Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойд зориулан өнөөдөр Төрийн ордонд болж буй “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүллээ.
Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МУИС-ийн төгсөгч Зандаахүүгийн Энхболд уншиж сонордуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага – Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус, төгсөгчид, ажилтан, албан хаагчид, эрхэм зочид Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Тэртээ 1942 онд Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үндэс сууриа тавьж, анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет; математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдан, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23,000 гаруй оюутан суралцагч, 1,500 гаруй эрдэмтэн багш, ажилтантай эрдэм оюуны томоохон төв болжээ.
Монгол Улсын Их Сургууль бол улс орныхоо өнөөгийн хөгжил, ард түмнийхээ оюун сэтгэлгээний дэвшилд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэм номын гэгээн өргөө билээ. Энэ өргөөнд сурч боловсорсон сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн түүчээ, ард түмнийхээ оюуны хөтөч болсоор ирснийг түүх гэрчилнэ. Энэ сургуулиас аль ч үед нийгмийн өнгө төрх, дуу хоолой болсон манлайлагчид төрөн гарч, ардчиллын үйлсийг ч эндээс эхлүүлж байсныг монгол түмэн сайн мэднэ.
Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг Монгол Улсын төрийн дээд шагнал – Сүхбаатарын одонгоор шагнаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ шагнал нь манай улсын ууган их сургуулийн бүрэлдэхүүнээс салбарлан, бие даан гарсан МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ховд их сургуулиудыг ч давхар шагнаж байгаа шагнал юм гэдгийг онцлон тэмдэглэе.
Их сургуульд эрдэм судлалын шударга өрсөлдөөн, бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнд суурилсан хөгжлийн бодлого нэн чухал. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд заасны дагуу МУИС нь Азийн шилдэг 100 их сургуульд багтана гэж стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ бол тус сургуулийн ойрын зорилт гэж харж байна. Улсаараа овоглосон үндэсний хэмжээний тэргүүлэх их сургууль маань дэлхийн чансаанд тун чамлалттай үзүүлэлттэй байгаа ч энэ байдалдаа бодитой дүгнэлт хийн, дэлхийн шилдэг 100 сургуульд багтах холын зорилгод хөтлөгдөн алсын хараа, хөгжлийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх байх гэж найдаж, ирээдүйн хөгжлийн хүрэх оргилыг би өөдрөгөөр харж байна. Энэ өөдрөг бодлыг маань бодитой болгох нөөц боломж, эрдэм мэдлэгийн чадамж МУИС-ийн хамт олонд бий гэдэгт эргэлзэхгүй байна.
Өчигдөр миний бие тус сургуулийн орчин үеийн барилгын шилдэг шийдэл бүхий шинэ номын сангийн нээлтэд оролцлоо. Их сургуулиуд сургалтын дагнасан үйл ажиллагаанаас сургалт-эрдэм шинжилгээнд дэвшсэн бол одоо сургалт-эрдэм шинжилгээ-технологийн хэв маяг руу шилжиж, инноваци бүтээдэг, дамжуулдаг мэдлэгийн төв болон хувирч байгаа энэ цаг үед сургалт, судалгааны түшиц болон эрдэмтэн судлаачид, суралцагсдын өнөө үеийн мэдлэгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц олон улсын жишигт хүрсэн тохилог номын сан нээгдсэн нь нь МУИС-ийн төдийгүй Монгол Улсын төрийн бодлогыг дэмжсэн том бүтээн байгуулалт болсон байна.
Дэлхийн залуус Монгол Улсын Их Сургуулийг зорин ирж, эрдэмтэн багш, оюутан суралцагчдын бүтээл дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хувь нэмрээ оруулах цагийг түүчээлэх эрхэм үйлс тань өөдөө, зам тань дардан байхын ерөөл дэвшүүлж, МУИС-иар овоглосон хүн бүхэн, эрдмийн их өргөөний үе үеийн түүхийг бичилцэж яваа нийт хамт олон, төгсөгчдийн ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдрал бүтээлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдмийн хэт цахиваас-Хөгжлийн гал бадармой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.