Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, шуурна

Холбоотой Зураг

Ихэнх нутгаар энэ сарын 07-08-нд хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхтэй холбогдуулан Атвотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг хүргэж байна.

Хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл саатах улмаар шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гардаг. Үүний улмаас зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтайг сэрэмжлүүллээ.

Тиймээс тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулав. Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв”-тэй гэрээгээр ажилладаг аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сонгохыг уриаллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Улсын цолтнуудыг барилдахыг нь шаардах зөв ч журмаа тодорхой болгох хэрэгтэй

БГД-ийн иргэн Г.Төрболд

Монголын үндэсний бөхийн холбоо улсын цолтой бөхчүүдийг барилдаанд оролцож байх тухай журам баталжээ. Үүнийг бөх сонирхогч хүний хувьд үнэхээр дэмжиж байна. Улсын цолтой бөхчүүд тэр дундаа өндөр цолонд хүрсэн аварга, арслангууд заал, танхимын болоод төрт ёсны томоохон барилдаануудад зодоглохоо больсон. Ард түмэн аварга арслангуудын уран гоё барилдааныг л харах гэж Бөхийн өргөөг зорьдог нь тодорхой. Ингээд яваад очихоор уг барилдаанд улсын цолтой цөөн тооны бөх л барилдаж байдаг. Нэгэнт тасалбараа аваад ирчихсэн болохоор үзэхгүй гээд яах ч билээ. Гэхдээ дараа, дараагийн барилдааныг нь шимтэн хүлээхээ болино л доо. Энэ л аюул. Монгол бөхийн барилдаан үзэгчгүй болчихвол оршин тогтнож чадахгүй хэмээн саяхан “Өдрийн сонин” дээр Монголын бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуай хэлсэн байна лээ. Энэ үнэн. Тийм болохоор дээрх журам цагаа олсон зөв шийдвэр байлаа хэмээн бөхийн холбоог дэмжье. Гэхдээ тэрхүү журмыг нь уншаад судлаад байхаар хэд хэдэн зүйл тодорхой бус байна. Улсын цолтой бөх үнэхээр барилдах боломжгүй байвал яах вэ. Үүнийг журамдаа ар гэрийн гачигдал эсвэл эмчийн актыг харгалзан үзэж чөлөөлнө хэмээсэн байна. Ар гэрийн, хувийн асуудал гэдэг түмэнд дэлгээд байдаг сэдэв биш. Үүнийг хувь хүн нуух эрхтэй. Нуусныхаа төлөө улсын баяр наадамд барилдах эрхгүй болох нь. Тийм болохоор илүү нарийн судалгаа хэрэгтэй. Мөн МҮБХ-нд хамааралтай эмчээс акт авч барилдаанаас чөлөөлөгдөнө гэнэ. Ганц эмч тухайн бөхийг төрийн наадамд зодоглуулах уу эс зодоглуулах уу гэдэг эрх мэдэлтэй болчих гээд байх шиг. Мөн хөдөө, орон нутагт амьдарч буй улс, аймгийн цолтой бөхчүүд яах вэ. Жилийн жилд нийслэлийг зорин ирж төрийнхөө баяр наадамд зодоглодог бөхчүүд Улаанбаатарт зохиогдсон барилдаанд оролцоогүйгээсээ болж, барилдах эрхгүй болно гэж үү. Эдгээр зүйлийг нарийн сайн судлах шаардлагатай болов уу.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжит сургалтыг өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Япон-Монголын хамтарсан сургалттай ерөнхий боловсролын Номтнаран сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулж байгаа юм. Сургалт авахыг хүссэн сурагч, багш нар ubyouthdevelopment@gmail.com хаягаар холбогдох боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Кеньёон Мартин: Чиний овог чинь Лин шдээ

NBA-гийн тоглогчид сошиал ертөнцөд холбогдож үзэл бодлоо илэрхийлэх болсон. Тэгвэл Брүклин Нетс багийн холбогч Жэрэми Линийг дрэдс буюу хар арьстнуудын үсний стилээр үсээ засуулсан талаар NBA-гийн тоглогч Кеньёон Мартин “Хэн нэгэн нь Жереми Линд ” Чамайг харууд шиг байх хүсэлтэйг ойлголоо, гэхдээ чиний овог чинь Лин шдээ гээд хэлэх хэрэгтэй байна” хэмээн твиттэр хуудаснаа жиргэжээ. Харин үүний хариуд Жэрэми Лин твиттэртээ “Залуу минь чамд миний үс таалагдахгүй байгааг ойлголоо. Чи ингэж бодож байгаан байна. Гэхдээ миний зурагийг олонд түгээсэнд баярлаа. Үнэндээ би Дрэдс загварын үстэй болсондоо баяртай байгаа. Чи ч гэсэн гаран дээрээ хятад ханзаар шивүүлсэн байна. Энэ ч бас нэг төрлийн хүндлэл. Нэг нэгнийхээ соёлыг хэр хүндэлж түгээнэ. Тэр чинээгээрээ бид нийгэмд нөлөөлж чадна. Нетсийн төлөө хийж байгаа зүйлд чинь баярлаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулав

Ихэнх нутгаар энэ сарын 07-08-нд хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхтэй холбогдуулан Атвотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг хүргэв.

Хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл саатах улмаар шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гардаг. Үүний улмаас зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтайг сэрэмжлүүллээ.

Мөн Тиймээс тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулав. Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв”-тэй гэрээгээр ажилладаг аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сонгохыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдэв

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс төр засгаас тус салбарын хамт олны шаардлагад хариу ирүүлэхгүй бол эрхийнхээ дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас лхагва гарагт 21 аймгаас эмч, эмнэлгийн ажилтнууд нийслэлд ирж, жагсаал хийсэн. Харин үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж байгаагаа илэрхийлж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шуурхай мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Мягмар: “Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа ч 434-660 мянган төгрөгийн цалин авч байна. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт цалин нэмэх талаар удаа дараа шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гарсангүй. Энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээрээр цалин нэмэх асуудлыг тусгахаар болсон билээ. Гэвч Засгийн газраас энэ нэмэлт хэлэлцээрийг зөрчин 2018 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихдаа цалин, тэтгэврийг нэмэх талаар нэг ч үг, өгүүлбэр оруулаагүй байна. Бидний шаардлагын хариуг энэ сарын 11-ны дотор Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг хүсч байна. Хариу ирэхгүй бол эрхийнхээ дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт зарлаж хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Механик тээврийн сургуулийн 55 жилийн ой тохиож байна

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 55 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хүндэт профессор, багш, оюутан, төгсөгчдөө зам, тээврийн салбарын нийт ажилчдынхаа өмнөөс болон хувиасаа баяр хүргэж үг хэллээ.

Тэрээр “Энэхүү түүхт 55 жилийн ойн босгон дээрээс эргэн харахад тус сургуулийг автотээврийн механикч инженер, тээврийн инженер-эдийн засагч, логистик менежмент, нисэх техникийн механикч, үйлдвэрлэлийн механикжуулалт зэрэг 10 гаруй мэргэжлээр долоон мянга гаруй мэргэжилтэн төгсөн гарч улс орны эдийн засгийн суурь бүтэц болох тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгааг бахархан дурдахад таатай байна” гэлээ. Тэдний дотроос олон зуун хөдөлмөрийн сайчууд төрөн гарсны дотор Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат ажилтнууд цөөнгүй төрөн гарч, Шинжлэх ухааны докторын зэргийг 4 хүн, Боловсролын докторын зэргийг 90 орчим хүн тус тус хамгаалсан талаар онцоллоо.

Тус сургуулийн оюутнууд нисэх болон авто загварын олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр байгаа бөгөөд эдгээр бүтээлч санал, санаачилгаа цаашид үргэлжлүүлэн үр нөлөөтэй зохион байгуулахыг тэрээр уриалав.

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат нь тус сургуульд багшилж, эрдэмтэн багш нартай мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсны хувьд сургуулийнхаа хөгжил дэвшил, ололт амжилтаар байнга бахархаж, сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Тэрээр зам, тээврийн салбарт ажиллаж буй нийт ажилчдынхаа өмнөөс түүхт сургуулийнхаа 55 жилийн ойг тохиолдуулан биеийн тамирын заал болон Иргэний нисэхийн кабинетын иж бүрэн тохижуулахаар болж, тус сургуульд 10 ширхэг суурин компьютер бэлэглэлээ. Мөн Зам, тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг салбарын шагналаар шагнаж урамшуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: МУИС-ийг хөгжүүлэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон эрдэмтэн багш, оюутнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутнууд аа!

Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо тулгын чулуугаа тавьж, улс орны маань эрдэм оюуны тусгаар тогтнолын манаа болсон үндэсний сэхээтэн бэлтгэж эхэлсний түүхт ой – МУИС үүсч байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үе үеийн багш, профессор, эрдэмтэн доктор, ажилтнууд,оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж төгсөгчийн хувьд амжилт хүсэн мэндчилье.

Баярын хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчдөд баяр хүргэе.

1942 онд МУИС-ийн хичээлийн анхны хонх Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед дуугарсан нь монгол хүнд шинжлэх ухааны мэдлэг, боловсрол дэвшилд тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд холч ухаантай өвгөдийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь Монгол Улс Их сургуультай болсон явдал юм.

ХХ зууны их бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн жилүүдэд МУИС нийгмийн хөгжлийн манлайд нь байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг эргэлтгүй суурьшуулан, судалгааны суурь ажлуудыг туурвин дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгосныг түүхт ойн энэ ёслолын индрээс бахархан тэмдэглэж байна.

Өнөөдөр МУИС 23 мянга гаруй оюутан,1000 орчим багш, судлаач, 500 гаруй ажилтан, ажиллагсадтай болжээ.

МУИС-ийн эрдэмтэн багш нарт улам өндөр төвшний, далайцтай сургалт, судалгаа хийж эх орондоо баялаг бүтээгч байх шинэ зорилтыг дэвшүүлж байна.

Тиймээс МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан нь цаг үеэ олсон алхам болжээ.

Монгол Улсын Их хурал 2016 онд боловсролын багц хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх ажил 2017-2018 оны хичээлийн жилд эхлээд байгаа. “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-д 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилт тавьсан бөгөөд ойрын ирээдүйд МУИС энэ зорилтыг хамгийн түрүүнд биелүүлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байгаагаа онцлон хэлье.

МУИС 75 жилийн ойгоо Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн амжилтаар угтсанд Та бүхэнд халуун баяр хүргэе.

МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд Японы Кюүшүгийн Технологийн институттэй хамтран зохион бүтээсэн энэ хиймэл дагуул монгол хүн сансрын уудамтай шууд харьцан ажиллаж байгаа баталгаа боллоо.

“Мазаалай” хиймэл дагуулыг бүтээх, амжилттай хөөргөхөд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн оролцож хөрөнгө, санхүүгээр дэмжиж ажилласнаа Та бүхэнд дуулгаж байна.

Цаашид ч Монгол Улсын Засгийн газар монголчуудын оюуны түүчээ, эрдмийн ундарга МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Их сэтгэгч Инжинааш хэлж, МУИС уриагаа болгосон “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” хэмээх үгээр Та бүхний эрдмийн их үйлсийг мялааж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас прокурорт хаягласан олны анхаарал татсан хэргийн эзэд

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст хамаатай эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарын хэргийг АТГ шалгаж дууссан байна. Ингээд тэдний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа юм. Тэднээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын нэр бүхий долоон хүнийг яллагдагчаар татжээ. Мөн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Эдгээр эрхмүүдийн холбогдсон хэргийг эргэн сануулъя.

1.3 ИХНАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАНТХЭРГИЙН БУРУУТНУУД

Хөгжлийн банк 2012-2016 оны хооронд “Чингис”, “Самурай” бондыг санхүүжүүлсэн билээ. МАН-ын Засгийн газар байгуулагдаад бондын зарцуулалтад шалгалт хийж, 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн тухай өнгөрсөн жил бахархалтайгаар мэдээлж байв. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашигггүй, эргэн төлөгдөх баталгаагүй зарцуулсан асуудал сөхөгдөхөд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүс нэр холбогдсон. Энэ асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр саатуулан шалгасан. Түүнийг цагдан хоригдсоны дараа 20 гаруй тэрбум төгрөгийг хувийнхаа данс руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж байв. Үүнээс гадна хэргийг шалгах явцад хувийн чанартай гүйлгээнүүд нь хуулийнхны анхаарлыг татаж эхэлсэн гэдэг.

Тухайлбал, таван сая иенийн гүйлгээ хийсэн нь илэрч байсан юм. Хөгжлийн банкны удирдлагууд ямар ч тооцоо судалгаагүй бондын мөнгийг баруун солгойгүй урсгасан мэт эрх баригчид мэдээлж байв.

АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗУВЧУУЛСАН А.ГАНТУЛГА

АН-ын засаглалын үед Төрийн орон сууцны корпораци(ТОСК)-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга улсаас нэг тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт буруудсан билээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн гэгддэг. Түүнийг “Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр АТГ-аас жилийн өмнөөс шалгаж эхэлсэн билээ. А.Гантулга нь “Үндэсний барилга консорциум” компанийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж. Харин тус консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэж тухайн үед хэвлэлүүдээр шуугиж байсан.

Хэрэг мандсан цагаас АТГ-аас А.Гантулгыг зургаан сар шалгасны дараагаар яллагдагчаар татсан юм. Тэрбээр 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж байсан. Харамсалтай нь АТГ түүнийг шалгаж байсан болохоор Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан. Ингээд тэрээр нийслэлд нэр дэвшиж чадаагүй юм.

“ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” ХӨТӨЛБӨРӨӨР 300 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Р.ЭРДЭНЭБҮРЭН

“Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын туслахаар ажиллаж байгаад улс төрд орж ирсэн Р.Эрдэнэбүрэн нь Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдсон. Тодруулбал, Р.Эрдэнэбүрэн нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд барилгын 301.6 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Үүнийг материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж авч байсан гэнэ. Гэтэл тэрбээр уг мөнгийг хэрхэн юунд зориулсан тухай тайлангаа тавиагүй нь АТГ-ын хараанд өртсөн юм. Энэхүү их мөнгөн дүнтэй хэрэгт Р.Эрдэнэбүрэнгээс гадна БХБЯ-ны хоёр ажилтан шалгагдсан.

АВТОЗАМЫН АЖЛААР ДАМЖУУЛЖ ХӨРӨНГӨЖСӨН Р.ОНОН

Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлж байв. Тэрбээр Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт зөрүүтэй мэдээлэл өгч, тогтоол гаргуулсан гэгддэг. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэхэд нь Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанд давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг нь батлуулсан. Ийм замаар Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн тухай хэвлэлүүд хэсэг шуугисан.

Р.Ононг хууль хяналтын байгууллага шалгах болсон шалтгаан нь хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үүдэлтэй байв. Цалингаас өөр орлогогүй, төрийн албан хаагч гэж мэдүүлсэн хэрнээ асар их хөрөнгө дээр сууж байсан нь АТГ-ынхны анхаарлыг татжээ. Р.Онон нэг тэрбум шахам төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг. Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байртай. “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашинтай байсан юм. Гэтэл эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадалгүй мөрдөн байцаагчийн асуултад бүдэрсэн хүн.

Ингээд Р.Онон Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан нь илэрчээ. Тухайн үед хяналтын туслан гүйцэтгэгч нэрээр тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард хоёр удаа 200 сая төгрөг шилжүүлээд авчихсан талаар мэдээлэл байдаг.

ГААЛИЙН БАЙЦААГЧДЫН АВЛИГЫН ХЭРЭГ

ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан 2015 оноос хойш АТГ шалгасан.

Тухайн үед ГЕГ-т ажиллаж байгаад халагдсан хэсэг хүн Б.Оюундэлгэрийн талаар холбогдох газарт нь матсанаар хэрэг мандсан гэдэг. Б.Оюундэлгэр нь Б.Цэнгэлийг ГЕГ-ыг удирдаж байх үед Төрийн захиргаа, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллахдаа Б.Баттогтох нартай хамтран нэг хүнээс 2.5-5 сая төгрөгийн хахууль авч гаалийн байцаагч болгодог байсан гэх мэдээлэл бий. Мөн Ж.Баттогтох нь гаалийн байгууллагад 20 гаруй жил ажилласан байж. Тэрбээр гаальд ажиллаж байгаа хүмүүсээс олон сая төгрөг авч Замын-Үүд, Алтанбулагийн боомтод томилуулдаг байсан аж. Харин Ч.Насанбат, М.Дөлгөөн нарын хэрэг нь Б.Оюундэлгэр нарын хэргээс тусдаа. Замын-Үүд дэх Гаалийн газарт ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх хэлтсийнхний хийсэн шалгалтаар БНХАУ-аас “Норд Бенз” маркийн гурван ачааны машинд 70 тонн тавилга ачсан байсны 40 тонныг нь чулуун хавтан гэж гаалийн бүрдүүлэлт хийж өгсөн байдаг.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр бүтээлээрээ үлгэрлэсэн ахмадууд энгэрээ мялаалгав

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан зам, тээврийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачлагатай ажилласан үе үеийн тээвэрчдийг “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан хаагчдыг шагнаж, урамшуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат “Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг энэ салбараас олон жил хөдөлмөр бүтээлээрээ үлгэрлэсэн үе үеийн салбарын удирдлагууд төрөн гарч, ажил үйлсээрээ манлайлж байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд та бүхний хүчин чармайлт ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдгийг онцлон хэлье. Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.