Сонин сэтгүүлийг эргүүлжээ суухад “эрлийзүүд” гэдэг нэгэн сэдвийг хоржин байдлаар хөндөөд байгаа нь харагдах юм. Тодруулж хэлбэл дөрвөн үеийн туршид хуримтлагдсан гомдол хорсол байгаа мэтээр дүрслэх гэж оролдож байгаа нь үнэхээр гайхал төрүүлнэ.
Тэгэхээр яриагаа Монгол улсад эрлийз цусны хүмүүс хэр зэрэг олон бий вэ? гэдэг асуултаас эхэлье. Ний нуугүй нүцгэн үнэнийг шуудхан хэлэхэд маш цөөхөн гэж хэлж болно. Яагаад гэхээр бидний хойд хөрш оросууд бид нартай хөршилсөн 300 гаран жилийн туршид манай хаяа залгаа Сибирьт маш цөөн тоотой байсан, манай зүүн хөрш манжууд худ ургийн хувьд бидний өвөг дээдсийн сонирхолыг бага татаж байсан. Манай баруун хөрш Дундад Азийн орнууд бидэнтэй сүүлийн 300 гаран жил бараг харилцаа холбоогүй шахам байсан билээ. Бид өмнөд хөрштэй 5000 жил хөршилсөн боловч тэд худ ургийн хувьд манай өвөг дээдсийн хувьд тун бага сонирхол татдаг байсан юм. Тиймээс хятадууд “Биднийг байлдан дагуулсан олон үндэстнийг бид уусгаж чадсан. Гэтэл Монголчууд та нар биднийг байлдан дагуулсан хэрнээ ялагдмагцаа сэгхийгээд бүгд гараад явчихсан” гэж ярьдаг. Үнэхээр ч өвөг дээдэс маань харь нутгаас Монгол цусаа цэвэр авч, гарч ирж чадсан юм.
Харин Манж дайчин гүрний сүүл үеэр хэсэгхэн цагаач иргэд (хуацяо буюу хужаа) дотор газраас Ар Монголд ирж суурьшсан байсныг Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа богдын Засгийн газар 1911-1913 оны хооронд нутгаасаа албадан гаргасан. Архивын нууц баримтаар 100 мянган хужаа нарыг албадан гаргасан байдаг. Автономит Монголын үе буюу 1915 оноос хойш манай нутагт суурьшсан хужаануудын ихэнхийг 1919 онд орж ирсэн гамин цэргийн хамт 1920 оны сүүлч, 1921 оны эхээр нутгаасаа хөөж гаргасан. Ардын ардчилсан хувьсгал ялсны дараа 1929 онд гадаад худалдаанд улс онц эрх тогтоох шийдвэр гарч, 1929-1930 онд хятадын пүүсүүдийг хааж, хужаа худалдаачдыг нутгаасаа албадан гаргасан.
Өмнөд хөршид 1949 онд ардын засаг тогтсоны дараа 1950-иад онд найрамдлын далбаан дор орж ирж суурьшсан хятад иргэдийг 1960-аад оны эхээр социалист системийн дотор улс төр, үзэл суртлын зөрчил дэгдэж, хямралдсаны улмаас мөн албадан гаргасан юм. Тэднээс нутаг заагдан суухыг зөвшөөрсөн тун цөөхөн нь үлдсэн нь зуу хүрэхтэй үгүйтэй байсан юм. Тиймээс бусад улс үндэстнүүдтэй харьцуулахад манайд эрлийзүүд нүдний гэм шиг цөөхөн гэж хэлж болно. Магадгүй 0,01 хувь байж болох юм. Түүнээс ч бага байж магад.
Харин Өвөр Монголчууд бол огт өөр хэрэг ээ. Тэд бол цэвэр цусны Монголчууд юм. Харчин байна уу, барга байна уу, үзэмчин байна уу хамаагүй Монгол л хүмүүс. Хэзээ орж ирсэн нь ч бас сонин биш. Тэд Монгол хүмүүсийн хувьд нийт Монголчуудын тусгаар тогтнолын гал голомт болсон Монгол улсдаа амьдрах эрхтэй. Коммунист үзэл суртлын тэмцэл зөрчилдөөний улмаас тэд өөнтөгч хардамтгай үзэл сурталд өртөн зарим нэг хэсэг нь ямар нэгэн хэмжээгээр хэлмэгдэж байсан байж болох талтай. Гэвч хүн амынхаа аль нэг хэсгийг хардаж сэрдэн тодорхой хэмжээгээр хэлмэгдүүлж байсан улс төр, үзэл суртлын мөрдлөг хавчилгыг “социализм” гэгчийг дайран өнгөрсөн 15 улс орон бүгдээр толгой дараалан туулж өнгөрөөгүй гэж үү? Бүхэл бүтэн үндэстнийг цөлж, айл хотлоор нь устгаж, ховын бичгээр хүмүүсийг өчиггүй буудаж алж байсан аймшигт үеийг тэд бүгдээрээ туулж өнгөрүүлээгүй гэж үү? Гэтэл яагаад социалист системийн орнуудыг бүхэлд нь хар сүүдэр мэт дайрч өнгөрсөн тэр үзэгдлийг зөвхөн Монголчууд үйлдэж байсан юм шиг ухуулах, ойлгуулах гэж оролдож байгаа билээ. Мэдээж хэрэг ийм нөхцөл байдал дотроос нэг жижиг асуудлыг сугалж авч, нийт үйл явдлаас нь салган өөрөөр тайлбарлавал огт өөр өнгө аястай болж харагддаг. Тэгэхдээ тэгэж ашиглах хэрэг хэр баргийн хүнд төрдөггүй баймаар сан. Нэг бол эх орон, элгэн түмэндээ хар буруу санасан хүн, эсвэл зүсээ нуусан харь элгийн хүн л ийм юмаар оролдож суудаг даа.
Польш гаралтай зөвлөлтийн алдарт жанжин, дэлхийн II дайны ялалтын маршалуудын нэг Рокосовский польшийн БХЯ-ны сайдаас огцруулж буй мэдэгдлийг польшийн Засгийн газраас аваад сэтгэл эвдрэхдээ “Би Польшид орос хүн, Зөвлөлтөд польш хүн гэгдэх юм” гэж харуусан дуу алдаж байсан билээ. Түүнтэй адилхан хувь заяатай олон польш хүн байсныг үгүйсгэх аргагүй. Тэдэнтэй төстэй хувь заяаг л манай Өвөр Монгол гаралтай зарим иргэд маань туулж өнгөрүүлсэн. Тэр бол Монголчууд бидний гэм биш, харин социалист системийн гэм байсан юм. Харин ч манайд тодорхой байгууллагын хараа хяналт төдий зүйл байснаас бус бусад социалист орнуудых шиг угсаатны нүүлгэн шилжүүлэлт, үй олноор цөлөх цөллөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагүй юм.
Бидний мэдэхийн бага зэрэг хэлмэгдсэн нэг хэсэг байхад огт хэлмэгдээгүй бас нэг хэсэг байсан. Тэр ч битгий хэл түүний талаар огт дуулаагүй нэг хэсэг ч бас байсан юм. Жишээлбэл: Миеэгомбо гуай Намын дээд сургуулийн захирал, МАХН-ын ТХ-ны Үзэл суртал хариуцсан хэлтсийн орологч эрхлэгч, “Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгчийн албыг (бүр нэвт үзэл сурталжсан социалист нийгмийн үед ийм алба хашиж байсан юм шүү), Хосбаяр гуай Гадаад явдлын яамны орлогч сайдын албыг олон жилийн туршид хашиж байсан. Ийм хүмүүс олон байсан гэдгийг хэлэх хэрэгтэй биз ээ. Тэгэхлээр дөрвөн үе дамжиж гомдоод хорсож тэмцэх гээд байгаа тэр олон хүн хаана байгаад байгаа юм бол доо.
Хамт ажиллаж байгаад ахиж дэвшихэд нь атаархсандаа “хужаа” гэж хэл ам тараадаг үзэгдэл хааяа гардаг байсан, одоо ч мэр сэр байгаа л байх. Тэр ч битгий хэл улс төрийн будүүлэг зорилгоор хэн нэгнийг дарамталж дарах гэж оролддог оролдлого үе үе илэрч харагддаг. Гэхдээ тэр бол улс төрөөр хөөцөлддөг хүмүүсийн явцуу хүрээнд л ажиглагддаг зүйл болсон. Яагаад гэвэл улс төрийн явуулгад хамгийн арчаагүй арга тархмал байдаг учраас тийм юм. Үүнийг нийт иргэдийн хэмжээнд хиймлээр томруулж аваачих ямар ч шаардлага байхгүй, оролдоод ч нэмэргүй.
“Угаасан ус, унасан газар нутгаа орхиж яв” гэж уриалан дуудна гэдэг ямар хүний ёс вэ? Энэ уриалга аливаа ёсзүй, эрүүл ухаан, гишгэж буй газар шороо, амьсгалж буй агаар, ундалж буй усандаа тэрслэгчийн үг л ийм баймаар сан. Ийм тэрслэгч үгийг өөрийгөө нэвтэрхий харцтай үлэмж ухаантан гэж андуурсан хүн, эсвэл дуулианы хойноос хэт донтсоор зөв бурууг ялгах чадвараа алдаж, сэтгүүлчийн ёсзүйгээ гээсэн этгээд, эсвэл харийн далд явуулгыг мөнгөөр хийж өгдөг хүн л бичиж тараадгийг дэлхийн улс орнуудын түүх олныг өгүүлж өгч чадна. Энэ гурван этгээдийн аль аль нь яван явсаар эцэстээ буруутаж, түмний хараал хүрдэг жамыг эдэлдэг. Яагаад гэвэл хоёр нь санаандгүй, нэг нь санаатайгаар түмэн олны сэтгэлд хорын үр цацаж явдаг учраас тийм хувь заяанд өртдөг тавилантай гэж хэлж болно. Ард түмэн эцсийн эцэст хэн ил хорлож, хэн далд хорлож байсныг ялгаж салгаж чаддаг. Тиймээс зон олныг тэнэг гэж ханцуйн дотроо ч атугай бүү басамжил.
Эх орноо өөрсдийнхөө гараараа хөгжүүлж дэвжүүлэх ёстойгоос бус эзэнгүйдүүлж орхих ёсон үгүй билээ. Эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшилд итгэдэг итгэлийнхээ тухай дөнгөж саяхан хэвлэлээр яруу тод тунхаглаж агсан хүн тэр нэвтэрхий сайн харсан ирээдүйгээсээ хэнийг хасаж явуулах гээ юм бол доо. Тэдний оронд хэнчүүд ирж тэр жаргалант ирээдүйг эдлэлцэх юм болоо.
Бусдын нутагт сайн дураараа очигсод ч бай, улс төрийн орогнол эрж очигсод ч бай харь нутагт хоёрдугаар зэргийн хүн, хар ажилтан болж амьдрах тийм сайхан байдаг юм гэж үү? “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэгчээр гадаадад зарц болсноос эх нутагтаа эзний хувиар байвал яасан юм. Улс орноо өөрсдийнхөө гараар бусдаас дутуугүй болгох гэж шургуу тэмцэх ёстой болохоос биш харьд дайжих нь үнэндээ хувиа хичээсэн төдий зүйл юм. Их эзэн маань “Бидний тэмцлийн шургууг үр ач нарт минь ойлгуул” гэж бидэнд гэрээслэснийг энэ дашрамд сануулахад илүүдэх юун.
Нөгөөтэйгүүр Монголыг зэрэмдэг ч атугай ардчилалтай улс гэж өрнөдийнхөн үздэг болсон учраас тэднээс улс төрийн орогнол эрж хандах юм бол хөх инээдийг нь хүргэсэн хэрэг болно. Монгол улсыг аль хэдийнээ “тэрслэгч улсуудын жагсаалт”-аас хасчихсан гэдгийг анхааруулан сонордуулмаар байна. Тиймээс улс төрийн орогнол эрвэл “худалчийн дүр”-д тоглоно гэсэн үг. Өрнөдөд худалч этгээд, зохиомол зүйл ярьж явдаг хүмүүст маш дургүй гэдгийг хэн хүнгүй ойлговол зохилтой.
Өрнөдийн орнуудад саяхан болтол негрүүдийг хүмүүн бусаар боолчлох боолчлол, боолын наймаа цэцэглэж байсныг хүмүүн төрөлхтөн мартах арай л болоогүй шүү дээ. Цагаан эзэд нь тэднийг мал мэт нөхцөлд байлгаж, зодох, жанчих, ташуурдаж залхаан цээрлүүлэх юу ч биш дуртай цагтаа алах эрхтэй байсан нь харьцангуй саяхных билээ. Өдгөө ч америкт ялгаварлан гадуурхах үзлийн сулавтар хэлбэр үе үе цухалзан илэрч ажиглагдаж л байдаг. Тэглээ гээд африк гаралтай иргэд нь урьд 20 үеэрээ боолчлогдож байсандаа хорсоод тэмцээд байгаа байдал харагддаггүй, тэгэж тэмцэхийг хэн ч уриалан дууддаггүй шүү дээ. Тэд арчаагүй амьтад шиг өнгөрсөнтэй тооцоо хийх гэж гомдож өшөрхөж, өчүүхэн зан гаргадаггүй. Тэд холч ухаан, нинжин сэтгэл, хүнлэг ариун зангаар тэр явдал тухайн нийгэм дэх түр зуурын үзэгдэл байсныг ойлгож ухаалгаар ханддаг. Тиймээс тэнд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хар, цагаан, шар, улаан арьстнууд, латиносууд бүгд л хамтдаа зүтгэж явдагийг хүн бүхэн мэднэ.
“Эх орноо хайрлаж чадаагүй хүн эхээ (ээжийгээ) хайрлаж чаддаггүй” гэдэг. Түүний нэгэн адилаар “Эхээ (ээжийгээ) хайрлаж чадаагүй хүн эх орноо хайрлаж чаддаггүй”. Хүн бүхний зүрх сэтгэл, тархи толгой, цус судсанд гүн шингэсэн байх ёстой энэ хоёр ойлголт хоёулаа “эх” гэдэг үгтэй холбоотой болохыг хэн хүнгүй үхэн үхтлээ мартамгүй.
Монголын тусгаар тогтнол сэртхийн сэргэх бүрийд Баргууд, Буриадууд, Өвөр Монголчууд нийт Монгол угсаатны зүрхэн нутаг болсон Ар Монгол өөд тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр бөөн бөөнөөрөө эгээрэн орж ирдэг байсныг манай түүх хэлж өгч чадна аа. Монголын тусгаар тогтнол ХХ зуунд хоёр дахь удаагаа сэргэж, социалист систем бий болж, коммунист үзэл суртал цэцэглэх үе хүртэл тэднийг Ар Монголынхон баяртайгаар гар дэлгэн хүлээн авч заншсан сэтгэлзүйтэй байсан. Тиймээс ч тэд зорьж, зориглож ирсэн их үйлсийнхээ төлөө сэтгэл зүрхнээсээ тэмцэж, харийнхны шоронд босоогоороо амиа алдсан ч, дайсны бүслэлтэд 49 хоног өлөн зэлмэн сууж байлдахад хүрсэн ч эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гэх нэгэн үзүүрт сэтгэлээр шантарч буцаагүй. Тэдний баатар зориг, шургуу тэмцлийг бид хэзээ ч мартахгүй үнэлж дээдэлж явдаг.
Монгол төрийн өмнө үлэмжийн их гавъяа байгуулсан манлай ван Дамдинсүрэн, харчин ван Бавуудорж, Сумъяа бээс, Хасбаатар нарын үр сад гэдгээ бүү мартаарай, залуус минь! Та нар бол тэдний үйлсийг тайван, энх цагт үргэлжлүүлж, эх орноо дээдэлж, хайрлаж хамгаалж, хөгжүүлж дэвжүүлэх агуу их хариуцлагыг тэдний өмнө хүлээсэн улс Монголын бүрэн эрхэт иргэд шүү. Хэн ч тэр эрхийг чинь булаах буюу харлуулж чадахгүй. Атаач арчаагүй зантай ганц хоёр хүний үг, өдөөлтийг нийт хүмүүсийн сэтгэл санаа хэрхэвч дагахгүй. Атаархсан зарим этгээдүүд л аргаа бүр барахдаа “хэрээ хошуулж”, улс төржүүлэх гэж оролддог. Энэ асуудлын гүн рүү орж нарийн ярих юм бол манайд ийм л өчүүхэн төдий оролдлого хааяа гарч харагддаг.
Асуудлын нөгөө талаас ярих юм бол чамд атаархаж байна гэдэг бол чи хүчтэй, чадалтай, чиний ажил үйлс бүтэмжтэй яваа гэсэн үг. Тиймээс омог бардам, зовхи нь дээшээ их үйлсийг зорьж, халуун эх оронч сэтгэл зүрхтэй яваарай. Тэр атаач этгээдэд гомдох хэрэг юун билээ. Түүний арчаагүй болхи бодол, мулгуу арга, тэнэгийг нь л өрөвдвөл барав гэж. Тэр бол аргаа барж өчүүхэн болсон амьтан шүү дээ. Түүнийгээ л ил харуулж байгаа гэсэн үг. Тэр тусмаа жинхэнэ Монгол хүнд “хужаа” гэдэг нэр наах гэж оролдож байгаа бол адгийн этгээд мөн.
Монголчуудыг энэ сайхан нутаг дээр нь хооронд нь мөргөлдүүлэх гэсэн оролдлого, далд санаархалд ухвар мөчдөөр автаж, их өвгөдийнхөө өмнө үлэмжийн их нүгэл бүү хураа. Гадны мөнгөнд дөрлөгдөж, хүсэл тэмүүллээ мөнгөний боол болгож, сэтгэл зүрхээ бүү гутааж доромжлоорой. Ил ч бай, далд ч бай урвагчийн хувь заяа гашуунаас гашуун байдаг гэдэг. “Хэн нэгэн урвагч болох гэж байхад урвуулах гэж байгаа талын хүн бүхэн түүнд дуртай байдаг. Харин уравсан хойно нь хүн бүхэн түүнд дургүй болдог” гэсэн улс төрийн бичигдээгүй зарчим байдаг. Өөрөөр хэлбэл урвагчийг хэрэглэж дуусмагцаа “үнсэнд хаясан шалз” шиг зөнд нь хаядаг гэсэн үг.
Эх орон хэнийг ч гомдоодоггүй. Харин хүмүүс л бие биенээ гомдоодог. Үүнийг маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Аливаад үндэсгүй гомдоод байх юм бол эцсийн эцэст өөрөө өөрийгөө л зовооход хүрдэг. “Муу бодлыг даамжрахаас нь өмнө хөөж бай. Эс тэгвээс буглаж бээрлээд буруу замаар будаа тээлгэдэг” гэх ардын сургааль байдгийг хэзээ ч мартамгүй. Хатуу үнэний өөдөөс эцэг өвгөд шигээ эгц, зоримог харж, ил шулуун явдалтай Монгол хүний ёсоор юунд ч гундаж бууж өгөлгүй хорвоог өнгөрөөж амьдрах сайхаан.
Хана, хашаан дээгүүр байдаг айхтар үгсийн хувьд бол “овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” л гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мянга мянган жилийн туршид бидний мал хөрөнгө, удмын сан, оюун санаа өөд үе улиран элдэвчлэн довтлох гэж оролдож байгаагүй бол тийм үзэгдэл яалаа гэж ил гарч үзэгдэхэв. Түүнд жийрхээд байгаа дотор гаралтай хүн өвгөдийнхөө нутагт буцаж очоод айдас хүйтэсгүй сайн сайхан амьдарч болох хувилбар бас бий шүү дээ.
Монгол нутаг маань дэндүү сайхан нутаг аа. Сайн санаж явдаг гадаадын хүмүүс “хойд насандаа Монголд төрнө” гэж хэлээд буцдаг. Хар муу санаагаар шунаж, атгаг санаа өвөрлөж явдаг нь “нэгтгэж авна” гэж ханцуй дотроо шивнэж явдаг. Эхний бүлэг хүмүүст Монголд ирж ажиллаж амьдарч байгаад нутаг буцсан Бакула римбүүчи тэргүүтэй гэгээнтнүүд багтдаг. Дараагийн бүлэг хүмүүст үнэн санаа нь ил болсон байхад өөрсдийгөө илрээгүй гэж эндүүрч явдаг хүмүүс багтдаг.
Эцэст нь хэлэхэд хүмүүн бид сэтгэлийн амьтан учраас сэтгэл санаа бол оюун сэтгэхүйд маань хамгийн шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэдэг. Чи ямар ч гарал угшилтай бай, ямар ч бие хаатай бай зүрх сэтгэл чинь Монгол хүн гэж цохилж байвал “Чи Монгол хүн” л гэсэн үг. Чи эх орон, элгэн түмэндээ зүрх сэтгэлээсээ зүтгэж чадна гэсэн үг ээ. Үүнийг чинь энэ дэлхий дээр хэн ч, юу ч өөрчилж чадахгүй. Энэ дэлхийн аль ч “эх орон” үеийн үед эх орончдын сэтгэл зүрх, хүчин зүтгэл дээр тогтнож, хөгжиж цэцэглэж ирснийг дэлхийн түүх гэрчилнэ.
Үндэстний соёлоо алдсан ард түмэн
Үндэсгүй ногоо мэт мөхдөг
хэмээх гашуун үнэнийг өгүүлсэн эртний үг бий. Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй тул улс орон бүр өөр өөрийн уламжлалт соёлоо эрхэмлэн, улсынхаа оршин тогтнох дархлаа, үндэстний хэв шинжээ болгон хамгаалан хөгжүүлсээр ирсний мөн чанарыг бид бүгдээрээ чанд ухаарах ёстой. Тиймээс залуус минь унаж босохын алинд ч эндэж гундаагүй өвгөдийнхөө адилаар эх орон, элгэн түмнийхээ үүх түүх, оюуны их соёл иргэншил, өнгөрсөн баатарлаг үе, одоогоор бахархаж, хатуу чин зориг, шургуу хөдөлмөрөөр ирээдүйг нь дархлахтун!
Зүрх сэтгэлд нь “Би Монгол хүн” хэмээсэн омог бардам, тэнхээт гал бадарч явдаг тэр хүн жинхэнээс жинхэнэ Монгол хүн мөн.