орчим, үүнээс цэвэр ашиг нь таван сая ам.доллар байх тооцоо гарсан нь багагүй өгөөжтэй төсөл болохыг илтгэнэ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулах зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл бас байна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-г шинээр боловсруулах, хөрөнгө оруулагчийг сонгох, холбогдох гэрээ хэлцлүүдийг хийх бэлтгэл ажлууд хангагдаж байгаа ба хөрөнгө оруулагч нь уг үйлдвэрийн нийт хувьцааны арваас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр түр эзэмшихээр тогтоосон аж. Мөн Багануурын үйлдвэрлэл, технологийн парк, дэд бүтцийн өргөтгөлийн төсөл ч байгаа юм. Нүүрсийг гүн боловсруулан нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл. Таван толгойн ордын нүүрсний давхаргын метан хийг олборлон экспортод гарган эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааны ажлыг эхлүүлээд явж байгаа аж. Уг орд газарт батлагдсан 3,7 тэрбум тонн эрчим хүчний нүүрс болон 0,2 тэрбум тонн исэлдсэн нүүрсийг гүн боловсруулж, нийлэг байгалийн хий үйлдвэрлэн эргэлтэд оруулах томоохон төсөл юм.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд маш чухал төслүүд багтжээ. Дан уул уурхайгаас хараат бусаар хөрөнгө оруулалт татах, уг салбарыг ирээдүйд голлох ашиг өгөх салбар юм аа гэдгийг ч яамны сайд П.Сэргэлэн хэд хэдэн удаа дурдаж байсан билээ. Уг салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эхэнд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл багтаж байгаа. Уг төслийн нийт өртөг нь 322,1 сая ам.доллар бөгөөд яалтгүй энэ салбарт хэрэгжүүлэх мега төсөл гэж болно. Мал, аж ахуй, махны экспорт сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж, тэр хэрээрээ ажил хэрэг болоод явж байгаа. Тэгвэл мал, аж ахуй махны экспортын эрүүл бүс хэмээх төсөл танилцуулагдсан. Малын эрчимт тэжээлийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр, экспортын баримжаатай мал төхөөрөх үйлдвэр, мал эмнэлэг, хорио цээрийн сорилт шинжилгээний лабораторийн иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уг төслийн өртөг 21 сая ам.доллар болох тооцоотой.

Монголд хог хаягдал бас л нэн яаралтай шийдвэрлэх асуудлын нэг. Тэгвэл хог хаягдлыг дахин боловсруулах эко парк байгуулах төсөл бий. Хог хаягдлаас цахилгаан эрчим хүч, дулаан, хий, барилгын материал, резин эдлэл, хуванцар бэлдэц гэх мэт өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх өргөн боломжтой бөгөөд энэхүү нэн хэрэгцээт төслийн өртөг нь 100 сая ам.доллар. Ажил хэрэг болоод байгуулж дөнгөвөл хаа сайгүй хөглөрөх хогийн асуудал цэгцэрчихнэ. “Монгол ээдэмцэр кластер” хэмээх малчдад өгөөжөө өгөх тун хэрэгтэй төсөл бас байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх уг төсөлд арван аймгийн 108 сумыг хамарсан орон нутагт сүүний хүргэлттэй 285 тасаг, сумдын жижиг үйлдвэр 50, боловсруулах үйлдвэр тав, олон улсын жижигт нийцсэн лаборатори, зориулалтын агуулах зэргийг байгуулна. Мэдээж сүүгээрээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлбэл малчдад өгөөжөө хэрэгтэй төсөл болох нь дамжиггүй. Харин зам тээврийн салбарт Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км автозамыг дөрвөн эгнээ бүхий цемент бетонон хучилттай нэгдүгээр зэргийн автозам болгон өргөтгөн шинэчлэх төсөд бий ба өртөг нь 766 сая ам.доллар. Бас Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 250 км орчим хүнд даацын хатуу хучилттай автозамын төсөл байгаа бөгөөд 220 сая ам.долларын өртөгтэй. Энэхүү төсөл Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдад хэрэгжинэ. Өдөрт л гэхэд зөвхөн нэг талдаа хүнд даацын 400-500 автомашин нүүрс тээвэрлэж байгаа хуучин замыг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай зам болгосноор боомт хүрэх тээврийн зардал тонн тутамдаа найман ам.доллараар буурах тооцоотой. Ингэснээр жилд 30 гаран сая тонн хүртэлх хэмжээний экспортыг хийх боломж нээгдэх юм.

Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай, 81,5 сая ам.долларын өртөг бүхий автозамын төсөл. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас эхлээд тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумын нутгаар тус тус дайран өнгөрөх уг зам Бичигтийн боомт хүрнэ. Эдгээр төслүүдийн концесс олгох уралдаан шалгаруулалтыг энэ оны наймдугаар сарын 16-наас хойш хоёр сарын хугацаатай зарлажээ.

Харин барилга хот байгуулалтын салбарт Яармагийн спорт цогцолбор, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөл байна. Төслийн төсөвт өртөг нь 16,1 сая ам.доллар. Уг ажлын хүрээнд 210 ажлын байр бий болгох бөгөөд гэр хорооллын айлуудыг орон сууцаар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байх гэнэ. Хан-Уул дүүргийн 16-р хорооны 2,2 га газарт шинэ хотхон хороолол төсөл хэрэгжих юм байна. Ийнхүү хөрөнгө оруулагчдад томоохон төслүүдээ амжилттай танилцуулсан.

Монгол Хятадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг мөн энэ үеэр болсон бөгөөд нээлттэй хамтын ажиллагаа, органик, хамтдаа ашиг хүртэх гэсэн гол агуулгын дор өрнөсөн. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах салбарын томоохон гэгдэх төслүүдийг танилцуулах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалтын технологийн хамтын ажиллагаа болон солилцоо гэх мэт чамгүй олон талт хэлэлцүүлэг болсон юм. Монголын хөдөө аж ахуйн салбарт амин чухал хэрэгцээт зүйлийн нэг бол мэдээж технологи. Тухайн технологийг монголд хэрхэн хэрэгжүүлэх, нутагшуулах талаар нээлттэй өрнөсөн хэлэлцүүлэг Монголын талд ихээхэн үр өгөөжтэй болсон. Ер нь тэгээд хятад бол технологи тал дээр яалтгүй тэргүүлэх болсон. Харин бид тэрхүү технологиудаас өөрсдийн чадах хэрээр суралцаж Монголд нутагшуулах зайлшгүй шаардлагатай болжээ. Хятадын тал Монголыг маш их сонирхож байна. Харин бид тэрхүү сонирхлыг ашиглан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хятадын том зах зээл рүү чадах хэрээрээ гаргаад байвал өнөөгийг бидэнд тулгараад байгаа эдийн засгийн хямралыг төвөггүй даваад гарчихаж болохоор харагдаж байлаа.

Үргэлжлэл бий.

Я.БАЯРБААТАР

Д.ЦОГЗОЛМАА



Categories
мэдээ нийгэм

Хотын дарга багш нарт баяр хүргэж, үг хэллээ

Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт багч ажилчдад баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ

“Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ

Эрхэм зочид, боловсролын удирдах ажилтануудаа!

21-р зууны хөгжлийн түүчээ болсон эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш сурган хүмүүжүүлэгчид, энэрэл хайр, дадлага туршлагаар залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэгч ахмад багш нар, ирсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ Нийслэлийн төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын багш нарын 51 дэх өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн ачааллыг бууруулах, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархал, глобал сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх, багшийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх “Нийслэлийн багш” төсөл хэрэгжүүлэн, багшийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажиллах орчныг сайжруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан юм. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөрийг баталлаа.

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 2132 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 848 нэгж байгууллага буюу 39,8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод байдаг.

2020 он гэхэд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, 50 сургууль шинээр баригдаж, 3 ээлжтэй сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ. Мөн цэцэрлэггүй байгаа 27 хороог цэцэрлэгтэй болгож, 60 цэцэрлэг шинээр бариулснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд багшийн ачаалал өндөр, цэцэрлэгийн болон бага ангийн нэг багшид дунджаар 63 хүүхэд ногдож байна. Иймээс багшийн ажлын ачааллыг бид бууруулна.

Боловсролын байгууллагад сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж, багш ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулж, нэр хүндийг өсгөнө.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багшаар 100 хувь хангаж, мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг 45 хувьд хүргэнэ.

Багш удирдах ажилтны нийгмийн асуудал, хөдөлмөрийн үнэлэмж, урамшуулал олгох эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа гарган холбогдох байгууллагуудад санал хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулж, эх хэлний боловсролын чанарын түвшинг ахиулна. Бидний өмнө хийж хэрэгжүүлэх олон ажил байгааг тоймлон та бүхэндээ хүргэлээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшихөд чиглэсэн хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх олон талт сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ их үйлсэд хүчин зүтгэж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, ажилтан, албан хаагч, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье. Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд оны шилдэгээ тодрууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.