Categories
гадаад мэдээ

​Гарын үсэг зурлаа

Каталоны Засгийн газын тэргүүн Карлес Пучдемон, түүний орлогч Ориол Жункерас болон парламентын дарга Карме Форкадель нар Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурлаа. Энэхүү тунхагт мөн парламентын олонхийг бүрдүүлж буй намын дарга нар гарын үсэг зурсан байна. Каталоны засаг захиргаа тусгаар тогтнох эсэх санал хураалтанд сонгогчдын 43,03% нь оролцож 90,18% нь дэмжсэн гэж мэдэгдээд байгаа билээ. Гэвч Испаны засаг захиргаа Каталоны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд нөлөө бүхий ихэнх улс үүнийг Испаны дотоод хэрэг хэмээн үзэж байгаа юм.

Г.АМАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Миний аав

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Аав минь өөд болоод найман жил өнгөрчээ. Байсан бол өдийд ная хүрч байх нь. Энд би гол нь аавынхаа намтраар дамжуулж Монгол орон богино хугацаанд ямар их дэвшилд хүрснийг өгүүлэх гэсэн юм.

Аав Отгон тэнгэрийн яг ёроолд Хуримт гэдэг газар төржээ. Хожим би аавтайгаа тэр газар очиж үзсэн юм. 2250 метр өндөр, учиргүй хад асгатай газар билээ. Засаг захиргааны шинэ хуваарилалт гарахаас өмнө төрсөн болохоор Завхан аймгийн Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэйг бүгдийг нь өөрийн сум гэж үздэг. Эдгээр нь хуучнаар Сайн ноён хан аймгийн, тэр үеийнхээр Цэцэрлэг мандал аймгийн нэг хошуу байжээ. Айлууд ч уул руугаа гарч өвөлжөөд, уруудаж тал руугаа зусдаг байж. “Монгол хүү” хэмээх кинонд Шороотын Цэвээн гэж гардаг, тэр Шороот гэдэг газар нь миний аавын хонь хариулж өссөн нутаг. Халх нь өргөн уудам нутагт дөрвөн том аймагтай байсан. Төв халх гэсэн яриа байдаг, энэ нь уртын дуу, айрагтай Монголын хангай говь хосолсон их талыг нэрлэдэг аж. Төв халхын баруун хязгаар нь чухам тэр Отгон тэнгэрийн ойр орчим бололтой. 1930 онд оросууд засаг захиргааны өөрчлөлт хийн 13 аймаг болгон хуваахдаа Монголын 400 гаруй жилийн уламжлалт хуучин хуваарийг үл ойшоосон төдийгүй мартагнуулах гэж зориуд зохиомол нэгж шууд газрын зураг дээр байгуулжээ. Завханы зүүн талын сумд нь Сайн ноён ханых, үлдсэн нь Засагт ханых аж. Засагт ханы цаад хошуудыг ч Ховдын хязгаар, Дөрвөд далай аймагтай нийлүүлэн Ховд, Увс болгосон байдаг.

Аав эх эцгээс зургуул, дээрээ нэг нэг ах эгчтэй. Өвөг эцэг минь бичиг үсэгтэй, нэлээд олон малтай ард байжээ. Түүнд ямар ч язгуур угсаа байсангүй, олон үеэрээ ард явж. Түүнийг би байтугай аав өөрөө тун бүдэг санадаг. Хамтрал коммун байгуулж өвчигнөж байх үед хөөрхийг зуун бодтой нударган гээд барьж аван Улиастайн шоронд хорьж орхисон аж. Тэндээ нас баржээ. Гээд хожим эцгийгээ цагаатгах гэсэн аавын оролдлого талаар болсон юм. Учир нь шүүхийн тогтоол гарч ял өгөөгүй болохоор шоронд үхсэн хүний тухай ямар ч баримт үлдсэнгүй. Харин би эмэг эхээ сайн мэднэ, намайг арван хэдтэй байхад нас барсан юм. Уул харьяалал нь одоогийн Архангай аймгийн Хангай сумын хүн юм билээ. Өвөг эцэг тэндээс л бэр буулгаж дээ.

Олон өнчин хүүхэдтэй бэлэвсэрсэн эхнэр хот нүүхээр шийдлээ. Авга ах хэн нэгэнтэй ярьж малаа бөөнөөр нь борлуулжээ. Өчнөөн жил хариулсан хонь ямаа маань нэг л өглөө байхгүй болж хот харлаж билээ – гэж аав дурсдагсан. Гэтэл мал худалдаж авсан этгээд тэр чигээрээ гулран алга боллоо. Авга Улиастай орж шүүхэд заргалдтал яг тэр үед Завханы өмнөд хэсгийг тусгаарлан Говь-Алтай гээд шинэ аймаг байгуулсан, этгээд тэндэхийн харьяат учир тэдэнд хамааралгүй гэнэ. Хожим авга ярихдаа Говь-Алтайн төв хоёр ч удаа явсан боловч олоогүй гэдэг, учир нь төв нь хэд хэд нүүжээ.

1939 онд эмэг эх минь хэдэн хүүхдээ аваад, гэрээ ачаалан ганц үхэр тэрэгтэйгээр Улаанбаатарыг зоривоо. Архангайн Тариатад иртэл “хотод дайн болж байна” гэсэн сураг дуулаад эргээд нутаг руугаа нүүсэн байдаг. Дайн гэдэг нь Халх голын тулалдааныг хэлсэн бололтой. Нутагтаа дахиад гурван жил болж чимээ чагнаад байсан дайн дууссан сонсогдохоор нь 1942 онд дахин хот руу хөдөлжээ. Хоёр том хүүхэд нь тэндээ үлдсэн. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн гэгч юм болон олон ардын мал хуйг хурааж авах үед л тэд модоо барьсаар Улаанбаатарт орж ирсэн юм. Аав минь харин ээждээ их талархана, бичиг үсэг ч үгүй тэр эмэгтэй цагийн хандлагыг сайтар ухаарч хэдэн хүүхдээ хот бараадуулснаар хоцрогдлын харанхуйгаас гаргаж гэрэл гэгээтэй амьдрах замыг нь засчээ.

Таних мэдэх хүнгүй, дөрвөн жаахан хүүхэд дагуулсан дөч гарсан бэлбэсэн авгай нутгийн ганц хоёр хүнийг сурагласаар яваад дөнгөж байгуулагдаж байсан МУИС-ийн хашаа гэдэгт буужээ. Хотод хонь хариулах ажил байхгүй, Монголын нийгмийн амьдралын цоо шинэ хэвшил. 15 настай жаал хүүг хөтлөөд ээж нь МУИС-д аваачжээ. Сургуульд оруулах гэсэн юм биш, хар бор ажил байна уу л гэж сураглаж яваа юм. Хөдөөний хүүхэд малд нүдтэй гээд морин тэрэгчээр авав. Оюутан багш нарын ус түлээг гэрт нь аваачиж өгөх, сургуулийн эд барааг ийш тийш зөөх гэх мэт. Одоогийнхоор бол аж ахуйн машины жолооч болчиж буй хэрэг.

Дайны үе. МУИС-ийг байгуулахаар Москвагийн их сургуулийн том профессор докторууд ирчихсэн ажиллаж байжээ. Гэрт нь түлээ нүүрс зөөдөг бяцхан хүүг зоологич профессор Банников их өхөөрдөнө. Хамт хөдөө экспедицэд дагуулж явна. Өөр нэг дотносон өхөөрдсөн хүн нь алдартай ургамал судлаач Мурзаев. Тэдэнтэй явсаар байгаад орос хэл сурч орхижээ. Улмаар сайн дураараа хичээлд нь суусаар байгаад нэг л мэдэхэд оюутан болж амжсан байна. Гэрээр эцгээрээ монгол бичиг дөрвөн аргын тоо заалгасан түүнд үнэндээ ямар ч системтэй боловсрол байсангүй. Энэ болгоныг богино хугацаанд өөрийн хичээл зүтгэлээр нөхсөн юм. Улмаар сургуульдаа багшилж байгаад Москвагийн Темерязевийн академид суралцан 1959 он гэхэд эрдмийн зэрэг хамгаалжээ. Нэлээд хожим мөн тэр сургуульдаа “Монгол сарлагийн биологи” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

Монгол Улс аль л өөдтэй сэхээтнээ алж устгаад нийтээр харанхуй болсон үе. Тасарсан үеийг залгахаар анхны сэхээтнүүд МУИС-аас төрөн гарч байсны нэг нь миний эцэг ажгуу. Тэднийгээ их хүндэтгэдэг байсан юм уу даа, Сайд нарын эмнэлэг гэдэгт хамруулдаг байж. Аав 1948 онд маш хүнд уушигны хатгаа тусчээ. Ингэсэн л бол үхдэг жамтай аж. Харин тэр эмнэлэгт анхны пенцелин ирсэн байсан нь амийг нь аварч. Ийнхүү мэргэжилтэн бэлдэхийн зэрэгцээ орчин үеийн анхны эм тариа, хэрэгслэл, багаж тоног төхөөрөмж орж иржээ. Их сургууль Монголын анхны хүний эмч, малын эмч, зоотехникч, физикч, математикч, химич, биологичдыг сурган гаргаж байв.

Их сургууль Монголын түүхэнд бас л хамгийн анхны эмэгтэй мэргэжилтнүүд бэлдэн гаргаж байсны нэг нь миний ээж юм. Олон үеэрээ Сайн ноён ханы харьяат албат явсан хүний удам. Нагац өвөг маань МАХН-ын III их хуралд сууж байсан байдаг юм. Зүгээр л харц малчин учиргүй коммунист болчоогүй байхаа, ямар нэг дүйвээн дайчилгааны хэлбэрээр л оролцуулаа болов уу. Гэтэл түүнийг 1937 онд буудчихжээ. Гэндэн Дэмидийн хэрэг гэгчээр Өвөрхангайнхныг ард тайж гэлгүй олноор нь хөнөөсөн юм. Эх нь төрөхийн хүндрэлээр нас барж бүтэн өнчирсөн охиныг нутгийн сайн санаатан өргөж аваад Улаанбаатарт авчирч сургуульд оруулсан юмсанж. Хувь заяаны сонин учралаар явсаар нийлсэн энэ хоёр хүн магадгүй орчин үеийн Монголын анхны сэхээтэн гэр бүлийн нэгийг үүсгэсэн аж.

Анхны хүү нь болох би Архангай аймгийн төвд төрсөн. Мэргэжилтнүүдээ хөдөө илгээж Монголын уудам талаар орчин үеийн шинжлэх ухаан техник технологийн ололтын үрийг цацаж байсан тэр цагт аав ээж хоёр маань тийш хуваарилагджээ. Хүүгээ хотод төрүүлнэ хэмээн шуудангийн машинд сууж одсон ээж маань машин нь Төвшрүүлэхэд онхолдож эргээд хүргэгдэн иржээ. Би бас Хөвсгөлийн Мөрөнгийн 7 жилийн сургуульд анх нэгдүгээр ангид орсон. Эрдэмтдийг хөдөө илгээх хөдөлгөөнөөр аав маань энэ аймагт орлогч даргаар ирсэн юм. Сүүлд аав доктор болсныхоо дараа Архангайн Их Тамир суманд Өндөр уулын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахаар тэнд бас хэдэн жил ажилласан. Магадгүй Хүннүгийн үед Химлайн нуруунаас зөөгдөж ирсэн сарлаг хэмээх амьтан Химлай, Памир, Соёоны нуруу, Монголын Хангайн нуруунаас өөр газар байдаггүй болохоор төдий л судлагдаагүй амьтан юм. Аав энэ чиглэлээр дэлхийд тооцогдох эрдэмтэн байсан. Тэрээр сарлагийг Хэнтийн нуруунд бас нутагшуулсан юм. Би хэдийгээр аав шигээ биологич биш, хими талын мэргэжилтэй болсон авч аав надад судлах чиглэлийг минь зааж өгч билээ. Сарлаг дэлхийд төдийлөн тараагүй болохоор биохимийн судлагаа нь хийгдээгүй учир тэр рүү орохыг зөвөлсөн юм. Үнэхээр ч сарлагийн альфа химотрипсиний физик-хими чанарыг судалсан бүтээл минь олон улсын оюуны өмчийн алтан медаль хүртэж аавыгаа их баярлуулсан.

Аавын үеийнхэн Монголд иргэншил, хотжил, үйлдвэржил авчирч миний үеийнхэн анхны үр шимийг нь хүртсэн юм болов уу. Эмнэлэгт төрж, ясл, цэцэрлэг, сургуулиар дамжсан, гүйдлийн ус, цахилгаан дулаантай орон сууцанд өссөн хамгийн анхны үеийн төлөөлөгч бололтой, би. Энэ тухай Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоон” түүхэн баримтат зохиолд сайхан бичсэн байгаа. Мянга мянган жилийн хоцрогдсон нүүдэлчид хэдэн зуугаараа, хэдэн мянгаараа ганцхан үеийн дотор эмч, багш, инженер, эрдэмтэн, хуульч болж хоромхон зуур эх орноо орчин үеийн иргэншсэн орон болгож чадсан нь үнэхээр бахархам.

Ерээд оны дундуур Монголд интернэт орж ирлээ. Би аавд интернэтээр аялж гайхуулав. “Сарлаг” гэж бичээд хайлгахад хэдэн зуун мянга гараад ирж байна. Холбогдолтой материалыг ямар ч хэлээр олж болно. Номын сангуудаар айлчлан картаар мөнгөө төлөөд юу дуртайгаа олж болно. АНУ-ын Монтана мужид сарлагийн аж ахуй байгуулсан хүнтэй холбогдон санал солилцлоо. Магадгүй аав минь өөрийгөө хэтэрхий эрт төрж гэж харууссан байж болох юм. Учир нь тэрээр холбогдох материал судлахаар Москва руу Лениний номын санд суух гэж сараар чөлөө аван богоонд сууж хичнээн хоног бардаг байсан юм.

Аавыг уг нь Балжиннямын Намжил гэдэг байж. Багадаа тугалаа хармалсан хайнагийн үнээнд мөргүүлээд хүнд өвдөхөд нь лам нэрийг нь сольж Бат-Эрдэнэ болгосон гэнэ.. “Булганы нэг жолооч бид хоёулхнаа ийм нэртэй байсан, одоо мөн олширчээ” – гэдэгсэн. Улсын статистикийн бүртгэлээр манай оронд одоо хамгийн элбэг нэрээр нэгдүгээрт Бат-Эрдэнэ орж байна. Сургуульд ороход нь гурван үеийн намтар бүгдээс нь авна. Аймшигтай эд. Эх эцэг хамаатан садны дунд гамин борооны цэрэгт байсан, шүүхээр шийтгэгдсэн, эсэргүү болж байсан, нударган баян, язгууртан ноён байсан эсэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл бичихийг шаардана. Үнэндээ ийм асуудалд холбогдоогүй ганц ч монгол айл байгаагүй. Гэвч анхны сэхээтнүүд маань бараг бүгдээрээ “эсэргүү” гаралгүй болохын тулд овгоо сольсон юм. Аав ч нагац өвгөөрөө овогложээ. Миний ээж ч яг ийм байдлаар овгоо сольсон. Даанч элбэг үзэгдэл байж дээ. Гашуун хувь зохиол юм даа!

Аугаа ХХ зуун. Энэ зуунд монголчууд бид тусгаар тогтнолоо эргүүлж авсан төдийгүй үндэстний хувьд сэрж дэвжин дундад зууны бүдүүлэг хоцрогдлоос орчин үеийн улс гүрэн болтлоо товчлон өсч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн иргэншиж, хотжиж, үйлдвэржиж улмаар эрх чөлөө, ардчилалтай золгосон. Энэ бүхэн ердөө л хүний хоёр гуравхан үеийн хооронд болоод өнгөрчээ. Аллага, хядлага, сүйрэл, ухралт аймшиг алдаа дутагдал бишгүйдээ нэг байсан. Гэвч эцсийн дүнгээрээ монголчууд бид сэрж дэвшсэн, босож өндийсөн ард түмээн. Эрэлхэг цэрэг Швейк нэгэнтээ “Юм яаж ч буруугаар эргэлээ гээд үргэлж сайн тал руугаа явж байдаг юм” – гэж их л өөдрөгөөр сургасансан. Бид одоо ч сайн тал руугаа л явж байна. Хямрал, авилга, шүүхийн увайгүйдэл, их хурлын 76 ямаа, банк дампуурав, траншейний хүүхдүүд, ганц худагт хүний эрх зөрчигдөж байна, барилгын салбар зогсов, биеэ үнэлэгчдийг цагдаа баривчлав – ямар сайхан иргэншсэн проблемууд вэ?

2009.3.16

ЖИЧ: Энэ өгүүллийг Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ойд зориулан дахин нийтэлж буйг хүлээн авна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Миний аав” хэмээх өгүүллэг нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины тэргүүн нүүрнээс “Ээкспо Монголиа-2017” үзэсгэлэнд утаа, хөрсний бохирдлыг арилгах технологи тавигджээ” хэмээх сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эрх баригчид дотоод хэрүүл, тэмцлээ яаралтай зогсоо” хэмээн онцлон хэлжээ. Энэ талаарх нийтлэлийг манай сонины улс төрийн хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Миний аав” хэмээх өгүүллэг нийтлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Мураттай хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Өвөл хаяанд ирчихээд байхад эрх баригчид маргалдаж суух цаг биш” хэмээн онцлон хэлжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс “Бэр гуйх нь аминд халтай хэрэг болсон уу” хэмээх сэрэмжлүүлсэн сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

13 дугаар нүүрнээс Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Чингисийн хүүхдүүд” хэмээх уран сайхны хөгжмийг бичсэн байна. Энэхүү кино нь удахгүй оскарт өрсөлдөх ажээ. Энэ талаарх ярилцлагыг тус нүүрнээс унших боломжтой.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох оюутныг хүлээн авч уулзлаа

Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийт 76 орон оролцох бөгөөд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч гэсэн 6 төрлөөр оролцох гэж байна.

Дэлхийн ур чадварын тэмцээний тогоочийн төрөлд оролцох Хүнс технологийн политехник коллежийн оюутан Б.Дагвасүрэнг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа/2017.10.09/. Уулзалтад оюутны бие төлөөлөгч Хүнс технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ, тус тэмцээний Монгол дахь зохицуулагч Монголын зочлох үйлчилгээний холбооны тэргүүн Н.Батцэнгэл нар оролцлоо. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга уулзалтын үеэр “Олон улсын нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцоно гэдэг хамгийн чухал. Тэмцээнд нь өндөр амжилт хүсэе” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт “Дэлхийн алхалтын өдөр”-ийг “жин жиндээ жимбийе” уриан дор зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Биеийн тамир спортын газартай хамтран “Дэлхийн алхалтын өдөр”-ийг “Жин жиндээ жимбийе” уриан дор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Татварын хэлтэс, Худалдан авах өмчийн газар, өрхийн эрүүл мэндийн 3 төв, ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургууль зэрэг 10 байгууллагын 100 гаруй албан хаагч, хүүхэд, залуучууд идэвхтэй оролцлоо.

Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд идэвхтэй алхалтын жагсаал, граунд гольф спортын тэмцээн зохион байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн “Давсны хэрэглээг бууруулья”, “Зохистой хоололт-Таны эрүүл мэнд”, “Амны ариун цэврийг сахья” зэрэг эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааны өртөөнүүд ажиллалаа. Оролцогчид хүүхэд, залуучуудын паркын орчимд төвлөрсөн хогийг түүж, 53 шуудай буюу 312 кг хогийг зориулалтын газарт нь хаяж, эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Хамт олноороо эрүүл зан үйлийг дэмжиж энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон Н.Эрдэнэсувд даргатай Татварын хэлтэс, Н.Ганболд даргатай Орон нутгийн өмчийн газар байгууллагууд болон ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг эрүүл зан үйлийг дэмжих дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Categories
гадаад мэдээ

Япон өөрийн GPS-г ашиглана

Японы сансрын “Танэгасима” буудлаас япон өөрийн гэсэн GPS-тэй болох зориулалтаар дөрөв дэх хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. Энэхүү хиймэл дагуулыг сансарт “H2A-F3” пуужин гаргасан юм байна. Хэрэв энэ хиймэл дагуул амжилттай ажиллаж эхлэвэл япончууд 2018 оноос америкчуудтай адил өөрсдийн GPS-тэй болох юм. Японы гуравдахь хиймэл дагуул наймдугаар сарын 19-нд амжилттай хөөрч сансарт гарсан билээ.

Г.АМАР

Categories
мэдээ улс-төр

Шинэ засгийн газрын сайд нарын нэрсийг хэлэлцэж байна

Image result for Засаг хоосон

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын нэрсийг өргөн мэдүүллээ. Өчигдөр шөнө хүртэл хуралдсан МАН-ын албан болон албан бус хоёр бүлэг 16 сайдыг 9:6 гэсэн харьцаагаар өргөн мэдүүлэхээр болсон аж. УИХ-ын гишүүн Х.Баделхан, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Ц.Цогзолмаа, Ж.Бат-Эрдэнэ нарыг У.Хүрэлсүхийг дэмжээгүй тал өргөн мэдүүлж, бусад сайд нарыг харин Ерөнхий сайд тодруулсан. Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хуралд 32-ын бүлгээс оруулж ирсэн Х.Баделхан, Л.Энх-Амгалан, О.Содбилэг гурвыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн нэрийг нь оруулаагүй ажээ. Бусад сайдуудын нэрсийг одоо бүлгээр хэлэлцэж байна.


Categories
мэдээ нийгэм

Түц эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Хандмаа: Бидний санаа бодлыг сонсож, тусгахгүй байна

Өнөөдөр Түц эрхлэгчдийн холбоо автобусны буудлын дэргэд байрлах түцийг ачиж байгаа явдал түц эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэсэн асуудлаар хэвлэлийнхэнд хандав

ТҮЦ нь яаралтай ажилтай явж буй хүмүүс түргэн шуурхай худалдан авалт хийхэд ихээхэн хэрэг болдог газар юм. .

Энэ талаар түц эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Хандмаагаас тодрууллаа:

Бид түцний ачлагыг хууль бусаар хийгээд байгаа явдалын талаар мэдэгдэл хийж байна. Захиргааны ерөнхий шүүхээс ачлагыг түтгэлзүүлсэн хариу гарсан боловч ТҮЦ-ийг ачаад байгаа явдал нь ТҮЦ эрхлэгч бидний эрхийг зөрчсөн үйлдэл. Хамгийн гол нь түц эрхлэгч иргэдтэй тулж ажиллаж бидний санаа бодол, эрх ашгийг сонсохгүй байгаа нь биднийг хохироож байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ асуудлаар албан бичиг хүргүүлсэн боловч энэ асуудал үргэлжилсээр л байна.

Өмнөх Бат-Үүл даргын гаргасан шийдвэрээр бор түцийг худалдаж авсан тохиолдолд түц эрхлэх зөвшөөрөл олгохоор болсон. Энэ асуудал шийдэгдэж бүрэн дуусаагүй байхад дахин шилэн түцний асуудал гарч ирсэн нь түц эрхлэгчдийн бухимдлыг төрүүлээд байна.

Бор түц худалдаж авсан хүмүүст зөвшөөрөл олгосон гэсэн. Хэдээр худалдаж авсан бэ?

-Өмнөх бор түцний асуудлыг дараагийн нийслэлийн засаг даргын тамгын газар гарч ирэнгүүтээ: бор түцэнд олгосон зөвшөөрөл бүгд хууль бусаар олгодож, мөнгө угаасан үйлдэл. Тийм учраас энэ зөвшөөрлийг цуцалж нийслэлийн түцийг цөөрүүлж, хотын өнгө үзэмжийг сайжруулан гэсэн зорилготойгоор түцнүүдийг ачиж эхэлсэн.

Бид бор түцийг 6-25 саяар худалдаж авсан. Зарим мөнгөний бололцоогүй хүмүүс худалдаж авч чадаагүй нь дээр зөвшөөрлөө авч чадахгүй бөөн асуудал болж байтал дээр нь шилэн түцтэй болох гээд дахин нэг асуудал гарч ирсэн.

Шилэн түцтэй болох асуудал гэнэт яагаад гараад ирэв? Үүнийг худалдаж авахыг шаардаж шахаж байгаа зүйл байгаа юу?

Хотын өнгө үзэмжийг сайжруулан зарим түцийг цөөлөх хэрэгтэй нэрийдлээр ачиж эхэлсэн боловч явцын дунд дахиад өмнөх мөнгө угаах бизнесээ эхлүүлээд түцнийхээ загварыг шилэн болгоод мөнгөн дүнг нь хэдэн саяар нь нэмж байна.

-Зөвшөөрөл дахин авах шаардлага бий болж байгаа гэсэн үг үү?

-Хамгийн дээд тал нь 13-23 жил ажилласан түц эрхлэгч байна. Гэтэл ийм удаан ажилласан түц эрхлэгчдэд зөвшөөрөл олгоогүй. Өмнө нь олгогдож байсан бор түцний асуудал ч бүрэн цэгцрээгүй байгаа нь үнэн. 6 саяын үнэтэй бор түц худалдаж авч чадаагүй байгаа хүн 60 саяын үнэтэй шилэн түцийг авч чадахгүй шүү дээ. Ийм байтал дахин шилэн түц гээд өртөг өндөртэй юм яриад байгаа нь түц эрхлэгч бидний эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон хамгийн жижиг үндэстнээр Исландчууд тодорлоо

Даваа гарагт буюу өчигдөр ОХУ-д 2018 онд болох ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тоглолтууд боллоо.

Европын бяцхан улс Исландын хөлбөмбөгчид энэ удаа нийслэл Рэйкьявик хотдоо Косовогийн багийг 2:0-ээр буулгаж авснаар Оросыг зорих эрхтэй болсон байна.

Ингэснээрээ тэд “I” хэсгийг тэргүүлж, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд шууд шалгарч байгаа юм. Исландчууд урьдчилсан шалгаруулалтын сүүлийн гурван тоглолтоо дараалан ялснаар 2016 оны Европын аваргын хагас шигшээд үлдсэн нь тохиолдлын зүйл байгаагүйг харуулсан юм.

Өнгөрсөн Баасан гарагт Исландчууд Туркийн хүчтэй багийг 3:0-ийн харьцаатай ялж, хэсгийнхээ тэргүүн байранд гарч ирсэн байна.

335,000 хүн амтай Исланд улс хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцсон хамгийн жижиг үндэстэн болж түүхэнд үлдэж байгаа юм.

Тэднээс өмнө ДАШТ-д орсон хамгийн жижиг улсуудад Тринидад ба Тобаго (1.3 сая), Хойд Ирланд (1.85 сая), Словени (2.08 сая), Жамайк (2.89 сая), Уэльс (3.1 сая) тус тус тооцогдож байжээ.

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ нийгэм

“Мал амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурал боллоо

Image result for Мал амьтны халдварт

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим, олон улсын ЖАЙКА байгууллага, Япон улсын Хоккайдо Их сургууль тус улсын Зооноз өвчин судлалын төвийн профессор, эрдэмтэдтэй хамтран “Мал амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хуралд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, НҮБ-ийн ХХААБ, НҮБ-ийн ДЭМБ, ШУА, ХХААЯ, ЭМЯ, БСШУСЯ, УМЭАЦТЛ, МЭҮГ, НМЭГ, МЭХ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ХААИС-ийн МЭС-ийн эрдэмтэн багш, судлаач, эмч, мэргэжилтнүүд оролцолоо.

Тус хуралд Япон улсын ШУА-н гишүүн, зооноз өвчин судлалын үндэсний төвийн профессор Hiroshi Kida, Хоккайдо Их сургуулийн Зооноз өвчний хяналт, судалгааны төвийн захирал, доктор Yasuhiko Suzuki, профессор Hirofumi Sawa, Хоккайдо Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн профессор Yoshihiro Sakoda, Satoru Konnai, доктор Masatoshi Okamatsu нар болон ХААИС-ийн МЭС-ийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн эрдэмтэн багш нар Халдварт болон мал, амьтнаас хүнд дамжин халддаг зооноз өвчин Шувууны томуу, Галзуу, Ям, Бруцеллёз, Сүрьеэ зэрэг халдварт өвчний талаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ.