Categories
мэдээ цаг-үе

Замын цагдаад танилтай хэн ч дуут дохио ашиглаж болно

-ДУУТ ДОХИОГ 15-450 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА-

Дуут дохиог Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс олгодог. Сүүлийн жилүүдэд дуут дохио автомашиндаа суулгасан жолоочийн тоо хэд дахин нэмэгдээд байгаа. Хотын төвөөр улаан, цэнхэр, шар гэрэл асааж, дууг нь ёнгинуулсан автомашинууд урсгал сөрөн давхилддаг.

Саяхан гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар дээр дуут дохио асаан урсгал сөрөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж орж ирсэн 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг цагдаагийн албан хаагч зогсоосон. Тус машинд зорчиж явсан Ц.Баярцогт гэгч цагдаагийн өөдөөс салаавч гарган танхайрсан билээ. Улмаар иргэн Ц.Баярцогтын сууж явсан автомашин хууль зөрчин дуут дохио ашиглаж байсныг тогтоосон. Дээрх үйл явдалтай холбоотойгоор “Мөнгөтэй баян хүмүүс хуулийг уландаа гишгэж машиндаа дуут дохио суулган, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж байна. Үүнийг замын цагдаа нар огт цэгцлэхгүй байна” гэх санал гомдлыг иргэд тавих болсон. Тэгвэл дуут дохиог хэрхэн олгодог. Ямар иргэн, аж ахуйн нэгжид дуут дохио хэрэглэх зөвшөөрөл олгож байгаа талаар сурвалжиллаа.

Бид “Авто плаза”, “Да хүрээ” автомашины худалдааны нэгдсэн зах дээр очлоо. Дуут дохио худалдаалдаг лангуу дээрх хоёр газрын энд тэндгүй харагдах ажээ. Худалдагчид “Ямар өнгөтэй дохио авах юм. Дуртай өнгөө сонго. Ямар машинд тавих юм. Таван мянган төгрөгөөр шууд тавиад өгнө.

“Ланд 200” зэрэг том жийп ихэвчлэн цэнхэр юмуу, улаан гэрэл тавьж байгаа. Уул уурхайн карьерт бол шар гэрэл хэрэгтэй” гээд л тайлбарлах юм. Цагдаагийн машинд хэрэглэдэг дуут дохио гэхэд хэдэн янзаараа байна. “Жижиг тэрэгний дээр ингэж тавьдаг. Том оврын машинд ийм хэлбэртэйг тавьж болно” гэж тайлбарлав.

ЗАМЫН ЦАГДААДТАНИЛТАЙ БОЛ ХЭН Ч ДУУТДОХИО МАШИНДАА ТАВЬЖ БОЛНО

Сүүлийн үед жолооч нар ихэвчлэн лед гэрэлтэй, жийп машины урд хамарт хийдэг дуут дохио худалдан авдаг болжээ. Энэ талаар “Да хүрээ” автомашины захын худалдаачин Б.Хишигнямтай уулзаж ярилцлаа.

-Дуут дохио ямар үнэтэй байна вэ. Та жолоочийн дуут дохио ашиглаж болох тусгай зөвшөөрлийг нь шалгаж байж худалдаалдаг уу?

-Манайд зарагдаж байгаа дуут дохио 15-450 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Лед гэрэлтэй дуут дохио гэхэд 150-350 мянган төгрөгийн үнэтэй. Сонголт өргөн. Шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн үндсэн дөрвөн өнгийн дуут дохио байна даа. Борлуулах гэж авчирсан зүйлсээ зарах л үүрэгтэй болохоос зөвшөөрөлтэй хүн авна уу, зөвшөөрөлгүй хүн байна уу бидэнд огт хамаагүй.

-Дуут дохиог ихэвчлэн ямар хүмүүс худалдан авч байна вэ?

-Хоногийнхоо хоолыг яая гэж байгаа хүмүүс худалдаж авахгүй нь тодорхой шүү дээ. Дандаа л энд тэндхийн дарга, захирлууд авдаг. Хотын их түгжрэл дунд дуут дохиогоо хангинуулаад л урсгал сөрөөд давхиж чадах хүмүүс л дуут дохио авна. Дуут дохиог цагдаагаас зөвшөөрөл авч ашигладаг. Гэвч замын цагдаад танилтай л бол хэн ч байсан дуут дохио машиндаа хийчихээд явж байхад болно биз дээ. Харин уул уурхай, автозам засварын компаниуд, хамгаалалтын албаныхан өөр хэрэг. Бүгд зөвшөөрөл авчихсан байдаг болохоор аль чанартайг нь сонгож худалдаж аваад л явдаг гэв.

Дуут дохио машиндаа тавьсан жолооч нарыг хянадаг газар байдаггүй гэдгийг уулзсан хүн бүр хэлж байлаа. Замын цагдаа нар суудлын жижиг тэрэг, ачааны автомашин, хөдөө орон нутгийн дугаартай машинуудыг шалгахаас улаан, цэнхэр гэрэлтэй дуут дохио хангинуулаад явж байгаа жийпүүдийг тэр бүр шалгадаггүй. Шалгасан ч хэн нэгэн дарга замын цагдаа руу нь гар утсаараа яриад л явуулчихдаг нь өнөөгийн бодит байдал билээ. Өөрөөр хэлбэл, замын цагдаа нарт ч хүчрэгдэхээ байсан эрх мэдэл бүхий жолооч олширсон гэсэн үг.

Замын цагдаагийн газраас дээрх мэт жолооч нартай хариуцлага тооцохын тулд арга ядахдаа дуут дохионы аян зарлахад өдөрт дуу дохио зөвшөөрөлгүй тавьсан 40-50 автомашины жолоочийг торгодог гэдгийг хэлж байв. Гэхдээ энэ мэт гэнэтийн шалгалтад баригдахгүй л бол дуут дохио хэрэглэгч эрхтэн дархатнууд хотын гудамжаар огт түгжрэлгүй салхи татуулан урсгал сөрж давхилддаг байна.

“937 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ДУУТ ДОХИО АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН” ГЭВ

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс дуут дохио ашиглах зөвшөөрөл хэрхэн олгодог талаар тодрууллаа. Бидэнд тус төвөөс “2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, 1819 албан тушаалтны тээврийн хэрэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзсан хариу өгсөн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны аравдугаар сарын 7-ны А/62 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэгдэн батлагдсан. Уг журмын хүрээнд 2017 оны эхний аравдугаар сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзсэнээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлээд байна” гэх албан мэдээлэл өгөв.

ДУУТ ДОХИОГ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУД

Ямар албан тушаал эрхэлдэг, хэний машинд дуут дохио ашиглах зөвшөөрөл олгодог талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тодруулахад “Төрийн тусгай хамгаалалтын алба, Цагдаагийн албанд хөх болон хөх улаан өнгийн дуут дохионы зөвшөөрөл өгдөг. Харин Тахарын алба, Онцгой байдал, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Уул уурхайн аврах ангид улаан өнгийн дуут дохио ашиглаж байна. Хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн албанд ногоон өнгийн дуут дохио ашиглахыг зөвшөөрдөг. Шар дуут дохионы гэрлийг цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, уул уурхайн компаниуд, Байгаль хамгаалах байгууллага, Замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл, Ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэл ашигладаг” гэв. Гэтэл сүүлийн жилүүдэд аймаг, сумдын Засаг дарга нар хүртэл дуут дохио машиндаа ашиглаж гангардаг болжээ. Гэхдээ тэд дээрх дөрвөн өнгөнөөс аль дуртайгаа тавьсан байдаг гэдгийг албаныхан онцолж байлаа.

ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ

Хууль зүйн сайдын 2013 оны 121 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, төрийн компаниуд дуут дохио ашиглах зөвшөөрөл авдаг аж. Тухайлбал, зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн байгууллага, албан тушаалтны хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн бичиг баримтын хуулбар, тээврийн хэрэгслийн фото зураг гэх мэтийг бүрдүүлж байж уг дохиог авдаг гэнэ. Харин техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын албад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шаарддаг байна. Мөн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт харилцах утасны дугаар, байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичигтэй байх ёстой гэнэ.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

М.Баярмагнай: Эр хүн шиг эр хүн байж чаддаг хоёр ахтайгаа нэг хамтлагт байгаадаа баярладаг юм

“Маск” продакшны жүжигчин, СТА М.Баярмагнайтай ярилцлаа.


-Танай хамтлагийн тоглолтын реклам цахим ертөнцөд шуугиан тарьж байна шүү. Богд хаант үеийн монголчуудын амьдралыг гаргахдаа “Хар даа” гэж тодотгоод л. Одоо хүмүүс юмыг шоглохдоо “Хар даа” гэх үгийг их хэрэглэж байна?

-Бид их л юм хийх гээд бодож төлөвлөөд ажиллаж байна даа. Энэ нийгмээ хар даа, анхаар даа, анзаар даа гэсэн санаагаар уг рекламаа хийсэн л дээ. Хоорондоо ярьж байгаад л уг рекламныхаа санааг олсон.

-Интернэт дэх wikipe­dia.org нэвтэрхий тольд таныг “Том бие, хүүхэн шиг дуугардаг, гэнэн, сайхан дуулдаг, том хамартай эр” гэж тодотгосон байна лээ. Бүтээдэг дүрүүдийг нь хараад ингэж тодорхойлсон байх?

-Тийм үү. Тэр мэдээллийг олж уншаагүй. Өөрт оногдсон дүрээ л бүтээхийн төлөө чадан ядан явж байна даа.

-Танай “Тусгаар тогтносон инээд” инээдмийн хөтөлбөр өнгөрсөн сарын 28-наас эхэлсэн билүү?

-Тэгсэн. МҮЭСТО-нд өдөр бүр 19 цагаас эхэлж 21 цаг 45 минут өндөрлөж байгаа.

-Хошин шогийнхон тоглолт нь эхлэхээр өдөр бүр нарийн хуваарийн дагуу ажиллаж ачаалалтай байдаг юм шиг байна билээ?

-Орой болтол ажиллалаа гээд маргааш өдөр хүртэл нь унтаж амарна гэж юу байх вэ. Хүний л амьдрал хойно өглөө нь үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэнэ. Тоглолтын бэлтгэл гээд хаячихсан, орхисон байсан ажлуудаа амжуулж гадуур баахан явж байгаад орой нь тоглолтдоо орно.

-Сарын хугацаанд нэг тоглолтоо өдөр бүр тоглоно гэдэг нэг бодлын хэцүү л дээ. Гэхдээ өчигдөр хэлж байсан үг, үйлдэл нь өнөөдөр бага зэрэг өөрчлөгдөх ч юм уу, ямар нэг өөрчлөлт гардаг байх гэж боддог?

-Өөрчлөгдөлгүй яахав. Тайз гэдэг болохгүй юмаа болгох боломжийг байнга олгодог. Кино бол нэг л муу эсвэл нэг л сайн тоглосон бол тэр чигээрээ үлддэг. Дахиж давтах боломжгүй. Янзалж болдоггүй. Тайз бол алдаагаа засахад дөхөмтэй.

-Тийм болохоор хошин шогийн тоглолтыг сүүлийн долоо хоногт нь л үзвэл дээр юм байна?

-Үгүй л дээ. Тийм зүйл байж болохгүй. Дүрээ л баяжуулж сайжруулна уу гэхээс бүхэл бүтэн тоглолтын чанарт өөрчлөлт орохгүй л дээ.

“Тусгаар тогтносон инээд” тоглолтын рекламны хэсгээс

-Та СУИС-ийг төгсөөд УДЭТ-т жүжигчнээр жил гаруй ажиллаад хошин шогийн урлаг руу орсон байдаг. Яагаад театраас гарсан юм?

-Хүний амьдралд чинь янз бүрийн л юм байна шүү дээ. Театрт ороод жил гаран ажилласан юм. Цалин мөнгөнөөс эхлүүлээд асуудалтай. Над шиг шинэ жүжигчин олон. Тухайн үед 27300 төгрөгийн цалин авдаг байсан. Тэр үед хошин урлагийн театр 40 мянган төгрөгийн цалин өгнө гэж урьсан юм. Оюутны байранд амьдардаг байсан юм чинь арван хэдэн мянган төгрөг хаа юм бэ. Тэгээд л хошин урлагийн театрт орж байсан даа.

-Та оюутан байхдаа Улсын драмын эрдмийн театрт ороод сонгодог дүрүүдийг бүтээнэ гэж боддог л байсан байх?

-Бодолгүй яахав. СУИС-д байгаа бүх л хүүхэд театрт орох юмсан гэж л мөрөөддөг шүү дээ. Мань мэт нь ямар Ромеод тоглох биш дээ. Янз бүрийн бодсон юм байна аа, чухам юу болдог юм бол доо. Нас залуу байна болох байлгүй.

-Хошин шогийнхонд түгээмэл гаргадаг дүр, үзэгдэл бий л дээ. Байнга хөнддөг сэдэв нь хөдөө, сумын төвийнхөн эсвэл нууц амраг байдаг. Тэгээд эрчүүд нь эмэгтэй болж жүжиглэдэг. Үүнээсээ татгалзмаар юмаа гэж шүүмжилдэг?

-Түгээмэл гэдэг чинь өнөөдөр амьдрал дээр болж байгаа үйл явдлыг л бид харуулдаг. Амьдралаас өөр юм хийгээгүй шүү дээ. Жишээ нь, аав, ээжийн тухай таван сайхан санаа байхад тавууланг нь нэг тоглолтод оруулж болохгүй. Хүмүүс үзэхэд сонирхолтойг нь бодож монгол ахуйгаа санасан, омогшсон зүйлийг нь байлгамаар байгаа юм. Манай хамтлаг жил гарны хугацаанд тоглоогүй байсан.

-Хошин шогийнхон “Монголд хошин шогийн зохиолч байдаггүй. Хэрвээ сайн зохиолчидтой болвол бид өөрсдөө ингэж санаа олох гэж зовохгүй” гэж ярьцгаадаг юм?

-Мэдээж шүү дээ. Хүссэн хэмжээнд нь хүртэл бичих зохиолч байхгүй байгаа юм чинь. Дээр үеийн хошин зохиолууд нь цаг үетэйгээ нийлэхгүй, хоцрогдчихсон. Тухайн үедээ манай эмэгтэй жүжигчид нэг номерынх байж нэг дүрийг аваад явчих хэмжээнийх байгаагүй. Яахав эмэгтэй дүрдээ тоглодог байсан. Жавхаа (Ш.Жавхлан), Чука (Г.Чулуунцэцэг) хоёр маань одоо бүхэл бүтэн ээж, найз бүсгүйн дүрийг хийгээд явчих чадалтай болчихсон болохоор бид нар тэр дүрд нь гарах шаардлагагүй болчихож байгаа юм. Тухайн үед тийм учиртай байсан юм. Залуу хүн нэг том дүрийг дааж авч гарна гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө аргагүйн эрхэнд туфль углаад, хөхөвч зүүгээд гардаг л байсан. Сүүлийн үед эрчүүд нь эмэгтэй дүр бүтээхгүй байгаа шүү дээ, манай хамтлаг тэр тусмаа.

-Дээр үед чинь хүмүүс дэмждэг хамтлаг, дуучидтайгаа уулзах гэж холоос зорьж ирж гарын үсгийг нь авч хамт зураг татуулах буюу эсвэл шуудангаар захидал бичдэг байж. Одоо тийм шүтэн бишрэгч байна уу?

-Тийм шүтэн бишрэгчид байдаг. Гэхдээ ганц хоёр. Одоо чинь цахим ертөнц хүчтэй хөгжөөд хүмүүсийн хоорондын амьд харилцаа үгүй болоод байна. Хуучин чинь гаднаас зочин орж ирэхээр ширээндээ урьж суулгаад цайгаар дайлангаа гэр бүлийнхээ гэрэл зургийн цомгийг гаргаж ирээд дээр үеийн зургуудаа тайлбарлаж сонирхуулдаг сайхан соёлтой байсан шүү дээ.

Одоо тийм юм байхгүй. Бүх юмаа гар утсандаа авч явдаг. Энэ сошиал ертөнц манайд хэтэрхий буруу тал руугаа явж нэгнээ муулах, элдвээр хэлэх нь их байна. Манайд буруугаар хөгжөөд байна, энэ сошиал. Мэдээж тоглолт хийхэд зар сурталчилгаа, реклам явуулахад хэрэг болж л байгаа юм л даа. Хэтэрхий муухайгаар л хөгжиж байгаад харамсдаг.

-“Маск” продакшныг П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан та гурав анх нийлж байгуулж байсан. Бусад продакшн салж нийлээд бутраад янз янз л болж байхад эв нэгдэлтэй, анхны бүрэлдэхүүнээрээ байгаа нь танай продакшн юм уу даа гэж харагддаг?

-Анх л сэтгэл зүрхээрээ нэгдэж, бид 11 жилийн өмнө “Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлаж байсан. Одоо болтол бид хамт байгаа ч дандаа бүх юм сайхан байна гэж юу байхав. Аливаа юман дээр, уран бүтээл дээр хэрүүл тэмцэл, инээд наргиа бүхий л юм байгаа юм чинь. Эр хүн шиг сайхан хоёр эр хүнтэй хамтарч ажиллаж, мөр зэрэгцэн зүтгэж нэг продакшныхан гэж дуудуулж яваадаа бахархдаг. Чадахгүй юмыг минь зааж зөвлөж явдаг хоёр ахдаа баярлаад баршгүй. Их баярлаж явдаг.

-Дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байгаа юу, танайх?

-Манайх “Хайр харуусал” гэж ганц л кинотой. Ирэх нэгдүгээр сард кино хийх төлөвлөгөөтэй байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ё.Цацралтуяа: Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын даргад хүн дэвшүүлэх боломжтой ч бид улс төрийн ухамсар гаргасан

НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өвөлжилтийн бэлтгэл хангах, утааг арилгахаас эхлээд нийслэлд тулгамдсан олон асуудал шил шилээ даран хүлээж байдаг. Гэтэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчид даргагүй, МАН-аас ахиад ажлын тав хоногийн завсарлага авчихлаа. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн XI хурлаар иргэдийн хурлын дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөх, дараагийн даргыг сонгох байсан. Ц.Сандуйгийн хувьд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Дийлэнх олонх болсон Ардын намын бүлгээс хурлын даргад хоёр хүн дэвшүүлсэн ч санал тэнцэж аль аль нь сонгогдож чадаагүй. МАН-аас үндсэн хуулийн цэцийн тайлбарын дагуу эргээд энэ хоёр хүнийг дэвшүүлж болох эсэх нь тодорхойгүй байна гэсэн шалтгаанаар ажлын тав хоногийн завсарлага дахин авсан. Ингээд нийслэлийн иргэдийн хурал даргагүй 17 хонох болоод байна даа.

-Ардчилсан намын төлөөлөгчид иргэдийн хурлын даргын сонгуульд цагаан хуудас өгцгөөсөн гэж яригдаж байна. Танай бүлгийн зүгээс Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын хэнийг нь дэмжиж байгаа юм бол. Яагаад ийм сонголт хийх болсон бэ?

-Ардын намыг бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийг, заалнаас С.Амарсайхан төлөөлөгчийг дэвшүүлсэн. Санал хураалтын өдөр би тооллогын комиссын даргаар ажилласан. Хурал эхлэхэд 44 төлөөлөгч байснаас 17 нь Д.Баярсайхан төлөөлөгчид, 17 нь С.Амарсайхан төлөөлөгчид санал өгч тэнцсэн. Санал хураалт нууцаар явагдсан тул хэн нь хэнд санал өгснийг мэдэх боломжгүй юм. Учир нь Төлөөлөгч бүр дэмжсэн төлөөлөгчдөдөө саналаа өгөх эрхтэй.

-Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын даргад хүн дэвшүүлэх боломжтой юу?

-Болохгүй гэсэн зүйл байхгүй. Нийслэлийн иргэдтөлөөлөгчдийн 76 хувь буюу34 төлөөглөгчдөд итгэл хүлээлгээд хотоо удирдуулахаар сонгосон учраас иргэдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрч, улс төрийн ухамсар гаргаж, ардчилсан намаас хүн дэвшүүлээгүй. Дэвшүүлнэ ч гэж яригдаагүй. Бид олонх болсон бүлгийг хүнээ дэвшүүлээд саналаа өгөөд асуудлыг шийдэж чадна гэж найдаж байсан. Ер нь бол иргэдийн хуралд сонгогдсон 45 төлөөлөгч бүгд 100-300 мянган хүнтэй дүүргүүдээс сонгогдсон болохоор хурлын даргад нэр дэвших боломжтой. С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёр төлөөлөгчийн хувьд аль нь ч олонх болж чадаагүй гэдэг нь бас нэг зүйлийг хэлээд байна шүү дээ.

-Аравдугаар сарын 9-ний өдөр шийдэлд хүрч чадна гэж бодож байна уу?

-Иргэдийн хурлын даргад хоёр хүн нэр дэвшээд аль нэг нь олонх болж чадахгүй бол хоёуланг нь дахин нэр дэвшүүлэлгүй, шинэ хүн нэр дэвшүүлэх талаар цэцэд заасан байгаа юм билээ. Ардын намын зүгээс ийм тайлбар хэлж завсарлага авсан. Тэгэхээр хурлын даргад өөр хүнийг ч нэр дэвшүүлж магадгүй. Ардын намаас энэ асуудалд ажлын тав, нийт долоо хоногийн завсарлага авах нь иргэдийг хүндлэхгүй байгаа хэрэг гэж харж байна. Үүнээс гадна аравдугаар сарын таван гэхэд Засаг дарга 2018 оны үндсэн чиглэлээ өргөн барьж, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах ёстой. Гэтэл бид аравдугаар сарын есөнд даргаа сонгох хурлаа хийх гээд байдаг. Ингээд л өвөлжилтийн бэлтгэл ажил, утааны асуудал, 2018 оны төсөв, 2017 оны ажлын явц гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх иргэдийн төлөөлөгчдийн хурал хойшилсоор байна. МАН-ын төлөөлөгчид хоёр он дамнан сандал ширээний асуудалтайгаа зууралдлаа. Одоо иргэдийн хурлаа удирдаад явчих, үлгэр дуурайлал болсон хүнийг даргаар сонгоод, хурлаа хуралдуулж, ажлаа хийгээсэй гэж төлөөлөгч хүний зүгээс хүсч байна.

-Сөрөг хүчний төлөөлөгчийн хувьд өнгөрсөн хугацаанд иргэдийн хурлаас хийгдсэн ажлууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийдөө хотын ажил их удаашралтай байна. Иргэдийн хурлын төлөөлөгчид маань 2018, 2019 онд шуурхай ажиллаж “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө хэрэгжүүлж, иргэдээ аз жаргалтай болгох тал дээр яараасай, дэвшүүлсэн том том хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Манай Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд гэхэд Э.Бат-Үүл даргын үед 118, 60 дугаар сургуулийн хажуугаар тус бүр 1.22 км зам баригдаж, 240 хүүхдийн 209 дүгээр цэцэрлэг ашиглалтад орж, бүх гудамж гэрэлтүүлэгтэй болсон байдаг. Гэтэл энэ иргэдийн төлөөлөгчид бүрдээд жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад нэмэгдэж шийдэгдсэн бүтээн байгуулалт алга. Э.Бат-Үүл даргын үед хэрэгжүүлж байсан хуучин ажлуудыг зогсоогоод өөр газар шинэ ажлууд эхлүүлэх гэж оролдох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд, концессоор баригдаж байсан сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг зогсоож үхмэл хөрөнгө бий болгоод байна.

-Урьд хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлье гэсэн саналыг та бүхний зүгээс тавьсан уу?

-Манай дүүрэгт байсан цэцэрлэгийн асуудал зогсохоор Нийслэлийн боловсролын газрын дарга Гантулга руу хоёр гурван удаа санал хүргүүлсэн. Төлөөлөгч бидэнд удахгүй шийдвэрлэнэ гэх мэт хариуг шуурхай өгдөг боловч Нийслэлийн орлогч дарга Ш.Анхмаатай газар дээр нь хамт очиж үзэхээр өөр юм ярьдаг. За энэ концесс ч яахав, бидний эхлүүлсэн шинэ ажил юу болж байгаа билээ, тэрийгээ эхлээд очиж үзье гээд явчихдаг. Сургууль цэцэрлэг иргэдэд хэрэгтэй юу хэрэгтэй. Энэ мэт иргэдэд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлээд явж болмоор санагдах юм.

-Таны хувьд урьд нь дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхийн төлөөлөл болж удаа дараа сонгогдон ажиллаж байсан. Харин нийслэлийн иргэдийг төлөөлж, цөөнх болж ажиллах нь түүнээс юугаараа өөр байна вэ?

-Миний хувьд 2008-2016 онд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд олонхийн төлөөлөл болон сонгогдон ажиллаж байсан. Тэр үед дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрд нь шийдвэрлээд явдаг байлаа. Төрийн ажлыг анхан шатнаас нь хийж яваа хүний хувьд хэлэхэд шат ахих тусам асуудлыг хурдан шийдвэрлэх гэхээсээ илүү шат дамжлага нь улам ихэсч иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулж байна. Хийгдэж байгаа ажил, төсөв нь том ч гэсэн яг иргэндээ чиглэсэн ажлуудыг хурдан шуурхай удирдлагаар хангаад, иргэдийн санал бодлыг тусгах тал дээр муу юм уу гэсэн бодол төрж байна даа.

-Цөөнхийн төлөөлөл иргэдийн хуралд асуудал оруулж, шийдвэрлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

-Тодорхой хэмжээнд тусгагдсан ажлууд хөрөнгө мөнгөтэй ч холбоотой, цөөнхтэй ч холбоотойгоор шийдвэрлэгдэхдээ удаан байна. Иргэдийн төлөөлөгчдөд орон нутгийн хөгжлийн сангаас тойрогтоо хийх ажилд зуугаад сая төгрөг тавигдсан. Тодорхой хэмжээнд хийгдээд явж байгаа ажлууд бий. Гэхдээ иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахгүй, даргагүй байгаагаас болж байна уу, ер нь ажлууд нэлээн удаашралтай, төлөвлөсөн ажлууд хойшлогдсоор байна. Тухайлбал: Сонсголонгийн аравдугаар гудамжинд ус зайлуулах сувгийн зураг төсөв хийлгэх гээд өгсөн ч өчигдрийн байдлаар ажлын явц ердөө тавхан хувьтай байх жишээтэй.

-Танай бүлгийн төлөөлөгчид энэ хугацаанд ямар ямар асуудлуудыг шийдвэрлүүлж чадсан бэ?

-Монгол Ардын намын удирдлагуудын асуудлаас болоод нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажил цалгардаж байна. Гэхдээ Ардчилсан намынхан энэ хугацаанд зүгээр суугаагүй. Иргэдээ сонсох аяныг өрнүүлж байна. Ц.Баатархүү төлөөлөгч бид хоёр хүндэт доноруудыг хүлээж авч автобусаар үнэ төлбөргүй зорчих эрхийг нь баталгаажуулж өглөө. Хөрсний бохирдлын асуудлыг Батцогт төлөөлөгч хуралд оруулж хөрсний өдөртэй болгосон. Нарантуяа төлөөлөгч СӨХ-ийн асуудлуудыг яриад хэлэлцүүлээд явж байна. Болж бүтэхгүй байгаа зүйлсээ ярьж хэлээд шийдвэрлүүлэх гээд ажиллаж байгаа. С.Одонтуяа төлөөлөгчийн тойрог дээр цэцэрлэгийн асуудал, манай тойргийн хоёрдугаар хороон дээр цэцэрлэгийн дээвэр фасаднаас болоод хүндрэлтэй асуудал үүссэн. Энэ мэт асуудлуудыг дүүрэг, нийслэл, яам тамгын газартай яриад явж байна даа.

-Нийслэлийн жижиглэн худалдаа эрхлэгчид, ТҮЦ-нийхэн энэ өдрүүдэд өлсгөлөн зарлаж тэмцэж байна. Бас багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг хичээж байна. Энэ мэт асуудлуудад иргэдийг төлөөлж буй хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Жижиглэн худалдаа эрхэлдэг болон ТҮЦ ажиллуулж байгаа хүмүүс түүнээс өөр ажил хийх боломжгүйн дээр өөр өөрсдөдөө ажлын байр бий болгоод явж байна. Ард нь дөрвөөс таван хүн амьдарч байгаа. Тийм болохоор гадаадын улс орнууд шиг нэгдсэн зохион байгуулалтад оруулаад ажиллуулах хэрэгтэй болов уу. Тэдэнд зөв шаардлага тавьж, зөв зохион байгуулалтад оруулах боломжийг сайн судлах хэрэгтэй байна.

Өнөөдөр багшийн цалин үнэндээ бага байна. Монгол Улсынхаа ирээдүй хойч үед эрдэм боловсрол олгож байгаа багш нарт анхаарал хандуулах хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс санаачилж 2012-2016 онд “Саятан багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Манай бүлгийн зүгээс энэ хөтөлбөрийг үргэлжлүүлье гэж санаачилга гаргасан ч дэмжигдээгүй гэсэн ч бид багш нартайгаа хамтран боломжийг судлах болно.

Ямар ч асуудлыг шийдвэрлэе гээд гарц хайх юм бол олддог. Үүний нэг жишээ бол урьд өмнөх сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн автобусыг кондукторгүй болгох шийдвэр удаашралтай, төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гэсэнүр дагаврыг дагуулж байсан ч одоо хэрэгжээд иргэд ухаалаг картаараа үйлчлүүлж хэвшээд байна. Энэ мэтээр урьдын ажлуудыг үргэлжлүүлээд явмаар байна.

Categories
гадаад мэдээ

​Устсан шавж олдов

Эрдэмтэд 1920 онд устсан гэж үзэж байсан Dryococelus australis гэдэг шавжийг Австралийн Лорд-Хау арлаас олжээ. 1918 онд энэ арлын ойролцоо хөлөг онгоц живэхэд хөлөг дотор байсан хар хархнууд энэ арал дээр гарчээ. Ингэснээр эдгээр хархны уршгаар арлын олон зүйл шувуу, ургамал болон шавж устсан бөгөөд энэхүү шавж ч тэдгээрийн тоонд орж байсан юм байна. Эрдэмтэд энэхүү шавжийг устаж буй зүйлд оруулаад байгаа бөгөөд 2018 онд хар харх устгах ажлыг Лорд-Хау арал дээр явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр олон зүйл амьтан, ургамал дахин сэргэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн шүүх хурлыг нээлттэй хийхийг хүслээ

Related image

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр ирэх баасан гаригт хэлэлцэх тов гарсныг бид мэдээлсэн.Тэгвэл Г.Дэнзэн уг шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргав.

Хүсэлтэд “Г.Дэнзэн надтай холбогдох хурлыг нээлттэй явуулж өгнө үү. Би хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би юу болж өнгөрсөн талаар ярихыг хүсч байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 13 мянган иргэн аж ахуйн нэгж дампуурсан байна

ОХУ-д энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 13 мянган иргэн аж ахуйн нэгж дампуурсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 79% өссөн үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь банкны зээлдэгчдэд бэлэн мөнгө хэрэгтэй байгаа учир зээлээ төлж байснаас барьцаагаа заруулах нь ашигтай байгаа юм байна. Ялангуяа 500 мянган рублиэс дээш зээл авсан зээлдэгчид энэ аргыг хэрэглэх дуртай байгаа гэнэ. Зээлийн нэгдсэн хорооны мэдээлж буйгаар ОХУ-д 500 мянган рублиэс дээш зээл авсан 660 мянган зээлдэгч байгаа бөгөөд эдгээр зээлдэгчид зээлээ төлөхгүй байгаа хугацаа хамгийн багадаа 90 хоног болчихоод байгаа гэнэ.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын А/760 тоот захирамжаар байгууллаа. Байнгын ажиллагаатай уг ажлын хэсгийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга ахлах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НАГ, НҮНТ, ХТЕТГ, НГА ХУД, СХД, НЗДТГ, ЗАА-ны төлөөлөл багтсан байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс иргэдийн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлж “Smart car”, “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт”-ийн цахим системийг нэвтрүүлсэн. Мөн газар зүйн мэдээллийн системд суурилсан Нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан цахим мэдээлэл солилцох eDES системийг шинээр нэвтрүүлэх зэргээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгож хэрэгжүүлэх уг ажлыг бодлогын түвшинд НМТГ хариуцан ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшлов

ЗурагУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч асуудлыг хойшлууллаа.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат төсөв тодотгох асуудлыг Засгийн газар эмхлэн байгуулагдсаны дараа хэлэлцэх саналтай байгаагаа хэлсэн. Түүний гаргасан горимын саналыг олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.
Одоогийн байдлаар төсвийн орлого давж биелээд байгаа ба үүнээс 500 орчим тэрбум төгрөгийг хаана хэрхэн хуваарилах тухай асуудлыг тодотголоор хэлэлцэж буй. Тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гэтэл АН-ын бүлэг хуучин Засгийн газрын боловсруулсан төслийг хэлэлцэх боломжгүй гэх саналаа байнгын хорооны хуралдаанд илэрхийлж байгаа бөгөөд энэ удаад ч эл байр сууриа хэвээр хадгалав.
Categories
гадаад мэдээ

Цаазын ялаа зогсоохыг уриаллаа

Related imageНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш олон улсын цаазын эсрэг өдрийг тохиолдуулан Хятад, Иран, Ирак, Саудын Араб улсуудыг цаазын ялаа зогсоохыг уриаллаа. Учир нь энэ дөрвөн улсад нийт цаазын ялны 87% нь оногдож байгаа юм байна. Мөн тэрээр зарим улс цаазаар авсан хүний тоог нууж бүр улсын нууцад хамруулж байгааг шүүмжилжээ. Гутерреш “Цаазын ял гэдэг бурангуй үйлдлийг устгахыг би бүх улсад уриалж байна. XXI зуунд цаазын ял байх ёсгүй” гэж мэдэгдлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын үзэж байгаагаар цаазын ял хэрэглэснээр гэмт хэргийн тоо буурдаггүй юм байна.

Г.АМАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэр гуйх нь аминд халтай хэрэг болсон уу

-БЭР ГУЙЖ ОЧСОН 53 НАСТАЙ ЭРЭГТЭЙ АРХИНД ХОРДОЖ АМИА АЛДЖЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт бэр гуйхаар очсон 53 настай Тайванжаргал архинд хордож харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн иргэнээс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд дуудлага ирсэн.

Цагдаа нар дуудлагын дагуу очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байсан. Бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи уулгасан. Үүнээс болж талийгаач архинд хордож зүрх нь зогссон гэсэн” гэв. Түүнчлэн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт ч дээрхтэй адил гарчээ. Талийгаачийн тухайн үед уусан архийг шинжилгээнд өгсөн байгаа. Архинаас хүний биед хор нөлөө учруулах ямар нэгэн зүйл илрээгүй аж. Мөн бэр гуйх ёслолд оролцож байсан хүмүүсээс цагдаагийнхан гэрчийн мэдүүлэг авсан гэнэ. Энэ тухай эх сурвалж “Бэргэн талын сөнч буюу архи, айраг аягалж байсан гурван ч хүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, баривчлах ялаар шийтгэх гэж байгаа гэсэн” гэв.

“БЭРГЭНДЭЖ ОЧСОН АХАД МИНЬ АРХИ ИХ ӨГСНӨӨС БОЛООДАМИА АЛДЧИХЛАА”

Бэр гуйж очсон 53 настай эрэгтэй архинд хордож амь насаа алдсан хэргийн талаар нэгэн иргэн бидэнд мэдээлэл өгсөн юм. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Сүүлийн жилүүдэд бэр гуйна гэж хоёр талын хүмүүс цуглараад архидан согтуурдаг л ажил болоод байгаа.

Ийм ёс заншил өмнө нь огт байгаагүй. Хүмүүсийн архидах гэж гаргаж ирсэн худлаа ёс заншлаас болоод сайхан ах минь амиа алдчихлаа. Тухайн үед юу болсон талаар та бүхэнд ярьж өгч болно. Манай хамаатны нэг хүүхэд эхнэр авсан юм. Ламд очиж өдөр судар асуусан. Тэгсэн лам нь “Есдүгээр сарын 26 үзэлтгүй сайн өдөр байна. Морь цагт багтаж бэргэнээ гуйгаад ав” гэж хэлсэн юм байна лээ. Ингээд манай талаас бэр гуйхаар ах, дүү хамаатан садангийнхаа хүмүүсийг явуулсан. Тэгтэл манайд бэр орж байгаа охины ар гэрийнхэн “За бэргэндэж байгаа хүмүүс эхлээд энэ аягаар гурав уучих. Тэрний дараа хадаг авах уу үгүй юү гэдгээ ярина” гээд л том аягаар гурав хийгээд өгсөн байгаа юм.

Бэр гуйхаар ирсэн бүх хүн өгсөн архийг нь уучихсан юм билээ. Үүний дараа бэргэндэж ирсэн хүнээс хадаг аваад гурав уулгачихсан. Ингээд найр хавтгайрч эхэлсэн шиг байгаа юм. Нэг хүн барагцаагаар 0.75 шилтэй хоёр архи ууцгаасан гэсэн. Үүний хажуугаар айраг, шимийн архи, цай, хоол идсэн. Гэнэтхэн архийг хэдэн литрээр нь уулгачихаар тухайн хүн цочирдолд ороод гүн хордлогод орох нь тодорхой шүү дээ. Энэ бэр гуйх, хурим хийх, шинэ гэр, байрны найр гэх нэрийдлээр эх адаггүй архидаж, нэгэндээ архи шахахаа болих хэрэгтэй. Хаа хаанаа бодох асуудал гэдгийг хүний амь хохирсны дараа ухаарч байна шүү дээ.

Өнөөдөр дөнгөж амьдралаа эхлүүлж байгаа хоёр дүүгийн маань сэтгэл санаа ч маш хүнд байна. Тэдний буруу биш. Энэ харамсалтай хэрэг ерөөсөө л монголчуудын хэн нэгэнд архи уулгаж согтоогоод бах таваа хангадаг муухай зуршлаас болж байна. Бусдад архи шахдаг ёс заншил Монголд байгаагүй. Одоо хэн нэгэндээ архи шахаж өвчигнөдөг байдлаа болих цаг нь ирсэн” гэв.

БЭР ГУЙЛТААР НЭГНИЙГЭЭ АРХИАР ШАХДАГ НЬ МОНГОЛЫН ЁС ЗАНШИЛ БИШ. АРХИДАН СОГТУУРАХ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН ЗОХИОСОН ХУДАЛ ЗҮЙЛ

Сүүлийн үед монголчууд найр наадам нэрийн дор архидан согтуурдаг болсон. Тэр тусмаа бэр гуйхаар ирсэн хүргэн талын хүмүүсийг их архи өгч согтоож, гэрийнхээ хаалгаар мөлхүүлж гаргадаг, худ болох хүмүүсийг гэрээсээ согтоож гаргахгүй л юм бол бэр гуйсан болохгүй мэт авирладаг гэх бусармаг байдал газар аваад байгаа. Бүр тодруулбал, сүүлийн үед бэр гуйхаар ирсэн хүмүүсийг орж ирэнгүүт хоолны өмнө 0.5-1 литрийн хултай айраг уулгадаг. Бэр гуйхаар цэмцийн суух хүмүүс хийгээд өгсөн айргийг уучихдаг. Үүний дараа тагш аягаар архи дүүргээд гурван удаа уулгачихдаг.

Үүнийхээ дараа мөн л монгол архи 250 граммын аяга дүүрэн мэлтэлзүүлээд бариад зогсчихдог. Хэдхэн минутын дотор хүний ходоодонд сүүтэй цай, архи, айраг, монгол архи холилддог. Ингээд дуусахгүй бэр гуйж хадаг тавих ёслол болдог. Мөн л архи, айраг хийж өгөөд байдаг. Бэргэндэж ирсэн хүнээс хадаг, сүүг нь авсны дараа мөн охиноо өгсөн авсан гээд л айраг, архи, монгол архинаас хүн бүр хамгийн багадаа, ёсыг дагаж гурван удаа уучихдаг. Энэ мэт байдлаар битүү архидалт болдог. Сөнчид нь ч хүмүүсийг архиар шахаж, уулгаж л байвал болоо гэсэн шиг чөлөө завгүй хундагалаад л байдаг.

Хэн нэгэн архи уухгүй гэвэл “За чи айлыг нь голоо юу, архийг нь голоо юу. Энэ хүн архины аяга голж байгаа юм байна. Том хул аваад ир” гэж сүрдүүлж байгаад заавал уулгадаг. Зарим газарт бүр дээлийнх нь өвөр рүү хултай айраг хийж, чихийг нь мушгин барин байж уулгадаг. Шанагаар толгой руу нь цохиж хүртэл архиар шахдаг газар бий. Үүнээс гадна сөнчдийн хэлэх үг бэлэн цэцэн. Ёроолыг нь гартал уухгүй бол “Зузаан байна зуд болно шүү. Алив хурдан уу дараагийн хүн хүлээгээд байна. Бэр гуйх гэж ирсэн юм бол Монголынхоо ёсыг дагана аа хө. Чи юу гэх нь хамаагүй заавал наадахаа ууж дуусга” гэж ирээд л айлгаж сүрдүүлэхийг үзүүлж өгнө. Энд тэндээс үг нийлүүлэн хатгаж “Иймхэн архи ууж чадахүй юм бол яах гэж бэр гуйж ирсэн юм бэ. Чи ууж чадахгүй юм бол манайхан ингэж уудаг юм” гээд л өмнө нь аяга дүүрэн архи хөнтөрч үзүүлээд л сүр болно. Хэдэн талаасаа ингэж шахуулж шордуулсан хүн хийж өгсөн архийг нь уудаг. Эргээд гэрт нь очиход яг энэ мэтээр өөрсдийг нь угтана. Ингэж л бэр гуйх нэрийдлээр бие биенийгээ архиар шахдаг.

Хэтэрхий их архи огцом уусан хүмүүс өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтдог. Бэр гуйсан айлдаа уйлж унжин, гэрт нь бөөлждөг. Гэрийнх нь хоймроос мөлхөж гардаг. Бүр бэрээ аваад хөдөлж байхад нь хүртэл машины цонхоор архи хийж өгдөг. Охиноо айлын бэр болгож байгаа гэрийнхэн худуудынхаа согтож, тасарсныг хараад шоолж инээн, бах таваа хангадаг. Хэдэн жил инээд наргиан хийж бусдыгаа доромжилдог.

Эх адаггүй бусдыгаа шахаж согтоохыг Монголын ёс гэж хүмүүс андуурдаг. Тэгвэл Монголын ёс заншилд архиар шахаж, согтоодог ёс байхгүй гэдгийг судлаач, эрдэмтэд батлан хэлж байна. Гэвч монголчууд энэ хүний мууг үзэх гэсэн буруу үйлдлийг бараг ёс болтол хэвшүүлж, олон арван хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энд зөвхөн бэр гуйх үеэр гарсан зарим харамсалтай тохиолдлыг дурдъя. Хэдэн жилийн өмнө гэхэд Булган аймгийн нэгэн сумын Тамгын газрын дарга бэр гуйж ирээд машиндаа өөд болсон харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг ухаанаа алдтал нь согтоосон худууд машинд нь суулгаж өгсөн байдаг. Бараг ам, хамарнаас нь архи урсаж байсан уу гэтэл согтсон тэрбээр хэдхэн цагийн дараа сэргэж ч чадалгүй зүрх нь зогссон байдаг. Мөн Хөвсгөл аймагт бэр гуйж явсан хүмүүс онхолдож, бүгд хүнд бэртэл авсан хэрэг ч гурван жилийн өмнө гарсан билээ.

Жолоочид архи шахаж өгснөөс болоод осол гарсан гэдгийг сүүлд замын цагдаа нар тогтоосон. Мөн бэр гуйлтаар согтуу ирсэн хүмүүс хоорондоо зодолдож нэгнийгээ хөнөөсөн хэрэг Өвөрхангай аймагт гарсан. Ах, дүү хамаатан садангууд зодолдож, нэг нь амиа алдаж, гурав нь бусдыг бүлэглэн зодож аминд нь хүрсэн хэргээр 18 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Бусдыг архиар шахаж уулгасан нь сайн зүйл авчирч байгаагүй. Дандаа л үхэл хагацал, өнчрөл авчирдаг. Гэтэл монголчууд бэр гуйх, найр хурим хийх, шинэ байшинд орох бүртээ Монголын ёс гэж мунхаглан нэгнийгээ архиар шахдаг.

Энэ бүгдийн золиосонд хэдхэн хоногийн өмнө нэг хүн амиа алдсан нь гашуун сургамж биш гэж үү. Монголчууд бусдад архи шахдаг харанхуй бүдүүлэг байдлаасаа салах цаг нь болсон. дашрамд дурдахад, бусдад архи шахаж уулгасны улмаас согтсон нэг нь элдэв осол гэмтэл, хэрэгт орвол Зөрчлийн тухай хуулиар 14-20 хоног хорих ялаар шийтгэдэг болсон шүү.

Тэгэхээр бэр гуйх, хадаг тавих урилгатай хүмүүс Зөрчлийн хуулийг хэвлээд тухайн айлдаа очвол аминд нь аюулгүй байх боломж гарах нь. Хууль дүрэм ийм болсон шүү нөхөд өө, архиар шахаж согтоовол ял шийтгэл оногдуулдаг болсон гэж бусдад ойлгуулахгүй бол бэр гуйх балрын энэ ёс хичнээн ч хүний аминд хүрэхийг тааварлах аргагүй.

Г.БАТЗОРИГ