Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өчигдөр тохиосон байна. Энэ өдрийг тухайн жилийн хамгийн сайн өдөр хэмээн Монголчууд ихэд билэгшээдэг билээ. Өнгөрсөн жилийн энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 51 хос хуримын ёслолоо хийж байсан бол өнөө жил 64 хос захиалга өгчээ. Шинийн 17-ны билэгт сайн өдрийн хуримын ёслол шөнийн 00.30 цагаас эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн хос оройны 21:30 цагт хуримын ордонд орох юм байна.
Өнөөдөр хуримаа хийж буй хосууд наймдугаар сарын нэгнээс эхлэн захиалгаа өгчээ. Харин аравдугаар сард нийт 500 хос хуримлахаар захиалга өгсөн гэж зохион байгуулагчид хэллээ.
Биднийг сурвалжлага бэлтгэхээр очиход Гэрлэх ёслолын ордонд Ц.Очирхуяг, Г.Дэлгэржаргал нарын хурим болж байлаа. Тэдний бяцхан хүү Билгүүн болон хосуудын аав ээж, ах дүү, найз нөхөд хайртай дотны хүмүүс нь хуримын ёслолд оролцож байлаа. Баяр, жаргалтай энэхүү ёслолын үеэр магтаалчид, ерөөл магтаалаа хайрлаж, шинэхэн бэрийн гал дөллөн асч буй торгон агшинд охиноо айлын бэр болгож буй аавынх нь сэтгэгдлийг сонслоо.
Г.Дэлгэржаргалын аав Ш.Галсанбаатар “Миний хамгийн бага охин хуримаа хийж байгаа юм. Хуримын ёслол их сайхан болж байна. Намрын дунд сарын шинийн 17 гэдэг бол хүмүүсийн ихэд хүндэтгэдэг, билэгшээлтэй өдөр. Энэ сайхан өдөр Монголын бүх ард түмэндээ аз жаргал сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хүүхдүүд шиг хуримаа хийж, гал голомтоо бадрааж буй айл бүхэн түвшин баяртай, дүүрэн жаргалтай яваасай гэж чин сэтгэлээсээ ерөөе” гэлээ.
Н.ГАНАА