Categories
мэдээ нийгэм

29 дүгээр сургуулийн Б.Батсайханд Нийслэлээс хоёр сая төгрөг төлөхөөр болжээ

Холбоотой ЗурагСонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал асан Х.Батсайханыг энэ сарын 5-ны өдөр буцаан томилжээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард 29 дүгээр сургууль дээр үүссэн нөхцөл байдал, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Түүнийг Нийслэлийн засаг даргын шийдвэрээр ажлаас халсан ч тэрбээр шүүхээр явсаар ийнхүү эргэн ажлаа авчээ.

Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2 сая 335 мянган 290 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батсайханд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Батсайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул уг хэргийг иргэний давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сарын 13-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэргийн хариуцагч энэхүү шийдвэр гарснаас хойш 14 хоногт багтан Хяналтын шүүхэд хандах эрхтэй байсан ч уг 14 хоног дуусан учраас ийнхүү Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үлдэн иргэн Б.Батсайхан эргэн ажилдаа томилогдсон нь энэ юм байна. Тэгэхээр Нийслэлийн засаг даргын тамгын газар түүнд хоёр сая гаруя төгрөг төлөх нь байна.

Н.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

Томуу өвчнөөс сэргийлэх арга

Томуу өвчнөөс сэргийлэх арга зурган илэрцүүд

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Мөн бага насны хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 09-ӨӨС 10 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 09-ний Даваа гарагт:


  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 09-ний Даваа гарагт:

  • Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 10-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

10 дугаар сарын 11-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай;
  • Бусад.

3.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 12, 13-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Хайгуулын 71 тусгай зөвшөөрөл олгожээ

Хайгуулын зөвшөөрөл зурган илэрцүүдАшигт малтмал газрын тосны газар энэ оны долоон сарын байдлаар 71 тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээр сонгон шалгаруулалтаар 10 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 17,1 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлжээ.

Монгол улсын нутаг дэвсгэрийн 31,8 сая га талбайд хайгуулын лиценз олгох боломжтой гэсэн тооцоо судалгаа бий. Үүнээс өргөдлийн шугмаар 13,6 сая га талбайд хайгуул хийх зөвшөөрлийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаргасан юм. Энэ нь нийт нутгийн 6,5 хувийг эзлэх талбай юм.

Categories
мэдээ спорт

Хоёр өдөр бөхийн барилдаантай

бөхийн барилдаантай зурган илэрцүүдМонгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай.

Тодруулбал, бямба гарагт буюу өнөөдөр 14 цагаас улиралд тутамд зохион байгуулагддаг Аймгийн начин цолтой бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болно.

Маргааш буюу ням гарагийн 14.00 цагаас Дөрвөн уулын хишиг барилдааны нэг “Баянзүрх хайрханы хишиг” барилдаантай. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөх зодоглоно.

Categories
мэдээ нийгэм

Алт тушаалт өсчээ

Алт тушаалт өсчээ зурган илэрцүүдМонголбанк энэ оны аравдугаар сар гарснаас хойших эхний долоо хоногийн байдлаар 870 кг алт худалдан авчээ. Ингэснээр алт худалдан авалтын хэмжээ 2017 оны эхний 10 сарын байдлаар 15.6 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 тонноор нэмэгдсэн байна.

Дашрамд дурьдахад, Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх, алт тушаалттай холбоотой хууль, эрх зүйн орчинг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол-Алт” аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Орчуулга хийдэг ухаалаг чихэвч олныг гайхашрууллаа

Энэ долоо хоногт “Google” компанийн танилцуулсан хамгийн сонирхолтой төхөөрөмж бол Pixel Buds нэртэй ухаалаг чихэвч байлаа.

Энэ чихэвч нь зөвхөн хөгжим сонсох, утсаар ярих зориулалттай биш, бас асуултанд хариулж, мэдээлэл олж өгч туслах, 40 үндэстний хэл хооронд яриаг шууд орчуулдаг ид шидтэй юм байна.

Зөвхөн Android Nougat болон түүнээс хойшх систем бүхий утастай холбогдож ажилладаг Pixel Buds чихэвч нь $159-ийн үнэтэйгээр ирэх сард АНУ-д худалдаалагдаж эхэлнэ.

Танилцуулгын үеэр тайзан дээр Англи-Швед хэл хооронд яриаг шууд хөрвүүлж үзүүлсэн нь гайхалтай явдал байлаа.

Чихэвчийг удирдахдаа дээр нь хуруугаар дарах, гүйлгэх, эсвэл дуу хоолойгоор комманд хэлж болдог гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Болд: Яг үнэндээ зохиолын дууг нийтээрээ л сонсдог шүү дээ

Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдтой ярилцлаа.

-Та нэг хэсэг уран бүтээл гэхээсээ илүү өөрийн “B SOUND PRODUCTION”-даа анхаарал хандуулаад байсан. Харин одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?

-Мэдээж шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. Өмнө нь багагүй хугацаанд эхнэртэйгээ хослон дууллаа. Харин тун удахгүй ганцаарчилсан “Амьдрал” хэмээх шинэ цомгоо гаргахаар зэхэж байна. Нийт найман дуутай байхаар төлөвлөж байгаа. Арваннэгдүгээр сарын дундуур гарах болов уу. Дээрээс нь нэгэн шинэ дуу маань үзэгчдэд хүрэхэд бэлэн болчихсон байна. Мөн шинэ он гаргаад тоглолтоо хийх төлөвлөгөөтэй явна даа.

Харин одоогоор “B SOUND PRODUCTION”-ыхаа таван жилийн ойд зориулсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ид ороод явж байна. Тоглолт арванхоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнөө болох юм. Манай продакшны хамт олон өнгөрсөн хугацаанд рок поп, нийтийн дуучид, хошин шогийн хамтлагууд, сонгодог урлагийнхан гээд салбар бүрийн л уран бүтээлчидтэй хамтарч тоглолтыг нь зохион байгуулж, хөгжим, тайз засалт зэргийг нь шийджээ. Ер нь бол өнгөрсөн таван жилийн хугацаанд нийтийн болоод рок попын дуучдын тоглолтын тайзыг шинэчилж чадсан гэж боддог шүү. Ямартай ч байгуулагдсан цагаас минь эхлэн ажилласан эдгээр уран бүтээлчид маань бидний ойн тоглолтод оролцоно. Хамгийн шилдэг уран бүтээлчид оролцох тул маш сайхан тоглолт болно. Үзэгчдэд маань “Ээ дээ дэмий л юм үзчихлээ дээ” гэсэн харамсал төрөхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Та өнөө цагийн нийтийн дуучдын онцлогийг юу гэж харж байгаа бол?

-Манай нийтийн дуучдыг хөдөөнийх гэх зэргээр ярьдаг л даа. Ер нь л янз бүрээр яриад байдаг хандлага ажиглагдаад л байдаг юм. Гэхдээ яг үнэндээ зохиолын дууг нийтээрээ л сонсдог шүү дээ. Монголчуудын 70, 80 хувь нь нийтийн дуу сонсож байгаа. Рок поп, сонгодог урлаг зэргийг ийм, тийм гэж хэлж байгаа юм биш л дээ. Ямартай ч миний хийсэн судалгаагаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн 90 хувь нь нийтийн дуу сонсдог юм билээ. Нутаг ус, ээж аавыгаа санасан хүмүүс ихээр сонсдог байх нь л дээ. Тэгэхээр нийтийн дуу бол маш хүчтэй салбар. Тиймдээ ч Монголын дууны урлагт тэргүүн эгнээнд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь ч хөдөө орон нутгийн хаана ч соёлын үрийг тарьж яваа хүмүүс бол нийтийн дуучид л байдаг шүү дээ. Бид хол ч гэлтгүй аймаг, сумдад бүгдэд нь очиж дуу хуураа хүргэхийг хичээдэг, зорьдог.

-Гэхдээ сүүлийн үед сайн муу нь мэдэгдэхгүй маш олон дуучид гарах болсон байна. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Мэргэжлийн болоод мэргэжлийн бус дуучдын талаарх асуудлууд бий л дээ. Би Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны дэд тэргүүнээр ажилладаг хүний хувьд энэ мэт асуудлыг хэлдэг, ярьдаг. Гэхдээ тэдгээр хүмүүсийг “дуулахаа боль” гэж хэлж болохгүй нэг зовлон бий. Хэрэв хэлчихвэл хүний хэрэгт оролцсон болно шүү дээ. Хэдий уран бүтээлчид бид дотроо энэ асуудлыг ярилаа, хэлэлцлээ гээд ямар ч шийдэлд хүрч чадахгүй. Харин Боловсрол соёлын газраасаа тохирох тогтоол зэргийг гаргах нь зүйтэй. Өмнөх үеийнх шиг айхтар цензур тавихгүй ч ямар нэгэн байдлаар хяналт байх хэрэгтэй болов уу.

-Нийтийн дуучдыг хамгийн их ашиг олдог уран бүтээлчид гэдэг. Ер нь нэг тоглолтоос хичнээн төгрөгийн ашиг олдог вэ?

-Нийслэлийнхээ үзэгчдэд хүргэдэг тоглолтоос тийм ч их ашиг олоод байдаггүй. Тоглолтын зорилго нь ашиг олох гэхээсээ илүү өөрийгөө таниулах, шинэ уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ тайлагнах гэж л хийдэг юм шүү дээ. Түүнээс хүмүүсийн ярьж хэлдгээр айхтар их ашиг орлого олоод байгаа юм байхгүй. Эргээд тооцоод үзэхээр зардалтайгаа тэнцэж чадахгүй тохиолдол ч бий. Олон өдөр хийвэл юу юм гэхээс ашиг олдог гэж хэлэхэд хэцүү л дээ. Яахав орон нутгийн тоглолт зэргээс боломжоороо ашиг орлого олоод л явдаг. Басхүү тухайн аймаг сумдад ч нэмэр тус болдог байх. Сумын соёлын төв орлого тун багатай шүү дээ. Нийтийн дуучид ээлжлэн очиж тоглолт хийснээр сумын соёлын төвүүд ч тодорхой хэмжээний ашиг орлого олж байдаг. Долоо хоногт нэг тоглолт очлоо гэхэд сумын Соёлын төв дор хаяж 500 мянган төгрөгийн ашигтай байх жишээтэй.

-Дуучин Э.Чулуунчимэг та хоёрыг Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын залгамж халаа болсон шинэ залуу хослон дуулаачид гарч ирлээ хэмээн ярьж байсан цаг саяхан. Та хоёрын уран бүтээлүүд ч хэдийнэ ард түмний сэтгэлд хүрч чадсан шүү дээ. Харин тэдгээр уран бүтээлүүд дахин дуулагдах болов уу?

-Тэр бол цаг хугацааны л асуудал байх. Сүүлийн гурван жил найр хурим гээд дуэт дуу хаана л дуулагдах хэрэгтэй байна тэнд бид хоёр явж байсан. Ерөнхийдөө анх МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг, дараа нь С.Жавхлан, Т.Баясгалан гээд энэ сайхан дуучид нийтийн дууны урлагт тэсрэлт хийсэн. Мөн Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар ч залгамж халаа болж байлаа. Харин түүнээс хойш нэг хэсэг дорвитой уран бүтээл хийж байгаа хослон дуулаачид байхгүй болчихсон. Ингээд бид хоёр гэр бүл болоод хамтран уран бүтээл хийж эхэлсэн. Үзэгчид ч маш сайхнаар хүлээж авч байлаа. Улмаар бидний үеийн залуучууд болоод найз нөхдүүд маань ч гэсэн хамтран дуулах нь олширсон. Тиймдээ ч бид хоёр их булган сүүлтэй байж чадсан гэж боддог шүү. Тэгээд ч нийтийн дууны урлагт манлайлагч байж чадсан. Одоо ч гэсэн манлайлагч байсаар л байгаа. Гэхдээ үзэгчдийн хүртээл болсон тэр бүтээлүүд дахин эгшиглэх эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Гэр бүл салалттай холбоотойгоор та нэг хэсэг үзэгчдийн хэл аманд багагүй өртсөн.

-Би урлагийн тогоонд орсон цагаасаа эхлээд нэг ч удаа муу муухайгаар хэлүүлж үзээгүй. Бүх л хүнтэй мэндтэй устай, тус дэмтэй явж ирсэн. Тиймдээ ч урлагийнхан болоод эргэн тойрондох хүмүүсээс маань намайг муулдаг хүн ховор л доо. Харин сошиалаар цацагдсан худал, үнэн мэдээллээс болж хоёр, гурван мянган хүн фэйсбүүкээр муулсан. Бас л эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Мэдээж гэр бүл сална гэдэг буруу зүйл л дээ. Хүсээд байх ч сайхан зүйл биш гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Түүнээс гадна хамгийн чухал нь бид хоёр үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр үр хүүхдэдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлж чадахгүй, хамт амьдрахгүй байна гэдэг маш хэцүү. Гэсэн ч хоорондын асуудал, маргаанаас болоод хоёр тийш болсон. Үүнд зөвхөн нэг хүнийг буруутгаж болохгүй. Хэн хэн нь буруутай байсан. Тиймдээ ч миний хувьд чимээгүй л байсан. Чимээгүй байсаар л байна. Заавал ингэсэн, тэгсэн гээд тэр болгоныг задлаад байх хэрэггүй байх. Тэр хүн миний охиныг төрүүлж өгсөн сайхан эмэгтэй шүү дээ. Одоо ганцаарчилсан уран бүтээлээ хийгээд сайхан л явна. Ямартай ч бид хоёр охиноо хаа хаанаа халамжлаад л байж байна. Гэхдээ халуун ам бүлээрээ байж байгаад тусдаа амьдраад ирэхээр маш их эзгүйрсэн. Тэр үед үнэхээр хүнд байсан л даа. Сэтгэлээр ч их унасан. Гэсэн ч ээж, аав, охин минь байхад амьдралд улам хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Би өөрөө хүчтэй байж сайн, сайхан явах ёстой. Тэгж байж охин минь “Энэ миний аав” гэж бардам хэлж чадна шүү дээ. Яахав ийм юм үзэж туулж байгаа болохоор амьдралын хаттай болж, ухаан сууж л байна. Одоо бол амьдралд дахин алдах эрх байхгүй. Дуугаа дуулаад хөдөлмөрлөөд, охиныхоо төлөө зүтгэх болно. Ер нь эргээд бодоход тэгээд хүнд хэцүү үед хүний эцэг, эх л хажууд байдаг юм билээ. Надад олон сайхан найз нөхдүүд бий л дээ. Гэхдээ тэд чинь бүгд л тус тусдаа амьдралтай хүмүүс шүү дээ.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Хийхээр зорьж байгаа зүйлс их байна. Ойрын таван жилийнхээ төлөвлөгөөг гаргачихсан байгаа. Хамгийн эхлээд Удирдлагын академид суралцана. Ер нь ганцхан дуу хуураа хөөгөөд явахаар хайрцаглагдчих гээд байна л даа. Тэгэхээр толгойгоо цэнэглэж байх нь зүйтэй гэж бодож байгаа. Юм үзэж, харж нүдээ нээх нь юу юунаас чухал байна.

Үүнээс гадна “B SOUND PRODUCTION”-ыхаа таван жилийн ойд зориулж хэд хэдэн сайн үйлсийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Миний хувьд СУИС-ийг төгссөн. Тиймдээ ч СУИС-ийн дуурийн дуулаач оюутнуудын дунд зохиогдсон “Лавай-II” уралдааныг ивээн тэтгэсэн. Энэ бол эхлэл нь л дээ. Мөн дараа дараагийн хийж байгаа ажлууд маань тун удахгүй та бүхэнд хүрээд эхлэх байх.


Categories
мэдээ цаг-үе

Аймгийн начин Х.Лувсанжамц: Бид нар ингээд хаяад явчихвал эзэнгүй болно шүү дээ, эх орон минь

Д.АРИУНД.АРИУН

ХИС-ийг Олон Улсын Харилцаа, Эдийн Засагч мэргэжлээр дүүргэж, өдгөө АНУ дахь Virginia Interna­tional University (VIU)-д Global Logistic буюу Олон улсын mээвэр зуучлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй аймгийн начин Х.Лувсанжамцтай ярилцлаа.

-Хэрхэн Америкт суралцах болсон талаар яриагаа эхлэх үү. Тэр дундаа бөхчүүд магистрын зэрэг хамгаалж байна гэхээр хүмүүс их сонирхдог байх?

-Миний хувьд арван жилдээ хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн болохоор Хятад явж сурах боломж илүү байсан. Гэвч АНУ-д суралцсанаар өөрийгөө улам нээж хөгжүүлэх, бас нийгэмдээ хийж бүтээх зүйлс илүү болно гэсэн үүднээс энд байсан үеэлтэйгээ холбогдож, VIU-ийн тухай олж мэдээд, элсэлтийн материалуудаа бүрдүүлж эхэлсэн л дээ. Нуулгүй хэлэхэд аюулгүй байдал талаас гэрийнхэн маань санаа зовж байсан. Буудалцаан боллоо гэхчлэн бүтэхгүй зүйл л бидэнд мэдээлэгдэж байдаг болохоор тэр. Азаар гэх юмуу сургууль маань Америктаа хамгийн аюулгүй тайван орчинд байрладаг Fairfax хотод байдаг болохоор өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тэдэнд маань эмээх зүйл огт гарсангүй. Ердөө 30 орчим минут яваад л Вашингтон Д.С. рүү ороод ирдэг. Тэнд бол бүх элчин сайдын яамд байрладаг, үндсэндээ бол АНУ-ын төдийгүй дэлхийн нийслэл юм даа.

Дээрээс нь энд ирснээр хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлсэн, олон зүйлийг өөртөө нээж, өөрийгөө оллоо. Ажлын өндөр туршлагатай хүмүүстэй нэг баг болж, Энэтхэг, Араб, Йордан, Испани, Хятад гэхчлэн олон орноос ирсэн оюутнуудтай найзалж, өөрийгөө сорьж, тэднээс их зүйлс суралцаж байна. Орон орны хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байх юм. Жишээ нь, Энэтхэг оюутнууд маш шаргуу байхад Арабууд их няхуур. Зарим тохиолдолд бид нарт чирэгдээд, хэт их асуулт асуугаад байгаа харагдавч, олж авсан мэдлэгээрээ илүү гарчихсан байх жишээтэй. Тэгэхээр тэр бүх хүний арга барилаас суралцаж байгаа минь өөрөө бас их том боломж юм даа.

-Америкт ирэхдээ англи хэлний түвшин хэр байсан бэ. Шууд магистрын ангидаа орсон уу?

-Сургуульдаа ирээд англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсний дараа нэг жил гаруй хэлний бэлтгэлд суусан.Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэе гэвэл шууд л эх оронд нь очиж, тухайн хэлийг үзэх хэрэгтэйг энд ирээд илүү ойлгосон. Зөвхөн хэл үзээд зогсохгүй, хэлний бэтгэлийн шат нь ахиад ирэх тусам академик түвшинд судалгаа шинжилгээ хэрхэн хийх, илтгэх чадвараа хэрхэн дээшлүүлэх зэрэг хөтөлбөрүүд нэмэгдээд явчихдаг нь их таалагдсан. Миний хувьд оюутан байхдаа англи хэл сонирхохгүй, хятад хэлтэй л байхад хангалттай гэж бодож байсан маань буруу байсныг одоо ухаарч байх жишээтэй. Дээрээс нь англи хэлний хичээлийн цаг дээрээ төмөр өргөөд зогсохыг илүүд үзэж явсандаа одоо харамсдаг шүү. Залуус маань энэ алдааг битгий давтаасай. Англи хэлний мэдлэг өдөр ирэх хэрээр шаардлагатай болж байна.

-Сонсоод байхад эцэг, эх тань боловролд чинь их анхаарсан байна. Хятад сургуульд сургаж, дээрээс нь дэлхийн их гүрэнд магистр цол хамгаалуулна гэдэг бас л их хүч хөдөлмөрийг тэднээс шаардаж байгаа. Ачийг нь хариулах тухай мэдээж бодно биз?

-Өө, тэр бол байнга шүү дээ (инээв). Аав ээж хоёр маань үргэлж намайг сонсч, дэмжиж байдагт нь баярлаж явдаг. Одоо барилдмаар байна, сурмаар байна гэхэд үргэлж л урам хайрлаж, хажууд бас зогсоостой. Монголд байхдаа сайн барилдаж баярлуулахсан гэж хичээдэг байсан бол одоо сайн сурахсан гэж боддог болжээ. Үнэндээ албатай юм шиг бэлдэж өгсөн юмыг нь идэж, хэрэглэчихээд явдаг байснаа бодохоор баярлалаа гэж байсан маань ховор санагддаг.Иймд “Өдрийн сонин”-оороо дамжуулаад хайрт аав ээж хоёртоо хүү нь хязгааргүй их хайртай, та хоёроороо бахархаж явдгаа хэлье.

-Таны аав бас бөх хүн байдаг гэсэн байх аа?

-Тийм. Миний аав улсын начин А.Хатансайхан гэж хүн бий. Барилдахгүй болсноосоо хойш хэсэг хувийн бизнес эрхэлж байгаад одоо Зам Тээвэр Хөгжлийн Яам, Авто тээврийн үндэсний төвийн Замын Үүд дэх салбарын даргаар ажилладаг. Би доороо ганц охин дүүтэй. Тэр маань саяхан манай сургуульд сурахаар тэнцэж ирээд хичээлдээ орчихсон яваа.

-Аавынхаа улсын начин болж байсан үеийг санадаг уу?

-Ёстой санадаггүй юмаа.(инээв)Бусдаар бол аавынхаа заалны бэлтгэл, барилдаан бүрт нь хамт явдаг байсан. Бөхийн өргөөнд дээлийнх нь захыг мушгиад л сууна шүү дээ. Харин жаахан томроод ирсэн чинь аав минь барилдахаа болиод миний дээлийн захыг мушгиад суудаг болсон байсан.

-Хэдий боловсролдоо анхаарч байгаа ч хувийн амьдралаа давхар зохицуулаасай гэх битүүхэн шахалт аав ээжээс нь ирэх юмуу?

-Өө байнга шүү дээ.Аав л их хэлдэг юм. ”Хүүе чи оройтлоо” эсвэл ”Эмээ чинь чамайг оройтлоо гээд байна, чи хурдан хүүхэдтэй болооч” гэх жишээний.Гэр бүл зохиох тал дээр өөрийгөө арай л бэлтгэгдээгүй байна гэж боддог. Хоёрдугаарт зорьж, бүтээхсэн гэсэн зүйл олон байна. Гэхдээ сайн хүнтэй таарвал ”би зорьсон юмтай” гээд яваад байхгүй байх л даа.

-Тэгвэл ямар охид илүү таалагддаг вэ?

-Өөрийн бодлоо тулгаад байхгүй бусдыг сайн ойлгож, хүндэтгэдэг хүн байвал зүгээр болов уу. Амар амгалан байдлыг эрхэмлэдэг болохоор хурц ааштай хүн надтай ер нь тохирохгүй байх.

-Сургуулиа төгсөнө гэдгийг эн тэргүүнийхээ зорилго болгосон юм байна. Төгсөөд юу хийх төлөвлөгөөтэй байна?

-Энд ирэхээсээ өмнө би “Сод Монгол” компанийн тээвэр ложистикийн албанд ажилладаг байсан. Одоо миний суралцаж байгаа чиглэл бас Global Logistic буюу Олон улсын тээвэр зуучлал. Иймд сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу нэг жил дадлага хийнэ гэж зорьж байна. Угаасаа манай төгсөгч нар Америкт үлдээд нэг жил албан ёсоор ажиллах эрхтэй байдаг. Тэр боломжийг алдахгүйгээр FedEx, DHL зэрэг эндхийн томоохон буухиа шуудангийн газруудад ажиллах сонирхолтой. Хятад хэлээ ашиглаж Amazon зэрэг Хятадаас их хэмжээний тээвэрлэлт хийдэг газруудад дадлага хийхэд ч болохгүй юу байхав.

-Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Унаган хятад хэлтэй, энэ их гүрний талаар илүү өргөн мэдээлэлтэйн чинь хувьд асууж байгаа юм шүү. Манайхны дунд яваад байдаг ”хятад үзэл” ямар санагддаг вэ?

-Үнэнийг хэлэхэд тийм ч сайхан санагддаггүй шүү. Манайхан хэт туйлшраад ”хятадууд муу муухай” гэдгийг цөөн хэдэн боловсролгүй, бүр хөдөөний, хариуцлага муутай хятад дээр үндэслэж ярьдаг. Тийм өчүүхэн зүйлсийг дэвэргэхийн оронд энэ улсаас авах, суралцах зүйлсдээ илүү анхаарахсан. Саяхан би уншиж байлаа. Европоор аялж байсан нэг хятад нөхөр10 мянган ам.доллароор хундага виски авч уусан тухай. Тэр жуулчдыг л Монголд авчирмаар байна шүү дээ, өөрсдөөсөө түлхэх биш. Дэлхийн хамгийн их мөнгө үрдэг жуулчдаар хятадын залуу үе тодорсон байна лээ. Жишээ нь, хоёр хятад залуу ойрхноор нь Монголд аялахаар шийдэж, интернэтээр Монголын тухай мэдээлэл сонирхтол нөгөө бидний болсон болоогүй хятадуудын эсрэг мэдээллүүд хамгийн түрүүнд гарч ирсэн байдаг. Тийм зүйлийг уншсан хүмүүс манайд аялах уу? Иймд өнөөгийн цахим зуунд бид ярьж бичиж буй зүйлстээ илүү болгоомжтой хандах хэрэгтэй байна. Америкт бол дэлхийн бүх үндэстэн ястан амьдардаг. Хуулийн дагуу хүн шударгаар ажиллаж, хөдөлмөрлөөд явахад хэн ч биднийг үндэслэлгүйгээр хардаж, сэрдэж, дайрч доромжлохгүй. Иймд манай хууль хатуу байж, хүнд хүрэх цагт бид олон зүйлд санаа зовохоо болих байх.

-Монгол, Америк дахь оюутны амьдралд хэр их ялгаа ажиглагдав?

-Мэдээж бэлтгэл байхгүй учраас энд сурах нөхцөл илүү бүрдсэн. Монголын маргааш олон гэж бид ярьдаг бол энд богино хугацаанд их зүйлийг амжуулж сурчээ. Олдсон жаахан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Сургуулийн маань монгол оюутны холбоо их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид хамтдаа долоо хоног бүр сагс тоглож, амралтынхаа үеэр байгалийн үзэсгэлэнт газрууд болоод Америкийн бусад хот мужуудаар аялдаг.

-Үүний хажуугаар бэлтгэл хийх боломж гарах юм уу?

-Ойр амьдардаг бөхчүүдтэйгээ хамт зодог шуудгаа өмсөөд зааланд барилдана шүү. Хичээл сургууль, ажил төрөл гээд яаж ч ядарч байсан тал бүрээс цуглаад бэлтгэлээ хийх сайхан байдаг. Улсын начин Д.Лхагвадорж ах, ОУХМастер МУГТамирчин С.Миарагчаа, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир гээд олон хүн бий. ОУХМастер н.Баясгалан гээд ах маань удахгүй энд чөлөөт бөхийн дэвжээ нээхээр ажиллаж байна. Сонирхуулахад энэ жилийн Вашингтон ДС дэх монголчуудын баяр наадмын барилдаанд миний бие сургуулийнхаа нэр дээр барилдаж, үзүүрлэсэндээ баяртай байгаа.

-Тэгэхээр та нар маань бас нутгаа битүүхэндээ их л санадаг байх нь?

-Мэдээж улсын баяр наадмаар ч юмуу томоохон ойн арга хэмжээний барилдааныг харахад сэтгэл огшиж, эх орон, ээж ааваа санана. Тэр тусмаа хамтдаа барилдаж явсан үе тэнгийн бөхчүүдээ харахад дахиад нэг хоёр жил барилдаж байгаад ирсэн бол дээр байж уу гэж бодогдох жишээтэй. Гэхдээ мэдээж энд ирсэн зорилгоо мартаж болохгүй л дээ.

-Наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгууль болж, тэр тусмаа бүр бөх хүн ялалт байгууллаа шүү дээ?

-Мэдээж сайхан санагдсан. Тамирчин хүн ерөнхийлөгч болсноор хүмүүсийн дунд байдаг ташаа ойлголтыг бага ч болтугай өөрчилсөн болов уу. Бөх хүн гэхээр мэдлэггүй гэх ойлголт өөрөө буруу. Харин ч спортоор хичээллээд аливаа зүйлийг хүлээж авах чадвар илүү сайжирч, тэсвэр хатуужилд суралцдаг. Сонгуулийн үеэр ажиглагдсан зүйл гэвэл залуучууд маань улс төрд хэт их туйлширч, өөрийн гэх үнэт зүйлгүй болсон шиг санагдсан. Гэхдээ мэдээж хүн бүр тийм биш л дээ. Улс орондоо ихийг хийх хүсэлтэй мэдлэгтэй, нам гэж туйлширдаггүй хүн илүү олон. Цахим ертөнцөөр хов жив ярьж, бусдын тухай бичих биш, хувь хүнийхээ хувьд өсч дэвжих зүйлд цаг заваа зарцуулаасай залуус маань.

-Америкт байгаа монголчууддаа хандаж хэлэх зүйл гэвэл?

-Монгол руугаа буцаасай гэж их хүсдэг. Энд сурч, ажиллаж олж авсан мэдлэг туршлагаа Монголдоо гаргаасай. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ”Монгол бол хязгааргүй боломжийн орон” гэсэн нь үнэн санагддаг. Монголд очоод юу хийх билээ, очоод ажлын байр олдохгүй байх гэх хандлага энд илүү давамгайлдаг санагдсан. Нөгөө талаас Монголд буй зарим нь ”Чи жаргал хөөж гадаад явсан бол Монголын асуудал чамд хамаагүй” гэх хандлагатай. Миний бодлоор монгол хүн Монголдоо хэрэгтэй, Монголоо л хөгжүүлнэ. Хүнд ажилласан ч монгол хүндээ ажилладаг байя. Бид нар ингээд хаяад явчихвал эзэнгүй болно шүү дээ эх орон минь.

-Тэгвэл Америкт ирж, суралцах хүсэлтэй залуустаа хандаж хэлэх зүйл байна уу?

-Мэдээж мөнгө маш хэрэг болно. Иймд болж өгвөл илүү зардал битгий гаргаасай. Наад захын жишээ гэхэд Америкт сурах хүсэлтэй гээд хэдэн зуун эсвэл хэдэн мянган ам.долларыг бусдад өгдөг. Болсон болоогүй зуучлагч нартай холбогдож байхаар тухайн сонирхсон сургуулийнхаа вэб сайт руу нь түрүүлж ороосой. Жишээ нь манай сургуульд ажилладаг монгол оюутан маань өөрийн гэсэн сошиал хуудсаараа Virginia International Universi­ty-д сурах хүсэлтэй хүмүүст тусалж, сонирхсон асуултад нь үнэ төлбөргүй хариу өгч байдаг. Энэ мэт олон боломж нээлттэй байхад манайхан аль болох яаралгүйгээр суралцах сургууль, мэргэжлээ сайн судалж байгаад ирээсэй.

Д.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдорж: Утаанаасаа салъя л гэж хүсч байвал цахилгаан халаагуурт шилжих нь хамгийн зөв шийдэл

Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Хүйтэн сэрүүний улирал эхэлж, тун удахгүй бид өнөөх л утаа тортогтойгоо золгоцгоох нь. Утаа багасах болов уу?

-Улаанбаатар хотын орчны бохирдол буюу агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг ч Монгол Улс хүлээн зөвшөөрсөн. Учир нь 2017 оны нэгдүгээр сарын 10-нд орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ хэмээн хүлээн зөвшөөрч, Үндэсний аюулгүй байдлаас зөвлөмж гаргасан. Иймд Засгийн газраас цахилгаан халаагуурт шилжүүлэх зэрэг хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Миний хувьд цахилгаан халаагуурт шилжүүлснийг хамгийн зөв зүйтэй арга гэж ойлгож байгаа.

Ер нь бол утааг бууруулах арга хэмжээг 1986 оноос эхлэн ярьж эхэлсэн юм шүү дээ. Тэр үед би анх эрдэм шинжилгээний ажилтан болж байлаа. Тухайн үед Засгийн газраас тусгай комисс хүртэл гарч ажилласан. Дэнжийн мянгад нэг мянган ширхэг дулаан хураагууртай цахилгаан зуух тавьж ажиллаж байсан. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох яам тамгын газрууд 31 жил ажилласан байна. Гэсэн ч утааг арилгаж чадаагүй л байна. Бүр гамшгийн хэмжээнд хүртлээ нэмэгджээ. Агаарын бохирдол ард түмэнд маш их хохирол учруулж байна. Ер нь агаарын бохирдолд хохирохгүй иргэн гэж үгүй. Дэлхийн банкнаас 2011 онд гаргасан судалгаагаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болоод ард иргэдийн эрүүл мэндэд 400 сая долларын хохирол учирч байна” гэсэн байдаг. Ингэхээр бидэнд агаарын бохирдлыг бууруулахаас өөр зам байхгүй.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд арга хэмжээ аваад байгаа хэрнээ тийм ч дорвитой байж чадахгүй байх шиг?

-Судлаач тэр дундаа олон жилийн турш энэ чиглэлд анхаарлаа хандуулж, зарим ажилд нь гар бие оролцож байсан хүний хувьд Улаанбаатар хотын утааг бууруулах боломжтой гэж харж байгаа. Гагцхүү бид даацтай арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймдээ ч 31 жил болоход өмнөхөөсөө бүр дорджээ. Энэ утаа хотын захын гэр хорооллоос л үүдэлтэй шүү дээ. Ашигт үйлийн коэффициент багатай уламжлалт зууханд гал түлснээр их хэмжээний утаа гарч байгаа юм. Ердийн зуухны ашигт үйлийн коэффициент нь 40-50 хувиас хэтэрдэггүй. Тавин хувь нь л дулаан болно гэсэн үг. Иймээс зуухыг сайжруулах гэж олон жил үзсэн. Сайжирч чадаагүй. Дэлхийн банк, Мянганын сорилтын сангийн тусламжтайгаар бараг л айл бүрт зуух тараасан. Гэсэн ч үр дүн байхгүй. Яахав багахан хэмжээгээр буурсан байх л даа. Гэхдээ агаарын бохирдолгүй болгож чадаагүй. Дараа нь түлшийг сайжруулах гэж оролдсон. Яахав сайн түлш байхад агаарын бохирдол бага хэмжээгээр буурна. Гэвч өндөр түвшний зуух байж чадахгүй байгаа учраас мөн л төдийлөн үр дүнтэй биш. Гэр хороололд өндөр түвшний зуух ашиглах бололцоо муутай учраас өнөөх утаа гарсаар л байна.

Зуух түлш зэргээс гадна Улаанбаатар хотын байгал цаг уурын нөхцөл байдал агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг. Өвөл болохоор аль ч нутаг дэвсгэрт агаарын инверсийн үзэгдэл буюу агаарын эсрэг урсгалын тогтмолшил үүсчихдэг юм. Энэхүү тогтсон агаараар утаа нэвтэрч чаддаггүй. Харин 7-8 м/сек салхилж байж утаа арилдаг. Хэрэв салхилахгүй бол өдөр болгоны утаа нэмэгдсээр байгаад бүр гамшгийн хэмжээнд очих нь бий. Бид энэхүү байгалийн үзэгдлийг яаж ч өөрчилж чадахгүй шүү дээ. Энэ мэт зүйлсээс улбаалж утаан зуд гэгч бидэнд нүүрлэчихээд байгаа юм. Зарим хүмүүс уул сэтэлчихвэл утаа багасчих юм биш үү гэж ярьдаг. Тэрэн шиг худлаа юм үгүй. Үүнийг манай цаг уурын эрдэмтэд өөсрдийнхөө судалгаан дээр математик загвараар тооцож гаргасан шүү дээ.

-Тэгэхээр яавал бид утаанаас салж чадах вэ?

-Эцсийн дүндээ бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, эрүүл амьдрахын тулд техник, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болж байгаа юм. Гэхдээ монгол гэрт өндөр өртөгтэй зуух тавиад ч үр дүнгүй гэдгийг хэлэх байна. Ерөнхийдөө тордоод нэмэргүй гэж ойлгож болно. Бид өнгөрсөн 31 жилийн хугацаанд утааг бууруулах аргаа гэрт тохирохыг л хайсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч ямар ч үр дүнгүй байгаа нь энэ. Тэгэхээр бид гэрээс татгалзах ёстой юм. Гэр бол хот суурин газар тохирох сууц биш. Зөвхөн нүүдэлчин ардад л хамгийн тохиромжтой сууц шүү дээ. Тиймээс эхлээд байшин сууц руу шилжих бодлогыг явуулах нь зүйтэй. Харин байшинд цахилгаан халаагуурыг хэрэглэх, дулааны алдагдлыг бууруулах бүрэн бололцоотой.

Ерөнхийдөө 48 мкв талбайтай байшинг маш зөв, сайн дулаалж чадах юм бол дулааны алдагдлыг нь бууруулж, нэг сард 70-100 мянган төгрөгөөр л гэрээ халаачих боломжтой гэсэн судалгаа байдаг. Ерөнхийдөө айлууд өдөрт зургаан мянга орчим төгрөгийн нүүрс түлдэг байх нь л дээ. Тэгэхээр сард 180 мянган төгрөгийг зөвхөн түлшиндээ зарцуулдаг болж таарч байна. Агаарын бохирдолд ихээр нөлөөлөөд зогсохгүй, өндөр өртгөөр аж төрдөг байх нь байна шүү дээ. Үүнээс үзэхэд утаа тортгоосоо салъя л гэж хүсч байгаа бол цахилгаан халаагуурт шилжих нь хамгийн зөв шийдэл. Харин цахилгаан халаагууртай байхын тулд амины сууц, байшинтай болох шаардлагатай. Аль болох монгол гэрээс зайлсхийх ёстой юм. Мөн бусад арга технологиудыг нь давхар хэрэглэж болно.

-Тэр олон айлыг эрчим хүчээр хангах боломж бага гэсэн асуудал гарч ирнэ байх…

-Хүмүүс эрчим хүчээр хангах боломжгүйн дээр өртөг өндөр гэж хараад байдаг юм. Тэгэхээр эрчим хүчний том үүсвэр бий болгох цахилгаан станцуудыг барих зайлшгүй хэрэгтэй. Тэртэй тэргүй агаарын бохирдлоос болоод 400 сая доллартай тэнцэхүйц эрүүл мэндийн хохирол амсч байдаг тухай дээр хэлсэн шүү дээ. Цахилгаан станц барихгүй л бол Улаанбаатар утаанаас сална гэж байхгүй. Түүнчлэн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг өргөтгөх хэрэгтэй. Мөн иргэд байшингаа дулаалж чадвал цахилгаан халаагуурыг хэрэглэхэд тийм ч өртөг өндөртэй биш гэдгийг сайтар ойлгох нь зүйтэй юм.

Засгийн газар солигдож байна. Тэгэхээр шинээр гарч ирж байгаа Засгийн газар өмнө нь агаарын бохирдолд хийгдэж байсан ажлуудыг улам л эрчимжүүлж, нэмэх нь нэн шаардлагатай ажил юм. Ер нь бол агаарын бохирдлын асуудал дээр эрдэмтэд энэ мэт аргуудыг зөвлөнө. Саналаа хэлнэ. Судалгааныхаа дүнг л танилцуулна. Түүнээс эрдэмтэн судлаачид айл бүрт тоног төхөөрөмж тавьж өгч чадахгүй шүү дээ.