Categories
мэдээ нийгэм

​Үр тарианы 88,3 хувийг хураан аваад байна

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 28.8 мянган га-г ангилан хадаж, нийт 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа хураан аваад байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал 10.7 мянган га-гаас 100 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явж байгааг албаныхан хэллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2 мянган га, нийтдээ 33.1 мянган га талбайн ургац хураагдаагүй байгаа аж.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 288.0 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо, 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн тосны ургамал, 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон билээ.

Наймдугаар сарын 10-наас хойш тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас таримлын болц нялхарч соёолон, хураалтын ажилд хүндрэл учруулж байгаа боловч цаг агаарын төлөв, ургацын болцтой уялдуулан хураах технологийг уян хатан сонгож ургац хураалтын ажлыг эрчимжүүлжээ. Харин 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч хураалтын ажил түр саатаад байгаа аж.

Үр тарианы таримлын хураалт Сүхбаатар аймагт 49.8 хувь, Дорнод аймагт 74 хувь, Өвөрхангай аймагт 75.7 хувь, Дархан-Уул аймагт 84.0 хувь, Хэнтий аймагт 94.5 хувь, Төв аймагт 91.1 хувь, Булган аймагт 96.2 хувь, Сэлэнгэ аймагт 86.6 хувьтай явагдаж, бусад аймгуудад хураалтын ажил дууссан дүнтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Төсөл хэрэгжиж буй сумдын алба хаагчдыг сургалтад хамруулав

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслөөс, төсөлд хамрагдсан 12 сумын нутгийн захиргааны байгууллагын 36 алба хаагч болон сумын зохицуулагч нарт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Япон улсад Жайка олон улсын байгууллагын сургалтад хамрагдсан алба хаагчид удирдан явуулсан бөгөөд гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн аюулыг бууруулахад орон нутгийн төрийн захиргааны байгууллагын оролцоо, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага болон Япон улсын туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулав.

Төсөл хэрэгжиж байгаа дээрх сумдын төрийн алба хаагчид уг сургалтанд хамрагдсанаар орон нутагт багийн хөршийн бүлэг байгуулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэдлэг олж авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд залуучууд нэгдлээ

Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг залуусын оролцоотой нэрлэсэн байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээх аянд Чингэлтэй дүүргийн залуус нэгдлээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг өнөөдрөөс эхлүүлж буй юм. Чингэлтэй дүүргийн 17-р сургууль дээр зохион байгуулсан тус аяны нээлтэд 200 гаруй залуус оролцов.

Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, “Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар байгуулагдаад удаагүй ч залуучуудад хандсан олон шинэлэг ажил хийж байна. Үүний нэг нь залуучуудыг эерэг хандлагатай болгох, хотын соёлыг түгээх зорилготой өнөөдрийн арга хэмжээ юм. Орчин цагт бие, биеэсээ хамаарах харилцаа, хандлага нэмэгдэж байгаа учир өсвөр үеийнхэн маань эерэг сэтгэлгээтэй байх нь хамгийн чухал. Аз жаргалтай хотын иргэн байя гэвэл Та “Эерэг амьдарцгаая” урианд нэгдэж их хотын соёлт иргэн гэдгээ ухамсарлан, бусдадаа үлгэр дууриал болж яваарай. Хүн бүрт сайн тал бий. Сайн талыг нь олж харж урам хайрлаж, дэмжиж байгаарай” хэмээн онцлов.

Харин Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Залуучууд маань эерэг байж нийгэм урагшилна. Тиймээс манай газраас залуучуудтайгаа хамтран зөв 10 дадлыг гаргалаа. Эл аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд, оюутан залуусыг өргөнөөр хамруулна. Зөв 10 дадлын тухайд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн, Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цаг баримталдаг иргэн байх зорилтыг залуучууд дэвшүүлсэн. Тухайлбал ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн байх гэдэг ойлголт өргөн утгатай. Цонхоороо дээж өргөөд зогсоол дээр тавьсан машиныг бохирдуулах нь бие, биеэсээ үргэлж хамааралтай оршин байх их хотын амьдрал, суурин иргэншлийн онцлогт тохирохгүй байх жишээтэй. Үүнийг өнгөц харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэх гэх мэт томоохон асуудлууд цаана нь бий. Тэгэхээр бид асуудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй болсон учраас үүнийг залуустаа таниулан сурталчилж буй юм” гэв.

Categories
гадаад мэдээ

Салан тусгаарлахыг эсэргүүцсэн эв нэгдлийн жагсаал болжээ

Испаниас салан тусгаарлахыг эсэргүүцсэн эв нэгдлийн жагсаал Каталон мужийн төв Барселон хотод болсон байна. Хэдэн зуун мянган хүн энэ жагсаалд оролцсон гэсэн мэдээлэл байна. Жагсагчид Испаниас гадна Каталон мужийн туг далбааг барьж “Бид хамтдаа хүчтэй. Каталон бол Испани” хэмээн хашгирцгааж байжээ.

Ням гарагийн энэ жагсаалаас нэг хоногийн өмнө буюу бямба гарагт Испани даяар мөн эв нэгдлийн жагсаал цуглаан болсон байна. Каталон мужийн салан тусгаарлах санал асуулгын эцсийн дүн гарч, нийт иргэдийн 90 гаруй хувь нь бие даасан улс болохыг дэмжсэнийг зарласан.

Үүнтэй холбоотойгоор Испанийн дээд шүүхээс энэ даваа гарагт хуралдах Каталон мужийн парламентийн чуулганыг цуцалж хойшлуулсан учраас Каталон мужийн тэргүүн Карлес Пучдемон энэ мягмар гараг гэхэд энэ асуудлыг мужийн парламентаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг эх сурвалжууд мэдээлж байна.

Каталон мужийн тусгаар тогтнох асуудлыг парламентийн гишүүд дэмжин зарлана гэсэн таамаг байгаа ч, парламентийн гишүүд тийм зүйл болохгүй гэдгийг хэлэх болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарын хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 13-нд хянан хэлэлцэхээр товложээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноосон юм. Мөн уг хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хоёр жилийн хорих ял, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуулах шүүхийн шийдвэр гарсан юм.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: МАХН бага чуулганаа хуралдуулах шаардлага үүссэн

ЗурагУИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын зарим удирдах ажилтнууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр, “МАХН нь шинэчлэгдэх цаг нь болсон байна. Үүний тулд Бага чуулганыг хуралдуулах шаардлага үүсээд байна” хэмээн мэдэгдэв.

Тус намын дүрэмд Бага чуулганыг хуралдуулах санаачилгыг намын дарга, Гүйцэтгэх товчооноос дэвшүүлж болох ба мөн Бага чуулганы гишүүдийн 3/1 нь дэмжсэн тохиолдолд хуралдуулахаар заажээ. Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй гишүүд дэмжигчид Бага чуулган хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Бага чуулган хуралдсан тохиолдолд Их чуулган хуралдах бөгөөд үүгээр намын бодлогын шинэчлэлийг хийх бололцоо бүрдэнэ гэж тэд үзэж байна.

Учир нь МАХН зургаан жилийн өмнө нэрээ сэргээж УИХ-д анх 11 суудал авч байсан бол өнгөрөгч сонгуулиар нэг суудал авсан. Энэ нь нам дотор бодлогын зөрчилдөөн байгаагийн зэрэгцээ улстөрийн нам олонхи дагаж бодлого шийдвэрээ баталдаг зарчим алдагдаж, зөвхөн нэг хүний үгийг сонсдог болсонтой холбоотой гэж тэд ярив.

Түүнчлэн шат шатны хуралдааныг зохион байгуулахаар болж байгаа нь зөвхөн намын даргадаа хариуцлага тооцох тухай асуудал биш, намын бодлогын шинэчлэлийн асуудал байх болно гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодотгов.

Categories
гадаад мэдээ

Норвегийн хөл бөмбөгийн эрэгтэй ба эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан адил хэмжээний цалин авна

ЗурагНорвегийн хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогчид эрэгтэйчүүдийн шигшээ багийнхантай адил хэмжээний цалин авдаг болно гэж тус улсын Хөл бөмбөгийн холбоо мэдэгдлээ.

“Ассошиэтэд пресс” агентлагийн мэдээлсээр, Норвегийн хөл бөмбөгийн эрэгтэй ба эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан ирэх оны нэгдүгээр сараас адил хэмжээний цалин авдаг болох аж.

Эрэгтэй ба эмэгтэй хөл бөмбөгчдийн цалин хөлсний хэмжээг тэнцвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийн жилийн цалингийн санг одоогийн 820 мянган доллароос 750 мянган доллар болгон бууруулахаар болсон байна. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн жилийн цалин одоогоор 390 мянган доллар байгаа аж.

Ерөнхийдөө хөл бөмбөг гэлтгүй дэлхий дахинд аль ч салбарт эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байдаг юм.

Норвегийн Хөл бөмбөгийн холбооны дээрх шийдвэрийг “хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн чухал алхам” гэж шинжээчид үнэлж байна.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп: Иран пуужингийн туршилт хийж, терроризм, цахим халдлагад дэмжлэг үзүүлвэл шинэ хариу арга хэмжээ авна

Image result for ТрампАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Иран пуужингийн туршилт хийж, терроризм болон цахим халдлагад дэмжлэг үзүүлвэл тус улсын эсрэг шинэ хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ. Түүнчлэн түүнийг тус улсын эсрэг хоригоо чангатгахыг зорьж байгаа гэж АНУ-ын засаг захиргааны албанаас мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ираны асуудалд эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ч шинэ бодлогоо ирэх долоо хоногт танилцуулж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Дональд Трамп Барак Обамагийн засаг захиргааны үед их гүрнүүдтэй байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрийг “Түүхэн дэх хамгийн амжилтгүй гэрээ” гэж өмнө нь тодорхойлж байсан. Хэдий тийм боловч гэрээний оролцогч талууд болох ОХУ, БНХАУ Ираны цөмийн хэлэлцээр үр дүнгээ өгч байгаа гэж үзэж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Ерөнхийлөгч Дональд Трамп зөвхөн Ираны цөмийн хэлэлцээрт анхаарлаа хандуулаад зогсохгүй баллистик пуужингийн туршилт, бүс нутгийг тогтворгүй болгож байгаа тус улсын үйлдэл, терроризм, цахим халдлага, хориотой цөмийн хөтөлбөр гээд олон зүйлд төвлөрч байна. Тэрбээр эдгээр асуудлуудыг шийдвэрлэх өргөн хүрээний бодлого баримтлахыг зорьж байна” гэж мэдэгдсэн.

Харин энэ мэдэгдлийн дараа “Хэрвээ АНУ цаашид хориг арга хэмжээгээ чангатгавал Ойрхи дорнодын цэргийн баазууд эрсдэлд өртөнө” гэж Ираны зүгээс хариу мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй нэмэлт хориг арга хэмжээ авах АНУ-тай яриа хэлэлцээ хийх боломжийг үгүй хийнэ гэж Ираны армийн генерал Мухаммед Али Жафари мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани “2015 онд их гүрнүүдтэй байгуулсан хэлэлцээр тодорхой үр дүнд хүрсэн учраас хэн ч үүнийг буцааж чадахгүй. Хэрвээ АНУ цөмийн хэлэлцээрийн үүргээ зөрчвөл дэлхий дахин Ираныг биш, тус улсыг буруушаах болно” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Р.Бурмааг Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн болгох санал хүргүүлжээ

ЗурагУИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д энэ сарын 5-нд хүргүүлжээ.

Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй, үүнээс гурвыг нь Ерөнхийлөгч санал болгох эрхтэй. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг ийнхүү санал болгов.

Товч намтар

-1958 онд Улаанбаатарт хотод төрсөн

-1975 онд Нийслэлийн 52-р дунд сургууль

-1982 онд БНБАУ-ын Электрон Техникийн их сургууль

-1987 онд МУИС-ийн англи хэлний дээд курс

-1992 онд Удирдлагын хөгжлийн институтыг төгссөн

Ажилласан байдал

1982-1988 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

-1988-1992 “Монел” фирм

-1988-1992 онд Монэл фирмд инженер, зохион бүтээгч

-1992-1996 онд “Нийгмийн дэвшил” эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн

-1996-1997 онд Хүүхдийн төлөө төвийн дарга

-1997-2002 Сонгогчдын боловсрол төвийн захирал

-2002-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн

-2005-2011 онд МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн

-2008-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

-2012-2016 онд УИХ-ын гишүүн

-2012-2014 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга

2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд

-2009-2012, 2017 оноос АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг өргөтгөсөн хурал хийж, төсөв хэлэлцэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдаанд орон тооны бус зөвлөхүүд оролцож,

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл болон бусад

асуудлын талаар хэлэлцэж, санал солилцсон байна. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш үргэлжлүүлэн хуралдаж, хурлын дараа хэвлэлийн хурал зарлах гэнэ.