Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны ТУЗ-ийн гишүүн Ч.Улаан, тус хорооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, эцэг, эхийг төлөөлж Д.Оюунбилэг нар болон тусгай олимпийн тамирчин сурагчдын төлөөлөл оролцлоо.

Энэ 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монголын Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадмыг спортын 7 төрлөөр Улаанбаатар хотод зохион байгуулж буйг уулзалтын эхэнд Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун танилцуулав.

Уг наадмыг 4 жил тутамд зохион байгуулах бөгөөд анхдугаар наадамд Улаанбаатар хотын 4 тусгай сургууль, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай зэрэг 9 аймгийн нийт 230 тамирчин хүүхдүүд оролцож байгаа юм байна.

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимпийн тэмцээнүүдэд Монголын тамирчид 2013 оноос оролцож эхэлсэн юм. Мөн онд Монголын Тусгай олимпийн хороог байгуулж, түүнээс хойш дэлхийн болон улс, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тамирчин хүүхдүүдэд амжилт хүсч баяр хүргээд ямар бэрхшээл учирч буйг тодрууллаа.

Нийслэлд тусгай 4 сургуульд эдгээр хүүхдийг хамруулдаг бол орон нутагт энгийн сургуульд суралцаж, зарим нь сургуульгүй үлддэг ажээ. Мөн бэлтгэл хийх байр танхим, хөрөнгө мөнгө дутагдалтай байдаг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймаг, орон нутгийн удирдлагын анхааралд үүнийг авахуулах талаар дэмжиж ажиллана гээд тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх, спортын заал, танхимуудад бэлтгэл хийх боломжоор хангах чиглэлд мөн анхаарч дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

Жудо бөхийн тамирчид паралимпийн тамирчидтай хамтран бэлтгэл хийдгийн нэгэн адилаар тамирчид тухай тухайн төрлөөр эдгээр хүүхдүүдтэй хамтран бэлтгэл хийж байх боломжтой гэж байлаа.

Уулзалтын үеэр тамирчид гаргасан амжилтынхаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж ярилаа.

Монголын Тусгай олимпийн тамирчин хүүхдүүд 2015 оны Лос- Анжелесийн зуны олимпоос 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, 2017 оны Австрийн өвлийн олимпоос 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байгаа юм. Монголын Тусгай олимпийн тамирчид “Ялалт байгуулахад минь туслаач. Хэрэв би ялж чадахгүй бол ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” гэсэн уриатай юм.



Categories
мэдээ улс-төр

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнасныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж баяр хүргэлээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигт “Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, манай улсын залуучуудыг сурган бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, Монгол Улсын нийгэмд эдийн засгийн салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Украйны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнгийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг зөвшөөрөв

Related image

Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан ч шүүгчид хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Г.Дэнзэн мөн хорих ангиас Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлт гаргасан билээ.

Шүүхээс өөрийн биеэр шүүх хуралд оролцохыг хүссэнийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Харин шүүх хурлыг хэвлэл мэдэллийн хэрэгслээр нээлттэй хийх хүсэлтийг нь хангав. Шүүх хурал нээлттэй үргэлжилж байна.

Г.Дэнзэн Улсын дээд шүүхэд хандсан хүсэлтдээ “Намайг энэ долоо хоногт Улсын дээд шүүх хурлаар оруулж, дөрвөн жил гаруй үргэлжилсэн хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж байна. Энэ хэргийг олон түмнээс далд хаалттай хэлэлцэх гэж байна гэсэн болгоомжлол байгаа учраас Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хоёр хүсэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Хоёрдугаарт шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна. Би олон түмний өмнө юу болж өнгөрсөн, хууль хяналтын байгууллагынхан яаж дур зоргоороо аашилж, хүний хувь заяаг шийддэгийг яримаар байна” гэж өгүүлжээ.

Categories
гадаад мэдээ

​АНУ, ЮНЕСКО-гоос гарлаа

АНУ-ын Төрийн Департамент ЮНЕСКО-гоос гарна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. ЮНЕСКО-д төлөх гишүүний татварын өрнөөс болж ийм шийдвэр гаргасан бөгөөд АНУ 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ байгууллагаас гарч ажиглагчийн үүрэг гүйцэтгэх юм байна. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч хадагтай Хезер Науэрт мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-аас НҮБ-д төлдөг татварыг танана гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд АНУ 2011 оноос ЮНЕСКО-д төлөх татвараа бүрэн төлөөгүй байгаа юм. ЮНЕСКО нь боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг хариуцсан НҮБ-ын албан ёсны, хамгийн нэр хүндтэй мэргэжлийн салбар байгууллага билээ.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

“Оюутан эргүүл” ажиллуулж эхэлжээ

ЗурагНийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Цохилт” арга хэмжээний хүрээнд энэ сарын 12-ны өдррөөс эхлэн “Чингис СООСЭ” Олон улсын харилцааны сургуультай хамтран “Оюутан эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна.

Дээрх хугацаанд 60 гаруй оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл гаргаж ажиллуулж байна. Тус дүүргийн 22 дугаар хорооны 56 байгууллага, аж ахуй нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн албан мэдэгдлийн хүрээнд шалгалт хийж, 2 байгууллага аж ахуй нэгж гадна, дотор орчноо шинээр камержуулжээ. Мөн тус хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг долоон газарт Цагдаагийн ерөнхий газрын Холбооны төвтэй хамтран явуулын камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Шведэд халдлага гарлаа

Шведийн өмнөд хэсэгт орших Треллеборг хотын төвд үл мэдэгдэх этгээд гал нээж долоон хүнийг хүнд шархдуулжээ. Шархдагсадыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаа нар гэрчүүдийг байцааж, гэмт хэрэгтний бууг хайж байгаа юм байна. Одоогоор гэмт хэрэгтэн баригдаагүй байна.Энэ халдлага нь террорист акт биш байх өндөр магадлалтай гэж цагдаагийн газраас мэдэгджээ. Цагдаагийн газраас мөрдлөг явуулж байгаа учир одоогоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна.

Г.АМАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг сольсон жилүүд

Шинэ зууны эхний 27 жил өнгөрсөн түүхийн 27 жил Монгол Улсын тусгаар тогтнол, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хөгжил ямартай ч дэлхийн улс төр геополитикийн өөрчлөлтийн үр нөлөөг хангалттай амсаж, улс төрийн үзэл суртлын үр жимсийг идсэн жилүүд байжээ. 1932 онд Монголын түүхэнд ард түмний бослого хөдөлгөөн өрнөж, засаг төрийн эсрэг буу зэвсэг агссан. Учир юунд болов. Гэмгүй амгалан монголчуудыг хэн цочоов. Төр засаг цэрэг зэвсэг хөдөлгөн нухчин даржээ. Нутгийн нуурыг хүүрээр дүүргэж эр, эм, идэр залуусыг юунд хомроголон хядав. Хорьдугаар зууны дарангуйлагчдын дүр тэнд байсан гэдгийг санатугай. Улаан хувьсгалын үнэн дүрийг таньсан эгэл ард түмний бослого тэмцэл байв. Энэ тухай “ Ардын хувьсгалт засаг нь ард түмнээ түших явдал нэн чухал болохыг бид цөм мэдсээр буй. Тийн атал бүдүүлэг ард түмний хэр байдлаас хэтэрсэн, хүлээж үл болох элдэв зүйлийн догшин явуулгыг хэтэрхий хатуу шаардлагаар албадсанаас ард олны санал алдагдуулсан буюу хорсол төрүүлэхэд хүргэжээ” хэмээн намын төв хорооны гишүүн, хянан байцаах төв комиссын гишүүн, судар бичгийн хүрээлэнгийн дарга А. Амар хэлжээ. /хурлын эмхэтгэл: х75д15/

Улс төрийн нам бүлэглэл, фракц гээд элдэв өнгийн гадаад үгээр нэрлэх нь орчин цагийн хувцсаа сольсон худалчууд. Монголд үл тохирох гадаад хууль дүрэм журмыг мэдлэг боловсрол хэмээн ойлгох ухвар мөчид сэхээтнүүдийн хэрэгжүүлсэн бодлого өнөөдрийн арилжаа наймааны засаглал зуун жилийн өмнө ч байсаар л байсан. Шижээ, Бадрах, Банзрагч нар тэргүүлэн мөн намаас хол бүлгийг байгуулаад намын ерөнхий журмыг хамгаалсан этгээдүүдийг цохиж ирсэн болой. (хурлын эмхэтгэл:х191д7) гэж нэр нь үл мэдэх нэгэн гишүүн хэлжээ. Мөн тэр “КУВТ-ын сургуульд Маркс, Лениний суртлыг сурч ирээд мал маллаж байсан Гэндэнгээс доор намын дотор хагарлыг гарган бүлэглэж хэмээсэн нь “нам хийгээд намын дарга удирдагч нарын өнөөгийн дүр төрхтэй дэндүү адилхан нь гайхмаар. Америкийг сармагчлан дуурайгч цэнхэр тугтай скаутууд алдаа оноогоо ч ухаараагүй, алс хэтийн зорилгогүй авлигач атаман ах нар нам байгуулж, сандал ширээний төлөө зодолдож байна. Нэг сайхан зүйл нь өнөөдөр жагсах, донгосох эрх чөлөө хангалттай байгаад баярлууштай. Өнгөрсөн зууны гучаад оны улс төр, улс төрчдийн бодлогын золиос болж 60 мянга гаруй боловсролтой боловсролгүй, ард түмнээ хядсан түүхийг бид өнөөдөр хэлмэгдүүлэлт гэсэн албан ёсны нэрээр нэрлэн үр хүүхдэд нь буруугүй гэсэн бичиг өгч цагаатгал гэж нэрлэсэн.

Өнөөдөр шинэ зууны 27 жилд дэлхийн үзэл санаа номлогчдын хэрэгжсэн эс бөгөөс хэрэгжүүлж ч байгаагүй бодлогуудыг ард түмэндээ туршсаны үр дүнд малын бэлчээргүй, газрын баялгаа харийн компанид алдсан, татварын орлогоос өөр орлогогүй. Дэлхийн туйлын ядуу орнуудын тоонд орсон. Шар нар бор хоногийг өнгөрөөж, анхиатай нэг нь гадаад орон руу цагаачилж байна. Өнгөрсөн зууны улс төрийн хямралын үр дүнд хил орчмын монголчууд хил даван нүүдэллэж байсан түүхтэй. Тэднийг хүчээр зогсоох гэж өөрийн ухуулагч нарыг явуулжээ. Ухуулагч ард иргэн хоёрын зодооноос баатар төрсөн нь Монгол Улсын эмэгтэй баатар Түвдэнгийн Бор байлаа. Алдар гавьяаг худалдан авагч шинэ зуун, эрдэм мэдлэг, авьяас билэг, эх оронч зүрх сэтгэл, улс Монголынхоо нэр төр, тусгаар тогтнолыг эрхэмлэн ирээдүйн өмнө омог бардам зогсох улс төрийн зүтгэлтэн хэн байна. Шинэ зууны хувьсгалын баатрууд хариулах ёстой.

Өнгөрсөн зууны гучаад оны дэлхийн улс төр, эдийн засгийн хямрал Монголоос холуур тойроогүй. Үйлдвэр заводууд хаалгаа барьж, хөрөнгө чинээтэй хүмүүс эд хогшлоо алдаж, хотын гудамжинд таваг шөлөнд дугаарлан зогссон Америкийн 30-аад оны хямрал. Хамтрал, комун, албан татварт үр тарианыхаа уутыг гөвж, ухаантай бүхэн нь гулагт цөлөгдсөн Орос орон. Дайны хэнээтэй генералуудаа зэвсэглэсэн арлын эзэн хааны Азийг нэгэн дээвэр дор нэгтгэх агуу солиорол, цагаан хэрэм далайн боомтын эмх цэгцгүй, өлсгөлөн Хятад орон. Улсын татварын орлогын 62 хувийг албадан, хүчирхийллээр бүрдүүлдэг. Нөхөх орлого байхгүй. Мөнгөний инфляц “ Одоогийн 30-40 сая төгрөг нь бараг урдын 10-аад сая төгрөг лугаа адил” (хурлын тэмдэглэл: х79д25) “ямар нэгэн хурал, комисс дээр хэрэг хэлэлцэхдээ өөрийн санаа бодлогыг үнэнээр гаргахгүй буюу гаргах боловч гараад, дотроо өөр санаа хадаах” (мөн хурлын тэмдэглэлээс)Монгол орон. Ийм л байсан. Байсаар байна. Бид өнгөрсөн хийгээд өнөөдрийг шүүж өнөөдөр болохгүй бол маргааш сольж, алдсан бол алдааг нь юунд байсныг нь ярихаас илүү авгай хүүхдийг нь ярьсаар хорин тав илүү он үдлээ. Буруу үзэл онол хэрэгжүүлсэн бол ирээдүй биднийг ниргэнэ. Зөв бол ононо. Гэвч хүн төрөлхтөн сансрын зуунд ирээдүйг төлөвлөж буйг мартамгүй.

Одоо бид яах вэ? Өнгөрсөн зууны гучаад онд А.Амар Ерөнхий сайд болоод юу хийв. Хоёрхон жилийн дотор дараагийн хөгжлийн замыг чиглүүлж чадсан юм. 1930-1932 оны алдааг засах гэж “Энэ хэргийн чухам буруу нь ард түмний мөрөн дор хүртэл хүлээгдэж байна. Бидний буруу зөвийг олохоос урд ард түмний хохирсон амь, алдагдсан санааг хэрхэн юугаар тэгшилж засах ба үрэгдэх буурахад хүрсэн малын аж ахуйгаа хэрхэн түргэнээр засах аргыг хамгийн богино хугацааны дотор эрсээр шийдвэрлэн гаргах явдал туйлын чухал. (хурлын тэмдэглэл: х82д5)” хэмээн цохон тэмдэглэж байв. Ардын сэтгэлийг засаагүй цагт төр орших эсэх талаар энэ цагийн онолчид нэгийг бодмоор. Гэхдээ хэрхэн яаж гэдгийг санал нэгтэй баталмаар бодогдоно.

1932 онд Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн болж шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлэв. Шинэ эргэлтийн бодлогын гол удирдагч оюун санаа нь Улсын бага хурлын дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга А.Амар байв. “Баяжигтун” хэмээсэн он жилүүдэд хөдөө тал минь малаар дүүрчээ. Энэ цагт өлсгөлөн Орос орон Монголыг нөөц орон болгох эдийн засгийн сонирхлоо хэрэгжүүлэх өөрийн удирдагчийг олж тавьсан нь эрхэм маршал Чойбалсан байлаа. 1932 оноос 1939 хүртэл Монгол орон халх голын дайны бэлтгэл, хил хязгаар газар нутгийн бүрэн байдал, гадаад харилцаанд ахиц гарсан жилүүд байсан. Батлан хамгаалах зардал нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл 3 хувиар өссөн. 1936-1939 онуудад А. Амар дахин Ерөнхий сайд болов. Боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, хэрэглээний соёл шинэчлэгдсэн. Энэ цагт Халхын голын тулалдаан, дайн, мөргөлдөөнд бид ялсан нь хүчгүй биш, хүчтэй болсны тэмдэг. 1936 оны өвөл Москва хотноо 3 сар болж Орос-Монголын худалдааны алдаа дутагдлыг илэн далангүй ярьж, гадаад харилцаанд хоёр хөрштэйгөө энэ тэнцүү эрхтэй байхыг шаардсан монгол бол БНМАУ-ын Ерөнхий сайд А. Амар юм. А.Амар сайд Монгол Улсын төрийг хоёр удаа нэн эгзэгтэй цагт тэргүүлэхдээ хүн, өрх бүл, аж ахуй, ахуй амьдрал, цаашдын хөгжлийн суурийг бэхжүүлж чадсан нийгмийн оюун санааны удирдагч байсныг коминтерны удирдагч нар мэдсэн төдийгүй хүлээн зөвшөөрч бүс нутгийн хэмжээний цартай сэтгэлгээтэй удирдагчийг гүтгэн буруутгаж, өөрийн шүүхээр шүүж хэнд ч мэдэгдэлгүй цаазлан хороосон нь гашуун үнэн. Энэ суурийг буй болгосон удирдагчийг эргэн санах нь түүхийн үнэнд нийцнэ. Үнэн гэдэг зэвсгээс хүчтэй болохыг саная. Ардчилсан сонгуулийн үр дүнг буруу ашигласны хор нөлөө тухайн цагт ч байсаар л байв. “Сонгуулийн кампанийг явуулахдаа энэ мэтийн этгээд ба ядуу чавганцын зэрэгт эрхийг эдлүүлвээс зохих этгээдүүдийн эрхийг хасаж явуулсан зүйлүүд буй” (хурлын тэмдэглэл: х85д4-6) хэмээн сонгуулийг дүгнэсэн байгаагаас үзвэл энэ цагийн эрхэмүүдийн мэргэн ухаанд ойрхон түүхэн баримтуудыг дурдаж болмоор аж.

Монголын ард түмэн нь үнэхээр нэгэн хэсэг болгоомжгүй буруу явуулгатны хөлд үрэгдэхэд хүрсэн бөгөөд тэдний буруу зүгийг ялжуулж гэрч болоход хүрчээ. Бид өнөө миний хэлдэг зөв болж, миний хэлдэг буруу болж хэмээн тайвнаар ярилдан сууна гэж А.Амар тэр цагийн улс төрийн үнэн төрхийг хэлжээ. Өнөөдөр ч бид ийм л байна. Үндэсний баялгаа өөрт ашиггүй наймаалцахын тулд өчигдрийн засаг хүний ой ухаанд багтамгүй тоон хувьсагч ярьж суусан. Гадны хөрөнгийн бирж дээр Монголын баялаг наймаалагдаж, ард олон нь өлөн зөмөг амьдарч байна. Дамын наймааны эрин үе, татварын нугалаа, үр хүүхдийн хорин мянга дээр өрх бүл нь тогтож байна. Монгол хэмээх улс орон байх эсэх нь одоо үеийн бидний бодвоос зохих хүнд үүрэг болоод байгаад зуун жилийн өмнө А.Амар хэлж байсныг санагтун. Иргэн нь ч тэр эрх ямбатан ч тэр эх орон, газар нутаг, эгэл түмнээ, ирээдүйн Монголоо санах, сэрэх цагт Монгол Улс мандана.

Найруулагч М.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.10.13) Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцаж, санал солилцсон юм.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ноён Ахмет Язалыг Монголд ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явцын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд ирэх долоо хоногийн Мягмар гараг гэхэд Засгийн газрын шинэ гишүүдээ томилох товтой байна. Дотоод улс төрийн нөхцөл байдал ямар байхаас үл хамаарч хоёр улсын харилцаа тогтвортой хөгжинө гэдгийг онцолмоор байна” гэв.

Элчин сайд Ахмет Язал хариу хэлэхдээ “Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Засгийн газарт хэн сайдаар томилогдохоос илүүтэй Монгол Улсын Засгийн газар түргэн хугацаанд байгуулагдахыг хүлээж байгаа. Өмнөх сайдуудтай ойр хамтран ажилладаг байсан. Шинээр томилогдох сайд нартай ч ойр хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Хоёр улсын хамтран хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд бий. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хорооны хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулах нь чухал. Мөн энэ сарын 25-нд манай “Эксим” банкны техникийн төлөөлөгчид ирж олон жил яригдаж байгаа зээлийн асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцана. Түүнчлэн иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаа чухал бөгөөд хоёр улсын хооронд өдөр бүр шууд нислэгтэй болох асуудлыг бидний зүгээс тавьж байна. Ашиг орлого гэхээсээ илүүтэй “Turkish Airlines”-ын нислэгийг нэмэгдүүлснээр дэлхийн жуулчдыг Монголд авчрах боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа юм” хэмээлээ.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд томоохон Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. 120 сая хүн амтай Турк Улсын жуулчдын урсгалыг Монгол руу татах нь бидэнд чухал бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах байх. Үүнээс гадна хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд бид сэтгэл хангалуун байдаг. Ирэх онд Турк Улсад цэргийн атташе томилохоор ажиллаж байна” хэмээн хариуллаа.

Ноён Ахмет Язал хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бидний зорилго хэмээгээд Турк Улсад цэргийн атташе ажиллуулах асуудалд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ” 10 сарын 22-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар “Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн удирдлагууд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалсан уриалгыг “Зочин” уулзалтад хүрэлцэн ирсэн худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлага, төлөөлөлд гардуулан өглөө.

Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхлэх бөгөөд 10 сарын 29-ний өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд зохион байгуулагдана гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, Монголынсагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аварга залуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.

Сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа бөгөөд үүнийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан огцом тэсрэлттэй гаргаж ирж буй амжилтуудад нь баяр хүргэсэн юм.

Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд бахархам олон амжилт гаргаж Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшилж 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн тамирчид ийм өндөр амжилттай байгаа ч үндэсний шигшээ баг байхгүй, цалингүй явж ирснийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогоо зангидах үүднээс нэг холбоо байх ёстойг онцлоод “Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулдаг эрхтэй болох нь чухал. Тэндээс бид тамирчдаа таньж, амжилтыг нь үнэлдэг болно. Нэгэнт сагсан бөмбөгийн“3-ын эсрэг 3” төрөл олимпийн төрөл болсон тул үндэсний шигшээ багаа байгуулах ёстой. Цөөхөн хүн амтай орны тамирчид тив, дэлхийд ийм амжилт гаргаж байгааг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.

FIBA “3-ын эсрэг 3” Азийн аваргын тэмцээн зохион байгуулах нэр хүндтэй үүргийг монголчууд анх удаа аваад байгааг уулзалтад оролцогчид энэ үеэр онцолж байлаа. Энэ аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатарт 2020 оны олимпийн эрхийн оноо олгох “3-ын эсрэг3” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг орны эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг тэмцээнийг үзэж сонирхохыг дасгалжуулагч, тамирчид уулзалтын үеэр урьсан юм.

Уулзалтын дараа дасгалжуулагч, тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Есөн хөлт цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулав.