Categories
мэдээ нийгэм

Бизнес эрхлэх сонирхолтой залуучууд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

Related imageСүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ээс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдийн төгсөгч болон төгсөгчдийн залуусын бүлэгт эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ.

Залуусын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх төслийг тус дүүргийн ХХҮХ-т энэ сарын 20-ныг дуустал хүлээн авч, шаардлага хангасан тохиолдолд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж төгсөгчид гурван сая хүртэл, төгсөгчийн бүлэгт 10 сая төгрөгийг 24 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлөөр олгох юм.

Санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн иргэд доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:

-Төгсөгч болон бүлгийн гишүүдийн гараар бичсэн өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар / төгсөгч нь Сүхбаатар дүүргийн харьяалалтай байна/
-Мэргэжлийн диплом /эх хувиараа/, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
-Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнес төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх
-Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
-Төслийн шаардлага хангасан байх /худалдан авах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зураг, үнийн харьцуулсан судалгаа гм/
-Оршин суугаа газрын тодорхойлолт /цахим машинаас авна/

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн төсөлтэй танилцаж саналаа идэвхтэй ирүүлнэ үү

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд сар бүр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах зарим төрлийн судалгаа хийсэн юм. Иргэд өөрт шаардлагатай эрх зүйн мэдлэг, мэдээллийг авах нөхцөл боломж хангалтгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, нэр төр, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх явдал хангалтгүй байгааг судалгааны дүн харуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх” дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа. Төсөлтэй танилцаж үнэтэй саналаа харамгүй илгээнэ үү.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Хууль, эрх зүйн хэлтэс

Утас:321110

Categories
мэдээ нийгэм

Гар утаснаасаа автобус хаана явж байгааг харж болох 5 үнэгүй аппликейшн

Нийтийн тээврээр зорчиж буй иргэн та автобус хэзээ ирэхийг хүлээж цаг алдах шаардлагагүй юм. Үүнд та зөвхөн ухаалаг гар утастай байхад л хангалттай юм. Таны хэрэглээнд тааруулан автобусны талаарх мэдээллийг хэлэх хэд хэдэн аппликейшуудийг танд санал болгож байна.

1. UB BUS:
2015 оноос эхлэн UB Bus хэмээх аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн юм. Зорчигч та энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. Мөн UB Bus аппликэйшн дээр “Автобус хөтөч” нэмэгдсэн. Та автобусанд суугаад Автобус хөтөчийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулах ба таны утасны чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

2. UB SMART BUS:
Харин 2016 онд UB Smart компаниас UB Smart Bus хэмээх аппликейшнийг нэвтрүүлсэн юм. Уг аппликейшныг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харах боломжтой. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг ч харж болохоороо онцлогтой юм.

3. Auto BUS:
Энэ аппликэйшны хамгийн гол давуу тал нь танд offline орчинд буюу таны утсанд ямар ч интернет холболт байхгүй байсан ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар чухал мэдээллүүдийг өөрийн гар утаснаас газрын зурагтайгаар харах боломж олгож байгаа явдал юм. Та аппликейшныг хэрэглэж байх үедээ өөрийн одоо байгаа байрлалыг газрын зураг дээр харахын тулд утасныхаа GPS (байрлал тогтоогч)-ээ асаалттай байлгахаа битгий мартаарай. Мөн интернет холболт нь таны байрлалыг илүү нарийвчлалтай тогтооход хэрэгтэй байдгийг санаарай.

4. Smart UB:
Smart UB – Ухаалаг Улаанбаатар аппликейшн нь нийслэл Улаанбаатар хотын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг танд хүргэх болно. Жишээлбэл:
· Цаг үеийн мэдээ мэдээлэл. Интернэтэд холбогдсон үедээ нээж уншсан мэдээг дараа интернэтгүй орчинд унших бүрэн боломжтой.
· Нийслэлээс гарсан бүхий л захирамж тогтоолууд.
· Олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл.
· Нийслэлийн нийтийн тээврийн бүх чиглэлийн мэдээллийг агуулсан бий. Танд хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгоно.
· Авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой.

5. УБ Хөтөч:
УБ хөтөч програмыг ашигласанаар та Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг албан байгууллагуудын товч мэдээллийг авахаас гадна тухайн байгууллагын хаяг байршлыг газрын зураг дээрээс харах боломжтой. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусын чиглэл болон маршрутыг харах, дүүрэг болон хороодын газар нутгыг харах зэрэг олон давуу талтай.

Дээрхи аппликейшнүүдийг ухаалаг гар утас хэрэглэгчид 2 үйлдлийн систем бүхий гар утасны програм татаж авдаг хэсгээс /PlayStore, AppStore/ нэрээр нь хайж, татан, үнэгүй суулгах боломжтой юм.

Нийтийн тээвэртэй холбоотой сонирхолтой мэдээллүүдийг та цаг алдалгүй ЭНДЭЭС уншиж, сонирхоорой.

Categories
мэдээ нийгэм

Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр

ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЭХ ӨДӨР


Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн тархинд цус харваж, үүнээс 6,5 сая нь нас барж, 26 сая хүмүүс харвалтаас тахир дутуу үлдэн хоцорч байна. Харвах асуудал хэзээ ч хэнд ч хэдэн настайд ч тохиолдож болох учир та бидэнд бүгдэд хамаатай асуудал. Гагцхүү хэнд ямар эрсдэлт хүчин зүйл байгаагаас хамаарна. Тархины харвалт хэдий аюултай ч урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл юм. Дэлхий дахинаа тархины харвалт бууруулахын тулд ДЭМБ -аас 2017 онд тархины харвалтыг олон улсын өвчний мэдрэлийн өвчний ангилалд багтаан, урьдчилан сэргийлэлт, суртачилгаа мэдлэг олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг чиг удирдлага болгосон байна. Дэлхийн харвалтын байгуулгаас(WSO and WS Campaign, www.worldstrokecampaign.org ) 2017 онд “Тархины цус харвалтаас сэргийлэх ямар шалтгаан танд байна вэ? “ уриан дор тархины харвалтын эсрэг компанит ажлыг явуулахаар уриалж байна.

Монгол оронд жилээс жилд тархинд цус харвах тохиолдол, нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, үхэлд хүргэх байдлаар хоёрдугаар байрыг эзлэн, гэнэтийн үхлийн гол шалтгаан болж байгаа бөгөөд тархины харвалтын өвчлөл, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр өндөр орны тоонд багтдаг. Тархины харвалтын 90% нь 10 эрсдэлт эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг байна. Монгол хүмүүсийн дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс ихсэж, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байгаа нь харвалт нэмэгдэх хүчин зүйл болж байгаа юм.

Монгол улсад тархины харвалт судлалын нийгэмлэг 2009 онд байгуулагдан, 9 жил дараалан ДЭМБ, Дэлхийн харвалтын байгууллага, ЭМЯ, МНЭМҮХ, УНТЭ, УГТЭ, УХТЭ, Дархан, Булган,Сэлэнгэ, Увс, Дорнод, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 10 сарын 29-нд тэмдэглэж ирсэн. Энэ жилээс Эрүүл Мэндийн сайд, жил бүрийн 10 сарын сүүлийн 14 хоногт тархины харвалттай тэмцэх аянт ажил зохион байгуулах тушаал шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд иргэдийг өөрсдөөр нь харвалтын эрсдэлийн үнэлгээ хийх, харвалтын анхны шинж тэмдэг, харвалтын хор холбогдол, урьдчилан сэргийлэх аргуудыг зааж өгөх, цусны даралтаа үзэх арга барилд сургах, аргачилал, гарын авлагаар хангах нь чухал байгаа юм.

Нийт эмнэлгүүд , эмч нар аянт ажлыг зохион байгуулахдаа, Дэлхийн харвалтын байгуулгаас (WSO and WS Campaign) энэ жилийн суртачилгааны ажилд зориулан гаргасан брошур, постерыг эх хэл дэр орчуулан тавьсаныг авч хэрэглэхийг хүсч байна. Мөн бидний боловсруулсан эрсдэлт хүчин зүйлсийн тухай гарын авлага, брошурын эх, шторк видеог авахыг хүсвэл www.msa.edu.mn сайт ба 99098584 руу ярьж холбоо барина уу. Нийтээрээ харвалтын эсрэг амжилттай тэмцэн, тархины харвалтыг бууруулъяа.

Монголын Харвалт Судлалын Нийгэмлэг

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” нисэх буудалд гарсан галыг хилчид унтраажээ

2017 оны 10 дугаар сарын 10-ны 23.10 цагийн орчим Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хоёр давхарт гал гарсан бөгөөд хилчид шуурхай ажиллаж унтраажээ Тухайн үед хилийн шалганд албан үүргээ гүйцэтгэж байсан Хилийн 0218 дугаар ангийн албан хаагч, дэд ахлагч Т.Өсөхбаяр гал гарсан хэсгийг шуурхай илрүүлж, ангийнхаа 10 гаруй нөхдийн хамтаар 15 минутын дотор галын тархалтыг зогсоосон байна. Тэд нисэх буудал доторх галын хор, усны шаланкыг ашиглан унтраажээ. Галыг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох албаныхан шалгалт хийж байгаа аж.

ИНЕГ болон Чингис хаан нисэх буудлын удирдлага галын тархалтыг богино хугацаанд зогсоож чадсан Хилийн 0218 дугаар ангийн хилчдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар болно

Энэ жилийн хувьд сүүлийн 40 жилд тохиолдоогүй халалт болж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон нь таримал болон бэлчээрийн ургамлын ургац буурах, улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээгүй болох, мал тарга хүчээ дутуу авах, отор нүүдэл хийх боломжгүй болж улмаар 21 аймгийн 247 сум буюу нийт сумдын 75 орчим хувь нь гантай буюу гандуу байгаа үнэлгээний дүн гараад байна. Тиймээс 2017-2018 оны өвөлжилтөд гарч болзошгүй хүндрэлийг тодорхойлж, эрт сэрэмжлүүлэх, гарч болзошгүй хүндрэлийг бууруулж, бэлэн байдлаа хангахын тулд нэн шаардлагатай арга хэмжээ болон тусламжийг тодорхойлох, шуурхай зохион байгуулах, нөхцөл байдал хүндэрсэн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулах, өмнөх жилүүдийн зудын хор уршгийг арилгасан туршлага дээр суурилан хор уршгийг арилгах стратеги боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарыг 2017 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12,2 хувийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна.

Энэ жил улсын хэмжээнд 1629 багийн 160,6 мянган малчин өрхөд 66 сая толгой мал өвөлжих, үүнээс 9,2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ.

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” семинарт ОБЕГ, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, ЦУОШГ, аймгуудын Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газруудаас 120 орчим төлөөлөгч оролцоно.

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” семинар маргааш буюу 10 дугаар сарын 12-нд Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян нээлтээ хийлээ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Тус аяны нээлт өнөөдөр Отгонтэнгэр дээд сургуульд боллоо. Энэхүү арга хэмжээг нээж Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга О.Алтансүх үг хэлэв. Тэрбээр хүрэлцэн ирсэн оюутан залуусаас эерэг, зөв хандлагатай байхыг хүссэн юм.

Энэхүү аяны зорилго нь Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох юм байна.

Манай улсын нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй ажээ. Мөн шийтгэгдсэн иргэдийн 75 хувь, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41,2 хувийг 18-30 хүртлэх насны залуус эзлээд байна. Тиймээс оюутан залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах зорилготой уг аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Энэхүү аяны талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан С.Гэрэлмаагаас тодрууллаа.


-Аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Энэхүү аян нь нээлтээ хийгээд жилийн турш үргэлжилнэ. Их дээд сургууль, МСҮТ, коллеж, дотуур байранд гээд залуучуудад хүрч болох бүх газруудад ажиллана.

-Залуус архидан согтуурч, тохиолдлын бэлгийн хавьталд орох нь их байдаг. Ийм эрсдэлд орсон залууст хандаж юу хэлэх вэ?

-Бэлгийн замын өвчин авсан нийт иргэдийн 41,2 хувийг залуучууд эзэлж байна. Энэ бол эрсдэлтэй тоо. Залуучууд тохиолдлын бэлгийн хавьтлаас яаж сэргийлэхээ мэддэггүй. Архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснээр хэнтэй хавьталд орсноо ч мэддэггүй. Мөн бэлгийн замаар халдах халдвараас гадна хүсээгүй жирэмслэлт давхар яригддаг.

-Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн хэдэн хувийг охид эзэлж байгаа вэ?

-2016 оны байдлаар үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг насны бүлгээр нь авч үзвэл 20-иос доош насны охид 5 хувийг эзэлж байна. Өмнөх жил нь 5,5 хувь байсан. Ийм учраас энэ талаарх үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

Бүх нийтээрээ хогоо цэвэрлэж, мод тарина

Image result for бүх нийтийн цэвэрлэгээБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг бүх дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хороод, 28 харьяа хэлтэс,алба, газар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд хамтран оролцох юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуй, нэгж байгууллагууд ойр орчны 50 метр газрыг цэвэрлэх юм. Харин холбогдох байгууллагууд гэрлийн шон, барилга байгууламж дээр наасан зарлалын хуудсыг цэвэрлэх, гэрэлтүүлэг бүрэн асаж байгаа эсэхийг шалгах зэрэг ажлыг хийнэ.

Мөн 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг бүх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна. Иймд үндэсний мод тарих өдөрт болон бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг дүүргийн Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Наталья Воробьевагийн нэрэмжит тэмцээнд монголын 18 бөх оролцоно

Related imageЧөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга, ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьевагийн нэрэмжит эмэгтэй чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Эрхүү хотноо болно.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа уламжлалт энэхүү олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд болох бөгөөд манай улсаас 18 бөх оролцоно. Тухайлбал, өсвөр үеийн охидын 40 кг-д Б.Дэлгэрмаа, 43 кг-д Д.Уянга, 46 кг-д Г.Саруулбуян, Б.Энхзул, 49 кг-д Т.Баярмаа, 56 кг-д Б.Мишээл, 65 кг-д Д.Дэлгэрцэцэг, 69 кг Ц.Хулан, Д.Цогзолмаа, Т.Мянганбаяр, залуучуудын 44 кг-д Б.Болорчимэг, Б.Мөнхтуул, 48 кг-д Б.Бямбацэрэн, 55 кг-д Б.Энхцэцэг, Н.Анударь, 59 кг-д Б.Энхтүвшин, 70 кг-д Х.Хулан, Ө.Одбаг нарын 18 бөх оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Багийн ахлагчаар П.Чулуунбаатар, дасгалжуулагчаар Э.Батмөнх, Ц.Ганзориг нар ажиллана.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлжээ

ЗурагУИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ.

Төсвийн тодотголд орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсан хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус тус нөхөн төлөхөөр тусгасан. Иймд С.Эрдэнэ гишүүн шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгтэй холбогдуулж асуулга хүргүүлжээ.

Тэрбээр энэхүү 25 тэрбум 711 сая төгрөгөөс хэдэн төгрөгийг аль яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад хуваарилсан, хэдэн албан тушаалтанд дээрх мөнгийг олгох, тэдгээрийн хэд нь төрийн жинхэнэ албан хаагч, хэд нь төрийн үйлчилгээний албан хаагч, хэд нь удирдах албан тушаалтан байгаа талаар тодорхой мэдээлэл ирүүлэх, дээрх мөнгөн дүнг буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлаар судалгаа гаргасан эсэх, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудын судалгаа, хэнээр хэдэн төгрөг төсөвт буцаан төлүүлэх талаар мэдээлэл гаргасан эсэх зэрэгт хариулт хүссэн байна.