Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтын хуваарь

Image result for Сурагчдын амралтын хуваарь

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арваннэгдүгээр сарын 3-аас эхэлнэ.

Энэ талаар эцэг эхчүүд сонирхож байгаа тул холбогдох байгууллагаас нь лавлахад “БСШУСЯ-ны сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хуваарь энэ жил өөрчлөгдөхгүй өнгөрсөн жилийн хуваарийн дагуу явагдана” гэв.

Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил долоо хоног амрах юм байна.

Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурав, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах ажээ.

Тодруулбал:

1 дүгээр улирлын амралт /Нийслэл/

-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног

3 дугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног

Зуны амралт

-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс

-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ

1 дүгээр улирлын амралт /Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын/

-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

-Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/

Зуны амралт

-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс

-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ

Categories
мэдээ нийгэм

Илүүдэл жинтэй хүүхдийн тоо арав дахин нэмэгджээ

Image result for Илүүдэл жинтэй хүүхэдДэлхий дахинд илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо сүүлийн 40 жилийн хугацаанд 10 дахин нэмэгдсэнийг “Ланцет” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан харууллаа.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, дэлхий дахинд хэт тарган 124 сая хүүхэд байна. Их Британид л гэхэд 5-18 насны 10 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна.

Мэргэжилтнүүд хэлэхдээ “Илүүдэл жинтэй хүүхдүүд олширч байна гэдэг нь илүүдэл жинтэй бөгөөд таргалалтаас улбаатай янз бүрийн өвчтэй насанд хүрэгчдийн тоо олширно гэсэн үг” гэжээ.

“Ланцет” сэтгүүлийнхэн “Илүүдэл жинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан илүүдэл жинтэй хүмүүсийн талаар судалгаа хийсэн байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод буй хэт таргалалттай тэмцэх арга замуудыг олох зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдөр “Илүүдэл жинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.

Илүүдэл жинтэй холбоотой өвчин эмгэгээ эмчлүүлэхийн тулд дэлхий нийт 2025 оноос жил бүр 920 тэрбум фунт стерлингээс багагүй мөнгө зарцуулдаг болохоор байгааг энэ судалгаагаар мөн тогтоожээ.

Судлаачдын үзэж буйгаар, хямд үнэтэй бөгөөд олдоцтой түргэн хоолыг, тухайлбал хачиртай талх болон хийжүүлсэн ундаа зэргийг бараг өдөр тутам идэж уух болсон нь илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо олшироход хүргэж буй гол хүчин зүйлсийн нэг аж.

Зүүн Азид илүүдэл жинтэй өсвөр насны хүүхдүүдийн хамгийн тоо их нэмэгдсэн байна. Ялангуяа, Хятад болон Энэтхэгт сүүлийн хэдэн жилийн хугацаанд ийм хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ.

Дэлхий нийтэд энэ “эрчээрээ” хэт таргалалттай хүмүүсийн тоо нэмэгдсээр байвал тун удахгүй илүүдэл жинтэй хүмүүсийн тоо хэвийн болон туранхай хүмүүсийн тооноос давж болзошгүй гэж судлаачид анхааруулсан байна. Илүүдэл жинтэй тэмцэхийн тулд нүүрс ус ихтэй хоол хүнснээс аль болох татгалзаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг ДЭМБ мөн уриалжээ.

Илүүдэл жинтэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд одоогоор ердөө 20 улс орон л чихэрлэг ундаанд татвар ногдуулаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн хэрэгсэлд дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг суурилууллаа

Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна.

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран автобусан дотор дуу хоолойгоор зогсоол автоматаар зарлагчийгсуурилуулах, системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системнэвтэрч мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Замын хөдөлгөөний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг.

Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулсан ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 1100 автобусанд суурилуулахаас ажлын явц 90 гаруй хувьтай явж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах асуудлыг хэлэлцэв

ЗурагНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 2 дугаар хороо 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тогтвортой хөгжлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, цөлжилттэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн улс орнууд тогтвортой хөгжлийг хангах хүрээнд үндэсний түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, байр сууриа илэрхийлэв.

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг энэ өдрийн хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр баталсан хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

АТГ Эрүүл мэндийн яамд ажилласан тайлангаа хэлэлцүүллээ

Авлигатай тэмцэх газар 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаад Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайлангаа Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан баг хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Эрүүл мэндийн яам хувийн эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгодог бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулсан журам нь жил бүр өөрчлөгддөг, тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримтыг иргэдээс шаардаж байгаа нь мөн хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэх эрсдлийг бий болгож байна гэв. Магадлан итгэмжлэл олгох шалгуур үзүүлэлтээ эргэн харах шаардлагатайг Ажлын хэсэг яамны албан тушаалтнуудад зөвлөлөө.

ШАЛГАЛТЫН ЯВЦАД ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮД

  • Тус яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг хянан үзэхэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, төслийн 8 ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд 8 мэргэжилтнийг оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн шагнаж урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.
  • Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Худалдан авах ажиллагааны ил тоод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, … оролцуулна.” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан хориглолтыг зөрчсөн байв.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд өндөр хяналт тавих учиртай Ёс зүйн хяналтын хороо нь ихэвчлэн сургалт зохион байгуулах, орон нутгаас тайлан мэдээ гаргуулах, аян зохион байгуулах, бүрэлдэхүүн батлах зэргээр ажилладаг байна. Ёс зүйн хяналтын хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 16 ажил төлөвлөгдсөнөөс зөвхөн 3-т нь Ёс зүйн зөрчлийн мэдээний санд дүгнэлт өгөх, гомдол санал хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн мэдээний санг боловсронгуй болгох, эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлууд тусгагджээ. Ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн сан байдаг боловч түүний мөрөөр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил дутмаг гэж Ажлын хэсэг дүгнэв.
  • Эрүүл мэндийн яаманд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаатай Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцжээ. 2015 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 40.4 хувь нь эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанартай холбоотой, харин 17.4 хувь нь эмнэлгийн мэргэжилтний чадвар, зан харилцаатай холбоотой байв.
  • Ажлын хэсгээс фокус ярилцлага зохион байгуулж, тус салбарын мэргэжлийн холбоодтой уулзалт, хэлэлцүүлэг хийжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвд фокус ярилцлагад оролцогчид тус төвийн эмчлэх эрхийн шалгалт, мэргэжлийн зэрэг олгох шалгалт, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг “авлигын эрсдэл бүхий” гэж нэрлэсэн байна. Тиймээс үүнд анхаарал хандуулж, шалгалтын явц байдал, шалгалтын үнэлгээг шударга байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг танилцууллаа.
  • Тус салбар дахь худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай танилцахад, тодорхой нэр бүхий зарим аж ахуйн нэгж жилд 2-3 тендер сонгон шалгаруулалтад шалгардаг, төсөл арга хэмжээ төсөвт өртгийн тооцооллыг бодитой хийдэггүй, хэрэгжилтэд захиалагч байгууллагын зүгээс тавих хяналт сул, 2015, 2016 оны гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлтийг өгсөн байхад зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй, баталгаажаагүй төсвөөр төсөл, арга хэмжээнүүд тусгагдсан зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх бүхий А3 сертификат олгох сургалтад яамны албан хаагчдаа жигд хамруулах шаардлагатайг хэлээд цөөн тооны хэдэн хүн байнга шалгаруулалтыг хийх нь авлигын эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оффшор бүсийн асуудлаар хэрэгжиж буй хуулийн талаар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог шинээр хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хууль тогтоомжийн талаар товч мэдээлж, цаашид ажил албандаа анхаарах шаардлагатайг танилцууллаа.

Тайлан дүгнэлтийг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон тус яамны удирдах албан тушаалтнууд оролцлоо гэж Авлигатай Тэмцэх Газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

АНУ хөл бөмбөгийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо

АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тоглолтод Тринидад-Тобага улсын шигшээ багт хожигдсоноор Оросыг зорих боломжоо алдлаа. Энэ тухай “Ассошиэтэд Прэсс” агентлаг мэдээлсэн байна.

2018 онд Орост болох ДАШТ-д оролцох эрхийн төлөөх мягмар гарагт буюу өчигдөр болсон тоглолтод Тринидад-Тобагагийн шигшээ багийнхан АНУ-ын шигшээ багийг 2:1 оноогоор буулган авчээ.

Ингэснээр АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжихөөр болж байна.

Categories
гадаад мэдээ

Жолоочгүй анхны цахилгаан автобус худалдаанд гарна

Францын Наавяа компанийн үйлдвэрлэн гаргасан анхны жолоочгүй, цахилгаан автобус энэ намар худалдаанд гарахаар болсон байна. Тус бага оврын жолоочгүй өөрөө явагч, цахилгаан автобусны захиалгыг урьдчилан аваад аль хэдийн эхэлсэн юм. Компанийн зүгээс Наавяа компанийн Арма нэртэй автобус нь ямар ч дуу чимээгүй төдийгүй цахилгаан зарцуулалт бага хэмээн онцолжээ.

Францын зах зээлд тэр тундаа авто зам, нийтийн тээврийн хэрэгслийн салбарт шинээр орж ирэх гэж байгаа Арма нэртэй бага оврын жолоочгүй, цахилгаан автобусанд хөдөлгөөн мэдрэгч систем, камер, газар зүйн байршил тодорхойлогч зэрэг бусад шаардлагатай зүйлсийг тоноглож өгсөн юм байна. Ингэснээр замын хөдөлгөөнд бүрэн автомат жолоодлоготойгоор аюулгүй оролцох боломжоор хангагдсан гэж Наавяа компанийн зүгээс онцолжээ. Тус автобус нь бага хурдаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Өнөөдрийн байдлаар Арма нэртэй бага оврын өөрөө явагч эко автобусыг Францын Цөмийн эрчим хүчний станцын ажилтан албан хаагчдын нийтийн тээврийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн байна. Нэг удаагийн тээвэрлэлтээр 15 хүртэлх зорчигчийг тээвэрлэх боломжтой гэжээ.

Зохион бүтээгчдийн зүгээс, тус автобусыг эдийн засгийн хувьд хэмнэлтэй, шинэ бүтээл болж чадсан гэж онцолж байна. Энэ намраас эхлэн худалдаанд гарахаар болсон өөрөө явагч, цахилгаан автобусны үнийг хараахан мэдээлээгүй байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудлыг хэлэлцэхээр боллоо.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргав. Тэрбээр, Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдмөөр байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. Төсвийн орлого нэмэгдэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, болон үүнтэй холбогдон Ажлын хэсэг байгуулах асуудлыг хасах саналтай байна гэж байлаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу горимын санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ үеэр Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан, Шинэ Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалтай сайтар танилцан, нягталсны дараа уг асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсныг мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан “АХА” тэмцээн зохион байгуулав

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 2009 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъяуриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм.

Тус олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулж байна. Үүний нэг ажил нь Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн хошой тэргүүний 50 дугаар сургуулийн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн Б.Энхтуул багштай 12А ангийн сурагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд 50 гаруй сурагч оролцон, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд 12А ангийн сурагч Ж.Чинзориг, хоёрдугаар байранд Т.Андир, гуравдугаар байранд П.Дагвадорж, Ш.Анударь нар шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна

ЗурагӨнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна.

НҮБ-ын гишүүн 193 улс оронд 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр байгаа юм.

Эл өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

2017 оны 10 дугаар сарын 11-ний энэ өдөр дэлхий нийт “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”- ийг “Хямрал сөргөлдөөнөөс өмнө, хямралын үед болон дараа нь ч охидын эрхийг хамгаалцгаая!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр дэлхийн хэмжээнд 1.1 тэрбум орчим охин хүүхэд байна. Ирээдүйд сайн сайхан амьдруулахын тулд тэдэнд бүгдэд нь адил тэгш боломжийг олгох ёстой. Охид бол эрч хүч, хүч чадал ба бүтээлч байдлын ундарга юм. Тэд дэлхий ертөнцийг илүү сайн сайхан зам руу оруулж, сайхан ирээдүйг бүтээхэд тусалж чадна. Гэхдээ өнөөдөр дэлхийн олон улс оронд, тухайлбал дайн байлдаантай байгаа улс орнуудад охидын эрх ноцтой зөрчигдөж, тэд өдөр бүр ямар нэгэн байдлаар биеийн махбодийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “Өнөөдөр дэлхийн хаа нэгтээ 10 минут тутамд өсвөр насны нэг охин хүчирхийллийн улмаас амиа алдаж байна. Охидыг хүйсээр ялгаварлан гадуурхах, насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх, охидыг хулгайлах зэрэг явдал улам газар авч байна. Дайн байлдаан, зөрчил мөргөлдөөнтэй улс орнуудад өсвөр насны охидын бараг 90 хувь нь сургууль завсардаад байна. Энэ нь охидын цаашдын аж амьдралд сөргөөр нөлөөлж, санхүүгийн хараат бус байдлыг нь алдагдуулах сөрөг үр дагавартай учир тэднийг боловсрол эзэмших боломжоор хангахад дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэжээ.