Categories
мэдээ нийгэм

Томоохон зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгожээ

Image result for НӨАТТомоохон зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгосон гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, “Өгөөмөр”, “Нарантуул” зэрэг захуудад баримт өгөхгүй байгаа тухай гомдол иргэдээс их ирдэг. Иймээс Татварын ерөнхий газраас худалдагчдын дунд баримт хэвлэх машин суурилуулсан. Худалдагчид өөрийн кодоо ашиглан, иргэдэд баримт хэвлэж өгөх боломжтой гэж Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Цэнд-Аюуш хэллээ.

Иймээс иргэдийн хувьд энд угаасаа баримт өгдөггүй гэж орхих биш, худалдагчдаас баримт хэвлэж өгөхийг шаардах эрхтэй. Худалдаа эрхлэгчдэд баримт хэвлэх боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн гэдгийг албаныхан онцолж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын нууц товчоог Японы зах зээлд гаргана

“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” сангаас “Монголын нууц товчоо”-ны түгээмэл эх номны япон хэлээрх хувилбарыг олон нийтэд танилцууллаа. Энэхүү номын нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.

Япон хэлээрх хувилбарыг Японы нэрт Монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо орчуулсан бол зургийг “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслийг санаачлагч, удирдах зөвлөлийн дарга, зураач Р.Батцэнгэл зуржээ.

Түүхч, археологич Д.Эрдэнэбаатар:“Монголын нууц товчоо”-ны үйл явдлыг дүрсээр үзүүлнэ гэдэг хүнд илүү ойлгомжтой болгож буй хэлбэр юм. Ингэснээр залуу үеийнхэн төдийгүй бүхий л насны хүмүүст хүртээмжтэй болж байна. Зураач Р.Батцэнгэл энэ номны зургуудыг хийхдээ Монголын археологич, түүхчдийн судалгааны бүтээлийг үндсэн эх сурвалжаа болгон ашигласан учраас зөвхөн зураг биш мөн түүний судалгааны бүтээл гэж ойлгож болно.

Төслийг санаачлагч, зураач Р.Батцэнгэл: “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төсөл 2008 онд анх эхэлж байлаа. Төсөл эхэлснээс хойш МНТ 9 дэх жилдээ долоон хэлээр хэвлэгдээд байна. Зургуудын хувьд уншигчдад яг кино үзэж байгаа мэт үйл явдал, ахуй амьдралд хөтлөгдөж уншаасай гэж бодож зурсан. Хамгийн гол нь археологичдын олдвор, түүхийн судалгаа дүгнэлтэд тулгуурлаж бүтээсэн. Номын текст дээр зурган агуулга нэмэгдсэнээрээ илүү онцлогтой. Бид номоо Японы зах зээлд гаргахаар судалж байгаа. Тэгвэл Японы 120 гаруй сая иргэн, дэлхий дахинд буй япон хэлтэй хүмүүс МНТ-той танилцах боломжтой болно. Цаашид бид герман, франц, итали, испани хэлээр хэвлэхээр төлөвлөсөн.

Япон улсын Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго: “Монголын нууц товчоо” номыг Озава багш хэдэн жилийг зарцуулан Япон хэлээр орчуулсан бөгөөд Монголд элэгтэй, Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг хүмүүст маш хэрэгтэй уран бүтээл болжээ. Би ч гэсэн энэхүү номыг уншсан. Озава багшийн орчуулга, Р.Батцэнгэл зураачийн зургуудтай гайхалтай зохицож, урлагийн өндөр хэмжээний бүтээл болсон гэж хувьдаа дүгнэсэн.

“Монголын нууц товчоо”-г анимэйшнээр бүтээж дэлхий нийтэд түгээх зорилготой уг төслийн хүрээнд энэхүү бүтээл ийнхүү долоо дахь хэлээр хэвлэгдэж буй юм. Өмнө нь монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар хэлээр хэвлэгдсэн билээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн жингийн ангилалд өөрчлөлт орууллаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа.

Залуучууд, 23 хүртэлх насны ангиллын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125кг-д, эмэгтэйчүүдийн ангилал 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг жинд өрсөлдөнө. Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүд 41-45 кг, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110 кг, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг жинд өрсөлдөхөөр болжээ.
Харин эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг жингийн барилдаан олимпын хөтөлбөрт багтаж байгааг бөх сонирхогчид мэддэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд Энэтхэгийн соёл, зан заншилтай танилцав

Монгол дахь Англи сургуулийн гуравдугаар ангийн 54 сурагч өнөөдөр Энэтхэгийн ЭСЯ-нд зочлов.

Тус сургуулийн зүгээс нэг улирал Энэтхэг орны зан заншил, соёлын сэдэвтэй хичээлийг сурагчдад заасан бөгөөд тэднийг илүү мэдээлэлтэй болгохын тулд Энэтхэгийн ЭСЯ-нд хандан танилцах аялал хийхийг хүссэн нь ийнхүү биелээ олжээ. Хүүхдүүд Энэтхэгийн уламжлалыг харуулсан богино хэмжээний анимэйшн киног англи хэлээр, “Энэтхэгт нэг өдөр” киног монгол хэлээр үзэж сонирхов.

Энэтхэгийн ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоел хэлэхдээ, “Монгол, Энэтхэг орон буддын шашинд үндэслэсэн олон жилийн түүхэн харилцаатай. Монголчууд Энэтхэг орныг сайн мэддэг. Гэхдээ хүүхэд залуус илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа нь талархууштай. Энэтхэгийн соёлын фестивалийг 2015 онд Монголд зохион байгуулсан. Үүнээс гадна монголын 800 орчим лам Энэтхэгт сурч байгаа. Мөн Энэтхэгийн Засгийн газраас монгол оюутнуудад жил бүр нэлээд тооны тэтгэлэг олгодог. Тухайлбал, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах 40-50, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд зориулсан богино хэмжээний сургалтын 200 гаруй оюутан тэтгэлэгт сурч байна. Ингэснээр монголчууд Энэтхэгт зорчин, түүхийн дурсгалт газрууд, соёл, зан заншилтай танилцах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна Энэтхэг киног монголын үзэгчдэд үзүүлэх талаар ярилцаж байгаа. Энэ ажил тодорхой болсны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэх болно” гэв. Тус сургуулийн гуравдугаар ангийн сурагч М.Цэлмүүн, “Энэтхэг орны тухай, эртний тосгоны тухай хичээл үзсэн. Тэр тосгонд хүмүүс нь хөл нүцгэн явдаг, сандалгүй учраас газарт сууж, шалан дээр зураг зурж, бичдэг нь их сонирхолтой санагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Энэ үеэр мөн хүүхдүүдэд Монгол, Энэтхэгийн удирдагчдын уулзалтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэв.

Categories
мэдээ нийгэм

Arigun Luxury Brand

Categories
мэдээ нийгэм

Ойн арга хэмжээ баярын жагсаалаар эхэллээ

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги үүсч байгуулагдсаны түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн баярын арга хэмжээ өнөө өглөө тус аймгийн цэргийн хүрээний анги байгууллагуудын алба хаагчдын оролцсон баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ.

Баярын жагсаалын арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү болон төв, орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, ГУТОТС-ын Клубын тэргүүнүүд, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үе, үеийн удирдлага, алба хаагчид, хүндэт зочид, Өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын баг тамирчид оролцлоо.


Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги нь 1976 онд байгуулагдаж одоог хүртэл улс эх орон, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.
Баярын жагсаалын дараа улсын төсвөөр бус, орон нутгийн дэмжлэг, туслалцаа, алба хаагчдын өөрсдийн дотоод хүч, нөөц бололцоог ашиглан барьж, ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.


Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүсийн хэмжээнд томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна, баг тамирчид гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа жилийн аль ч улиралд хийх боломжтой болж байгаагаараа онцлог юм.


Мөн ойн хүрээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулна.
Тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубуудийн шигшээ багууд болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн ажилчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа

avtobus

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс нийслэл дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж.

Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг Нийслэлийн тээврийн газраас уриалж байгаа юм. Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны 85 байгууллагаас судалгаа санал авсан байна. “Судалгаанд хамрагдсан 59 байгууллагын 5373 албан хаагчийн 3696 нь нийтийн тээврийн цахим карттай. Нийтийн тээврээр үйлчлүүлж ажилдаа ирдэг 2671 албан хаагч байгаа бол хувийн автомашинаар ажилдаа ирдэг 2443 албан хаагч байна” хэмээн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар тодотгож байлаа. Судалгаанд хамрагдсан байгууллагууд 7 хоногийн нэг өдрийг сонгон нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэж уг аяныг дэмжихээ илэрхийлж байгаа аж.

Хотын даргын зүгээс уг аяныг дэмжих нь зүйтэй гээд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг цаг тухайд нь хийж байх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн газрын даргад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Утааны эсрэг хамтдаа” дулаалга, халаалтын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Утааны эсрэг хамтдаа” дулаалга, халаалтын дэвшилтэт технологийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлүүлж байгаа юм. Тус дүүргийн дүүргийн 14 дүгээр хорооны “Ойдов” худалдааны төвд зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаа нь 16-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Авто засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Манай дүүргийн ЗДТГ Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран дулаалга, халаалтын дэвшилтэт технологийн бараа, бүтээгдүүнийг иргэдэд танилцуулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулаад байна. Энэ нь мэдээж их хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдэд бага өртгөөр дулаанаа зохицуулахад тус дэм болохыг зорьж байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга болон “Ойдов” худалдааны төвтэй хамтран заал талбайгаа шийдэн ажиллаж байна. Тэгэхээр энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгж байгууллагууд үнэ төлбөргүй иргэддээ бараа бүтээгдүүнээ танилцуулах нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болох юм. Манай үзэсгэлэнд “Гэрэлтэх нарны туяа”, “Мон-Ашид”, “Хоот дабль валл”, “Атмор”, “Эко жигүүр” зэрэг усан болон цахилгаан халаагуурын компаниуд оролцож байна” гэсэн юм.

Үзэсгэлэн худалдаанд дулаалга, халаалтын бараа бүтэгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг 20-иод байгууллага оролцож байлаа. Тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд бараа бүтэгдэхүүнээ үзэсгэлэнгийн үеэр иргэдэд танилцуулж байсан юм.

“Гүүдшэйринг” ХХК-ны Борлуулалт хариуцсан ажилтан З.Зөвтөр “Манай компани нь нь 2010 онд “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Ерөнхийдөө нийгэмд тустай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Одоогоор дулаан баригч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Бидний хувьд шахмал түлш, дулаан баригч, яндангийн хамт үйлдвэрлэдэг юм. “G-saver” дулаан баригч нь түлшний зардлыг 45 хувь хэмнэнэ. Мөн гал асах хугацааг гурван цагаар уртасгаж, агаарын бохирдлыг бууруулахад сайнаар нөлөөлөх юм. Энэхүү бүтээгдэхүүн маань “Монгол Улсын шинэ бүтээлийн патент” аваад зогсхогүй Нийслэлийн агаарын чанарын албанаас агаарын бохирдлыг бууруулахад тустай бүтээгдэхүүн болохыг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн ШУТИС-ийн харъяа гэр зуухны лабораторын туршилтаар дуулаанаа 2-3 цаг илүү барьдаг нь тогтоогдсон. Бид энэхүү дулаан баригчаа яндангийн хамт 30 мянган төгрөгөөр борлуулж байна. Хэдий үндсэн үнэ нь 135 мянган төгрөг боловч иргэддээ хөнгөлөлттэй үнээр өгч байгаа юм.

Харин шахмал түлшний хувьд 2015 оны тавдугаар сараас эхлэн Завхан аймгийн Улиастай хот дахь салбар үйлдвэрийн газрыг түшиглэн үйл ажиллагаагаа туршилтын хүрээнд эхлүүлсэн. Уг шахмал түл нь хямд төсөр, үнс багатай бөгөөд зууханд бүрэн шаталт явуулж утаа бага гаргадагаараа давуу талтай. Нүүрсний нунтаг болон үртсийг дахин боловсруулж хийсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. Илчлэг өндөр, өртөг багатай түлшийг орон нутагтаа үйлдвэрлэж байгаад нутгийн иргэд тун талархалтай хүлээж авч байгаа. Энэхүү түлш маань 25 кг нь зургаан мянган төгрөгөөр худалдаалагддаг” гэж байлаа.

О.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн 75 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр тус сургуулийг 1987 онд төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсчээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Их Сургуулийн 75 жилийн ойд

Эрдэм соёлын эрдэнэсийн уурхай Монгол Улсын Их Сургууль байгуулагдсан 75 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн эрдэмтэн профессор, багш оюутнууд, үе үеийн төгсөгчдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Энэ ой бол Монгол Улс өөртөө дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн, улс орны хөгжлийн шинэ ирээдүйн суурийг тавигч үндэсний сэхээтнүүд бэлтгэгдэж эхэлсэн давхар баярын өдрүүд юм. ХХ зууны шинэ Монголыг МУИС-ийн төгсөгчид бүтээсэн, ХХI зуунд энэ уламжлал үргэлжилсээр байна.

Аав минь тус сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч, проректороор ажиллаж, миний бие энд суралцаж, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн хувь заяандаа гүнээ талархдаг бөгөөд төрөлх сургуулийнхаа ялгуусан замналаар ямагт бахархаж явдгаа тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Тэртээ 1942 онд эх орны дайны хүнд бэрх цаг үед Монголын төр засаг тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар МУИС-ийг үүсгэн байгуулсан нь эрдэм боловсролыг эрхэм болгосон холч мэргэн ухаан, Монголын соёл боловсролын онцгой түүхэн үйл явдал байлаа.

МУИС үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг гардан хэрэгжүүлэгч үндэсний шилдэг боловсон хүчин бэлтгэх, хүн ардаа соён гэгээрүүлэх, дэлхийн хэмжээний мэдлэг, технологийг Монголдоо нутагшуулах, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх зэрэг түүхэн зорилтын манлайлагч байсаар ирлээ.

1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш тус сургууль 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, өдгөө Монгол Улсын хөгжлийн тулгуур, мэдлэг ухааны цөм, шинжилгээ судалгааны гол төв болжээ.

МУИС-ийнхан дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад оруулж, Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн зэрэг томоохон амжилтаар ойгоо угтаж байгаад талархалтай байна.

Монгол Улсын Их Хурал боловсрол, шинжлэх ухааны бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн төлөвшүүлэх үндсэн зорилтынхоо хүрээнд улс орныхоо тэргүүлэх сургуулийг чухалчлан үзэж, дэлхийн хэмжээний мэдлэг бүтээдэг их сургууль болгохыг тууштай дэмжин ажиллах болно. УИХ-аас баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд тэргүүлэх байр суурьтай МУИС хошуучлан манлайлж, үүрэг хариуцлага хүлээн, нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсын дээд боловсролын анхдагч, арвин туршлага, нэр хүнд бүхий МУИС-ийн бүтээн бий болгосон мэдлэг, судалгаа дэлхийн эрдэм оюуны сангийн нэгэн цутгалан нь болж, оюутан залуус маань Монгол Улсын хийгээд төрөлх сургуулийнхаа нэр хүндийг дэлхийн дэвжээнд мандуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Их Сургуулийн алдар суу мөнх оршиж, Та бүхнийг эрдмийн гэгээ, төрийн сүлд ивээх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Монголоос шууд Амазон дээр бараа зарж болох уу?

tМонголоос шууд Амазон дээр бараа зарж болох уу?

Энэхүү блог пост-оороо өнөөдрийг хүртэл Монгол бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань Амазоны дэлхийн зах зээл дээр бараагаа шууд Монголоосоо бүртгүүлээд, зардаг болгох талаар өөрийнхөө хийсэн багахан судалгаа, өнгөрсөн сард тохиолдсон санаанд оромгүй зүйл – түүнээс гарч ирсэн эерэг үр дагавар зэргийг “мэдээ” шиг уйтгартай байдлаар биш сонирхолтой байж магадгүй гээд өөрт төрсөн мэдрэмжээр дүрслэн бичлээ. Жаахан урт ч гэсэн уншаад үзээрэй гэж хүсэх байна. Хэт урт байна гээд уншихгүй гэж бодож байгаа бол: Амазон дээр Монголоос шууд бүртгүүлээд бараа зарахад Монгол талаас хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байна гэдгийг дуулгачихъя. Банк, төлбөр, хаягжилт, гааль, татвар, ложистик, стандард тал дээр тусалж чадах хүмүүс байвал хэлээрэй. Хамтдаа зүтгэвэл дэлхийн онлайн зах зээлийн үүд хаалгыг бид Монголдоо нээж, 3 хан сая хүн амтай зах зээл биш 300+ сая цаашлаад тэр бум хүнтэй зах зээлрүү Монгол бараануудаа гаргах боломж бий болно гэж итгэж байна!

2.5 жилийн өмнө Амазон-д анх ажилд орсноос хойш зорилгоо болгосон нэгэн зүйл маань: “Монгол бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ шууд Монголоос Амазон онлайн худалдааны сайт дээр бүртгүүлэн, дэлхийн зах зээлрүү худалдаалах боломжийг бий болгох” билээ. Энэ хүсэл мөрөөдлийг маань 2 Монгол бизнес эрхлэгчид надруу бичиж, хүсэлт гаргаснаар эхлүүлсэн гэдгийг өмнө нь хэд, хэдэн удаа ч дурьдаж байсан. Харин сая 2017 оны 7 сард амралтаараа буцас очоод Монголчуудынхаа хийж, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг хараад үнэхээр бахархмаар, биширмээр санагдсан шүү. Энэ нь өнөөх зорилго, хүсэл, эрмэлзлийг маань улам бадрааж, өөрөөсөө байнга л: “Яавал энэ хүмүүс Амазоны сайт дээр бараагаа шууд Монголоос бүртгүүлэн зарж болох бэ? Би Амазон-д ажиллаж байх хоорондоо өөрийнхөө хэмжээнд юу хийж, өөрчлөлт бий болгож чадах вэ?” гэсэн асуултуудыг асууж байна.

Өмнө нь миний бичсэн блог уудаас уншиж амжаагүй хүмүүс, энд бичигдэж байгаа асуудлын талаар сайн мэдэхгүй хүмүүст маш товчхон мэдээлэл өгье. Амазон компань нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаа явуулж, 350 мянган хүмүүсийг (Монголын хүн амын 10% тай тэнцэх) ажиллуулж, 2017 оны LinkedIn компаний судалгаагаар АНУ-н ТОП компаний жагсаалтын 2-р байранд жагссан, маш олон салбарт үйл ажиллагаа явуулж буй компань юм. Үндсэн бизнес модель нь онлайн худалдаа хэдий ч мэдээллийн технологи, нэн ялангуяа үүлэн тооцооллийн шийдэл олгодог бизнесээрээ мөн дэлхийд тэргүүлж байгаа билээ. Амазон компань албан ёсоор онлайн худалдаагаа эрхэлдэг 14 marketplace буюу зах зээлийн орнууд байгаа юм. Үүнээс хамгийн том нь Хойд Америк бөгөөд Хойд Америкийн marketplace дээр дэлхийн нийт 103 орноос хүмүүс бараа. бүтээгдэхүүнээ зардаг билээ. Энэ нь дэлхийн хийд ДНБ-н 92% эзэлдэг ажээ. Харамсалтай нь эдгээр 103 орны жагсаалтад “МОНГОЛ” орон байдаггүй учраас Монголчууд маань Монголоос шууд бараа, бүтээгдэхүүнээ зарж чаддагүй. Энэ асуудлыг өнөөдөр мэдээж тойрж гараад бизнесээ эрхэлж байгаа хүмүүс байдаг. Таньдаг хүмүүсээрээ тухайн оронд нь заруулах, түнш олж хамтарч ажиллах, өөр орноор дамжуулах зарах гэх мэт аргууд элбэг байдаг. Гэсэн хэдий ч яг энэ бизнесүүдийг Амазон зүгээс: “Монголоос зарж байгаа юм байна” гэсэн мэдээлэл цуглуулахад амаргүй болгочихдог. Тэр нь ямар үр дагавартай вэ гэхээр Монголоос бараа зарагдаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй байснаар, Монгол сонирхол татахгүй орны жагсаалтад байсаар байх болно.

Өнөөдөр Монголд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань 3-хан сая хүн амтай зах зээл дээр бараа нийлүүлээд дээд хязгаарт тулж байснаас 300+ сая хүн амтай зах зээлрүү, тэр битгий хэл хэдэн тэрбүм хүн амтай зах зээлрүү бараагаа нийлүүлвэл ямар вэ? Монголдоо бараагаа үйлдвэрлэ, дэлхийн онлайн худалдааны сайт дээр байршуул, дэлхийн аль ч өнцгөөс таны барааг худалдаж аваг. Ийм байвал магадгүй манайх жижигхэн зах зээл дээрээ шахцалдах биш, хүн болгонд дэлхийн зах зээлийн үүд хаалга нээгдэж, дагаад манай бараа бүтээгдэхүүний чанар сайжирч, олон улсын стандартад нийцсэн бараа их үйлдвэрлэгддэг болж, том жижиг бизнес хэлтгүй хувь хүмүүст ч боломж олдож, хүн болгонд тэгш эрх бий болох болов уу? гэсэн бодол төрдөг юм. Тэгэхээр энэ дэлхийн зах зээлрүү нэвтрэх хаалгыг бид хэрхэн нээх вэ?

Энэ асуултын хариултыг би эрсээр 2.5 жил өнгөрчихсөн байна. Эхний ээлжийн судалгаагаар олж мэдсэн зүйл бол Монгол улсаас Амазоны сайтууд руу ирж байгаа хандалт нь үнэхээр харагдахгүй төдий бага байна, тиймээс манай орны талаар судалгаа хийх хүн хүчний нөөц ч олдоогүй байх нь. Яг энэ асуудлыг шийдвэрлэхээр өөрийнхөө хэмжээнд Амазон дотроо хүмүүсээс сураглаж, асууж, “Монгол” гэдэг нэрийг энд, тэндгүй дуулгаж байж, судалгааны үндсэн дээрээс гарч ирсэн хийх боломжтой зүйлсийн нэг нь Монголд хакатон тэмцээн зохиох байсан юм. Удаан хөөцөлдсөний эцэст Амазон компаниас анхныхаа удаа Монголд болох гэж буй тэмцээнийг хамтарч ивээн тэтгэхээр шийдэж, энэхүү тэмцээнээ амжилттай зохион байгуулсан билээ. Хүн болгоныг Амазоны сайтруу өдөр болгон, цаг тутамд, секунд тутамд ороод бай гэж хэлж чадахгүйгээс хойно ядаж технологи талаас нь хүмүүсийг хэрэглүүлж, бага ч гэсэн хандалт бий болгож үзье гэж бодсон нь тэр юм. Дашрамд хэлэхэд: “Монгол” гээд хэлэхээр аль хэсэгт харъяалагддаг нь ч тодорхойгүй хүмүүс гайхаж бие биенээсээ асууж байхыг хараад бас л сонин сэтгэгдэл төрж байсан шүү. Гэхдээ ямар ч байсан Амазоныг Монголд болох хакатоныг хамтарч спонсор хийлгүүлэхийн тулд Амазоны хуулийн багийнханд хандаж, Монголд арга хэмжээ явуулж болох зөвшөөрлийг албан ёсоор авч, харин хакатон дээр Амазон оос нэг хүнийг шууд онлайнаар яриулахын тулд Public Relations багт хандаж, зөвшөөрөл авхуулж чадсан юм. Тэгэхээр энэ 2 хэлтсийнхэн ямар ч байсан Монгол гэдэг орныг судлаад, зөвшөөрсөн нь бас нэг чамалхааргүй амжилт шүү!

Ингээд АНУ-д иргэж ирснийхээ дараа тайлангаа бичиж өгчихөөд, нэг орой сууж байгаад яагаад ч юму мэдэхгүй шууд л Амазоны яг marketplace хариуцсан Vice President (дэд ерөнхийлөгч) рүү нь шууд имэйл бичээд орхичихлоо. Монголынхоо төлөө л хийж байгаа юм чинь, асуулаа гээд ямар гар хөл салаад уначих биш, асуудалд орох биш гээд. Ийм өндөр албан тушаалын хүний секунд болгон нь маш үнэтэй байдаг байх гэж бодсон болхоор имэйлээр аль болох богинохон бичив. Ерөнхийдөө бол:

“Сайн байна уу?
Намайг Амарбаяр гэдэг. DevOps инженэрээр ажилладаг.
Яг өнөөдрийн байдлаар Amazon.com дээр Монгол гэсэн орон байхгүй болхоор Монголд байгаа олон зуун бизнес, хувь хүмүүс бараа, бүтээгдэхүүнээ зарж чадахгүй, хаалганы цаана гацчихаад байна. Монгол орныг бүртгэдэг болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Би яаж тусалж чадах вэ?
Дашрамд хэлэхэд манай Монголд магадгүй Амазон дээр байдаггүй гоё бараанууд зарагдаж, Амазоны барааны нэр төрлийг нэмэгдүүлж болох юм шүү дээ. Чацаргана, ноолуур, арьс, савхин бараанууд, гар урлал…гэх мэт.
Хүндэтгэсэн,
Амарбаяр

Ингээд хариу ч ирнэ гэж бодоогүй сууж байтал 5 хан минут болов уу үгүй юу ийм хариу ирсэн юм:


Би ажилчдаа энэ асуудлыг шалга гээд хэлчихлээ. Брл. П

Амазон компань маш том болхоор олон дэд ерөнхийлөгчидтэй байдаг. Гэхдээ энэ дэдүүдийн нэг нь миний имэйлийг тоогоод, 5-хан минутын дотор хариу бичнэ гэдэгт анх АНУ-н визэнд ороод, виз гарах боловуу гэснээс ч их эргэлзэж байсан юм. 🙂 Гэтэл ийм хариу хүрээд ирэхээр нь их баярласан шүү. Энд: “Брл” гэдэг нь “Баярлалаа” гэдгийн товчлолыг харуулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл яг имэйл нь: “Thx” гэсэн бөгөөд энэ нь “Thanks” гэсний товчлол. Өндөр албан тушаалтай хүн Thanks гэж 6 үсэг бичсэнээс Thx гээд товчилж, цаг хэмнэчихгээд үлдсэн 1 секундээ өөр ажилдаа зарцуулдаг болох нь уу? гэсэн бодол зурвас хийгээд өнгөрлөө.

За ингээд л бас нэгэн судалгааны ажлын эх үүсвэр нээгдэж, бүр ёстой жинхэнэ санаанд төсөөлөгдөмгүй, зүүдэнд ч орхоогүй зүйлтэй учирсан юм. Үүнээс хойш болсон процесуудад зарим нь компанийн нууцлалтай шууд холбоотой мэдээллүүд бий болохоор би зөвхөн олон нийтэд аль хэдийний ил байгаа мэдээллүүд дээр тулгуурлан мэдээлэл хүргэх болно. Ер нь блог пост ууд дээрээ, энд тэнд яриа өгөхөдөө дандаа компаний биш өөрийнхөө, хувь хүний бодол, байр суурьнаас туршлагаасаа хуваалцаж, ямар нэг байдлаар компанийн хувийн эсвэл олон нийтийн биш мэдээллийг хуваалцдаггүй гэдгийг сануулахад зүйтэй байх.

Ингээд өнөөх дэд ерөнхийлөгч байхгүй 7 хоног алга боллоо. Би ч тэвчээртэй хүлээж байгаад, дахиад нэг асуугаад имэйл биччихлээ. Бас л тэр даруй хариу ирж, ажилчдаасаа надруу эргээд холбогдуулъя гэлээ. Ингээд 2 хоног өнгөртөл миний имэйл дотор: “Монголыг Амазон дээр” гэсэн уттга бүхий гарчигтай уулзалтын урилга ирэх нь тэр. Би ч нүдэндээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Ингээд хурлын өмнөх тэмдэглэлийг унштал Монголын талаар нэг хүн нь хийсэн судалгаагаа танилцуулах юм байна гэж олж мэдлээ. Тэгээд цааш нь хартал, тэр хуралд уригдсан хүмүүс нь marketplace ийн дэд ерөнхийлөгч (өнөөх имэйл бичдэг хүний яг доод талын), тэр хэлтсийн технологийн дэд ерөнхийлөгч, олон улсын зах зээлрүү тэлэх хэлтсийг хариуцсан захирал, хуулийн хэлтсээс тухайн бүтээгдэхүүнийг хариуцсан захирал, ахлах хуулийн зөвлөх, санхүүгийн захирал, энэ хэлтсийн бүтээгдэхүүнийг хариуцсан ахлах менэжэр гээд хүмүүс байсныг хараад… миний өнөөх 2 жаахан нүд чинь жинхэнэ Дубайн хилээр орох гээд арай гэж том болгож бүлтийлгэж байснаас ч илүү томоор бүлтийж, жинхэнэ өөрийнхөө хацрыг алгадаж, зүүд үү бодит амьдрал уу дээрээ хүртэл тулсан шүү. Энэ хүмүүсийг албан тушаалаар нь жагсаавал би Амазон-д ажилд орж 2.5 жил ажилласанаас хойш хэдхэн удаа л тэр “ахлах менэжэр”-н зэргийн хүнтэй уулзах боломж олдож байсан бол энэ уулзалтанд тэр хүн нь хамгийн доод тушаалтай хүн нь болж таарсан юм. Бусад хүмүүс нь бүгд түүнээс дээш албан тушаалтай хүмүүс гэсэн үг. За тэгээд тэр хүмүүстэй би өөрийгөө харьцуулахад… хэхэ.

10 аад хоног өнгөрч, хүсэн хүлээж байсан уулзалт маань 9/25-ны орой 16 цагаас болсон юм. 15:50 гээд хурлын өрөөнд очоод, сандарсан байдалтай сууж байтал өнөөх хүмүүс маань 1, 1 ээрээ орж ирэх нь тэр. Ингээд цуваа хүмүүс орж ирсэний хамгийн сүүлийн хүн нь (хамгийн том албан тушаалтай гэх үү дээ), хаалгаа хаачихаад: “Is this Team Mongolia?” буюу “Энэ Монголын багийнхан уу?” гээд инээгээд орж ирсэн юм. Тэдгээрийн ярьснаар хэн нь ч, хэзээ ч Монгол гэсэн гэсэн ганцхан орны талаар бүхэл бүтэн 1 цагийн хурал хийж, ярилцана гэж төсөөлж байгаагүй гээд л бас л гайхан, инээлдэж байлаа. Яг энэ мөчид миний дотор яагаад ч юм их гоё мэдрэмж төрж байсан юм. Энэ том хүмүүсийг ингээд 1 өрөөнд суулгаад, Монгол орныхоо талаар хэлэлцүүлнэ гэдэг миний хувьдаа хийж чадах томоохон зүйл байх даа гэсэн бодол… Ингээд Амазоны хурал явагддаг зарчмаар бэлдсэн судалгааны бичиг, баримттай эхний 15 минут бүгд чимээгүй уншиж танилцаад, асуулт/хариулт, сэтгэгдлээ хуваалцаж, ярилцаж эхэлсэн юм даа. Энэ дотор тодорхой хэмжээний нууцлалтай зүйлс яригдсан учраас шууд дүгнэлтрүү нь оръё.

Ерөнхийдөө бол хандалтаас гадна тулгарах асуудлуудад:

  • Дотоод системүүдийн бэлэн байдал
  • Төлбөр, тооцоо
  • Хаягжилт, хаяг шалгах
  • Чанар, стандард
  • Луйвар, залилан
  • Хууль, эрх зүй
  • Мэдээллийн алба

гэсэн зүйлс бас байгааг олж мэдсэн юм. Харин аз болж Монгол улсыг Хуулийн болон Мэдээллийн Албаны хэлтсийхэн нь зөвшөөрсөн орнуудын жагсаалтанд оруулчихсан гэсэн мэдээллийг олж харахад их баяртай байсан юм. Урт жагсаалтны 2 нь ч гэсэн өмнө нь миний өнөөх HackUB-г зохиох гээд хандаж, зөвшөөрөл авч байсан хэлтсийнхэн байна гээд их урам зориг орсон шүү. Ингээд уулзалтын чиг хандлага ерөнхийдөө эхний ээлжийн судалгааны ажлууд их байгаа, ганц Монгол биш бас өөр орнууд хүлээгдэж байгаа, энэ бүгдийг хийхэд хүний нөөц хэрэгтэй гэсэн зүйл рүү шилжсэн юм. Уулзалтын эцэст би өөрийнхөө сайн дураараа тэр судалгааны ажлуудаас нь авч хийж, холбогдох хүмүүстэй нь холбогдож болох уу гэж асуутал болно штээ, хэрвээ бусад багууд нь Монгол орныг нээхэд гарах системийн, байгууллагын, бодлогын асуудлуудаа шийдчихвэл marketplace дээр бүртгэж болох талаар нь тусалж өгье гэсэн амлалтыг авч чадсан юм! Тэр том албан тушаалтай хүмүүсээс ийм хэмжээний амлалт авна гэдэг бол чамалхааргүй амжилт санагдсан шүү! Дээрх асуудлууд дээр онцолж яригдсан зүйл нь төлбөр, тооцооны асуудал байлаа. Монголоос бараагаа АНУ-н зах зээл дээр зарсан хүн, төлбөрөө яаж авах вэ? #МонголынБанк ууд руу шууд систем ашиглаад төлбөр шилжүүлэхэд бэлэн байгаа юу?… Яг энэ бол манай оронд өнөөдөр ч тулгарч байгаа асуудал. Гадны орнуудаас төлбөр хүлээж авах боломжгүй, PayPal аар ядахдаа мөнгөө авчихаж болохгүй гэх мэт гомдлуудыг онлайн хэлэлцүүлгүүд дээр хүртэл уншиж байснаа санадаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л энэ зун Ж. Энхбаяр гишүүний SMS төв дээр хийж байсан Стартап сэдэвтэй яриан дээр нэг залуу яг энэ төлбөрийн асуудлыг шийдээд өгөөч ээ гэсэн хүсэлт хүртэл гаргаж байсныг хүртэл тодоор санасан юм.

Ингээд миний хийх ажлын жагсаалт:

  • Төлбөр тооцооны асуудал судлах
  • Монголын хаяг шалгах системийн талаар судлах
  • Амазоны дотоод хамааралтай системүүдийн багийхантай уулзаж, Монгол орныг нэмэхэд гарч болох асуудлууд, тэдгээрийг яаж, ямар хугацаанд шийдэх (энд багагүй олон баг бий)
  • Чанар, стандардын талаар судалгаа хийх
  • Дээрхийг хийсний дараа, оналайн дээр бүртгэл хийдэг болгох талаар дахин уулзалт хийх

Нөгөө талаас, миний бодлоор бол дэлхийн зах зээлрүү гаръя гэсэн бодолтой бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань дор бүрнээ:

  • Бараа бүтээгдэхүүнээ олон улсын стандард нийцсэн байгаа эсэхийг шалгах
  • Ложистикийн асуудалдаа анхаарлаа хандуулах (яаж хамгийн хямдаар АНУ-руу бараагаа явуулах вэ?)
  • Барааны нэр, төрлийн судалгаа хийж, 12 эсвэл 13 оронтой UPC barcode оо авах
  • Үнийн судалгаагаа хийх
  • Гаалийн татвар, тооцооны судалгаагаа хийх…

гээд бэлдээд сууж баймаар санагдлаа. Ер нь бол нэг л өдөр Амазоны үүд хаалга Монголд нээлттэй болоход манайхан шууд л бараануудаа зараад, цаг алдахгүй байх хэрэгтэй байх. Хаалга нээгдчихээд байхад чанар, шаардлага, стандард, ложистик, гааль, татвар, хаяг, төлбөр гээд гацаад хэн нь ч бараагаа зарж чадахгүй, цаг алдаад байвал яг өнөөдөр ямар байгаа түүн шигээ л болчихно биз. Хэн нэгэн нь энийг уншаад, эргэн тойрныхоо хүмүүсийг уриалаад, эсвэл өөр өөрсдийнхөө тусалж чадах, хамтраад судалгаа хийгээд, холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцаад, эсвэл бүр тэр банкны хүмүүс нь, хаяг зохьцуулах хүмүүс нь, татварын хүмүүс нь, ложистикийн хүмүүс нь, чанар/стандардын хүмүүс нь хамтраад, холбогдоод ажиллавал бид нар энэ ажлын ард гарч чадна гэж итгэж байгаа!

9/25-ны уулзалт болсноос хойш 7 хоног өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар надад 2 урагштай мэдээ байна:

  1. Амазоны хамтарч ажилладаг төлбөрийн системийн компань болох 3-дагч компаньд Монгол улс маань бүртгэлтэй байдаг юм байна. Тэгэхээр Монголчууд маань энэ компаньд бүртгүүлээд бараагаа зараад, төлбөрөө $ оор авах боломжтой гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр – хамгийн ихээр санаа зовоогоод байсан төлбөрийн асуудал шийдэгдлээ гэсэн үг!
  2. Өмнө нь 3-дагч орнуудаас Амазон дээр амжилттай байршуулж байсан туршлагатай нэг ахлах менэжэртэй холбогдож чадсан. Энэ 7 хоногт уулзаж зөвөлгөө авах санаатай байна. Аль болох чадлаараа дэмжиж, зөвөлгөө өгөхөд бэлэн байна гэж хэллээ.

За яг одоо 10.02-ны орой 23:18 болж байна. Үүгээр энэ удаагийнхаа блог постыг өндөрлөе. Галзуу хулганы зам шиг дээшээ, доошоо хэмнэлтэй бичсэн, мөн үг үсгийн алдаа гаргасан байж болзошгүй блог постыг маань цаг гарган уншсанд тань талархлаа илэрхийлье! Ямар ч байсан дэлхийн компаньд зүгээр нэг ажиллаад суухгүй, эх орондоо багахан ч гэсэн хэрэгтэй зүйл хийе гэсэн хүсэл эрмэлзлээрээ өөрийнхөө хэмжээнд явж байгаа гэдгээ дуулгах гэсэн юм. Дараа дараагийн даваануудын цаана ямар асуудлууд байгааг мэдэхгүй ч, хичээх болноо!

Дахиад хэлэхэд Монгол талаас энэ асуудал дээр сайн дурын цагаа зарцуулаад, хамтраад ажиллах мэдлэг, туршлагатай, шийдвэр гаргахад оролцож чадах хүмүүс байвал холбогдохыг хүсье. Ялангуяа:

  • Банкны төлбөр авах тал дээр
  • Гаалийн бараа гаргах, татвар
  • Монголоос АНУ руу бараа илгээх ложистик ийн тал дээр
  • Монгол бараа, бүтээгдэхүүнийг олон улсын стандарт, шаардлагат нийцүүлэх процесс
  • Хаяг таних, баталгаажуулах систем

Баярлалаа!

Хүндэтгэсэн,

А. Амарбаяр

Эх сурвалж: https://amarbayara.wordpress.com