Categories
мэдээ нийгэм

Бугат сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 350 гаруй иргэн оролцов

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургуулийн хүрээнд тус аймгийн Бугат сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа.

Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 60 гэр, 10 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 350 гаруй иргэн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна

Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж байна.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Москва хотын Ялалтын паркад байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг хөшөөг аугаа эх орны дайны үед Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн морьдын дурсгалд зориулан бүтээсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Москва хотын дарга Сергей Собянинтой уулзаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Москва хотын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалт боллоо

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөөх сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ жилийн хаалтын сургалт болж байна.

Энэхүү сургалт нь орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн, эдийн засгийн сэдэвт мэргэшүүлэх зорилготой. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутагт төвлөрдөг. Тиймээс орон нутгийн сэтгүүлчдийн хувьд эдийн засгийн мэдээллийг түгээхэд уул уурхайн салбарын мэдээллийн ил тод байдлыг ойлгох нь их чухал байдаг. Иймд уул уурхайн мэдээллийн ил тод байдлын талаар хоёр өдөр үргэлжлэх сургалтын эхний өдөр нийт 21 аймгийн сэтгүүлч нарт “Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах” төслийн зохицуулагч Ш.Цолмон болон “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь сонсгол тавьжээ.

Мөн өнөөдрийн семинарт үргэлжлүүлэн орон нутгийн гэрээний ил тод байдлын талаар болон эрдэс баялгийн салбарын талаар ил тод болж буй мэдээллийг хэрхэн ашиглах талаар “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Ажлын албаны зохицуулагч Б.Дэлгэрмаа илтгэл танилцуулжээ. Энэ удаад Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ төслийн сургалтыг зохион байгуулахад нь “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” дэмжин оролцож байгаа ажээ.

Семинарын эхний өдөр ийнхүү уул уурхайн салбарт чиглэх бол семинарын хоёр дахь өдөрт сэтгүүлзүйн салбарт төвлөрнө. Тухайлбал сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг алдаа, түүнээс зайлсхийх тухай, улс төрийн коммуникацийн дэлхийн чиг хандлага, медиа зах зээлд гарч буй өөрчлөлт хандлага зэрэг чухал сэдвээр оролцогч сэтгүүлч нар суралцаж, илтгэл сонсох юм байна.

Categories
мэдээ спорт

Алтан мужийн дайчид хятадад ялалт байгуулав

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн Минесато Тимбэрволвэс болон Голдэн Стэйт Варриорс багууд Хятад улсад улиралын өмнөх тоглолтоо хийлээ.

Минесато Тимбэрволвэс сайн тоглолтоо үзүүлэн багаараа жигд сайн тоглосон ч тэдний өрсөлдөгч 32 онооны зөрүүтэй хожлоо. Залуу чононуудаас таван тоглогч арваас дээш оноо авч багаараа 49,3 хувьтай довтолсон. Багийн тулгуур довтлогч Андрью Виггинс 23 минутанд 21 оноог авч 70 хувьтай довтолсон нь үнэмлэхүй үзүүлэлт нь байв. Харин Алтан мужын дайчдаас хамгаалагч Клэй Томпсон ердөө 13 минутанд 28 оноо 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж 8 удаа аркны ардаас хийсэн. Мөн багийн гол тоглогч Стефан Карри эхний гурван үед 40 оноо, 8 оновчтой дамжуулалт өгч 65 хувьтай довтоллоо.

Шинэ улирал хаяанд ирж сагсанбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлэхэд хэдхэн хоног үлдлээ. Агуу тоглогчдын гайхамшигт тэмцэл аваргын төлөөх тоглолтууд 10 сарын 18-нд эхлэнэ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Д. Нарангиймаа: Улс төрөөс үүдэлтэй сорилтыг давах гарц нь олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм

Бизнесийн салбарынханд том боломж олгодог “Expo Mongolia” олон улсын бага хурал, үзэсгэлэн яармаг энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д болох талаар зохион байгуулагчид нь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг үзэсгэлэнгийн талаар Зохион байгуулагч “Ёот Фау Консалт” компанийн захирал Инго Клөүвер хэлэхдээ “Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, хүчин зүйлийг уул уурхайн салбар гэдгийг гадны улс орнууд төдийгүй монголчууд ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Газар доорхи арвин их нөөцтэй улсын хувьд эдийн засгийн гол хөшүүргэ болсон нүүрс, газрын тос, алт, мөнгө, зэс зэрэг ашигт малтмалыг олборлох асуудалд монгол улс анхаарлаа хандуулсаар ирсэн. Тиймээс энэ үзэсгэлэнгийн хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалтын албарт хөрөнгө оруулагчдыг чиглүүлэх зорилготой байна” гэлээ. Үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Беларусь, Монголын аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдээ танилцуулна. “Ехро Моngolia 2017 ” олон улсын үзэсгэлэнгийн үеэр “Хөрөнгө оруулалт, Инноваци” сэдвийн доор тогтвортой хөгжлийн бага хурал болох юм байна. Бага хурлын үеэр “Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд”, “Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт”, “Үйлдвэрийн гаралтай тоос, тоосонцрыг хянах, дарах шийдлүүд”, “Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж”, “Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж” гэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

“Expo Mongolia” олон улсын бага хурал, үзэсгэлэнгээс Монголын компаниудын тэр бүр уулзаж танилцаад байж чаддаггүй нэр хүндтэй компаниудын брэнд бүтээгдэхүүнийг үзэх, шинэ шинэ технологиос танин мэдэх, тэдгээртэй хамтын ажиллагаа, холбоо тогтоох боломж үзэсгэлэнд оролцогчдод нээлттэй гэнэ. Тухайлбал, барилга, тоосго, блок, дээврийн хавтан үйлдвэрлэгчид, бетон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон Солонгос улсын томоохон компаниуд хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Үзэсгэлэнд нийтдээ долоон улсын 50 гаруй компанийн төлөөлөл оролцох юм байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр үзэсгэлэнгийн зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүдэд гэгээ татахтай зэрэгцээд улс төр бужигнаад эхэлсэн. Энэ үед бизнесийнхэн төр засагт найдна гэвэл үлгэр. Тэд юунд илүү анхаарч, яаж ажиллах ёстой вэ?

-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг уул уурхайн салбарын болон төрийн бодлогоос салгаж ойлгоход хүндрэлтэй л дээ. Эдийн засгаа солонгоруулна гэж их ярьдаг боловч бодлогын түвшинд бодитой ажил хийж үр дүн гаргасан нь төдийлөн анзаарагдахгүй байна. Одоо уул уурхайн түүхий эдийн үнийн уналт, өсөлт, улс төрийн нам доторх тэмцэл гээд үйл явцууд өрнөж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцоход саадгүй болсон. Гэхдээ бизнесийнхний хувьд хамтын ажиллагаа үүсгэхийн тулд нэг дор нүүр тулсан уулзалт хийх шаардлага их байгаа гэж хардаг. Өөрөөр хэлбэл, саяын дурдсан эдийн засаг, улс төрөөс үүдэлтэй сорилтыг давах нэг гарц нь олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал. Жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг эдийн засгийн үндэсний чуулганыг бизнесийнхэн анхааралтай ажигладаг шүү дээ. Гэтэл энэ жил хуралдсангүй. Харин есдүгээр сард томоохон чуулганууд болсны нэг нь нүүрсний нүүрсний салбарынхны уулзалт байлаа. Ер нь аливаа хурал, чуулганы дараахь үр дүн хамгийн чухал. Тиймээс “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн хувьд бизнесийн түншээ олох, гэрээ хэлэлцээр байгуулах боломжийг бүрдүүлдгээрээ бусад чуулганаас онцлогтой юм.

-Та “Expo Mongolia” арга хэмжээний бэлтгэл ажил ямар шатандаа явааг сонирхуулахгүй юу. Өнөө жилийн үзэсгэлэн ямар онцлогтой болох вэ. Урьд жилүүдийнхээс оролцогчдын цар хүрээ хэрхэн тэлсэн бол?

-Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Энэхүү олон улсын үзэсгэлэнд маань бүх салбарынхан багтддагаараа их онцлогтой. Тэр утгаараа ач холбогдол ихтэй гэдгийг манай бизнесийнхэн сайн мэддэг болсон. “Expo Mongolia”-г анх 2012 онд зохион байгуулахад 15 орны 100 шахам компани оролцож байлаа. Арга хэмжээг ирж сонирхсон хүмүүсийн тоо 4000 давж байв. Энэ үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсч, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төв болж байсан шүү дээ. Гэвч төд удалгүй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унасан ч олон улсын үзэсгэлэнгийн маань цар хүрээ хумигдаагүй юм. Өнгөрсөн жил гэхэд дэлхийн зах зээлд байр сууриа олсон, нэр хүндтэй 70 орчим байгууллага оролцож, 3000 гаруй зорилтот үйлчлүүлэгчид ирж, түншлэлийн хүрээгээ өргөжүүлсэн байгаа. Өнөө жилийн тухайд Ази, Европ, дундад Азийг хамарсан олон улсын үзэсгэлэнд оролцогч 50 гаруй компани, бизнесийн байгууллагыг оролцуулахаар ажиллаж байна. Мөн барилгын компаниудын тоо нэмэгдсэн дүнтэй байгаа. “Aquatherm GmbH”, “Bongianni Macchine”, “EBAWE Anglagentechnik”, “Stiebel Eltron” зэрэг компаниудыг дурдаж болно. Өөр нэг онцлох зүйл нь бид “matchmaking” буюу компаниудыг хооронд нь холбох үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна VIP уулзалт зохион байгуулах юм.

-Энэхүү олон улсын үзэсгэлэнг манай улсад зохион байгуулснаар эдийн засагт ямар бодитой нөлөө үзүүлэх вэ?

-“Expo Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн Газар дэмжлэг үзүүлдэг. ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа Эрчим Хүчний Яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) биднийг жил бүр дэмжин ажилладаг гэдэг утгаараа энэ арга хэмжээний ач холбогдол өндөр.

Манай компани нь ХБНГУ-ын “Мюнхений олон улсын үзэсгэлэнгийн Танхим”, “Дюссэлдорфийн олон улсын үзэсгэлэнгийн танхим”-ын Монгол Улс дах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тухайлбал, “Мюнхений Үзэсгэлэнгийн Танхим”-ийн зохион байгуулдаг “Bauma” бол дэлхийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн. 2016 онд л гэхэд 580,000 хүн зочилсон байх жишээтэй. Энэ бол бүтэн жилийн хугацаанд манай улсыг зорин ирдэг жуулчдын тооноос ч давсан үзүүлэлт. Тус үзэсгэлэнг зорих хүмүүс Мюнхений зочид буудлуудыг дүүргэдэг. Нисэх онгоцны болон орон нутгийн галт тэрэгний тасалбаруудын борлуулалт ч тэр хэрээр шуурдаг. Энэ бол тухайн эдийн засагт нөлөөлж байгаа хамгийн бодитой жишээ юм.

Бид үзэсгэлэнгээ Европт стандартын дагуу зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижилтоо хийж байгаа. “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн нь цаашдаа дотоодыг чиглэх валютын урсгалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг тийм арга хэмжээ болох үндэс суурийг тавьсан гэж бодож байна. Ер нь энэ үзэсгэлэнгээр манай дотоодын компаниудын захирал, менежерүүдэд их олон боломжийг гаргаж өгч байгаа юм.

-Манай улсад энэ төрлийн үзэсгэлэн яармаг байнга болдог. Харин “Expo Mongolia” бизнесийнхэнд боломж авчирдаг гэдэг утгаар их хүлээлттэй арга хэмжээ болжээ?

-Тэгэлгүй яахав. Монголын компаниудын тэр болгон очиж танилцаад байж чаддаггүй томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос үзэх, шинэ шинэ технологиос танин мэдэх, тэдгээртэй хамтын ажиллагаа, холбоо тогтоох боломжийг үзэсгэлэнд оролцогчид олж авдаг байгаа. Мөн манай үзэсгэлэн дээр дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна.

-Танай компанийн толгой болох “Expo Mongolia-21” групп дэлхий дахинд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг тухай танилцуулахгүй юу?

– Германд төвтэй “Expo Mongolia 21” групп бол олон улсад гурван салбартай, 40 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг байгаа. Манай “JV Consult LLC” тус группийн охин компани. Группийн тухайд үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай. ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг. Ийм ч учраас олон улсын, тэр дундаа Европын үзэсгэлэнгийн танхимын стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Эдгээр үзэсгэлэнгүүд уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр логистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд гээд олон салбарыг хамарч чаддагаараа цар хүрээ нь өргөн юм.

-Ер нь яагаад Монголд үзэсгэлэн зохион байгуулахаар болсон юм бол?

-“Expo Mongolia-21” компанийн Ерөнхий захирал Инго Клойвегийн хэлснээр 2011-2012 онд Монголын эдийн засаг 17 хувир нэмэгдэж, уул уурхайн салбарт огцом өсөлт гарсан нь Монголын зах зээлийг анзаарч, сонирхох шалтгаан болсон. Дэлхийн хэмжээний том том компаниуд Монголын зах зээлийг мэддэг байж болох ч олон улсад амжилттай яваа өөр бусад компаниудыг Монголын зах зээлд татах, таниулах, гүүр нь болох хэрэгтэй гэж үзсэн юм.

-Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулдаг олон улсын бага хурлаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-“EXPO MONGOLIA 2017” олон улсын үзэсгэлэн, тогтвортой хөгжлийн бага хуралд ХБНГУ, БНХАУ, Итали, Солонгос, Монголын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол Улсын төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруулагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна.

Бид бага хурлын сэдвийг жил бүр сонгон хэлэлцдэг. Урьд жилүүдэд уул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцэж байсан. Харин энэ удаад “Investment & Innovation” сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнүүлэхээр бэлтгэж байна. Жишээ нь Экспорт, Импортын санхүүжилтийн асуудал, технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж, Монголын банкны салбарын өнөөгийн байдaл, Тос болон хийн салбар дах системийн шийдэл, Үйлдвэрлэлийн салбарыг эрчим хүчээр хангах асуудал гэх мэт сэдвүүдээр оролцочид маань илтгэл хэлэлцүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Алтантуяа: Ойн тухай хууль ноцтой зөрчигдөж байна

Ойн сан газрыг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлийн Ойн тухай хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, менежмент төлөвлөгөө хэрэгжих боломжгүй байгаа талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

“Зулзаган төгөл” нөхөрлөлийн ахлагч Ч.Алтантуяа “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ойн санг гэрээгээр эзэмшигч “Зулзаган төгөл” нөхөрлөлийн ойн тухай хуулиар олгогдсон Бүрэн эрхэнд халдан, менежмент төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулахад эсэргүүцэлтэй тулгарч байна. Улмаар нөхөрлөлийг хохироон, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж хууль бус ухуулга сурталчилгаа явуулсан ба нөхөрлөлийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин, шаардлага тавихад ёс зүйгүй хандаж, доромжилсон олон үйлдлийг гаргаж хууль зөрчиж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Засаг дарга, Газрын даамал нар 2017 оны наймдугаар сарын 25-нд “Зулзаган төгөл” нөхөрлөлийн эзэмшлийн газар болох Хонгорын хөндийд тус сумын иргэд болон харьяалалгүй иргэдтэй хадлангийн гэрээг хууль бусаар хийсэн.

“Зулзаган төгөл” нөхөрлөл нь 1,200га хадлангийн төлбөр төлж хоёр иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хадлан хийлгэсэн боловч гэрээний дагуу өгөх ёстой хувиа өгөлгүй хохироож байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Засаг дарга, Газрын даамал нар “Зулзаган төгөл” нөхөрлөлийн эзэмшлийн газрыг өөрсдийн өмчлөлийн газар болгон гэрээ хийж хууль зөрчсөн. Би хирээс хэтэрсэн хууль зөрчсөн үйлдлүүдийг нь хэлнэ, хуулийн ном дээр хуулийн заалтуудыг тэмдэглэж, аймгийн цагдаад хандаж байгаагаа хэлсэн. Үнэн, хууль хоёр байдаг л бол шийдүүлнэ гэдгээ хэлээд гарсан, дараа нь ороход намайг хэл амаар доромжлон өрөөнийхөө хаалгыг онгойлгон хөөсөн” гэлээ. Тэрээр цаашид энэ асуудлыг холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүд шалгаж, шидэхгүй бол хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 65 жилийн ой тохиож байна

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн түүхт 65 жилийн ой эл өдрүүдэд тохиож байна. Уг байгууллага 1952 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын шийдвэрээр ‘’Цагдан сэргийлэх 5 дугаар анги’’ нэртэй байгуулагдан түүхэн цаг үеийг өртөөлсөөр өнөөдөр 65 жилийн ойгоо угтлаа. Анх 15 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн амгалан тайван байдал, хэв журмыг сахиулах зорилготой ажлаа эхэлж байсан бол өдгөө 193 хүний бүрэлдэхүүнтэй болжээ.

Баянзүрх дүүрэг бол 28 хороотой нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг билээ. Тэгвэл дүүргийн 8 хорооны иргэдийн амар тайван, аз жаргалтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүслээ

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын охидын өдөр” энэ сарын 11-нд болно

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой юм. Уг өдрийг угтан дүүрэг тус бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан арга хэмжээнүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн харьяаллын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НИТХ-ын даргаар Сайнбуянгийн Амарсайхан гэж хэн бэ?

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нууц санал хураалтаар шинэ даргаа тодрууллаа. Хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, Д.Баярсайхан 19 буюу 46.2 хувийн санал авчээ. Санал хураалтын дүнг үндэслэн олонхийн санал авсан С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилох тогтоолын төслийг баталлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайханд Ц.Сандуй тамга, тэмдгийг нь гардуулан өгснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

НИТХын даргаар сонгогдсон С.Амарсайхан
НИТХын тамгаа гардаж авсны дараа хэлсэн үгэндээ “Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага буюу НИТХын даргад нэр дэвшүүлж, сонгосонд талархаж байна. Олон сарын турш зогсонги байсан НИТХын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нээлээ. Улсын нийгэм эдийн засгийн цөм, улс орны хөгжил дэвшлийн толь болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих эрх үүргийг энд суугаа 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд НИТХын гүйцэтгэх удирдлагын баг, цаашлаад харьяа хэлтэс, газар, албаны үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, ажлын гүйцэтгэл, хариуцлага сул, ажил үүргийн хуваарилалт оновчтой биш, төлөвлөсөн төсөл хөтөлбөр, өдөр тутмын ажил ч удаашралтай явж, нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн хэмжээнд хэрэгжээгүй тул бид цаг алдалгүй асуудлыг хөндөж, засах зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс МАНын гишүүд бид нам нэрээр нүдээ боож, чихээ бөглөж, аливаад олонх гэж хүч түрэх ёсгүй гэж үзсэн.
Төрийн албаны ёс зүй, сахилга бат, хариуцлагыг хэн нэгэн гуйж, гуйлгаж, асууж, аргадаж, хэлж хүлээх биш харин шат шатандаа хэрэгжүүлж, хэвшүүлж, хянаж, шаардаж ажиллах ёстой. Албан тушаал, эрх мэдлийг хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх өөрт оногдсон ховорхон боломж гэж хандах бус харин өөрчлөлт шинэчлэлт хийх өндөр үүрэг хариуцлага гэдгийг шат шатандаа ухамсарлах ёстой. Ажил гацаасан хариуцлагагүй үйлдэл, аминчхан, явцуу сэтгэлгээ, хэт намчирхал туйлшралд эрс шийдвэртэй эсэргүүцэгч нь байх зарчмыг би хариуцлагатай баримталж ажиллана. Хотын утаа, хог бохирдлоо шийдэж чадаагүй хэрнээ хоосон намчирхаж, хоорондоо тэмцэлдээд хол бид явахгүй гэдгийг бидэнд хатуу сургаж, сануулсаар байна.
Эдийн засгийн өсөлтөөрөө, хүний хөгжил, оюуны чадавхаараа, хот төлөвлөлтийн дэвшилтэт бодлого шийдлээрээ, хүн амьдрахад таатай эрүүл аюулгүй нөхцөлөөрөө дэлхийд тэргүүлэх монгол хүн бүрийн бахархал болсон их хотыг хамтдаа цогцлоож, хөгжүүлэх эрх үүрэг төлөөлөгчид та бидний төдийгүй нийслэлчүүдийн хол зорих зам байх ёстой” гэлээ.

Тэрбээр нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар хэлэхдээ, юун түрүүнд нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, оновчтой зохион байгуулах, албан тушаалтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хүний нөөц, боловсон хүчний ур чадвар, ажлын гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, ёс зүй, сахилга батыг дээшлүүлж, хүнд суртал, авлига, төсөл тендерийн цавчааг шат шатанд нь таслан зогсооно гэлээ. Цаашлаад хөгжлийн шинэ шийдэл бүхий нэгдсэн стандартыг нийслэлд бий болгож, ухаалаг хотын шийдлийг интернет холбоо мэдээллийн шилдэг технологийг уялдуулан нэвтрүүлэх, гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах шийдлийг оновчтой тодорхойлох, утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх зэрэг олон ажил хийх шаардлагатай байна гэв.

С.Амарсайхан нь 1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд & девелопмент” компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Турмерик түүний доторх Күркүминий хэрэглээ

(ТОЙМ СУДАЛГАА)

Б.Булган (АШУҮИС -ийн Эм зүйн сургуулийн багш, АУ-ны магистр)

Сүүлийн жилүүдэд (Sistematic review) системт тойм судалгааны арга шинжлэх ухаанд нэвтэрсэн билээ. Үүний ачаар судлаачдын хийсэн судалгааг харьцуулж үр дүнг үзэх боломж нээгдэж байгаа юм. Уг судалгаагаар Күркүмин гэх бодисын хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар олон улсын эрдэмтэд, судлаачдын судалгааг, хоол боловсруулах эрхтэн системд ямар ач тустай зэргийг судлахыг гол зорилгоо болгов.ТУРМЕРИК–ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАГЧ ГАЙХАМШИГТ ПОЛИФЕНОЛ

Турмерик нэрээр танигдсан ургамлын үндэслэг ишний нунтагт агуулагдах күркүмин нь эрүүл мэндийг хамгаалагч гайхамшигт полифенол нэгдэл юм. Учир нь биологийн өндөр идэвхит энэ нэгдэл нь антиоксидант, хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, эм хамгаалах, сэтгэл гутралын эсрэг, өөх-тосны хэмжээг бууруулах үйлдэлтэй13. Энэ ургамал нь хүн төрөлхтөнд ихээхэн танигдсан бөгөөд Е100 гэдгээс эхлэн турмерик гэх мэтээр олон янзаар нэрлэгддэг. Мөн күркүмины ханд, карриний ханд диферуолоилметан, Цзянь Хуан, 1,7-бис-{3-метокси-4-гидроксипенил}-1,6-гептадиен-3,5-дион гэж нэрлэх нь ч бий. Күркүмины төрөлд Турмерикийн үндсэнд агуулагдах күркүминоид ба дизметоксикүркүмин, бис-диметоксикүркүмин ч хамаарагдана. Турмерикийн үндсэнд күркүминоид агуулагдах учир өнгө нь шар байдаг. Күркүмин нь диарилгептаноид юм. Энэ күркүминоид нь өмнөд азид алдартай Турмерик гэдэг (Япончууд укон-ukon, англичууд индиан сафрон-indian saffron, лалын орнуудад голдуу халди-haldi гэдэг), амтлагч бөгөөд цагаан гааны овогт хамаарагдана ( Curcuma longa) .

Күркүминий полифенолын өвөрмөц нэгдлээс тогтсон молекул бүтэцтэй тул үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэх ба зарим төрлийн хорт хавдрын эсрэг үйлдэл үзүүлнэ. Учир нь куркумины хорт хавдрын эсрэг үйлдэл нь хангалттай судлагдсан байна. Турмерик нь зарим нэг хоолны амтлагчийн адил инсулинд мэдрэг байдлыг сайжруулах, хоолны дуршил бууруулна. Учир нь күркүмин эргэх зарчмаар инсулины ялгарал ба идэвхийг бууруулдаг. Мөн күркүмин нь инсулины анаболик эффектийг нэмэгдүүлснээр эсийн инсулинд мэдрэг чанар нэмэгддэг. Турмерик нь амттан болон өөх тостой хоолонд дурлах байдлыг бууруулдаг тул эрүүлээр жин хасахад тустай байдаг8. Амьтан дээр хийгдсэн янз бүрийн, олон удаагийн судалгаагаар турмерик нь жин хасах үйлдэлтэй байна. Америкийн эрдэмтдийн хулгана дээр хийсэн судалгаанаас харахад күркүмин нь цусан дахь холестрины хэмжээ, элэгний өөхийг багасгадаг. Хүнсэнд күркүмин хэрэглэхэд өөхөн эдийн бичил судасны нягтралыг дарангуйлснаар судасжилт багасч өөхний хэмжээ буурсан байна. Судалгааны дүнд ангиогенезийн процесс ба өөхний эсэд липид хуримтлагдах үйл явцын дүнд өөхөн эд нэмэгддэг ажээ.

ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ БА АНТИОКСИДАНТ ИДЭВХ

Күркүмин нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдлийг үзүүлэхдээ үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй. Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, гуурсан хоолойн багтраа болон бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой. Энэтхэг турмерикт агуулагдах күркүмин нь маш хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудыг саармагжуулахаас гадна үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Хүний бие махбодид простогландины нөлөөгөөр циклооксигенеза1 (ЦОГ-1) ба циклооксигенеза2 (ЦОГ-2) идэвхижиж үрэвсэл явагдана. ЦОГ-1 нь бие махбодид чухал үүрэгтэй бөгөөд цус бүлэгнэлтийг хангах бол ЦОГ-2 нь зөвхөн үрэвсэлтэй холбоотой. Аспирин нь дээрх ферментийг хоёуланг нь хориглодог бол Күркүмин зөвхөн ЦОГ-2 ферментийг хориглодог. Иймд турмерик нь бие махбодийн чухал үйл явцыг хориглохгүйгээр үрэвслийг намдаах боломжийг олгож байна.

“Drug Research” сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажлаас үзэхэд күркүминий үйлдлийн шинж чанар аспиринийхтай төстэй байв (Тромбоцитын эсрэг болон простациклин модулирующий эффект). Түүний үйлдэл нь хүчтэй тул цус бүлэгнэлтийн эсрэг бусад эмийн бэлдмэлтэй Күркүминийг хэрэглэх нь хяналтгүй цус алдалтанд хүргэнэ12. Турмерикийн идэвхит нэгдэл нь күркүмин хэдий ч зарим эрдэмтэд үрэвслийн эсрэг үйлдлийг өөр нэгдлүүд үзүүлдэг хэмээн үздэг. Мөн күркүмин нь өөх тосны солилцооны алдагдалтай холбоотойгоор цусны сийвэн дэх холестрины хэмжээг бууруулдаг статины бүлгийн бэлдмэлтэй адил үйлдэл үзүүлдэг байна13. Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул аутоиммуны өвчний ялангуяа Грейвсийн өвчин, Хашимотогийн өвчин зэрэг эмчилгээнд үнэтэй хувь нэмэр үзүүлж болох юм. Гэвч судалгаанаас үзэхэд IL-1 бета, IL-6, IL-12, TNF-альфа ба NF-kappaB зэрэг цитокины зохицуулах замаар аутоиммуны өвчнийг эмчилнэ6. Өөр нэгэн судалгаагаар хүний дархлааны CD4+ эсийг зохицуулах чадварыг судалсан судалгааны дүн нь турмерикийг цаашид эмчилгээнд хэрэглэж болох ирээдүй байгааг нотолсон7 юм.

ŸМэс заслын дараа үрэвслийн эсрэг бэлдмэл фенилбутазон ба күркүмин хэрэглүүлэхэд күркүмин хэрэглэсэн хүмүүсийн үрэвсэл маш сайн намдсан байна9.

ŸХодоодны шархлаа, үрэвсэл, диспепсийн үед күркүмин хэрэглүүлэхэд 1-2 долоо хоногийн дараа өвдөлт болон бусад шинж тэмдгүүд арилж байна10.

ŸГэдэсний цочролын хам шинжтэй хүмүүст күркүмин хэрэглүүлэхэд дөрвөн долоо хоногийн дараагаас өвчний хам шинжийн 53-60 хувь, өвдөлтийн шинж тэмдэг 22-25 хувь тус тус буурсан байна11.

ХАВДРЫН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ

Өнгөрсөн жилүүдэд уг амтлагчийн хавдрын эсрэг үйлдлийн идэвхийг судалсан 240 гаруй эрдэм шинжилгээний судалгаа хийгдсэн байна. Күркүминий хорт хавдрын зарим хэлбэрийн эсрэг үйлдлийг нь ашиглан үр дүнтэй эмийн хэлбэр гарган авах судалгаа эрчимжиж in vitro орчинд хийгдсэн судалгаагаар күркүмин хавдрын эсийг апоптоз болгож байсан бөгөөд эрүүл эсэд эс хордуулах нөлөө үзүүлээгүй юм. Бэлдмэлийн эмнэл зүйн судалгаагаар күркүмин нь хөхний булчирхайг даавар хамааралт өвчний хэлбэрүүдээс хамгаалах үйлдэлтэй байсан бөгөөд хөхний булчирхайн хавдрын эстрогены рецепторгүй эсэд апоптоз үүсгэх чадвартай байсан. Турмерикийн күркүмин нь хавдрын эсэд нөлөөлөхөөс гадна хавдрын түргэн өсөлтийг нөхцөлдүүлэгч митохондрийг гэмтээж эсийн өөрийгөө устгах үйл явцыг дэмждэг. Судалгааны дүнгээр күркүмин нь NF-KB хэмээгдэх үрэвслийн медиатор цитокины үйлдлийг сулруулж бүдүүн гэдсэнд полип (ургацаг) үүсэх процессыг удаашруулна. Энэ үед күркүмин нь хавдрын эсийн өсөлтийг зогсоож юуны түрүүнд хавдар үүсэхээс сэргийлнэ. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад Cancer stem cell /хавдрын үүдэл эсийг устгах чадвартайг тогтоосон байна.Үүнд:

1. CSC /Cancer stem cell/-ийн нөхөн төлжилтөнд сөргөөр нөлөөлөх

2. Хавдрын мРНХ-г эрүүл эсийн мРНХ-ээс салгах үйлдэл үзүүлэх

3. Хавдрыг эсэд шууд нөлөөлөх ба химийн эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл хими эмчилгээний гаж нөлөөг багасгадаг6. Күркүмин нь гэдэс, давсаг, уушги, тархи, яс, хөх, улаан хоолойны хавдар зэргээс урьдчилан сэргийлэх чадвартай бөгөөд хавдрын удамшлын мэдээлэл хуулбарлагчид болох /NF-kB, STAT3, β-catenin, AP-1/, өсөлтийн уургууд /EGF, PDGF, VEGF/, хавдрын ферментүүд /ЦОГ-2, INOS, MMPs/, үрэвслийн цитокинууд /TNF, MCP,IL-1, IL-6 гэх мэт хавдрын эсүүдээс ялгардаг био идэвхит бодисуудын үйлдлийг дарангуйлж, устгах үйлчилгээтэй.14

Олон 10 жилийн турш хавдартай өвчтөнүүд дээр явуулсан судалгааны үр дүнгээс харахад күркүмин нь аюултай гаж нөлөөгүй ба өдөр тутам хэрэглэж болохыг баталсан билээ15. Гэвч күркүминий судалгаа нь амьтан дээр болон in-vitro орчинд хийгдсэн ба хүн дээр хийгдсэн судалгаанаас хавдартай хүмүүст хийсэн судалгаагаар хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илрээгүй нь батлагдсан байдаг..

НЕЙРОПРОТЕКТОР (МЭДРЭЛ ХАМГААЛАХ) ҮЙЛДЭЛ:

Амьтан дээр хийгдсэн энэ судалгааны дүнгээс үзвэл күркүмин нь гэмтлийн дараах стрессын болон сэтгэцийн хямралтай хүмүүст эерэг нөлөө үзүүлэх магадлалтай. Хантерийн коллежийн сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар гэмтлийн дараа үүсдэг драматик дурсамжийг устгах боломжтой нь батлагдсан.Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар “хулгана дээр хийгдсэн туршилтаар күркүминээр хооллосоны дараа өвчний кодлогдсон дурсамж арилж байсан” тул гэмтлийн дараах стрессын хямралын үед хэрэглэх күркүмин эмчилгээний туршилтын схем боловсруулан туршихаар бэлтгэж байна. “Journal of Af­fective Disorders” сэтгүүлийн 2014 оны зургадугаар сарын хэвлэлтэд сэтгэл гутралын үед күркүмин эмчилгээ плацебо бүлгээс илүү үр дүнтэй байсныг дурьдсан байна. 2013 оны эмнэл зүйн судалгаагаар күркүмин нь сэтгэл гутралын үед флуоксетин, имипрамин зэрэг бэлдмэлээс илүү үр дүнтэй байснаас гадна гаж нөлөө илрээгүй. Күркүминий сэтгэл гутралын эсрэг үйлдэл моноаминоксидазаг дарангуйлах үйлдлээр нөхцөлдөнө. Күркүмин тархины нейротроп хүчин зүйлийн түвшинг нэмэгдүүлдэг тул тархины зарим эмгэг, насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг удаашруулдаг. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн (2011) судалгаагаар Альцгеймерийн өвчтэй хүмүүст күркүмин хэрэглүүлэхэд сайжрал ажиглагдаж байсан.

Күркүминий хамгийн сайн судлагдсан эмийн үйлдлүүд гэвэл,

ŸСтатины эсрэг үйлдэл

ŸҮрэвслийн эсрэг дааврын бэлдмэл

ŸСэтгэл гутралын эсрэг

ŸЦус шингэлэх

ŸХорт хавдрын эсрэг хими эмчилгээний

ŸЦусан дахь сахарын хэмжээг бууруулах

-Альцгеймерийн эсрэг үйлдэл

ŸАрхины шалтгаант мэдрэлийн эсийн гэмтлээс сэргийлэх

ŸЭлэгний эсийн нөхөн төлжилтийг сэргээх

ŸХөгшрөлтийн эсрэг

ЭНЭТХЭГ ТУРМЕРИК ДЭХ КҮРКҮМИНИЙ ШИМЭГДЭЛТ

Күркүминийг шимэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга (2000 дахин) бол түүнийг чидун жимсний тос (күркүмин нь тосонд уусдаг нэгдэл) ба нунтаг хар чинжүүтэй (өөрийн хүссэн хэмжээгээр) хамт хэрэглэх юм. Хар чинжүүнд агуулагдах пиперин нь күркүминтэй нэгдсэнээр гэдэсний хана, элгэнд сульфатжих үйл явцыг хориглоно.

Күркүминий гаж нөлөө: Дээрх судалгааны адил гурван сарын хугацаанд 12 гр күркүмин хэрэглэхэд ямар нэг гаж нөлөө илрээгүй. Гэвч күркүминий 1 халбагаас хэтрүүлэн хэрэглэхэд бие махбодийн эсийн нэвчүүлэх чанарыг тооцож үзэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Жишээ нь эмнэл зүйн нэг судалгаагаар хүнсний нэмэлт хэлбэрээр күркүминийг 2-12 гр-аар хэрэглэхэд дотор муухайрах, гүйлгэх шинж илэрч байсан. Күркүминий ганц, ноцтой гаж нөлөө нь цус шингэлэх учир мэс засал хийлгэхийн өмнө болон дараа нь хэрэглэж болохгүй. Маш их тунгаар болон урт хугацаанд хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч болзошгүй. Ноцтой хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоодны шарх үүсэх, цөсний хүүдийн эмгэгийн үед биеийн байдал муудаж болзошгүй.

НОМ ЗҮЙ:

1. Prucksunand C, Indrasukhsri B, Leethochawalit M, Hungspreugs K. Phase II clinical trial on effect of the long turmeric (Curcuma longa Linn) on healing of peptic ulcer. South­east Asian J Trop Med Public Health 2001;32:208-215.

2. Bundy R, Walker AF, Middleton RW, Booth J. Turmeric extract may improve irritable bowel syndrome symptomology in otherwise healthy adults: a pilot study. J Altern Comple­ment Med 2004;10:1015-1018

3. Department of Health and Nutrition sciences, Montclair State University, University Hall 4190, L Normal Av., Montclair, NJ 07043, USA Electronic address; Liya@mail. Mont­clair.edu.com

4. Drug Metabolism and Phar­macokinetics, Novartist Institute for Biomedical Research, Novartis Phar­maceutical corporation, East Hanover, NJ 07936, USA. Electronic address: tao-4.zhang@novartis.com

5. Department of Physics and Astronomy, Mc Master University, Hamilton, Ontario L8S 4M1,Canada

6. Curcumin Blocks Cytokine-Me­diated NF-κB Activation and Proinflam­matory Gene Expression by Inhibiting Inhibitory Factor I-κB Kinase Activity Christian Jobin, Cynthia A. Bradham, Maria Pia Russo, Booker Juma, Acha­ran S. Narula, David A. Brenner and R. Balfour Sartor J Immunol September 15, 1999, 163 (6) 3474-3483;

7. Curcumin inhibits Th1 cy­tokine profile in CD4+ T cells by sup­pressing interleukin-12 production in macrophages, September 1999,DOI: 10.1038/sj.bjp.0702803

8. Inflammatory links between obesity and metabolic disease Carey N. Lumeng1,2 and Alan R. Saltiel2,3,4

9. Satoskar RR, Shah SJ, Shenoy SG. Evaluation of anti-inflammatory property of curcumin (diferuloyl meth­ane) in patients with postoperative inflammation. Int J Clin Pharmacol Ther Toxicol1986;24:651-654.

10. Prucksunand C, Indrasukhsri B, Leethochawalit M, Hungspreugs K. Phase II clinical trial on effect of the long turmeric (Curcuma longa Linn) on healing of peptic ulcer. South­east Asian J Trop Med Public Health 2001;32:208-215.) .

11. Bundy R, Walker AF, Middle­ton RW, Booth J. Turmeric extract may improve irritable bowel syndrome symptomology in otherwise healthy adults: a pilot study. J Altern Comple­ment Med 2004;10:1015-1018.

12. Anti-inflammatory Properties of Curcumin, a Major Constituent of Curcuma longa: A Review of Preclinical and Clinical Research Julie S. Jurenka, MT(ASCP)

13. Curcumin as a potential can­didate for treating hyperlipidemia: A review of cellular and metabolic mech­anisms Yunes Panahi, Yasin Ahmadi, Manouchehr Teymouri, Thomas P. Johnston, Amirhossein Sahebkar: 21 December 2016, OI: 10.1002/jcp.25756

14. Curcumin in various cancers. School of Life Sciences, College of Natural Sciences, Kyungpook National University, Daegu 702-701, Korea; Department of Nuclear Medicine, Kyungpook National University Hos­pital, Daegu, 700-721, Korea

15. Therapeutic Roles of Curcum­in; Lessons learned from clinical trials. Subash C. Gupta, Sridevi Patchva, Bharat B. Aggarwal, PMC3535097, AAPS J. 2013 Jan; 15(1): 195–218.